Categories
мэдээ нийгэм

Халиа үүсэж, айлуудын хашаа руу ус орсон хэсэгт шуудуу татаж, 184 тонн мөсийг зөөвөрлөжээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоо 31-р гудамжны Их нарантай холбогдсон авто замын гүүрний ар, урд хэсэгт хөрсний ус ихээр гарч ойр орчмын өрхүүдийн хашаа руу ус орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Геодез усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хамтран тус хэсэгт энэ сарын 21-23-ны өдрүүдэд ажилласан байна.

Албан хаагчид тус гүүрний усыг чөлөөтэй урсгах зорилгоор гүүрний хойд талд 1.5 километр, урд талд 2 километр орчим шуудуу татаж, 184 тонн мөсийг зориулалтын техникээр зөөвөрлөжээ.

Мөн усны урсцыг сайжруулах зорилгоор гүүрний хойд хэсэгт тогтсон усанд давс, мөс хайлуулах бодис зэргийг хийсэн байна.

Хөрсний ус ихээр гарч халиа дошин үүсэх нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай тул нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд тус ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн ажиллана гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хааз тоормозоо андуурч гишгэсний улмаас орон сууцны барилга мөргөжээ

Гэрэл зургийг фэйсбүүкээс

Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талын “KH apartment” хотхонд автомашинаар орон сууцны барилга мөргөсөн осол гарчээ. Уг ослын талаарх 16:40 цагийн үед Тээврийн цагдаагийн албанд ирсэн байна.

“Жолооч машиндаа хүүхэдтэйгээ байсан. Тэрээр хүүхдээ буулгах гэж байхдаа тоормозоо андуурч, хаазаа гишгэсэн гэж мэдүүлсэн. Орчны камерийг шүүж, өөр хүн байсан эсэхийг нягтална. Хэргийг шалгаж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ажилтнууддаа оффиссийн өөрсдийн суух хэсгээ тохижуулах төсөв өгчээ

Ажилтнууддаа оффист суух хэсгээ өөрсдийнхөөрөө тохижуулах төсөв өгчээ

Цар тахлын улмаас ихэнх хүмүүс зайнаас гэрээсээ ажиллах шаардлагатай тулгарсан. Улмаар гэртээ ажлын орчноо бүрдүүлж, дасал болсон байв. Харин халдварын тохиолдол намжиж, эргэн оффисоос ажиллах үед тэд гэртээ бий болгосон тухтай орчноо үгүйлэх аж.

Яг ийм шалтгаанаар Лукас Мундт нэртэй ажилтан оффиссынхоо өөрийн суудаг хэсгийг гэртэйгээ адилаар тохижуулах санал гаргажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Майк Бекхэм “Манай багт шинээр нэгдсэн ажилтан маань оффисынхоо өөрийн суудаг хэсгийг тохижуулж болох уу гэж асуусан. Би ч уриалагхан зөвшөөрсөн. Гэхдээ ингэтэл нь өөр орчин бүрдүүлнэ гэж таамагласангүй” хэмээн ажилтныхаа хийсэн оффисын өөрчлөлтийн зургийг нийтэлжээ.

Тухайн ажилтан энгийн цагаан өнгөтэй хана, шалыг мод мэт харагдуулах хуулгаар бүрж, ханандаа цаа бугын толгойн чихмэл өлгөж, жижигхэн ил зуух, амар амгаланг билэгдэн намуухан орших нуурын эргийг тольдох мэт харуулах цонхны наалтаар орчноо бүрдүүлжээ.

Оффсынхоо хэсгийг өөрчилж буй явцынх нь зургийг гүйцэтгэх захирал нь дарж, цахимд нийтлэн олон нийтэд хуваалцдаг байсан аж. Тэрээр нэг жиргээндээ “Лукас Мундт энэ жилийн шилдэг чимэглэгчээр шалгарсан. Бид энэ ажилтны бүтээлч санаанаас үүдэн ажлын байран дахь бүтээлч байдлыг тэмдэглэдэг уламжлалтай болсон.

Мөн ажилтнууддаа оффист өөрийнхөө суух хэсгийг хэрхэн тохижуулах хүсэлтэйг нь сонсож, тусгай төсөв баталж эхэлсэн. Манай ажилтнууд ямар байдлаар оффисоо тохижуулахаа бодож догдолж байгаа байх” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний музейд “Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн нээгджээ

Монголын Үндэсний музейн Эртний түүхийн танхимд “Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн дэлгэгдсэн тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.

Олдворын тухай

Хүннүгийн язгууртны оршуулгаас алт, мөнгөөр урласан баялаг олдвор илэрч олддог. Мөнгөн эдлэлээс хамгийн сонирхол татсан олдвор бол Ноён уулын 20 дугаар булшнаас илэрсэн грек-ромын хийц маягаар бүтээсэн чимэглэл юм. 15 см голчтой дугуй хэлбэртэй чимэглэлийг хөөмөлдөж урлахдаа эр, эм нүцгэн хүнийг барын арьсан дээр сууснаар дүрсэлжээ.

Эрэгтэйн цээжийг үл ялиг баруун тийш хандсан, хоёр гараараа хойш тулан гэдрэг хагас хэвтэж, толгойгоо арагш гэдийлгэн, хоёр хөлөө хагас нугалсан, эмэгтэйг баруун хөлөө нугалж, зүүн хөлөө хагас нугалан эрэгтэйн баруун өвдгөн дээр цээжээрээ үл ялиг баруун тийш хандан сууж, нүүрээрээ зүүн тийш хагас эргэсэн, зүүн гараа хойш сунган эрэгтэйн баруун мөрөн дээр тавьснаар тус тус дүрсэлсэн ажээ.

Эмэгтэй нь зүүн мөрөн дээгүүрээ арьсан хэвнэг ороож, мөн нуруугаар нь нөмрөг ороон, нэг үзүүрийг баруун гараараа барьж, зүүн гуян дээрээ тавьжээ. Нөмрөгийн ихэнх хэсэг эмэгтэйн хоёр хөл дундуур доош унаж, баруун хөлний шилбэнээс дооших хэсгийг бүрэн халхсан байна. Эмэгтэйн толгойн араар нөмрөгийн хэсэг болон босоо таяг байх бөгөөд түүнийг нарийн хэрчлээсээр нэлэнхийд нь цохижээ. Мөн эмэгтэйн баруун талд хүний дүрслэл бүхий баримал дүрсэлжээ.

Эрэгтэйг дүрслэхдээ булчин шөрмөслөгөөр, хойш налсан буржгар үсийг алтаар шарж, бэлэг эрхтнийг ил гарснаар, эмэгтэйг үсээ хоёр тийш хагалан боосноор, хөх болон бие галбирыг тод томруунаар чадварлаг бүтээж, дугуй талбайд тэгш хуваарилан хөвөөлөн урлажээ. Гадна хүрээг давхар ховилдон, 8 ширхэг нүх тойруулан гаргасан байх ба нэг нүхэнд хадаасны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байв. Чимэглэлийн хүрээ дээд хэсэгтээ гэмтэж, сэтрэн бага зэрэг гажсан байна.

Судлаачид чимэглэлийг 98% мөнгө, 0.8% зэс, 0.02% цагаан тугалга, 0.09% хар тугалга, 0.01% цайрын найрлагатай болохыг тодорхойлжээ.

Энэхүү гайхамшигт олдворыг “Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнд ирж бодитоор нь үзэх боломжтой. Музей Мягмар гарагаас Ням гараг хүртэл 09:00-17:30 цагт ажиллах хуваарьтай бөгөөд тасалбар 5,000 төгрөг, хүүхэд үнэгүй гэв.

Музейгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ: Омикрон хувилбарын халдвар авсан 50 хүүхэд эмчлүүлж байна

ЭХЭМҮТ-д сэтгэл зүйчийн хоёр орон тоо байдаг ч ажиллах эмч олдохгүй байна

Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар эрчтэй тархаж байна. Энэ хувилбар хүүхдүүдэд хүнд тусч буйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Ялангуяа 0-5 насны хүүхдүүд омикрон хувилбараар өвдөж байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д одоогоор 50 орчим хүүхэд байгаагаас эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд эмчлүүлж байна.

Омикрон хувилбараар хүүхэд эндсэн тохиолдол гараагүй байна.

ЭХЭМҮТ-өөс мэдээлж буйгаар бага насны хүүхдүүдэд амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүдээр омикрон илэрч байгаа бөгөөдамьсгалын бачуурал, гуурсан хоолойн агшил, хатгалгаагаар хүндэрч эмнэлэгт ирж байгааг хэллээ. Түүнчлэн хоёр хүртэлх насны хүүхдэд хүнд явцтай байгаа учраас хүүхдүүддээ онцгой анхаарахын сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудлыг шинэчлэн барих ажил 20 хувьтай байна

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан өнгөрсөн амралтын өдрүүдээр Хэнтий аймагт ажиллав.

Монгол Улсын Засгийн газар, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд хийгдсэн хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төслийн үйл явцтай газар дээр нь очиж танилцан, төсөл хариуцсан нэгжийн холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Төслийн хүрээнд хийгдэж буй 2200х30 метр хөөрч буух шороон зурвасын барилгын ажил энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Зорчигч үйлчилгээний барилгын гүйцэтгэгчийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан, хуулийн дагуу сонгон шалгаруулах юм.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудлыг шинэчлэн барих төслийн хүрээнд хийгдэж буй зорчигч үйлчилгээ болон гараашийн барилгын ажлын явцтай танилцав. Тус төслийн явц нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан уг төслийг хариуцсан албан тушаалтнуудад холбогдох үүрэг даалгаврыг өглөө.


Categories
мэдээ нийгэм

Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар танхимын сургалтыг хэзээ эхлүүлэхийг шийднэ

Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст маргааш хүргүүлэх юм байна. Эдгээрийг нэгтгэн Улсын Онцгой комиссоос Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн танхимын сургалт хоёрдугаар сарын 7-нд эхлэх товтой байгаа юм.

Танхимын хичээл эхлүүлэх хугацааны талаар Шадар сайд С.Амарсайхан “Хэрэв танхимаар эхлэх хугацааг хойшлуулбал цахимаар хичээлийг эхлүүлэх үү, 5:9 харьцаагаар явуулах уу гэх мэтээр хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах зорилгоор өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэх боломжийг бий болгохоор хичээж байгаа” хэмээн өмнө нь мэдэгдсэн билээ.

Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан санал нь зөвхөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлтэй холбоотой тул их, дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийн хугацаанд өөрчлөлт орох эсэх нь тодорхой бус байна.


Categories
мэдээ нийгэм

С.Бямбацогт: Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэлэлцэн батлуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулгын хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав.

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаан 13 удаа хуралдсан бол Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа, нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар нийт 91 хуулийн төсөл, УИХ тогтоол долоо, байнгын хорооны тогтоол 10-ыг хэлэлцсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудын талаар танилцуулъя.

Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай гэдэг гурван том хуулийг батлуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод байлгахаар заасан байдаг. Гэвч төрийн байгууллагууд мэдээллээ харилцан адилгүй ил болгодог, зарим мэдээллээ албаны нууц гэдэг тамга дараад нуучихдаг. Тиймээс энэ хуулийг өөрчлөх шаардлага бий болсон. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр мэдээллээ нууцад оруулдаг байсныг өөрчилж нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар зохицуулсан.

Түүнчлэн таван төрлийн 68 мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгон хуульчилсан.

Тухайлбал, төрийн байгууллагууд сул орон тоо, тендерт шалгарсан болон шалгараагүй тухай, улсын зардлаар суралцсан тухай зэрэг мэдээллийг ил болгож байгаа.

Харин гэмт хэрэг зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудлууд хаалттай байхаар заасан.

Мөн төр өөрт нь байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зохицуулалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсоож байгаа.

Дараагийн хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Үүнд хүний хувийн мэдээлэл болон хүний нууц мэдээлэл гэж юу гэдгийг тодорхойлж өгсөн. Өмнө хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол энэхүү хуулийг уг мэдээллийг хадгалж байсан төр, төрийн албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болсон.

Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн тухайд 10 жилийн өмнө баталсан энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой болсон” гэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй байсныг өргөжүүлж хохирогч тал, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахаар дээрх хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” /2021 оны 76 дугаар/, “Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай” /2021 оны 80 дугаар/, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” /2021 оны 90 дүгээр/, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 92 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” /2021 оны 95 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 96 дугаар/, “Хуулийн төсөл буцаах тухай” /2022 оны 03 дугаар/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан болохыг мэдээллээ.

Харин ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас Архидан согтуурахтай тэмцэх хуулийг онцоллоо. Энэ талаар ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Энэ бол маш том, чухал хууль. Өнөөдрийн нийгэмд архидалд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болоод байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Турк улстай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр тус улсын Эрчим хүч, байгалийн баялгийн дэд сайд Алпарслан Баярактартай уулзалт хийв.

Уулзалтаар талууд хоёр орны эрчим хүч, уул уурхайн салбарын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн чухлыг онцолсон юм.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцжээ

Categories
мэдээ нийгэм спорт

Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа гэж бодсон

Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа гэж бодсон

Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа гэж бодсон

Тулааны спортын эргэн тойронд олон үйл явдал өчигдөр /2021.01.23/ боллоо. Мэргэжлийн боксын рингэнээ Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийсэн бол UFC-ийн октагонд аваргын бүсний төлөөх тулаанууд өрнөв.


Н.Төгсцогт Сакариа Лукастай тулалдаж, 10 үе тулалдсаны эцэст хоёр тулаанч тэнцсэн. Гурван шүүгч 96-94, 94-96, 95-95 гэж дүгнэжээ. Тулааны дараа Н.Төгсцогт “Би өөрийгөө ялчихлаа гэж бодсон. Намайг хүнд цохилтод оруулсан гэдэгт би итгэхгүй байна. Хүнд тулаан болсон. Ялангуяа богино хугацаанд тодорсон өрсөлдөгчийн эсрэг гэхэд. Миний зорилго бол дэлхийн аваргын төлөө дахин тулалдах” гэжээ.

Тулааны үеэр Н.Төгсцогт халтирч унасан бөгөөд шүүгчид үүнийг нь хүнд цохилт байсан гэж үзээгүй юм. Энэхүү шийдвэрт Сакариа Лукас гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Лукас “Хүн бүр хүнд цохилт байсныг харсан. Тэд надад ялалт өгөх байсан юм. Би зүрх сэтгэлээсээ тулалдсан. Би ялалт хүртэх эрхтэй” гэв.

“Би өөрийгөө аварга гэдгийг хүмүүст сануулах хэрэгтэй байсан”

Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбооны “UFC-270” өдөрлөг өчигдөр Калифорни мужийн Анахайм хотын Хонда цэнгэлдэхэд болов. Аваргын бүсний төлөөх хоёр тулаантай уг өдөрлөг үзэгчдийг гайхашруулж чадсан юм.

Эхлээд хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Брэндон Морено болон Дейвесон Фигередо нар хүч үзэн, Фигередо ялж, аваргын бүсээ эргүүлэн авав. Тулааны дараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад боломж олгож, итгэсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр миний өдөр байлаа. Маш их баярлалаа. Брэндон Морена бид хоёр та бүхэндээ үдшийн шилдэг тулаан бэлэглэлээ. Түүнтэй дөрөв дэх удаагаа Мексист тулалдахад бэлэн байна. Амьдрал чамайг өвдөг сөхрүүлэхийг хичээнэ. Юу ч болж байсан үргэлж бос, битгий бууж өг” хэмээн ярьжээ.

Үүний дараа үдшийн оргил тулаан болох хүнд жингийн аваргын бүсний төлөө Фрэнсис Нганну болон Сирил Ган нар тулалдаж, таван үе үргэлжилсэн хүнд тулааны эцэст Нганну шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан юм. Аваргын бүсээ хамгаалсан тэрбээр “Хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулснаа би мэдэж байсан. Гэхдээ тулааны эцсийг үзнэ гэж бодож байсангүй. Би юу хийхээ мэдэж байсан. Тайван байж, төвлөрч, өөртөө итгэж байлаа. Үнэхээр гайхалтай аялал боллоо. Гурван долоо хоногийн өмнө би өвдгөө гэмтээсэн. Гэхдээ энэ тулаанаас зугтаах бодолгүй байсан. Би өөрийгөө аварга гэдгийг хүмүүст сануулах хэрэгтэй байсан” гэжээ.