Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багш нарын 78.7 хувь нь вакцины III тунд хамрагджээ

“КОВИД 19”-ийн вакцины III тунд энэ сарын 24-ний өдрийн байдлаар цэцэрлэгийн багш нарын 78.7 хувь нь хамрагдаад байна.

Мөн III тунд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3 хувь, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3 хувь, их, дээд сургуулийн багш нарын 58.0 хувь нь тус тус хамрагджээ.

Түүнчлэн 12-15 насны хүүхдийн 77.5 хувь, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Тамирчдын бэлтгэлийн төвийг шинээр байгуулна

СПОРТЫН ТӨВ ОРДОН | ANTITHEZIZ ATELIER | Flickr
Биеийн тамир, спортын улсын хороо, БШУЯ, МҮОХ-ны зүгээс Биеийн тамир, спорт, олимпизм, бие бялдрын хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэхээр олон талт ажил зохион байгуулж буй билээ.

Энэ хүрээнд “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” Үндэсний хороог байгуулж, даргаар Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ, дэд даргаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар ажиллаж байна.

БТСУХ-ны зүгээс “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгохоор зорьж байгаа бөгөөд “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах, үндэсний шигшээ багуудыг шинэчлэн зохион байгуулах, “Тамирчдын бэлтгэлийн төв”-ийг шинээр байгуулах, “Парис-2024” зуны олимпын наадамд эрчимтэй бэлтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 425 иргэн, 39 ААН нийт 868 мянган тэрбумын худалдаа хийжээ 

Алтны тухай сонирхолтой 10 баримт

Улсын хэмжээнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 425 иргэн, 39 хуулийн этгээд байгаа гэсэн статистикийг Санхүүгийн зохицуулах хороо гаргажээ.

2021 оны гуравдугаар улирлын байдлаар буюу эхний есөн сарын хугацаанд дээрх иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 868.5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

Тодруулбал, дээрх тайлант хугацаанд 464.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 404.2 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авсан байна.

Мөнгө угаах, терроризмтой тэмцэхтэй холбоотой ФАТФ-ын зөвлөмжийн дагуу 2020 оны тавдугаар сарын 6-наас үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөл олгох болсон.

Энэ хүрээнд дээрх төрлийн арилжаа эрхэлдэг 39 хуулийн этгээд 61 хувьцаа эзэмшигчийн 8.5 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Нийт арилжаа эрхлэгчдийн 82 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болиулна” гэв

Ардын намын үед авлига ялна | News.MN

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар товч танилцуулав. Уг өөрчлөлтөөр авлига, хээл хахуулийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар бус энгийн журмаар шийддэг болох ажээ. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруугаа хүлээснээр ял наймаалцаж, торгууль төлөөд өнгөрдөг байсан бол Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөөр зохих шийтгэлээ эдэлдэг болох юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалт бий.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял наймаалцах явдал сүүлийн үед нэлээд их гарах болсон. Ихэвчлэн торгуулийн ял авч, нийтийн албан тушаалд тодорхой хугацаанд ажиллахгүй байх шийтгэлийг шүүхээс оногдуулж байгаа.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Зарим нь 4-5 жил хоригдох ял шийтгүүлж байхад, зарим нь 40 сая төгрөгөөр торгуульж байна” гэдэг шүүмжлэх гарах болсон.

Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар авлигын хэрэгт шалгагдаж байгаа хэн боловч хэрэг хялбаршуулах нөхцөлөөр шийдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх эрх хэнд ч бий.

Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс ирэх УИХ-ын хаврын чуулганд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Уг өөрчлөлтөд зөвхөн авлигын хэргүүд дээр хэрэг хялбаршуулахгүй ердийн журмаар шийддэг болох асуудлыг тусгана” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хийн хэрэглээ рүү шилжих замаар агаарын бохирдлыг багасгана” гэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг баталсантай холбогдуулан 2023-2024 он хүртэл гүйцэтгэх ажлын инженер техникийн зураг боловсруулах асуудлыг шуурхай эхлүүлэхийг үүрэг болгосон тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр цахимаар уулзаж ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан юм. Ингэснээр, байгалийн хийн хоолойн төсөл бодит ажил болох дараагийн шатанд шилжиж буйг тодотгов.

Хоёр жил орчим үргэлжилж буй цар тахлын үед хоёр талын хамтарсан ажлын баг Улаанбаатар, Москва хотод гурван удаа уулзаж 2021-2022 оны ажлын төлөвлөгөөг баталсныг Шадар сайд дурдаад, энэ дагуу ТЭЗҮ боловсруулах ажил ноднин 12 дугаар сарын 15-нд дууссаныг тодотгов. 2019 оны 12 дугаар сард одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж, Байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэх баримт бичигт гарын үсэг зурж байсан нь өдгөө албан ёсоор бодит ажил болох шатанд шилжиж буйг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй ноднин долоодугаар сард утсаар ярихдаа төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон бөгөөд төрийн тэргүүнүүд байр сууриа нэгтгэн ажиллаж буйг тодотгов.

Энэ төсөл хэрэгжсэнээр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулах ажил 2024-2027 онд өрнөх юм. Манай улс хийн хэрэглээнд хэвшээгүй ч ойрын хугацаанд аажмаар хийн хэрэглээнд шилжих суурийг тавихаар дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станц байгуулах тооцоо судалгааг хийж буйг дуулгав. Цаашдаа шинээр бий болох хот суурин газрыг хийн хэрэглээ рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэрт нэвтрүүлэх боломжийг Эрчим хүчний яам судалж байгааг тэмдэглээд, Монгол Улс дотоодын хэрэгцээг хангах асуудлаар ОХУ-ын талтай урьдчилж зөвшилцсөн гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Австралийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор таван төслийг 500 мянган саяаар санхүүжүүлнэ

Мэдээ.МН

Австрали улсаас Монголд суугаа Элчин сайдын яам өнөөдөр буюу Австрали улсын Үндэсний өдрөөр хоёр орны дипломат харилцааны ойн нэрэмжит төслийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Монгол, Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь нийт таван байгууллагыг Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжих зорилготой юм.

Шалгарсан таван байгууллага нь эрүүл мэнд, хүний эрх, залуучуудын хөгжил, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өргөн хүрээний байгууллагуудын төлөөлөл юм.

“КОВИД-19 цар тахал эхэлснээс хойш Элчин сайдын яам нь Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй байгууллагуудыг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор буцалтгүй тусламжийн санхүүжилт олгосоор ирсэн билээ. КОВИД-19-ийн хязгаарлалтын дэглэмийн үед ч аюулгүй байдлыг хангаж, нийгэмд нэн чухал төслүүдэд дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Эдгээр хүчин чармайлтын үргэлжлэл болгон ЭСЯ-наас Монгол Улсад эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьж буй таван онцгой байгууллагад нийт 500,000 ам.долларын санхүүжилт олгох болсондоо баяртай байна” хэмээн Хэргийг түр хамаарагч Нейл Сандерсон хэллээ.

Шалгарсан таван байгууллага нь дараах төслүүдийг хэрэгжүүлнэ:

  1. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ) – Тэгш хамруулан сургах боловсролыг сурталчлах замаар хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих

Уг төсөл нь харааны бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх зорилгоор чадавхыг сайжруулах зорилготой юм. Орон нутагт оршин суудаг хараагүй иргэдийг чадавхжуулах, хараагүй сурагчдад боловсрол тэгш хамруулах замаар хараагүй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь гол зорилтуудын нэг юм. Түүнчлэн, хүний эрх, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт явуулах болно. Үүнийг шинээр байгуулах болон одоо үйл ажиллагаа явуулж буй технологийн мэдээллийн төвүүдээр дамжуулан хийх болно.

  1. Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) – Олон нийтийн сайн дурынхныг Эрүүл мэндийн анхан шатны төв /ЭМҮТ/-ийн хэсэг болгон нэгтгэх

Монголын улаан загалмайн нийгэмлэг нь цар тахал эхэлснээс хойш Эрүүл мэндийн анхан шатны төв (ЭМҮТ), вакцинжуулалтын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн холбоо тогтоох чадавхыг дэмжих зорилгоор мянга гаруй олон нийтийн эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг сургаж, дайчлаад байна. Элчин сайдын яамнаас олгож буй санхүүжилтээр МУЗН, Эрүүл мэндийн яамтай хамтран нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед анхан шатны эрүүл мэндийн нэгжүүдэд туслах зорилгоор Улаанбаатар хотын захын дүүргүүдэд нийгмийн эрүүл мэндийн сайн дурын туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

  1. Хавдрын үндэсний зөвлөл (ХӨСҮТ) – Монголд хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан сэргээн засах төв байгуулах

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ Монгол Улсад анхны хорт хавдраар өвчилсөн хүүхдийн нөхөн сэргээх төвийг байгуулна. Тус төв нь сэтгэлзүйн үйлчилгээ, биеийн тамирын нөхөн сэргээх үйл ажиллагаа, урлагийн эмчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Тус төв нь гэр бүлүүдэд олон талын ач холбогдолтой бөгөөд хамгийн чухал нь хорт хавдраас эдгэрч буй хүүхдүүдийн эсэн мэнд эсэн мэнд үлдэх хувь өндөр байх болно. Тус төв ашиглалтад орсноор жилд 500 гаруй хүүхдүүд болон тэдний гэр бүлд үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.

  1. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) – Хонь хяргах орчин үеийн технологийг түгээн дэлгэрүүлэх эдийн засгийн чадавхыг үнэлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны (ХХААХҮЯ) чухал түншийн хувьд ЮНИДО нь улс орондоо орчин үеийн хонины ноос нийлүүлэх сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулахад тусламж үзүүлж, бүх оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хонины ноос машинаар хяргах үндэсний аяны үндэс суурийг тавих юм. ЮНИДО нь тус санхүүжилтээр орчин үеийн технологи нэвтрүүлэх, үндэсний сургалтын хөтөлбөр, мэргэшсэн хонь хяргагч бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулах замаар ноосны нэмүү өртгийн сүлжээний тогтвортой байдал, ажлын байрыг сайжруулах үнэлгээг хийх юм. Эдгээр нь Австрали, Шинэ Зеландын хяргагчийн үндсэн мэргэшлийн стандартад нийцсэн байх бөгөөд ХХААХҮЯ-ны үндэсний хяргах кампанит ажлыг шилдэг туршлага болгон явуулах үндэс суурь болох юм.

  1. Монгол Экологийн Төв (MEC) – Залуучуудын Тогтвортой байдлын корпус: Залуучуудын үйл ажиллагаа – Боломжийг нээх, урам зориг өгөх үйл ажиллагаа

Монгол Экологи Төв нь төслийн хүрээнд Монгол даяар ахлах сургуулийн сурагчдын дунд боломжуудыг нээж, урам зориг өгөх зорилгоор тогтвортой бизнес эрхлэх уралдааныг зохион байгуулж байна. Платформ, сүлжээг бий болгосноор оюутнууд өөрсдийн хүрээг тэлж, нийгэмдээ харахыг хүссэн өөрчлөлтийг авчрах болно. Мэргэжилтнүүд болон зөвлөгчид сурагчидтай хамтран тэдний санааг тогтвортой төслийн санал болгон боловсруулж, боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулна. Өргөдөл гаргагчид төрөл бүрийн сургалт, семинар, сүлжээний боломж, дасгалжуулагч, салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах замаар үнэ цэнтэй туршлага олж авах болно.

Categories
мэдээ улс-төр

Якоб Стаусхолм: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсч байна

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.01.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

Уулзалтын эхэнд ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд түүний хүчин чармайлт чухал байсныг онцлов. Тэрбээр, Рио Тинтогийн хувьд шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий ч эцсийн дүнд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, түншлэлийг бэхжүүлэх шийдэлд хүрсэнд баяртай байна. Мөн Монгол Улсад ардчиллын процесс хэрхэн өрнөж байгааг харахад таатай байна. Иймд Улсын Их Хурлын даргад бараалахснаар талархал илэрхийлэх, төслийн талаар санал солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

No description available.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оюу толгойн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнд баяр хүргэж, Монгол Улс гуравдагч хөрш орнуудтайгаа ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол ард иргэдийнхээ оролцоог хангасан, ашиг сонирхолыг нь хангахаар ажиллаж ирсэн. Иймд Оюу толгойн асуудлаарх Түр хороог Улсын Их Хуралд байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулснаар ард иргэддээ тэнцвэржүүлсэн, үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьсон. Мөн хөрөнгө оруулагч талтай ил тод, нээлттэй хамтран ажиллаж, олон талт байр суурийг нэг талд гаргаснаар ардчиллын үнэт зүйлсэд хүрч чадсан юм гэлээ.

Ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг олгосон нь маш том үүрэг хариуцлага. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсч байна гэв.

No description available.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар алсыг харсан, харилцан ашигтай байх зарчмыг гол тулгуур болгосон Рио Тинтогийн удирдлагуудад талархал илэрхийлж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед алсыг харсан бодлого чухал болохыг тодогтов.

Талууд Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хэрэгжилт, татвар, боловсон хүчин зэрэг бусад асуудлаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Увс аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 13-14-нд шилжих шөнө хоёр адуу алдагдсан хэрэг гарчээ. Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гурван этгээдийг илрүүлсэн байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас чөлөөлжээ

Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас чөлөөлжээ

Сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн гэх Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн оны 2021 оны аравдугаар сард МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон юм.

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани тус банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалд багтсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Ё.Отгонбаяр нь сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн зурвас бичсэн нь олон нийтэд ил болсон юм.

Түүний энэ үйлдэлд хариуцлага тооцохыг МСНЭ болон Монголын сайтын холбооноос мөн сэтгүүлчдийн төлөөллүүд нэгдэн өнөөдөр мэдээлэл хийсэн. Сэтгүүлчдийн зүгээс түүнийг уучлалт гуйхын оронд эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн 17.7 тэрбум төгрөгийн зээлийг төлж байрагдуулахыг шаардсан.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаа ажиллуулах тогтоолыг батлав

Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Өмнөх онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Улмаар 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан байна. Ингэснээр өнгөрсөн онд олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар буурч, гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.

Тэгвэл энэ онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлснийг хэлэлцлээ. Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба хаагчдын цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн урамшуулал олгоно. Урамшуулал болон холбогдох бусад зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гаргах юм.

Олон нийтийн цагдааг ажиллуулах хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудад тусгагдсан байдаг аж. Энэ нь цагдаагийн байгууллага орон тоогоо нэмж байгаа гэхээс илүү иргэдийн оролцоон дээр тулгуурлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэлцүүлгийн үеэр тодотголоо.

Олон нийтийн цагдаа нар цагдаагийн үндсэн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхгүй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санаа бодлыг авах, үйл ажиллагаандаа тусгах, цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд хүргэх чиглэлд ажиллана гэдгийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нэмж хэллээ.

Улмаар төлөөлөгчдийн олонх нь Олон нийтийн цагдааг ажиллуулах тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд, орон тоог боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг гаргасан юм. Нийслийн ИТХ-ын XIII хуралдаан үргэлжилж байна.

Мөн “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар шалгаруулан шагнах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан СХД-ийн 21 дүгээр хорооны иргэн, тариаланч Д.Дамдинсүрэн, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн, тариаланч М.Амаржаргал нарт дээрх шагнал олгох танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Ж.Сандагсүрэн хийж, төлөөлөгчид дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ