Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Зохиолчид малчин болсон нь буюу нөхөрсөг элэглэл

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Миний муусайн найз нар”-аа малчин болбол иймэрхүү дүр зурагтай хүмүүс байх тухай өмнө нь нөхөрсгөөр шүлэглэснийг уншигч танаа толилуулъя


Пунцагийн Бадарч

Мал хувьчлах сургаар хөдөө гарна

Майжгий “эксел”-ээ суурь хониор зарна

Торгон өмд өдрийн нэгийг өмсдөг

Тогоо нэрсэн айлд уйлж дуулж өнждөг

Том хуван эрхтэй, өвөртөө даалуутай

Тохигүй шар өвгөн гурван сумаар тэнэнэ

Сонгуулийн үеэр онгод нь орно

Сожидмаагийнд үе үе буудгаа ч мартана

Социализм капитализм хоёрыг адилхан магтана

Амьтны үрс ялгаагүй гэж нэр дэвшигчдийг өрөвдөнө

Ах нь дүүдээ хайртай гээд толгой нь бөнжигнөнө

Гадаах хэдээсээ хандив өргөнө

Гарчихаад мартав аа чи гээд үнсэнэ

Өнөөдүүл нь цөмөөрөө мартана

Гэхдээ гомдохгүй ээ,

Өвгөн Бадарч наргиж даргиж ханхалзаж яваа дуулдана


Дамдинсүрэнгийн Урианхай

Соён гийгүүлэгч Урианхай малчин болохоор шийдэв

Сонин, араажав, зурагт, шаазгай шиг шахтнав

Ноос ачсан тэмээ гэж зарим нь харав

Номч Урианхай дүрээрээ гэж нөгөө нь шаагилдав

Амьд гэгээнтэн гэж айлын авгай итгэв

Алмас л байна даг гэж түүний нөхөр зүтгэв

Хорхой хараад заримыг нь өрөвдөн уйлж

Хогийн ургамал, шарилж луулийг ч тойрч гишгэж

Хотныхоо эмгэдэд кантын философи заах

Хонхрынхоо охидод кантри бүжиг заах

Хоргой торгоноос хөм адсагаа илүүд үзэх

Өглөө хоньтойгоо гараад өдөржин хээр ном унших

Өөр хотны хонь туусаар орой нь ирэх

Яаж ялгана даа гэж авгай нар халшрах

Ялгаагүй шүү дээ адилхан л хонь гэж

Ядарчихсан бор гэртээ цайгаа ууж суух

Алс нь мандаж манай хүн баатар болох

Алтан соёмбо гардуулахаар хүрээнд дуудах

Гуйлгачин тарьдаг төрөөс одон авахгүй гэж адрах

Гурил будаахан аваад нутгаа буцах

Гэрийнхэн нь хүрээг нүүлгээд ирсэн юм шиг баярлах

Гэрэлт тэнгэрийн дор тийм нэг бурханых шиг айл байх


Тангадын Галсан

Загийн голын долгио сонсогдох газар

Зам бараадаж бууна

Загал толгойлсон өвгөдтэй улс төр ярина

Залуучуудтай нь хонины бэлчээрт нүх шахна

Чавганц нарт эрхи, хүүхнүүдэд оймс бохь

Чанцалмаад дээлийн торго, охинд нь хөхөвч бэлэглэнэ

Чалхаа гайхуулж нүдний нь өмнө эмнэг сургана

Тэнд эндхийн төлөөлөгчдийг цөс шиг үгээр утаж

Тэмээ хариулж явж биегүй болсон гэж тунина

Арван хоёр жил нар зөв гороолсон

Алтан бүсний арал давсган дээр нь

Гучин хоёр угалзтай наамал жинс угласан хөлд нь

Гурван чоноор зүйсэн дах мөрөн дээр нь

Загийн голын Галсан жаажааг

Заларч ирэхэд нохой болгон эрхэлнэ

Аа алтаар урс … гэсээр хоймор дүүрэхэд нь

Айлын улс “Сумъяа ноён”-той андуурна


Дамбын Төрбат

Хар сахал нь ширвээ мухар толгойтой эр

Харчины аймаг гэж гурван гэрээ зарлана

Хасарын үр би гэж дээж хүртэж

Хааны дүр би гэж дээгүүр заларна

Хурмастаар нэг пуужин, наадах чинь хэрэггүй гэхээр

Худлаа байлгүй гэж цахиур бууж сүмбэдэнэ

Нэгээс илүү эхнэр авч болдоггүй юм гэхэд

Нээрнэ үү хүүхээ гэж засаг даргыг мохооно

Мандсан төрийн хууль хатуу билээ гэхээр

Манай харчины хууль тусдаа гэж зөрүүдэлнэ

Харанхуй шөнөөр тэд тэмээ ачаалж хөдлөв

Халх дөрөв шавь тавд бараа тасрав

Нүүгээд даваа давмагц харчины улсаа байгуулав

НҮБ-д гишүүн болохоор арилж өгсөн дуулдав


Цэндийн Чимидорж

Дэрэнгийн хэдэн толгод дэргэдүүр нь цувж

Дэлтэй шар хархүн овоон дээр дурандаж сууна

Дэргэсээр усанд айсуй өөрийнхөө хэдийг

Дэлхийд эднийг гүйцэхгүй гэж эзэнгүй аархана

Усны наадах ухаад том цагаан гэрээс нь

Утаа савсан салхиар охь үнэртэв ээ…

Шагайж байсан дурангаа шалдан өвөртлөөд

Шар хархүн огисоор гэрэээдээ давхилаа

Амьсгаадсаар гэртээ ороод явчтал

Араажавын Шагдарсүрэн ирчихсэн сууж байна

Адарсүрэнгийн дуутай хальс хойморт нь эргэж

Ая нь цавуу түрхчихсэн юм шиг наалдаж байна

Ноос ноолуурынхаа мөнгийг Чимэддорож гаргаад тоолтол

“Ногоороо л биз” гэж эгч нь тэндээс дуугарав

“Төгөлдөр төгөлдөр” гээд гэрийн эзэн үл тоов

Төвийн сурвалжлагч малчин Чимээг сурвалжилж эхлэв


До.Цэнджав

Сулдаа сайвар цагаан загал морин дээрээ

Суудал засаад малчин “До” галигуулна

Роман тууж өгүүллэг шүлэг… ярайлгаж явсан хүн

Одоо тэмээ адуу хонь минь гэж тэлгүүлнэ

Гадаадаар хэсч, их сургуульд багшилж

Гавалнуудтай ном хаяж, тагшилж явсан эр

Гаднаа зэл зэлээр гүүтэй, гэртээ дуу хууртай

Галаа бадрааж явах эр хүний жаргал аа

Хонхрын нь хүн буруутаад аймгийн шүүхэд дуудагдсан ч

Хойноос нь явуулах өргөдөл авгайд нь бичиж өгч

Айл саахалтын багачуул сургуульд орох гэж тэвдэхэд

Аминд нь орох юм зааж өгч тус болж

Түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ

Түргэхэн хэлж өгч хавьдаа нүд чих болж

Соньхон яриагий нь ангайж сонссон хүмүүс

Соёлыг гайхав гээч болж цөмөөрөө биширнэ

Ганц хүнийг шүтэж бишрэх явдал

Гарчээ тэнд гэвэл тахигдсан хүн нь “До” байна

Малчид түүнийг яаж ч өргөмжил

Магтаалд бялуурсан тэр тоох ч үгүй

Торгон цамц үйтэн хуар өмдтэйгөө

Том идээний араас дөнгөж цухуйсан “До”

Дугараагаа гүйцээ, хул хундагаа сэргээ

Дундговийн хүүхдүүд шүү бид жаргавал жаргая” гэж хашгирна


Баярхүүгийн Ичинхорлоо

Хөлс алдаж гунхалзсан улаан хүүхэн

Хөхүүртэй айрагнаасаа амсаад хутгуураараа хөнтөрнө

Бор торгон хөнжлөөс даахьтай хэдэн жаал

Босч ирээд хормойноос нь зууралдана

“Манай нөгөө хар түрүү хавраар

Мал туугаад гарсан одоо болтол байдаггүй ээ

“Хөхүүл байхад юун амархан юм бэ

Хөл хүнд яршиг” гэсээр галаа ноцооно

Галаан асмагц өглөөн саалиа хөөрүүлж

“Гарцгаа” “Хонио бэлчээ” гэж хүүхдүүдээ зандарч

Олон бор тагшинд өрөм хийж ярайлгана

Орж цайгаа уу гэж зан засрана

Цоровтой үрээ уяан дээр нь хоошилдоотой

Цовхчоод амраахгүй санаагий нь зовооно

Цоодол, Самдан энэ тэрээр сургуулюу гэснээ

Цочмог ааш нь хөдөлж өөрөө мордохоор шийдэв

Жирэмсэн хүн яршиг ч юмуу гэснээ

Жишим ч үгүй булгиулж булгиулж эцээчихээд ирэв

Жижиг хүүхэд нь аав ирсэн дээ гэсээр тосоход

“Жил тэнэхдээ яахав” гэж гомдсоноо

“Жигүүнэ эсгэж дээл хийж өгье

Жинхэнэ ханьдаа…” гэж уярсаар гэртээ орлоо

Categories
мэдээ нийгэм

“Алмада-2022” тэмцээн маргааш Португалд эхэлнэ

Олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож буй Монгол жүдочид энэ сарын 25-нд  Португалд Гран при тэмцээнд зодоглоно | Sonin.MN

Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн маргааш Португалд эхлэх гэж байна.

Гурван өдөр зохион байгуулагдах тус тэмцээн Альмада хотноо болох бөгөөд үүнд 44 орны 195 эрэгтэй, 142 эмэгтэй, нийт 337 жүдоч хуран чуулна.

“Алмада-2022” тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг

-60 кг: Энхтайваны Сумъяабазар /”Женко” клуб/, Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/

-66 кг: Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/

-73 кг: Лавжаргалын Анхзаяа /”Женко” клуб/

-81 кг: Баттулгын Мөрренцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр /Хоёул “Хангарьд” спорт хороо/

-90 кг: Ганбаатарын Пунцагцэрэн /”Алдар” спорт хороо/, Баттогтохын Мөнхбаяр /”Женко” клуб/

-100 кг: Одбаатарын Хангал /Алдар/, Дармаабазарын Мөнхтулга /Женко/

+100 кг: Сумъяабэйсийн Бат-Орших /Алдар/

-48 кг: Бавуудоржийн Баасанхүү /”Сүлд” спорт хороо/

-52 кг: Цэрэнтогтохын Гал-Од /”Алдар” спорт хороо/

-57 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Хаан хүнс импекс/

-63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /”Сүлд” спорт хороо/, Цогтгэрэлийн Номин /”Женко” клуб/

-70 кг: Цэрэндуламын Энхчимэг /”Хилчин” спорт хороо/

-78 кг: Отгонбаярын Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ Баатарсүхийн Ганзаяа /”Женко” клуб/

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн /”Алдар” спорт хороо/

Дасгалжуулагч: Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены мэдэгдэл

Украины асуудал хурцдаад буй энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийв. Тэрээр ОХУ Украины нутаг дэвсгэрт халдан дайрвал ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн анхааруулсан байна. Жо Байден уг сэрэмжлүүлэг огт хий хоосон үг биш гэдгийг нэмж онцолжээ.

Украины хилийн ойролцоо ОХУ-ын 100.000 цэрэг байрласнаас үүдэлтэйгээр өрнөдийн орнууд Москваг халдан түрэмгийлэх үйлдэл хийх байх хэмээн сэрдэж байгааг ОХУ-ын зүгээс эрс үгүйсгэдэг бөгөөд АНУ болон түүний холбоотон өрнөдийнхөн нөхцөл байдлыг хөөрөгдөж, хямралыг хурцатгаж байна хэмээн хариу буруутгадаг юм. Хэрэв Оросын цэргүүд Украины хилээр нэвтэрсэн тохиолдолд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их гарз хохиролтой тэмцэл өрнөж болзошгүй юм. Хэрэв ийм зүйл болбол Москва шангаа хүртэх болно хэмээн өрнөдийнхөн анхааруулсан.

АНУ 8.500 цэргээ дайны бэлэн байдалд шилжүүлсэн бөгөөд дайн эхэлбэл энэ хүчин 10 дахин нэмэгдэх боломжтой юм. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Франц, Герман, Оросын удирдагчидтай уулзах хүсэлт гаргасан байна. Мөн НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя “АНУ Сирийн босогчдыг дэмжиж байгаагаас Арабын Сири улсын Идлиб хотод байдал тогтворгүй болоод байна” гэж мэдэгдэв. Олон улсын зарим судлаачид Украины асуудал бол зөвхөн Украины асуудал бус ардчилал, эсвэл дарангуйлал тогтох эсэхийг шийдэх дэлхий нийтийн тулгамдсан асуудал гэж үздэг бөгөөд ОХУ-ын цэрэг Украины нутагт нэвтэрвэл Оросын эсрэг байлдаан Сири, Кавказын нуруу төдийгүй жирийн иргэд байдаггүй Арктикт болж Беларусь, Казахстан улмаар ОХУ-д Оросын өнөөгийн хэт дарангуйлагч удирдлагын эсрэг иргэдийн хөдөлгөөн өрнөнө гэж үздэг юм.


БНХАУ-ын “Синовек” коронавирусийн вакцины хоёр тунг хийлгээд нэмэлт тунгаар “Пфайзер”, “Жонсон & Жонсон” эсвэл “Астразенека” вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биетийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Тодруулбал, Бразил болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар вирус агуулсан болон рибонуклейн хүчлийн /RNA/ вакцин нь коронавирусийн эсрэг /дельта, омикрон хувилбарууд багтсан/ сайн үр дүн үзүүлжээ. “Sinovac” вакциныг Бразил, БНХАУ, Аргентин, Өмнөд Африк, Оман, Малайз, Турк зэрэг дэлхийн 50 гаруй оронд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Бразилийн Сао Пауло болон Салвадор хотын сайн дурын 1240 хүнд хийсэн судалгааны дүнд “Синовек” вакцины хоёр тунгийн дараа дахин нэмэлтээр “Синовек” вакцин хийлгэх нь эсрэг биетийн түвшинг нэмэгдүүлж байгаа ч нэмэлтээр өөр вакцин хийх нь илүү үр дүнд хүрч байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Нэмэлт тунг тарихаас өмнө “Синовек” вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн түвшин харьцангуй бага байсан буюу 18-60 насны иргэдийн дөнгөж 20.4 хувь, 60-аас дээш насныхны 8.9 хувьд нь эсрэг биет илэрч байжээ. Харин дээр дурдсан өөр төрлийн гурван вакциныг нэмэлтээр хийлгэсний дараа эсрэг биетийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

l l l

ОХУ-тай зөрчилдсөнөөс үүдэн үүсээд буй үр нөлөөг бууруулах зорилгоор Украинд 1.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна хэмээн Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен мэдэгдлээ. Яаралтай зээл, буцалтгүй тусламжаас бүрдэж буй энэхүү санхүүгийн тусламжийн багц нь ОХУ-тай зөрчилдсөний улмаас Украинд хурдацтай нэмэгдэж буй санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэхэд нь тус болох юм гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав. Мөн тэрбээр “Европын Зөвлөл, ЕХ-ны гишүүн орнуудын Засгийн газар, Европын парламентын гишүүд тусламжийн төлөвлөгөөг яаралтай баталж, Украинд эхний 600 сая еврогийн тусламжийг шуурхай олгоно” гэдэгт найдаж байгаагаа онцолжээ.

l l l

Туркийн өмнөд нутагт орших Анталья хотын төвд сүүлийн 29 жилд анх удаа цас орсон тухай “Hurriyet” сонин мэдээлжээ. Анталья хотод хамгийн сүүлд 1993 оны нэгдүгээр сарын 7-нд ийм их хэмжээний цас орж, 5 см зузаан цасан бүрхүүл тогтож байжээ.Туркийн баруун хойд нутагт нэгдүгээр сарын 21-нээс хүчтэй цасан шуурга шуурч эхэлсэн байна. Тус улсын хамгийн том хот Истанбул шуурганд ихээр өртжээ. Мягмар гаригт эрх баригчид 15:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглож, хотын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг түр зогсоосон байна. Гантиг тэнгисийн зарим бүс нутагт дунджаар 50-60 см цас унажээ. Түүнчлэн төвийн нутгийн зарим муж болон өмнөд нутагт цас орсон байна. Туркийн онцгой байдлын газраас цас үргэлжлэн орж буй бүс нутгуудын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Истанбулд цас баасан гариг хүртэл үргэлжлэн орно гэж цаг уурчид таамаглаж байна. Их хэмжээний цас орсны улмаас Туркийн гол авто замуудад түгжрэл үүсчээ. Анкара, Истанбул хотыг холбосон хурдны зам болон Истанбулын нисэх онгоцны буудал руу хүрдэг замууд хэдэн цагийн турш түгжирсэн байна.

l l l

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус ирэх тавдугаар сард болох тус байгууллагын тэргүүний сонгуулийн цорын ганц нэр дэвшигчээр тодров. Энэ тухай ДЭМБ-ын хэвлэлийн алба мэдээлжээ. Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг өнгөрсөн оны есдүгээр сарын 23 хүртэл хүлээн авсан бөгөөд Гебреисусийн нэрийг тус байгууллагын гишүүн 28 орон дэмжсэн байна. Шинэ ерөнхий захирлыг энэ жилийн тавдугаар сард Дэлхийн Эрүүлийг хамгаалахын ассамблейн 75 дугаар хуралдааны үеэр сонгох бөгөөд санал хураалт нууцаар явагдана. Тедрос Аданом Гебреисус ДЭМБ-ын ерөнхий захирлаар 2017 онд анх сонгогджээ.

l l l

Австралийн Засгийн газар тус тивийн уугуул иргэд болох аборигенуудын далбааны зохиогчийн эрхийг 20.05 сая австрали доллараар (14.4 сая ам.доллар) худалдаж авснаар хүн бүр чөлөөтэй ашиглах боломжтой болжээ. Австралийн уугуул иргэдийн төлөөлөл Харольд Томас хэмээх зураачийн 1971 онд бүтээсэн уг далбааг 2018 онд аборигенуудын бэлгэдэл бүхий хувцас үйлдвэрлэдэг боловч уугуул иргэдийн төлөөлөлтэй хамааралгүй “WAM Clothing” компани худалдаж авчээ. Тус компани уг далбааг ашигласны төлбөр шаардах болж, улмаар “Далбааг чөлөөл” нэртэй хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн байна. Харин Австралийн Засгийн газар зохиогчийн эрхийг шилжүүлэх талаар тохиролцоонд хүрснээр үнэ төлбөргүй ашиглах боломжтой болжээ. Засгийн газраас гаргасан төлбөрийн ихэнхийг далбааг бүтээгч Харольд Томас авах аж. Уугуул иргэдийн далбааг одоо хүн бүр чөлөөтэй ашиглах боломжтой боловч Австралийн далбаатай адил хүндэтгэлтэй хандах ёстой гэж тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдэв.

BBC.CNN. REUTERS.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулийн оюутнуудын 40.1 хувь нь III тунд хамрагдсан байна

Их, дээд сургуулийн төлбөр 10-15 хувиар нэмэгджээ

Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3 хувь, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3 хувь, их, дээд сургуулийн багш нарын 58.0 хувь нь тус тус хамрагдсан.

Мөн 12-15 насны хүүхдийн 77.5 хувь, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

​Орон сууц дамлаж түрээслүүлдэг гэмт хэрэг эрс өсчээ

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зөвлөгөөн болно

Covid-19-ийн хүндрэлийн улмаас иргэдийн орон сууц худалдан авах чадвар муудаж, түрээсийн орон сууц сонирхох болжээ. Үүнийг далимдуулж залилангийн гэмт хэрэг хийж, бусдыг хохироох тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 5300 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний ихэнх хэсгийг орон сууцны залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Харин 2021 оны тоон мэдээ нэгтгэгдэж гараагүй байгаа ч өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг эрс өссөн аж.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд, залилангийн төрлийн гэмт хэргийг өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулжээ. Түүнээс харахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо хөл хорионоос шалтгаалж буурсан ч залилангийн төрлийн хэрэг нэмэгдсэн байна. Байр дамлан түрээслэх тохиолдлоос гадна зарын сайтууд болон цахим орчинд байр түрээслүүлэх зар байршуулж, бусдыг залилах тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, цахим орчинд байршуулсан зарын дагуу иргэд холбогдоход “Хүн түрээслэх гээд байгаа учраас урьдчилгаа шилжүүлэх хэрэгтэй”, эсвэл “Барьцаа шилжүүл” гэх мэтчилэн шаардлага тавьдаг аж. Түрээсийн байрны олдоц муу, оюутны хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор төлбөр өсөхийн зэрэгцээ ийнхүү залилагчид нэмэгдэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж буй, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаалах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх зэрэг орж байгаа юм.

Иймд иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-ноос сайтар лавлаж тодруулсны дараа төлбөр тооцоогоо хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Д.Гансүх Чехийн Сенатын гишүүн Ярослав Доубраватай уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх Чехийн Сенатын гишүүн Ярослав Доубраватай энэ сарын 26-нд уулзав.

Уулзалтаар Элчин сайд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, бизнесийн хэлхээ холбоог хөгжүүлэх, ялангуяа Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг Чехийн Сенатын танхимаар дэмжүүлэхэд анхаарч ажилласанд Ярослав Доубравад талархал илэрхийлэв. Сенатын гишүүн Я.Доубрава нь 18 дахь жилдээ Сенатын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд манай улсад хэд хэдэн удаа айлчилж байсан юм.

Монгол, Чех улс Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрт 2019 оны 5 дугаар сард Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд УИХ энэхүү хэлэлцээрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд соёрхон баталсан. Харин Чех улсын Сенатын танхим 2019 оны 10 дугаар сарын 30-нд соёрхон батлахыг дэмжсэн. Одоо хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхим соёрхон баталж, тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Categories
мэдээ нийгэм

3-5 настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна

Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “МСҮТ, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

Сургуулийн амралт эхлэх үетэй зэрэгцэж цэцэрлэгүүд амардаг байсан. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой байсан учраас хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт нь хамруулах бодлого барьсан. Өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй байгаа. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настнуудыг үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулна” гэлээ.

Ингэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байх аж.


Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн жил хорт хавдрын улмаас 4411 хүн нас баржээ

Өнгөрсөн жил хорт хавдрын улмаас 4411 хүн нас баржээ

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдар судлалын үндэсний төв хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байгааг тус уулзалтын үеэр онцлон хөндсөн юм. Тодруулбал,

2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь нийт оношлогдсон иргэдийн 74 хувь нь хожуу шатандаа өвчин нь илэрч, нас барж байна гэсэн үг юм. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд тэргүүлж байна. Түүнчлэн улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар мөн эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгджээ.

ӨВЧТӨНҮҮДИЙН 86 ХУВЬ НЬ 45 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫХАН БАЙНА


Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буйг ХСҮТ-ийнхөн хэлсэн юм. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийн давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан. Яг одоогоос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэв. Мөн тэрбээр хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэг үзлэгт тогтмол хамруулах, энэ талаарх мэдлэг, ойлголттой болгоход Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн хулгайч гэж түүхэнд нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд давхар дээлийн маргааныг буцаах байлгүй дээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Давхар дээлийг тайлах тухай асуудлыг удаан ярьж байж сая нэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хязгаартай оруулж ирсэн. Гэтэл буцаад болохоо байчихлаа. Бүр давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүд “Давхар дээл хэрэгтэй юм байна” гээд явж байгаа энэ процессыг та юу гэж харж байна вэ?

-Давхар, дан дээлийн маргаан юунаас эхтэй байсныг эхлээд харах ёстой. Усны эхийг биш урсгалын төгсгөлийг, тунаж тогтсон үлдэгдлийг нь яриад эхэлбэл ул суурьтай яриа болж чадахгүй.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглал бүхий улс төрийн байгуулал сонгосон хэдий ч ард түмний төлөөллийг цөөхөн, УИХ-ыг давжаа, шийдвэр гаргалтанд нэг гишүүний дарах жин өндөр байдлаар хуульчилсан. Дээр нь УИХ-ын нөлөө бүхий 15, 16 гишүүн Засгийн газарт давхар ажиллахад УИХ нь Засгийн газраа хянах чадваргүй, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучих байдал ажиглагдаж эхэлсэн. УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс шиг, Засгийн газрыг юу хийнэ, юу хүснэ түүнийг нь баталж өгдөг. Эргээд Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадаж байдаг буруу зүйл бараг албан ёсны тогтолцоо шахуу юм болж хувирсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн харилцан хяналт тэнцэлтэй байх эрх мэдэл хуваарилалтын зарчим бодит байдал дээр үгүй болсон гэсэн үг л дээ. Эндээс гарах хоёр зам байсан. Нэг нь парламентынхаа давжаа байдлыг засч гишүүдийн тоог нэмэх, нөгөө нь Засгийн газарт давхар ажил эрхлэх УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах.

Харамсалтай нь улстөрчид, тэр дундаа 2012-2016 онд УИХ-д байсан МАН-ынхан өрсөлдөгчийнхөө Засгийн газрыг унагах шалтаг болгож “Давхар дээл байх ёсгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхээ больё” гэж улс төр хийж, хэт пи-ардсан. Сүхбаатарын талбай дээр дээл өмсөөд жагсаж хүртэл сүржигнээд, бүр өөрсдийнхөө тэмцлийн уриа болгосон шүү дээ. Тэрэндээ өөрсдөө ороогдоод явж өгсөн л дөө.

-Тэгвэл таныхаар давхар дээлтэй байх нь хэр зохистой юм бэ?

-Хууль зүйн шинжлэх ухаанд давхар дээл гэдэг ойлголт байхгүй. Уран цэцэн ярьдаг улстөрчийн л үг байх. Монгол Улс парламентын засаглалтай юм бол давхар дээл гэж шоудаж байхаар парламентаа чадавхжуулах, давжаа байдлаас нь гаргах, Засгийн газрыг сонирхлын зөрчилгүй хянаж, мэргэжлийн түвшинд хууль тогтоох тал руу нь алхуулж хөгжүүлэх ёстой. Монголын парламент сул, давжаа байвал хоёр том хөршийн болон тэдний гадна байгаа янз бүрийн зөрчлийн шахалт хүндэрч, тэр сул жижиг цэг дээр илүү жинтэй л дарна.

АН энэ бүгдийг тооцож 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорциональ сонгуулийн тогтолцоо оруулж ирэх, парламентын давжаа байдлыг засах санал тавьж байсан. Харамсалтай нь саналыг үл хэрэгсээд, өөрсдөө бараг л хамгийн ариун гэгээн, үнэн зөв шийдвэр гаргачихлаа гэж зарлаж байгаад өнөөдрийн өөрчлөлтийг оруулсан. Тэр хүмүүс нь өнөөдөр буцаад давхар дээлээ өмсөхгүй бол болохгүй байна. Засгийн газар чадавхгүй, сул дорой байна гэж байгаа харагдана лээ. Засгийн газрын энэ гишүүд эрх барьж буй намын өөрсдийнх нь байж байгаа царай, олж томилсон боловсон хүчнийх нь нөөц шүү дээ. Монголын ард түмний асуудал биш, МАН-ын өөрсдийнх нь дотроо багталцахгүй шахцалдаж, эрх мэдлээ булаацалдаж байгаа, би биш бол чи биш гэсэн тамын тогооны үлгэрийн л нэг эмгэнэлт хувилбар.

Ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн хийснээ буцаах аргаа олж ядаад хүний гараар могой бариулах санаатай Цэцэд мэдээлэл гаргаж байгаад шийдчих гээд амьдаад яваа харагдана. Могой баригчаар “тендер зарлаж” байгаад аль нэг намын мөнгөнд дуртай, гар хөлийн үзүүрт зарагдчих авлигачдыг худалдаж аваад гүйлгэчихлээ.


-Цэц гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэхээр болчихсон нь асуудлыг улам хурцдуулчих шиг боллоо, тийм үү?

-Үндсэн хуулийн Цэцээс сонин ааш аяг цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, Үндсэн хуулин дээр маш тодорхой заагаад, цагаан дээр хараар биччихсэн байгаа. Иргэний үндсэн эрхийг шууд үйлчилдэг эрх зүй гэдэг утгаар нь хамгаалаад хэрэгжилтэд нь хяналт тавиад өгөөч ээ гэхээр “Энэ бол Цэцийн хяналтын обьектод байхгүй, манай Цэцэд энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар олгоогүй байна” гэх мэт юм ярьдаг.

Тэгсэн атлаа Үндсэн хуулин дээр огт байхгүй, Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд шилжүүлж өгөөгүй асуудлаар гомдлыг хээв нэг хүлээгээд авчихаж байна. Улс төрийн үүрэг даалгавар эздээс нь ирвэл нүдээ аньж байгаад юуг ч хийж болдгийг харуулж байна.

-Захиалгатай хөдөлж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Хэн ч харсан ил тод өрнөж байгаа тоглоом. Нуугаад байх юм байхгүй. Хүсч байгаа хүмүүс нь эрх баригчид. Буцаад хатгачих гээд байгаа учраас могойгоо хүнээр бариулах гэж байна.

Эцэст нь тэд, бид биш Үндсэн хуулийн Цэц шийдсэн учраас давхар дээл өмсөхөөс өөр аргагүй байдалд орлоо гэж хэлэх гэж байгаа юм. Яг сонгуулийн холимог тогтолцоог Цэцээр дамжуулж унагасан шигээ ажиллах гэж байгаа нь тэр. Ийм ил цагаан тоглоомын зам дээр Цэц өөрөө тоглоом болж Үндсэн хуулийг хулгайлахад нь туслах гэж байна.

-Зарим улстөрчид Цэцэд захиалга өгөөд давхар дээлийн заалтыг хөндөх саналыг гаргуулж аваад түүн дээрээ дөрөөлөөд Үндсэн хуулиа хөндөх гэж байж болзошгүй гэж Цэцийн дарга асан Н.Жанцан гуай саяхан ярьсан. Таны байр суурь ч үүнийг л хэлээд байна уу даа?

-Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүд маш их ууртай байна. Тэд Засгийн газрын ажилд оролцож мөнгө шийддэг, хүн томилдог, ажил хийсэн болж харагддаг байсан, Тэрийгээ хийж чадахаа байчихаж. Зарим нь үүнийгээ ил цагаан хэлж байна лээ. Мөнгө төгрөгөө үрээд бөөн юм болж сонгогдчихоод хэн ч биш болж байна. Гэтэл хэн ч биш нөхөр сайд болоод толгой дээр гараад суучихлаа, бид нар хэн юм бэ гэж ирээд уурлаж байна лээ.

Ялсан баатрууд хоолондоо орох гэтэл Үндсэн хууль саад болохоор бүр ч их уурлаад байх шиг байна. Сонгуулийн өмнө дан дээлтэй байх нь шударга ёсонд нийцнэ гэсэн нөхөд одоо юун шударга ёс, больё, баталсан Үндсэн хуулиа өөрчилье гэж хэлэх гэхээр ичгэвтэр санагдаад байгаа. Тэгээд нөгөө намаасаа жаахан юманд дуртай, эрх баригчдад тал засаад, бөхөлзөөд гүйчихдэг, амьдралынхаа туршид авлига хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёстой нөгөө “мөнгө улаан нүд цагаан” гэж явдаг зарим нөхдийг уургалж аваад, тохироод, өөрсдийнхөө бичсэн цаасаа бариулаад Цэц рүү гүйлгэчихсэн юм уу даа.

Цэц дээр эрх мэдэлтэй хүчтэй хүмүүсийн улан дор сөхөрч явдаг, алх цохиход бэлэн зарим нэг гишүүн түүнийг нь “Та хэд минь тушаал буулгаж байгаа бол би бүгдийг нь биелүүлье” гээд хүлээгээд авхуулчихаж байгаа юм уу. Нэг ийм ил цагаан процесс явж байна. Түүхэнд Үндсэн хуулийн хулгайч гэж нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд ичих байлгүй дээ.

-Хэрэв энэ шийдвэр гарвал төр хямарч, намууд талцахаас эхлээд Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх эрсдэлтэй гэх юм?

-Энэ процессын үр дүнд ямар аюултай хаалга нээгдэж байна вэ гэдгийг зарим туршлагатай хүмүүс хэлээд байгаа. Хэрвээ ингэх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн хууль биш болно шүү. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байх ёстой байтал одоо Үндсэн хуулийнхаа дээр Цэц нь гараад суучихлаа. Манах ёстой юмныхаа дээр гарч суучихаад бусдад хулгайлахад нь туслаад эхлэхээр Үндсэн хуулийн шүүх жинхэнэ утгаараа алга болох нь ээ гэж. Яг үнэндээ тэд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хийж байна шүү дээ.

-Үнэхээр тийм бол УИХ-ын гишүүний ёс суртахууны хувьд ч тэр таагүй явдал болж таарах нь?

-Сонгуулиар сонгогчид руугаа очиж санал авахдаа Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орууллаа, Монгол Улсыг хөгжүүлэх алтан түлхүүрийг атгаад авлаа гэх шахуу юм ярьсан байгаа, тэд. Дараа нь идэж уухад нь садаа болоод эхлэхээр хийснээ устгая, буцаая гэх утгатай юм ойр зуураа шивнэлдэж, ханцуй дотроо хуулийн хулгай хийх гэж оролдож байна. Энэ ч ёс зүйтэй хүмүүсийн үйлдэл биш л дээ.

Эрх баригчид ямар худалч, богино хараатай, хувийнх нь ашиг сонирхол хоолой дээр нь тулаад ирэхээр Монгол Улсын улс төрийн байгуулалтын суурь Үндсэн хуулийн хүч чадлыг хэмлэж, иргэний эрх чөлөөний хэрэм цайз болж байгаа хуулийн тогтолцоог хэдэн авлигач хархнуудаар мэрүүлэхэд бэлэн байгаа нь харагдаж байна. У.Хүрэлсүхийн хэлсэн “Хүн биш хууль засагладаг болно” гэсэн нь хаана байна. Хуулиа болиг, бүр хүн биш хулгайчид нь засаглах гэж байна.

-Давхар дээлтэй холбоотой заалт найман жилийн хугацаанд хөндөгдөхгүй гэсэн ч Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Боломжтой гэж үү?

-Ер нь дагаж мөрдөх журмын тухай хууль бол хууль. Тэр хуулийг өөрчилж болно. УИХ-д эрх нь байгаа. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол Дагаж мөрдөх журмынхаа тухай хуулийг өөрчилнө үү, олонхоороо гарын үсэг зураад нэмэлт, өөрчлөлт хийх санаачилга гаргана уу эрх баригчдын эрх мэдлийн асуудал.

Гэтэл өөрсдөдөө байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй, тойрч зугтаагаад, муу хэлүүлнэ гэж болгоомжлоод буруу замаар будаа зөөх гэж байгаад л аюул байна. Үнэхээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хиймээр байна. Энэ буруу байна гэж үзэж байгаа бол 62 суудалтай олонх хуулийг санаачлаад, ил цагаан ярилцаад юу нь зөв бурууг олон нийтэд ил тодоор хэлээд явах ёстой. Харин арын хаалгаараа авлигачид хөлслөөд, гүйлгээд байж болохгүй. Асуудлаа ил яриад хууль тогтоогч шиг хийх ёстой ажлыг хулгайч шиг хийж байгаад л хүмүүс таагүй хандаж байна.

Хоёрт, тусгаар тогтнол, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, бүгд найрамдах төр, парламентын засаг, хараат бус шүүх гэх мэт 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон гол үзэл санаа, зарчмуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрийн дор устгахаас хамгаалахын тулд механизмаа зөв олох ёстой. Түүнийг Үндсэн хуулин дээр бичиж, хамгаалах ёстой болохоос даргын заавраар ажилладаг, ард түмнээс сонгогддоггүй есөн хүнд сайхан сэтгэлээр найдаж орхиж болохгүй.

2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үед ч ярьж байсан. Ер нь 1992 оны Үндсэн хуулиас хойш олон судлаачдын судалгааны үр дүнгээс гарсан нэг зүйл бол Үндсэн хууль өөрөө дархлаатай байх тухай асуудал юм.

-Яаж дархлаажуулах ёстой юм бол?

-Үндсэн хууль бол огт өөрчлөгддөггүй зүйл биш. Нийгмээ дагаад хөгжиж байх ёстой. Гэхдээ үндсэн бүтэц, суурь зарчим, үнэт зүйлүүд нь мөнхийн заалт байх ёстой. Тийм учраас мөнхийн заалтуудаа Үндсэн хууль дээр тодорхой бичээд энэ, энэ заалтуудыг УИХ өөрчлөх эрхгүй. Үүнийг өөрчилсөн бол Үндсэн хуулийн хяналтад орно, Үндсэн хуулийн бус гэж үзнэ гэдэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг хийе гэж байгаа бол хамаа алга. Санал нэг байна.

Үндсэн хуулиа ердийн хуулиар хамгаалаад сууж байдаг ч гэж юу байх вэ. Үндсэн хуулийг журмын хуулиар хамгаалж чадахгүй. Үндсэн хуулийг Үндсэн хуулиар өөрөөр нь л хамгаална. Тийм учраас ердийн хуулийн зарим нэг зохицуулалтаа Үндсэн хуулийн зохицуулалт болгож аваад, ямар ч эрх баригчид хэдий олонх болсон ч, бүх эрх мэдлийг толгой дээрээ овоолж авсан ч, Монголын ард түмэн тэднийг алга ташаад дэмжиж байсан ч Үндсэн хуулийн энэ хэсэгт өөрчлөлт хийхгүй гэж ойлгох ёстой.

Гэхдээ энэ нөхөд энэ тухай огт ярихгүй байгаа. Зөвхөн давхар дээлээ буцааж өмсөх тухай, давхар дээлээ өмсөхийн тулд Үндсэн хууль Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг тэнэг шийдвэрийг Цэцээр гаргуулах гэж оролдож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний үр дүн гараагүй байхад дахин өөрчлөлт ярих нь зохисгүй гэсэн байр суурийг хуульчид хэлж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл буруу болсон. Тэгэхээр түүнийг ил тод хэлэхээс өөр аргагүй. Буруу байгаа зүйлийг засахаас өөр аргагүй. Үүний нэг жишээ бол улс төрийн намын босго сонгогчдын нэг хувь гэсэн нь бараг 30 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан намыг улс төрийн нам гэж үзнэ гэж Үндсэн хууль дээр бичлээ. Энэ чинь иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг маш бүдүүлгээр хязгаарлаж байгаа явдал. Дэлхий нийтээрээ гишүүнчлэлгүй намын тухай ярьж байхад Монгол Улс буцаад яг социализмын үеийн, үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй гишүүнчлэлд дулдуйдсан, тэд нараа төсвийн мөнгөөр авлигадаж, сонгуулийг сонгуульчлагдсан дарангуйлал болгож байдаг намын бүтцийг Үндсэн хуулинд биччихлээ. Тэгээд ичсэндээ 2028 оноос үйлчилнэ гэж бичиж байгаа. Энэ алдааг засах ёстой. Энэ бол ил тод алдаа.

Үндсэн хуулийн 6.2 дээр төрийн нийтийн өмч гэдэг үг байна. Нэр томъёоны маш бүдүүлэг, болхи алдаа болсон. Түүнээс гадна маргасаар байгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж чадаагүй асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо.

Алдаа нь тодорхой байгаа зүйлүүдийг засъя гэж байгаа бол болно. Үүнийг цаг нь болоогүй гэж хойшоо тавих нь мунхаг бөгөөд тэнэг үйлдэл. Гол нь ил тод яриад, юу хийх гэж байгаагаа үндэслэл, судалгаатай хэлэлцүүлэг өрнүүлж хийх ёстой болохоос биш далдуур хэдэн хүний тохироон дээр Цэц гэх мэт механизмуудыг Үндсэн хуулийн эсрэг ашиглах байдлаар хийж болохгүй.

-Цэцэд гомдол гаргасан гишүүд бол ХҮН-ын Т.Доржханд болон танай намын Ш.Адьшаа нарын гишүүд байгаа. Тэд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө явж байна гэж өөрийгөө зөвтгөж байгаа. Энэ үндэслэлтай тайлбар болж чадах уу?

-ХҮН-ын гишүүний хувьд хэлэх үг алга. Хүний хүн бол хүний л байх.

Харин АН-ын хоёроос бол ичиж байна. 1992 оны Үндсэн хууль, хүний эрх, ардчиллын суурийг эрх баригчдын даалгавраар нураалцаж байгаа харх болж байгаад нь гутаж байгаа.

Яагаад гэвэл энэ өөрөө ил цагаан авлига. Маш олон хүн хардаж байна. Ямар мөнгөн дүнтэй, ямар бизнес дээр, улс төрийн ямар тохироо хийсэн болохоороо эрх баригч МАН-ын багталцахгүй, эрх мэдлээ булаалдаж байгаа тэр шуналыг нь гүйцэлдүүлж яваа юм бэ гэж.

Ш.Адьшаа гэдэг хүнийг эртнээс мэднэ. Өдрийн сонины сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайг “Гаалиас төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийх нь төлөө шүүхдэж, 100.000 төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй өөрөө авлигын хэргээр баривчлагдаж шалгуулаад Өршөөлийн хуулиар суллагдсан нөхөр. Г.Дашрэнцэн гуай шүүх дээр очоод ёгтлоод хэлж байсан удаатай. “Гаалиас төрсөн тэрбумтан авлигын хэргээрээ явчихлаа. Шүүхээс гүтгэсэн гэдэг шийдвэртэй би 100.000 төгрөгөө хаана тушаах вэ” гэж байсан. Монгол Улсын түүхэнд авлига авсан, өгсөн гэж хоёулангаар нь хэрэг үүсгэгдэж, хоёулаа Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болж байсан ганц тохиолдлын эзэн энэ хүн байдаг.

Ийм авлигач АН-ын нэрээр орж ирчихээд эрх баригчдаас дахиад авлигын үнэртэй захиалга авч, ардчилсан Үндсэн хуулийг мэрэлцэж хулгайлах гээд Цэц рүү гүйж байгаад ой гутаж байна. Ийм гутамшигтай эрх баригчдын тоглоомон дотор дахиад нэг шинэ гишүүн, залуу улстөрч сүүдэрт нь гүйж яваад харамсаж байна. “Би Ерөнхий сайдын эрх мэдлийг хүчтэй болгохын тулд явж байна” гэж байна лээ. Эрх мэдэл нь хангалттай хүчтэй байгаа МАН-ын даргын эрх мэдэлд санаа зовж, даргад албан тушаал овоолох гэж гүйхийн оронд гудамжинд байгаа иргэдийнхээ эрхийг нэмэх гэж, аюулгүй байдлыг нь баталгаажуулах гэж, айдас хүйдсийг нь багасгах гэж хууль санаачилж явах нь залуу хууль тогтоогчид уг нь хэрэгтэй юм даа.