Categories
мэдээ нийгэм

Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа.

Түүнийг уншигчид “Сорхугтани” романы зохиолч гэдгээр нь сайн мэдэх билээ.

Тэрбээр 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБДС-ийн утга зохиолын ажилтны ангийг төгсжээ. Монгол телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байгаад 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2614 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2614 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн “Ковид-19” цар тахлын 1498 нь Улаанбаатарт, 1116 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 233 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 11 084 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 932 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 107 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59 312 болж нэмэгджээ.

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2031 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ

“Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар болжээ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа.

Тэрбээр салбартаа 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд олон уран бүтээл туурвисан Монголын рок поп урлагийн салбарын цөөхөн ая зохиогч эмэгтэйн төлөөлөл юм.

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн баяраар 3 хоног амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын эс бол амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад буй.

Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байна. Иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрахыг эх сурвалж тодотголоо.

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны Лхагва гарагт тохионо.

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж буй. Энэ жил төрийн золголт хийхгүйг мэдэгдээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхэд НДС-ийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар,

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Тэтгэвэр нэмэгдүүлэхэд манлайлал үзүүлж чадаагүй УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай сүүлийн үед улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.


Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахаар өчигдөр зарласан байна. Тэтгэврийг нэмэх талаар хэлэлцэх гэж байгаа юмуу?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеэ мэдэрч Тэтгэврийг яаралтай нэмэх асуудлыг санаачлан Засгийн газарт чиглэл өгсөн. Тиймээс энэ асуудлаар УИХ хэлэлцэх гэж байгаа юм байна. Сар шинийн баярын өмнө хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа ахмадуудынхаа тэтгэврийн асуудлыг яаралтай нэмэгдүүлэхээр УИХ-д өргөн барьсанд баяртай байна. Харин энэ асуудлыг төсөв батлах үеэр шийдэж чадаагүй УИХ-ын гишүүдээс ичиж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний өмнө тулгамдаж байгаа ноцтой хүнд асуудлыг хамгийн түрүүнд барьж авч шийдэх үүрэгтэй хүмүүс юм. Гэтэл сөрөг хүчин энэ талаар олон удаа хэлж байсан. Б.Пүрэвдорж гишүүн чуулганы танхимаас олон ч удаа ярьж сануулж байсан хэдий ч тэтгэврийн сан даахгүй, дараа нь нэг мөсөн хэлэлцэнэ гэх мэт шальдар булдар шалтгаануудыг тоочин цаг их алдсан. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар яаран сандран биш, өөрсдөө манлайлал үзүүлэн УИХ-ын ээлжит чуулганаар төсөв батлах үеэр шийдэх ёстой байсан. Хэн нэгний шийдвэрээр биш өөрсдийн толгойтой, байр суурьтай, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин хүсэлтэй байх ёстой.

-Та УИХ-ын гишүүд бэлэг сэлт тараадаг биш бодлого ярьдаг, түүнийгээ танилцуулдаг байх асуудлын талаар хөндсөөр байгаа ч дорвитой өөрчлөлт орохгүй байсаар өдийг хүрлээ. Сүүлийн жилүүдэд бүр л эрчимжиж гишүүд тойргийнхоо иргэдэд бэлэн мөнгө, бэлэг дурсгал, эд зүйл тараах нь хэвийн үзэгдэл мэт болчихлоо?

– Миний бие болон УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын нэр бүхий гишүүд нийлж сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн бодлогоо түгээх ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй. Энэ асуудлыг хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой төвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм.

Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Энэ асуудлын талаар иргэд сонгогчид маш их шүүмжилж байна. Бид иргэдийн шүүмжлэлтэй хандаж байгаа асуудлыг сонсоод өнгөрөх биш, хэрхэн шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын гишүүд бол хууль тогтоох дээд байгууллагын нэг эд эс. Тиймээс энэ гажуудсан тогтолцоог засч залруулах ёстой. Иймээс сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, өргөн барих гэж байна.

-Сонгуулийн систем, тогтолцоо буруу байгаа учраас ийм үзэгдэлгазар авч байна гэж үзэж байгаа хэрэг үү?

Одоо манай улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн жижиг можаритор систем бол яах аргагүй УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогтоо л анхаарч ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Бусад улс орнууд энэ байдлыг хэрхэн давж туулсан бэ гэхээр Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж холимог пропорционал системтэй болсон байдаг. Пропорционал системээр сонгогдсон гишүүд тойргийн асуудлаа урьтал болгохоос илүүтэй улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг том зургаар нь харж, түүнийг шийдэхийн төлөө хичээж ажилладаг. Улстөрчдийг бэлэг тараагаад эхлэхээр дараагийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэдгийг иргэд таамагладаг болсон. Иргэдийн саналыг эд зүйл, мөнгө төгрөгөөр худалдаж авах биш улс орныг хөгжүүлэх бодлогын шийдлээр авдаг болмоор байна. Үүний тулд улс төрийн намууд хөгжсөн, төлөвшсөн, институцлагдсан байх ёстой. Тэгэхээр бид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа нэн тэргүүнд өөрчлөх ёстой.

Тухайлбал шат шатны сонгуулиар нэр дэвшигч бүр тус тусдаа маш олон самбарууд байрлуулчихдаг. Асар өндөр зарлагатай самбар байршуулж, сонин сэтгүүл тараадаг байдлыг иргэд мөн л их шүүмжилдэг. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд сонгуулийн хуулийг боловсронгуй болгох ёстой. Тиймээс Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бусад улс төрийн намынхан, УИХ-ын гишүүдийг нэгдэхийг уриалж байна.

-Одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн хуулинд иргэд сонгогчдод ямар нэгэн байдлаар эд зүйл, бэлэн мөнгө, бэлэг сэлт тараахыг хориглосон заалт байдаг биз дээ?

-УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн сонгуульт албан тушаалтан сургуулийн жил эхэлсэн өдрөөс буюу нэгдүгээр сарын 01-ээс ямар нэгэн эд зүйл, бэлэг сэлт тараахыг хориглодог. Тиймээс энэ жил сонгуулийн жил биш учраас цагаан сарын баярыг далимдуулж УИХ-ын гишүүд ахмадуудад бэлэг, эд зүйл тараагаад байгаа юм. Тэгэхээр дээр дурьдсан сонгуулийн жил гэдгийг сонгогдсоноосоо хойш хэмээн өөрчилж хуульд тусгавал ийм байдал дахин давтагдахгүй. Мөн шат шатны сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа нэр дэвшигч ч мөн адил эд зүйл, бэлэг сэлт иргэдэд тараахыг хориглочихвол сонгогчдын саналыг худалдаж авдаг энэ байдал арилах боломжтой.

-Нөгөөтэйгүүр сонгогчиддоо тарааж байгаа эд зүйл, бэлэн мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байна вэ гэдгийг иргэд нэлээд сонирхдог. Аргагүй л дээ. Тэр гаргасан мөнгөө эргүүлээд ямар нэгэн байдлаар улсын төсвөөс нөхдөг гэдэг хардлага нийгэмд байдагтай холбоотой байх?

Бид нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Иргэд, сонгогчдод ямар нэгэн байдлаар бэлэг тарааж байгаа мөнгөний эх үүсвэр УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын хувийн халааснаас гарсан байсан ч хэн нэгний хувийн мөнгө биш Монгол Улсын мөнгө. Тиймээс Монгол Улсын мөнгө үр ашигтай л зарцуулагдаж байх ёстой. Бидний гол санаа зовох асуудал мөнгө хаанаас олж тойргийнхоо сонгогчдод бэлэг сэлт, боов боорцог тараах вэ биш шүү дээ.Улс орныхоо хөгжил, нийгэм эдийн засаг, дэлхийд юугаараа үнэлэгдэх, хэрхэн хууль эрх зүйн орчноо сайжруулах вэ гэх мэт асуудлуудаа голчлох ёстой. Ахмадууд маань тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна. Хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улсын хувьд эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл хүнс тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх иргэдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг зарим гишүүд хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Тиймээс энэ байдлыг зайлшгүй засах, өөрчлөх ёстой.

-Та өмнө нь дүүргийнхээ болоод тойргийнхоо иргэд сонгогчдод гарын бэлэг гардуулж байсан санагдаж байна. Тэгэхээр одоо цаашид ийм тогтолцоогоор явж болохгүй гэдэгтэй санал нийлж, шүгэл үлээж байна гэж ойлгож болох уу?

-Таны хэлж байгаатай санал нийлж байна. Өмнө нь би дүүргийнхээ болоод тойргийнхоо сонгогчдод баяр ёслолын үеэр гарын бэлэг гардуулах тохиолдол байсан. Дээр дурьдсанчилан хууль эрх зүйн орчин нь байгаа болохоор иргэддээ гарын бэлэг гардуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Бусад тойргийн гишүүд сонгогчдод гарын бэлэг тараагаад эхэлмэгц харьцуулдаг. Адилхан хүлээлт бий болгодог зэрэг зүйл байхыг үгүйсгэхгүй. Тэр ч утгаараа өгдөг л байсан. Гэхдээ энэ бол нэг удаагийн л зүйл гэдгийг иргэд маань ч ойлгодог болсон. Тэгэхээр хуулиндаа заалт оруулаад, хориглоод өгчихвөл бий болоод байгаа гажуудлыг арилгачихаж байгаа юм.

Одоо гэхдээ иргэдийн сэтгэлзүй, үзэл бодол шал өөр болсон. Улс орны хөгжил, хийж бүтээсэн зүйл, бодлого шийдвэр л нэхэхээс эд зүйл, бэлэг сэлт хүсдэг үе өнгөрсөн.

Харин одоо хууль эрх зүйн орчинд нь хориглолт хийчихвэл сонгогдсон УИХ-ын гишүүд, сонгогдох гэж байгаа нэр дэвшигчид, иргэд ч гарын бэлэгний талаар дурсахаа больчихно шүү дээ.

-Яахав таны хэлж буйгаар сонгогчид бэлгэнд хууртахаа байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ авахаас татгалздаг хүн ховор л байх. Нэг хэсэг нь тийм байж болох ч бэлэг сэлт, мөнгө төгрөг хүлээх иргэд бол байгаа. Энэ бол сонгогчдын боловсролтой холбоотой асуудал гэж бодож байна. Санал нийлэх үү?

-Сүүлийн жилүүдэд сонгогчдын боловсрол харьцангуй дээшилсэн гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Гагцхүү илүү дээшлүүлэх тал дээр улстөрчид бид манлайлж ажиллах ёстой. Эсрэгээрээ боловсрол дутмагаасаа болоод иргэдийнхээ араас чирэгдээд явж байгаа хүмүүс ч байна.

Иргэд УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хийж,цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, ажилтай орлоготой байхад чиглэсэн бодлого боловсруулаач гэж шаарддаг болсон байна. Энэ чинь өөрөө сонгогчдын боловсрол дээрдсэн байгааг харуулж байгаа нэг шалгуур.Үүнийг улстөрчид анзаарахгүй байна. Нөгөө л бэлэг сэлт, нэг удаагийг хувь хишгээр аргацаах гээд байна.Зөвхөн маргааш сонгууль болоход нэг санал ч болов хэрэгтэй гэдэг үүднээс хандаж байна.Ийм аминч байж болохгүй. Иргэдийн тэсвэр тэвчээр алдагдаж байна. Тэтгэврийн ахмадууд 300-350 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах ямар ч боломжгүй болчихлоо. Амьдрах нь бүү хэл амь зогоох ч боломжгүй болчихлоо. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа инфляцийн хэмжээ төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж байна. Цар тахал гарахаас өмнө иргэд ажилтай, орлоготой байсан бол одоо бизнес эрхлэгч иргэд, ААН-үүд шил шилээ дараад үүд хаалгаа барьчихлаа. Үндсэндээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал уналтад орчихсон байхад УИХ-ын гишүүд энэ байдлаас хэрхэн гарах талаарх бодлогоо иргэдэд тайлбарлаж, таниулах байтал хэдхэн хоног идэх гурил будаа, боов боорцог тарааж байгаад иргэд бухимдаад байгаа юм.

-Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудлаар байр сууриа илэрхийлээ. Үүний дараахан тэтгэвэр нэмэгдэх талаар яригдаж эхэллээ. Сөрөг хүчний ажлаа дажгүй гүйцэтгэлээ гэж харж байна?

– Манай намынхан тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, 2017 онд тэтгэврийн хэмжээг таван жилийн дунджаар тооцон тогтоодог байсан бол, 2018 онд долоон жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тооцдог болсон асуудалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүн манлайлан энэ асуудлыг өөрчлөхөөр 6 гишүүнтэй нэгдэн хуулийн төсөл санаачилсан. Харамсалтай нь янз бүрийн шалтаг хэлж энэ асуудлыг хойшлуулаад байна. Нөгөө талаас бид иргэдийнхээ тэтгэврийг нэмэх асуудалд харамч, хойрго хандах нь буруу үзэгдэл. Тухайлбал, гадаадын зарим оронд ажил хөдөлмөр эрхэлж байгаа гурван иргэнд тэтгэвэр авагч хоёр иргэн оногддог. Тэгвэл манайд ажил хөдөлмөр эрхэлж байгаа 10 иргэнд, гурван тэтгэвэр авагч ахмад настан ногдож байна. Ийм байтал тэтгэврээ тавьж чадахааргүй хэмжээнд хүрчихсэн байна гэдэг бол менежмент буруу байгаагийн шинж. Нийгмийн даатгалын мөнгийг банканд байршуулаад алдчихдаг. Түүнийгээ эргүүлэн авч чаддаггүй гэх мэт асуудлууд байна. Мөн долоон жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тооцдог болсон нь эмэгтэйчүүд хамгийн их хохирч байна. Учир нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг. Долоон жил тасралтгүй НДШ төлж, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс. Өөрөөр хэлбэл, ажлын байр нь тогтвортой бус байдаг шүү дээ. Мөн тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар өргөн барьсан. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг индексжүүлж нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл байгаа.

-2022 оны төсвийн тодотгол хэл ам дагуулж байна. Тэр тусмаа хөшөө дурсгалд өндөр дүн бүхий төсөв тавигдсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны бодлыг сонсоё?

-Хямралын үед улс орнууд эдийн засаг, төсөвтөө тэлэлтийн бодлого явуулдаг. Ялангуяа ирээдүйд хөрөнгө, мөнгө олох дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг. Заримыг нь төсвийн хөрөнгөөр хийдэг бол, заримыг нь олон улсын байгууллагуудтай хамтарч хөрөнгө босгох замаар хийдэг. Хэдхэн жилийн дотор улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах хөрөнгө оруулалтад зарцуулах нь зүйтэй. Гэхдээ төсөв тэлэх нэрээр эдийн засагт үр нөлөө авч ирэхгүй хөшөө дурсгал барих ажилд мөнгө зарцуулах асуудал дээр АН-ын бүлгийн гишүүд бид эсрэг байр суурьтай байдаг. АН-ын бүлгээс тэтгэврийг нэмэх, эрүүл мэндийн салбарын цалин хөлсийг нэмэх нь зүйтэй гэж байнга шаардсаар ирсэн.

Ярилцсанд баярлалаа

Categories
мэдээ нийгэм

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг шалгаруулна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд зарим асуудлын хүрээнд санал солилцлоо.

Комиссын зүгээс энэ онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд боловсрол, нийгмийн асуудалд түлхүү анхаарч хяналт, шалгалтын ажил хийхээр төлөвлөж байгааг онцлохын зэрэгцээ уг хуулийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудал, зөрчлүүдийн талаар ярилцав.

Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар бүлэг болгон тусгаж хэвшүүлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эсрэг нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаад мониторинг үнэлгээ хийх, жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, төрийн захиргааны байгууллагуудын дунд улсын хэмжээнд шалгаруулах, жендэрийн хэвшмэл ойлголтуудад тайлбар анализ хийж, сард нэг удаа контент бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зүгшрүүлэлтийн тээврийг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК-иудад ажиллаж, тухайн компаниудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өгчээ.

Эхлээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан “Утсан харилцаагаар галт тэрэг аялуулах төлөвлөгөөний биелэлт, баруун, зүүн босоо төмөр замын төсөл”-ийн талаар танилцуулав.

Тэрбээр “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй субьект. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн удирдагч, захиалагчаар ажиллаж, харьцангуй хямд өртгөөр барьж гуравдугаар сарын 15-наас зүгшрүүлэлтийн тээврийг эхлүүлэх гэж байна. Цаашлаад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан” гэв.

Сайд Л.ХалтарТавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэгдүгээр сард ЗТХЯ-наас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулъя. Түүнчлэн зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг мөн оны гуравдугаар сард эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай уулзалт зохион байгуулж, саналаа танилцуулна.

Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийг холбогдох албаныхантай хамтран 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгоё” гэлээ.

Үүний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Тус компани одоогийн байдлаар

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын цогцолбор төсөл,
  • Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам,
  • Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Сайд Л.Халтар, 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Түүнээс өмнө тээврийн тариф, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлээр төмөр замын салбарын зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллан төлөвлөгөөгөө, хоёрдугаар сард багтаан яаманд танилцуулна. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган мөн оны тавдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоны дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2022 оны есдүгээр сард бүрэн дуусахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлд “Улаанбаатар төмөр зам” ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах шаардлагатай талаар чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Сав газрын болон хамгаалалтын захиргаа ойн ангиудад автомашин гардуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сав газрын болон хамгаалалтын захиргаад, ойн ангиудад авто машин гардуулав.

Сав газрын хийгээд хамгаалалтын захиргаад, ойн ангиудад ажиллаж буй албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөс гадна туулах чадвар сайтай автомашин хэрэгцээтэй байдаг. Иймд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр, ОХУ-д үйлдвэрлэсэн, Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн 19 ширхэг авто машиныг ийнхүү хүлээлгэн өгчээ.

Мөн аймгуудын БОАЖ-ын ойн алба, ойн анги, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад 16 ширхэг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай УАЗ-Фермер маркийн авто машиныг өглөө. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож байгаа аж.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Цаашид БОАЖЯ, ОББҮХ, ОБЗГ-аас холбогдох захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангахад анхаарна” гэдгийг онцолжээ.

БОАЖЯ-нд харьяалагддаг Сав газрын захиргаад нь тухайн нутаг дахь сав газарт усны нөөцийн хомсдол, бохирдолоос хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах, усны тоо бүртгэлийг жил бүр хийх, ус ашиглалтын байдлыг хянах үүрэгтэй. Мөн гол мөрөн, нуур усны эх үүсвэр, газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах, ус ашиглах, хаягдал усны дүгнэлт гаргах, гэрээ байгуулж зөвшөөрөл олгох, гэрээний биелэлтийг хянах зэрэг хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.