Categories
гадаад мэдээ

Хондурас Улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Хондурас Улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Шиомара Кастро Хондурас Улсын Ерөнхийлөгчөөр тангараг өргөснөөр тус улс анх удаа эмэгтэй удирдагчтай боллоо.

Өдгөө 62 настай тэрээр тангараг өргөх ёслолын үеэр “эвдэрсэн” улсдаа хар тамхины наймааны бүлэглэлүүдтэй тэмцэж, үр хөндөлтийг хуульчлахаа амласан.

Түүний нөхөр Мануэл Зелаяа нь 2006-2009 оны үед Хондурас улсыг удирдаж байсан ч төрийн эргэлтийн улмаас огцорч байв.

Кастро удирдагч болсноор авлига, ёс бус үйлдлийн шуугиан дэгдээж шүүмжлүүлж байсан “Үндэсний нам”-ын 12 жилийн ноёрхол төгсөж байна.

Нийслэл Тегусигальпа хотод болсон ёслолын ажиллагаанд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Тайванийн Дэд Ерөнхийлөгч Уильям Лай нар байлцсан.

Categories
мэдээ нийгэм

​Л.Оюун-Эрдэнэ: 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмнэ

Мэдээ.МН

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж өчигдөр гарсан.

Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл өгсний дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголд ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц, арга хэмжээг тусгалаа. Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардлагатай 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт. Үүнийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэ шийдвэрийг иргэд хүндэтгэн хүлээн авна гэж итгэж байна.

Categories
мэдээ нийгэм

​Даргынхаа аминд хүрсэн цэргүүдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг судалжээ

Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг даргынхаа аминд хүрээд, галт зэвсэг, байлдааны сумтай зугтсан хэрэг болж байсан билээ.

Тэгвэл тус хэргийг Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2022.01.27/ хэлэлцсэн байна.

Хэргийг үйлдсэн гэх байлдагч Х-д 11 жил хорих, байлдагч М-д зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял тус тусөнгөрөгч оны арваннэгдүгээр сард сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноож байсан ч “байлдагч Х-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний амь бүрэлгэхэд оролцсон М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Зураг төсөвгүй 123 төслийн 260 тэрбум төгрөгийг танаж, тэтгэвэр нэмэхэд зарцуулна

УИХ ээлжит бусаар чуулж, 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

Тэтгэврийн зээлийн доод хэмжээг 500,000 төгрөг хүртэл нэмэх талаар хэлэлцэж байгаа юм. Үүнд шаардлагатай эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн талаарх гишүүдийн асуултад Сангийн сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар хариулав.

Сангийн сайд Б.Жавхлан:

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт 637 тэрбум төгрөгийн зохицуулалт хийх шаардлага үүсэж байгаа. Энэ мөнгийг

  • НДС-ийн давсан орлого болох 326 тэрбум
  • Зураг төсөлгүй 123 төслийг цуцалж, 260 тэрбум
  • Төсвийн урсгал зардлаас 50 тэрбум
  • Гадаадын зээл тусламжаас 30 тэрбум төгрөгийг тус тус зохицуулж, тэтгэврийг нэмэхээр төлөвлөлөө гэв.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

2021 онд НДС-аас давсан орлого 326 тэрбум төгрөг болсон шалтгаан нь төсвийн орлого төлөвлөхдөө НД-ын шимтгэлийг 1 хувиар нэмэх байснаа больсон тул болгоомжтой хандсан.

Нөгөө талаар, Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн үр дүнд ажил олгогч 3,321-ээр нэмэгдсэн бол албан журмын даатгал төлөгч ажил эрхлэгч 55,500-аар нэмэгдсэн зэрэг нь орлого давж биелэн нөхцөл болсон гэв.

Categories
мэдээ нийгэм

Европын Холбоо “Pfizer”-ын эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ

Европын Холбоо /ЕХ/ “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг “паксловид” эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн талаар тус холбооны эмийн хяналтын байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.

Европын Эмийн агентлагийн /EMA/ эмийн асуудал хариуцсан хороо АНУ-ын “Pfizer” эмийн компанид гарган авсан вирусний эсрэг эмийг зах зээлд нөхцөлтэйгээр нэвтрүүлэхийг зөвлөсөн гэж тус агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.

Ингэснээр “паксловид” нь ЕХ-нд “COVID-19”-ийг эмчлэх зориулалтаар ашиглах анхны дотуур ууж хэрэглэдэг эм болж байна. Урьд нь АНУ, Их Британид энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Эмийн асуудал хариуцсан хороо “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх магадлалтай дор хаяж нэг эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг илэрхий бууруулж буйг тогтоосон эмийн судалгаанд нарийвчилсан үнэлгээ хийсний дараа дээрх зөвшөөрлийг олгожээ.

Эмийн агентлагийн мэдээлснээр, “паксловид” ууснаас сарын дараах байдлаар өвчтөнүүдийн 0.8 хувь нь /1039 өвчтөнөөс найм нь/ 24 цагаас урт хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол плацебо уусан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 6.3 хувьтай /1046 өвчтөнөөс 66 нь/ байжээ. Мөн эм уусан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол нөгөө бүлгийн есөн хүн нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрөл садны холбоотой гурван иргэн нийлж, Вьетнам улсын иргэнийг дээрэмджээ

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй | News.MN

БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн уулын орчимд Вьетнам улсын иргэн Х.Г-г Монгол Улсын гурван иргэн болох Ч,А,Б гэх төрөл садны холбоотой этгээдүүд хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг гарсан гарчээ.

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад “2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Вьетнам улсын иргэн Х.Г нь манай улсад авто засварын газрын үйл ажиллагаа эрхэлдэг байсан гурван иргэн дээрэмдсэн хэрэг гарсан. Хэрэг нь прокурорт шилжсэн бөгөөд, шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан гэх бөгөөд толгойд нь хар уут углан хутга тулгаж дээрэмдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Жаргалант сумын 210000 толгой малд хийх вакциныг сар шинээс өмнө хүргэнэ

Шүлхийн 2.5 сая тун вакциныг энэ сарын 25-27-нд хүлээн авахаар болжээ

Жаргалант сумын бүх багт шүлхий өвчин тархаад байна. Сумын ЗДТГ, сумын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа ч вакцин олдохгүйгээс тархалт нэмэгдсээр байна.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчлан сэргийлэх вакцин аймаг, улсад тасарснаар байдлыг хүндрүүлж байгаа энэ үед Жаргалант сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр нутгийн малчин олондоо вакцин хүргүүлэх арга хэмжээг авчээ.

Нутгийн зөвлөлийн орлогч дарга, Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” ТӨААТҮГ-ын дэд захирал Д.Базар хариуцан сумын 210000 толгой малд хийх вакциныг сар шинээс өмнө биечлэн хүргэж өгөхөөр болжээ.

Сум орон нутгаа гэсэн сэтгэлт Нутгийн зөвлөлийнхөн бодит туслалцааг ийнхүү үзүүлж, нутгийн түмэндээ ээлтэй ажиллаж байна хэмээн Архангай медиа группын Жаргалант сум дахь сурвалжлагч М.Баярмагнай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Коби болон Жианна Брайант нарын дурсгалд зориулж хөшөө босгожээ

Коби болон Жианна Брайант нарын дурсгалд зориулж хөшөө босгожээ

Америкийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Коби Брайант болон түүний охин Жианна нар одоогоос хоёр жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор нас барсан. Тэгвэл тэдний гэгээн дурсгалд зориулж хөшөө босгосон байна.

Аав охин хоёрыг сагсан бөмбөгийн өмсгөлтэйгөөр дүрсэлсэн энэхүү дурсгалын хөшөөг осол болсон Калифорни мужийн Калабасас хотоос 48 км зайд орших уулын бэлд босгожээ. Хөшөөг бүтээсэн уран барималч Дэн Медина “Энд ирэхэд сэтгэл өөрийн эрхгүй өвддөг. Кобигийн дэмжигчид энд цэцгийн баглаа, сагсан бөмбөгийн өмсгөл, малгай зэргээ үлдээдэг. Гэхдээ үүрд мөнх орших зүйл хэрэгтэй байсан учраас энэ хөшөөг босгосон юм” гэжээ.

Мөн Коби Брайантын “Heroes come and go but legends are forever” буюу “Баатрууд ирээд буцдаг ч домгууд мөнхөд оршдог” гэх эшлэлийг сийлсэн байна.

Дэн Медина одоогоор хөшөөг албан ёсоор байршуулах зөвшөөрлийг албаны хүмүүсээс авахаах ажиллаж байгаа бөгөөд илүү том хэмжээтэй хувилбарыг нь Лос Анжелес хотод босгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Митакэүми албан ёсоор озэки цол хүртэв

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн “Дэваноүми” дэвжээний бөх, Митакэүми албан ёсоор озэки цол хүртжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн озэки хэн бэ гэж асуувал түүнийг хэлнэ.

Гурван удаа Эзэн хааны цомыг гардсан нь озэки цолтнуудаас зөвхөн Кайо л (5 удаа түрүүлсэн) түүний өмнө бичигддэг. Өдгөө 29 настай түүний амжилт бидний танил озэки Конишики, Чиётайкай, Точиазүма нарын амжилттай зэрэгцэж байгаа юм.

Тоё их сургуулийг төгссөн түүнийг дараагийн ёкозүна болох үгүй нь ярианы сэдэв болж байна. Касүгано ояката, Онарүто ояката, сүмогийн бусад олон гишүүд түүнийг озэки цол хүртсэнийхээ дараа ярилцлага өгөхдөө Наганогийн уугуул бөхийг цолоо ахиулж, сүмогийн дээд зиндаанд хүрнэ гэсэн итгэл найдвар, хүлээлгэж байгаа талаар ярьжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар хөхүүр урлаач Д.Гүндэгмаа шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарлаа.

Шагналыг Соёлын сайд Ч.Номин гардуулж, талархал илэрхийллээ.

Соёлын сайд Ч.Номин “Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, зан заншил, шүтлэг бишрэл, байгаль хүн хоорондын харилцаа, уламжлалт идээ ундааны соёлын тод илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө, аав, ээжээс язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дашзэвэгийн Гүндэгмаа танд талархал дэвшүүлье.

2021 онд шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлсэн 19 өвлөн уламжлагчийн дундаас Хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулж буй таны хөдөлмөр, зүтгэл шалгарч, Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар шаргарлаа.

ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг залуу хойч үед уламжлалт хэв шинжээр нь өвлүүлэн уламжлуулж, өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд таны үүрэг, оролцоо үнэлж баршгүй их юм.

Дашзэвэгийн Гүндэгмаа танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Соёлын биет бус өвийн 2021 оны “Шилдэг өвлөн уламжлагч” хүндэт өргөмжлөлийг гардуулж, өндрөөс өндөр амжилтыг хүсэхийн зэрэгцээ эрүүл, энх урт удаан наслан, үр хойч бидэндээ үнэт өвийн их сангаа өвлүүлэн уламжлуулж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Д.Гүндэгмаа нь 1957 онд төрсөн, 65 настай. Монголын ард түмний уламжлалт идээ ундаа, арьс ширэн урлалын илэрхийлэл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө Ж.Цэвэгдоржоос сурч, эдүгээ 49 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Гүндэгмаа нь хонины ноосоор эсгий боловсруулж төрөл бүрийн эсгийг гар аргаар ширж урлах, ямааны арьсаар дах дэгтий хийх, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр урлах, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айрагны амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, 2008 онд “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр тодорсон өвлөн уламжлагч юм.

Д.Гүндэгмаа нь бага балчир наснаас мал маллах арга ухааныг сурч, эзэмшсэн бөгөөд түүнийг Өвөрхангай аймгийн “Залуу аварга малчин” (1981), Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны “Тэргүүний малчин залуу” (1981) алтан медаль, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Аварга малчин” (1981-1983), “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2011), “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2014), “Алтан гадас” одон (2014) “Сайн малчин”, “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Мянгат малчин” (2017), “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Сайн малчин” (2018), “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын “Шилдэг оролцогч”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” (2018), “Өвөрхангай аймгийн Шилдэг өвлөн уламжлагч” цол (2019), Өвөрхангай аймгийн “Аварга малчин” (2020), “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” (2021)-оор тус тус шагнагдсан.

Өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Ташрамд дурдахад, тус журмын дагуу 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.