Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


2022 оны 01 сарын 02-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Нэмэлт тунгийн хамрагдалт 42.2 хувьтай байна

Энэ сарын 1-нд нийслэлийн хэмжээнд II тунд 2, нэмэлт сэргээх тунд 48, нийт 50 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2988 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.311 (76.9 хувь), 16-17 насны 26.924 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Даланзадгад-Баяндалай чиглэлийн орон нутгийн замд өчигдөр 17.35 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр автомашин замаас гарчээ.

Мөн Өмнөговь аймаг, Ханбогд сумын “Хөндий зараа” гэдэг газар “Дэмчог”-ийн хийдээс Ханбогд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /4 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлага өчигдөр 20:20 цагт орон нутгийн Онцгой байдлын албанд ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид ”Приус-30” загварын суудлын автомашин элсэнд суусан байсныг татан гаргасан.

Өмнөговь аймгийн Онцгой комисс амралтын өдрүүдэд аяллаар агаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой зорчиж, хурдаа тохируулан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй, аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа

ЭМЯ-наас иргэдийг чарганаас унаж гэмтэхээс сэргийлж, зөвлөмж гаргажээ. Өнгөрсөн онд чарганы гэмтлээс болж 1578 хүн бэртэж, гэмтсэн байна. Иймд зориулалтын чаргыг ашиглах, цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа.

Зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, төмөр болон модоор хийгдсэн байдаг байна.

Зөвлөмж:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр замаа чөлөөлж зогсох
  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялна гэж өөдрөгөөр харж байна

Шинэ оны босгон дээр ДЭМБын тэргүүн Тедрос Аданом Гейбресус, 2022 онд цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр, 2022 онд дэлхий нийтээрээ хамран нэгдвэл, цар тахлыг ялна гэсэн өөдрөг төсөөлөл харагдаж байна хэмээсэн байна.

БНХАУ-д коронавирусний халдвар анх тархсанаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хоёр жилийн хугацаанд цар тахлыг эмчлэх олон арга зам бий болсныг ДЭМБын тэргүүн онцлон тэмдэглэсэн юм. Коронавирусний халдварыг эмчилж болох олон төрлийн эмчилгээ бий болсон нь эерэг сайшаалтай үйл явдал мөн ч дэхий даяар вакцинжуулалтын түвшин бага байгааг дурджээ. Тиймээс энэ онд дэлхийн улсууд нэгдэж чадвал, амьдралын нэгээхэн хэсэг болсон амны хаалтаас ангижирч цар тахлыг даван туулж чадна гэж ДЭМБаас мэдээлж байна.

Үүнд: зарим улс орнууд үндсэрхэг үзлийг түр орхиж, шинжлэх ухаанд итгэх вакцинд идэвхтэй хамрагдах шаардлага үүсч байгаа бөгөөд учир нь вакцинжуулалт эхэлсэн жил гаруйн хугацаанд зарим улс оронд вакцинтай холбогдолтой ташаа мэдээллүүд гарах болсон нь олон хүний аминд хүрсэн гунигтай үйл явдал болсныг тэрээр онцолсон юм. Үүнээс гадна вакцины тэгш бус хуваарилалт өнөөг хэр нь ноёрхож байгаа нь коронавирусний халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа. Тиймээс явцуу үндсэрхэг үзэл, вакцины тэгш бус хуваарилалт нь, Омикрон хувилбар гарч ирэх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ байдал удаан үргэлжлэх тусам коронавирусний халдвар урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хөгжих болно гэжээ.

ДЭМБаас 2022 он гэхэд цар тахлын халдварыг зогсоохын тулд 7 дугаар сар гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинд хамруулна гэсэн шинэ зорилт тавьжээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусний халдварын бүртгэгдсэн тохиолдол 287 саяд хүрч, 5.5 сая орчим хүн нас барсан.

Тэгвэл 2022 оныг угтсан шинэ жилийн баяр дэлхий даяар нам гүмхэн болж, олон хүний цуглардаг томоохон баяр ёслолууд цуцлагдаад байна. Мөн Агаарын тээврийн салбарыг цар тахлын давлагаа нөмөрсөн учраас дэлхий даяар 10 гаруй мянган нислэг цуцлагдсаны тал хувь нь АНУ-д байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

КОВИД-19: Улсын хэмжээнд 5339 хүн эмчлүүлж байна

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 5,339 хүн эмчлүүлж байна. Энэ нь өнгөрсөн хоногоос 256-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тодруулбал, COVID-19-ийн улмаас өчигдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 82-оор, гэрийн эмчилгээнд шилжсэн хүний тоо 174-өөр тус тус нэмэгдсэн байна. Мөн халдвар авсан 63 хүүхэд, таван жирэмсэн эмэгтэй эмнэлэгт нэмж хэвтжээ.

Одоогоор эмчилгээнд байгаа иргэдийн 3,371 нь хөнгөн хэлбэрийн оноштой тул өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Харин 1,968 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 32.5 хувь нь хөнгөн оноштой бол 67.4 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 641
  • Хүндэвтэр оноштой – 1,117
  • Хүнд оноштой – 185
  • Маш хүнд оноштой – 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 280 нь хүүхэд бол 101 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Ням-Очир: Үүсээд буй асуудлыг эрдэмтэй лам нартайгаа дотроо ярилцаад шийдчих байх

Судлаач Г.Ням-Очиртой ярилцлаа.


-Монголын Бурханы шашин юу болоод байна вэ. Зулын гол болно гээд хоёр лам өчигдөр Д.Чойжамц хамбад бараалхаж, бичиг өргөж байх шиг байна?
-Дэлхий даяараа хижиг тахалд нэрвэгдсэн хүнд цаг хугацааг туулж байна. Монголын Бурханы шашин бол энэ жил болоод өвчин тахлыг даван туулахад үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж харж байгаа. Батцагаан дуган нээгдсэн. Олон соёлын акцууд хийлээ. Гандан хийдийн Нандин шүтээнүүд үзэсгэлэнг хэдэн мянган хүн үзсэн тухай нарийн тоо байхгүй ч музейн “дэлбэрэлт” боллоо. Гавж Д.Нямсамбуугийн лекцүүд, гавж Д.Лувсанжамцын Бодикаст, гавж С.Гантөмөрийн орчуулгууд олныг соён гэгээрүүлж байна. Хамгийн гол нь шашны шинэчлэл дотроосоо маш эрчимтэй явж байна. Гэлэнгүүд, сахил сахисан лам нар нь эрх мэдлийг гартаа авч байгаа. Ийм таатай үед ”Өөрийгөө шатаана” гэдэг экстримист мэдэгдэл олон хүнийг гайхшируулж байх шиг байна.
Эрх ямбаа булаацалдлаа гэж харж байгаа ч цаанаа бол Х Богдыг тодруулах эсэхтэй холбоотой том асуудал явж байгаа бололтой?
-Буддын шашинд эрх мэдлээ булаацалдах гэдэг зүйл байж болохгүй. Тэр зулын гол болно гээд өргөх бичиг барих гээд байгаа лам нар бол шашныхаа дотоод ертөнцөд төдийгүй гадаад ертөнцөд ч жин дарах нэр нөлөөтэй хүмүүс биш. Би түрүүн хэллээ. Монголын Бурханы шашныг гаднаас нь харвал 90-ээд он биш. 2000-аад он биш. Шал өөр стандарт лам нараас нийгэм нь хүсдэг болсон.
Нэгдүгээрт, эх монгол хэлээрээ, англи хэлээр Бурханы шашны боловсрол мэдлэг олох боломж асар өссөн. Зарим тохиолдолд сүсэгтнүүд нь лам нараасаа илүү боловсролтой болчихлоо.
Хоёрдугаарт, лам хувраг хүн сахил санваартай, соён гэгээрүүлэгч байх, ёс зүйн өндөр хэм хэмжүүртэй байх шаардлага өөрөө дотроосоо гараад ирлээ. Хэрвээ энэ үзүүлэлтээр өөрийгөө шатаая гээд байгаа лам нарыг харьцуулаад үзвэл ямар дүн гарах вэ? Гэргийтэн нь гэртээ хариад, гэлэнгүүд нь сүм хийдээ авч явах, хувийн компани шиг сүм хийд гэж байхгүй. Хуврагуудын дотоод ардчиллаар цаашид явах нь тодорхой болчихлоо. Яах аргагүй Х Богд заларч байж, энэ шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжих байх. Харамсалтай нь энэ хүмүүс Х Богдтой холбогдох, тодруулах эрх бүхий ч хүмүүс биш. Эхлээд ядаж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй.
Гаднаас манай шашныг хямраах гэж ийм юм хийгээд байгаа гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тэр бол ерөөсөө үеийн үед байсан зүйл. Манай урд хөрш Монголын шашны байдлыг ч бас анхааралтай ажигладаг. Монголд Далай ламын нөлөө идэвхжихэд асар дургүй. Яагаад энэ хүмүүс яаран сандран амралтын өдөр бичиг бариад гүйгээд, өөрийгөө шатаана энэ тэр гээд зарлаад, олон түмний анхаарлын төвд орох гэж хичээж байна вэ.
Яагаад?
-Өнгөрсөн баасан гаригт Дилова хутагт Далай ламын тухай номын нээлт хийсэн. Дилова хутагт бол Далай ламын тодруулсан монгол хутагт хувилгаадын ахмад нь. Бас Монголын асуудлыг хариуцдаг. Олон үйл явдлууд давхцаад ингэж бачимдаад байгаа нь бүх хүнд ойлгомжтой гэж бодож байна.
-Ер нь монголчууд дотроосоо Богдоо тодруулах гэхээр ийм үймээн болоод байдаг нь энэ анхных ч биш байх. Түүхэндээ Монголоосоо Богдтой болсон тохиолдол цөөн ч юм?
-2019 онд Өмнөд Монголын Улаанхад их сургуулийн доктор, профессор Бавуу ”Чин улс ба Жавзандамба хутагт” ном гаргасан. Кириллээр эрхийг нь аваад гаргасан. Тэр номд үе үеийн Богдыг тодруулах үед манай монголчууд ямар ямар авлига өгч байсан, матаас бичиж байсан баримтууд гарсан байгаа. Яг нарийндаа Өндөр гэгээнийг Чингис хааны хойт дүр гэж итгэсэн. Тийм ч учраас дараа дараагийн Богдуудыг тодруулаад үг дуугүй захирагдаад явсан. Монголчууд гайхамшигтай сүжигтэй ард түмэн. Мэдээж энэ бол зарим хүмүүсийн хувьд асар их нэр хүнд, мөнгө баялаг. Тэр утгаар нь ч бас энэ маргаанаас болж, бослого тэмцэл гаргахгүйн тулд Төвдөөс тодруулдаг байсан байх. Эхний хоёр Богд монгол шүү дээ. Өнөөдөр бол монголчууд Монгол газар монгол эцэг эхээс төрсөн Богдыг л хүлээн зөвшөөрнө. Бидний хувьд маш том боломж. Далай лам бол өмнөд монголчуудын өргөж гаргаж ирсэн лам. Богд бол халхуудын өргөсөн лам. Банчин богд бол ойрд монголчуудын өргөж гаргаж ирсэн лам. Яах аргагүй бид монгол хүнээ Х Богдоор зална.
Ингэснээр бид тусгаар тогтнолоо дахин давхар хамгаалж байгаа юм шүү дээ. Энэ тодруулах хөрс шороо нь нэгэнт бүрдчихсэн байгаа шүү.
-Та судлаач хүний хувьд шашны хүрээнд болж байгаа энэ асуудлыг юу гэж харж байна?
-Шашны дотоод ардчилал, их чуулган хуралдуулах гэдэг юмуу, энэ асуудал шаардлага тавигдаад их олон жил болж байгаа. Хэдийгээр төр, шашин тусдаа гэж хуульчилсан ч тухайн үеийн гүйцэтгэх засаглал, төрийн тэргүүнүүдийн анхаарлын гадна Бурханы шашин байгаагүй. Төр ч тодорхой хэмжээгээр оролцдог. Оролцох ч ёстой. Иймэрхүү бичиг өргөдөг хурлуудын ганц нэгт нь сууж байсны хувьд энэ үйл явдлаас ямар ч байсан Бурханы шашин хөгжиж байгаа юм байна. Бие биенээ сонсож хүлээж авч чадаж байна. Тийм айхавтар хурцдахгүй байх гэж харж байна. Энэ шаардлага тавиад, өөрийгөө шатаана гээд байгаа ламыг би огт танихгүй. Уулзаж үзээгүй. Ер нь бараг хэн ч танихгүй хүн.
-Асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй вэ??
-Ер нь шашны дотоод хууль. Сахил санваараа сахих дүлваа гээд бараг хууль шахуу зүйл байгаа. Эрдэмтэй лам нартайгаа дотроо ярилцаад шийдчих байх. Гаднаас оролцох бол шаардлагагүй байх. Тэгээд ч нас биед хүрсэн хүмүүс ямар Төвдөд байгаа биш. Арай ч зулын гол болчихгүй. Манайх бол асар их эрх чөлөөтэй ардчилсан улс шүү дээ. Амиа тэвчих үйлдэл бол хамгийн эцсийн арга. Аль аль нь тийм арга мухардсан харагдахгүй л байна.
Ер нь ингэж аливаа улсын шашин дотроо үймэлдвэл хор уршиг нь тэр ард түмэндээ л тусна шүү дээ?
-Манай түүхэнд ч хангалттай жишээ олон. Ерөөсөө ард түмэн хохирдог. Ард түмэн бол дундад зууны уулын мухарт амьдарч байгаа хүмүүс биш. Гар утастай, өндөр хурдны интернэттэй. Мэдээллийг маш хурдан хүлээж авч, задлан шинжлэх чадвартай болсон. Огт хэн нь ч танихгүй, ямар ч соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийдэггүй, сахил санвааргүй, лам мөн биш нь ч тодорхойгүй хүмүүсийн үйлдлийг дэмжээд, өөгшүүлээд байх үйлдэл гаргахгүй болов уу. Би ч бас монгол хүний саруул ухаанд итгэдэг.
-Хоёр өөр шашин мөргөлдөх нь бий. Гэтэл шашны нэг урсгал дотроо зөрөлдөөд байгаа нь ямар учиртай юм. Эсвэл урсгал, чиглэл, номлол нь өөр байна уу?
-Бурханы ном бол дөрвөлжин бурам шиг. Аль ч талаас нь хазсан адилхан л амттай. Монголд нэг урсгалын доторх зөрөлдөөн гэх юмуу, үл ойлголцол бараг байхгүй. Ер нь ч байх үндэсгүй. Харин ч эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан хангалттай эдэлж байгаа улс. Чи явлаа. Дармасала орлоо. Далай ламдаа мөргөөд ирж байна. Дараа нь Бээжин орлоо. Банчин ламдаа мөргөөд ирж л байна. Хэн ч ингэлээ гээд буруутгаж, ялгаварлан гадуурхаагүй. Зүүн хүрээнд Юн Хэ Гүний хийд сайхан суугаа Майдар босгож бүтээхэд нь дэмжээд, одоо гадуур нь сайхан дуган барьчихлаа. Ерөөсөө хувийн сүм хийд гэдэг ойлголт байхгүй. Өгсөн мөнгийг хувьдаа хэрэглээрэй. Сүм хийд чиний хувийн өмч, компани юм шүү гэж лав хэлэхгүй. Ерөөсөө лам хувраг хүн хувийн өмчтэй байх ёстой юу гэдэг асуудал байна. Сүм хийдийг сүсэгтний холбоо нь авч явдаг. Ийм жишигтэй шүү дээ. Лам хүн зөвхөн номоо л үзэх ёстой. Энэ хүмүүсийн шаардлагыг сонсоод үйлдлийг нь ажиглахад ойлгомжтой. Сөргөлдөөний учир тэр хүмүүст өөрсдөд нь байх шиг байна. Өөрчлөгдөх хэрэгтэй. Бурханы шашин бол “Өөрөө өөрийгөө л аврах эрэл хайгуул”.
Ярилцлагын төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Бугат Л.Алтангэрэл гээд маш сайн орчуулагч гарч ирлээ. “Сундуй”, “Жадамба” гээд их хөлгөн судруудыг орчуулж гаргалаа. Хятад хэлнээс орчуулдаг Д.Болдбаатарын “Мялын буман дуулал”, “Цагаан лянхуа судар” байна. “Агнистийн гэгээ” цувралын П.Бадрал байна. Ямар ч цаг үед ард түмнээ орчуулагч, хэлмэрч, лозава нар соён гэгээрүүлж, сэтгэлийг нь засч залуурдаж явдаг. Энэ хүмүүсийн номоор л Бурханы шашныг ойлгож байна. Ном бол сэтгэлийг засагч гэсэн утгатай үг гэж байгаа. Харин сэтгэлийг хямраах зүйл ном биш, хямраагч нь хувраг лам биш юм. Тэгэхээр хамаг номын үндэс болсон өөрийн сэтгэлээ засаарай гэж хэлье.
Д.ГАНСАРУУЛ
Categories
гадаад мэдээ нийгэм

Японд цас их орсны улмаас 230 гаруй нислэг цуцлагджээ

Японы хойд нутгийн Хоккайдо аралд их хэмжээний цас дахин нэг өдөр үргэлжлэн орсны улмаас бямба гарагт 230 гаруй нислэгийг цуцалжээ.

Тодруулбал, Хоккайдогийн агаарын тээврийн гол гарц болох “New Chitose” нисэх буудлын цуцлагдсан нислэгийн тоо нэг өдөрт хүлээн авч, хөөргөдөг нислэгүүдийнх нь 60 хувьтай тэнцсэн байна.

Arslan.mn

Мөн Саппоро хотыг “New Chitose” нисэх буудалтай холбодог 160 галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалсан байна. Японы баруун нутагт баасан гарагт модод булгаран унасны улмаас 25 хүн галт тэрэгний бүхээгт шөнийг өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, тодруулбал: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орно.

Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

2022 оны нэгдүгээр сарын нийлбэр температур, хур тунадасны урьдчилсан мэдээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ипотекийн зээлийн төлөлт хойшлуулахад анхаарах ёстой зүйл

Цар тахлын тухай хуулийг сунгасантай холбоотойгоор Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хагас жилээр сунгахаар болсон. Энэхүү шийдвэртэй холбоотой түгээмэл асуултын хариултыг хүргэж байна.

-Ямар зээлдэгч хамрагдах вэ?

-Энэхүү арга хэмжээнд зөвхөн Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана.

-Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ?

-Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна.

  • Харин хөтөлбөрийн хүрээнд шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулна.
  • Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкандаа цахим хэлбэр (банкны цахим хуудас, имэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банканд очин 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор хүсэлт гаргаснаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

-Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрөө төлөх үү?

-Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө. Зээлдэгч өөрийн боломжит хэлбэрээр цахимаар эсхүл өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

-Төлбөрөө өмнө нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хойшлуулсан мөн шинээр хойшлуулах хүсэлт гаргасан зээлдэгч зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар баталсан “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-аар зээлдэгчдэд цахимаар зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах боломжийг бий болгосон. Иймд хэрэв зээлдэгч цахимаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан тохиолдолд гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Харин зээлдэгч өөрийн биеэр банканд очиж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан тохиолдолд, гэрээний өөрчлөлтийг мөн адил өөрийн биеэр нотариатад очиж баталгаажуулна.

Зээлдэгч төлбөрөө хойшлуулах хүсэлт банканд гаргасан хэдий ч зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулаагүй тохиолдолд банк зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулахгүй тул зээлдэгч нар анхаарна уу.

-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкандаа хүсэлт гаргаснаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулж болно. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй.
Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгана.

-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

-Энэ арга хэмжээ нь зээлдэгч хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хэрэгжих бөгөөд зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө доголдсон зээлийн төлбөрт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргахаас өмнө төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүү, алданги хэвээр үлдэнэ.

-Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт бичиг, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна.

Шинээр хүсэлт гаргах зээлдэгчийн хувьд ямар нэгэн нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкандаа 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор цахимаар болон биеэр хүсэлт гаргах боломжтой.

-Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудаас түр чөлөөлнө.

-Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно.

-Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол зургаадугаар сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны долдугаар сарын 30-ны өдөр дуусах болно.

-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

-Хүсэлт гаргах хугацаа буюу 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хойш шинээр зээл авсан иргэд зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой юу?

-Тус арга хэмжээ нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шинээр орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан зээлдэгчид хамаарахгүй.