Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

“Гавилууд хонь”-ийг омог болгон баталгаажуулжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Гавилууд хонь”-ийг омог болгон баталгаажуулсан байна.

Гавилууд хонь нь нутгийн шилмэл хонины бүлэгт хамаарах боловч говийн бүс нутгийн гео-экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон байна. Голдуу хар халзан, харман, хар толгойтой, их бие нь цагаан зүстэй байдаг. Бие болон галбир, мах, ноосны ашиг шимийн гарц, чанараар харьцангуй жигд сайн аж. Мөн тэсвэр хатуужилтай, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг зэрэг аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг билээ. Нутгийхны хэллэгээр илүү “нугаламтай хонь” хэмээн махны чиглэлээр өсгөн үржүүлж ирсэн байдаг. 10 гаруй жилийн судалгаан дээр үндэслэн ийнхүү омог болгон баталгаажуулсан байна. ХАА-н доктор, мал зүйч Ц.Цэенханд уг хонин сүргийн судалгаан дээр нутгийн малчид, мэргэжилтнүүдтэй хамтран олон жил хөдөлмөрлөсөн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн түлэгдэлтийн мэс заслыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Сүүлийн гурван жилийн судалгаагаар бага насны 12 мянга гаруй хүүхэд түлэгдэж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан бөгөөд дийлэнх нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж, мэс засалд орж байна. Тиймээс ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолд хүүхдийн өндөр өртөгтэй түлэгдэлтийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар тусган хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл оношийн бүлгээс хамааран 259 мянган төгрөгөөс 38 сая төгрөг хүртэлх түлэгдэлтийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр зам тээврийн 313 осол бүртгэгджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 425 дуудлага мэдээлэл хүлээн авсны 313 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй гэж ТЦА-аас мэдээллээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр найман осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтэж бэртжээ

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтсэн байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтжээ

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 108, орон нутагт 60 зөрчил тус тус илрүүлжээ. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 18.8 хувиар буурсан байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: Намрын чуулганыг энэ сарын сүүлээр завсарлуулна

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Хуралдах ёстой ажлын 75 хоног нь энэ сарын дундуур дуусна. Тиймээс нэгдүгээр сарын сүүлээр намрын чуулганыг завсарлуулахаар төлөвлөж байна. Завсарлахаас өмнө хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүд бий. Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг батлахаар төлөвлөж байна. Уг хуулийн төслүүдийг улам боловсронгуй болгох зорилгоор бүлгээс ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ.

Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.
  • “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаварын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • “Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  • “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Худалдах худалдан авах гэрээ /нотариат/
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  • “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  • Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • “худалдах, худалдан авах гэрээ”
  • “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  • “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  • “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай ториолдолд

  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  • Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  • “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай ториолдолд

  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  • Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  • “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Categories
мэдээ нийгэм

Авлигын 10 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 155 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв. Мөн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 203 даалгавар бичгээр өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1132 хэрэгт хяналт тавьж, 182 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 80, Өмчлөх эрхийн эсрэг 66, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүчиндэх 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7, Авлигын 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлэв.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд” мөсний баяр 21 дэх жилдээ болно

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 21 дэх жилдээ болох гэж байна. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: 57 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Онцгой байдлын албаныхан 57 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэжээ. Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 7.1 хувиар буурсан байна.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Израиль улсад ханиад болон коронавирусээр зэрэг халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

Covid-19 өвчний вирус, ханиадны вирустэй хосолсон анхны халдварын тохиолдол Израиль улсад илэрсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Халдвар авсан хүн нь вакцинжуулалтад хамрагдаагүй, жирэмсэн, залуу эмэгтэй байсан байна.

Халдварын тохиолдлыг өнгөрсөн долоо хоногийн эхээр Рабины Эрүүл Мэндийн Төвд төрөхөөр ирэхэд нь илрүүлсэн гэнэ. “Өвчтөн ирэхдээ ханиадны болон коронавирусийн давхар халдвартай байсан. Бид дахин шинжлэхэд хоёул эерэг гарсан” гэж тус төвийн профессор Арнон Вижницер орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Өвчтөн эмэгтэйд халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байсан бөгөөд Пүрэв гарагт эмнэлгээс гарсан байна.

Одоо Израилийн эрүүл мэндийн яам хоёр төрлийн вирус зэрэг халдварлахад эрсдэлийн түвшин ямар байхыг судалж байгаа ажээ.

Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийн хувилбарууд бусад төрлийн вирустэй нийлэхэд ямар эрсдэл үүсэж болохыг судалсаар байгаа. Өнгөрсөн сард Moderna компанийн анагаах ухаан хариуцсан дэд захирал Пол Бартон коронавирусийн Дельта болон Омикрон хувилбарууд нийлбэл илүү аюултай шинэ төрөл зүйл бий болох боломжтойг анхааруулж байжээ.

Эх сурвалж: The Times of Israel

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2022 онд том тэргэл сар гурван удаа гарна

2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүдийг Хубилай Сэцэн Хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нэрлэжээ.

Тухайлбал энэ сарын сарын 18-нд тэргэл сар нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдах аж. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 48 минутад байх нь. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг байна.

Түүнчлэн 2022 онд том тэргэл сар 3 удаа гарна. Тухайн өдөр Сар дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

1 сарын 3-ны шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар 02 цаг 35 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.

1 сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн 1 дүгээр сарын 1-5 хооронд болдог. 2022 оны хувьд 3-4 -нд шилжих шөнө оргил үе нь тохиох юм байна. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой. Их баавгай, Луу,Тариачин гэсэн 3-н одны ордны голоос солир цацрах үзэгдэл болно.

1 сарын 7. Буд гарагийн зүүн элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдах болно, өөрөөр хэлбэл Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.

1 сарын 18. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 1. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 13 цаг 48 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

2 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 16. Буд гарагийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 26.3 градусын өнцгөөр баруун холдолт буюу баруун элонгацад харагдана. Энэ үед Буд гараг маш сайн тод ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

3 сарын 3. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Нар Сарны тохиолго болно. Улаанбаатарын цагаар 01 цаг 35 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

3 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

3 сарын 20. Хаврын тэнцлийн үе. Хаврын тэнцлийн үе нь Улаанбаатарын цагаар 23 цаг 33 минутад тохионо. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, Нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, Нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг юм. Энэ тэнцлийн өдөр Нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.

3 сарын 20. Сугар гарагийн баруун элонгац. Сугар гараг нь Нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож харагдана. Энэ үед Сугар гараг маш сайн ажиглагдана. Энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнө тэнгэрийmtjutн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

4 сарын 1. Шинэ сар. Дэлхийгээс ажиглахад Сар нь Нар талдаа байрлаж шөнийн тэнгэрт харагдахгүй. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 14 цаг 24 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

4 сарын 17. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 55 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

4 сарын 22, 23. Тэнгэрийн сан ордны солирын урсгал (Lyrids Meteor Shower). Солирын урсгалын үеэр цагт 20 тооны солир Дэлхийн агаар мандалд орж ирэн шатах үзэгдэл болдог. Анх 1861 онд нээж байсан C/1861 G1 Татчер (Thatcher) сүүлт одны үлдээсэн ул мөр болох хий тоосонцор, хэлтэрхийнүүдээс үүдэлтэй гэж үздэг. Солирын урсгал жил бүрийн 4 сарын 16-25 хооронд болдог. Энэ оны хувьд 4-р сарын 22-ны шөнөөс 23-ны өглөө хүртэл оргил үе нь ажиглагдана. Эдгээр солирын биетийн зарим нь цөөхөн секундийн турш хурц тоосны зам татуулдаг байна.

4 сарын 29. Буд гарагийн зүүн элонгац. Нарнаас 20.6 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаригийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

4 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь 20:28 UT цагт тохионо. Энэ үед Саргүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

4 сарын 30. Нарны хагас хиртэлт. Нар, Сар, Дэлхийн байрлалаас шалтгаалж Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг тусгай нарны фильтер ашиглан, нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. Номхон далайн өмнөд хэсэг болон Өмнөд Америкийн нутгуудаар ажиглагдана. Хамгийн сайн харагдах муж нь Аргентинд 53 хувьтай ажиглагдана.

5 сарын 6,7. Хумхын Эта солирын урсгал (Eta Aquarids). Энэ солирын урсгалын үеэр цагт дунджаар 60 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Тэнгэрийн өмнөд хагас бөмбөрцөгт илүү сайн идэвхтэй ажиглагддаг бол хойд хагас бөмбөрцөгт цагт 30 орчим солир ажиглагдана. Энэ урсгал нь жил бүрийн 4-р сарын 19-өөс 5-р сарын 28 хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 5-р сарын 6 шөнөөс 5-р сарын 7–ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Шөнө дундын харанхуйд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

5 сарын 16. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил нь Улаанбаатарын цагаар 12 цаг 14 минут байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

5 сарын 16. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан болж улаавтар өнгөтэй болдог. Хиртэлтийн ажиглагдах үе нь Хойд Америк, Грийнланд, Атлантын далай, баруун Африк болон Европын баруун хэсэг байна.

5 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

6 сарын 14. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 52 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд эхнийх нь энэ байх юм.

6 сарын 16. Буд гарагийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 23.2 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн зүүн тэнгэрийн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

6 сарын 21. Зуны туйлын цэг. Зуны туйлын цэг буюу Зуны Нар буцах цэг нь Улаанбаатарын цагаар 17 цаг 14 минутад тохионо. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо.

6 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 10 цаг 52 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 14. Том Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг эллипс тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна.

Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 38 минут байна. 2022 онд том тэргэл Сар 3 удаа болох ба хоёр дахь нь энэ байх юм.

7 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь Улаанбаатарын цагаар 01 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 28,29. Хумхын Делта солирын урсгал (Delta Aquarids). Энэ солирын урсгал нь цагт дунджаар 20 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн. Энэ урсгал нь жил бүрийн 7 сарын 12-өөс 8 сарын 23-ны хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 7 сарын 28-ны шөнөөс 7 сарын 29-ний өглөө хүртэл ажиглагдах юм байна. Сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

8 сарын 12. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна.

Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 09:39 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох ба гурав дахь нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

8 сарын 12,13. Тэргэрийн онгоцны солирын урсгал (Perseids). Энэ солирын урсгалыг ажиглахад маш сайн харагддаг, цагт дунджаар 60 тооны солир агаар мандалд орж ирдэг. Свипт-Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээр үүсгэгдсэн, түүнийг анх 1862 онд нээж байсан байна. Тэнгэрийн онгоц ордын солирын урсгал нь гэрэлтэй хурц солирууд (болид) ихээр ажиглагддагаараа маш алдартай юм. Урсгал нь жил бүрийн 7 сарын 17-ноос 8 сарын 24-ны хооронд болдог. Энэ жилийн хувьд том тэргэл сартай хамт тохиож байгаа учраас ажиглахад гэрэл ихтэй, тохиромж муутай байна. Шөнө дунд харанхуй үед ажиглахад тохиромжтой. Солирууд тэнгэрийн онгоцны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой юм.

8 сарын 14. Санчир гарагийн эсрэг тохиолго. Цагариган бүслүүрт Санчир гараг нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Санчир гараг болон түүний дагуул саруудыг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй болон том дурангаар Санчирын цагариган бүслүүр болон түүний гэрэлтэй цөөхөн саруудыг харж болно.

8 сарын 27. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 16 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

8 сарын 27. Буд гарагийн зүүн элонгац. Нарнаас 27.3 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолд болно. Энгийн нүдээр харагдана. Буд гарагийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гарагийг харж болно.

9 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 17 цаг 58 минут байна. Зарим оронд тэргэл сартай үед жил бүр эрдэнэ шишийн ургацаа хураадаг байсан учир түүний Ургацын Сар гэж нэрлэдэг байна. Ургацын Сар намрын тэнцлийн үетэй ойролцоо болдог байна.

9 сарын 16. Далай ван гаргийн эсрэг тохиолго. Усан цэнхэр аварга хийн гараг Далай ван нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Далай ван гаригийг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Далай ван гарагийг харж болно.

9 сарын 23. Намрын тэнцлийн цэг. Намрын тэнцлийн цэг нь Улаанбаатарын цагаар 09 цаг 04 минутад тохионо. Нарны цацраг экватор луу чиглэдэг ба Дэлхий дээр өдөр болон шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг. Нар тэнгэрийн хойд хагас бөмбөрцгөөс өмнөд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Энэ цэг нь Жинлүүрийн ордны эхлэл болно.

Тэнгэрийн хойд хагаст намрын тэнцлийн цэгт астрономийн намрын эхний өдөр болдог бол өмнөд хагаст хаврын тэнцлийн цэг буюу астрономийн хаврын эхний өдөр болно. Энэ өдөр баруун, зүүн цэгийг нарны мандах, шингэх цэгээр нарийн тодорхойлж болно. Нар зүүний цэгт мандаж барууны цэгт жаргана гэсэн үг юм.

9 сарын 26. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 05 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

9 сарын 26. Бархасбадь гарагийн эсрэг тохиолго. Аварга хийн гараг Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Бархасбадь гараг болон түүний саруудын зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Бархасбадь гарагийн үүлэн судлуудыг нарийвчилж ажиглан харах боломжтой. Гарагийн хоёр талд гэрэлтэй тод цэгүүд болох 4 том дагуулыг сайн харж болно.

10 сарын 7. Лууны ордны солирын урсгал (Draconids). Энэ урсгал нь бага тооны солир харвадаг, цагт дунджаар 10 орчим солир үзэгдэх болно. Солирын урсгал нь 1900 онд анх нээж байсан 21P Гиасобини-Зиннер сүүлт одны үлдэгдлээр үүсгэгдсэн гэж үздэг.

Жил бүрийн 10 дугаар сарын 6-10 хооронд болдог. Энэ оны хувьд оргил үе нь 7-ны шөнө таарч байна. Хагас сартай байх тул солирыг ажиглахад саад учруулж болно. Хотын гэрлээс зайтай газар байрлаж ажиглахад тохиромжтой. Солирын урсгал нь Лууны одны ордноос цацарч харагдах боловч тэнгэрийн аль ч зүгт ажиглагдаж болно.

10 сарын 8. Буд гарагийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 18 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

10 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ цагаар 04 цаг 55 минут байна.

10 сарын 21,22. Маралын солирын урсгал. Маралын солирын урсгал нь дундаж хэмжээ нь цагт 20 тооны солир харвадаг. Үүнийг маш эрт цагаас ажиглаж ирсэн Халле сүүлт одны үлдээсэн ул мөрнөөс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 10 сарын 2- ноос 11 сарын 7-ны хооронд болдог. Оргил үе нь 10 сарын 21 шөнөөс 22-ны өглөө ажиглагдах болж байна. Нимгэн хавирган сартай байх учир сарны нөлөө бага учир шөнө дунд харанхуй үед маш сайн харагдах болно. Солирууд нь Маралын одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

10 сарын 25. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 49 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

10 сарын 25. Нарны хагас хиртэлт. Нар ба Сарны тохиолго болох үе. Нар, Сар, Дэлхийн харилцан байрлалаас шалтгаалж, өөрөөр хэлбэл хоорондын зайнуудаас хамаарч Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог.

Нарны хагас хиртэлтийг түүний тусгалыг, эсвэл тусгай нарны филтер ашиглан нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. ОХУ-ын баруун хэсэг болон Казахстан улсын нутгуудаар ажиглагдах юм байна. Хамгийн сайн харагдах муж нь ОХУ-ын төв хэсэгт 80 хувьтай ажиглагдах юм байна.

Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 9 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11 дүгээр сарын 4-ний шөнө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө ихтэй. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 19:02 минут байна.

11 сарын 8. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан, цусан улаан өнгөтэй харагддаг. Хиртэлтийн ажиглагдах зурвас нь ОХУ-ын зүүн хэсэг, Япон, Австрали, Номхон далай болон Хойд Америкийн төв хэсэг байна.

11 сарын 9. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр ногоон гараг нь Дэлхийд хамгийн ойр орших үе нь шөнө дунд орой хадах үе. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гарагийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гарагийг харж болно.

11 сарын 17, 18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1986 онд нээж байжээ.

Солирын урсгал нь жил бүрийн 11 дүгээр сарын 6-30-ны хооронд болдог. Оргил үе нь 17 шөнөөс 18-ны өглөө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй солируудын эрчмийг сулруулна. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 24. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 06 цаг 57 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

12 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 12:08 минут байна. Сар хүйтэн уур амьсгалтай байдаг учир уугуул Америкчууд хүйтэн сар гэж нэрлэдэг байсан байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байна. Түүний гадаргуу дээрх уул нурууд, цар тогоо зэргийг бага хэмжээтэй болон астрономийн дурангаар ажиглан харж болно.

12 сарын 8. Ангараг гарагийн эсрэг тохиолго. Улаан нүдэн гараг нь Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Ангараг гарагийн зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Ангараг гарагийн улаан гадаргуу дээрх зарим бараан хэсгийг ажиглан харах боломжтой.

12 сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Пэитон нэртэй бага гарагийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны хооронд болдог. Оргил үе нь 13 шөнөөс 14-ний өглөө хүртэл ажиглагдана. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй болон өнгөтэй солируудын гэрэлтэлтийг хааж болох юм. Гэвч Ихрийн солирын урсгал их цацардаг учир шөнө дунд харанхуй байрлалаас сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь Улаанбаатарын цагаар 05 цаг 48 минут тохионо. Хамгийн богино өдөр урт шөнө болдог, Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг . Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.

12 сарын 21. Буд гаргаийн зуун элонгац. Нарнаас 20.1 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гарагийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гарагийг харж болно.

12 сарын 21, 22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал(Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг . Үүнийг 1790 онд анх нээж байсан Туттль сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 17-25-ны хооронд болдог. Оргил үе нь 12 дугаар сарын 21 шөнөөс 22 -ны өглөө хүртэл ажиглагдах болж байна. Шинэ Сартай байх учир сарны нөлөө байхгүй тод гэрэлтэй солирууд сайн ажиглагдах болно. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Алтан мөнгөн шаргал буюу Бага долоон бурхны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 23. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн