Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Төв аймагт энэ онд 1525 га газар өмчлүүлнэ

Энэ онд Төв аймгийн 24 сумын хэмжээнд, таван төрлийн зориулалтаар, 1525.311 га газрыг шинээр олгож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

Хамгийн их газрыг Алтанбулаг суманд өмчлүүлэх бол Баян, Баянхангай, Эрдэнэ сумдад газар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шинээр олгох газрын төлөвлөлтийг сумдаар танилцуулсныг зургаас харна уу.

271275254_287285390112437_5599554783815753493_n-253x300 Төв аймагт энэ онд 1525 га газар өмчлүүлнэ

Categories
мэдээ нийгэм

Цана, чаргаар гулгахдаа анхаарах зүйлс

Гэмтлийн эмнэлгээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 1,578 хүн цана, чарганаас унаж бэртжээ. Үүний 1,011 хүүхэд бол 567 нь том хүн байна.

Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарах зүйлс болон бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх.
Categories
гадаад мэдээ цаг-үе

Францад коронавирусийн шинэ мутаци илэрлээ

Францын өмнөд хэсэгт шинэ төрлийн коронавирус илэрчээ. Энэ талаар Австрийн “Хойте” /Heute/ сонин мэдээлжээ.

Сонинд мэдээлснээр, Камерун улсаас буцаж ирсэн францчуудаас “КОВИД-19”-ийн үл мэдэгдэх шинэ хувилбар бүртгэгджээ. Энэ шинэ хувилбарын үүсгэгч нь Африк тивийн нэгэн улсад түгээмэл байдаг гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрсөн байна.

Францын Марсел хотын эрдэмтэд шинэ хувилбарт нийтдээ 46 мутаци агуулагддаг хэмээн мэдэгдэв. Түүнийг “B.1.640.2” хэмээн нэрлэсэн аж. Халдварын аюул, халдварын төвшний талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.

Өмнө нь, ОХУ-ын судлаач, мэдээллийн шинжээч Александр Драган коронавирусийн тахал 2022 онд дуусахгүй бөгөөд дэлхий даяар “Омикрон” хувилбартай холбоотойгоор хамгийн багадаа хоёр дахин давлагаа бий болно хэмээн мэдэгдсэн. Харин ДЭМБ цар тахлыг 2022 онд дуусах магадлалтай хэмээн мэдэгдсэн.

(Эх сурвалж: Lenta)

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хятад иргэний 1.2 тэрбум төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ

Өчигдөр гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид хүргэсэн.

Тэгвэл цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал Б, Ө, Д нар дээрэм хийснийг илрүүлж, тэднээс цүнх, чемоданд хийсэн боодолтой 20 мянгатын дэвсгэртүүдийг хураан авчээ. Мөн тэдэнд гар буу байсан аж.

Хар баг зүүсэн тэд тухайн хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд мөнгийг нь авч явсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ цаг-үе

Шатар сонирхогчдын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 8-9-нд Төрийн ордны Их танхимд болно.

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг болсон бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 11, 12-нд болжээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна. Тэмцээнд Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогчоор оролцож байна.

Өнгөрсөн жилийн буюу Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар болж, нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Өмнөговь аймгийн оролцогч Н.Билгүүн 7 оноогоор тэргүүн байр, хоёрдугаар байрт нийслэлийн оролцогч Б.Дүүрэнбаяр 6.5 оноогоор, гуравдугаар байрт М.Отгонбаатар 6.5 оноогоор тус тус шалгарсан. Харинэмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Баян-Өлгий аймгийн оролцогч Р.Айганым 8 оноогоор тэргүүлж, Сүхбаатар дүүргийн оролцогч Г.Оюунжаргал удаалж, Хан-Уул дүүргийн оролцогч Г.Болормаа гутгаар байрт шалгарч байжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нуурт зорчихыг хориглосон тэмдэг байрлуулжээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж мөсний нимгэн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа. Энэ хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоолоо. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

15.00

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Импортын татварыг өндөр тогтоон, үйлдвэрлэгч орон болж бусдын хараанаас гарцгаая

Шинэ он гарлаа. Золгон ирсэн энэ онд эдийн засаг тэлсэн, хүн бүр өрх бүр, аж ахуйн нэгж бүхэн дор бүрнээ үйлдвэрлэл эрхэлсэн, түүнийг нь төр засаг бодлогоор дэмжсэн он жил байх болтугай. Хуучин оны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амаа цангатал ярьсан “Шинэ сэргэлтийн бодлого” хий хоосон уриа лоозон биш, мөн ард түмэнд таалагдах гэсэн эрх баригч намын даргын улиг болсон популист амлалт биш, бодит ажил хэрэг, улс орныхоо ирээдүйг харсан стратеги төлөвлөгөө болж биелээсэй. Тариа тарьж, мал маллахаас бараг бусдыг чадахаа больсон, шинэ зуунд нийт бараа бүтээгдэхүүний 90 хувь нь урд хөршөөс хамааралтай байгаа хөөрхийлөлтэй монголчууд минь бусдын хараанаас гарах цаг болжээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр цар тахлын энэ үед Хятад хилээ хааж, Орос бензин шатахуунаар хяхаж бид ямар өрөвдмөөр байдалтай шинэ оныг угтав. Үүний бурууг гадныхан руу чихэх хэрэггүй. Туурга тусгаар улс орон эдийн засгийн хувьд гаднаас хараат байхын зовлон тамыг бид яс махандаа тултал амслаа.

Тэгэхээр одоо үйлдвэрлэгч орон болж, наад захын жижиг сажиг зүйлээс авахуулаад өөрсдөө хийж болох бүх л юмыг хийж эхэлье. Бусдын гар харж амаа ангайж, элгээ эвхэж суудгаа больё. Засаг төр нь ч төр шиг байж, улс орныхоо ирээдүйг бодож зарим зүйл дээр хатуу зогсох хэрэгтэй байна. Тухайлбал, гаднаас орж ирж буй барааны импортын татварыг маш өндөр тогтоох хэрэгтэй байна. Тэгж байж бидний амьдралд өөрчлөлт шинэчлэлт орно.Цар тахал монголчуудад амаргүй хүнд сорилт байсан ч эх орондоо үйлдвэрлэгч болох эрс эргэлтийн он жилүүдийг авчирлаа. “Ямар ч бараа тавааргүй боллоо. Амьдрал зогслоо, хил хурдан нээгдээсэй” гэж бодож хүлээж цөхөх биш тасраад байгаа тэрхүү бараагаа сайн муу, чанартай чанаргүй нь хамаагүй гол нь өөрсдөө үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхийг хүн бүр хичээж мэрийдэг болмоор байна.Өнөөдөр Монгол Улс импортын бараандаа ердөө таван хувийн татвар тавьдаг. Хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан энэ. Бид үйлдвэрлэл эрхлэхгүй, үйлдвэрлэл эрхэллээ ч гаргасан бүтээгдэхүүн нь зах зээлд ашиггүй, аж ахуйн нэгжүүд юу ч хийгээд үр ашиг гардаггүйн нүцгэн үнэн ерөөсөө импортын таван хувийн татвар. Тавхан хувийн татвартай учир гаднаас юу ч хамаагүй орж ирж, хил гаалиар зогсоо зайгүй бараа цутгаж байдаг. Ганцхан жишээ татахад, энэ бүхний үр дүнд Эрээн, Улаан-Үд яаж цэцэглэн хөгжив. Наана нь байгаа манай Замын-Үүд үхрийн сараалжин хашаа шиг ямархан дүр зурагтай байгааг бид мэднэ.

“Аль ч улс оронд эдийн засгийн стратеги суурь бодлого гэж байдаг. Нийгэм эдийн засгийн суурь стратеги нь үндэсний аюулгүй байдал(ҮАБ)-ын бодлогыг агуулж байдаг. Гэтэл энэ байдал Монголд алдагдсан. Үндсэндээ ҮАБ алдагдчихаад байна. Манай улс суурь хэрэгцээний бүтээгдэхүүний хувьд хараат бус бие даасан байдалтай байх юм бол эдийн засгийн аюулгүй байдал хангагдах үндсэн нөхцөл бүрдэнэ. Гэвч суурь хэрэгцээ болох хүнс, цахилгаан эрчим хүч, нефть зэрэг нь гадны хараат байна. Дотоодынхоо хэрэгцээгээ 100 хувь биш юм аа гэхэд 80-90 хувийг нь манайх дотоодоосоо хангаж байх хэрэгтэй. Хэрвээ хил хаагдах, эсвэл улс төрийн хориг, байгалийн гамшиг, дэлхий нийтийг хамарсан цар тахал боллоо гэхэл суурь хэрэгцээний бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангах чадамжтай байх ёстой. Ингэж гэмээнэ улс төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, бие даасан улс гүрнийхээ статусыг хадгалж чадна. Энэ бүх зүйл өнөөдөр Монголд алдагдчихаад байна” гэж эдийн засагч Х.Батсуурь хэлж байсан. Тэрээр “Манайх хөгжиж байгаа орны статустай учраас импортын бараандаа 20-иос дээш хувийн өндөр татвар тогтоох бүрэн боломжтой. Хуулиндаа өөрчлөлт оруулж, үүнийг бид нэн даруй ашиглах ёстой. Ашиглахгүй байгаа нь улсынхаа эдийн засгийг зориудаар унагах бодлого явуулаад байна уу даа гэсэн хардлага төрүүлдэг. Өндөр татварыг тодорхой бүтээгдэхүүнүүд дээр тавьж, үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Манайх өнөөдөр дотооддоо үйлдвэрлэл эрхлэх чадваргүй зөвхөн хэрэглээний улс болсон” гэж эдийн засагчийн хувьд байр сууриа тодорхой илэрхийлж байсан.

Тийм ээ, бид импортын бараандаа маш өндөр татвар тогтоож үнийг нь тэнгэрт тулгамаар байна. Хоёр хөрш маань импортын зарим бараандаа дээд тал нь 40-60 хувь хүртэл татвар тогтоосон байдаг. Орос руу манай мах ямар өндөр татвартайгаар хил давдаг гэж санана. Монголдоо борлуулах, орос руу экспортлох ялгаагүй гэж яригддаг. Бид яг ийм жишиг тогтоомоор байна. Хил хаалттай байхад эхлээд нарийн ногоо тасарлаа гэж баахан сүржигнэцгээсэн. Дараа нь зүү тариурын нөөц дууслаа, ингээд үхэх хэрэг үү гэж орилолдсон. Бүр сүүлдээ муурын элс тасарлаа гээд амь тавих шахаж байна. Мөн шил арчигчийн шингэн тасалджээ гээд бас эрэл хайгуул болцгоож байна. Энэ бүхнээ одоо эх орондоо хийх гэж зүтгэцгээе. Хэрвээ хил нээгдвэл муурны элс, хүнсний ногоо, шил арчигчийн шингэн өөр юу байна гарын доор хийчихэж болох бүх бараанд маш өндөр татвар тавьж, үнийг нь хэд дахин нэмээд өгөх нь зөв. Тэгж байж бид үйлдвэрлэгч болно. Татварын үнэ хуучин шигээ тавхан хувь байвал гаднаас вагон вагоноороо орж ирээд бид хийх гэж хэзээ ч зүтгэхгүй, хуучин шигээ гадны хараат байсаар байх болно. Харин шил арчигчийн шингэний үнэ тэнгэрт хадаад ирэхээр далай шиг энэ их архиа устай хольж саванд хийгээд зарах байлгүй. Муурны элсний үнийг дийлдэхийн аргагүй өндөр тогтоогоод өгөхөөр хэд гурваараа нийлээд цаас нааж элс шигшин эрхбиш муурны элс гаргаад ирнэ байлгүй. За тэгээд хүнсний ногооны үнийг маш өндөр болгох хэрэгтэй. Тэгж байж бид бүхэн нарийн ногоо, бүх ногоогоо энэ хавраас тариад эхэлнэ. Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт үнэндээ юуг ч бүтээж болохоор.

Моносын Эрдэнэчимэгийн ногооны хүлэмжийг бид харсан. Цэвэр гадны технологиор, гадны эрдэмтдийн зөвлөгөө заавраар эх орондоо бүх л ногоог яг стандартынх нь дагуу ургуулж байна. Гадны зөвлөгчидтэйгөө интернэтээр холбогдоод нүүр нүүрээ харж яриад болчихож байна. Үүн шиг муурны элс, шил арчигчийн шингэн зэрэг бол ёстой гарын дор баймаар юм. Нефтийн үйлдвэр үлгэр биш байгаад хэрэвзээ ашиглалтад орвол химийн үйлдвэр байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Хэрвээ химийн үйлдвэртэй болвол бүх сав баглаа боодлын хувьд асуудалгүй болно. Бид үйлдвэрлэгч орон болох үндэс суурь бий болно. Манай үе үеийн удирдагчид болох Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд, намын дарга нар “Өөрсдөө хийгээд хэрэггүй ээ, гаднаас оруулаад ирэх нь амар” гэдэг байсан. Улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн хувь заяаны эсрэг зогссон ийм үг, үзэл бодлоосоо одоо салах хэрэгтэй. Гадны бараа бүтээгдэхүүн сайн, гаднаас авъя гэсэн хандлагатай дарга сайд, удирдлагуудад хатуу хариуцлага тооцдог баймаар байна. Бараг л эх орноосоо урвасан, эх орныхоо хөгжил дэвшилд саад хийсэн гэж дүгнэдэг, хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Гаднаас орж ирэх урсгалыг өндөр татварын боомилолтоор зогсоож чадвал хүссэн хүсээгүй дотоодын үйлдвэрлэл өндрөө аваад эхэлнэ. Аливаа нэг барааг эхлээд болхидуухан чанар муутай, үзэмж муутай хийх л байх. Гэвч зах зээлийнхээ хуулиар өдрөөс өдөрт, жилээс жилд өнгө үзэмж нь дээшлээд явчих нь мэдээж.

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа гаалийн татварыг тэглэсэн нь эдийн засгийн хувьд гаднаас хараат болох гарцыг нээж өгсөн гэхэд болно. Тэрээр энэ тухайгаа “Юмны үнэ жилдээ 50-60 хувь хүртэл өсч, гадны хөрөнгө оруулалт гэж байгаагүй үед импортын татварыг тэглэхээс өөр гарцгүй байсан” гэдэг. Харин үйлдвэрлэгчид “Татвар тэглэснээр бүх үйлдвэрийг дампууруулах хорон зорилготой алхам байсан. Дотоодын бүх үйлдвэрийг дампууруулж, үнэгүй авах гэсэн хулгайн зальжин арга” гэж үздэг. М.Энхсайханы бодлого тухайн үедээ хэрэгтэй байсан гэж үзэхэд бүтэн 25 жилийн туршид бид импортын татвараа нэмэлгүй явж ирсэн нь арай дэндсэн асуудал болсон. Монголыг удирдаж байсан нөхдүүд ямар хөлдүү толгойтой явж ирээ вэ гэж бодохоор.

Засгийн газар энэ онд Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлэх, дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой, Багануур, Чойбалсангийн ДЦС, Амгалангийн ЦС-ыг дуусгаж, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, эдийн засгийн бие даасан байдалд шилжинэ гэх томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс гадна Засгийн газрын нэн даруй явуулах бодлого нь импортын татварыг өндөр тогтоож өгөх явдал. Үүний үр дүнд монголчууд бүгдийг гаднаас авч ам руугаа цутгуулдаг арчаагүй өрөвдөлтэй, цаашдын хувь заяанд ихээхэн хор уршигтай байдлаасаа салж, эх орондоо үйлдвэрлэгч болох ирээдүйн зам мөр нээгдэх учиртай.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ариунзаяа: Хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэг алхам урагшилж чадлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлагаа эхлүүлье. Яалт ч үгүй олон нийтийн анхааралд байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр, аж ахуйн нэгж гээд хамрах хүрээ өргөн шүү дээ?

-Бид таван Засгийн газар, гурван парламент дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 13 бүлэг, 166 зүйлтэйгээр өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр хуулийн хамрах хүрээ өргөжиж, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийг хориглох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой хууль болсон. Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, ажлын бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, дуудлагын цаг зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан. Мөн Хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсвэл шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр, сонирхлын маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр зохицуулсан.

-Тус хуульд өмнөх хуульд тусгагдаагүй байсан нэлээд хэдэн онцлог заалтууд орсон шүү дээ. Зарим заалтуудаас танилцуулбал?

-Тухайлбал, туслах малчны цалинг өөрөө зөвшөөрвөл 30 хувийг мал, эд зүйлсээр, 70 хувийг мөнгөн хэлбэрээр олгох зэрэг цалин хөлс олгох асуудлыг илүү тодорхой болгож өгсөн. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинэлэг заалт оруулж өгсөн. Одоо хэрэгжиж байгаа 25-аас дээш ажилтантай бол нийт ажиллагсдынхаа дөрвөн хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах, ажиллуулаагүй бол төлбөр төлөх заалтууд нь хэвээрээ. Харин дээр дурдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй, төлбөрөө төлж чадахгүй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоотой, эсвэл өөрийнх нь бүтээсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмжсэн зүйл заалт юм. Энэ мэт дурдаад байвал маш олон давуу тал, шинэ зүйл заалтууд бий. Ямартаа ч бид хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэг алхам урагшилж чадлаа. Харин одоо хуулийг шат шатандаа хэрэгжүүлэх том ажил эхэлж байна. Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөх, шинээр эхлүүлэхэд саад бэрхшээл, асуудал тулгардаг. Гэсэн ч хэрэгжүүлээд хэвшихээр ажилтан, ажил олгогч хэн хэнд нь хэрэгтэй маш чухал хууль болсон.

-Энэ онд Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиас гадна гадаадад ажиллах хүч гаргахтай холбоотой хууль ирэх долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн шинэчлэлийн үр дүн юу байх вэ?

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 20 жилийн дараа шинэчлэгдэн батлагдсан. Гадаадад ажиллах хүч илгээхдээ тухайн улс оронтой хамтын гэрээ байгуулж илгээдэг. Хуулийн төслөө боловсруулахдаа дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, дотоодын ажиллах хүчийг мэргэшүүлэх зарчмыг тусгаж, боловсруулж батлуулсан. Тухайлбал, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаа эрхлэн явуулахад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчлан тусгалаа. Одоогийн байдлаар манай улсаас БНСУ болон Япон улс руу ажиллах хүч илгээж байгаа. Өнгөрсөн онд БНСУ руу 194 иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр илгээсэн. Тус улсад нийт 5000 орчим иргэн ажиллаж байгаа. Япон улсад 22 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулан ур чадвартай ажилтнаар илгээсэн. Одоо 34 иргэн гэрээгээ байгуулчихсан хилийн хориг тавигдахыг хүлээж байна. Харин манай улсад гадны 90 улсын 6000 орчим иргэн, ААН байгууллагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдний дийлэнх нь барилгын салбарт мөн боловсролын салбарт, ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье. Мөн Төрийн байгууллагын үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, мэргэжил ур чадварыг баталгаажуулах, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг ч мөн оруулсан юм. Үүнээс гадна Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар, түвшин хамааралгүйгээр нэг арга, хэлбэрээр авч ажиллуулж байсан. Шинэ хуулиар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажилтан нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн гурван төрлийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор тусгасан. Ингэснээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан гадаадаас авах бодлого баримтлах боломжтой болсон. Энэ мэт гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах харилцааг нарийвчлан зохицуулж, тодорхой тусгаж өгсөн хууль юм.

-Нэгэнт хуулийн талаар ярьсных Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг оны өмнөхөн УИХ-д өргөн барьсан.Удахгүй УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх байх. Тэр дундаас тэтгэврийн талаар олон нийт илүү чих тавьж байгаа. Иргэндээ ээлтэй хууль байж чадах уу. Учир нь насаараа ажил хийж нийгмийн даатгал төлөөд тэтгэвэртээ гарч чадахгүй бурхан болох, хэт бага тэтгэвэр тогтоолгож олон жил улсад татвар төлсөн үр шимээ хүртэж чадахгүй зэрэг шүүмжлэлүүд байдаг шүү дээ?

-Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх ёстой. Гэхдээ хүн ам, нийгмийн бүтцийн онцлогоо бодолцсон, тэнцвэрийг хадгалсан алгуур шилжилтийг шат дараатай хийх хэрэгтэй. Бид Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг өнгөрсөн онд УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан.Бусад улс орнууд ч тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийж байна. Шалтгаан нь хүн амын насжилт, тэтгэврийн сангийн тогтворгүй байдал үүсэх зэрэг юм. Энэ нь манай улсад ч бас тулгарч байгаа бэрхшээл. Одоогийн тэтгэврийн тогтолцоо нь зөвхөн улсын менежмэнттэй байгаа бол ирээдүйд хувийн болон улсын олон давхаргат, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болох юм. Ингэснээр иргэд зөвхөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн сангаас тэтгэвэр авах хууль эрх зүйн нөхцөл бий болно. Энэ талаар Дэлхийн банк болон Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацын тайланд дурдагдсан. Одоогийн байдлаар 30 гаруй улс орон Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо буюу тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжээд байна.

No description available.

-Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд өнгөрсөн онд халамжийн журам шинэчилсэн. Энэ онд тодорхой ямар ажлуудыг хийх вэ, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Тийм ээ. Бид өнгөрсөн онд халамжийн журмаа шинэчилж хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 200-гаас дээш малтай өрхийг хүнсний талон олголтоос хассан. Угтаа халамжаас шууд хасахдаа гол нь биш, халамжлах ёстойгоо халамжилж, хөдөлмөрлөх чадвартай, өөрийгөө аваад явах боломжтой иргэдээ үүрэгжүүлж, хариуцлагажуулж байгаа юм. Нөгөө талаар энэ дэмжлэгийг авч байгаа хүмүүст тодорхой болзол, шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хоёр жилийн хугацаатай болгосон. Энэ хугацаанд бид таныг хоёр удаа сургая, ажилд зуучилъя. Та нэг удаадаа ур чадвар болон бусад зүйлээс шалтгаалж татгалзаж болно. Дараагийн удаа дахиад сургая, ажлын байр санал болгоё. Тэр үед дахин татгалзвал төр ч гэсэн үүрэг хүлээхгүй. Хүнсний талон олгохгүй. Та өөрөө хичээж ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Гэхдээ үүнийг ялгаж харах хэрэгтэй. Хүнс тэжээлийн дэмжлэг, төрийн халамж үйлчилгээ авах шаардлагатай ахмад, өнчин хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй зорилтот хүмүүстээ тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.Аймаг дүүргийн Засаг дарга нар Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг маш сайн дэмжиж, тухайн зорилтот бүлгийн өрхийн гишүүдтэй ойр ажиллаж хөдөлмөрт зуучилсан. Мөн Хүнсний эрхийн бичиг олгох журмыг шинэчлэн баталж гэрээт дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг 235 мянга орчим хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цахимжуулсан.

-Ажлын байр санал болгоно, ажилд зуучилна гэх мэт олон санал санаачилга гаргасан нь сайшаалтай. Гэсэн хэдий ч бодит байдал дээр ажлын байр хомс байна шүү дээ. Энэ онд халамжаас хөдөлмөрт шилжих талаар ч тусгасан. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийх вэ?

-Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн таван үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Засгийн газар болон манай яамнаас 18-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгааг онцгойлон анхаарч хөдөлмөрт бэлтгэх зорилго бүхий “Оролцоо” төслийг хэрэгжүүлж, энэ онд 2300 гаруй залууст ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэх багц сургалтыг зохион байгуулан 2000 орчим залуусыг ажлын байранд дадлагажуулж, 800-гаад залуусыг ажлын байраар хангаад байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Нийгмийн халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Хуулиудын төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцааг зорилтот бүлэгт чиглүүлэх, нийгмийн халамж авч байгаа хөдөлмөрийн чадвартай хүнийг хөдөлмөр эрхлүүлэх зохицуулалтыг тусгана.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсронгуй болгоно. Мөн сүүлийн 20 жилийн турш хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо буурсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зайнаас буюу цахимаар ажиллах ур чадвар олгох сургалт, дэмжлэгт хамруулах болон хүүхэд харах үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулах замаар тэднийг ажилтай болгож, орлогыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийнэ. Мөн ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр орон нутагт ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд ногоон хөгжлийн болон нийтийн төлөөх ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангана. Наад зах нь иргэдийг эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, өөрсдийн амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам, талбайг сайжруулах зэрэг ажлыг бүлгээр эрхлэхийг дэмжиж ажлын байр бий болгоно. Ажилгүйдлийг бууруулах, орлогын дэмжлэг үзүүлэхэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг оролцуулахад онцгойлон анхаарч ажиллахыг зорьж байна.Томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийн ур чадвар, онцлог хэрэгцээг тодорхойлж, ажиллах хүчний нөөцөөр богино хугацаанд бэлтгэн татан оролцуулна.

-Төрийн үйлчилгээг цахимжуулж, цахим үндэстэн болно хэмээн зарласан шүү дээ. Танай салбарын тухайд халамж, даатгалын үйлчилгээ гээд эхнээсээ цахимжаад эхэлсэн. Цаашид иргэдэд хүргэдэг үйлчилгээгээ цахимжуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Иргэддээ төрөөс үзүүлж буй үйлчилгээ түргэн шуурхай, ил тод, авлигагүй, хээл хахуульгүй байх гол үндэс нь цахимжуулалт. Тиймээс манай яам цахимжуулалтын ажлыг онцгой анхаарч ажиллалаа. Цаашид ч цахимжуулалтаа эрчимтэй үргэлжлүүлнэ. Нийгмийн даатгал болон халамжмийн олон арван үйлчилгээг иргэд гэрээсээ, гар утаснаасаа авдаг болсон. Одоогийн байдлаар халамжийн 26 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Бас нийгмийн даатгалын дэвтэр цахим болсон. Ингэснээр сар бүр бичилт хийлгэж, нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулах шаардлагагүй боллоо. Мөн ахмадын тэтгэврийн дэвтэр цахимд шилжиж дэвтэртээ бичилт хийлгэж банканд дугаарлах хэрэггүй болсон. Мөн Нийгмийн даатгалын сайн дурын гэрээг цахимаар байгуулах боломжтой боллоо. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нийгмийн даатгалын таван төрлийн үйлчилгээг одоогоор холбоод байна. Иргэд E-Mongolia-гаас хамгийн их авдаг үйлчилгээний эхний хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт орж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1.4 сая иргэн энэ тодорхойлолтыг цахимаар авсан байна. Хамгийн сүүлд л гэхэд Ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Даатгуулагч гэрээсээ гарахгүйгээр www.ndaatgal.mn цахим хуудсаар хандан ажилгүйдлийн тэтгэмжээ авна гэсэн үг. Мөн Нийгмийн даатгалын тайланг цахим гарын үсгээр баталгаажуулсан бол давхар цаасаар өгөх шаардлагагүй болсон. Тоон гарын үсгээр баталгаажуулаагүй бол жилдээ хоёр удаа тайлангаа өгөх боломжтой. Түүнчлэн лист буюу эмнэлгийн хуудсыг цахимжуулж байна. Энэ сард багтаагаад эрүүл мэндийн хуудсаа цахимаар авах боломж бүрдүүлсэн. Ингэснээр даатгуулагч нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах боломж нь бүрдэнэ. Эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг энэ жил маш олон даатгуулагч авсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 мянган хүнээр илүү тэтгэмж олгосон нь ковид-19 цар тахалтай холбоотой. Энэ мэтчилэн 2022 онд цахимжуулалтын ажлаа үе шаттай үргэлжлүүлнэ.

-Үүнээс гадна хүүхдийн мөнгө, цалинтай ээжид олгодог мөнгөн тэтгэмжтэй холбоотой болон бусад цөөнгүй журмуудыг шинэчилсэн байсан. Хүүхдийн мөнгө хүүхдэдээ хүрэхгүй байна гэх шүүмжлэл нийгэмд гардаг. Энэ асуудлыг шийдсэн гэж ойлгож болох уу?

-Бид хүүхэд хамгаалал, хүүхдийн мөнгө олгохтой холбоотой тодорхой шинэчлэлүүдийг хийсэн. Өнөөдөр хүүхдийн мөнгийг хамт байгаа асран хамгаалагч нь биш орхиод явсан аав, ээж нь авч байгаа тохиолдлууд цөөнгүй байна. Тиймээс тухайн хүүхдэдээ хүрдэггүй бол хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр хүүхдийн мөнгийг дансанд нь байршуулах, түр зогсоох зэрэг арга хэмжээ авах боломжтой болсон. Энэ мэт илүү шударга, хариуцлагатай нийгмийг бий болгох тал дээр анхаарч байна. Мөн холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулсны дагуу гурав хүртэлх настай хүүхдээ гэртээ асарч байгаа аавууд тэтгэмжид хамрагдах нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 2200 гаруй аав энэ тэтгэмжид хамрагдсан байна.Эцэг эхийн аль нэг нь хүүхдээ хараад гэртээ байгаа бол эцэг эхийн тэтгэмж олгох хууль эрхзүйн орчин нөхцөл бүрдсэн. Хүүхдээ асран хамгаалах нь зөвхөн эмэгтэйчүүдийн ажил биш юмаа гэдгийг харуулж байгаа бодлогын эхлэл юм.

Хүүхдийн мөнгө олгох журмаас гадна Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардлыг тооцох аргачлал”, “Хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”, “Нийгмийн ажлын үйлчилгээний стандарт” зэрэг олон журмыг шинэчилсэн. Ингэснээр төлөвлөлт, санхүүжилт, хамгааллын ажил үйлчилгээг бодит эзэнд нь үзүүлэхэд чухал нөлөөтэй. Наад зах нь хаана ямар хэрэг илүү гарч байна, хаана хүүхэд хамгаалал илүү хэрэгтэй байна тэнд нь санхүүжилтийг нь илүү олгох гэх мэт зөв, шударга хуваарилалт бий болох юм.

П.Батзаяа

Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 2, булаагч одтой улаагчин могой өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.