Categories
мэдээ нийгэм

“Залуус 1, 2” хорооллын зураг төсөл бэлэн болжээ

“Залуус 1, 2” орон сууцны хорооллын зураг төсөл бэлэн болсон талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв. 2021 оны улсын төсвөөс энэ төсөлд мөнгө тавиагүй тул зураг төслийг л дуусгажээ.

Улаанбаатарын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц нийлүүлэхийн тулд “Залуус” хорооллыг барина. Хотхоныг Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барина.

Нийт 5616 айл аж төрөх боломжтой шинэ хотхон нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагаас бүрдэнэ.

“Залуус-1” хорооллын инженерийн дэд бүтэц, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоо дохиолол зэргийг хотын төвлөрсөн системд холбох юм. Тус газрын одоогийн хүчин чадалд нийцүүлбэл 1.000 орчим айлыг төвлөрсөн дулааны системд холбох боломжтой. Бусад төлөвлөсөн өрхийг дулаанаар хангахын тулд бие даасан станц барихаар БХБЯ судалж байна.

Хорооллын барилга угсралт энэ хавар эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгийн 32 баг оролцсон сүүлчийн ДАШТ энэ жил болно

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос зохион байгуулдаг 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд Катар Улсад болно.

Ази тивд хоёр дахь удаа болж байгаа ч Арабын оронд анх удаа болох гэж байна. Мөн өвлийн улиралд зохиогдож буйгаараа онцлог юм.

Тэмцээнд дэлхийн шилдэг 32 улсын шигшээ баг өрсөлдөх аж.

Тоглолтууд таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болох ба 32 баг оролцсон сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Учир нь 2026 оны ДАШТ-д 48 баг оролцохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын тайланг ирэх сарын 15-ны дотор ирүүлнэ

Иргэн, албан байгууллага өнгөрсөн оны IV улирлын төлбөрийн баримтаа ирэх бямба гарагт багтаан бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа. Ингэснээр НӨАТ-ын хуулийн дагуу 2021 оны сүүлийн улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг 4 дүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь 1 дүгээр сард олгодог.

Мөн албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа ирүүлэхийг Татварын байгууллагаас сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн хэрэг 9 хувиар буурчээ

2021 онд улсын хэмжээнд 2023146 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 12 дугаар сарын байдлаар 217156 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 11 дүгээр сартай харьцуулахад 9 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийн хэргийн 81.5 хувь нь Нийслэлд, 18.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.4 хувийг Цагдаагийн байгууллага, 0.15 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 216560 хүн, 320 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар буурч, хуулийн этгээд 22 хувиар өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулбал Хулгайлах зөрчил 18 хувиар, Хүний биед халдах зөрчил 13 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2 хувиар тус бүр өсжээ.

Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 57 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сараас 49 хувиар, Танхайрах зөрчил 28 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 13 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн хэргийн улмаас бусдад нийт 1.537.792 мян.төгрөгийн хохирол учирснаас 66.6 хувь нь нөхөн төлөгджээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2022 оны 01 сарын 05-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 2022 оны 01 дүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 9, 10-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Categories
мэдээ нийгэм

“Жи тайм” сүлжээний хэргийн хохирогчдод 7 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн олгоно

Анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 687 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Оюунчимэгт 5 жилийн хорих ял оногдуулж, 11.830.503.841 төгрөгийг хавсралтад нэр дурьдагдсан хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6.881.661.229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах мөн Төрийн сан дахь МБА-ны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588.699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж шүүхийн захирамжийн дагуу ШШГА-нд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулах, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэг түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 1458 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэг түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 216 тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүх рүү буцаан хүргүүлжээ.

Хяналтын шүүх: 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 354 дугаартай тогтоолоор ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нэр бүхий иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд 10 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 638 дугаартай магадлалаар ий дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа явагдаж, одоогийн байдлаар шийтгэх тогтоолын хавсралтад дурьдсан 01-3528 дугаартай хохирогч нарын гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлээд байна.

Цаашид шат дараатайгаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлэхээр ажиллаж байгаа тул та бүхэн хүлээцтэй хандаж бидний ажилд тусална уу гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

“Насны хишиг” тэтгэмжид шинээр хамрагдах иргэдийн анхааралд

Та 1956.07.16-1957.02.04-ний хооронд төрсөн 65 нас хүрч байгаа бол “Насны хишиг” тэтгэмжид хамрагдах хүсэлтээ EHALAMJ.MN цахим системд бүртгүүлж цахимаар хүсэлтээ гаргана уу.
Мөн та оршин суугаа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргах боломжтой.
Халамжийн нэгдсэн систем
Халамжийн нэгдсэн системд бүртгүүлэх заавар
“Халамжийн нэгдсэн систем”-д банкны данс тохируулах, хүсэлт гаргах заавар.
Жич: Өмнө нь хүсэлтээ гаргасан иргэнд хамаарахгүй.
Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэт аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ.

Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг www.tender.gov.mn цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ. Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.

· Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.

· Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.

· Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Нэгдсэн төсвийн 2021 оны 10 дугаар сарын гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн тэнцэл/нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүү/ 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 41 хувиар нэмэгдсэн бөгөөд үүний нэг их наяд төгрөг нь Оюутолгойн татварын маргаантай холбоотойгоор бий болсон нэмэлт орлогоос бүрдсэн бол бусад хэсэг нь эдийн засгийн идэвхжил, татвар бүрдүүлэлт нэмэгдсэнээр бий болсон орлогын өсөлт юм. Харин төсвийн нийт зардал 2021 оны 10 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өссөн хэдий ч төсвийн зардал, тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтын зардал дутуу гүйцэтгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна.

Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна.