Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГХЯ: Казахстанд амьдардаг 4028 Монгол иргэн ямар нэгэн хохирол амсаагүй

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдлын тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад нэгдүгээр сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс

  • 1,383 хүн хууль ёсны дагуу,
  • 1,600 хүн хууль бусаар оршин сууж,
  • нийт 1,045 оюутан сурч байна.

Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байдаг аж.

Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодод хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй.

Гадаад харилцааны яамны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев нэгдүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16:00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж, дараах арга хэмжээ авч эхлээд буй.

  1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;
  2. Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;
  3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;
  4. Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;
  5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;
  6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;
  7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;
  8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.

Нэгдүгээр сарын 5-ны байдлаар Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотуудад томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлсэн байна. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна. Мөн 5-ны өдөр тус улс интернэт сүлжээг хязгаарлаж Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Харин 6-ны өдрийн өглөө интернэт сүлжээг сэргээж эхлээд байна.

Ерөнхийлөгч К.Токаев 20:00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16:00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур-Отан” намын даргын албыг нэг хэсэгтээ хашсан хэвээр байсан. 2021 оны арваннэгдүгээр сард тэрээр намын даргын албаа Казахстаны Ерөнхийлөгч К-Ж.Токаевт шилжүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Аюулгүй байдлын зөвлөлийн дарга байв.

Ерөнхийлөгч К.Токаев нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлэл бий.

Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. Японы Никкэй сонины мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна. Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн Аэрофлот зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоосон гэх мэдээллүүд цахим орчинд гарсан.

Нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
Categories
гадаад мэдээ

Казахстанд найман цагдаа, нэг цэрэг амиа алджээ

Казахстан Улсын нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлийн дайралт гэж үзэж байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) нарийн бичгийн дарга нарын газрын Казахстан дахь нөхцөл байдлын талаарх тайлбарт дурджээ. Тэрбээр “ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны талаас тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авснаа баталж байна. Энэхүү хүсэлтэд үүсээд буй нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлүүдийн халдлага гэж үзэж байна” гэж тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.

Өчигдөр Токаев Засгийн газрыг огцруулж, зургаан сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнэд төрийн зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Тэрбээр мөн Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдаж байсан Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж, нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулжээ. Үймээний улмаас хүчнийхэн гэмтэж бэртэж, амиа алдсан тул Токаев зөрчил гаргагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авна гэж жагсагчдад анхааруулсан байна.

Казахстаны янз бүрийн бүс нутгуудад гарсан үймээний улмаас найман цагдаагийн ажилтан болон Үндэсний гвардийн цэрэг амь үрэгдсэн гэж Tengrinews.kz цахим хуудас тус улсын Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Н.Алтанхуяг: Ардчилсан намын асуудал дууссан

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гарган үг хэллээ.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 31-нд Ардчилсан намыг асуудлаар Улсын дээд шүүх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр хэдийгээр оройтож, үнэнд гүйцэгдэж гарч байгаа боловч би Дээд шүүхийн 20 гаруй шүүгчдээ баярлаж байна. Ямар ч байсан хоёр нам байхгүй гэдгийг нь тогтоосон байна. АН-ын дүрмийн хороо, сонгуулийн хороо, Үндэсний бодлогын хороо гээд бүгд хүчинтэй болохыг зөвшөөрсөн байна. Ганц асуудал байгаа нь намын даргыг бүртгэхгүй гэсэн хэвээр байна.

Хэдийгээр УДШ ийм шийдвэр гаргасан ч гэлээ УИХ-ын захирамжаар байгуулагдсан Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг заавал хэлэлцэх хэрэгтэй. МАН-ын мөнгөтэй бүлэглэл хулгай луйвар хийж байгаа. Танайхны зарим гишүүдийн тавьсан хүмүүс төрийн байгууллагуудаар тоглож байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн тамгыг хоёр болгож тоглож байна. Дундаас нь авилга авч байна. Тэр байтугай хэний ч халдаж болохгүй Монголд байдаг хоёрхон улс төрийн намын нэгийг хоёр тамгатай болгож тоглосон. Үүнийг гэхдээ шийдсэн. Нам дээр асуудал байхгүй. Намын даргаа яах ийхээ бид цааш шийдээд явах байх” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нийт хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 42.6 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 51, хоёрдугаар тунд 90, нэмэлт сэргээх тунд 1160, нийт 1301 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75 хувь нь нэгдүгээр тунд, 71.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин 42.6 хувь нь нэмэлт тунд хамрагджээ. Зорилтот бүлгийн буюу 2990 жирэмсэн эх, 12-15 насны 68341, 16-17 насны 26930 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тун тариулаад байна.

Categories
мэдээ улс-төр

П.Отгонсүрэн: Далайн захиргааны дарга Б.Биндэръяа хууль бус халаа сэлгээ хийж, Л.Халтар сайд хамгаалж суудаг

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон, хууль бусаар ажлаас халагдсан гэх 2543 гомдол ирсэн талаар мэдээлж байв. Шалгалтаар 180 байгууллагын 545 албан хаагчтай холбоотой хууль зөрчсөн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан нь гаргасны 519 нь хууль бус томилгоо байсныг тогтоожээ. Мөн ийм шалтгаанаар шүүхэд хандаж байгаа тохиолдол ч нэмэгдсэнийг ШЕЗ-өөс мэдээлж байгаа юм.

Төрийн албанаас хууль бусаар халагдсан гомдлыг шүүхэд гаргасан иргэдийн төлөөлөл П.Отгонсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны няравын албан тушаалыг хашдаг байсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаасаа халагджээ. Тус газарт хууль бус томилгоо, үндэслэлгүй ажлаас халах явдал хавтгайрсан талаар тэрээр онцолсон юм.


-Ямар шалтгаанаар ажлаасаа халагдсан талаар ярихгүй юу?

-Далайн захиргааны газрын дарга Б.Биндэръяагийн тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 41.2 дахь заалтаар халагдсан. Энэ нь ажил олгогчийн итгэлийг алдах гэсэн үндэслэл. Итгэл алдах гэдэг нь байгууллагаас эд хөрөнгө, мөнгө төгрөг хувьдаа завшиж хохироосон бол ингэж үздэг юм байна. Харамсалтай нь миний хувьд ийм алдаа дутагдал гаргаж байгаагүй, өмнө нь нэг ч удаа сахилгын шийтгэл хүртэж байгаагүй. Ядаж л алдаа зөрчил гаргалаа гэхэд шат дараатай арга хэмжээ авсны үндсэн дээр халах тушаал гарах ёстой.

-Тодруулж яриач. Итгэл алдсан гэдгийг юугаар тайлбарладаг хэрэг вэ?

-Саяхныг хүртэл манай байгууллага хэвийн үйл ажиллагаатай явж ирсэн. Гэвч 2021 оны зургадугаар сарын 2-нд Далайн захиргааны даргаар Б.Биндэръяа томилогдож ирээд л асуудал эхэлсэн. Энэ хүн өмнө нь манай газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад хэд хэдэн удаагийн зөрчил гаргаж 2019 оны долдугаар сард халагдаж байсан хүн. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар шууд даргаар томилоод оруулаад ирсэн. Б.Биндэръяа дарга ирээд л анхны хурал дээрээ “Би өшөө авах гэж ирээгүй” гэж яриад л эхэлсэн. Ажилтнуудаас хэн нь ч ийм зүйл бодоогүй байхад удирдлага болж орж ирж байгаа хүн өөрөө л сонин зүйл яриад эхэлсэнд гайхсан. Ингээд хуучин ажиллаж байсан хүмүүсийг шахаж, дарамталж эхэлсэн. Нмайг гэхэд хоёр долоо хоног ажил тасаллаа гэж ирээд л. Гэтэл бид өглөө, оройдоо цагаа бүртгүүлдэг. Цагийн бүртгэл маань бүрэн, яаж ч чадаагүй.

-Таныг зөвхөн ийм шалтгаанаар ажлаас халаагүй биз дээ?

-Б.Биндэръяа дарга томилогдохтой зэрэгцээд шинээр нягтлан бодогч ажилд орсон. Манай байгууллагын дотоод журмаар сонгон шалгаруулалт зарлаж, ажилтан авах ёстой. Шинэ нягтлан ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн. Энэ бол яалт ч үгүй дотоод журам зөрчсөн, хууль бус томилгоо болсон. Тэгээд ч тэр хүн нь нягтлан бодогчийн мэдлэг муутай, мэргэшээгүй учраас намайг тусалж, ажилд нь гаршуул гэсэн. Би ч цааргалаагүй. Угаасаа миний мэргэжил нягтлан бодогч. Би 2016 онд СЭЗДС-ийг төгссөн, мэргэжлээрээ ч ажиллаж байсан. Тийм учраас цалин бодох, программ дээр ажиллах гээд нэг сар гаруйн хугацаанд зааж зөвлөж явсан.

Ингээд явж байтал шинэ нягтлан ковид тусаад нэг сар орчим болоод ажилдаа орсон. Удалгүй газрын дарга намайг өрөөндөө дууддаг юм байна. Яваад ортол нөгөө нягтлантайгаа сууж байсан. Хоёулаа нийлээд намайг “Энэ байгууллагын нягтлангийн ажлыг давхар хийгээд яв” гэсэн. Би цааргалсан. “Сар гаруйн хугацаанд тусаллаа. Одоо хийх ёстой ажлаа хийгээд явна. Цалингаа авч байгаагаараа өөрөө хийх ёстой” гэж хууль ёсны шаардлагыг тавьсан. Ингээд л дарамтлаад эхэлсэн. Миний ажил үүрэг бол бараа материал, хөрөнгийн бүртгэлийг санхүүгийн программд бүртгэж сар бүр тайлан гаргадаг. Гэтэл сүүлдээ ажлаа хийхэд маш хүндрэлтэй болж эхэлсэн. Шахаж, дарамталж гүтгэж, байсхийгээд л өрөөндөө дуудаад “Чамтай ажилламааргүй байна. Ажлаа өг. Тэтгэмж өгчихье” гэж ханддаг. Ганцхан надад ч бус өөр ч олон хүмүүсийг ийм байдлаар ажлаас нь гаргасан.

-Зөрчил гаргаад ажлаасаа халагдсан хүнийг Л.Халтар сайд даргаар томилсон гэлээ. Хэн нэгэн дарга сайдын хүн гээд оруулж ирээд ажиллуулчихдаг хэрэг үү?

-Бодит байдал л тэр шүү дээ. Би гэхэд гурван жилийн өмнө сонгон шалгаруулалтад орж, гурван хүний дундаас тэнцэж байсан. Байгууллагын дотоод журам нь тийм. Гэтэл дараа нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дарга, нягтлан хоёр томилогдсон нь үнэн.

Тэд нийлээд хуучин ажиллаж байсан хүмүүсийг маш их дарамталдаг. Жишээ нь, Захиргаа удирдлагын газрын даргыг шахаж хяссаар ажлаас гаргасан. Гаргахдаа “Ажлаа өгчих. Нэг сарын тэтгэмж өгье” гэсэн байдаг. Тэр хүн аргаа барж, эцэстээ зургаан сарын тэтгэмж авахаар тохиролцоод гарсан. Тушаал дээр нь эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй, ажил мэргэжил дээрээ тэнцэхгүй” гэсэн огт өөр хуурамч үндэслэл бичээд л гаргаж байх жишээтэй. Өөр ч хоёр ажилтан маань удирдлагын ёс суртахуунгүй байдлыг тэсч ядаад гарсан. Хүний нөөцийн мэргэжилтэн эгч шаардлага тавьж муудалцаж байгаад харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа алдчихаад хүнд нөхцөлд байна.

-Танай дарга ажилчдаа дарамтлах ямар шалтгаан байдаг хэрэг вэ?

-Өөрийн хүмүүсээр тойрон хүрээлүүлж, хууль бус зүйл хийхийг санаархдаг бололтой юм билээ. Ялангуяа санхүү, төсөвтэй холбоотой албанд өөрийнхөө хүмүүсийг тавьж байгаа. Б.Биндэръяа дарга ирснээс хойш дөрвөн хүн хууль бусаар, ямар нэгэн шалгаруулалтгүйгээр томилогдсон. Хууль бусаар томилогдсон тэдгээр хүмүүс ажил хийдэггүй. Даргын өрөөнд л бөөнөөрөө сууцгааж байдаг. Тэгээд л хуучин ажиллаж байсан хүмүүсийг нэг, нэгээр дуудаж оруулж ирээд дарамтлаад л суудаг. Төрийн алба яаж ялзарч, доройтож чадваргүй хүмүүсээр дүүрдэг жишээг өөрийн нүдээр харсан.

Энэ байгууллага анх байгуулагдсан цагаас л нэг сэтгэлээр зүтгэж байсан хүмүүсээс эхлээд цөөнгүй хүмүүс халагдсан. Аргаа бараад эцэст нь ажилчид нэгдэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өргөдөл гаргасан шүү дээ. Өнгөрсөн аравдугаар сарын эхээр. “Таны томилсон албан тушаалтан ёс суртахуунгүй ажиллаж байна. Энэ томилгоогоо эргэж харна уу” гэсэн утгатай өргөдөл бичиж, нийт ажиллагсдын 90 хувь нь гарын үсэг зурж, хүргүүлсэн. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд яамнаас шалгалтын баг ирж ажилласан. Түүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө, шалгалтын баг ямар дүгнэлт гаргасан талаарх мэдээлэл таг. Хойгуур нь Далайн захиргааны газарт хууль бус томилгоо, халаа сэлгээ хийгдсээр л байна.

-Ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн үг үү?

-Аваагүй. Энэ байгууллагад болж байгаа хууль бус үйл ажиллагааны талаар яаманд манайхыг хариуцдаг газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар хэлж учирладаг гэнэ лээ. Гэсэн ч Л.Халтар сайд эрс эсэргүүцэж дардаг гэж дуулсан.

-Л.Халтар сайд тэгж эсэргүүцэх шалтгаан байна уу?

-Мэдээж байгаа л байх. Бидний мэдэхээр Б.Биндэръяа даргын ээж Зам тээврийн хөгжлийн яаманд олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм гэнэ лээ. Тэр хүрээнд л харилцаа хамаарал байдаг болов уу.

Өөр нэг ноцтой зүйл бий. Далайн захиргааны газрын дарга Б.Биндэръяа нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-д тэтгэлгээр суралцсан байдаг. Гэтэл тэр тэтгэлгийнх нь квот нь манай Далайн захиргааны газар дээр байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, манай газраас хэн нэгэн мэргэжилтэн гадаадад тэтгэлгээр суралцах эрхтэй байсан гэсэн үг. Гэвч Б.Биндэръяа даргын ээжийн хүсэлтээр яаманд, Далайн захирааны газарт нэг өдөр ч ажиллаж үзээгүй охиноо манай газрын нэр дээр гадаад руу тэтгэлгээр суралцуулсан байдаг.

-Далайн захиргаа өөрсдийн үйл ажиллагааны орлогоор цалинждаг гэсэн байх аа. Улсад хичнээн төгрөг төвлөрүүлдэг юм бэ?

-Манай гол чухал хариуцаж байдаг ажил бол хөлөг онгоцны бүртгэл. Монголын далбааг эх далайд гарч байгаа хөлөг онгоцонд түрээсэлж, түүнийхээ орлогоор санхүүждэг. Төсвөөс санхүүжилт авдаггүй, харин багагүй хөрөнгө төвлөрүүлдэг.

Би мэргэжлээрээ чин үнэнчээр ажиллаж ирсэн, албанаасаа хууль бусаар халагдана гэдэг хүлээн зөвшөөрөхөд тун хэцүү. Ямар нэгэн зөрчил гаргаж, хувьдаа эд хөрөнгө завшсангүй. Нэг ч удаа сахилгын шийтгэл хүртэж байгаагүй хүн хэн нэгний үзэмжээр ажилгүй болно гэдэг энэ нийгэмд хэцүү шүү дээ. Ялангуяа над шиг цалингийн зээлтэй, ганц бие ээжид дарга, сайд нарын хамаарал бүхий, танил талын томилгоо, төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа ийм хүмүүсийн золиосонд өртөнө гэдэг харамсалтай байна. Тэр үүднээс энэ хууль бус томилгоо, халаа сэлгээг эсэргүүцэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа. Саяхан холбогдоход хэрэг үүсчихсэн гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал маань хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж байна.

Төрийн албаны хүнд суртал, ах дүүс, танил талаа ажилд авдаг байдал болон төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн бодит баримт бүхий гомдлыг бид байнга хүлээн авах болно.

Утас: 89998988, 88083521, 98924343

Categories
мэдээ улс-төр

Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж буй ашгийн төлөө бус хуулийн этгээдийн татварыг хөнгөлөх хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бүртгэлийн байгууллагаар тоглож байгаа тоглоомыг зогсоох хэрэгтэй. Дээд шүүхийн шүүгчдийн шийдвэрийг худлаа бичээд явуулдаг хүн тус шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч хийж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчийг хийж чадахгүй халагдаж байсан хүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тавьсан. Хэн нэг хүний суганы үс Монголын төрөөр тоглож болохгүй. Аль нам нь ч гарсан ийм зүйл хийх эрхгүй. Одоо бол биш болсон байна. Нэг зүйл дээр ард түмний өмнө ичлээ. Нийтийн сонсгол хийнэ гэж зарлаад жүжиг тоглолоо. МАН-ын хоёр зөвлөх ард түмний төлөөлөгч болоод үг хэлж байна. Ийм байж болох уу?” гэлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох
  • Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”
Categories
мэдээ нийгэм

АТГ: 110 тусгай дугаараар 149 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 149 дуудлага хүлээн авсан байна.

Тус алба “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж, үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистикийн талаарх судалгаа”, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах судалгаа”, “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох судалгаа” зэрэг судалгаа, дүн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстан улс ОХУ-аас тусламж хүсчээ

Казахстанд дэгдээд буй засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг намжаахад туслахын тулд Орос тэргүүтэй улс орнуудын цэргүүд Казахстан руу орохоор болж байна.

Учир нь Казахстан даяар эмх замбараагүй байдал газар авч буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” /ХАБГБ/ хэмээх Москвад төвтэй цэрэг-улс төрийн байгууллагад нэгдсэн улс орнуудаас тусламж хүслээ.

ХАБГБ-ын бүрэлдэхүүнд одоогоор Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ болон Тажикстан гэсэн зургаан улс багтаж буй юм.

Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор Казахстаны иргэд анх эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн боловч энэ жагсаал нь улс төрийн бусад асуудлыг хамран хүрээгээ тэлсэн.

Үймээн самуун дэгдэж, эмх замбааагүй байдал үүссэнд “гадаадад бэлтгэгдсэн” террорист бүлэглэлүүд” буруутай гэж тус улсын Ерөнхийлөгч Токаев үзэж байна.

Гэхдээ Их Британийн нийслэл Лондон хотноо байдаг “Chatham House” гадаад харилцааны судалгааны төвийн Төв Азийн шинжээч Кейт Маллинсон хэлснээр, энэ эсэргүүцлийн жагсаал нь “Казахстаны засгийн газар улс орноо шинэчилж, бүх түвшний иргэддээ нөлөөлөхүйц шинэчлэл хийж чадаагүйн улмаас ард иргэдийнхээ уур хилэн, жигшил зэвүүцлийг ихэд хүргэсний илрэл” юм.

Байдлыг намжаахын тулд тус улсын Ерөнхийлөгч улс орон даяараа онц байдал зарлаж, шөнийн цагаар хатуу хөл хорио тогтоож, олон хүн цуглахыг хориглож, эсэргүүцлийн жагсаал өдөөгчидтэй хатуу тэмцэхээ мэдэгдээд байна.

Улс оронд үүсээд буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улсаас бүрддэг ХАБГБ хэмээх цэргийн эвслээс тусламж хүссэнээ тэрбээр пүрэв гарагийн үүрээр буюу өнөөдөр үүрээр телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

ХАБГБ-ын тэргүүн бөгөөд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ч түүний энэ мэдэгдлийг нотлон тус цэргийн эвсэл нь энхийг сахиулах хүчээ “хязгаарлагдмал хугацаа”-тайгаар Казахстан руу илгээнэ гэжээ.

АНУ-ын Төрийн департамент Казахстаны нөхцөл байдлыг “нухацтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн бөгөөд хэвлэлийн төлөөлөгч нь Казахстаны эрх баригчид болон жагсагчдын аль алинд хүлээцтэй байхыг уриалжээ.

Токаев нь 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Казахстан улсын ерөнхийлөгчөөр ажиллаж буй хоёр дахь хүн юм. Казахстаны 2019 онд хийсэн ерөнхийлөгчийн сонгуулийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) “ардчиллын стандартыг үл хүндэтгэсэн хэрэг” гэж буруушааж байв.

Гэсэн хэдий ч одоо гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийж буй хүмүүсийн дийлэнх нь албан тушаалаасаа бууснаасаа хойш ч Казахстаны үндэсний аюулгүй байдлын асуудлыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр буй өмнөх Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт эгдүүцэж байна.

Жагсагчид Назарбаевын нэрийг дуудан хашхирч буй болон түүний аварга том хүрэл хөшөөг буулгахыг оролдож буй бичлэг цахим ертөнцөөр тархсан байна.

Засгийн газрын харьяа байгууллагуудын байрууд руу засгийн газрыг эсэргүүцэгчид дайрч буйтай холбоотойгоор Казахстаны гол нисэх онгоцны буудлын ажилтнууд ажлын байраа орхин зугтахад хүрчээ.

Эсэргүүцэгчид өчигдөр Алматы хотын захирагчийн байр руу дайран орсон бөгөөд тус байрнаас утаа савсаж буйг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд буун дуу ч сонсогдсон байна.

Авторитар дэглэмтэй гэгддэг Төв Азийн энэ улсын байдал ерөнхийдөө тогтвортой байдаг билээ. 2019 он хүртэл тус улсыг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев удирдаж байсан бөгөөд түүний засаглал нь хувь хүнийг хэт тахин шүтэж, улс даяараа түүний хөшөөнүүдийг босгож, нийслэлээ хүртэл түүний нэрээр нэрлэсэн.

Казахстаны сонгуулиудын дийлэнхэд нь эрх баригч нам бараг 100%-ийн саналаар ялсаар ирсэн бөгөөд тус улсад улс төрийн идэвхтэй сөрөг хүчин гэж байхгүй.

Казахстаны засгийн газар ард иргэдийнхээ уур хилэнг дутуу үнэлсэн бөгөөд сонгуулийн ардчилалгүй улсад ийм эсэргүүцлийн жагсаал хийх нь гайхмаар зүйл биш, хүмүүс дуу хоолойгоо хүргэхийн тулд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр аргагүй гэж шинжээчид хэлж байна.

Ерөнхийдөө Казахстанд үүсээд буй асуудал нь шатахууны үнэ өссөнтэй хамаагүй, түүнээс ч өргөн хүрээний асуудалтай холбоотой гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Б.Азжаргал: Улаанбаатарт ямар байдгийг би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл өгдөггүй л гэж ярьсан юм

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа.


-Үүдэнд байгаа машинууд танай ажилтнуудынх уу, иргэдийнх үү. Төрийн албан хаагчид байгууллагын гадаа машин тавьдгаа болих хэрэгтэй гээд та үүрэг өгөөд байсан даа?

-Иргэдэд үйлчлэх авто зогсоол гэсэн бичгийг хараагүй юм уу. Зөвхөн манайх гэлтгүй бусад газрууд бүгд тийм байгаа шүү дээ.

-Дарханд ковидын нөхцөл байдал ямар байна вэ, өнөөдөр (өчигдөр) 10 тохиолдол илэрсэн гэсэн үү?

-Шинэ жилийн баяртай холбоотойгоор өсчихөв үү гэж бид анзаарсан. Эсрэгээрээ хүүхдийн өвчлөл буурсан. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой хөдөлгөөн багассантай холбож ойлгож байгаа. Сүүлийн 52 дахь долоо хоногийг эс тооцвол тохиолдлын тоо буурч байгаа нь төрийн, боловсролын байгууллагууд шинэ жил тэмдэглээгүйтэй холбоотой. Үндсэндээ 50-70 хүнтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяр зохион байгуулснаас биш гол масс болох төрийн байгууллагууд шинэ жил хийгээгүй нь бууралтад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тархвар зүйн муруйгаар ковид буурсан үзүүлэлттэй байгаа. Вакцинжуулалтын хувьд өнөөдрийн байдлаар 31000 хүн гуравдугаар тунд хамрагдсан. Улсын хэмжээнд 53 хувьтайгаар тавдугаарт эрэмбэлэгдэж яваа. Эмнэлэгт өчигдрийн байдлаар 77-78 хүн хэвтэн эмчүүлж байна. Ковидын нөхцөл байдал хэвийн түвшинд очсон. Хяналтандаа байлгаж чадаж байна гэж ойлгож болно. Нас баралт сүүлийн 14 хоног бүртгэгдээгүй байж байгаад өчигдөр нэг бүртгэгдсэн. -Цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа эхлэхэд таныг сошиалд хүмүүс сайшааж “Мундаг Засаг дарга байна, нийслэлд аваад ирмээр байна” гэж зарим хүн сэтгэгдэл бичиж байсан?

-Тэр ч яах вэ. Хэтрүүлэг л дээ. Айхавтар мундаг сайндаа биш, төрийн ажлыг хийгээд л явж байгаа. Би бас сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ үед ОБЕГ-аас Команд штабын сургууль их хийсэн. Гамшиг аюулын үед төрийн байгууллагын удирдлагууд яаж ажиллахыг заадаг сургалт. Түүнээс биш миний сайных биш. Манай бүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд Команд штабын сургуульдаа маш сайн хамрагдаж байсны үр дүн юм болов уу. Дээр нь иргэддээ мэдээллээ зөв тодорхой өгчихөөр ойлгож хүлээж авч, дагаж мөрддөг юм байна гэдэг нь бас тэр үеэр харагдсан. Эрүүл мэндийн байгууллага, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын олон хүний хүч оролцоотой явж байна даа.

Нийслэлтэй манайхыг харьцуулах арга байхгүй. Хүн амын тал хувь нь байдаг улсын нийслэлд том, өргөн хүрээтэй асуудал яригдана. Битгий жишиж яриарай гэж би олон хүнд хэлж байгаа.

-Саяхан таны нэг бичлэг сошиалд явж байна лээ. Тэр нь бас л нийслэлтэй харьцуулах сэжим болсон. Та энэ бичлэгт “Нийслэлийн удирдлагуудын ярьсан шиг 74 ширхэг тусгай зөвшөөрөл гэж огт байдаггүй юм аа” гэж хэлж байна лээ.

-Асуудал ярихаар ингэж харьцуулмааргүй байгаа юм л даа. Би орон нутагтай холбоотойгоор л ярьж байгаа юм. Улаанбаатарт ямар байдгийг би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл өгдөггүй л гэж ярьсан юм. Орон нутагт тусгай зөвшөөрөл өгдөг 5-10 салбар л бий. Жишээ нь, түлхүүр олшруулдаг хүн хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй шүү дээ. Үсчин ажиллуулах гэж байгаа бол та ямар нэгэн зөвшөөрөл авахгүй. Авдаггүй юмыг би авахаа болилоо гэж хэлэхгүй биз дээ. Тэрийг л хэлж байгаа юм. Манайд албан ёсоор тусгай зөвшөөрөл хүсдэг нефть хангамжийн байгууллагууд, шатах тослох материалууд, архи согтууруулах ундаа, тамхины тусгай зөвшөөрлүүд байна. Хуульд заасан тусгай зөвшөөрлүүд нь тодорхой тоотой. Нийслэл мэдээж өргөн байгаа. Яагаад гэвэл орон нутгийнхаас илүү олон төрлийн үйл ажиллагаа байгаа шүү дээ.

-Дархан хоггүй, цэвэрхэн сайхан хот гэж их ярьдаг даа. Дотоодын үйлдвэрүүдийн хуванцар сав хүлээж авах автомат машинуудыг суурилуулж байгаа гэсэн үү?

-Иргэд нь хуучин тогтсон соёлтой учраас нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдал бага харагддаг юм. Гэхдээ айл өрхүүдээс татан зайлуулж байгаа хог хаягдлын асуудал төвлөрсөн газрын шүдний өвчин хэвээр байгаа. Энэ жил бид нийтийн аж ахуйн газраа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгож тусад нь гаргаж байгаа. Энэ хүрээндээ хогны менежмэнтийг сайжруулах талаар хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хогоо ангилж ялгадаг болгох юм. Гэр хорооллын хогийг задгай авдаг байсан бол савлаж авдаг хэлбэрт шилжсэн. Татан зайлуулалтыг богино хугацаанд хийх боломж бүрдсэн. Хог дахин боловсруулах мини үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байгаа. Том төсөл ярихаар уддаг юм билээ. 100 мянган хүн амтай хотод дахин боловсруулах үйлдвэр ач холбогдолгүй гэдэг дүгнэлт гардаг. Одоо жижиг үйлдвэр байгуулъя гэж байгаа юм. Манай байгууллагын гадна хуванцар сав авдаг цэг бий. Эдгээр цэгүүдээс авсан хаягдлуудыг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг бага оврын үйлдвэрүүд ашиглалтад оруулах санаатай байна. Хогны менежмэнтийн хувьд бусдаас илүү гэж хэлэхгүй. Хөвсгөл, Эрдэнэтэд маш сайн туршлагууд байгаа юм билээ. Миний нэг зарчим бусдын сайн туршлагыг хуулах. Эрдэнэт, Хөвсгөлийн туршлагуудыг хэрэгжүүлье гэсэн юм.

-Барилгын үнэ хөөсрөхөд барилгын материалын үнийн өсөлт хувь нэмрээ орууллаа. Ингэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр арматур үйлдвэрлэж байгаа юу?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурын үйлдвэрлэл хэвийн байгаа шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй дөрвөн жилийн хугацаанд гангийн үйлдвэр барих гэрээ байгуулж, газрыг нь олгосон. Ер нь Дархан барилгын материалын төв. Улаанбаатарын барилгын гол нэрийн бүтээгдэхүүнийг Дарханаас нийлүүлдэг. Тийм учраас Дарханд барилга харьцангуй хямд үнэтэй босох боломж бий. Гэхдээ орон нутгийн барилгын материалаас илүү импортоор орж ирдэг бусад дагалдах бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, өнгөрсөн жил орон сууцны үнэ нэмэгдсэн тал бий. Бид Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу “Залуус I” хороолол, мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ жил дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Эндээ хямдруулсан үнээр иргэдээ оруулах боломжийг эрэлхийлж байгаа. Гэхдээ өнөөдөр цаасан дээр гэрээ байгуулаагүй учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Газар, дэд бүтэц шийдээд, барилгын компаниудыг орж ажиллах хүсэлт тавьж байгаа юм.

-Дарханд арьс ширний үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах ажил хэр ахицтай яваа вэ?

– Хоёр жилийн өмнө хувийн хэвшлийн консорциумууд нийлээд, орон нутгийн өмчийн оролцоотойгоор Арьс ширний үйлдвэр байгуулагдсан. Дэд бүтцийн ажил нэлээд хийгдсэн. Зарим нь 85 хувьтай, зарим нь 20-30 хувьтай яваа. Харамсалтай нь консорциумын ажил төртэй холбогдсон хэсэгтээ саад тотгор үүссэн. Харилцан ойлголцол, хийсэн ажлаа үнэлэх үнэлэмж зөрүүтэй. Үндэсний аудитын газраас шалгалт хийж байгаа. Засгийн газар, салбарын яамны шийдвэрээр Арьс ширний цогцолборт одоогийн олгосон газрын дэргэд дахин шинээр газар олголт хийгдэж, Арьс ширний цогцолборыг шинээр байгуулах ажил эхэлж байгаа. ХХААХҮЯ-нд Дархан арьс ширний цогцолбор төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулагдсан. Бид орон нутагт хүлээсэн үүргийнхээ дагуу газар олгосон. Бид аль алийг нь дэмжиж байгаа. Хувийн хэвшил нь ч ажлаа хийгээд Арьс ширнийхээ цогцолборыг бий болго, төр нь ч Арьс ширний цогцолбороо бий болгог. Мэдээж хувийн хэвшил нь өндөр амбицтай байгаа. 10 сая арьс боловсруулна гэж байгаа. Төрийнх нь түүнээс арай бага. Эхний ээлжинд 3-5 сая арьс боловсруулах үйлдвэр байхад боломжтой гэсэн дүгнэлт хийсэн. Аль алийг нь бид хүлээж авахад бэлэн байгаа. Аль алинд нь газар олгосон. Эцсийн дүндээ барилга нь баригдаад, үйл ажиллагаа нь явагдаад, ажлын байр нэмэгдэх нь чухал.

-Нэг хэсэг арьс шир боловсруулах технологи байгаль орчинд халтай гээд татгалзаад байлуу?

-Арьс ширний цогцолборын ТЭЗҮ-ээс харахад орчин үед энэ асуудлыг бүрэн шийдчих боломжтой юм билээ. Төмөрлөгийн үйлдвэртэй залгаа учраас саарал усыг нь гангийн үйлдвэрт дахин ашиглах боломжтой. Саарал усыг цэвэршүүлэх байгууламжийг давхар шийдэж өгч байгаа юм. Тийм учраас Туул гол руу бохир ус цутгадаг шиг үйлдэл Хараа гол дээр давтагдахгүй гэсэн үг.

-Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй байлгах тухай их ярьцгаасан. Энэ хэрэгжиж байна уу?

-Цөм сүрэг бий болгосон. Хонгор сумын нутагт байрлаж байгаа. Өнгөрсөн жил төл мал 98 хувьтай хүлээж авсан. Сайн үүлдрийн төлөө малчдад тодорхой нөхцөлтэй олгох ажил хийж байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж байгаа хэд хэдэн өрх бий. Канадад эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр туршлага судалж хамтарч ажиллахаар болсон. Төр загвар эрчимжсэн мал аж ахуйг бий болгох ёстой юм байна. Засгийн газраас 2019 онд Сэлэнгэ, Дарханыг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал аж ахуйтай байна гэж зарласан. Цаашдаа Дарханд малын тоо толгойг бууруулах бодлого барина. Малын чанарыг сайжруулж, тоо толгойг бууруулах нь бидний баримтлах бодлого. Хонгор суманд Малын Удмын санд өнгөрсөн жил үзэсгэлэн зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгжид үр зарж, дуудлага худалдаа явуулсан.

-Оройдоо Дарханд ч бас утаатай байх юм. Агаарын бохирдлыг бууруулахад анхаардаг уу?

-Дарханд хүн бүрд өрхийн хэрэглээний 0,7 га газар өгөөд байвал хот биш, гэр хороолол болно. Агаарын бохирдлыг бууруулах тухай ярихын тулд газар олголтын асуудлыг ярихаас өөр аргагүй байгаа. 2013 онд Дархан сумын Засаг дарга байхдаа ИТХ-аар оруулж нэг шийдвэр гаргасан. Өнөөдрийн гэр хорооллыг тэлэхгүй байх бодлого барьсан юм. Дархан 2013 оноос хойш гадагшаа тэлээгүй. Энэ нь хотын төлөвлөлтийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их үр дүнгээ өгсөн. Хоёрдугаарт, гэр хорооллоо тойруулаад дэд бүтэц татаад, дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудлыг ярьж байгаа.

Хамгийн том гэр хороололтой хуучин Дархан гэж нэрлэдэг хороололд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй инженерийн шугам хоолой татагдсан. Гэр хорооллын айлуудад дэд бүтэц оруулахаас гадна орон сууцны хороолол барих юм. Өнөөдөр Дарханд газар Улаанбаатарынх шиг үнэтэй биш л дээ. Гэр хорооллын айлуудын газар аваад нөхөн олговор өгөөд, байшин барих компани олдохгүй байгаа юм. Дарханы урд хойно хоёр уул уурхайн компани ажилладаг. Шохойн бааюу ажилладаг. Их хэмжээгээр утаа, тоосонцор дэгддэг.

Өнгөрсөн жил таван үйлдвэрийг бүрэн хаасан. Өнөөдөр эдгээрээс нэг нь ажиллаж байгаа. Тэр нь бидний шаардлагын дагуу шүүлтүүртэй орчин үеийн технологи ашиглах болсон. Хогийн цэгийн утааг дарж булшилсан. Айл өрхүүдийн яндангийн утаа байна. Улаанбаатарын жишгээр шахмал түлш хийх нь орон нутагт асуудлыг шийдэх гарц уу гэдгийг сайн судлах ёстой юм билээ. Зарим аймагт шахмал түлшээр гэр хорооллынхноо хангаад байгаа. Өөр гарцуудыг ч судалж байгаа. Эцэслээгүй болохоор нарийн яримааргүй байна. ОХУ-аас Монгол Улсыг нэвт дайрч гарах хийн хоолой Дархан-Уулыг дайрна. Хийн хоолойг түшиглээд Дарханд дэд станцууд барих талаар яригдаж байгаа.

-Нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах талаар их ярьдаг шүү дээ. Бодит байдал дээр Улаанбаатараас Дарханд хэр олон хүн шилжиж ирдэг вэ?

– 2018 оноос Дархан хотоос шилжин явж байгаа, шилжин ирж байгаа иргэдийн тоо зөв баланс руу орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Дархан зөвхөн суурин иргэдийн тоогоор дүгнэгдэх боломжгүй гэдгийг сая харсан. Ковидын эхэн үед зөвхөн тухайн өдөр ирсэн иргэдийг хөл хорионд оруулаад, долоо хоногийн дараа Сэлэнгийн иргэдийг гаргая гэхэд 6000 иргэн нэг удаадаа ирсэн байсан. Бид Сэлэнгэ аймгийн залгаа сумдтай уялдаатай ажиллана. Тэдгээр сумдын иргэд бидэнд мах, сүүгээ нийлүүлж байна. Эргээд бид худалдаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг эдгээр иргэдэд үзүүлдэг. Дэгсдүүлж хэлэхэд Сэлэнгийн захын сумын иргэд Дарханд нэг нэг байртай байгаа даа.

-Цаашдаа Дарханд хүн амыг олноор татахуйц томоохон бүтээн байгуулалтууд хэр хийгдэх вэ?

-Байлгүй яах вэ. Энэ жил Багрогийнхон үйлдвэрээ барьж эхэлж байна. Ард санхүүгийн нэгдлийнхэн оффис, дата баазаа байгуулахаар явж байна. Мобикомын дата бааз Дарханд байрлаж байна. Төрийн албан ёсны дата баазууд Дарханд байрлах гэж байна. Бид “Бурхантын хөндий” инноваци технологийн тосгон байгуулах юм. Газрыг нь үнэгүй олгож, дэд бүтцийг нь татаж өгнө. Компаниуд ирээд өөрсдөө оффисоо бариад, технологи мэдээллийн төвүүдээ байгуулах боломжтой. Мобиком Дарханд орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн мэдээллийн төвөө нээсэн. Ард Санхүүгийн нэгдэл бас Call center байгуулж байна. Улаанбаатарт Call center-т хүн ажиллуулахад дор хаяж сая төгрөгийн цалин өгнө. Оффисын түрээсийн зардал ямар байх вэ. Орон нутагт хоёр дахин хямд зардлаар үүнийг хийх боломжтой. Call center бол орон зайнаас хамаарахгүй. Энэ мэтчилэн байгууллагууд Дарханд төвлөрөх санал ирүүлж байгаа. ХААИС-ийн зургаан хөтөлбөр Дархан руу шилжиж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Ганбаатар: Түлш үйлдвэрлэдэг шугамд гал гарсан ч нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

СХД-т байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт гал гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл галын шалтгаан нөхцөл, түлшний нийлүүлэлтийн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал мэдээлэл өглөө.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт нийт 4 үйлдвэр ажилладаг. Нэгдүгээр үйлдвэрт буюу үүрийн 04.00 цагт хатаах шугамд гал эхэлж гарсан. Нэгдүгээр үйлдвэр нь үндсэн гурван шугамтай. Гуравдугаар шугамд гал гарсныг 06.00 цагт бүрэн унтраасан. Гал гарсан үйлдвэрийн нэг шугам үндсэндээ өнөөдрөөс ажиллахгүй болж байна гэсэн үг. Иймд Зүүн бүсийн зургаан бүсийн нэг шугам нөөцөд байдаг. Ингээд тус шугамыг ажилд оруулж, түлшний хангалтыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Түлшний нийлүүлэлт бол саатах зүйл байхгүй хэвийн явагдаж байгаа.

Нэг шугам өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийлээд өдөрт 3000-3600 тонн түлш үйлдвэрлэж, нийлүүлдэг.

Хатаах шугамын хувьд 180 градуст түлшийг хатаадаг, бага зэргийн өөрчлөлт гарахад гал гарах өндөр эрсдэлтэй гэж үздэг. Манай үйлдвэр дотроо галын гурван машин, гал унтраах 25 бие бүрэлдэхүүнтэй. Тухайн бие бүрэлдэхүүн гал гарсан үед цаг алдалгүй галыг тогтоох үүрэгтэй. Энэ ч үүргийн дагуу өнөөдөр галыг алдалгүй унтраалаа. Гал гарсан шугамыг 14-21 хоногийн дотор засварлахаар тооцож байна. Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй. Нэг хүн үйлдвэрийн байранд байх эмнэлэгт тусламж авсан.

Иргэддээ хандаж хэлэхэд гал гарсны улмаас түлшний нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй, хэвийн байх болно гэдгийг дурдмаар байна.