Categories
мэдээ нийгэм

Улсын аваргаар шалгаруулах малчны тоог 100 болгож хязгаарлажээ

УИХ-ын чуулганаар 2021 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгийн талаарх ҮСХ-ны мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр малын тоо толгой биш, чанар чухал болсон энэ үед Мянгат малчнаа шалгаруулсаар байх эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариулахдаа уг шагналын тоог 100-аар хязгаарласныг хэлэв.

Засгийн газрын өчигдрийн буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах, Улсын аварга фермер шалгаруулах, Улсын аварга саальчин шалгаруулах зэрэг долоон журмыг шинэчилсэн байна.

Энэ хүрээнд 2022 онд

  • Аварга малчны тоог 100
  • Хошой аварга малчин 8
  • Аварга саальчин 6
  • Фермер 6
  • Тариаланч 21
  • Тариаланч хамт олон 12 байхаар тооны хязгаар тогтоосон

ба Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 25-н гэхэд шалгаруулж орон даяар зарлана гэдгийг Ц.Болорчулуун танилцууллаа.

Цаашид малын тоо толгойг бууруулж, эрчимжүүлэх хүрээнд малын хөлийн татвар авах ажлыг хэрэгжүүлэхдээ газар тариалангийн бүсэд ялгаатай байлгахаар хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг мөн хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигчид тухайн улсдаа коронавирусээр халдварлаж үүнээс шалтгаалан нислэгт орох боломжгүй болох тохиолдол ихээр гарч байна.

Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй байдаг ба “Ковид-19”-ийн эдгэх хугацааг 10 хоног гэж тооцон эмчилгээ хийлгэсний дараа дахин PCR шинжилгээний сөрөг хариу, эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эмнэлгийн бичгийг үндэслэн дараагийн нислэгээр ирэх боломжтойг анхаарна уу.
Та бүхэнд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Тусгаарлан ажиглах байранд 634 иргэн байна

Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар болох омикрон вирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 115 захиалгат нислэгээр 11,820 иргэн ирсэн бөгөөд тусгаарлан ажиглах 15 байранд 634 иргэн байна. Онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 65 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байна.

Хошууч генерал Г.Ариунбуян иргэдээс ирж байгаа санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө хэмээн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эх орондоо л очихсон” баримтат кино нээлтээ хийлээ

“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар бүтсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ. Энэхүү баримтат киног тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул продюсерлэж, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son” продакшны хамт олон бүтээжээ.

Уг кинонд цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан монгол хүмүүсийн бодит түүх, мөн ээж, аавтайгаа уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эздээс гадна хүний нутагт бие биенээ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтжээ.

Уг бүтээлийг олон нийтэд ганцхан удаа үзүүлсэн бөгөөд цаашид сошиал болон IPTV зэрэг сувгаас үзэх боломжгүй аж. Учир нь хүний эрхийн асуудлыг хөндсөн бүтээл болохын хувьд олон улсын кино наадмуудад өрсөлдүүлэх зорилготой юм байна.

271443954_1235864206906648_7878879941480324438_n “Эх орондоо л очихсон” баримтат кино өнөөдөр нээлтээ хийлээ

Categories
мэдээ эдийн-засаг

2021 онд импорт 29 хувиар өсчээ

Манай улс өнгөрсөн онд импортоор 6848.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. 2020 оны мөн үеэс 1 549.7 сая ам.доллараар буюу 29 хувиар өссөн байна.

Импортын барааны нийт дүнд

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1248.7 сая ам.доллар буюу 18.2 хувь;
  • Эрдэс бүтээгдэхүүн 1338.2 сая ам.доллар буюу 19.5 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1131.8 сая ам.доллар буюу 84.6 хувь);
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 962.6 сая ам.доллар буюу 14.1 хувь; Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1228.4 сая ам.доллар буюу 17.9 хувь;
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 567.2 сая ам.доллар буюу 8.3 хувь;
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 587.4 сая ам. доллар буюу 8.6 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86 хувь ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 25, БНХАУ-д 33 хувь тус тус ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 97 сая ам.долларын бараа нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл

  • ХБНГУ-д 19.5 хувь,
  • Беларусьд 15.6 хувь,
  • БНХАУ-д 17.2 хувь,
  • Францад 16.9 хувь,
  • Энэтхэгт 4.6 хувь,
  • ОХУ-д 5.8 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн

  • 35.9 хувийг Францаас,
  • 15.6 хувийг Беларусиас,
  • 9.2 хувийг Австриас,
  • 13.9 хувийг БНХАУ-аас тус тус олгожээ.

Манай улс дэлхийн 159 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос ОХУ-д 28.6 хувь; БНХАУ-д 36.4 хувь; Японд 6.6 хувь; БНСУ-д 4.5 хувь; ХБНГУ-д 3.3 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 8-наас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 01 сарын 06-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 08-наас 2022 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Долоо хоногтой нярайд хэвлийн арын зайн хавдрыг авах мэс засал амжилттай хийжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд төрөөд долоо хонож буй нярайд төрөлхийн хэвлийн арын зайн хавдрыг дурангийн мэс заслын аргаар амжилттай авч, эмчилжээ. Уг хавдар нь 100 мянган амьд төрөлтөд нэг тохиолддог юм байна.

Мэс заслын дараа нярайн бие ямар байгааг тус тасгийн мэс заслын эмчээс тодруулахад, Хавдраа авахуулсан нярайг одоогоор эмнэлгийн хяналтад эмчилгээ үргэлжлүүлж байна. Бие нь сайжирч байна гэв.

Ерөнхий мэс заслын тасаг нь хүүхдэд бүх төрлийн мэс заслын тусламж үзүүлдэг улсын хэмжээний ганц тасаг бөгөөд тус тасгийн хамт олон 2022 онд нярайн мэс заслын эмчилгээнд онцгой анхаарал хандуулан ажиллах зорилт тавьжээ. Ураг байхдаа хавдраар өвчилсөн нярайг төрсөн даруйд нь эрт илрүүлж, хавдрыг бусад эд эрхтэндээ үсэрхийлэхээс өмнө цаг алдалгүй мэс заслын тусламж үзүүлбэл цаашид хүүхдийн амьдралын чанарт сайнаар нөлөөлнө. Эрүүл хүүхдийн адил амьдрах боломж бүрдэнэ гэв.

Тус тасгийнхан энэ долоо хоногт дөрвөн нярайн ураг байх үед үүссэн хавдрыг эмчилж, мэс заслын тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Өрх бүр 2024 оноос Угийн бичиг хөтөлдөг болох саналыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсөл 2 заалт, 7 дэд заалттай бөгөөд монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан уг тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хэд хэдэн санал боловсруулсан байна. Тухайлбал, монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэхийг холбогдох албаныханд даалгах санал гаргасан байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлийг дэмжих зэргийг тусгажээ. Түүнчлэн Угийн бичгийг айл өрх бүр хөтөлдөг болох ажлыг орон даяар 2024 онд багтаан зохион байгуулах заалт тусгасан байна.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Монгол Улс ургийн гажгийг молекул генетикийн түвшинд оношилдог болох шаардлагатай гэдгийг онцлов. Тэрбээр өндөр хөгжилтэй орнууд үүнийг эрт оношилдог болсон гэдгийг дурдсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Дэлхий нийт гэрлэхэд нь тухайн хосоос ургийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй эсэхийг үздэг болсон. Мөн хүний ууж буй эм хэрхэн үйлчлэхийг молекул генетикийн түвшинд тодорхойлдог болсон. Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхийн тулд генетикийн том лаборатори байгуулахаар заалт оруулсан” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол хүний удмын сан, гентэй холбоотой ярих асуудал цаг болсон. Өвчлөлийг генийн түвшинд судлахгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Тухайлбал, 10 мянган жирэмслэлт тутамд 1200 амьгүй ураг бүртгэгдсэн. Бага насны хүүхдийн тархины хорт хавдрууд зэрэг анхаарах асуудал олон байна” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Удмын санд нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь хоол хүнс. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хангалтгүй байна. Гаднаас орж ирж буй бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байгааг Мэргэжлийн хяналтынхантай уулзаж байхад хэлж байсан. Жимс ногоо маш хяналт муутай орж ирж байна. Генийн өөрчлөлттэй хүнс Монголд чөлөөтэй орж ирдэг. ОХУ генийн өөрчлөлттэй хүнсийг худалдаалбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгалаа” гэв.

Ийнхүү ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонсож байна.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

​Буд гаригийг маргааш өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой

Буд гаргийн зүүн элонгац: Буд гаригийг маргааш өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой болно.

Нэгдүгээр сарын 7-нд Буд гариг нь нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдах үед маш сайн ажиглах боломжтой. Хамгийн тохиромжтой цаг нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш нарнаас хамгийн их холдох буюу нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдах аж.

Мөн энэ сарын 18-нд тэргэл сар нь нартай эсрэг тохиож сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил цаг нь Улаанбаатарын 7 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болохыг тус хүрээлэнгийн цахим хуудаснаа нийтэлжээ.


2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд


1 сарын 3-ны шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар 02 цаг 35 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.

1 сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн 1–р сарын 1-5 хооронд болдог. 2022 оны хувьд 3-4 -нд шилжих шөнө оргил үе нь тохиох юм байна. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой. Их баавгай, Луу,Тариачин гэсэн 3-н одны ордны голоос солир цацрах үзэгдэл болно.

1 сарын 7. Буд гаргийн зүүн элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдах болно, өөрөөр хэлбэл Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.

1 сарын 18. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь УБ-ын цагаар 07 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 1. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 13 цаг 48 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

2 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 16. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 26.3 градусын өнцгөөр баруун холдолт буюу баруун элонгацад харагдана. Энэ үед Буд гараг маш сайн тод ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

3 сарын 3. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Нар Сарны тохиолго болно. Улаанбаатарын цагаар 01 цаг 35 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

3 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

3 сарын 20. Хаврын тэнцлийн үе. Хаврын тэнцлийн үе нь Улаанбаатарын цагаар 23 цаг 33 минутад тохионо. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, Нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, Нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг юм. Энэ тэнцлийн өдөр Нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.

3 сарын 20. Сугар гаргийн баруун элонгац. Сугар гараг нь Нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож харагдана. Энэ үед Сугар гараг маш сайн ажиглагдана. Энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

4 сарын 1. Шинэ сар. Дэлхийгээс ажиглахад Сар нь Нар талдаа байрлаж шөнийн тэнгэрт харагдахгүй. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 14 цаг 24 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

4 сарын 17. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 55 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

4 сарын 22, 23. Тэнгэрийн сан ордны солирын урсгал (Lyrids Meteor Shower). Солирын урсгалын үеэр цагт 20 тооны солир Дэлхийн агаар мандалд орж ирэн шатах үзэгдэл болдог. Анх 1861 онд нээж байсан C/1861 G1 Татчер (Thatcher) сүүлт одны үлдээсэн ул мөр болох хий тоосонцор, хэлтэрхийнүүдээс үүдэлтэй гэж үздэг. Солирын урсгал жил бүрийн 4 сарын 16-25 хооронд болдог. Энэ оны хувьд 4-р сарын 22-ны шөнөөс 23-ны өглөө хүртэл оргил үе нь ажиглагдана. Эдгээр солирын биетийн зарим нь цөөхөн секундийн турш хурц тоосны зам татуулдаг байна.

4 сарын 29. Буд гаргийн зүүн элонгац. Нарнаас 20.6 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаригийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

4 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь 20:28 UT цагт тохионо. Энэ үед Саргүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

4 сарын 30. Нарны хагас хиртэлт. Нар, Сар, Дэлхийн байрлалаас шалтгаалж Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг тусгай нарны фильтер ашиглан, нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. Номхон далайн өмнөд хэсэг болон Өмнөд Америкийн нутгуудаар ажиглагдана. Хамгийн сайн харагдах муж нь Аргентинд 53 хувьтай ажиглагдана.

5 сарын 6,7. Хумхын Эта солирын урсгал (Eta Aquarids). Энэ солирын урсгалын үеэр цагт дунджаар 60 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Тэнгэрийн өмнөд хагас бөмбөрцөгт илүү сайн идэвхтэй ажиглагддаг бол хойд хагас бөмбөрцөгт цагт 30 орчим солир ажиглагдана. Энэ урсгал нь жил бүрийн 4-р сарын 19-өөс 5-р сарын 28 хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 5-р сарын 6 шөнөөс 5-р сарын 7–ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Шөнө дундын харанхуйд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

5 сарын 16. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил нь Улаанбаатарын цагаар 12 цаг 14 минут байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

5 сарын 16. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан болж улаавтар өнгөтэй болдог. Хиртэлтийн ажиглагдах үе нь Хойд Америк, Гринланд, Атлантын далай, баруун Африк болон Европын баруун хэсэг байна.

5 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

6 сарын 14. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 52 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд эхнийх нь энэ байх юм.

6 сарын 16. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 23.2 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн зүүн тэнгэрийн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

6 сарын 21. Зуны туйлын цэг. Зуны туйлын цэг буюу Зуны Нар буцах цэг нь УБ цагаар 17 цаг 14 минут тохионо. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо.

6 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 10 цаг 52 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 14. Том Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг эллипс тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 38 минут байна. 2022 онд том тэргэл Сар 3 удаа болох ба хоёр дахь нь энэ байх юм.

7 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь Улаанбаатарын цагаар 01 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 28,29. Хумхын Делта солирын урсгал (Delta Aquarids). Энэ солирын урсгал нь цагт дунджаар 20 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн. Энэ урсгал нь жил бүрийн 7 сарын 12-өөс 8 сарын 23-ны хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 7 сарын 28-ны шөнөөс 7 сарын 29 –ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

8 сарын 12. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь УБ цагаар 09:39 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох ба гурав дахь нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

8 сарын 12,13. Тэргэрийн онгоцны солирын урсгал (Perseids). Энэ солирын урсгалыг ажиглахад маш сайн харагддаг, цагт дунджаар 60 тооны солир агаар мандалд орж ирдэг. Свипт-Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээр үүсгэгдсэн, түүнийг анх 1862 онд нээж байсан байна. Тэнгэрийн онгоц ордын солирын урсгал нь гэрэлтэй хурц солирууд (болид) ихээр ажиглагддагаараа маш алдартай юм. Урсгал нь жил бүрийн 7 сарын 17-ноос 8 сарын 24-ны хооронд болдог. Энэ жилийн хувьд том тэргэл сартай хамт тохиож байгаа учраас ажиглахад гэрэл ихтэй, тохиромж муутай байна. Шөнө дунд харанхуй үед ажиглахад тохиромжтой. Солирууд тэнгэрийн онгоцны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой юм.

8 сарын 14. Санчир гаргийн эсрэг тохиолго. Цагариган бүслүүрт Санчир гараг нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Санчир гараг болон түүний дагуул саруудыг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй болон том дурангаар Санчирын цагариган бүслүүр болон түүний гэрэлтэй цөөхөн саруудыг харж болно.

8 сарын 27. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 16 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

8 сарын 27. Буд гаргийн зүүн элонгац. Нарнаас 27.3 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолд болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаргийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

9 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 17 цаг 58 минут байна. Зарим оронд тэргэл сартай үед жил бүр эрдэнэ шишийн ургацаа хураадаг байсан учир түүний Ургацын Сар гэж нэрлэдэг байна. Ургацын Сар намрын тэнцлийн үетэй ойролцоо болдог байна.

9 сарын 16. Далай ван гаргийн эсрэг тохиолго. Усан цэнхэр аварга хийн гараг Далай ван нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Далай ван гаригийг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Далай ван гаргийг харж болно.

9 сарын 23. Намрын тэнцлийн цэг. Намрын тэнцлийн цэг нь Улаанбаатарын цагаар 09 цаг 04 минутад тохионо. Нарны цацраг экватор луу чиглэдэг ба Дэлхий дээр өдөр болон шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг. Нар тэнгэрийн хойд хагас бөмбөрцгөөс өмнөд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Энэ цэг нь Чинлүүрийн ордны эхлэл болно. Тэнгэрийн хойд хагаст намрын тэнцлийн цэгт астрономийн намрын эхний өдөр болдог бол өмнөд хагаст хаврын тэнцлийн цэг буюу астрономийн хаврын эхний өдөр болно. Энэ өдөр баруун, зүүн цэгийг нарны мандах, шингэх цэгээр нарийн тодорхойлж болно. Нар зүүний цэгт мандаж барууны цэгт жаргана гэсэн үг юм.

9-сарын 26. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 05 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

9 сарын 26. Бархасбадь гаргийн эсрэг тохиолго. Аварга хийн гараг Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Бархасбадь гараг болон түүний саруудын зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Бархасбадь гаргийн үүлэн судлуудыг нарийвчилж ажиглан харах боломжтой. Гаргийн хоёр талд гэрэлтэй тод цэгүүд болох 4 том дагуулыг сайн харж болно.

10 сарын 7. Лууны ордны солирын урсгал (Draconids). Энэ урсгал нь бага тооны солир харвадаг, цагт дунджаар 10 орчим солир үзэгдэх болно. Солирын урсгал нь 1900 онд анх нээж байсан 21P Гиасобини-Зиннер сүүлт одны үлдэгдлээр үүсгэгдсэн гэж үздэг. Жил бүрийн 10 сарын 6-10 хооронд болдог. Энэ оны хувьд оргил үе нь 7 –ны шөнө таарч байна. Хагас сартай байх тул солирыг ажиглахад саад учруулж болно. Хотын гэрлээс зайтай газар байрлаж ажиглахад тохиромжтой. Солирын урсгал нь Лууны одны ордноос цацарч харагдах боловч тэнгэрийн аль ч зүгт ажиглагдаж болно.

10 сарын 8. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 18 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

10 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ цагаар 04 цаг 55 минут байна.

10 сарын 21,22. Маралын солирын урсгал. Маралын солирын урсгал нь дундаж хэмжээ нь цагт 20 тооны солир харвадаг. Үүнийг маш эрт цагаас ажиглаж ирсэн Халле сүүлт одны үлдээсэн ул мөрнөөс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 10 сарын 2- ноос 11 сарын 7-ны хооронд болдог. Оргил үе нь 10 сарын 21 шөнөөс 22-ны өглөө ажиглагдах болж байна. Нимгэн хавирган сартай байх учир сарны нөлөө бага учир шөнө дунд харанхуй үед маш сайн харагдах болно. Солирууд нь Маралын одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

10 сарын 25. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 49 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

10 сарын 25. Нарны хагас хиртэлт. Нар ба Сарны тохиолго болох үе. Нар, Сар, Дэлхийн харилцан байрлалаас шалтгаалж, өөрөөр хэлбэл хоорондын зайнуудаас хамаарч Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг түүний тусгалыг, эсвэл тусгай нарны фильтер ашиглан нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. ОХУ-ын баруун хэсэг болон Казакстан улсын нутгуудаар ажиглагдах юм байна. Хамгийн сайн харагдах муж нь ОХУ-ын төв хэсэгт 80 хувьтай ажиглагдах юм байна.

11 сарын 4,5. Үхрийн солирын урсгал (Taurids). Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 9 сарын 7- ноос 12 сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11-р сарын 4-ны шөнө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө ихтэй. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 19:02 минут байна.

11 сарын 8. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан, цусан улаан өнгөтэй харагддаг. Хиртэлтийн ажиглагдах зурвас нь ОХУ-ын зүүн хэсэг, Япон, Австрали, Номхон далай болон Хойд Америкийн төв хэсэг байна.

11 сарын 9. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр ногоон гараг нь Дэлхийд хамгийн ойр орших үе нь шөнө дунд орой хадах үе. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гаргийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гаргийг харж болно.

11 сарын 17,18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1986 онд нээж байжээ. Солирын урсгал нь жил бүрийн 11 сарын 6-30-ны хооронд болдог. Оргил үе нь 17 шөнөөс 18-ны өглөө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй солируудын эрчмийг сулруулна. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 24. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 06 цаг 57 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

12 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 12:08 минут байна. Сар хүйтэн уур амьсгалтай байдаг учир уугуул Америкчууд хүйтэн сар гэж нэрлэдэг байсан байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байна. Түүний гадаргуу дээрх уул нурууд, цар тогоо зэргийг бага хэмжээтэй болон астрономийн дурангаар ажиглан харж болно.

12 сарын 8. Ангараг гаргийн эсрэг тохиолго. Улаан нүдэн гараг нь Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Ангараг гаргийн зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Ангараг гаргийн улаан гадаргуу дээрх зарим бараан хэсгийг ажиглан харах боломжтой.

12 сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Пэитон нэртэй бага гаргийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 7-17-ны хооронд болдог. Оргил үе нь 13 шөнөөс 14-ны өглөө хүртэл ажиглагдана. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй болон өнгөтэй солируудын гэрэлтэлтийг хааж болох юм. Гэвч Ихрийн солирын урсгал их цацардаг учир шөнө дунд харанхуй байрлалаас сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь УБ-ын цагаар 05 цаг 48 минут тохионо. Хамгийн богино өдөр урт шөнө болдог, Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг . Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.

12 сарын 21. Буд гаргийн зуун элонгац. Нарнаас 20.1 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаргийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

12 сарын 21,22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал(Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг . Үүнийг 1790 онд анх нээж байсан Туттль сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 17-25-ны хооронд болдог. Оргил үе нь 12 сарын 21 шөнөөс 22 -ны өглөө хүртэл ажиглагдах болж байна. Шинэ Сартай байх учир сарны нөлөө байхгүй тод гэрэлтэй солирууд сайн ажиглагдах болно. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Алтан мөнгөн шаргал буюу Бага долоон бурхны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 23. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

Categories
мэдээ улс-төр

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүний ёс зүйн шинэчилсэн дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн

УИХ-ын чуулганы өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

УИХ-ын гишүүн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд энэ дүрмийн гол зорилго чиглэж байна. Шинэчилсэн дүрэмд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг илүү нарийвчлан тусгажээ.

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.06) хэвлэлийн хурал хийж, уг дүрмийг олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр, “Энэ дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэх сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тусгасан. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн 5 өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг тогтоосон. УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор ёс зүйн шаардлагуудыг нарийвчлан тогтоосон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон. Түүнчлэн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглосон. Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хяналт тавьж ажиллана. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгана. Харин хуульд заасан үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Зөвхөн ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.” гэлээ.

Шинэчлэгдсэн дүрэмд УИХ-ын гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдаас эдийн засгаас хараат байдалд байх, нэр хүнд, эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, аливаа этгээдэд нөлөөлөх, хуулиар хориглосон аливаа ажил эрхлэх, цалин хөлс урамшуулал авах, цалин өгөхийг шаардахыг хориглохоор заажээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус байнгын хороо өнгөрсөн онд эрхлэх асуудлынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2021 онд нийт 7 удаа хуралдаж, 10 хууль, тогтоолын төслийг хэлэлцэн, санал дүгнэлт гаргажээ.

Тус байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Хүмүүнлэг боловсрол, Ёс зүйн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд, мөн Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажиллагсад,боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд танхимаар болон цахим хэлбэрээр оролцож, Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцсан байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд сонссон. “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий, Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.