Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүдэд онц дэглэм тогтооно

Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онц дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна.

Улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байдаг. Замын үүд боомтод онцгой дэглэм тогтоосноор Засгийн газар дараах 10 эрхтэй болно. Үүнд:

  1. Зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
  2. Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
  3. Хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох,
  4. Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт,….. нь тусгай хяналт тогтоох;
  5. Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
  6. Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
  7. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
  8. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээг өөрчлөх буюу цуцлуулах;
  9. Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
  10. Хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхээс сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх эрхтэй болох юм.

Тэгвэл тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байгаа энэ шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол даяар мал сүрэг нь шүлхийд нэрвэгдээд байхад З.Мэндсайхан сайд та ажлаа хийнэ үү!

2021 онд 17 аймгийн 90 гаруй сумын 159 голомтод малын шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн. Шүлхий өвчний голомттой байгаа аймгийн малчидтай холбогдож ярилцлаа.


Вакцины нөөцөө хангалттай бүрдүүлж, эртнээс орон нутгууддаа хуваарилсан бол арай ч иймдээ тулчихгүй байлаа

Архангай аймаг улсын хэмжээнд хамгийн олон үхэр тоолуулсан. Гэтэл шүлхий өвчин замаа алдаж, бүх сумдад тархжээ. Үүний гол шалтгааныг вакцинтай шууд холбон тайлбарлаж байна. Орон нутгийн хэмжээнд шүлхий өвчний эсрэг вакцины нөөц хомсодсоноос өвчин ийнхүү даамжирсан гэнэ. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг зарим сумдын удирдлагуудтай холбогдож тодруулахад “Ер нь хүнд байна шүү. Хөл хорио тогтоогоод байгаа хэрнээ дийлэхгүй байна. Энэ бол Засгийн газар, Хөдөө аж ахуйн яамны бодлогын алдаа. Вакцины нөөцөө хангалттай бүрдүүлж, эртнээс орон нутгууддаа хуваарилсан бол арай ч иймдээ тулчихгүй байлаа. Тэгсэн хэрнээ телевизээр “Вакцины нөөц хангалттай байгаа” гэж худлаа ярьцгаах юм. Гэтэл малчид дарга, сайд нарын ярьсанд итгээд биднээс вакцин шаардаад байна.

“Дээрээс вакцин ирүүлсэн гэсэн. Та нар яагаад хийхгүй байгаа юм. Танил талдаа хийсэн үү” гээд л үл ойлголцол, төөрөгдөл давхар давхар үүсээд байна шүү дээ. Шүлхий өвчин тархаж байгаа өөр нэг шалтгаан бол иргэд өөрсдөөсөө болоод байгаа. Шинэ жилийн баяраа тэмдэглэх гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнээс үүдэж шинээр голомтууд үүссэн. Шүлхий өвчин хүний гутал, хувцсаар хүртэл дамждаг. 20 сек/метрийн хурдтай салхилахад тархдаг. Ялангуяа зам дагасан байрлалтай айлуудын мал хамгийн түрүүнд өвчилж байна. Манай иргэд, малчид бас ухамсартай байж, хөл хорионы нөхцөлийг чанд сахимаар байгаа юм. Шүлхий туссан үхэрнүүдэд одоогоор шинж тэмдгийг нь дарах эмчилгээ л хийж байна” гэлээ.


Малчин А.Нямжаргал: Малчдаас дор боловсролтой хүмүүс мэргэжлийн яамудирддаггүй л байлтай


Архангай аймгийн Хангай сумын малчин А.Нямжаргалтай холбогдож дараахь тодруулгыг авлаа.

-Танайх хэдэн үхэртэй вэ?

-Манай хот таван айлтай. Тус бүрдээ 30-50 үхэртэй.

-Шүлхий өвчний дэгдэлт ямар байна вэ?

-Малчдын шүдний өвчин боллоо. Үнэхээр коронагаас илүү шүлхийнээс айж байна. Малчдын гол амьжиргаагаа залгуулдаг зүйл бол энэ хэдэн малын маань буян шүү дээ. Гэтэл аймшигт тахлаас илүү шүлхий өвчин Монгол орон даяар нөмөрлөө. Төр засаг нь ямар шийдвэр гаргахаа мэдэхээ байчихсан, сум орон нутаг нь тэднийхээ амыг хараад ангайсан хэдэн улс л сууна. Хөл хорио тогтоогоод ч нэмэр алга. Энэ муу шүлхий чинь салхинд туугдаад л халдварладаг айхавтар өвчин юм. Хэдэн мал, малчдыг үнэхээр туйлдуулж дууслаа.

-Өвчилсөн малыг устгалд оруулж байгаа юу?

-Манай залгаа сумдад битүү шүлхий тархчихлаа. Өмнө манай сумдад гарч байгаагүй. Одоохондоо шүлхий туссан үхэрт эмчилгээ хийгээд л байгаа. Малчдын хувьд гол итгэл найдвар нь вакцин болчихоод байна. Гэхдээ вакцин хийлгэсэн малыг зургаан сарын дараа хүнсэнд нийлүүлнэ гэсэн төр засгийн шийдвэр гарсныг малчид хүчтэй эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл арав, арваннэгдүгээр сард шүлхий тусаад эдгэрсэн малыг хавар хүнсэнд тушаах юм бол юу болох вэ. Хаврын тарчиг цагт мал тураг байх нь ойлгомжтой шүү дээ. Малчдад хамгийн их хохиролтой. Мэргэжлийн яам нь яагаад энэ зэргийг бодож, тооцоолдоггүй юм бэ. Малчдаас долоон дор боловсролтой хүмүүс суудаггүй л байлтай. Ядаж намрын цагт хүнсэнд нийлүүлбэл хэн хэндээ тустай. Мал ч тарган байна. Эдийн засгийн хувьд ч малчдад дэмтэй.

-Шүлхий тусаад эдгэрсэн малыг зургаан сарын дараа хүнсэнд нийлүүлнэ гэсэн шалтгааныг юу гэж тайлбарлаж байх юм?

-Нэгэнт шүлхий өвчин тусаад эдгэрсэн мал вирусийг нь тээгээд явж байдаг юм байна л даа. Зургаан сарын дараа сэдэрдэг гэнэ. Голомт үүсчихдэг болохоор заавал устгалд оруулах шаардлагатай гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тийм л юм бол вакциныхаа хангамжийг сайжруулах хэрэгтэй. Намар эрт өвчлөөд эдгэрсэн малаа одоо вакцинжуулах ёстой. Тэгэх юм бол ядаж намрын налгар цагт тарга тэвээрэг сайн авсан малаа хүнсэнд нийлүүлэхэд гомдох юм алга. Төр засаг өөрсдийнхөө алдаатай бодлогыг малчдад үүрүүлж болохгүй шүү дээ. Дарангуйллын хэлбэрээр бусдын хувийн өмчид дураараа халдаж байна. Малчдын сэтгэл зүй үнэхээр хүнд, бухимдалтай байгаа хэмээсэн юм.


Өмнөговь аймгийн Сэрвэй сумын засаг дарга Б.Батсайхантай ярилцав.

-Танай суманд хэзээ малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр анхны дуудлага ирсэн байх аа. Бид 2-3 хоног малыг нь үзээд шинж тэмдэг нь адилхан бол, малаас нь дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээ аймаг руу явуулж, аймгаас хотын төв лаборторид очоод эцсийн хариу гардаг юм байна лээ. Нэг долоо хоногийн дараа хариу нь ирж шүлхий гэдэг нь батлагдсан. Тэгээд хөл хорио тогтоосон.

-Тухайн үедээ өвчлөл илэрсэн малд ямар эмчилгээ хийсэн юм бэ?

-Яг заагаад тогтчихсон эмчилгээ байдаггүй юм байна лээ. Мал өөрийн дархлаагаараа эдгэдэг. Малчид өөрсдөө цагаан, шар тариа авч хийгээд байгаа.

-Мал устгалд оруулсан уу?

-Устгалд оруулаагүй. Мал өвдөж, устгалд оруулж хоргодсон зүйл байхгүй.

-Одоо малын өвчин бүрэн эдгэсэн үү. Ямар нэгэн асуудалгүй байгаа юу?

-Жаргалант, Баянгол, Хайрхан багууд эдгэсэн. Далан, Булаг багуудад шинж тэмдэгтэй малууд байгаа. Ерөнхийдөө хумисан.

-Хэрвээ малыг устгалд оруулсан тохиолдолд малчдад нөхөн төлбөр олгодог уу?

-Бид устгах арга хэмжээ авахаар болж, нөхөн төлбөрийн асуудлыг сөхсөн ч тэр нь олдохгүй юм ярьсан. Одоо ерөөсөө тийм мөнгө улсад байхгүй гэсэн. Өчнөөн мал устгана. Түүний нөхөн төлбөрт Засгийн газраас олгоход хэцүү болчихоод байгаа юм шиг байна лээ.

-Урьд нь нөхөн төлбөр өгдөг байсан уу?

-Урьд нь өөр аймгуудад гоц халдварт өвчин гарахаар устгадаг байсан. Нөхөн төлбөр олгодог байсан л гэсэн. Яг манай суманд урьд нь гарч байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна.

-Танай суманд өвөлжилт хэр байна вэ?

-Манай сумын нутаг бараан байна. Нутгийнхаа хойд хэсгээр л жаахан цастай. Бусад газраар цас байхгүй. Малын ундгүй болсон. Нэг усан дээрээ мал нь бүгд шавчихсан. Малчид нь мөс ачдаг, төвийн худгаас усаа зөөдөг. Зарим нь эндээс ёмкостиор усаа зөөх байдалтай л байна.

-Малын өвс, тэжээл хэр байгаа вэ?

-Өвс тэжээл хангалттай байгаа.


Сэрвэй сумын Засаг даргатай ярилцсаны дараа өвчлөлийн голомт болон бүртгэгдсэн Мандал-Овоо сумын малчин Х.Ууганбаатартай ярилцлаа. Түүний аюулгүй байдлын үүднээс нэрийг өөрчлөв.

-Танай малд хэзээ өвчин илэрсэн бэ?

-Арваннэгдүгээр сарын 19-нд илэрсэн.

-Аймаг, сумаас хүн ирж үзсэн үү?

-Аймгаас нэг удаа ирж үзсэн. Дээж, шинжилгээ аваад явсан. Дахиж ирээгүй.

-Танай мал вакцинд хамрагдсан байсан уу. Өвчин илэрсэн малдаа ямар эмчилгээ хийсэн бэ?

-Вакцин хийлгээгүй байсан. Улсаас вакцины хангалтаа хийж чадахгүй байх шиг байна лээ.

-Хэдэн тоо толгой малаас хэд нь өвчилсөн бэ?

-1000-аад малтай. Түүний 400-гаад нь өвчилсөн.

-Устгалд орсон уу?

-Тэр дор нь цагаан тариа хийгээд нам дарсан. Мал хүндрээгүй хөнгөн дээр нь нам дарсан. Тариа хийгээд хоёр хоноод л гайгүй болоод байсан. Арванхоёрдугаар сарын 10-нд бүх малыг вакцинд хамруулсан. Түүнээс хойш өвчлөл дахин гарсангүй.


УЛСААС ВАКЦИНЫ ХАНГАЛТЫГ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Улсын баруун хязгаарт нөхцөл байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Ховд аймагт малын гоц халдварт өвчний нөхцөл байдал хэр байна вэ?

-Өнөөдрийн байдлаар хоёр суманд малын гоц халдварт өвчин голомтлоод байна. Сүүлийн 24 цагийн мэдээллээр бусад сумдад гараагүй байна. Ховд, Дөргөн, Мянгат, Эрдэнэбүрэн, Чандмань сумдад бүртгэгдсэн.

-Малаа 100 хувь вакцинжуулж чадсан уу?

-Ховд аймгийн хэмжээнд 3.6 сая мал вакцинжуулах төлөвлөгөөтэй. Үүнээс 2.3 сая малыг вакцинжуулаад байгаа.

-Жилд хэдэн удаа малыг вакцинжуулдаг вэ. Малчид өөрсдөө вакцинаа худалдаж авч хийлгэдэг үү?

-Вакциныг улсаас үнэгүй өгдөг. Улсаас вакцины хангалтыг тэр болгон хүрэлцээтэй хийж чадахгүй байна. Яагаад гэхээр улсын хэмжээнд бүх аймгуудад халдвар гарчихсан, вакцины хэрэгцээ их байгаагаас хүрэлцээ хангамж муу байна. Манай аймгийн хувьд есдүгээр сараас хойш вакцинжуулалт хийгдээд 2.3 сая малыг вакцинжуулсан. Цаашдаа үлдсэн малаа вакцинжуулахаар төлөвлөгөө гаргаад Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн байгаа.

-Өвчилсөн малаа устгаж байгаа юу. Улсаас устгасан малын нөхөн төлбөрийг өгөхгүй байх журам гарсан юм уу?

-Нөхөн төлбөр өгөхөөр өндөр зардал гарна. Улсад нөхөн төлбөр өгөх боломж муу байна гэсэн. Улсаас нөхөн төлбөр өгөхгүй учраас малыг устгалд оруулахгүй байгаа. Тиймээс дархлаажуулж, хорио цээр тогтоох, хоёрдогч халдвараас сэргийлж халдвар илэрсэн малд антибиотик эмчилгээ хийх ажлуудыг хийж байна. Цаашдаа голомтын бүсэд нь халдвар тараахгүй байдлаар хорио цээрийн дэглэм маш хатуу тогтоох үүрэг чиглэл аваад ажиллаж байна гэсэн юм.


Увс аймгийн Зүүнхангай сумын багийн дарга дараах тодруулгыг өгсөн юм.


-Голомт болсон газруудад ямар арга хэмжээ авсан бэ?

-Тодорхой бүс тогтоогоод хөдөлгөөн хязгаарласан байгаа.

-Өвчлөл хэзээ бүртгэгдсэн бэ?

-Удаагүй. Сая нэг сар гараад бүртгэгдсэн.

-Хэдэн малд өвчлөл илэрсэн бэ?

-Цөөхөн, 10-аад малд л илэрсэн.

-Тухайн айлууд малдаа вакцин хийлгүүлсэн байсан уу?

-Хийлгээгүй байсан. Одоо хийгдэж байна.

-Сумынхаа бүх малыг 100 хувь вакцинд хамруулж чаддаг уу?

-Чадахгүй шүү дээ. Вакцин улсын хэмжээнд тасарчихсан, олдохгүй байгаа. Тэр өвчин илэрсэн айлын хэдхэн малыг л вакцинжуулах боломжтой.

-Цаашид малын гоц халдварт өвчний гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн өвчлөл гарсан айлын 25 км радиус доторх бүх айлын малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар хүсэлтээ өгчихсөн. Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс тодорхой хэмжээний вакциныг шийдэж өгнө гэсэн. Тэр айлын малыг өчигдрөөс эхлээд вакцинжуулаад дуусч байна.

-Өвчилсөн малыг яасан бэ?

-Устгасан. Цагаан зээрийн нүүдлээс шалтгаалан малд өвчлөл үүсч байна.

-Устгасан малын нөхөн олговрыг малчдад өгөх үү?

-Одоогоор тийм зүйл яригдаж эхлээгүй байна. Энэ 2-3-хан хоногийн өмнө болсон явдал. Бүх зүйл шат дарааллаараа явагдана. Вакцинжуулах, тусгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоох ажлууд хийгдэж байна. Түүний дараа нөхөн олговор зэрэг асуудлууд хуулийн дагуу явагдах ёстой.

-Устгасан малын нөхөн олговрыг төрөөс өгөхөө больсон гэх мэдээлэл байна?

-Түүнийг одоогоор мэдээгүй. Ямар ч байсан өвчтэй малынхаа асуудлыг бүрэн гүйцэд шийдээд дараагийн асуудлуудаа авч хэлэлцэнэ.

Эдгээр мэдээллээс харахад Монгол даяар мал сүрэг нь шүлхий өвчинд нэрвэгджээ. Ийм байхад өвчнийг даруйхан дарах, эмчлэх, вакцингүй сууж байгаа З.Мэндсайхан сайд та юу хийж байна вэ? Ажлаа хийнэ үү?


С.ОТГОН, М.МӨНХ

Categories
зурхай мэдээ цаг-үе

Цагаан бич өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 7, Сугар гариг. Билгийн тооллын 5, шувуун хошуут одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:16 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө 10 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Categories
баннер мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Гуравдугаар
сараас хил
гаалийн
асуудал
сайжрах
болов уу гэж
бодож байна” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

ШӨХТГ-ын
дарга Б.Бат-Эрдэнэ “Тоёота сейлс Монголиа”
компанийг торгоод зогсохгүй монополь
байдлыг нь задална” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нэг хүн, нэг намын засаглал
дэлхийд үеэ өнгөрөөсөн байна” хэмээн өгүүллээ.

СУИС-ийн Хөгжмийн
урлагийн сургуулийн
морин хуурын багш,
СТА Д.Түвшинбаяр “Үг хэлэх
эрх гэдэг
хэн нэгнийг
доромжилж
элдвээр
хэлэх эрх биш
байлтай” хэмээснийг “Амьдралын өнгө” нүүрээс уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аар Эрээн, Замын-Үүдэд
үүсээд буй нөхцөл байдал,
ачаа тээврийн бөөгнөрөл,
хил хаалттайн улмаас
бараа материалын үнэ
өссөн зэрэг шалтгааны
талаар сурвалжиллаа. Замын-Үүдийн
тээвэрчин Ж.Мөнхцэцэг “Монголын гаалийн
татварыг хятадууд өөрсдөө мэдээд
тохироод авчихдаг” гэв.

“Болор цом”-ын эзэн яруу
найрагч Б.Болорцэрэн “Мууранд дургүйцэж,
шоглох тохиолдол их гарахад
“Чөлөө учрал” шүлгээ бичсэн юм” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 86888990 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

АПУ-гийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд төгрөгөөс давав

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр тэргүүлж байна. Тус компанийн нэгж хувьцааны ханш өчигдөр өмнөх өдрийнхөөс 1.4 хувиар өсөн 1901 төгрөгт хүрэв. Ингэснээр зах зээлийнх нь үнэлгээ анх удаа 2 их наяд төгрөгөөс давсан өсөлт үзүүлэв.

Тус компанийн үнэлгээ өнгөрсөн оны 7 дугаар сард анх удаа 1 их наяд төгрөгөөс хэтэрч байсан бол 9 дүгээр сард ахин 50 хувиар нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хагас жил орчмын хугацаанд үнлгээ нь 1 их наяд төгрөгөөр дээшилжээ. Түүнчилэн өчигдөр ТОП-20 индекс 0.97 хувиар ахин 43.546.71 нэгжид хүрсэн байна. Ингэснээр хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ энэ 7 хоногт 2 дахь удаагаа 5.8 их наяд төгрөгөөс 6 их наяд төгрөгт хүрч давлаа.

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Алтангэрэлийн Дагвацэрэн

(1945-2022)

Бидний энхрий хайрт
аав, анд нөхөр, шилдэг мэргэжилтэн Алтангэрэлийн Дагвацэрэн хүнд
өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. А.Дагвацэрэн нь 1945 онд
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг болох Дулааны энгэрт малчин ард
Алтангэрэлийн гэр бүлд төрж тус сумын 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Иркутск
хотын Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетэд суралцаж уулын
инженер-геофизикч мэргэжил эзэмшсэн. Уул уурхайн салбарт тэрээр 50 жил ажиллахдаа
нэг ч удаа суурин алба хашаагүй, хээрийн геологи хайгуулын ажилд тасралтгүй
ажиллаж судалгааны ажлыг зохион байгуулан, удирдан ажиллаж байв. Ажиллах
хугацаандаа олон арван орд газар илрүүлэн нээж, эх орондоо хувь нэмрээ оруулсан
гавьяатай хүн билээ. Тухайлбал, 1978 онд Оюу толгойн зэсийн илрэлийн районд
хийсэн геологи-геофизикийн судалгаа, 1980 онд Таван толгойн чулуун нүүрсний
ордын районд хийсэн геофизикийн судалгаа, Баян-Эрхэтийн битумын илрэлд хийсэн
геофизикийн судалгааны ажил, 1989 онд Тамсагийн Хотосын геофизикийн комплекс
судалгааны ажил, 1988-1991 онуудад Хэрлэн голын сав газрын Нялгын хөндий,
Төгрөг Дэлгэрхаан, Баянбулагийн хотгоруудад хийсэн нефтийн судалгааны
геофизикийн ажил, 1999 Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Өлтийн талбайн
Хүрэн хошуу, Цагаан толгойн сайрын алтны ордын хайгуул гэх зэрэг олон ажлуудыг
удирдан гүйцэтгэсэн. Эдгээр орд газруудаас ихэнхи нь үйлдвэрлэлд нэвтрэн Монгол
Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Таван толгойн
ордын хайгуул хийж байх он жилүүдэд нүүрсний эрлийн ажил явуулж ордын зүүн талд
Бор толгойн, ордоос хойш Ухаа худагийн нүүрсний илрэлийг анх тогтоож хайгуулд
шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид үр өгөөжийг нь
хүртсээр байгаа билээ. А.Дагвацэрэнгийн нөр их хөдөлмөрийг төр засгаас өндрөөр
үнэлж “Тавдугаар таван жилийн гавшгайч”, “Тэргүүний геологич”, “Хөдөлмөрийн
хүндэт медаль”, төрийн шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж урамшуулсан юм. Мөн
тэрээр өөрийн замналаар худал хуурмаггүй таван зөв хүнийг нийгэмдээ төрүүлж,
өсгөсөн өрх толгойлсон эцэг хүн. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигтээ
сайн сайхны төлөөх уйгагүй тэмцэл, сурч мэдэх хүсэл тэмүүллийн эх булаг байлаа.
Та минь эцсийн мөчөө хүртэл танин мэдэх, судалж дүгнэх ажил хийж байсан нь үр хүүхэд,
хойч үедээ үнэлж баршгүй үлгэр дуурайлал боллоо.

Та минь хөх тэнгэртээ амар
амгалан нойрс доо. Ум сайн амгалан болтугай.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хороо, Монголын геологийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Дорнод Монголын хайгуулчдын холбоо, Геологи-Уул уурхайн салбарын ахмадын холбоо

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 оны жилийн эцэст Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ.

Төв аймгийн Баянжаргалан, Архуст, Аргалант сумын мал таван төрөл дээр өссөн ба 2021 оны мал тооллогын дүнгээр Төв аймаг 3662 тэмээ, 356871 адуу, 319567 үхэр, 2.534.444 хонь, 1.529.554 ямаа тоолуулж, малын тоогоор улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Categories
мэдээ эдийн-засаг

Итали руу боловсруулсан шир, самнасан ноолуур экспортолжээ

Гадаад худалдааны 2021 оны гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас танилцуулав.

Экспортын 258519, импортын 246012 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн дараах гүйцэтгэлийг гаргасан байна. Үүнээс тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 12620, импортын 4093 мэдүүлэг байжээ.

2021 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 16095.8 сая ам.доллар болж, 2020 оны мөн үеэс 3220.5 сая ам.доллар буюу 25 хувиар өсчээ.

Экспорт импортын дүнгээс 2398.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 9247.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн байна. Экспортын барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд

  • Эрдэс бүтээгдэхүүн 7516.0 сая ам.доллар буюу 81 хувь;
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 89 сая ам. доллар буюу 1.0 хувь;
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 1025.4 сая ам. доллар буюу 11.1 хувь; Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 47 сая ам.доллар буюу 0.5 хувь;

Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 370.7 сая ам.доллар буюу 4.0 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 97 хувийг эзэлж байна.

2021 онд экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 92 хувийг БНХАУ-д; жоншны 72.6 хувийг БНХАУ-д, 27.4 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 84.3 хувийг Италид, самнасан ноолуурын 70.0 хувийг Италид, 14.4 хувийг Их Британид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 15.4 хувийг БНСУ-д, 84.6 хувийг Швейцарт тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.0 хувийг эзэлж байна.

Монгол улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос
БНХАУ-д 82.6 хувь,
Швейцарт 9.4 хувь,
Сингапурт 2.8 хувь,
БНСУ-д 2.4 хувь тус тус ногдож, нийт экспортын 97 хувийг дээрх орнууд эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Баасанхүү: Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон


Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.


Энэ удаа Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос сонгогдсон депутат Дуламсүрэнгийн Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.

-30 жилийн өмнө шинэ Үндсэн хууль батлах хувь ерөөл хэрхэн тохиож байснаас яриагаа эхлэх үү?

-Би Баянхонгор аймгийн харьяат. Гэхдээ 1973 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд нөхрөө дагаад Увс аймагт очиж ажиллаж, амьдарсан. Аймгийн төв эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 жил тогтвор суурьшилтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүний төлөө хөдөлмөрлөснийг маань нутгийн олон дэмжиж намайг АИХ-ын депутатаар 359 дүгээр тойрог буюу Увс аймгаас сонгосон гэж бодож явдаг.

Тухайн үеийн сонгууль жинхэнэ ардчилсан шударга болсон. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхдээ “Улс орны хөгжил зогсонги байдалд орлоо, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж л ярьж явсан болохоос элдэв мөнгө төгрөг, амлалт өгнө гэсэн ойлголт байгаагүй. Сонгогчид ч өөрсдийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч байлаа.

Анхны ардчилсан сонгуульд манай тойрогт 10 гаруй хүн нэр дэвшин өрсөлдсөн. Миний хувьд сонгогчдын 50 гаруй хувийн саналаар сонгуульд ялалт байгуулсан санагдана. Тэр үед нутгийн олон түмэн надад асар их итгэл найдвар хүлээлгэж байна даа гэж бодогдож байсан. Ингэж л АИХ-ын депутатаар сонгогдсон 430 төлөөлөгчийн есөн эмэгтэйн нэг болж билээ.

Одоо эргээд бодоход Үндсэн хууль батлалцах аз завшаан хэн хүний амьдралд тэр бүр тохиохгүй. Тиймээс би өөрийгөө их хувьтай хүн гэж бодож явдаг. Увс нутгийн зон олны надад хүртээсэн эрхэм шагнал минь байгаа юм.

-Үндсэн хууль батлагдах хүртэлх зам мөр амаргүй байсан гэдэг. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Үндсэн хуулийг 76 хоногийн турш өдөр, шөнөгүй хэлэлцэж баталсан гэхээр ямар их хөдөлмөр шингэсэн нь харагдах биз. Үндсэн хуулийн төслийн бүх заалтыг үг, өгүүлбэрээр нь хэлэлцэнэ. Нэг заалт дээр гэхэд дор хаяж 5-10 хүн санал хэлнэ. 20 хүн ч үг хэлж, байр сууриа илэрхийлэх тохиолдол бишгүй. Зарим заалт дээр МАХН, АН, бусад улс төрийн холбоо, хүчний төлөөллүүдийн санал бодол зөрөлдөх нь энүүхэнд. Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гуайн ааш аягийг барахаараа нэг болсон доо, хөөрхий.

Тодорхой сайн санахгүй байна. Нэг асуудал дээр лав талууд санал зөрөлдөөд бүр зөрүүдлээд таг суусан. Ж.Уртнасан дарга арга ядаад “Би 2 цаг хурал хаялаа” гээд яваад өгсөн. Бид ч даргыгаа уурлуулаад хурал завсарлуулсан одоо яах бол доо гээд бодоод сууж байлаа. Гэтэл дарга хурал хаясан ч юм биш, цаагуураа улс төрийн төлөөллүүдтэй зөвшилцөл хийгээд гацсан асуудлыг шийдээд орж ирээд баталж байсан нь санаанд тодхон үлджээ.

Хуралдаан өглөө 09 цагт эхлээд үдийн цайндаа орох гэж л завсарлаад оройд ихэнхдээ цаг сунгаж хуралддаг байсан. Шөнөдөө л байрлаж буй зочид буудлынхаа барааг харах нь бишгүй.

-Яг ямар заалт дээр хуралдаан сунжирч байсан бол…?

-Ялангуяа нэр, томьёон дээр олон талаас нь ярилцаж, цаг сунжирдаг байсан санагдана. Тухайлбал, улсынхаа нэршил дээр их мэтгэлцсэн, багагүй хугацаа ч зарцуулсан. Зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь ангийн ялгааг дөвийлгөсөн нэршил байгаа юм энэ тэр гээд байр суурь илэрхийлж байлаа. Миний санаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх гуай “Би тив дэлхий, олимпын олон уралдаан, тэмцээнд оролцож байлаа. Намайг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баянмөнх гэдэггүй, Монгол Улсын л гэж хэлдэг юм, Тиймээс Монгол Улс гэх нь зөв” гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ.

Бас Үндсэн хуулийг юу гэж нэрлэх вэ гэдэг дээр мөн ч их мэтгэлцсэн. Эхлээд Их цааз гэж нэрлэнэ гэж байснаа Их засаг хууль гэж нэрлэхээр болж өөрчлөгдсөнөө хамгийн сүүлд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэр томьёон дээрээ тогтсон.

Энэхүү өөрчлөлт бүрийн цаана Ажлын хэсгийнхэн, арын албаныхан нойр хоолгүй ажиллаж байсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хуулийн төсөл өөрчлөгдөх бүрд тэд дэмжигдсэн саналыг тусгасан эхийг шөнөжин бэлтгээд өглөө гэхэд бидэнд бэлэн болгож тарааж өгдөг байлаа. Яаж тэгж бэлэн байдлыг хангаж ажилласныг нь үнэхээр гайхдаг байсан шүү. Ажлын хэсгийнхэн үнэхээр хүнд нөхцөлд ажилласан гэж боддог.

-Үндсэн хуульд өөрийн саналаа тусгах, бусдаар дэмжүүлэх гээд хөшигний ард үйл явдал багагүй өрнөнө биз. Танд тийм явдал тохиож байсан уу?

Тэгэлгүй яахав. Ардын Их Хуралд 9 эмэгтэй гишүүн байсан гэж ярьсан даа. Бид хэд нэг бүлэг болоод зарим асуудалд үзэл бодлоо нэгтгэн, саналын томьёоллоо бэлтгэж явуулдаг байсан. Үүнээс гадна эмч нарын төлөөлөл болсон 22 депутат нэгдэж нэг цул болж тодорхой асуудалд саналаа нэгтгэдэг байлаа. Их эмч нарын тэр бүлгийг Г.Зуунай гуай ахална. Төрийн ордны 2 давхарт байрлах Г.Зуунай гуайн өрөөнд бид нар байсхийгээд цуглаж, тангараг өргөн ажилладаг эмч нарын ажлын нөхцөл, хүний эрхийнх нь хэм хэмжээний талаар их ярилцдаг байсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд олон нийтийн оролцоо, тэгш эрхийг хангаж тусгахын тулд депутатууд үзэл бодлоо уралдуулж, нэгдэх, зөрчилдөх гээд олон янзын давааг давж байж Үндсэн хуулиа баталж билээ.

-Та бүхний баталсан Үндсэн хуульд нэг биш удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа. Энэ талаарх таны байр суурь…?

-Хууль ард түмний бодит амьдралаас ургаж гардаг. Гэтэл хүний амьдрал өөрөө баялаг. Нийгмийн шаардлага, улс орны хөгжлөөс хамаараад хууль нь амьдралтайгаа зөрчилдөх, өөрчлөх, нэмэлт оруулах зайлшгүй нөхцөл байдал бий болно. Энэ бол зүйн хэрэг. Энэ утгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарч ирнэ.

Гэхдээ Үндсэн хуулийн гол ноён нуруу, амин сүнс нь өөрөө их агуу зүйл байгаа юм. Ялангуяа Үндсэн хуулиар хүний эрхийг хангах, эрх чөлөөг баталгаатай болгож, маш тодорхой заалтуудыг тусгасан.

-Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдах тэр агшинд юу бодогдож байсан бол…

– Улс орны нийгэм, эдийн засаг хүнд тэрхүү цаг үед Үндсэн хуулиа баталж чадах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байсан. Тухайн үеийн шар хэвлэлүүдэд хүртэл АИХ-ын депутатууд дахиад хэрэлдээд уналаа, тэд Үндсэн хууль баталж чадахгүй, тарсан нь дээр гэж ирээд янз бүрээр бичдэг байлаа.

Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл болж байсан. Зарим үед маргаантай асуудлаас болоод төлөөлөгчид, улс төрийн намын бүлэг холбоодууд хоорондоо ширүүн зөрчилдөнө, завсарлага авна, нэг асуудлаас болж хуралдаан хэд хоногоор гацна. Яг энэ үед бид Үндсэн хуулиа баталж чадахгүй тарах юм биш байгаа гэж хүртэл бодогдож байсныг нуугаад яахав.

Гэтэл энэ бүх бэрхшээл давааны ард гарч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд гуай Үндсэн хуулийн эхийг бариад зогсох тэр мөч үнэхээр сайхан байсан. Үндсэн хуулиа батласан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон.

– Та Үндсэн хууль баталсны ач холбогдлыг цөөхөн үгээр илэрхийлээч гэвэл…?

-Бид улс төрийн нэг системээс нөгөө системрүү Үндсэн хуулийн замаар л шилжсэн. Шилжилтийн үеийг зохицуулсан амин чухал хууль болсноороо ач холбогдолтой.

Эх сурвалж: Parliament.mn