ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаатай ярилцлаа. Тэрээр шашин судлалаар гадаадад боловсрол эзэмшсэн цөөн судлаачийн нэг юм.
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхэн өдрийг саяхан бид тэмдэглэлээ. Энэ том үйл явдал бол бурханы шашинтай салшгүй холбоотой. Тиймээс тантай бурханы шашны талаар голлож ярилцахыг хүсч байна. Гэхдээ өмнө нь шашны урсгалууд манайд хэрхэн дэлгэрч байгааг товч сонирхмоор байна?
-Дэлхий дээр 200 гаруй улс үндэстний найман тэрбум орчим хүн байна. Эдгээр хүн төрөлхтнөөс олон жилийн түүхтэй итгэл үнэмшлээ дагадаг үндэстэн байна, сүүлд шинээр шашин шүтлэгээ өөрчлөөд дагадаг болсон нь ч байна. Дэлхийн хүн амын 85 хувь нь ямар нэгэн шашин шүтдэг гэсэн тоон судалгаа байдаг. Харин үлдсэн 15 хувь нь шашин шүтдэггүй, эс бөгөөс аттист буюу бурхан тэнгэр байдаггүй гэж үздэг нэг хэсэг байна гэсэн үг. Үүнээс хамгийн олон дагагчтай шашин бол Христийн шашин. Хамгийн багадаа 2.5-2.6 тэрбум хүн шүтдэг. Исламын шашныг мөн л хоёр тэрбум орчим хүн шүтдэг байх жишээний. Хиндү буюу энэтхэг шашныг 1.2 сая хүн шүтэж байгаа бол бурханы шашны талаарх судалгаанууд өөр, өөр хэлдэг боловч дунджаар 500-600 сая хүн шүтдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр шашныг зонхилох шашин гэж хэлээд байгаа юм. Хүн яагаад шашин шүтдэг юм, шашин шүтэхийн ач холбогдол, утга учир юу болохыг шашин судлалын шинжлэх ухаан судалдаг. Энэ олон шашны социологийг, гүн ухааныг, түүхийг, анторопологийг, сүүлийн үеийн шинэ хандлага болох улс төр, эдийн засгийг судалдаг чиг хандлагууд шашин судлалын шинжлэх ухаан дотор байдаг. Үүгээр мэргэшсэн хүнийг шашин судлаач гэж байгаа юм. Миний хувьд 20 гаруй жилийн өмнөөс АНУ-д шашин судлалын чиглэлээр мэргэшиж ажиллаж ирлээ.
Шашин судлалын хувьд дэлхий дээр ийм байдаг гэдгийг бид социализмын 70 жилд маш дутуу судалсан үндэстэн. Учир нь социалист үзэл баримтлал шашингүйн үзэлтэй шүү дээ. Марксист онолоор бүтээгч эзэн гэж байхгүй гэж үздэг, түүнийг 70 жил манайд номлочихсон.
Үүнээс өмнөх 450 орчим жилийн хугацаанд Монголд бурханы шашин дотроо Түвдийн бурханы шашны гэлүгба буюу шар малгайтны шашныг дагаж мөрдөж эхэлсэн. 1578 онд зургадугаар Далай лам Содномжамц Түмэдийн Алтан хаан, Халхын Алтай хааны урилгаар Өмнөд Монгол, Халхад ирж шашин номыг дэлгэрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш 450 жил энэ шашнаа шүтээд явж байсан үндэстэн социализмын 70 жилд орохдоо хэлмэгдүүлэлтээр хамаг юмаа устгуулсан. Лам нар, сүм хийдээ, бурхан шүтээн, тахил, ном судраа, үнэт зүйл, соёлоо устгалаа. Ингээд 1990 онтой золгож Монгол Улс ардчилсан улс болж, бие дааж, хүний эрхийг дээдэлж, бүх юм нь сэргээд ирсэн. Үүнтэй зэрэгцээд уламжлалт шашин нь ч сэргэсэн. Нөгөө талаас ардчилсан улс учраас гадны шашны томоохон байгууллагууд бодлогоор номлогчдоо явуулж монголчуудыг өөрийнхөө шашинд оруулж эхэлсэн. Ийм үзэгдэл 32 жил явж байна.
Одоо эргээд харахаар хүн амын тодорхой хувь нь христийн шашин, исламын шашин, бурханы шашин шүтдэг төлөөллүүд бий болчихлоо. Бүр шинэ үеийн шашин шүтдэггүй залуусын төлөөлөл ч байна. Шинэ шашны хөдөлгөөн, түүнийг дагаж байгаа хүмүүсийн байгууллага, сүм хийд, цуглаанууд ч байх жишээтэй. Эндээс ямар сонин дүр зураг гарч байна вэ гэхээр сүүлийн 30 жил Монгол Улс дахь шашны харилцаа маш сул зохицуулалттай явжээ.
-1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны хуулиар л явж байгаа шүү дээ?
-30 жилийн өмнөх энэ хуулиар өнөөдрийн шашны харилцааг зохицуулах боломжгүй болсон гэсэн үг. Тийм биз. Шинэчлэгдэх, өөрчлөгдөх ёстой. Эрх зүйн зохицуулалт үр нөлөөтэй байх ёстой. Нөгөө талаас шашны байгууллагуудын үйл ажиллагаа орчин үеийн иргэний нийгмийн оролцоон дээр давамгайлсан ил тод, буцаад ард түмэнд тайлагнадаг шашны байгууллага гэж байхгүй байна. Энэ нь тэдний үйл ажиллагаа хоцрогдож байна гэсэн үг. Ямар бодлого үйл ажиллагаа явуулдаг, хаанаас ямар санхүүжилтийн эх үүсвэр авдаг, үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа ил байлгадаг эсэх, нийгэмд тустай ажлуудад санхүүжилтээ зарцуулдаг гэсэн тайлантай шашны байгууллага байхгүй гэж болохоор байгаа юм. Тийм ч учраас төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд Монгол Улс дахь шашны төлөв байдлын судалгаа хийх болохоор бүх мэдээлэл нь зөрдөг. Нийтдээ ийм замбараагүй байдал үүсчихээд байгаа нь нууц биш.
-Шашин гэдэг хүний үзэл санаатай холбоотой болохоор эмзэг асуудал. Шашны үүрэг чухам яг юу юм бэ?
-Маш чухал асуулт. Ер нь шашин хүнд болоод нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгийг эхэлж хэлэх ёстой. Шинжлэх ухааны үүднээс судлаад үзэхээр хэд, хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Манайхан шиг монгол хэл, монгол нүүдэлчдийн соёл, буддын шашин давамгайлсан хүн ам цөөтэй улс үндэстэнд ялангуяа шашны эерэг нөлөө ихээхэн байдаг. Нэгдүгээрт, бурханы шашин олонхийн эв нэгдлийг хангаж байна. Үзэл бодол, шашин шүтлэг, соёл, хэл, түүх нэгдмэл шинжтэй зүйлийн гол цөм нь бурханы шашин болж байдаг.
Эв нэгдлээс гадна өнөөдрийн амьдарч байгаа нийгэмд шашны бас нэг өвөрмөц үүрэг нь монгол соёл иргэншлийг хэдэн мянган жил өвлүүлж ирсэн том хүчин зүйл нь шашинтай холбоотой. Сар шинийн баяр, аав ээжийгээ хүндэтгэх, хүүхэд төрөхөд нэр авах, бие биендээ туслах соёлын үнэт зүйлсийг тээгч нь уламжлалт бурханы шашин. Дэлхийд алдартай Занабазарын бүтээлүүд гэхэд шашинтай л холбоотой. Нас эцэслэхэд шашны зан үйл явж л байдаг. Энэ бол соёлын үр нөлөө үзүүлж байна гэсэн үг.
Өнөөгийн орчин үеийн нийгэмд шашны үүргийг тодотгосон шинэ ойлголт бол ёс зүй. Хувь хүний ёс зүй гэхээс гадна иргэний нийгмийн ёс зүй шашинтай холбоотой байдаг. Аль ч шашинд ихэвчлэн худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй, байгаль дэлхийгээ бузарлаж болохгүй, нэгнээ хуурч болохгүй, хэт их шуналтай байж болохгүй, өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг золиослож болохгүй гэх мэт суурь сургааль номлол, үзэл баримтлал нь бас байдаг.
Эдгээр чухал үүргүүдээс гадна сүүлийн үед шинжлэх ухаантай холбоотой үр нөлөөлөл ч бий болж байна. Тэр нь уламжлалт бурханы шашин сэтгэл зүй хоёрын холбоо. Жишээ нь, эм, химийн бодис уухгүйгээр бясалгал хийж стрессийг багасгаж байна. Амьсгалын дасгал буюу төвлөрөл хийж байж депрессээ арилгаж байна. Сэтгэл санаа амар амгалан болж, биеийн дархлаа дээрдэж байгааг шинжлэх ухаан баталчихсан. Нейросайнс буюу тархи судлал үүнийг батлаад байна. Тэр битгий хэл эмэгтэйчүүд дэглэм барихгүйгээр, химийн бодис хэрэглэхгүйгээр турдаг арга бясалгалд байгааг нейросайнс баталчихлаа шүү дээ.
-Манай бурханы шашныхан дотроо зөрчилддөг болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Шинжлэх ухааны хөгжил талаас энэ нь хэр зөв юм бэ?
-Харамсалтай нь өнөөдрийн бурханы шашин маань заримдаа дотроо эсрэг тэсрэг байр суурьтай, нэгдсэн бодлогогүй, алсыг харсан зорилго зорилтгүй, бурханы шашны соёл хөгжлийнхөө хамтарч юм хийж чадахгүй асуудал гарч ирээд байна. Гэхдээ үүнийг нийгмийг цочроосон хүнд асуудал гэж харахгүй байгаа. Нийгмийн эволюци явагдаж л байгаа бол аливаа зүйлд шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй болдог. Аливаа зүйл хувирч өөрлөгдөж сайжрах ёстой. Судлаачийн хувиар энэ бол явагдах ёстой үйл явц гэж хэлнэ.
Үүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд төр шууд оролцож болохгүй асуудал. Учир нь Монгол Улс Үндсэн хуулиасаа эхлээд төр, шашин хоёр тусдаа гээд зааглачихсан. Түүнийг нь зохицуулж байгаа хууль ч байгаа. Харин хоёр талд гараад байгаа улс харилцан нүүр тулж ярилцаад Монголын бурханы шашин соёлын эрх ашгийн төлөө ийм өөрчлөлтийг хийе, ингэж хурал цуглаанаа хийе гэж яриад шийдэх ёстой асуудал. Өнөөдрийн төр бодлогынхоо хүрээнд үүнийг зохицуулалтаар дэмжих ёстой. Манайд ганцхан эрх ашиг бий. Тэр нь Монгол Улсын үндэсний эрх ашиг. Үүн дээр нэг хүний, нэг хэсэг хүний эрх ашиг яригдах ёсгүй.
-Гэтэл лам нараас эхлээд зулын гол болно гэх яриа гарах боллоо. Шашны том зүтгэлтнүүдийн энэ үйлдлийн үр дагавар сайнгүй болов уу гэх эмзэглэл байна?
-Түүнийг мэдээгээр харсан. Ялангуяа энэ мэдэгдэл нийгмийн сүлжээнд газар аваад яваад байх шиг байна. 3.4 сая хүн амтай, 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, цөөхөн мөртлөө байгалийн баялаг ихтэй, мал хөдөө аж ахуй хөгжих бүрэн боломжтой, хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучуудтай Монголд лам хүн битгий хэл энгийн хүн зулын гол болчих шалтаг шалтгаан, далим харагдахгүй байна.
Ардчилалгүй маш олон газар оронд шашин битгий хэл хүний эрхийн ноцтой зөрчилтэй байна. Маш олон улсад идэх хоол, уух усгүй, өмсөх хувцасгүй ядуу зүдүү амьдарч байгаа хүмүүс байна.
Монгол шиг жинхэнэ утгаараа бие даасан, тусгаар тогтносон, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, хөгжлийн чиг баримжаатай улс оронд төрчихөөд асуудал болохгүй байна гэвэл амьдралаас уйдсан хүний үг. Нөгөө талаар тийм агуулга ярьж байгаа хүмүүс нэг зүйлийг анхаарах ёстой. Тэр хүмүүсийн үг үйлдэл ямар олонд хүнд хүрэх вэ. Түүнээс ямар сөрөг үр дагавар гарахыг хариуцлагатай бодох хэрэгтэй. Тэр хүний шавь нар, учиргүй итгэдэг хүн байх юм бол “Яана аа багш зулын гол боллоо, би ч больё”, “Энэ чинь мундаг лам юм гэнэ лээ. Болохгүй байгаа бол зулын гол болдог юм байна, бусад нь ч больё” гээд уриалаад унавал яана. Ер нь ард түмэн гэдэг үймэх, сандрах үедээ маш амархан сандардаг. Хүн гэдэг байгалийн, нийгмийн амьтныхаа хувьд бие биедээ маш хурдан сөргөөр нөлөөлж чаддаг.
-Шарын шашин монголчуудын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч хүнд цаг үед монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж байгаа нь бурханы шашин л байна шүү дээ?
-Дэлхийн зонхилох шашнууд өөр, өөр газар оронд өөр, өөр соёл иргэншилтэй, хэл түүхтэй улсуудын дунд хөгжихдөө тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энэтхэгээс эхлэлтэй бурханы шашин 2000-аад жилийн өмнө Төв Азиар торгоны зам дамжаад нүүдэлчдийн нутаг дэвсгэрт ирж танигдаж байсан хязгаарлагдмал эх сурвалжийн мэдээ мэдээллүүд байдаг.
Харин юу үнэн бэ гэхээр Их Монгол гүрэн, ялангуяа Чингисийн дараагийн үеийн Юань гүрэнд Энэтхэгээс гаралтай бурханы шашин Түвдээр дамжсан Гаржүдба сажава урсгалыг авч дэлгэрүүлж байсан баримтууд нэлээд байгаа. Энэ бол их сонин. Энэ урсгалыг нэлээд чинээлэг язгууртан хүмүүс шүтэж байсан гэдэг. Энэ бол түүх.
Юань гүрэн чадалтай бяртай, бусдыг өмнөө сөхрүүлж байсан тэр үеийн хамгийн хүчирхэг гүрэн байсан. Гэтэл XV, XVI зуунаас эхлээд монголчуудын бага хаадын үе, хоорондын хагарал бутрал гараад ирэхтэй зэрэгцээд үүнийг зогсоох, эв нэгдлийг сэргээх зүйл Энэтхэгээс Төвдөөр дамжсан Богд Зонховын үүсгэн байгуулсан гэлүгба буюу шар малгайтны шашин монголчуудыг нэгтгэж чадсан.
Энэ бол Монголд эгзэгтэй үе байсан. Хятад хэл, ханз бичгийг аваагүй, Хятадын бурханы шашныг аваагүй, хятад хоол унд, хувцас хунарыг ч аваагүй. Харин Түвдийн бурханы шашныг авч өөриймшүүлж чадсан үндэстэн бол Монгол. Тэр үеийн Өмнөд Монгол, халх, баруун монголчууд хатуу зогсч чадсан. Энэ нөхцөл байдлыг харахаар тухайн үедээ уламжлалт бурханы шашин том үүрэг гүйцэтгэж байжээ.
Сүүлд гарсан Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт нарын зөрчил бол улс төрийн асуудал. Аль нь Манжид дагаар орох вэ, орохгүй байх вэ гэдэг асуудал байсан. Энэ бол шашны зөрчил биш. Тэр битгий хэл Өндөр гэгээн, Галдан бошигт хоёр нэг багшийн шавь нар байсан. Ийм үед монголчуудын эв нэгдэл, ялангуяа Мин улсын үеийн Хятадын соёл иргэншлийн нөлөөнд автахгүй байх, дараа нь Чин буюу Манж гүрний үеийн соёл иргэншлийн нөлөөнд автахгүй байхад бурханы шашин томоохон эерэг сайн үүрэг гүйцэтгэж байсан гэж хэлж болно.
-Шарын шашин мунхруулагч, завхарлаа, туйлдлаа гэх хүмүүс гарах болсон. Тэдний зөв үү?
-Ингэж ярьж, хэлж, бичиж байгаа хүмүүсийн ихэнх нь социализмын үед марксист үзэл суртлаар хүмүүжсэн байдаг. Яах вэ, шүүмжлэх юмнууд байна. Уламжлалт бурханы шашинд анхаарах, засах, хоцрогдсон юм бий.
Гэхдээ энэ чинь хэдэн зуун жил бидний соёл, түүх, сэтгэлгээний нэг хэсэг аль хэдийнэ болчихож. Монгол хүнийг хятад, орос хүнээс ялгаж байгаа том ялгаа энэ байна. Нөгөө талдаа бас нэг том геополитикийн хүчин зүйл байна гэж судлаач хүний хувьд хардаг. Энэ нь манай урд талд 1.4 тэрбум хүнтэй Хятадын соёл иргэншил байна. Хятад бол том гүрэн. Зөвхөн том гүрэн гэдгээс гадна тэр соёл иргэншлийн нөлөө гэдэг асар хүчтэй. Аливаа улс үндэстэн хүчирхэг болох тусмаа бүх бодлого чиглэлээ хүчтэй байлгахыг хүсдэг. Энгийнээр хэлэхэд бүх “фронтоор” байлдахад бэлэн болдог. Тийм учраас өнөөдрийн БНХАУ-ын шашны талаар баримталж байгаа бодлогыг хар л даа. Маш их мөнгө хаяж байна, маш их олон улсын хурал зохиож, маш олон хүнээр, улс үндэстнээр өөрийнхөө бодлогыг хүлээн зөвшөөрүүлж байна.
Манай хойно 150 сая хүн амтай, үнэн алдартны буюу христийн шашны гурван урсгалын нэг ортодокс хэлбэрийг өөриймшүүлээд авсан үндэстэн байна.
Мөн баруун талд Баян-Өлгийгөөс цааш Төв Азийн таван стан улсуудаас эхлэлтэй исламын шашинтай 2.4 орчим орчим тэрбум хүн амтай исламын соёл иргэншил байна. Гэтэл тэдний дунд 3.4 сая хүн амтай, хаана ч давтагдашгүй бурханы шашинтай, гадны шашны нөлөө, зан үйл, гүн ухаан, итгэл үнэмшилд амархан автагдахгүй дархлаа болоод үлдчихсэн үндэстэн Монгол байна шүү дээ. Ингээд харахаар монголчууд бас азтай, сонин хувь тохиолтой үндэстэн. Тэр дотроо Буриад, Халимаг, Тува, Шинжаан Уйгарт байгаа баруун монголчуудын үр удам, өвөрлөгчид байгаа монголчууд, зүүн Монгол барга, цахар гээд үзэхээр нийтдээ 10 гаруй сая монголчууд байна. Тэр 10 гаруй сая дотроос зөвхөн 3.4 сая нь бие даасан тусгаар улс. Бусад зургаа, долоон сая нь биднийг хамгаалж байна. Ийм байхад зулын гол хэн болохыг хүсэх вэ.
-Богд Жавзандамбыг төр барих үед “Богд Жавзандамбын шашин” гэж тухайн үед эхлүүлэх санаачилга гарч байсан гэдэг. Тэр шашин нь ямар онцлогтой, цаад мөн чанар нь ямар шашин байсан юм бэ?
-Жононба Өндөр Гэгээнийг тодруулахад Жонон дарамтын хувилгаан гэдгээр тодруулж байсан байдаг. Нэг ёсондоо бие махбодоор биш, хуучин шашин уламжлалаар өндөр гэгээний өмнөх дүрийг Жонон дарам гэдэг хүн байжээ. Тэр хүн Түвдэд болон Энэтхэгт олон хувилсан дүртэй байсан. Түвдийн бурханы шашин дотроо гэлүгба урсгалын нэг хэсэг. Зарим сургаал номлол, зохиол тайлбарын хувьд л өөр. Гүн ухаан, суралцахуйн ухаан зэргийн тайлбарт жононгийн урсгал гэж гарч байсан төдий. Түүнээс биш айхавтар ялгаагүй.
-X Богдыг тодруулах асуудал багагүй хугацаанд яригдаж байна.
-Чингисийн удмын Өндөр гэгээн Занабазараас эхлээд I Богд гэж тодроод эхний хоёр Богд Жавзандамба хутагт монгол хүн байсан. 3-9 хүртэлх нь төвд хүн байсан. Энэ бол тухайн үеийн Манжийн бодлого шүү дээ. Богд Жавзандамба хутагт 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсыг Манжаас тусгаарлаж өөрийн Засгийн газрыг байгуулж байсан. Түвд хүн гэхэд Монгол орны төлөө цохилох зүрхтэй хүн байжээ. Гэвч 1924 оны тавдугаар сард учир битүүлгээр нас барсан. Богдыг дөнгөж нас барсны дараахан Бүгд найрамдах улс буюу хойноос зохиогчтой Үндсэн хуулийг Монголд хүчээр оруулж ирсэн байдаг. Ер нь жижигхэн Монголын хувь заяаг том хөршүүд өмнөөс нь шийдэх юм их байсан шүү дээ, түүхэнд. Ингээд 1990 он гарлаа. Монголын нийт хүн амын 70 гаруй хувь нь шашин шүтлэгтэй гэж үздэг судалгаа байна. Үүний 60 гаруй хувь нь бурханы шашинтай гэж үздэг. Нэгэнт л хүн амын олонхид уламжлалт шашин зонхилох байр суурийг эзэлж итгэл үнэмшил төрүүлж байгаа учраас сүсэгтэн олон дараагийнхаа Богдыг тодруулж залмаар байна гэсэн хүсэлт гаргадаг. Энэ нь бие даасан тусгаар улсын дотоод хэрэг. Хэн нэгэн хүн гадны нөлөөгөөр хийдэг ажил биш. Монголчууд өөрсдөө хийх ёстой чухал ажил.
Богдын X дүрийн асуудал яригдаад удлаа, хэзээ тодрох юм бол, Монголын бурханы шашны тэргүүн хэзээ залагдах юм бол гэж асуусан хүмүүс судлаач бидэн дээр ч ирдэг. Монгол Улс тусгаар тогтносон бие даасан улс юм бол, зонхилох бурханы шашныг хүн амыг олонх нь шүтэж биширдэг юм бол өөрийнхөө шашны тэргүүнийг тодруулж гаргах нь тухайн улсын дотоодын хэрэг байхаас гадна тухайн улсын сүсэгтэн олон сүм хийдийн үйл ажиллагаа. Монголчууд хүлээсэн хэвээрээ байна. 2016 онд Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монголд айлчлахдаа X Богдыг тодруулсан гээд нийтэд зарлачихсан. Зарим нь тийм хүүхэд байгаа юм байна гээд хэвлэл мэдээллээр ч гарсан. Олон нийт тэр үнэн юм уу, мөн бол хэзээ X Богд болгох вэ.
Ер нь Монголын бурханы шашинд өөрчлөлт шинэчлэлт хийх, нэгдмэл байх, алсын хараатай байх, монголчуудын эв нэгдлийг илэрхийлэх гэдэг утгаараа X Богд тодроод хийгдэх ёстой ажил байх. Хэрэв X Богдыг залаад шашны тэргүүнээр тавих юм бол түүний дор хутагт хувилгаад, хамба нар, гэвш лхаарамба, эрдэм номтой лам нар, хөдөө орон нутгийн хурлын хэргэмтэн, удирдлагууд сүсэгтэн олон бүгд нэгдэх ёстой. Ингэж нэгдэж чадах юм бол маш том хүч. Дээрээс нь нэгтгэхдээ Монгол төрийн бодлогын хүрээнд улсынхаа хөгжил цэцэглэлтэд хүн амын ёс зүй, амар амгалан байдал, эв нэгдэлд тустайгаар шашны байгууллагууд нэгдэж үйл ажиллагаа явуулах шаардлагатай.