Categories
мэдээ нийгэм улс-төр

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулах талаар Сангийн яамнаас мэдээллээ. Уг төв нь шинээр байгуулж буй Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд байж, мэргэжлийн зөвлөх баг ажиллана. Төр, хувийн хэвшлийн хүрээнд буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар барих-шилжүүлэх зарчмаар хийдэг гэрээг дахин байгуулахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Учир нь дээрх зарчмаар хэрэгжүүлж буй төслийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг аж. Эдгээрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд тусгаж буйг Сангийн яамнаас өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлд танилцуулав.

Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сан байгуулах талаар мэдэгдлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд ахлах уг сан нь байгууллагын бүтэцтэй бус, Засгийн газар дүрмийг нь баталж, улсын төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламж, бусад хандивын хөрөнгөөр санхүүжих аж. Уг сан дээр төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал, орлого төвлөрч, ТЭЗҮ-г энд хийж, бүх хөрөнгө оруулалт энэ сангаас зарцуулж явахаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд тусгажээ.

Сангийн сайд Б.Жавхлан, “Бид энэ хуулийг хувийн хэвшилтэй хамтран 2 жилийн хугацаанд боловсруулсан. Төр-хувийн түншлэлийг одоо Концессын тухай хуулиар зохицуулж байна. Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм” гэдгийг тодотгов.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жишиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг тул үүнийг халах цаг болсон. Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо. Уг хуулийг батлахтай холбогдуулан нийт 26 хуульд өөрчлөлт оруулах юм.

Сангийн яамнаас мэдэгдэж буйгаар Төр, хувийн хэвшлийн Түншлэлийн тухай хуулийг баталснаар манай ААН-үүд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зах зээлээ тэлэх боломжтой болох аж. Энэ онд Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гаднын зээл, тусламжийг нэмбэл 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжинэ. Энэ нь манай улсад шаардлагатай, 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ердөө 10 хувь нь. Иймд үлдсэн 90 хувьд нь хувийн хэвшил хөрөнгө оруулдаг болгохын тулд Засгийн газар ажиллана. Хуулийн төслийн онцлох заалтууд:

  • Концессын хууль хүчингүй болно.
  • Түншлэгчтэй байгуулах гэрээний дээд хугацаа 30 жил. Гэрээ байгуулах эрхийг Засгийн газар олгоно.
  • Эдийн засгийн хөгжлийн сайдаас гадна тухайн салбарын сайд, орон нутгийн захиргаа гэрээг хамтдаа баталж, гарын үсэг зурна.
  • Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтын, барилга барих гэх мэт гэрээг заавал хамтад нь байгуулна.

Төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх төслийн үе шатууд:

  • Төслийн санал: хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.
  • Урьдчилсан үнэлгээ хийж, тухайн төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн эсхийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гаднын зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхийг мөн шийднэ.
  • Үнэлгээнээс гадна бүрэн шинжилгээ болон төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийнэ. (Өмнө нь манайд эрсдлээ бүрэн тооцоогүйгээс олон төсөл зогссон жишээ бий).
  • Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
Categories
мэдээ нийгэм

Д.Монголхүү: Засгийн газрыг огцортол үүдийг нь сахиж сууна

NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнүүд нэгдэн Засгийн газрыг огцрохыг шаардлаа.

Иргэн Д.Монголхүү “Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын ажлыг сайн хийгээд коронавирус халдварыг хяналтандаа авч, иргэдийг хэвийн амьдралд нь шилжүүлээд өгөөч гэсэн шаардлага тавьж байсан. Гэвч коронавирусийн хууль цар тахалд зориулсан хууль бус өөр зорилготой хууль юм байна Бид Засгийн газрыг огцруулах нэг л шаардлага тавьж байсан. Өнөөдрийг хүртэл явж байна. Бидэнд хэрэг зохиогоод байгаа. Биднийг яаж ч хорьж цагдаж байсан үйл хөдлөлөө л хориулахаас үгээ хэзээ ч хориулахгүй.

Засгийн газарт эхний ээлжид коронавирусийнхаа хуулийг цуцлах, хилээ нээх, сурагчдыг танхимаар хичээллүүлэх гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн. Иргэдийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа учир Засгийн газрыг огцортол нь үүдийг нь сахиж сууна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Засгийн газрыг огцрох хүртэл суулт зарлахаа мэдэгдлээ

“No naadam” хөдөлгөөнийхөн Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаж байна. Энэ үеэр Д.Монголхүү “Бид Засгийн газрыг ажлаа сайн хий, иргэдийн амьдралыг хэвийн байдалд оруулаад өг гэдэг шаардлага тавьж байсан.

Коронавирусийн тухай хууль халдварын эсрэг хууль биш юм байна гэдгийг “Digital nation”-оос хойш хэрсүүгээр харж эхэлсэн. Бидний нийлсэн дөрвөн залууг хориход хэн нь “Биднийг сулла” гэж гуйгаагүй. Тэнд ч Засгийн газрыг огцрохыг шаардан, тэмцлээ үргэлжлүүлсэн. Биднийг яаж ч цагдаж, хорьсон ч мохохгүй. Коронавирусийн тухай хуулийг цуцла, хилээ нээ. Иргэдийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул өөр ярих юм байхгүй. Засгийн газрыг огцортол, Л.Оюун-Эрдэнийг зайлтал үүдийг нь сахиад суухыг уриалъя.

Та нар өнгөрсөн хугацаанд нэг зүйлийг анзаарсан уу. Шинэ үеийн дүү нар соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Сүүлд болсон асуудал бол цагдаагийн байгууллагын драм байсан. Миний гуталнаас тэсрэх бөмбөг гарч ирсэн ч гэх шиг худлаа юм н.Болд ярьсан. Иргэдээ дандаа ингэж гүтгэж, харлаж, доромжилдог. Арьсаа л хамгаалж байвал иргэдийн нэр хүнд, эрх чөлөө өчүүхэн ч хамаагүй болчихлоо” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах чиглэл тусгагдсан.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран төв, зүүн, баруун болон Алтай-Улиастай эрчим хүчний сүлжээ гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хоёр хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэдэг. Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэ тарифаар олон нийтэд борлуулдаг бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах өртгөөс бага байдаг.

Мөн зарим орон нутгийн татварын байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компанийн цахилгаан станцын барилга, далан, ашиглалтын тунель, ажлын байр зэрэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байгаа нь хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын тулд үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай турбин, генераторын урсгал засваруудыг хийж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл үүсгэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшууллыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үйл ажиллагаанд нэгэн адил хамруулна” гэж заасан нь тухайн хуулийн этгээдийн алдагдлыг нэмэгдүүлж, мөн хэмжээгээр хөрөнгө оруулалт, санхүүжилт буурах төдийгүй зээлийн буцаан төлөлтөд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг төсөл санаачлагчид танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд санал авч байна

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-дийн дагуу Хүүхэд хамгааллын хуулийн төслийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох бусад хууль, уг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулав.

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа oinbayar@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Хуулийн төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл:

  1. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
  2. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Categories
мэдээ нийгэм

Агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан иргэнийг илрүүлжээ

Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарсныг илрүүлжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан үйлдлийг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн ерөнхий газраас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүүг өнөөдөр суллана

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хориод, 48 цагийн дараа дахин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа шүүхэд хүргүүлэх хуультай юм.
Энэ хугацаа өнөөдөр дуусна. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихгүй суллаж, гадуур шалгахаар болжээ. Түүний хамаарал бүхий байгууламжаас нэгжлэг хийж, үнэт эдлэл, валют хурааж авсан нь үнэн аж.

Д.Нямхүү 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Япон улс нүүрсний экспортын хоригоо цуцлахыг Индонез улсаас хүслээ

Өнгөрсөн долоо хоногт Индонез улс дотоодын эрэлтээ хангах үүднээс нүүрсний экспортоо нэгдүгээр сарын турш зогсоох шийдвэр гаргасан билээ.

Индонез бол эрчим хүчний хэрэгцээний нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч юм. Тус улсын нүүрсийг Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд хамгийн ихээр худалдаж авдаг.

Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа энэ үед Индонез улс хоригоо удаан үргэлжлүүлж чадахгүй гэж ажиглагчид үзэж байгаа.

Одоогоор Индонезын нүүрсийг импортлогч улсуудын зах зээлд ямар нэг сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Харин Лхагва гарагт Япон улсын засгийн газар нүүрсний экспортын хоригоо цуцлахыг Индонезын талаас албан ёсоор хүсжээ.

Япон улс сар бүр 2 сая тонн орчим нүүрсийг эрчим хүч болон аж үйлдвэрийн зориулалтаар Индонезоос худалдаж авдаг юм байна.

Жакарта хот дахь Япон улсын элчин сайдын яамнаас Индонезын эрчим хүч, ашигт малтмалын сайд Арифин Тасрифт гардуулсан захидалд нүүрс ачсан дөрвөн хөлөг онгоц Япон руу хөдлөхөд бэлэн болоод байгаа ч зөвшөөрөлгүйн улмаас замдаа гарах боломжгүй болсныг дуулгажээ.

Одоогоор Хятад, Өмнөд Солонгос улсууд нүүрсний хангалттай нөөцтэй байгаагаас гадна өөр бусад эх үүсвэрээс хэрэгцээгээ хангах боломжтой тул Индонез улсын эрх баригчдад хандаагүй байгааг судлаачид тайлбарлаж байна.

Индонезын нүүрсний компаниуд олборлолтынхоо 25 хувийг төрийн өмчит эрчим хүчний PLN (Perusahaan Listrik Negara) корпорацад зах зээлийн үнээс хямд үнээр нийлүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг.

Нэгдүгээр сард тус корпорацад 5.1 сая тонн нүүрсний хомсдол үүсэх урьдчилсан тооцоо гарсны улмаас Индонезын засгийн газар экспортын хориг тавьжээ.

Өмнө нь нүүрсний хомсдолоос үүдэлтэй эрчим хүчний тасалдал Индонезын улс төрд том асуудал үүсгэж байсан түүхтэй. Тухайлбал 2019 оны наймдугаар сард нийслэл Жакарта хотын 21 сая хэрэглэгч эрчим хүчгүй болсон нь нүүрсний хомсдолоос болж байжээ.

Тухайн үед Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нүүрс олборлогчдын зөвшөөрлийг цуцлах талаар анхааруулж байв.

Индонезын нүүрс олборлолтын хэмжээ сард 47-51 сая тонн орчим байдаг бол дотоодын хэрэглээ нь 9-10 сая тонн ажээ. Гэвч олборлогчид илүү ашиг олохын тулд нүүрсээ гадаадад экспортлохыг илүүд үздэг нь дотоод зах зээлд хомсдол үүсгэхэд нөлөөлдөг байна.

Эх сурвалж: This Week In Asia

Categories
мэдээ нийгэм

Цонхоор үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Баянзүрх дүүргийн газар нутаг 16 давхар орон сууцны цонхноос хүн үсрэх гэж байгаа дуудлага өчигдөр 16:24 цагийн үед холбогдох байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 49 настай эмэгтэй Ч цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.

Түүнийг тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Киргизстан улс Казахстан руу цэрэг илгээх эсэхээ өнөөдөр шийднэ

Киргизстаны улс Хамтын аюулгүй байдал Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний байгууллагын хүрээнд Казахстан руу цэргийн хүч илэгээхэд бэлэн гэж өчигдөр мэдэгдсэн ч иргэдийн эсэргүүцлээс болж шийдвэр гаргахаа нэг хоногоор хойшлуулаад байгаа билээ. Өнөөдөр тус улсын Парламент хуралдаж энэ асуудлыг шийднэ. Ингэхдээ гишүүдийн 2/3-ын саналаар шийдвэр гаргах юм. Одоогийн байдлаар Казахстанд ОХУ, Беларусь, Армен, Тажикистан улсууд энхийг сахиулагчдаа илгээгээд байгаа юм.