Categories
мэдээ нийгэм

Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо

Монгол бүсгүй Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо. Мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа тэрээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан бөгөөд гоо сайхны DIVA академийг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны 3 мянга гаруй хүн оролцжээ. Ц.Ариунзаяа олон улсын тэмцээнд анх 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож 8 дугаар байрт орж байв.

1 хүн, зогсож байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Тэрээр одоо олон улсын тэмцээнд шүүгчээр мөн оролцох болсон байна. “Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг ойлгож байна. Цааш улам илүү ихийг бүтээж, Монголын makeup төрлийг дэлхийн түвшинд хүргэх маш их үүрэг хариуцлага ирж байна” хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцаад “Хүн өөрийн зорьсон зорилго мөрөөдөлдөө хүрч болдог юм байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, бүтээлч байх нь биднийг амжилтад хөтлөн хүргэх гүүр болдог юм” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ оны шилдэг аяллын цэгүүд

Дэлхийн шилдэг аяллын хөтчийн нэг болох Lonely Planet компани 2022 онд аялахад тохиромжтой орон, хот болон бүс нутгуудын нэрсийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг тус компанийн мэргэжилтнүүд орон орны аялагчдын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан байна. Өнгөрөгч онд цар тахлын улмаас уг жагсаалтыг танилцуулаагүй билээ. “Гарцаагүй байдлаас болж завсарлагаа авсны дараа удаан хугацаагаар хойшлуулсан аяллын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг ирлээ” хэмээн Lonely Planet-ийн дэд ерөнхийлөгч Том Холл хэлсэн байна. Ингээд 2022 оны шилдэг аяллын цэгүүдтэй танилцацгаая.

Шилдэг 10 улс орны жагсаалтын нэгдүгээрт Шинэ Зеландын чөлөөт холбооны бүрэн эрхт тусгаар улс болох Күүкийн арлууд тодорсон бол хоёрдугаарт Норвеги улс шалгарчээ.


Шилдэг улс орнууд

Күүкийн арлууд

2022 онд хаашаа аялах вэ: Энэ оны шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 1)

Норвеги

Маврикий

Белиз

Словени

Ангилья

Оман

Непал

Малави

Египет


Шилдэг хотууд

Окленд (Шинэ Зеланд)

2022 онд хаашаа аялах вэ: Энэ оны шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 2)

Тайбэй (Тайвань)

Фрайбург (АНУ)

Атланта (АНУ)

Лагос (Нигери)

Никосия (Кипр)

Дублин (Ирланд)

Мерида (Мексик)

Флоренц (Итали)

Кенжу (Өмнөд Солонгос)


Шилдэг бүс нутаг

Вестфирдир (Исланд)

2022 онд хаашаа аялах вэ: Энэ оны шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 3)

Баруун Виржиниа (АНУ)

Сишуанбанна автономит бүс (Хятад)

Кент (Их Британи)

Пуэрто-Рико

Сикоку (Япон)

Атакама цөл (Чили)

Синик Рим Рижинал (Австрали)

Ванкувер арал (Канад)

Бургунди (Франц)



Эх сурвалж: Buro247

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор нийслэлд есөн хүүхэд гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 851 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 24 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж бэртсэний 9 хүүхэд байна.

Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт НАЙМАН осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж , долоон хүний амь хохирсны 3 хүүхэд байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 22 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 9 хүн гэмтэж, 4 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж 9 хүүхэд гэмтэж 3 хүүхэд амь насаа алдсан байна.

Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт буурав

Монгол Улсад зэсийн баяжмалаас бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний олборлолт илтэд буураад байна. Энэ нь уул уурхайн салбарын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлт 0.7 хувиар буурахад нөлөөлжээ.

2021 оны гуравдугаар улирлын нийлүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний олборлолт 60.4, нефть буюу газрын тосных 31.8, төмрийн хүдрийн баяжмал 19.7, алтны олборлолт даруй 12.4 хувиар буурчээ.

Нөгөөтээгүүр, Оюутолгой ил уурхайгаас олборлож буй зэсийн баяжмал 57.7 хувиар, харин түүнд агуулагдах алтны хэмжээ 2.6 дахин нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Цаан сүрэг 686 тоо толгойгоор буурчээ

Цаан сүргийн тоо толгой энэ жил буурсан байна. Тодруулбал, өнгөрөгч онд 3127 цаа тоологдож байсан бол жилийн эцсийн тооллогоор 2441 цаа тоологдож 28,9 хувь буюу 686 толгойгоор буурсан үзүүлэлттэй гарчээ.

Цаан тооллого жил бүрийн 12 сард болдог ч, сүрэг энэ үеэр тайгад гардаг байна. Тиймээс тооллого хийхэд хүндрэлтэй байдаг байсан ч, өнгөрсөн онд цаа нэг бүрийг тоолж, ээмэгжүүлсэн тул тооллого үр дүнтэй болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 18:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотод 158 суурин цэгт 159 багийн 740 эмч, ажилтан ажиллаж, 4200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Прокурорт алдсан эрх мэдлүүдээ анхаарах цаг болжээ

Гадаад гүрнүүдийн “үл үзэгдэх гар” Монголын ардчиллыг тэмтэрсээр иржээ. Тэр гар, Монголын ард түмэн, ардчилал үгүй бол эрх чөлөөт амьдралаа алдана гэдгээ андахгүй, яггүй дотуур тамиртай тул дарангуйллыг хүлээж авахгүй юм байна хэмээн тэмтэрч мэдэрсэн.

Тэр гар, Монголын улстөрчид, ардчиллаа алдвал хоёр хөршийнхөө аль нэгэнд нь эргэн колоничлогдож, төрийн зүтгэлтнүүдээ харийн оронд хүргүүлэн, цаазлуулах, хоригдох, цөлөгдөх мөнөөх бурангуй ёс сэрнэ гэдгийг сайн мэдэх тул цагаа болоход нам харгалзахгүй хүчээ нэгтгэн ардчиллаа хамгаалахыг тэмтэрч мэдэрсэн.

Хэдий тийм ч “үл үзэгдэх гар”-аа татан аваагүй их гүрнүүд шүү дээ.

Монголын тусгаар тогтнолыг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлоор бататгах бодлого хэрэгжүүлсэн Ерөнхий сайд асангуудыг хоморголон яллаж шоронд хийх үед “үл үзэгдэх гар” хэдийнэ орж ирчихээд хүчээ харуулсан аж. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өөгшүүлсэн, турхирсан прокурорыг мөнөөх гар түлхсэн байжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөөд тун удалгүй, ардчиллын замаар бус геополитикоор хөгжинө хэмээн мэдэгдэхэд л “үл үзэгдэх гар” орж ирж буй нь мэдрэгдээд эхэлсэн. Дараа нь “прокурорын үйл ажиллагаа хэнээс ч хараат бус явагдана!” хэмээн өөдөөс нь зүрхлэн сөрсөн Ерөнхий прокурорыг, Ерөнхийлөгч ажлаас нь чөлөөлж шинэ Ерөнхий прокурорыг томилоход “үл үзэгдэх гар” хаагуур шургаж буй нь тодорсон юм.

Социализмын үед прокурор нь дарангуйлагч төрийн нэрийн өмнөөс иргэдийг яллаж, шүүх нь прокуророос заасан ялыг ёслон батламжилдаг газар болсон. Шүүх прокурорын шийдвэрийг хэрэгжүүлдэг “тамын газар” байсан гэлтэй! Тэр үед манай иргэдэд шударга шүүхээр шүүлгэх эрх бараг байгаагүй. Нэн ялангуяа улс төрийн асуудалтай холбогдвол энэ эрх ерөөсөө байгаагүй. Үүнийг яруу найрагч Чойномд тохиолдсон гунигт явдал гэрчилнэ. Чойномыг яллах хуулийн заалт байхгүй болохоор нь прокурорын ялын дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хугацаатай чанга дэглэмтэй шоронд хорьсон байдаг.

1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар, иргэнээ шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн заагаад, энэ эрхийг баталгаатай ханган эдлүүлэх үүргийг прокурор болон шүүхэд хариуцуулсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны, мөрдөн шалгах ажлын үе шатанд, иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж шүүхийн өмнө хариуцахаар тогтоосон. Прокурорыг шүүх эрх мэдлийн нэг салаа институци хэмээн бүлэглэж, хэнээс ч хараат бус ажиллах дархан эрхтэй болгосон бөлгөө. Гэтэл шинэ Ерөнхий прокурор “үл үзэгдэх гар”-ын нөлөөгөөр дарангуйллын прокурорыг эргэж сэрээсэн!

УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн сайдуудыг мөрдөн шалгахдаа тэднээр тоглох шиг болсон. Хууль мууль хамаагаа алдсан. Ерөнхий сайд асангууд ч тоглуулаад байж болох дэндүү журамт иргэд байв. Хөөрхий, тэд болон өмгөөлөгчид нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чандлан хадгалах баталгаа өгсөн болохоор хэргийн бодит үнэнийг олон түмэнд хэлэх эрх байхгүй. Гэтэл, прокурор АТГ-тай нийлэн хуулийг уландаа гишгэн, нөгөөдүүлийг улсыг “хорлон сүйтгэсэн” хэмээн олон түмний тархийг угааж өгсөн. Өөрөөр хэлбэл прокурор, шүүхээс өмнө “ардын шүүх”, “Линчийн шүүх” хэмээн янз бүрээр нэрлэгддэг олон түмний шүүх явуулсан хэрэг. Ингэж Линчдэх ажиллагаа явуулсны эцэст шүүхийн ширээн дээр ялын дүгнэлт тавьжээ. Шүүх хурлын үеэр хохирол нэхэмжлэгчдийг ч тэр, шинжээчдийг ч тэр прокурор зохион байгуулан удирдаад байгаа нь харагдсан!

Ардчиллын 30 гаруй жилд прокурор хэмээх институцийн байр байдал хэрхэн өөрчлөгдөн хувирч байсныг миний бие сайн мэднэ. Миний аз болоход Ардчилсан Үндсэн хуулийг батлалцахаас авахуулаад хууль тогтоох ажилд цөөнгүй жил идэвхтэй оролцож явсан. Миний эз дутахад, айл ухдаг хулгайч, гадаадад хаустай завшигч, анд нөхдөө алсан алуурчин, террорист үйл ажиллагаанд турхирагч, хүүтэйгээ хуйвалдан улсыг хохироогч гэх мэтээр байнга гүтгүүлэн хуулийн байгууллагаар явсаар өдий хүрсэн. Ийм болохоор би прокурорын байр байдал хаашаа явж байгааг мэдэлгүй.

Өнөөдрийн прокурор, Францын Луй XVI шиг өөрийгөө төр гэж хэлчихээр түвшинд очоод буй. Прокурор чангарсаар, хууль тогтоох УИХ-ын эрх мэдэл, гэм бурууг эцэслэн тогтоох шүүхийн эрх мэдлийг газар дээр нь хэрэгжүүлдэг институци болсон. УИХ болон шүүхийн аль нь ч энэ байдлыг анзаарч ойлгоогүй байсаар байгаа нь хачирхалтай.

УИХ-аар тогтоосон хуулиудыг прокурор газар дээр хэрэгжүүлэхдээ өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо тайлбарлан (өөрт нь ийм эрх байхгүй) хэрэглэдэг. Тухайлбал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны тухай” хуулийг УИХ-аас тогтоохдоо “иргэнээ хэлмэгдүүлэхгүй, гэхдээ ял завшуулахгүй” байх ардчилсан ёсыг ягштал баримтлахыг заасан атал прокурор, социализмын үеийнх шиг дарангуйлан захирах төрийн нэрийн өмнөөс зөвхөн яллах зорилгод ашигладаг болгон өөрчилж хэрэглэнэ. Хуулийг санаатайгаар гажуудуулан хэрэглэх замаар газар дээр хууль тогтоож байна гэсэн үг.

Иргэний гэм бурууг зөвхөн шүүх эцэслэн тогтооно. Гэтэл прокурор АТГ-тай хамтран, шүүгдэгчийг шүүхээс өмнө гэм буруу нь тогтоогдон яллагдсан мэтээр олон түмний тархийг зад угаан, “ардын шүүх” “линчийн шүүх” мэт түүхтэй массын шүүх ажиллагааг явуулчихна. Тархи нь угаагдсан массаас айсан шүүх бүрэлдэхүүн прокурорын ялын дүгнэлтийг жанжин шугамаа болгон гэм буруу тогтооно. Ийнхүү, прокурор гэм бурууг тогтоон ялладаг, түүнийг шүүх ёсчлон батламжилдаг газар болсон. Чойномыг ялладаг социалист шүүх тогтолцоо эргэн ирсэн.

Ийм болтол прокурорыг давруулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туршлага бол манай хоёр хөршөөс импортлогдсон туршлага. Авторитор дэглэмтэй болчихоод байгаа Орост, тоталитар дэглэмтэй Хятадад шүүх нь прокуророос оноосон ялыг ёсчилдог. Тэнд, иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрх гэдэг ойлголт байхгүй. Төрийн нэрийн өмнөөс яллана гэдэг нь дарангуйлагчийн нэрийн өмнөөс яллаж байгаа хэрэг. Прокурорын хийдэг үндсэн ажил нь ийм.

Уг нь Монгол Улс хуулийн засаглал тогтоох зүгт хоёр хөршөөсөө хол түрүүлж явсан юм. Гэтэл, тэдний муу туршлагыг Үндсэн хуулиа давуулан оруулж ирснээс хойш шүүх нь прокурорын “тамгын газар” мэт болжээ!

Прокурор, Үндсэн хууль, хуулиа ягштал баримталж иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэн, шүүхийг “хүн хэлмэгдүүлэхгүй, гэхдээ ял завшуулахгүй” гэм бурууг тогтоох боломжоор хангасан бол Монголын ардчилалд суга урагшаа явах байлаа. Тэгсэн бол Ерөнхий сайд асангууд “Шударга шүүх” хэмээх төрийн үйлчилгээг авахаар өөрсдөө идэвхийлэн гүйх байсан нь лавтай. Тэд, анх АТГ-т дуудагдан очихдоо “Асуудал байгаа бол шалгах л хэрэгтэй” гэж омог бардам хэлж байсан юм шүү дээ!

Шудрага шүүх бол олны хэл аманд байнга өртөж явдаг улстөрчдөд, гэм буруугүй ахул нэр төрөө цэвэрлэх боломж олгодог, тун хэрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага ажгуу. Хүн хэлмэгдүүлдэггүй, ял завшуулдаггүй шударга шүүх, хуулийн засаглалыг гэрэлтүүлэгч болох утгаараа ардчиллын нэг амин сүнс мөн билээ.

Харамсалтай нь гадны гүрнүүдийн “үл үзэгдэх гар”-ын хатгаасаар Монголын прокурорын хэрэг зориг гажуудаж, ардчиллын амин сүнс болох шударга шүүх алдагдаж байна. Шударга шүүх алдагдахад дарангуйлалд хүрэх үүд хаалга нээгдэх бөлгөө. Эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ шүүхээр дарамталсаар эцэст нь дарангуйлалд хүрдэг юм.

УИХ болон Шүүх, Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхүүдээ Прокурорт нэг мөр алдахаасаа өмнө хуулийг буруу хэрэглэн эрх мэдэл “хулгайлдаг” явдлыг анхаарах цаг болсон байх аа!

Арванхоёрдугаар сарын 27.

Хотын дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утааг бууруулахад 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг 2021 оны сүүлээр олон нийтэд ил болгожээ. Тодруулбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.

Categories
гадаад мэдээ

Анхааруулгагүй гал нээх тушаалаа хүчингүй болгохыг Казахстаны эрх баригчдад уриалжээ

АНУ-ын хотноо Нью-Йорк хотод төвтэй олон улсын хүний эрхийн төлөөх “Human Rights Watch” байгууллага баасан гарагт мэдэгдэл гаргаж, Казахстаны цэргүүдэд өгсөн гал нээх тушаалыг хууль бус гэж мэдэгджээ. Ийм шийдвэр нь тус улсын олон улсын эрх зүйн үүрэгтэй зөрчилдөж байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.

“Аюулаас хамгаалах хүчнийхэнд өгсөн анхааруулгагүй гал нээх тушаалаа Казахстаны эрх баригчид нэн даруй хүчингүй болгох ёстой. Энэ тушаал нь Казахстаны хүний амьд явах эрхийг хүндэтгэж, хамгаалах олон улсын эрх зүйн үүрэг хариуцлагатай нь зөрчилдөж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна, үймээний үеэр саатуулагдсан хүмүүсийн эрхийг сахин биелүүлэхийг хүний эрхийн төлөө тэмцэгчид шаардаж байна. “Казахстаны эрх баригчид сүүлийн өдрүүдэд баривчлагдсан бүх хүнд өөрсдийн сонгосон хуульчаар өмгөөлүүлэх зэрэг процессын бүх эрхийг нь эдлүүлэх ёстой” гэж “Human Rights Watch” мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев баасан гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, “анхааруулга өгөлгүй гал нээх эрхийг цэргүүдэд өгч”, “зэвсэглэсэн, бэлтгэгдсэн дээрэмчидтэй хэлэлцээ хийхгүй” гэж мэдэгджээ.