Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар төрлийнхнөөрөө төрийн албыг дүүргэх нь ээ

Алдарт “30 гэр бүл”-ийн тухай яриа ид тархаж байхад нэг төлөөлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гэр бүлийг нэрлэж байлаа. Энэ яриаг АН-ын спикер З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индэр дээр хэлж байв. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдохдоо “Манай гэр бүл гурван өрөө байранд буйдангаа тойроод амьдардаг. Манай гэр бүл улсаас усны тэрэг ч авч байгаагүй” гэх өрөвдүүлэх тайлбар хийж, өнөөх “30 гэр бүлийн нэг” гэх яриа тэгсхийгээд мартагдсан байдаг.

Тэгвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг яагаад “Монголыг эзэгнэсэн 30 гэр бүлийн нэг” гэж цоллож байсныг болон тэр ямар улс төр, бизнесийн бүлэглэлд хамаардаг, төрд орсон цагаасаа ураг, төрлийнхнөө төрийн албанд хэрхэн томилсныг нь баримттай хүргэе.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, Эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998 оноос Монгол банкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002 оноос ахлах эдийн засагч, 2005 оноос хэлтсийн дарга, 2016 оноос Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Р.Саранцэцэгийн хувьд олны өмнө ил гараад байдаггүй ч хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан.

Тухайлбал, 2020 онд Р.Саранцэцэгийг Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилох тухай яриа гарсан ч “Ч.Хүрэлбаатарын эхнэр буюу Сангийн сайдын эхнэр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын илтэд зөрчил” гэж шүүмжлүүлээд буцаж байсан юм. Мөн өнгөрсөн онд 50 мянгатын дэвсгэртийг зах зээлд гаргах яриа гарсан. Тухайн үед Р.Саранцэцэг “Том дүнтэй мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш” гэх агуулгатай ярилцлага өгч, нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм.

Түүнчлэн Р.Саранцэцэг хувиараа бизнес хийж, компани удирдаж байсан намтаргүй ч 2020 оны ХОМ-тээ 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 616 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлж байжээ.

ХАДАМ АХ Р.ГАНБОЛД

Дээр дурдсанчлан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Равжингийн Саранцэцэг гэдэг. Тэгвэл Р.Саранцэцэгийн төрсөн ахыг Р.Ганболд гэдэг бөгөөд өдгөө “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг.

Р.Ганболдын тухайд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд багшилж байгаад “Интерактив” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан. Түүнээс хойш Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел” ХХК-ийн Ерөнхий захирал, “М-Си Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирал, “Юнител” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан бөгөөд 2017 оноос хойш “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.

Мөн Р.Ганболд зөвхөн “М-Си-Эс” групптэй хамааралтай биш бөгөөд дотоодод томоохонд тооцогддог “Премиум групп”-т ч түүний нөлөө бий. Тухайлбайл, Р.Ганболд “Ган вэнчюрс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг бол “Руссо моторс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК-д хувь эзэмшигчээр бүртгэлтэй. “Руссо моторс” ХХК-ийн эцсийн эзэмшигч нь “Премиум групп” ХХК. “Премиум групп” ХХК нь таван охин компанитай бөгөөд бусдаасаа жижиг ч, нийтэд их танигдсан нь “Сэнтрал Экспрэсс Си Ви Эс” ХХК буюу зах зээлд танигдсан нэр нь “CU” сүлжээ. Р.Ганболд одоо тус сүлжээний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажилладаг.

Улс төрийн хүрээлэлд өрнөөд өнгөрсөн нэг сонирхолтой яриа байдаг. Хадам ах Р.Ганболдынхоо төлөө буюу тэдний олон жил ярьсан дижитал банкаа байгуулахад нь төрийн талаас дэмжлэг үзүүлж байгаа юм биш биз гэж хардах нэг өнцөг байна. Энэхүү “М” төслөө БНСУ-ийн “КТ” групптэй хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, хүний нөөц гээд бүх бэлтгэл ажил хангагдсан ч Монгол банкнаас лицензийг нь өгөхгүй гацаасан гэдэг.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД НЬ ТУВА УЛСАД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь жил гаруйн өмнө Тува Улсын Кызыл хот дахь Ерөнхий консулаар томилогдсон. “Төрсөн ахыгаа Ерөнхий консулаар томилууллаа” гэх шүүмжлэл гарсан ч Ч.Хүрэлбаатар “Манай ах хойно сургууль төгссөн, Тувагийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаг учраас Ерөнхий консулаар томилсон байх” гэж ам таглаад өнгөрч байв. Ч.Ганболд нь өмнө Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Тувад суух Ерөнхий консулаар томилогдсон юм. Тэрбээр төрсөн дүү нар болон Ч.Гантулга, Ч.Гансүх нар болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нарын хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг.

Түүнчлэн Ганболдын Дэлгэр нь “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн Техник, инженерийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Ганболдын Уянга нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНТУЛГЫН ХҮҮХДҮҮД ДЭД КОНСУЛ, ТӨСЛИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОГДСОН

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгыг “Хотгор шанага”-ын уурхайн дуулианаар эчнээ таньдаг болсон. Увс аймгийн Бөхмөрөн суманд байх “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан хэрэгт Б.Алтангэрэл, Ч.Хүрэлбаатарын төрсөн Ч.Гантулга нар нэр холбогдож, тухайн үедээ л дуулиан болж байлаа. Тэр үед Ч.Гантулга нь “Б.Алтангэрэлд мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд “Хотгор шанага” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан. Гэхдээ Б.Алтангэрэл уурхайгаа Солонгосчуудад зарахаар болсон гээд зээлсэн мөнгөө төлөөл бидний харилцаа тасарсан” гэж мэдүүлснээр дуулианыг намжааж байв. Гэхдээ Улсын бүртгэл Ч.Гантулга, Ч.Гансүх, Б.Алтангэрэл нар одоо ч “Шанага транс” гэх уул уурхайн чиглэлийн компани эзэмшдэг хэвээрээ ажээ.

Ч.Гантулгын тухайд цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. Тохир гэдэг нь тэдний ургийн овог юм. Гэхдээ энэ компани хар түүхтэй компани бөгөөд 2014 оны хоёрдугаар сард ТЕГ-аас Татварын хууль зөрчсөн, Импортын бараанд НӨАТ төлсөн мэт хуурамч тайлан үйлдсэн аж ахуйн нэгжүүд дотор Ч.Гантулгын “Тохир” ХХК багтаж байсан юм.

Түүнчлэн Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг” ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа ихэд далд байдаг бөгөөд “ТБМГ” ХХК нь Богд хан уулын Ташгайн аманд таван га газар эзэмшиж байгаа, өнгөрсөн оны хоёрдугаар сард цуцлуулсан түүхтэй. Сонирхуулахад, Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн дүү Б.Бат-Ирээдүй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн даргаар ажилладаг ажээ.

Ч.Хүрэлбаатарын оролцоотой байж болох, Ч.Гантулгын гэр бүлд хамаарах томилгооны хувьд Ч.Гантулгын охин Г.Энхболор нь 2018 оны есдүгээр сард Хонконг дахь дэд консулаар томилогдсон. Мөн охин Г.Энхцацрал нь төрийн статустай Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Энэ мэтээр түүний ойр дотнынхныг хаана, ямар албан тушаалд заларч байгаа мэдээлэл тасралтгүй цуварна. Дараагийн дугаарт түүний улсаас зарласан тендерүүдийг “дүү” нарынхаа оролцоотойгоор хэрхэн хамдаг баримтыг дэлгэх болно.

Б.ДОРЖ

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг танилцуулж байна. Пүрэв гарагт Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулгантай.

· “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал

· Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны тайлан болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай/

· Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулга

· Бусад

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Казахстанд 164 хүн амиа алдаж, 5000 хүн баривчлагджээ

Казахстанд гарсан үймээний улмаас 164 хүн амиа алдаж, 5000-6000 орчим хүнийг баривчлаад байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан тооцоогоор эмх замбараагүй байдлаас үүдсэн хохирлын хэмжээ 198 сая ам.долларт хүрчээ. Нийт 100 гаруй банк, аж ахуй нэгжүүд эд хөрөнгөө дээрэмдүүлж, 400 орчим тээврийн хэрэгсэл эвдэрч, сүйджээ.

Баривчлуулсан хүмүүс дунд гадаадын иргэд цөөнгүй байгаа бол амиа алдсан иргэдийн хоёр нь хүүхэд ажээ. Амиа алдсан хүмүүсийн 103 нь зөвхөн Алматы хотод бүртгэгдсэн ба энэ тоо тооцоолсноос их байж магадгүй байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд III байрт орж байна

Манай Улаанбаатар хот IQAir-ээс гаргадаг агаарын бохирдлын үзүүлэлтээрээ яг одоогийн байдлаар дэлхийд гуравдугаар байрт орж байна. Харин нэгдүгээр байрт Энэтхэг Колката хот орж байгаа аж.

Мөн түүнчлэн удаах байруудыг Хятадын Шэньян, Пакистаны Лахор хотууд эзэлжээ. IQAir байдаг уг үзүүлэлт нь байнга өөрчлөгдөж байдаг юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Хүрэлбаатар: Цөөн хүний хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг улсаараа төлөх ёсгүй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та 2022 оны төсөв дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Үнэндээ Улсын төсвийн талаар мэргэжлийн бөгөөд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх цөөхөн хүний нэг нь та шүү дээ. Анх удаа 18 их наядын төсөв баталлаа шүү дээ?

-Аливаа эдийн засгийг зохицуулж байдаг үндсэн хоёр бодлого байдгийн нэг нь мөнгөний бодлого, нөгөөх нь төсвийн бодлого. Төсөв гэдэг тавхан үсэгтэй энэ үгэнд Монгол Улсын 3.3 сая иргэний аж амьдрал багтдаг гэдгийг сайтар ухамсарлаж төсвийг боловсруулах учиртай. Төсвөө сайн боловсруулбал эдийн засгаа зөв удирдах боломж нь бүрддэг. Тиймээс төсвийг баталсан л бол ямар нэгэн тодотголгүйгээр жилдээ хэрэгждэг байх ёстой. Төсөв тодотголгүйгээр хэрэгжвэл тухайн Засгийн газар улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлж, зөв тооцож, төсвийн бодлогоо тодрхойлсон нь харагдана. Харин баталсан төсөвтөө тодотгол хийж байгаа бол тухайн Засгийн газрын эдийн засгийн бодлого алдаатай байгааг илтгэдэг. Тиймээс энэ талаас нь би таны асуултад хариулахыг хүсч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн анхныхаа төсвийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ дэмжиж, баталсан. Миний харж байгаагаар Засгийн газар олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаагаас үзэхэд маш өөдрөг төсөв болсон хэмээн дүгнэж байгаа.

-Засгийн газар улс орныхоо эдийн засгийг бодитоор үнэлж, тооцож чадсан бол төсөвт тодотгол хийх шаардлагагүй байдаг гэлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд төсөвт тодотгол хийх нь жирийн үзэгдэл мэт болсон. “Болохгүй бол тодотгочихно биз” гэсэн зарчмаар ажиллах нь зөв юм уу?

-2012-2017 онуудад төсвийг байн байн тодотгодог байлаа шүү дээ. Бараг уламжлал болчихсон, зарим жилд төсвөө хоёр удаа тодотгодог байв. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв тодотгодог энэхүү буруу бодлогыг зогсоож чадсан. Төсвөө сайн боловсруулаад, төсвийн сахилга батыг маш сайн сахиулаад явахад төсөв тодотгох шаардлагагүй гэдгийг харуулсан гэж бодож явдаг.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх үед төсөвт тодотгол хийж байсан тохиолдол бий юү?

-Сангийн сайдаар 2017-2020 онд ажиллахад төсөв огтхон ч тодотгоогүй. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрэлдэж, шинэ мөрийн хөтөлбөр батлагдаж төсөв тодотгосон.

-Сүүлийн хоёр жилийн төсөв цар тахлын үеийн төсөв гэдгээрээ онцлог байх шиг байна. Ийм үед төсвөө тэлэх нь хэр оновчтой шийдвэр юм бол?

-Цар тахлын үед урьдчилан тооцоолоогүй зүйлүүд олон гарч ирсэн. Коронавирусийн халдвар дэлхийд анх бүртгэгдэх үед энэ нь цааш цар тахал болон өргөжиж, уг тахал ийм удаан хугацаагаар үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй, вирус нь мутацид орж олон хэлбэрт шилжинэ чинээ бодоогүй болов уу.

Цар тахлын үед ачаа тээвэрлэлт хумигдаж, тээврийн зардал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хаа сайгүй явагдаж байна. Ард иргэдийн амьдрал амаргүй байна. Бизнесийн орчин муудаж байна. Ийм үед төсвөө хумих бодлого явуулж болохгүй л дээ. Хүссэн ч, эс хүссэн ч төсвөө тэлэх бодлого явуулахаас өөр аргагүй. Зөвхөн Монгол ч биш, дэлхийн бүх улс орон ийм бодлого авч хэрэгжүүлж байна. -Засгийн газар болоод төрийн байгууллагуудын бодлого шийдвэр хэдхэн өдөр, бүр хэдхэн цаг үргэлжлэх нь манайд энгийн үзэгдэл болчихлоо. Мэргэжлийн хүний үгийг сонсдоггүй, улстөрчид оноо авахын тулд попордог тохиолдол ч олон шүү дээ?

-Хоорондоо уялдаа холбоо муу, эргэж буцсан шийдвэрүүд гараад байна аа байна. Шийдвэр гаргахаасаа өмнө олон талаас нь сайтар бодоогүй, нягтлаагүй гэсэн үг л дээ. Асуудлын гүн рүү орохгүй, тооцоо судалгаагүй, эсвэл дутуу хийхээр алдаа гараад байдаг. Хүний нийгэмд амьдарч байгаа юм чинь популизм байж л таарах байх. Гэхдээ популизмд хөтлөгдөхгүй шийдвэрээ гаргаад явж бас болно.

-Манай улс хилийн хараат байдалд орчихсон байгаа нь үнэндээ тусгаар тогтносон улсын хувьд эмгэнэлтэй явдал юм биш үү. Бид хилийн боомтын бодлого дээрээ хаана, юун дээр алдчихав. Цаашдын гарц гаргалгаа нь юу бол?

-БНХАУ бол маш том зах зээл. Ийм том зах зээлтэй улс оронтой хөрш байна гэдэг нь том боломж. Том зах зээлийн хажууд байгаа Монгол Улс энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглавал хөгжиж чадна, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж чадна.Ганц хоёрхон боомтоор экспорт, импортын тээвэрлэлт голлон хийгддэг нь маш том эрсдэлийг эдийн засагт авчирч байгааг бид цар тахлын үед харж байна. Ганцхан боомт хаагдахад л бараа ховордож, үнэ өсч, амьдралын хэвийн горим алдагдаж байна шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол гялгар уутанд элс хийчихээд олон хатгаж элс гоожуулаад муулж суусан цаг саяхан. Боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газар боомтын шинэчлэлийг эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг үргэлжлүүлээд Шинэ сэргэлтийн бодлогодоо боомтын асуудлыг цогцоор нь бодлого болгон оруулсан. Боомтуудаа төмөр зам, авто замаар холбох асуудал сүүлийн 30 гаруй жил орхигдсон хэмээн үзэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасныг зөв зүйтэй, цагаа олсон алхам гэж харж байгаа.

-БНХАУ хилээ ирэх гуравдугаар сараас нааш нээхгүй гэдэг нь таамаг байна. Энэ хэвээр байдал үргэлжилбэл асуудал улам хүндрэх нь дээ?

Би бол энэ Өвлийн олимпийн дараа гуравдугаар сард хил нээгдэхгүй гэж бодож байгаа.

-Тэгвэл би нэлээд өөдрөг төсөөлөлтэй байгаа юм байна тийм үү?

Тийм байна. Энэ бол миний хувийн бодол ч биш л дээ. 2022 оны төлөв байдлын талаар олон мэдээ мэдээлэл, дүн шинжилгээ гарч байгаа ч БНХАУ хилээ нээхгүй байх вий гэдэг нь л хамгийн ихээр санаа зовоож байгаа юм. Тийм учраас би тээвэр ложистик дээрээ онцгой анхаараач ээ гэдгийг сүүлийн үед тасралтгүй хэлж, анхааруулж байгаа.

-БНХАУ энэ онд хилээ нээхгүй байх шалтгаан нь юу вэ?

-Одоогийн байдлаар БНХАУ коронавирусийг бүрэн хяналтад байлгаж чадаж байна. Ковидын тохиолдол бүртгэгдсэн цөөн газарт хөл хорио тогтоосон. Халдваргүй бүс нутгуудад бүх үйлдвэрлэл үйлчилгээ нээлттэй байна. Иргэдийн сэтгэл ханамж нь өндөр байгаа ийм үед хилээ нээж улс орон, иргэдээ эрсдэлд оруулахгүй л болов уу гэж Экономист тоймлож бичсэн байна лээ. Үүнээс гадна ковидын мутаци омикроноор дуусчихгүй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Товчхондоо коронавирус цаашид ч үргэлжилнэ гэж байна. Ийм байхад БНХАУ хилээ чөлөөтэй болгож ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, амьдралын хэвийн горимыг алдагдуулах шийдвэр гаргахгүй л болов уу даа.

-Тийм бол цаашид Монгол Улс яах ёстой вэ?

-Коронавирус цаашид байх нь тодорхой учраас бид үүнтэй дасан зохицож хэрхэн ажиллаж, амьдрахаа бодолцох л ёстой. Ийм нөхцөл байдалд бид ачаа тээвэр, хилийн асуудалдаа ухнатаад байлгүй шийдэх учиртай. Халдвар тараахгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах учиртай. Өөр юу ч хэрэггүй.

-Энэ жилийн төсвийг халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон хэмээн онцолсон. Үнэхээр халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болж чадсан болов уу?

-Халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон гэж хэлж үнэхээр чадахгүй. Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэх бүрэн боломжоор иргэд, ААН-үүд хараахан хангагдаагүй байна. Засгийн газраас бодлогоо ингэж тодорхойлсон юм чинь энэ чиглэлд анхаарал хандуулж, чармайж ажиллах байх гэж найдаж байна. Ер нь хүн бүр ажлын байртай, хөдөлмөр эрхэлж байж улс орон хөгжинө. Халамжаар хөгжсөн орон гэж хаа ч байхгүй ээ.

-Төсвийн зарцуулалтыг улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжөөр нь эрэмбэлж чадаж байгаа эсэх тал дээр та ямар бодолтой байна вэ. Цар тахлын үед элдэв төрлийн хөшөө дурсгал барих нь хэр зохилтой вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлага орон нутаг бүрт өөр өөр байдаг. Зарим газар дэд бүтэц чухал, зарим газар шинэ сургууль хэрэгтэй, зарим газар цэцэрлэг хэрэгтэй. Зарим газар аялал жуулчлал хөгжүүлчихвэл орлого нь өснө гэж үзээд янз бүрийн л хөрөнгө оруулалтын санал ирүүлдэг. Засгийн газар үүнийг нь үзэж байгаад журамдаа нийцүүлээд эрэмбэлээд төсөвтөө тусгаад УИХ-д өргөн мэдүүлдэг. УИХ-ын гишүүд санал гаргаад хөрөнгө оруулалтыг нэмдэг, хасдаг. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хөрөнгө оруулалт байдаг нь үнэн. Богд Зонхов төслийг нэрлэж болох юм. Энэ бол завхрал.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад Увс аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн их хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан. Харин энэ жил Хэнтий аймгаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгогдсон болоод ч тэр үү тус аймагт төсвийн хөрөнгө оруулалт хамгийн их тавигдлаа. Төсвийн хуваарилалт дээр эрх мэдлийн нөлөө тодорхой хэмжээгээр байдаг гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Увс аймгийг Улаанбаатартай холбосон замын хөрөнгө оруулалт Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд эхлээд 2020 онд дууссан. Энэ замын мөнгө төсөвт суусан учир хэл ам татсан юм. Харин Хэнтий аймгийн тухайд бол тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын бодлогын хүрээнд дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт тавигдсантай холбоотой хөрөнгө оруулалтын дүн өндөр байгаа.

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, арван их наядын цогц төлөвлөгөөний үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт ЭЗБХ дээр танилцуулж, үр дүнгээ давуулан биелүүлсэн гэнэ. Та санал нийлэх үү?

-Арилжааны банкуудад байгаа арван их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Үүнийг эргэлтэд оруулж, эдийн засгаа дэмжье гэсэн. Арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжсэн, гэтэл өнөөдөр арилжааны банкууд дахь эргэлтэд ороогүй мөнгө арван их наядаас ч их болчихсон. Хил хаалттай, ачаа тээвэрлэлт доголдолтой энэ үед ийм хэмжээний мөнгө дотооддоо хаана яаж эргэлтэд орох вэ дээ. Бодит үр дүн багатай хөтөлбөр байсан.

-Татвар төлөгч иргэд, ААН-үүдийн мөнгийг төр нь найдвартай газар байршуулж чадаж байна уу. Ер нь байсхийгээд л төрийн мөнгө байршуулсан банк нь дампуурдаг, тэгээд төрийн хохирлыг барагдуулдаггүй асуудал гарах болсон. Цаашлаад төрийн мөнгө байршуулсан банкны үйл ажиллагаа доголдсон гэдгийг мэдсээр байж байршуулсан мөнгийг эргүүлэн татдаггүй асуудлыг ерөөсөө ч ойлгохгүй юм. Энэ ямар учиртай юм бол?

-Та маш чухал асуудал хөндөж байна л даа. Энэ талаар ярихын тулд түүх сөхөх хэрэгтэй болох нь. Намайг 2017 онд Сангийн сайдаар томилогдоод очиход хачирхалтай нөхцөл байдал угтсан ш дээ. Төрийн санд байгаа үлдэгдэл мөнгөө арилжааны банкуудад бага хүүтэй хадгалуулчихаад өндөр хүүтэйгээр буцаагаад зээлж авдаг болчихсон байсан. Энэ бол зүгээр л хулгай, луйвар. Үүнийг очоод л зогсоосон. Сангийн сайдын хувьд арилжааны банкуудаас бүх мөнгөө эргүүлэн татаж, Төрийн санд төвлөрүүлж, Монголбанк дахь дансандаа хүү авдаг болсон. Дотооддоо үнэт цаас гаргаж зээл аваагүй, арилжааны банкуудаас зээлчихсэн 5 их наяд төгрөгийн өрийн ихэнхийг төлсөн.

-Тэгвэл Капитал банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ямар учиртай, хэний мөнгө байсан юм бол?

-Тухайн банкуудад Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мөнгө, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөнүүд байсан. Даатгалын сангийн мөнгийг хаана байршуулахыг Үндэсний зөвлөл нь шийддэг. Сангийн сайд шийдвэр гаргах эрхгүй. Капитал банкинд байршуулсан байсан төрийн мөнгийг эргүүлэн татах талаар нэлээд ажил хийсэн боловч харамсалтай нь оройтсон байсан. Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудын төлбөрийн чадвар нь доголдож байгаа гэдгийг Сангйин яам эрхбиш мэднэ. Төрийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд чиглэл өгч байсан. Одоо ч өгөгдөж байгаа гэсэн.

-Хэдийгээр Сангийн сайдын эрх хэмжээний асуудал биш ч дээр дурдсан сангууд, төрийн өмчийн мөнгийг хаана байршуулах нь зүйтэй юм бол?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хэрэгжилтийн талаар бас иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн мөнгийг эрсдэлд оруулахгүй байхтай холбоотой санал боловсруулж, танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос гаргаад ажиллуулж байна. Тус ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Капитал банк дампуурахад 470 тэрбум алдагдсан. Үүнээс 340 тэрбум нь төрийн мөнгө байсан. Тэгэхээр “Ниргэсэн хойно нь хашгирах” биш одооноос урьдчилж сануулж, сэргийлж байх ёстой. Тийм учраас Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой үүссэн асуудлыг ил тод хэлж, тасралтгүй анхааруулж, сануулсаар байгаа юм. Энэ бол хэн нэгэн нь заавал дуугарч байх ёстой асуудал. Хэн нэгэн дураараа авирладаггүй, төрийн мөнгөнд эзэнгүй юм шиг ханддаг сэтгэлгээг таслан зогсоох ёстой. Төрийн мөнгө чинь эзэнтэй шүү, эзэнтэй учраас өөрийнхөө мөнгөний хойноос явах ёстой хүмүүс нь явах л учиртай. Хууль хяналтын байгууллагууд нь ч гэсэн ажлаа хийх учиртай. Ер нь бол нүглийн хажуугаар нүдээ боочихоод алхаад байх ёсгүй юм.

-Төрийн мөнгө алдагдах эрсдэлийг тооцож анхааруулж чадаагүй, тэр ч бүү хэл алдчихсан бол хариуцлага хүлээх хууль эрх зүйн орчин бий юү?

-Манайд хууль нь хангалттай бий. Ихэдсэн үү гэхээс багадаагүй. Зөвхөн баталсан хуулиа хэрэгжүүлэх л дутагдалтай байна. Ямар нэгэн гарц хайгаад хуйвалдаж гүйгээд, хуулийг тойруулаад байх шаардлагагүй. Ганц нэгэн хүн биш, бүгдээрээ хууль бус зүйлийн талаар ярьдаг, анхааруулдаг болмоор байна. Үнэн байдлыг нь хэлсэн хүнээ адалдаг биш, дэмждэг байгаасай гэж л хүсч байна. Төрийн мөнгө алдагдах эрсдэлийн талаар ярьж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тун цөөхөн байна. Гэхдээ төрийн мөнгөнд санаа зовж дуугарч байгаа иргэд их байна аа. Тэдэнд их талархаж байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдаж байна. Угтаа 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх талаар тусгасан. Давхар болон дан дээлтэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байна?

-Эхлээд Монголд засаглалын ямар хэлбэр зөв бэ гэдэг талаар байр сууриа илэрхийлчихээд таны асуултад хариулъя.Хоёр том хөршийн дунд байрладаг Монгол Улсад парламентын сонгодог засаглал хамгийн оновчтой гэж би үздэг. Нэг хүнээс хэт хамааралтай тогтолцоо юунд хүргэх эрсдэлтэйг Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь үйл явдал болон Казахстанд өрнөж байгаа одоогийн үйл явдал хангалттай харуулж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгээр хамтын, олонхын шийдвэрээр төрөө удирдах зарчим Монголд зохино. Парламентын засаглалаа улам сайжруулж сонгодог хэлбэр лүүгээ шилжих нь зөв. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай, Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог болох учиртай.

-Давхар болон дан дээлтэй сайд нартай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн асуудлаар?

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газарт орж болно гэдэг өөрчлөлтийг бүлгийн хурал дээр би нэлээд эсэргүүцсэн юм. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 29-д Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй ээ гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын зөвхөн дөрвөн гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч болно гээд 1992 оны Үндсэн хуулийн утга санааг тодруулах биш, харин хязгаарласан, зөрчсөн санал дэмжигдээд батлагдчихсан. Түүнчлэн энэ өөрчлөлт бол Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх бус гар хөлийг боосон өөрчлөлт болсон. Энэ бол том алдаа. Засах учиртай.

-Тэгэхээр та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Цаг хугацааны хувьд хэзээ байвал дээр гэж бодож байгаа вэ?

-Тийм. Алдаа гарсан бол эрт засч залруулах ёстой гэж боддог хүн л дээ, би. Удах тусам алдааны гай нь өдөр өдрөөр нэмэгддэг. Нэгэнт л алдаагаа олоод харчихсан бол эртхэн л зассан нь дээр биз дээ.

-Одоогийн Засгийн газар залуу сайд нарынхаа талаар ер нь ямар бодолтой байдаг юм бол?

-Засгийн газар алдаа, оноотой ажиллаж байна. Огт алдаагүй ажилласан Засгийн газрыг олоод ир гэвэл Монгол битгий хэл дэлхийгээс олдохгүй биз. Сайд нар алдаа гаргасан ч богино хугацаанд засч залруулах чадвартай, өөрийн биш, бусдын алдаан дээр суралцдаг байгаасай л гэж бодож байна. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр өөрийнх нь алдаа Засгийн газрын алдаа болох учраас сайдууд хичээж чармайж ажиллаасай л гэж бодож байна. Өөр юу хэлэх вэ дээ. Алдаа гаргаж байгаа, алдаагаа давтаж байгаа сайд нар байна аа, байна.

-МАН-ын 30 дахь их хурал болж өнгөрлөө. Та Удирдах зөвлөлд орсон уу?

-Намын 30 дугаар их хурал зохион байгуулалт сайтай, ажил хэрэгч болж өнгөрсөн. МАН-ынхан хэлэх үгээ ил тод хэлчихдэг ардчилсан нам шүү дээ. Удирдах зөвлөлд миний бие орсон. Удирдах зөвлөлд орно гэдэг хариуцлага нэмэгдэж байна л гэсэн үг.

-МАН-ын удирдах зөвлөлөөс Сү.Батболд, М.Энхболд нарыг хассан нь үе солигдох процесс юм уу, эсвэл өөр шалтгаан байсан юм уу?

-Сү.Батболд, М.Энхболд хоёулаа манай намын даргаар ажиллаж, манлайлж бас үүргээ сайн гүйцэтгэсэн. Энэ удаагийн намын их хурал МАН-ын үе үеийн дарга нараас бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулах заалтыг дүрмэндээ тусгасан. Тэгэхээр Сү.Батболд, М.Энхболд нар намын дүрмийн өөрчлөлтөөр Бодлогын зөвлөлд ажиллах юм. МАН бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээн дээр түшиглэдэг учраас МАН-ын үе үеийн дарга нар дараагийн үедээ зөвлөдөг байх нь бодлогын зөв голдирол.

-Түлээ, нүүрснийхээ шуудайг ч үйлдвэрлэж чадахгүй байгаа улс Шинэ сэргэлтийн бодлогын талаар ярих нь хэр зохилтой вэ. Шинэ сэргэлтийн бодлогын талаар та юу хэлэх вэ?

-Засгийн газрын боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг УИХ сая баталсан. Хөгжилд саад болоод байгаа, шийдчихвэл хөгжлийг түргэсгэх асуудлууд Шинэ сэргэлтийн бодлогод туссан байгаа. Хилийн боомт руу төмөр зам, авто замаа тавьж, боомтуудыг шинэчлэх, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлье, эрчим хүчний хараат бус байхаа больё зэрэг зорилтууд туссан. Хэрэгжүүлэхийн төлөө бүгд чармайж ажиллана шүү дээ. Асуулттай холбоотой санал хэлэхэд үр ашигтай, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа Монголд хэрэгтэй. Түүнээс биш үр ашиггүй үйлдвэрлэл, үйлчилгээ дэмий, хөрөнгө бас цагийн гарз.

-Намын дүрмэндээ авлигын хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ, ял авбал намын гишүүнчлэлээс хасах талаар заасан. Энэ дүрмийн дагуу одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа ихэнх гишүүд, сайд дарга нар намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх юм уу, эсвэл хөөгдөх болж байна уу?

-Тэгсэн. Намын дүрэмд өөрчлөлт орсон. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор хардах, шүүмжлэх эрх бүгдэд бий. Хууль хяналтын байгууллага авлига, албан тушаалын хэргийг шалгаад, шүүхээр гэм буруутайг тогтоосон эцсийн шийдвэр гаргахаас өмнө хэвлэлээр элдэв мэдээлэл гарч улстөрчид, албан тушаалтнуудыг аль хэдийнэ буруутгаж, шүүж эхэлдэг. Заримдаа бодит байдал шуугьсан шигээ байдаггүй. Зарим нь ч албаар гэмээ, буруугаа нуух гэж бусдыг золигт гаргаж, хэвлэлд ихээхэн мөнгө цацаж бусдыг буруу замаар будаа тээлгэхийг хүсдэг. Харин шүүхээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэмээн тогтоочихсон хүмүүс хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд явдаг. Түүнээс бус амаар, хэвлэлээр, ховоор хүнийг буруутгаж болохгүй.

-Хаан банкны хувьчлалтай холбоотой асуудлаар нийгэмд анх шүгэл үлээсэн хүн бол та. Харин үүнээсээ болоод эргээд Ч.Хүрэлбаатарыг нийгэмд муухай харагдуулах олон ч дайралтууд ирж байх шиг байна. Ер нь Хаан банктай холбоотой асуудал юу болсон бэ?

-Монгол Улс мөнгө угаахын Саарал жагсаалтаас гараад нэг жил хагас ч болоогүй байна. Саарал жагсаалтад орж байх үед мөнгө угаах, терроризмтой тэмцэх Үндэсний хороог Хууль зүйн сайд хариуцдаг байсан. Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлын хэсгийг надаар ахлуулж богино хугацаанд гаргах үүрэг хүлээлгэсэн. Төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн олон зуун хүний хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс Саарал жагсаалтаас түүхэн богинохон хугацаанд гарч чадсан. Саарал жагсаалтад орсон нэг шалтгаан бол арилжааны банкуудын хариуцлагагүй үйлдлүүд байсан нь үнэн. Банкуудтай холбоотой амаргүй олон асуултад хариулж, тайлбар, амлалт өгч байж Саарал жагсаалтаас гарснаа мартаж болохгүй. Тэр тусмаа ажлын хэсгийн дарга ийм зүйлийг асуухгүй, тодруулахгүй байх нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л болно биз. Мөнгө угаахын эсрэг байгууллага ФАТФ Монголыг Саарал жагсаалтаас гаргах шийдвэр гаргаж байхдаа бидэнд итгэсэн тэр итгэлийг алга болгож огт болохгүй.

-Саарал жагсаалтаас гарахдаа банктай холбоотой амлалт авсан юм уу?

-Авсан. Саарал жагсаалтаас гарахдаа хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулсан. Уг хуульд мөнгө угаахын эсрэг хэд хэдэн зүйл заалт оруулсан. Тухайлбал, банкны хувьцааны таван хувиас дээш хувьцааг хэн нэгэн эзэмшсэн тохиолдолд, түүнийг яг хэн авч байгаа вэ гэдгийг заавал тодруулах учиртай. Төлөөний хүн, төлөөний байгууллагаар дамжуулан авсан ч яг авч байгаа жинхэнэ эзэн нь буюу эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг заавал тодруулахаар заасан. Мөн банкны хувьцааг худалдан авахад зарцуулсан мөнгөний эх үүсвэр цэвэр эсэхийг шалгаж тогтоохоор хуулиа өөрчилсөн. Банкны тухай хуульд орсон Мөнгө угаах, терроризмтой тэмцэх дээрх заалтууд тийм амар батлагдаагүй, олон саад бэрхшээл, эсэргүүцэл дунд батлагдсан. Хууль санаачилсан гишүүдийг сошиал болон хэвлэлээр зөндөө л балбаж байсан.

-ХААН банктай холбоотой асуудлын хувьд?

-ХААН банкны хувьцааг худалдах зөвшөөрлийг Монголбанк олгохдоо хууль зөрчсөн байна гэсэн бичиг надад 2021 оны аравдугаар сарын 20-нд ирсэн. Зөвхөн надад биш, УИХ-ын олон гишүүдэд ирсэн юм байна лээ. Энэ бичигтэй холбоотойгоор УИХ-ын чуулган дээр Монголбанкны ерөнхийлөгчөөс хоёрхон л асуулт асуусан.

-Яг ямар хоёр асуулт тавьсан нь шуугиан болчихов?

-Нэгдүгээрт, Та 2021 оны долдугаар сарын 26-нд зөвшөөрөл өгчээ. Эцсийн өмчлөгч нь хэн гэдгийг тогтоосон уу? Хоёрдугаарт, хувьцааг худалдан авсан мөнгөний эх үүсвэрийг нь шалгасан уу? гэдэг хоёр асуулт асуусан. Үүний дараагаар элдвээр хэлүүлээд явж л байна. Арлын Японд байгаа ориг япон хүн энэ асуулт асуусны төлөө багагүй мөнгө зарж намайг элдвээр хэлүүлэх үү? Тогтчихсон троллуудаар дайруулах уу? Үгүй шүү дээ. Хаан банкны хувьцааг ганц нэгээрээ ч биш, хэсэг бүлгээрээ хуйвалдаж хууль бус мөнгөөр авсан гэж би бодож байгаа. Хэн хэн авсан нь ил тод болох нь цаг хугацааны л асуудал, эздүүд, зуучлагчид нь өөрийгөө илчилсээр л байна.

Энэ асуултыг надаас гадна Т.Доржханд, Г.Амартүвшин нарын гишүүд чуулган дээр асуусан. Хууль бус энэ үйлдлийн талаар ярьж байгаа УИХ-ын олон гишүүд байгаа. Эдгээр асуултыг бид биш ч мөнгө угаах, терроризмтой тэмцэх ФАТФ асууж л таарна, ФАТФ-д тайлагнах хугацаа ойртож байна шүү дээ. УИХ-ын ЭЗБХ-ноос энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг надаар ахлуулаад байгуулсан, бид хэд ажиллаж байна.

Уг нь Монголбанкны хяналт шалгалт, хуулийн газраас Монголбанкны ерөнхийлөгч рүү энэхүү зөвшөөрлийг олгож болохгүй гэдэг бичиг орсон юм байна лээ. Харамсалтай нь энэхүү бичиг орсоор байтал зөвшөөрсөн бичиг Япон руу явчихсан байгаа нь Ажлын хэсгийнхний гайхширлыг барж байгаа. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч “Би зөвшөөрөл олгоогүй, хэзээ ч бүртгэхгүй” гээд л байгаа.

-Та энэ асуудал дээр байнга дуугарч байгаа харагдах юм. Заримдаа элдэв бусаараа хэлүүлэхээсээ халширч шантрахгүй байна уу?

-Нэг л юм хэлье. Монгол Улс Саарал жагсаалтад дахиад орчихвол олон хүн харин элдвээрээ хэлүүлнэ. Элдвээр хэлүүлэх ч энүүхэнд, хуулийн хариуцлага хүлээнэ. Монгол Улс саарал, хар жагсаалтад орвол энэ хууль бус үйлдлийг зогсоогоогүй, хуульгүй юм шиг загнасны төлөөсийг хуйвалдсан, эс үйлдэл хийсэн олон хүн төлж л таарна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш төлнө. Цөөн хүний хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг улсаараа төлөх ёсгүй. Одоохондоо энэ асуудлыг ил тод болгосон Ч.Хүрэлбаатарыг элдвээр хэлж л байна. Сайнтай, муутай алаг хорвоод сайлуулж, муулуулаад л амьдарна. Улстөрч хүн ийм зүйлийг тойрдоггүй, дундуур нь туучаад л явдаг. Намайг элдэв бусаар хэлчихлээ гээд гоншигноод байдаггүй. Тэр тусмаа мөнгөөр, захиалгаар бичдэг хүмүүсийг огтхон ч тоодоггүй. Намайг муулж мөнгөтэй болж байгаа хүмүүс хааяа баярлалаа гэдгээ хэлчихвэл зүгээр байх.

-Сайн муугаараа дуудуулах нь улстөрч хүний туулах л ёстой нэг зам юм биш үү. Гэхдээ тэр хүний цаана байгаа гэр бүлийнхэнд нь амаргүй л байдаг байх?

-Манай гэр бүл сонголтоо хийчихсэн. Хэл ам, элдэв дайралтаас айдаг бол би улс төрөөс гарчих боломжтой шүү дээ. Манай гэр бүлийнхэн элдэв мэдээллийг тоодоггүй, үнэнийг хэлэхэд зурагт үзэж, радио сонсдог ч үгүй. Сошиалд идэвхтэй байдаг нь би.

-Та төрд зүтгэсэн хугацаандаа хууль бус үйл ажиллагаа хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байдаг уу?

-Итгэлтэй байна. Хаана ч нүүр бардам хэлнэ. Х.Баттулгын хүсэлт, захиалгаар мөн ч олон удаа шалгуулсан даа. Захиалгат нэвтрүүлгүүдээр мөн ч олон удаа доромжлуулж, гүтгүүлсэн дээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг жамтай.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байдаг уу?

-Оюу толгойн төслийг хэрэгжүүлж эхлэх шийдвэрийг С.Баярын Засгийн газар гаргасан. Энэ бол Монгол Улсад гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирсэн түүхэн шийдвэр байсан. Түүнээс хойш үе үеийн Засгийн газар уг төслийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээд л явж байна. Сү.Батболдын, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэрээг сайжрууллаа. Энэ мэт сайжруулаад л явах учиртай. Оюу толгой дээр шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүст ч хүндэтгэлтэй ханддаг. Тухайн үед хамгийн том зориг гаргаж, энэ төслийг эхлүүлсэн хүн бол яах аргагүй С.Баяр.

-Та цаашдынхаа улстөрчийн карьерийг хэрхэн төлөвлөдөг вэ?

-Улс орны хөгжил дэвшил, Увс нутгийн хөгжил дэвшилтэй холбоотой хийх ёстой олон ажлууд байна. Өөрт оногдсон эрх үүргийн хэмжээнд зүтгэж байгаа. Монгол Улс бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрх чөлөөг хүндэтгэдэг ардчилсан улс. Хууль засагладаг улс болгож бэхжүүлэхийн төлөө зүтгэнэ, хувь нэмрээ оруулна. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, олон түмэн, улс орныхоо төлөө зүтгэхээс илүү зүйл улстөрч хүнд байхгүй шүү дээ.

П.Батзаяа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн “омикрон” хувилбараас сэргийлэх зөвлөгөө

Коронавирусийн Омикрон хувилбар нийтийн дундаас илэрч, манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгаа тухай Эрүүл мэндийн сайд өчигдөр мэдэгдсэн. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргажээ.

Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд:

  • хоолой өвдөх
  • нус гоожих
  • толгой өвдөх
  • ханиалгах
  • халуурах
  • үнэрлэх мэдрэхүй алдагдах
  • найтаах.
  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа тогтмол угаах
  • Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
  • Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
  • Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
  • Вакциндаа идэвхтэй хамрагдахыг иргэдэд зөвлөлөө.

ААН, албан байгууллагууд:

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Амны хаалттай хүнд үйлчлэх
  • Спиртэн суурьтай гар ариутгагч суурилуулах
  • 1.5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
  • Өрөө тасалгаанд 2 цаг тутам агаар сэлгэлт хийх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр (2022.01.08-09) үргэлжилж аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад “Арван жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюун спорт давуу талтай” гэв.

Тэрбээр мөн 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх талаар Улсын Их Хурлаас тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг олгохыг илүү чухалчилж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай буурал Д.Найдан нар тэмцээний нээлтийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ.

Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд “анхан шат”, аймаг, нийслэлийн хэмжээнд “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн гурван үе шаттай явагдсан. Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцжээ. Оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна. Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна. Анхан шатны тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоож Увс аймагт 509, Баянхонгорт 449, Завханд 408 шатарчин хамрагджээ.

Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгарчээ.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнийг Швейцар системээр 8 өрөг явуулж, медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулсан юм.

Эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.

Эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ. Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзол хангаад байна.

Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдана. Тухайлбал, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болох товтой байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Мөн өнөөдөр дараах ажлын хэсгүүд хуралдана.

  • 09.00 цагаас Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 13.00 цагаас Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгыг танилцуулах уулзалт
  • 14.00 цагаас “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 14.00 цагаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 14.30 цагаас Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох товтой байна
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна

Казахстан улсын дотоодын нөхцөл байдал хурцдаж хяналтаас гарч, олон улсын анхааралд ороод байна. Тус улс эмх замбараагаа алдаж, хөл толгойгоо олохгүй болчихлоо. Гэтэл манай үе үеийн удирдагчид энэ улсыг үлгэр жишээч хэмээн магтаж ирсэн нь эдгээр өдрүүдэд гайхалтай санагдаж байна. Казахстан улсын үсрэнгүй хөгжиж буйг хар, тэнд жинхэнэ хөгжил цэцэглэлт болж байна, Нурсултан Назарбаев бол аугаа удирдагч юм байна, ард түмэн нь түүнийг хаан мэт хүндэлдэг юм байна, нийслэл хотоо зөөчихлөө, нэг хүний засаглалтай орон ямар гоё юм бэ гэж манай эрх баригчид ам уралдан магтацгаадаг байв. Н.Энхбаярын үеэс л Казахстаныг мундаг юм байна гэж магтдаг байлаа. Дараа нь Ц.Элбэгдорж ч их магтаж байж билээ. Х.Баттулга ч бас Казахстаны хөгжлийг дурдаж л байсан удаатай.

Гэтэл өнөөдөр Казахстанд үүсээд байгаа нөхцөлийг харахад манай үе үеийн эрх баригчдын ярьж байсан дээрх магтаалууд бүгд худлаа байсан юм байна даа. Нэг хүний засаглал, хэмжээгүй их эрх мэдэл, даврал улс орныг бүхэлд нь балладаг юм байна. Дундад зууны үе шиг нэг хүнийг тахин шүтдэг ёс, үзэл энэ зуунд лав байхгүй юм байна. Эрх мэдлээрээ далайлгаж, ард түмнийг сөхрүүлэх гэвэл хүмүүс хэдүйд ч дургүйцдэг болчихож. Дарангуйлагчийнхаа хөшөөг оосорлоод татаж унагаж буй ард түмнийг хараад нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөжээ гэдгийг хүн төрөлхтөн хараадахлаа.

Муу ч, сайн ч парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, улс төр нь олон ургалч үзэл дээр үндэслэгдэж, хэрүүл уруултай байх нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм байна. Парламентын засаглал маргаан ихтэйгээс ажил явдаггүй, ажил гацдаг, хөгжил удаан гэж шүүмжлэх нь бий ч яг одоогийн дэлхийд парламентын засаглалтай байхаас өөр сайн сонголт алга. Өөр сонголт ч байдаггүй юм байна даа.

Монгол Улс яг одооных шиг нөхцөл байдлаараа дахиад хэдхэн жил явбал ер нь эвгүйтэх шинжиндээ орчихоод байна. Ард түмэн туйлын ядуу, эрхлэх ажил ч үгүй, төр засгаасаа халамж гуйгсад олширчихлоо. Өргөн хэрэглээний бараа сүүлийн зургаан жилд огцом өсч, шатахууны үнээр байнга тоглодог болсон.

Гэтэл ийм их бухимдал, ядуурлын дундуур үзэл бодол, үгээ хэлэх гэж талбай дээр гарч ирсэн иргэдийг цагдаа нар барьж, хорьж, хэлэх эрхийг нь боогдуулж байгаа нь Казахстаных шиг нөхцөл байдал Монголд болох хугацааг наашлуулчихаж байгаа юм л даа.

Цагдаа нарын хүний эрхийн мэдлэггүй энэ тэнэг үйлдэл, Ардын намынхны авлига, шударга бусаар баяжиж байгаа байдал, ард түмнийхээ өвчин зовлонг далимдуулж, зовлонгоор нь зоос олох гэж гүйж байгааг нь харцгаа. Хаана асуудал гарч байна, тэнд нь авлигын асуудал л босдог. Замын-Үүдээс яаж мөнгө босгож байна, ачаа тээврээр яаж мөнгө босгох гэж улайрч, иргэдээ шулж байна. Манай нийгэмд улс төртэй холбогдсон салбар бүр бохир, тэнд нь авлига үүрлэж, энэ улс орныг сөхрүүлж байна. Энэ шударга бус бүх үйлдэл нь Казахстанд өрнөж буй эсэргүүцэл Монголд удахгүй давтагдана шүү гэж сануулж, цаг хугацааг нь наашлуулж байгаа юм.

Ард түмэн өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө босоход ерөнхийдөө бэлэн болчихоод байхад Казахстаных шиг тэмцэл гаргуулахгүйн тулд урьтаж засч, залруулж чадах уу, энэ засаг төр. Яахав сонгуулиар өгсөн таван цаасанд нь

хөөрцөглөөд гэнэн цайлганаар “Ээ дээ, нам минь” гээд дугуйлаад МАН-ыг гаргаад ирчихсэн байж болно. Гэтэл ард түмний амьдрал туйлын хүнд байгаа учир уур бухимдал нь энэ улсыг Казахстан шиг

байтугай түйвээж ч мэднэ дээ. Казахстанд иргэд нь босчээ, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагссан ч үнэн хэрэгтээ Засгийн газраа унагах зорилготой байсан бөгөөд даварсан эрх баригчдаа буулгаж, хотууд эмх замбараагүй байна гэдэг мэдээг сонссон монгол хүн “Яана аа” гэж уулга алдахаасаа илүүтэй “Хэдүүлээ хэзээ ингэж босох вэ”, “Биднийг бодвол казахстанчууд чинь зоригтой юм байна”, “Хэдүүлээ ч ингэж босоход их ойртсон доо” гэх мессэжийг нэг нэгэндээ өгөөд буйг хэн ч анзаарахаар байна.

Болж буй үйл явдлаас харахад парламентын засаглалтай байж, ардчиллаа хөгжүүлэхээс өөр арга алга юм байна шүү. Нэг хүн хаан шиг улс орныг удирддаг ёс халагджээ. Ардчилал хаа ч ус, агаар шиг хэрэгтэй байдаг юм байна. Ардчиллаар цангасан, ардчиллаа дээрэмдүүлсэн орны иргэд гэнэт нэг л өдөр тэсэрч буйг харж байна.

Агаарын даралтыг тодорхой хэмжээгээр гаргаж, зохих ёстой түвшинд нь барьдаг автомат төхөөрөмжүүд бий. Нийгмийн амьдрал яг тэр даралт шиг юм. Тэр хүчтэй даралтыг үе үе гаргаж байх ёстой юм шүү. Дараад байж болохгүй. Зүй нь тэр их даралтыг цаг тухайд нь аясаар нь гаргаж байснаараа дэлбэрэх аюулаас зайлсхийнэ. Сүүлийн үед энд тэнд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг цагдаа хүчний байгууллагынхан төрийн нэрийг барьж далайлган хүчээр тарааж, баривчилж байгаа нь тэрхүү автоматыг байхгүй болгож байгаатай адил юм. Хэдий чинээ иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчинө, хэдий чинээгээр ардчиллыг гишгэлнэ, тэр хэрээр дээр дурдсан нөхцөл байдлыг наашлуулж байгаа юм. Цагдаа хүчний байгууллагын баривчилгаа, иргэдийнхээ үзэл бодлыг юман чинээ хүндэтгэхгүй байгаа нь цаагуураа өөрсдөдөө, үндэстэндээ мөхөл сүйрлийг ёрлож байна.

Казахстаны бослого, хөдөлгөөнийг монголчууд зүгээр ч нэг хараад суухгүй л байгаа шүү. Тэндээс өөрсдийгөө олж хараад байгаа нь нэг юм хэлээд байна аа.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстанд үймээний үеэр 3 хүүхэд амиа алджээ

Казахстанд болсон эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын үеэр гурван хүүхэд амиа алдсан талаар тус улсын хүүхдийн эрхийг хариуцсан мэргэжилтэн Аружан Саин мэдээлснийг “Хабар 24” телевиз дамжуулжээ.

“Амиа алдсан хүмүүсийн дунд насанд хүрээгүйчүүд ч байгаа. 11, 15 настай өсвөр насны хүүхдүүд болон дөрвөн настай охин амиа алдсан” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Алматы хотод автомашин руу буудах үеэр дотор нь зорчиж явсан дөрвөн настай охин өртөж, амиа алджээ. Энэ хэрэг нэгдүгээр сарын долооны баасан гаригт болсон байна. Үүнээс өмнө нэгдүгээр сарын тавны лхагва гаригт 11 настай хүү гудамжинд эцэг эхтэйгээ явж байх үедээ тэнэсэн суманд өртөж амиа алджээ.