Categories
мэдээ нийгэм

Монголын таван бөх медаль хүртлээ

Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск амжилттай үргэлжилж байна. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 70 гаруй тамирчин зодоглож буй бөгөөд Иван Ярыгиний гранпри тэмцээнээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм. Тэгвэл тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монголын таван бүсгүй медаль хүртээд байна.

Д.Отгонжаргал Монголын медалийн салхийг хагаллааМонголын таван бөх медаль хүртлээ

Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг амжилттай хагаллаа. Өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж медальгүй хоцорч байсан тэрбээр энэ удаа Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялж шагналын тавцанд зогсов. Манай бөх тус барилдаанд 0:7-гоор хожигдож явсан ч 13 оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарсан. Энэ жинд түүнтэй хар багаасаа нэг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Милана Махачевад цэвэр ялагдлаа.

Монголын таван бөх медаль хүртлээ55 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Марал нар хүрэл медаль хүртэв

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа, 2018 оны өсвөр үеийн Азийн аварга спортын мастер Б.Марал нар 55 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Э.Сумъяа тус тэмцээнээс зургаан медаль хүртээд байгаагаас тав дахь хүрэл нь (2015, 2016, 2017, 2019, 2021 онд хүрэл медаль хүртсэн) болж байна. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан. Харин “Женко” клубийн 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.

Монголын таван бөх медаль хүртлээ

Монголын таван бөх медаль хүртлээГранпригаас Б.Шоовдор тав дахь медалиа энгэртээ гялалзууллаа

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) болж байна. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.

Монголын таван бөх медаль хүртлээ

З.Болортунгалагийн дөрөв дэх медаль хүрэл байлаа

Өнгөрсөн жилийн Азийн аварга, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг Красноярскоос өчигдөр барилдсан Монголын бөхчүүдийн хамгийн сүүлийнх буюу тав дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр өчигдөр эхний барилдаандаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Форрест Молинарид оноогоор цэвэр (5:15) ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын хороо цахим, ил тод, нээлттэй бодлогыг хэрэгжүүлнэ

-2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлалаа-

Нийслэлийн МАН-ын 35 дугаар бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бага хурлын төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улиран сонгогдлоо. Нийслэлийн МАН-ын хорооны даргаар дахин сонгогдсон Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд ярилцлага өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Өнгөрсөн хугацаанд танай багийн мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажил хэр биелэлттэй байсан бэ?

-МАН-ын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой улс төрийн томоохон эрх баригч байгууллага юм. Цаашид МАН-д шинэчлэл хэрэгтэй. Бид ч ийм бодлогыг баримтлан ажиллаж байгаа.

2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороо “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө боловсруулан, иргэдэд танилцуулсан. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, амласан амлалтаа биелүүлэх үүднээс нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь Засаг даргын мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд, нийслэлээс УИХ-д сонгогдсон 22 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, Засаг даргын орлогч дарга нараас бүтсэн баг энэ сард хэд хэдэн томоохон хурал, зөвлөгөөн хийсэн. Ингэхдээ мөрийн хөтөлбөрийн биелэлт, гүйцэтгэл дээр хяналт тавьж, хагас жил тутам үр дүнгээ тооцож ажиллахаар төлөвлөсөн. Мөн улирал тутам гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг хэмжих, мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтын биелэлт хэдэн хувьтай байгааг тооцон дүгнэх байдлаар ажиллана. Улс төрийн нам нь ард түмэнд амласан амлалтаа биелүүлэх, түүний үр дүнг тооцож, иргэдээр дүгнүүлэх ёстой. МАН нь 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд авлигыг бууруулах, хүнд суртлыг багасгах, эдийн засгийг сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууцны бодлогыг хөгжүүлэх, инженерийн байгууламжийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллын тоог багасган, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг маш олон ажлыг төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулсан.

Уг Түр хорооны дэмжлэгтэйгээр 2021 оны долдугаар сарын 5-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын санхүү, хөрөнгө мөнгөний чадамж нэмэгдэж, бие даасан эдийн засгийн суурьтай болох алхмуудыг хийж эхэллээ. Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 1-н гэхэд эхлүүлэх тухай Ерөнхий сайдын үүрэг, чиглэлийг биелүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нийгэмдээ нээлттэй, цахим, ил тод, нээлттэй бодлого явуулдаг нам байх зэрэг суурь зарчмуудыг нийслэлийн намын хороо хэрэгжүүлэн ажиллана. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, сайн үйлсийн аянд нэгдсэн, нийгмийн дуу хоолой болж чаддаг, бусад төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй байж, тэднийг сонсдог нам байхын төлөө эрчимтэй бодлого гаргана. Энэ бол нийгэмд дутагдаж байгаа, нийгмээс шүүмжлэл хүлээж байгаа асуудал.

Ер нь Үндсэн хуулийн суурь зарчмуудыг үйл ажиллагаандаа сайтар суулгаж, намаас гаргасан бодлого, шийдвэр бүх шатандаа хэрэгжих ёстой гэх бодлогыг барих юм. Ингэснээр манай нам цаашид илүү хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн байгууллага болно гэж боддог. Нийслэлийн МАН шинэчлэлийг байнга хийж явах ёстой. Иргэд, олон нийтэд хаалттай байж болохгүй. Илүү уян хатан, либерал улс төрийн байгууллага байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр бодлогоо тодорхойлж байна.

-Бага хурлын гишүүдийн 99.5 хувь нь танд итгэл хүлээлгэж, намын хорооны даргаар дахин сонголоо. Энэ бол танд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь итгэл хүлээлгэсэнтэй адил юм. Тиймээс ирэх жилүүдэд танай намын хорооноос ямар зорилго, зорилт тавин ажиллах вэ?

-2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа бага хурлын төлөөлөгчдөд танилцуулсан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд байдаг 204 хорооны намын хороо, 534 үүр буюу намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, иргэд олонд бодлого, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түүгээр дамжуулж иргэдийн санал, бодолд судалгаа хийж, бодлогоо боловсруулан ажиллах юм. Өөрөөр хэлбэл, манай нам судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой. Хүүхэд залуучууд, дундаж насныхан маань ямар нийгмийг хүсэж байна, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтаас эхлүүлээд төр захиргааны байгууллага хууль эрх зүйн ямар шинэтгэлийг хүсэж байна, энэ болгонд судалгаа авч, түүнд суурилан бодлогоо тодорхойлдог.

Нөгөөтээгүүр, МАН-ын дүрмийн өөрчлөлтөд хариуцлага тооцох тогтолцоог чухалчлан үзсэн. Энэхүү тогтолцоог намын удирдах дээд түвшинд төдийгүй дунд шатны, тодруулбал, аймаг, нийслэлийн намын байгууллага, анхан шатны буюу сум, дүүрэг, хорооны намын байгууллагын ажиллагаанд тусгал болгож, бодлогоо чиглүүлж ажиллах юм.

Түүнчлэн 100 жилийн түүхтэй манай нам хоёр хуваагдсан гашуун туршлага бий. МАН бол зовж, хэлмэгдэж үзсэн, алдаж үзсэн улс төрийн байгууллага. Залуу үеийн төлөөллийн хурд, мэдрэмжтэй шийдвэрийн хүчээр хоёр тусдаа явсан улс төрийн хүчин нэгдсэн нь түүхэн үйл явдал боллоо. Нэг цул улс төрийн байгууллага болж байгаад би хувьдаа талархалтай бөгөөд хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэхүү нэгдэл цаашдаа улс орны хөгжилд ч үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Нийслэлийн МАН-ын хорооноос 2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлаж байна. Мөн энэ оныг нийслэлийн удирдлагын багаас “Хотын иргэний жил” болгон зарласан. Эрх барьж буй намын хувьд анхан шатны нэгж, байгууллагад онцгой анхаарч, эгэл жирийн гишүүдийн тэгш оролцоог хангах үүднээс дээрх зорилтыг дэвшүүлсэн. Манай нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн тоо 66.758 болоод байна. Гишүүдээ хөгжүүлэх үүднээс дүүрэг бүрд Хүний хөгжлийн төв байгуулна. Залуус, дунд үе, ахмадуудад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Дэлхий нийтийн хэл болох англи хэлийг судлах нь тухайн хүний үнэлэмж, үнэлгээг хэд дахин нэмэгдүүлдэг. Тиймээс энэ чиглэлд анхаарна. Мөн харилцааны сургалтууд, хөгжүүлэлтийн бодлогыг дүүрэг, хорооны намын байгууллагуудыг түшиглэн явуулна.

–УИХ-аас батлан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ. Хууль дагалдаж гарах дүрэм, стандартын өөрчлөлтийн давуу тал, үр дүн нь юу вэ?

-Ерээд оны нийгмийн өөрчлөлтөөс хойш нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж дордсон. Нэгжийн хуулийн дагуу нийслэл хот аймгийн түвшинд тооцогдож байсны дээр төсөв бүрдүүлэгч нэг хэсэг болж, гаднын хөрөнгө оруулалт татах боломж, бололцоо хомс байсан. Үе үеийн Хотын дарга нар хотоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг байсан нь мэдээж. Иргэдээ соёлтой болгох, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, зөв төлөвлөлт хийхэд бодлогоо чиглүүлж сууна, бид өнөөдөр. Асар олон ажил Улаанбаатар хотод хүлээлт үүсгээд байна. 27 жилийн хугацаанд УИХ-ын босго давж чадаагүй хуулийг бид шинэчлэн баталж чадлаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болоод Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн хүчээр нийслэлийн эрх зүйн байдал эрс дээшилсэн. Энэхүү хууль батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын зүгээс хөрөнгө оруулалт татах ажлууд эхлээд байна.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэхчлэн олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийж байна. Хотод хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр асар их хэрэгтэй байна. Дулаан хангамжийн шугам сүлжээний 86 хувь нь хуучирч муудсан. Мөн түгжрэл, цахилгаан хангамж, орон сууцны хангамж, ногоон байгууламж, иргэний аюулгүй байдлыг хангах асуудлууд шийдэл хүлээж байна. Энэ бүхнийг шийдэхэд эрх зүйд суурилсан хөрөнгө, санхүү хэрэгтэй. Тооцоо судалгаанд суурилсан ТЭЗҮ боловсруулж, УИХ-д өргөн барин хэлэлцүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс улс төрийн хүчний нэгдмэл хүчний хувьд давуу талаа ашиглаж, цаг нартай уралдаж байж Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн нийт зээлийн 75 хувийг үйлдвэрлэлийн зээл эзэлж байна

Хэрэглээний зээл буурч, бизнесийнх өсчээ

Сүхбаатар аймагт урьд жилүүдэд нийт зээлийн 60-70 хувийг хэрэглээний зээл эзэлж байсан бол 2021 онд нийт зээлийн 75 хувийг малчны болон үйлдвэрлэлийн зориулалтай бизнесийн зээл эзэлжээ. Үүнийгээ дагаад иргэдийн хадгаламжийн орлого ч нэмэгдсэн байна. Ингэснээр тус аймгийн эдийн засагт нааштай өөрчлөлт орж буйг онцлов.

Өөрөөр хэлбэл орон нутагт өрхийн болон ЖДҮ нэмэгдэж, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, хадгалагдах цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбараас танилцууллаа.

Тодруулбал, нийт зээлийн хэмжээ 45,5 тэрбумаар өсч 180 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ өсөлтөд гурван хувийн хүүтэй ажлын байр хадгалах, малчдад зориулсан, ипотекийн гэх мэт цар тахлаас үүдэн тулгарч буй эдийн засгийн уналтыг сааруулах зорилго бүхий зээлүүд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Ингэж зээлийн хэмжээ нэмэгдсэн ч чанаргүй зээлийн хэмжээ 1,3 хувиар буурсан эерэг үзүүлэлт мөн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Цогт-Очир хүрэл медаль хүртлээ

Португал улсад Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны гранпри болж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр манай улсын дөрвөн жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир хүрэл медаль хүртэж амжилт үзүүлжээ. Энэхүү тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд манай улсын 21 тамирчин амжилттай оролцож байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэн 500 мянга, 499 мянган төгрөгийнх нь харин 570 мянга болно

Төгрөгийн хадгаламж 779 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар өсчээ – updown.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 12 цаг 10 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай горимоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан.

Үүнийг Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцэж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлага байгааг онцоллоо.

Ингээд хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 350.000 төгрөгийн тэтгэвэр 150.000 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 480.000 төгрөгийн тэтгэвэр 20.000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тэнцвэргүй байгааг тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүний асуултад өгсөн тайлбартаа, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 төгрөгт хүргэх шийдвэр гарсан. Тухайлбал, 400.000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч байгаа хүний тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 465.000 төгрөг болж байгаа, үүнийг автоматаар 500.000 төгрөгт хүргэнэ. Харин 499.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар буюу 570 орчим мянга болно гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгааг цаашид хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн байгааг нэмж тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох, ажлын гүйцэтгэл дээр нэмэгдэл олгох журам үйлчилж байгаа гэсэн тайлбар хийв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон шийдэл болсныг тодотгож, Монгол Улсын төсөвт хүндрэл учруулах эсэх талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого давсан үзүүлэлттэй гарсан. Мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой, шаардлагагүй зардлуудыг хойшлуулах, тэвчих замаар эх үүсвэрийг гаргаж, тэтгэвэр нэмэхээр танилцуулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 450-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 18 мянган иргэнийн тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлалыг цаашид анхаарах талаар санал хэлэв.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2022 оны 01-р сарын 29-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17 цагт: 17 градус, 20 цагт: 20 градус хүйтэн байна.


2022 оны 01 сарын 29-ний 20 цагаас 01 сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 2, 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Томоохон захуудыг чиглэсэн авто замууд ачаалалтай байна

Японд мянга орчим автомашины түгжрэл үүсжээ

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр одоогийн байдлаар томоохон зах худалдааны төвийг зорих хөдөлгөөний эрчим нэмэгдэж, замууд ачаалалтай байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, хөдөө орон нутгийн иргэд сар шинийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг аж. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Томоохон зах худалдааны төвийг чиглэсэн авто замууд нэлээд ачаалалтай байна.

Нарны зам, Гурав дөрөвдүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө, Хархорин худалдааны зах, Намъянжүгийн авто замууд ачаалалтай байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ бүрэн зогсоолтой газар тавих, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байх, хөдөө орон нутгийг зорьж буй иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд гарах шаардлагатай байна. Мөн орон нутгийн замд гүйцэж түрүүлэхгүй байх, хурдаа тохируулан зорчихыг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Алтан-Өд 2021” наадмын шилдгүүд тодорлоо

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмыг 2001 онд анх санаачлан зохион байгуулснаас хойш 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд 111 бүтээл ирснээс хоёр шатлалаар шүүн хэлэлцэж шилдгүүдийг тодрууллаа. “Алтан-Өд 2021” наадмын шагнал гардуулах ажиллагаа өчигдөр 12.00 цагт Үндэсний төв номын санд боллоо. “Алтан-Өд 2021” наадмын шилдгүүд 1. Хүүхдийн шилдэг зохиолын төрөлд Г.Сэр-Одын шагналт зохиолч Б.Ганчимэгийн “Аз жаргалын байшин” бүтээл 2. Баримтат уран зохиолын төрөлд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Д.Шагдарсүрэнгийн “Шилдэг нийтлэл-87” бүтээл 3. Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, урлаг судлалын ухааны доктор, МЗЭ-ийн шагналт судлаач Д.Батсайханы “Театрын түүх” бүтээл 4. Утга зохиолын орчуулгын төрөлд орчуулагч Б.Гэрэлийн Г.Г.Маркесийн “Эзэнтний намар” роман 5. Жүжиг, киноны зохиолын төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач П.Батхуягийн “Чулуун бөмбөрийн нүргээн” жүжиг 6. Хүүрнэл зохиолын өгүүллэг, туужийн төрөлд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэрт хальдаг” бүтээл 7. Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” роман 8. Яруу найргийн төрөлд яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Зүрхэнд агч намур” бүтээлүүд тус тус шалгарлаа.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэж байна

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Монгол бөхийн өргөөнд өчигдөр болсон Сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрлөө. Харин өсвөр бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, “Энжи” клубийн Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн 23 осол бүртгэгдэж хоёр хүн нас баржээ

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ЖОЛООЧ ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? |  Smartbroker

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1239 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 997 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Нийт 23 осол бүртгэгдэж, үүний улмаас 23 хүн гэмтэж, хоёр иргэн нас барсан байна. Тодруулбал, нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж бэртсэн байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт дөрвөн осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Энэ долоо хоногт явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 17 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн байна. Тэдний дөрөв нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.