ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зарим оюутантай “Оюутан цэрэг-Нэг өдөр” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.
АШУҮИС-ийн оюутнуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй эл ажлын ач холбогдол өндөр юм.
Өнгөрсөн жилийн намар Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг үзэглэсэн бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү сургалт, сурталчилгааны ажил билээ.
Энэ өдрийн өглөө 06.30 цагт АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутнууд сургуулийнхаа орчим цугласан ба гурван маршрутаар хөдөлгөөн үйлдэн, өөрсдийн хуваарилагдсан Зэвсэгт хүчний ангийн байрлалд ирсэн юм.
Тухайлбал, АШУҮИС-ийн Эм зүйн болон Сувилагчийн сургуулийн оюутнууд багш Д.Байгалмаа, Ж.Сэргэлэнцэцэг нарын удирдлага дор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн байрлалд 07.45 цагт хүрэлцэн ирэв.
Тэднийг ангийн Шалган нэвтрүүлэх байраар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр зохих журмын дагуу нэвтрүүлсний дараа тус ангийн удирдлага хүлээн авч, энэ өдөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Сургалт, сурталчилгааны ажлын эхэнд багш, оюутнууд тус ангийн бие бүрэлдэхүүний өглөөний нэгдэлтэд хамрагдан, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, бие бүрэлдэхүүнийг жагсаах, долоо хоногийн ажлыг эхлүүлэх, үүрэг, зааварчилгаа өгөх, жагсаалын алхаагаар явах зэрэг нэгдсэн ажиллагаанд оролцов.
Үүний дараа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Шинэбаяр ангийнхаа түүх, дайчин замнал, гүйцэтгэх үүрэг, зорилго, зорилтуудын талаар танилцуулгыг хийсний зэрэгцээ БХЯ-ны сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит болон тус ангийн Дайчин алдрын танхимаар оруулан үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн шүхэр, хими, зэвсгийн үзэсгэлэнг үзүүлэн, сургалтыг явуулсны дараа багш, оюутнуудтай жагсаалын болон биеийн тамирын бэлтгэл хичээлийг зохион байгуулсан бөгөөд цэрэгжлийн гимнастикийн 1 ба 2 дугаар 16 тоот дасгалыг зааж, энэ дасгалыг цаашид байнгын хэрэглээ болгохыг зөвлөв.
Тэд үдийн хоол идсэний дараа Гардан тулааны мөн Инженерийн болон бусад хичээлд хамрагдаж, тус ангиас зохион байгуулах буухиа тэмцээнд оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорихын зэрэгцээ соёл, урлагийн бусад ажлыг хамтран зохион байгуулна.
Уг сургалт, сурталчилгааны ажил дараа өдрийн бага үд хүртэл үргэлжлэх ба багш, оюутнууд тун идэвхтэй оролцож байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ