Categories
мэдээ нийгэм

“Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн хэрэглэж буй мах, сүүнээс хортой элемент илрээгүй” гэв

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм. Тодруулбал, ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авсан. Ингэхэд ямар нэгэн хүнд металл илрээгүй. Бүх хөрсний дээжид хүнцлийн агууламж илэрлээ. Энэ нь бусад элементүүдээс их байгаа ч хөрсний бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү давсан үзүүлэлт хоёр цэгт гарсан.

Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлсон. Хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна.

Мөн усны судалгааг хийсэн. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй. Газрын доорх ус байсан. Малчид малаа услах, ундны усны зориулалтаар ашигладаг худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Уг газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа.

Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжийг авч судалгаа хийлээ. Эдгээр элементийн агууламж хэвийн байсан. Харин Баян Монгол лицензийн талбайн хажууд орших ургамлын ураны агууламж өндөр гарлаа.

Малчдын мах, сүүнд шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй. Мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байна.

Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн ургамал, хөрс, малчдын хэрэглэж буй мах, сүүнд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх элемент гараагүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргалаа” хэмээн тайлангаа танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмжээ

Шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар Ул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Сүүлийн гурав хоногт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн. Үүний улмаас шатахууны хил үнэ өссөн. Одоогоор АИ92 шатахууны үнэ 15-20 төгрөгөөр, АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн” гэсэн хариулт өглөө.

Ингэснээр АИ92 нэг литр нь 2215-2220 төгрөг болжээ.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл хуралдаж шатахууны үнийг чөлөөлөхөөр болсон юм. Тухайлбал АИ92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож, тогтоохоор болсон. Ингэснээр шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, аажмаар нэмэгдэхдээ нэг удаагийн үний өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Баянхонгор аймагт хууль бус үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” ХХК-ийг АТГ-т өгнө” гэв

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Авлига өгч, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хөрөнгө оруулалтай “Эрдэнэ Монгол” ХХК-ийн удирдлагыг АТГ-т өгнө гэдгээ мэдэгдлээ.

Тус нутагт Канад Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс девелопмент” корпорацийн охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК нь 2010 оноос хойш алт олборлож эхэлсэн байна. Тэгвэл “Эрдэнэ Ресурс девелопмент” корпорацийн хувьд Баянхонгор аймгийн Сэгс цагаан богд нутагт хууль бусаар алт олборлох гэж байгааг өнөөдөр нутгийн иргэд эсэргүүцэв.

Тус компанийн хувьд охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК-иар дамжуулан нутгийн иргэд болон засаг, захиргаанд хахууль өгч үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, төр засгийн удирдлагуудад авлига өгөн лицензээ гаргуулж байна.

Тухайлбал, нутгийн малчдад чихэр, боов, залуучуудад нь 500 мянган төгрөг, аймгийн удирдлагуудад 2.5 тэрбум төгрөг өгснийг баримтаар нотолсон. Иймд авлига өгч, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК-ийн удирдлагыг АТГ-т өгнө гэдгээ мэдэгдлээ.

Стратегийн том ордод тооцогддог бөгөөд тухайн компани лицензийг нь 5-6 хувааж, өөрсдийн мэдэлд оруулах гэж байна. Нэг лицензтэй орд нь гэхэд 10 тонн алтны нөөцтэй. Зургаан эзэмшиж байгаа лицензийн хоёр нь А болчихсон, дөрөв нь хайгуулынхаа шатанд явж байгаа юм. Нутгийн иргэд халамж гуйгаагүй, лицензийн зөвшөөрөл өгдөг хүмүүст нутгийн иргэд өөрсдийн байгаа үнэт, эдлэлээ өгье. Нутаг орны минь ухах гээд байгаа компанид битгий лиценз өгөөч хэмээн хүсье хэмээн Баянхонгор аймгийн нутгийн иргэн С.Зоригтбаатар дурдлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

С.Жавхлан: Энэ сарын 17-нд “Жавхлан” нэртэй тоглолтоо зохион байгуулна

МУГЖ, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө өнөөдөр танилцууллаа.

МУГЖ С.Жавхлан “Миний бие өнгөрсөн жил тааруу байлаа. Бие маань дээрдэж, тэнхэрсэн. 2022 оны бар жилийн хувьд билэгтэй он жил гарч байгаа. Энэ ч хүрээнд түмэн олондоо “Самандын Жавхлан” нэртэй тоглолтоо энэ сарын 17-28-ны хооронд 11 хоног тоглохоор товлосон ч цаг үеийн байдлаас үүдэн 2022 оны нэгдүгээр сарын 17-нд зөвхөн нэг өдөр Бөхийн өргөөнд хийхээр боллоо. Цаашид хөдөө орон нутаг болон бусад улсад тоглолтоо хийнэ. Цаашид “Хамаг Монгол” төсөл үргэлжлэх болно” гэв.

National Treasure Coin-ий үүсгэн байгуулагч “https://www.tengri.co.uk/ дээр дуучин С.Жавхлангийн дуу нь NFT болж худалдаанд гарна. Зохиогчийн эрхийн асуудлыг шийдэж өгсөн юм. Хамаг Монгол 2 төслийн хүрээнд дэлхий даяар тархсан Монголчуудын уран бүтээлийг дэлхий дахинд гаргахаар зорьж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөмж: Хүүхдийн мөнгийг хэрхэн бэлнээр авах вэ

Дараах зааврын дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргаарай

Categories
гадаад мэдээ нийгэм

ДЭМБ “дельтакрон” хувилбарын талаар тайлбарлалаа

Өнгөрсөн долоо хоногт Кипрт “дельта” болон “омикрон” штаммуудын хосолсон хувилбар илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ хувилбарыг “дельтакрон” хэмээн нэрлэсэн бөгөөд Киприйн их сургуулийн Биотехнологи, молекулын вирус судлалын лабораторийн эрдэмтэд илрүүлсэн гэж нэгдүгээр сарын наймны өдөр мэдээлж байв.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “дельтакрон” гэдэг нь вирусийн хоёр хувилбарын хослол биш хэмээн мэдэгдээд, ийм нэршлийг ашиглахгүй байхыг уриалжээ.

“Вирусүүд эсвэл тэдгээрийн хувилбарууд хосолсныг энэ үгээр илэрхийлээд байна, гэхдээ ийм хослох тохиолдол байхгүй. “Дельтакрон” гэж нэрлэгдээд байгаа тохиолдол нь шинжилгээ хийх үеэр дээж бохирдсоноос үүдэлтэй байж болзошгүй” хэмээн ДЭМБ-ын онцгой өвчлөлийн хэлтсийн дарга Мария ван Керкхове Твиттер хуудсандаа бичжээ.

Өмнө нь бусад орны эрдэмтэд ч “дельтакрон” гэх хувилбар үүссэнд эргэлзэж байсан юм. Тухайлбал Оросын эрдэмтэд “дельтакрон” үүссэн талаар ярих эрт гээд, лабораторийн алдаанаас болсон байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв. Лабораторийн ажлын журмыг мөрдөөгүй эсвэл хангалттай туршлагатай мэргэжилтэн шинжилгээ хийгээгүй үед ийм алдаа гарч болох юм гэж Оросын эрдэмтэд таамаглаж байлаа.

Categories
гадаад мэдээ цаг-үе

​Казахстанд оршин суудаг Монгол Улсын иргэн сураггүй алга болжээ

Казахстаны нийслэл Нур-Султан дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд тус улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын нэг иргэн нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээлэл иржээ.

ГХЯ-наас энэ асуудлаар тодруулахад “Бидэнд энэ мэдээлэл ирсэн. Сураггүй алга болсон иргэнтэй холбогдож чадахгүй байгаа талаарх мэдээллийг гэр бүл нь Нур-Султан дахь Элчин сайдын яаманд мэдээлсэн. Алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх асуудлаар Казахстаны холбогдох байгууллагуудад хандаж, хүсэлт тавин хамтран ажиллаж байна.

Одоогоор алга болсон иргэн жагсаал цуглаанд оролцож, баривчлагдсан эсэх талаар тодорхой мэдээлэл ирээгүй. Мөн Казахстан улсад оршин суудаг монгол иргэд жагсаал цуглаанд оролцож, баривчлагдсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Казахстан улсад өрнөсөн жагсаал цуглааны үеэр баривчлагдсан иргэдийн мэдээллийг тодруулах ажил өрнөж байгаа.

ГХЯ-наас Казахстан улс дахь монгол иргэдийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэх тайлбарыг өглөө.

Харин Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жалгас Адилбаев манай редакцад өгсөн ярилцлагадаа “Террорист үйл ажиллагааны улмаас интернэт сүлжээ тасалдсан. Одоогоор тус улсад нөхцөл байдал намжиж, тайван байдалд шилжин, харилцаа холбоо сэргэсэн. Монголын талтай албаны журмаар байнгын холбоотой ажиллаж байгаа. Казахстаны Ерөнхийлөгч гадаадын иргэд, дипломат төлөөлөгчдийн газруудыг хамгаалж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хичээн ажиллахаа илэрхийлсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 1208 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 1208 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 842 нь Улаанбаатар хотод, 330 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 36 тохиолдол батлагдсан байна.

Гэрийн хяналтад 11259 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4484 иргэн байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөж нэг иргэн амиа алджээ

Төв аймгийн Лүн сумын Дэлгэрэх багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдөж 3 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн Эмнэлэгт, жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.