Categories
мэдээ нийгэм

Тяньжин боомтод 4000 тонн бараа материал буужээ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн технологийн бус барилгын ажилд шаардлагатай 4000 тонн бараа материал 2021.12.24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж, ачааг боомтын талбайд бүрэн буулгаад байна. Одоо Эрээн боомт хүртэл тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021.12.30-нд хүлээн авч үнэлгээ хийж байна хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх боломжтой болжээ

Олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн ерөнхий шалгалтын оноотой дүйцүүлэх боломжтой болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/347 дугаар тушаалын дагуу гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн

  • IGCSE / international general certificate secondary education/,
  • AS /advanced subsidiary/,
  • A /advanced/,
  • O /ordinary/ түвшний хөтөлбөр болон
  • IB /international baccalaureate/,
  • AP /advanced placement/ хөтөлбөрийн үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх аж.

Олон улсын хөтөлбөрөөр хичээллэн ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх, эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж үнэлүүлэхийн аль нэгийг сонгоно.

Суралцагчдын дүйцсэн оноог элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн жагсаалтад оруулахгүй бөгөөд харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулж тусад нь жагсаалт үүсгэж Боловсролын үнэлгээний төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагад мэдэгдэнэ.

Үнэлгээг дүйцүүлэхэд тавигдах шаардлага:

  • Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй сурагч нь ерөнхий боловсролын сургалтыг дүүргэснээ нотлох баримт бичигтэй байна
  • Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээ нь сертификатаар баталгаажсан байна
  • Дүйцүүлсэн хэмжээст оноо нь ЭЕШ-аас өөр зориулалтаар ашиглагдахгүй.
  • Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй суралцагчийн бүрдүүлэх материал:
  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын гарын үсэг, иргэний бичиг баримтын хуулбараар баталгаажсан/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • IGCSE certificate – сертификат
  • IGCSE statement of results – дүнгийн хуудас
  • Эсвэл Certifying statement /Кембрижийн сертификатуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулахыг хориглодог зөвхөн Кембрижийн өөрийн гаргасан энэ тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үздэг/
  • Statement of registration /сурагчийн регистрийн дугаартай/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн сургуулийг сурч төгссөн тухай сургуулийн тодорхойлолт
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Шинэ үндсэн хуулийн энэхүү уламжлалт барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж хамгийн дээд амжилтыг тогтоосон юм байна.

Жич: Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд бүртгэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын од О Ён Сү “Алтан Бөмбөрцөг” наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ

Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын од О Ён Сү өчигдөр телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ.

Тэрбээр уг наадмаас шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна. 77 настай ахмад жүжигчинтэй Билли Крудап (The Mornind Show), Керан Калкин (Succession), Марк Дюпласс (The Morning Show), Брэт Голдштэйн (Ted Lasso) нар шилдэг туслах дүрийн шагналын төлөө өрсөлджээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн “Squid Game” цуврал Нэтфликс платформын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.

Одоо уг цувралын найруулагч Хван Дон Хюк хоёрдугаар бүлгийг бүтээх талаар Нэтфликс компанитай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

65 нас хүрсэн иргэд энэ сарын 20-ноос өмнө ehalamj.mn-д бүртгүүлнэ

ХНХЯ-наас 65 нас хүрсэн иргэд энэ сарын 20-ны өдрийн дотор ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргахыг зөвлөлөө.

Засгийн газраас 65 нас хүрч буй иргэндээ насны хишиг тэтгэмж жилд нэг удаа олгодог. Энэ жил 1956 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1957 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хооронд төрсөн иргэд авах юм.

Цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой. Түүнчлэн, 65-69 настанд 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа олгож байгаа.

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд нийт иргэдийн 0.005 хувь буюу 155 иргэнийг 100 ба түүнээс дээш настай гэж бүртгэжээ. Ахмад настнуудын 136 нь эмэгтэй, 19 нь эрэгтэй бөгөөд 100 нь орон нутагт, 55 нь Улаанбаатарт бүртгэлтэй. Хамгийн ахмад 111 настан Хэнтий аймагт амьдардаг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гавьяат гал сөнөөгч Д.Эрдэнэбилэг: Ангийнхан маань бүгд хүндэтгэлийн хувцастай жагсчихсан, нижигнэтэл алга ташаад, уухайн дуутай хүлээж авсан

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салаан захирагчийн туслах, тэргүүн ахлагч, гавьяат гал сөнөөгч Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү. Ховд аймгийн хүн гэсэн үү?

-Ховд аймгийн Цэцэг суманд төрж, өссөн. Найман нас хүртлээ сумандаа амьдраад аав, ээж минь төвд ажиллахаар болж аймгийнхаа төв рүү шилжсэн. 1995 онд ах эгч нар маань сургуульд орохоор болж хотод орж ирж байлаа. Тэгээд л хотын хүмүүс болцгоосон доо.

-Онцгой байдлын газартай та яаж холбогдсон юм бэ?

-Манай найз онцгой байдалд ажилладаг байлаа. Найзтайгаа цуг ажил руу нь очиж үзтэл үеийн шижигнэсэн сайхан залуусаас бүрдсэн, нэр хүндтэй байгууллага санагдсан. Тэгээд л найздаа танай ажилд оръё гэж хэлээд бичиг баримтаа бүрдүүлж, өгөх ёстой шалгалт, үзүүлэлтүүдийг ном журмын дагуу өгч тэнцээд л орсон доо.

-Тухайн үед онцгой байдлын алба ямар шалгуур тавьдаг байсан бэ. Их шалгуур өндөртэй байгууллага шүү дээ?

-Гурван үеийн түүхээ бичээд, биеийн тамир, хурд хүчний шалгалт авна. Бие бялдар, эрүүл мэнд гээд бүх талаараа л өв тэгш залуусыг манай байгууллага шалгаруулж авдаг. Шат шатны боловсролын байгууллагыг дунджаас дээш үнэлгээтэй төгссөн гэрчилгээ, бичиг баримтаа бүрдүүлнэ. Тэр бүх шалгуурт нь тэнцээд ажилдаа орсон л доо. Завсраар нь мэргэжил дээшлүүлэх курстээ сууна. Гал сөнөөгчийн курс гэж явагдана. Одоо ч явагдаж байгаа. Түүндээ суугаад гал сөнөөгчийн мэргэжилтэй болсон.

-Гал сөнөөгчийн ажлыг хийгээд хэдэн жил болж байна. Энэ хооронд хичнээн хүний амь насыг аврав?

-Гуравдугаар сарын 15-ны өдөр ажилд орсны маань 20 жилийн ой болно. Тэр хооронд ажил мэргэжлийнхээ сайн сайхан, баяр жаргалтай, уйлж гашуудмаар, халширч халагламаар, баярлан бахархмаар олон зүйлийг үзсэн дээ. Яг хэдэн хүний амь нас, эд хөрөнгийг аварснаа тоолж байгаагүй юм байна. Бидний зарчим хурдан шуурхай ажиллах, цаг алдахгүй байх, секунд дольтой уралддаг болохоор тэр бүхнийг тоолж, тооцоолж байх зав зай олддоггүй юм л даа.

-20 жилийн хугацаанд санан дурсмаар сайхан зүйл олон тохиолдсон биз. Уншигчдад маань хуваалцаач?

-Байлгүй яах вэ. Гал унтрааж, хүний баярласан сэтгэл, бахархсан харцыг харсан олон сайхан дурсамжууд бий. Хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, ард иргэдээ авран хамгаалж явсан түвэгтэй, гунигтай, харуусмаар, нүд халтрам үеүд олон.

-Яг өөрөөрөө бахархаад “Би чинь ийм зүйл хийж чаддаг юм байна” гэж бодох үе байв уу?

-Шинэ цэрэг байхдаа дөнгөж ажилд орчихоод ах нартайгаа ажил мэргэжлийн тэмцээнд орлоо. Тэр үед анх тэмцээнд орж байж, 5-6 жил ажилласан ах нарыгаа гүйцэж, түрүүлж байхдаа өөрөөрөө бахархаж байж билээ. Ах нартай бэлтгэл хийгээд гүйгээд байвал, ажил мэргэжлийн тэмцээндээ ороод түрүүлж болдог юм байна гэж бодсон. Тэмцээн секунд, долиор уралддаг. Цагаараа ах нарыг ялсандаа их омогшиж байсан маань санаанаас гаралгүй үлджээ.

-20 жил ажилласан гэхээр шинэ үеийн залуус одоо хүч түрэн гарч ирсэн байна. Таны анх ажилд орж байсан үеэс одоо ямар санагдаж байна. Хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Намайг анх орж ирсэн уламжлалт аргаараа л яваа. Шинэ орж ирсэн хүнийг багш, сурган хүмүүжүүлэгчид нь даатгаж өгдөг. Тэр хүн нь багш нь болоод өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ заана. Гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг яаж хэрэглэхийг бүгдийг нь зааж өгнө. Утаат орчинд хэрхэн амьсгалах, задгай гал яаж унтраах, подвалийн гал ингэж унтраана гээд халамжлан хүмүүжүүлэгч нь бүгдийг нь эхнээс нь зааж өгдөг. Тэр хүүхдийг хурдан хугацаанд сургаж, өөрсдийнхөө эгнээнд нэгтгэн авах арга хэмжээг маш хурдан авч явдаг даа.

-Гал унтраах 10 дугаар анги хотын бүхий л дуудлагад хүч нэмэн очдог шүү дээ. Дүүрэг бүр гал унтраах ангитай ч, унтрааж дийлэхгүй үедээ танай ангийг нэмж дууддаг нь ачаалал ихтэй ажилладаг шиг санагддаг?

-Дүүрэг бүрт гал унтраах анги бий. Манай ангийн онцлог нь гал түймэр унтраах түүхэнд анхны анги нэгтгэл болон нээгдсэн. Энэ жил Гал түймэртэй тэмцэх байгууллагын үүсч хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Нэгдүгээр сарын 13-нд болох юм. Түүнээс хоёр жилийн дараа Гал түймэртэй тэмцэх анги байгуулагдсан байдаг. Түүхэнд анхны анги гэдэг утгаараа үр нөлөө, ур чадвар бүхий л зүйл нь бий. Үеийн үед манай ангид ажиллаж байсан хамт олон, ахмад ажилчид удам дагадаг гэдэг шиг хойч үедээ сайн муу бүхий л зүйлээ заагаад, туулаад түүнийхээ ач гавьяагаар 10 дугаар ангийн нэр хүнд, хүчин чадал сайтай, бусад ангиудад нэмэлтээр дуудагдах нь өндөр байдаг.

-Та гавьяат болно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Ангиас тань таныг тодорхойлсон уу?

-Нийслэлийн онцгой байдлын газраас тодорхойлсон. Гал сөнөөгчөөр хамгийн удаан ажилласан гээд. 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад “Та гавьяат цолоор шагнагдах боллоо. Маргааш өглөө 11:00 цаг гэхэд хувцсаа бэлдээд бэлэн байж байгаарай” гэж ярьсан.

-Ерөнхийлөгчөөс гавьяатын тэмдгээ аваад зогсож байхад ямар сэтгэгдэл төрж байв. Танд гавьяат цол олгохдоо Ерөнхийлөгч ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Нулимс л урсчихдаг юм байна лээ. Уйлсаар байгаад л гарч ирсэн. Ерөнхийлөгч “Баяр хүргэе. Онцгой байдлын албан хаагчдадаа хайртай шүү. Та бүхнээрээ үргэлж бахархдаг. Энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй алба, сайн эрчүүд энэ албанд бий шүү. Цаашид улам илүү амжилт гаргаарай. Ажилд нь амжилт хүсье” гэж хэлсэн.

-Гавьяат болоод ажил руугаа очиход анги нэгтгэл нь яаж хүлээж авав?

-Бүгд хүндэтгэлтэйгээр угтаж авсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх машинаа гадаа бэлэн байдалд зогсоочихсон. Техник, багаж, хэрэгслээ бэлдчихсэн. Ангийнхан бүгд хүндэтгэлийн хувцастай жагсчихсан, нижигнэтэл алга ташаад, уухайн дуутай хүлээж авсан. Үнэхээр хэлэх үг олддоггүй ээ. Чаддагаараа уйлдаг л юм байна лээ /уйлав/.

-Таныг анх ажилд ороход тань аав, ээж тань юу хэлж байв. Баярлаж, бахархаж байв уу. Аюултай ажил шүү сануулж байсан уу?

-Аав, ээж хоёр маань сайхан нэр хүндтэй албыг улам өндөрт өргөн авч явдаг юм шүү. Аавын олон эрстэй эв нэгдэлтэй, санаа нийлэн сайн ажиллаарай гэж захиж байсан. Их л бахархаж байх шиг санагдсан.

-Аав, ээжийнхээ тухай яриач. Ямар ажил мэргэжилтэй хүмүүс байв?

-Аав, ээж хоёр маань Ховд аймгийн Цэцэг сумын уугуул иргэд. Ажилчин хүмүүс. Аав минь сумынхаа кино механикч, ээж минь сургуульд үйлчлэгч хийдэг байлаа. Намайг ухаан орох үеэр аав маань аймгийнхаа төвийн Магсаржав кино театрт кино механикчаар очсон. Ээж минь тэр үед аймгийнхаа онгоцны нисэх буудалд үйлчлэгчээр ажиллах болсон. Тэгээд 1995 онд хот руу шилжин ирсэн. 20 настай байхад минь аав, ээж хоёр минь бурхан болсон доо.

-Таныг гурван хүүхэдтэй гэж сонссон?

-Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлээд гэртээ байдаг. Том охин маань оюутан. Гуравдугаар курст сурдаг. Дундах охин арваннэгдүгээр анги. Бага хүү гуравдугаар анги. Нэг үеэ бодвол том болцгоосон. Ээждээ тустай болж, намайг ажилтай үед ээжийгээ халамжилна.

-Уучлаарай асуухаас өөр арга байсангүй ээ. Таны эхнэрийг хүнд өвчин туссан гэсэн?

-Эхнэр маань элэгний хорт хавдартай гэсэн оноштой. Гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Эмчилгээг аль болох таслахгүй гээд хичээж л байна. 2021 онд улсаас хорт хавдрын бүх эмчилгээг төрөөс үнэгүй хийх аян явагдсан юм байна лээ. Түүний хүрээнд урдчилсан хагалгаанд ороод гарсан.

-Одоо биеийн байдал ямар байгаа вэ?

-Гайгүй. Хоёрдугаар сард дахин үзлэгт ороод, бүрэн нээлттэй хагалгаанд орох эсэх нь шийдэгдэнэ. Хоёрдугаар сарын 13-наас шийдэгдэнэ. Түүнийг хүлээж байна.

-Таныг Хотын захиргаанаас хоёр өрөө байраар шагнах тухай яриа байсан. Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Хараахан шийдэгдээгүй байгаа. Нийгмийн асуудлыг шийдэх тал дээр яригдсан. Тоймтой шийдвэр гараагүй байгаа. Одоо Сонгино хайрхан дүүргийн долдугаар хороо буюу Баянхошуунд амьдардаг. Хилчний хоёр давхар нийтийн байр бий. Зургаан айлын гурван тийшээ харсан нийтийн байр байдаг. Тэнд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Түрээсийн байр юм уу?

-Хувьчлагдсан байр л даа.

-Төрөөс таныг үнэлж энэхүү сайхан цолыг хүртээхээр юу бодогдож байх юм. Цаашид хийе гэж бодож төлөвлөсөн ажил бий юү?

-Би Гал унтраах олон техникт спортын мастер. Одоо залуу үеэ бэлтгэхээр зорьж, зодгоо тайлсан. Цаашид ангидаа дасгалжуулагч хийж, шинээр гарч ирж байгаа залуу тамирчдаа амжилттай бэлтгэж, өөрийнхөө гаргаснаас илүү амжилтад хүргэхийг хичээн ажиллах болно. Гал унтраах олон техникт спортын дэлхийн аваргад дөрвөн тамирчнаа сойх бодол бий. Манай Гал унтраах 10 дугаар анги Гал унтраах олон техникт спортын долоон удаагийн хотын аварга, улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэхэд би баг хамт олонтойгоо оролцон, гар бие нийлэн зүтгэж, авч байлаа. Улсын аваргын саадтай 4х100 метрт 2006 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Түүнээс хойш дэлхийн аваргын тамирчдын бэлтгэлийн цаг дээр эвдэгдсэн. Албан ёсны тэмцээн дээр эвдэгдээгүй энэ амжилтаа одоог хүртэл эзэмшиж яваа.

-Гал унтраах алба өөрөө их онцлогтой санагддаг. Бэлтгэл сургуулилт тасралтгүй хийж, байнгын бэлэн байдалд байгаад дасчихсан уу?

-Өдөр бүр бэлтгэлээ хийнэ. Цагийн хуваарийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ээлжээ хүлээж аваад, дараагийнхаа үйл ажиллагаанд бэлтгэж дасгал сургуулилт, хошуу хоолой, техник багаж хэрэгсэлтэй танилцаж, хоёр цагийн бэлтгэл хийдэг.

-Ажлаа хийж байхдаа сэтгэлд тань үлдсэн хамгийн дурсамжтай явдлаа яриач?

-Утаатай нөхцөлд гал унтраахаар явж байсан юм. Гурвуулаа ар араасаа нэгнийхээ мөрөн дээр гараа тавиад цуваад, галын голомтоо хайж, унтраахаар явж байтал гэнэт урд явж байсан нөхөр маань алга болчихсон. Хайгаад олддоггүй. Баахан дуудлаа. Тэгсэн урд явж байгаад жижигхээн дөрвөлжин зоорьны нүх байсныг утаатай нөхцөлд харахгүй гишгэгдэл алдаад уначихаж. Түүнийг нь мэдэхгүй баахан хайгаад тэрүүгээр нэг орилоод олддоггүй. Тэр явдал санаанаас гардаггүй юм. Гэхдээ жижигхэн нэг их гүн нүх биш байсан болохоор бэртээгүй байсан л даа. Хайгаад олдохгүй өөрөө гарч ирсэн шүү дээ /инээв/.

-Нэг жилд та салаатайгаа дунджаар хэдэн дуудлагад явдаг вэ?

-Нарийн дунджилсан үзүүлэлт байхгүй. 2021 онд манай анги 365 удаагийн дуудлагад гарсан байдаг. Түүний 40 гаруй хувьд нь салаа, хамт олон тасагтайгаа хамтарч үүрэг гүйцэтгэсэн. 160 орчим дуудлагад нь явсан байна.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ

БНАСАУ Япон тэнгис рүү ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн одоогоор пуужингийн тусгал, нислэгийн өндөрт дүн шинжилгээ хийж байгаа аж.

Японы Засгийн газраас эш татан NHK сувгаар мэдээлснээр, БНАСАУ баллистик пуужин туршсан байж магадгүй байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Энэ нь БНАСАУ он гарснаас хойш хийсэн пуужингийн хоёр дахь туршилт юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5-нд пуужин харваж, маргааш нь дуунаас хурдан пуужин туршсан гэж мэдээлсэн юм.

Пуужин харвасны дараа НҮБ-д суугаа АНУ болон хэд хэдэн орны байнгын төлөөлөгч нар яриа хэлэлцээ хийхийг БНАСАУ-д уриалсан байна.

“БНАСАУ пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцээ хийх ёстой” гэж АНУ, Албани Их Британи, Ирланд, Франц, Японы төлөөлөгчдийн мэдэгдэлд дурджээ.

Categories
гадаад мэдээ

“Биткойн”-ы ханш 14 хувиар унав

“Биткойн”-ы ханш 2021 оны есдүгээр сараас хойш анх удаа 40 мянган ам.доллароос доош орлоо.

Сүүлийн арилжаагаар криптовалютын ханш Нью-Йоркийн арилжаагаар зургаан хувиар буурч, 39 мянга 700 орчим ам.доллар болоод эргэн сэргэсэн байна. Ингэснээр энэ он гарсаар 14 хувиар буураад байна.

2021 оны арван нэгдүгээр сард ханш дээд цэгт буюу 69 мянган ам.доллар хүрчээ. Үүнээс хойш 40 орчим хувиар унаад байна.

“Infrastructure Capital Advisors”-ийн гүйцэтгэх захирал Жэй Хатфилдийн үзэж байгаагаар “Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа бууруулах нь криптовалютуудын ханшид дарамт болох”-оор байна.


Эх сурвалж: BloombergTV

Categories
гадаад мэдээ

Казахстан: Амиа алдсан цэргийн алба хаагчдын ар гэрт орон сууц олгоно

Казахстанд болсон үймээний үеэр амиа алдсан цагдаа, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд орон сууц олгохоор болсон мэдээлэл байна.

“Одоогоор бид Алма-Ата хотод амь үрэгдсэн цагдаа, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд хоёр, гурван өрөө байр олгохоор ажиллаж байна. Одоогоор төрийн байгууллагуудаас орон сууцны тоог ирүүлээгүй байна. Амиа алдсан бүх цэргийн алба хаагч, цагдаа нарын гэр бүлийнхэн үүнд хамрагдана” гэж эх сурвалж тэмдэглэв.

Эл санаачлагыг 11 компани, “Казахстаны ард түмэн” сан дэмжсэн хэмээн Казахстаны Барилгын аж үйлдвэрийн холбооноос мэдээлэв.

(Эх сурвалж: RiaNovosti)

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны эргэлт 16.1 тэрбум ам.долларт хүрч, 25 хувиар өсчээ

Манай улс өнгөрсөн онд 15.7 сая тонн нүүрс экспортод гаргаж, 2.7 сая ам.долларын орлого олжээ. 2021 онд цар тахлаас шалтгаалан хил гааль тодорхой хугацаагаар хязгаарлалттай, хаалттай байсан ч Монгол Улс дэлхийн 162 улстай гадаад худалдаа хийв. Үүнээс 64 улсад дотооддоо үйлдвэрлэсэн брэндийн бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 159 орноос 6.8 тэрбум ам.долларын импортын бараа татан авсан талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээллээ.

2020 оныхтой харьцуулахад экспорт 2021 онд 25 хувиар нэмэгджээ. Нийт экспортын 81.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор 2021 онд 2.7 тэрбум ам.долларын, 15.7 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь 2019 оны мөн үеэс 310.4 сая ам.доллар буюу 20.8 сая тонноор буурсан боловч 2020 оны мөн үеэс 12.9 сая тонноор буюу үнийн дүнгээр 640.3 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан байна.

2020 онд нэг тонн нүүрсийг 74.3 ам.доллароор гаргаж байсан бол өнгөрсөн онд 176 ам.доллароор экспортолж, 101.7 ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ. Чулуун нүүрсний 89.2 хувийг БНХАУ-д гаргасан байна. 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад өнгөрсөн онд ургамлын гаралтай бүтээгдэхүүн, төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн өссөн нь экспортод голлон нөлөөлжээ.

2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт 30 орчим хувиар өсжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны гүйцэтгэлээр 16.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буюу 3.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.

Гаалийн байгууллага Засгийн газраас боловсруулан УИХ-аас баталсан “Боомтын хөгжлийн ерөнхий цогц төлөвлөгөө”-ний хүрээнд энэ онд хилийн боомтуудын шинэчлэлийг бүрэн дуусгана хэмээн мэдэгдэж байна. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 30 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцолжээ.