Хүү Ц.Мөнхжаргалын хамт
Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очиртой ярилцлаа. Тэрээр Монгол Улсын газар тариалангийн хоёр дахь Хөдөлмөрийн баатар бөгөөд Төв аймгийн газар тариалангийн салбараас гарсан анхны баатар билээ.
-Нас сүүдэр хэд хүрч байна даа?
-90 хүрч байна.
-Та хэдэн онд Хөдөлмөрийн баатар боллоо?
-1959 онд.
-Та Атрын анхдугаар аяны үе юм байна?
-Тэр цаг үе дээ.
-Чухам ямар учралаар газар тариалангийн салбараас ажил, амьдралын гараагаа эхэлсэн юм бэ?
-Би чинь хөдөөний хүүхэд. Сумын төвдөө ч орж үзээгүй юм чинь. 1952 онд Угтаалцайдам сумын Эвлэлийн үүрийн хурал болоод намайг дуудлаа. Нэг юманд элсүүлнэ гэнэ. Тэгнэ ээ, элсье л гэсэн. Эвлэлийн үүр 18 гишүүнтэй байсан. Тэр хүмүүс бүгд шахуу “Чи цаашдаа юу хийх вэ, юу хийж чадах вэ, ямар хүн болох вэ” гээд л асууж байна. Зөндөө юм асуулаа. Тэгэхээр нь “Техник дээр л ажиллана” гэсэн. “Техник сураад трактор, комбайн барина аа” гэж хэлсэн. Хавар тэгж хурлаар орчихоод намар нь Жаргалантын САА-д яваад ирсэн. Тэнд тэргүүний сайчууд ихтэй. Радио мариодоор их ярина аа. Трактор, комбайнаа явуут дунд нь засдаг л гэнэ, эвдрэлгүй ажиллуулдаг л гэнэ. Тэгж ярьсныг нь радиогоор сонссоноо улс надад ярихгүй юу даа.
-За
-Тэгж ярихыг нь сонсчихоод “Яавал тийм хүн болох вэ” л гэж бодож байсан (инээв). Жаргалантад очсон ч ашгүй тэр жил трактор, комбайнчийн 45 хоногийн курс боллоо. Тэрэнд суух уу гэлээ. Ашгүй шалгалтгүй сууж болно гэж байна. Би бичиг үсэг бараг мэдэхгүй юм чинь. Шалгалтгүй гэхээр нь л “Сууя аа” гээд 45 хоногийн курсэд нийтдээ 35 хүн суулаа. Манай Жаргалантаас найман хүн суусан. 45 хоноод тракторч, комбайнч болчихлоо. 1953 оны хаврын тариалалтад тракторчийн туслахаар яваад намар нь тариа хураах комбайнчийн туслахаар ажилласан. Тэр комбайнч бол надад хичээл заасан Ц.Шатар гэж хүн байсан юм. Өмнөговь аймгийн Ханхонгорын хүн л дээ. Сайхан залуу л байсан юм.
-Баатар болоход ямар норм, төлөвлөгөө биелүүлэв?
-Чирүүлдэг комбайны жолооч байлаа. 1953 оны намар САА-н тэргүүний жолоочоор чирүүлсэн л дээ.
Тэр нь миний багш Ц.Шатар. Тариагаа хурааж дуусаад багш маань өөрийнхөө гурван жил барьсан комбайныг надад хүлээлгэж өгөв өө. “Сайн хамбайнч (комбайнч) болоорой” гээд. Шинээрээ сайхан комбайн байсан. 1954 оны тариа хураалтад жинхэнэ комбайнчаар ажилласан л даа. Урьд жил нь заалгаад багштайгаа хамт явсан болохоор комбайнаа мэдэхгүй, чадахгүй юм байхгүй л байсан. Олон цагаар явахыг ч мэдэхгүй, улсын ажил хийж үзсэн биш. Үнэн хэрэгтээ би чинь гэртээ, аав ээжийнхээ дэргэд байхдаа хонь хариулдаг, хот цэвэрлэдэг хоёр үндсэн ажилтай л хүүхэд байлаа. Орой, өглөөдөө сүүн заводод сүү хүргэнэ. 17, 18 нас хүрсэн хойноо морин өртөөнд улаа нэхдэг байв. Улаа нэхэхийг мэдэх үү?
-Мэднэ мэднэ.
-20 хүртлээ улаа нэхдэг байлаа. Өөрт оноогдсон улаагаа нэхнэ. Зарим айлын өртөөний улаачаар ажиллана. Шөнө оройдоо адуу манана. Бичиг үсэг мэдэхгүй. Ийм л хүүхэд байлаа.
1954 оноос тав, зургаан жил ажиллаад л Хөдөлмөрийн баатар болсон юм, би.
-Хорин хэдхэн насандаа баатар болжээ?
-27 настай байсан юм. Зун баатар болсон ш дээ. Тэр зун хоньчин Очир гуай, саальчин Авирмэд гуай бид гурав нэг өдөр Хөдөлмөрийн баатар болсон юм. Улсын наадмаар л даа. Наадмын дараа ойр хавийн САА-нуудаар явж уулзалт хийдэг, яаж баатар болсон тухайгаа ярьдаг байлаа.
-Яаж баатар болов. Яаж хөдөлмөрлөв. Ажлаа яаж хийдэг байв. Нууцаа яривал?
-Хөдөлмөрийн баатрын болзол гэж гарсан юм. Тэрнийг нь биелүүлэх зорилготой л явдаг байсан. Зорилгоо биелүүлэхэд өөрөөсөө шалтгаалахгүй юмнаас л голдуу болоод тэрэндээ хүрч чадахгүй. Ажлын 15 хоногт 4860 цн тариа хураасан байх ёстой гэсэн болзолтой. Янз бүрийн саатлаар зогсоно оо. Эвдэрч зогсоно, трактор, машин хүлээж зогсоно. Ихэнх цагаа тэгж дэмий барчихаад болдоггүй байсан юм. Миний нууц бол комбайнаа байнгын бэлэн байдалд байлгадаг байлаа. Эвдрэлгүй байх тал дээр ихэд анхаарч, цайны цагаа богиносгоод завсартаа анхаарч, чирдэг трактор ирэхэд миний комбайн бэлэн байж байдаг. Хэзээ ч комбайнаа ажиллагаагүй байлгадаггүй байлаа. Ямар ч трактор ирээд чирэх гэхэд миний комбайн ямагт бэлэн байдаг байлаа. Чирүүлдэг комбайн гэж С6 гэж комбайн л даа. Ямар ч бүхээггүй. Чирч яваа тракторын тоос, яндангийн утаан дунд сууж явдаг. Асар их тоос шороо, тоосонцор дунд ямар ч хамгаалалгүй сэгсчүүлээд л явна. Шарилж, царвантай, юутай ийтэй янзан бүрийн газраар чирүүлнэ. Нүүр, нүд рүү тэр чигээрээ шороо чихээстэй. Нүдний шил байвч тийм юм зүүж үзээгүй болохоор аваад хаячихна. Хамгаалалтын хулдаасан хормогч маягийн юм зүүнэ. Тэр нь юу ч хамгаалах юм билээ. Ийм комбайнаар норм төлөвлөгөөгөө жил тутам 136.4-өөс дээш хувиар биелүүлдэг болж 1958 оны намрын тариа хураалтаар ажлын 15 хоногт өнөөх комбайнаараа 4860 гаруй цн тариа хурааж, нормоо 200 гаруй хувиар биелүүлсэн юм. Дараагийн хоёр жил нь 841 га талбайгаас 10017 цн ургац хурааж 2551 литр шатахуун хэмнэж гарамгай амжилт гаргалаа. Энэ бүх амжилтын үндэс бол ердөө л хариуцсан техникээ чадамгай эзэмшиж, засвар тохируулгыг цаг тухайд нь чанартай хийдэгтэй л холбоотой байсан юм.
Миний багш энэ бүхнээс түрүүлж, эхлээд надад хэдэн даалгавар өгсөн юм аа.
-Ямар даалгаврууд вэ?
-Гурван даалгавар. Нэгдүгээрт, сайн хамбайнч болоорой. Хоёрдугаарт, чи хөдөлмөрийн баатар болоорой. Баатар болохоосоо өмнө ЕБС төгсөөрэй гэсэн юм (инээв). Гуравдугаарт, дээд сургуульд сураарай гэсэн. Би сургуульд нэг өдөр ч сууж үзээгүй юм чинь аргагүй. Жаргалантын САА-н арван жилийн сургуульд оройгоор сурч байгаад 1963 онд аравдугаар ангиа төгссөн юм. 30 орчим настайдаа л арван жилийн сургуулийг төгссөн юм уу даа. Багш маань ном үзээрэй, дээд сургуульд сураарай, цаашдаа Хөдөлмөрийн хошой баатар болоорой гэж захисан юм байхгүй юу. Хошой баатар болох ч яахав, ямар ч байсан Хөдөлмөрийн баатрын болзлоо хийчихлээ. 1966-1971 онд ХААДС-д суралцаж төгслөө. 40 орчим настайдаа төгссөн байх. Сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдчихсэн. Багшаар үлдчихээр намар хамбайнаа барьж чадахаа больсон. Надад дахиж хамбайн барих цаг гарахгүй байсаар сургуулиасаа тэтгэвэрт гарчихсан. Тэтгэвэрт гарсны дараа нүдний хараа муудаад, хоёр гурван намрыг тариа хураах боломжгүй өнгөрүүлж билээ. Одоо ч яахав дээ, нэг нүдний хараагүй. Багшийнхаа даалгавраас би ганцхан даалгаврыг биелүүлээгүй байгаа биз?
-Тийм байна. Хошой баатар болох?
-Одоо би багшийнхаа тэр даалгаврыг биелүүлэх гол хүсэлтэй. Би чадна. Би нэг хүүдээ энэ тухай ярьсан чинь “Өдий 90 хүрчихээд комбайн барина” гэдгээ надаас өөр хүнд битгий яриарай гэсэн. Та яаж чадах юм. Нүд муутай. Улсын үнэтэй техник эвдэх гэж байгаа юм гээд бараг л загнах шахаж байгаа юм л даа. Би эдэнтэйгээ ярихгүй бол өөр хэнтэйгээ ч ярих билээ. Миний санаа байна шүү дээ. Аймгийнхаа 100 жилийн ойгоор Хөдөлмөрийн хошой баатар болчих санаатай. Үүрэг аваад намар ажиллая гэж бодоод байхгүй юу. Ийм нүдтэй, ийм настай ийм хүнд ямар хүн хамбайнаа бариулж байдаг юм гэцгээдэг юм. Тийм аж ахуй хаа байх юм гэж намайг загнаад байдаг юм. Нээрэн ч тийм юм даа. Тэр үеийн миний баатар болж байдагтай адил бие хаа гэж юу байхав, тэрнийг чинь нэг өдөр, шөнө хийчихдэг ч ажил биш. Би бүр аргаа бараад сүүлийн үеийн хүчтэй комбайн аваад хоёр жилийн дотор таван комбайнчийн норм биелүүлчихвэл баатар болгодог болов уу яадаг бол гэж бодох юм.
-Өнөө жил Төв аймгийн тариаланчид сүүлийн 30 жил аваагүй их ургац хураалаа. Энэ бол маш том амжилт шүү дээ?
-Том байлгүй яадаг юм. Том амжилт. Ургацын баярт нь би оролцсон шүү дээ. Надад өргөмжлөл өгсөн. Ноднин билүү дээ, би Аймгийн хүндэт иргэн болсон. Надад тэмдэг мэмдэг өгсөн (Энгэртээ зүүсэн тэмдгээ үзүүлэв.сурв)
-Тийм байна. Газар тариалангийн салбарынхан, тариаланчид голдуу ямар зан чанартай хүмүүс байдаг вэ. Ямар онцлогтой хүмүүс вэ?
-Ай…газар тариалангийн хүмсүүд (хүмүүс) бол уйгагүй ажиллах хүсэлтэй, техник л барьж байвал ямар ч техник бариад ажиллаад явж байх сонирхолтой. Миний олон шавь нар баатар, гавьяат болсоон. Арав гаруй баатар байгаа байх, хориод гавьяат бий дээ. Төрийн шагнал авсан нь ч бий. Хоёр ч хүн бий. Миний шавь нар миний мэргэжлийг эзэмших сонирхолтой бөгөөд хийе гэсэн юмаа хийж чаддаг хүсэлтэй л улс байдаг юм.
-Хүн хөдөлмөрлөхийн тулд, хөдөлмөрч болохын тулд юун дээр анхаарах ёстой байдаг вэ. Залууст зөвлөвөл?
-Ер нь хөдөлмөрлөхгүйгээр сайн сайхан явна гэж байхгүй шүү. Хүнд хүчир, шороо, тоостой, тостой ч гэлээ техник дээр байгаа хүмсүүд хоцрогдоно гэж байхгүй. Техник жилээс жилд улам сайжраад яваад байдаг. Техникээ л дагаад сурч чадах юм бол та нарын мэргэжил хоцрогдоно гэж хэзээ ч байхгүй. Би шавь нартаа дипломыг нь гардуулахдаа “Гавьяат, Хөдөлмөрийн баатар болоорой” гэдэг юм. Миний яг ингэж хэлснээр шавь нараас минь Мардаан, Авирмэд хоёр л Гавьяат, Хөдөлмөрийн баатрыг хоёуланг нь авсаан.
-Их бэлгэшээлтэй юм аа?
-Сайхан сайхаан.
-Хүмүүс ажлаас шантардаг. Тийм шантардаг үе ч байдаг гэх юм. Танд тийм үе таарч байв уу. Тийм үе таарвал хүн сэтгэл зүйгээ яаж бэлдэх ёстой вэ?
-Надад тийм үе таараагүй. Одоог хүртэл би тийм юмтай таарч байгаагүй. Би Угтаал уугуул хүн. Жаргалантад ирээд тэр айхавтар хөдөлмөрч хүмүүсийн тухай сонсоод л “Яасан сайхан юм, эдэн шиг л болох юмсан” гэж бодож байсан. Жаргалантад тэр сайхан хүмүүстэй уулзсан, тэд надад хичээл заасан. Надад шантрах явдал ерөөсөө гарч байгаагүй. Шантармаар муу ч ажиллаж байгаагүй юм байна. Төлөвлөгөө нормыг нэг ч га талбайгаар дутаахгүй, дандаа ахиулж явсаар байгаад баатар болчихсон юм.
-Сүүлийн үеийн залуусаас их анзаарагдах боллоо. Нэг газраа тогтдоггүй, ажил солиод яваад байдаг. Үнэхээр ажиллая гэсэн сэтгэлтэй хүн эвийг нь олоод ямар ч ачааллыг даваад гараад ирдэг дээ. Тийм залууст юу хэлэх вэ?
-Тэгж хэрхэвч болохгүй. Та нар ажлыг л голсноос болж тэгж байгаа юм ш дээ. Ажил хүнийг голно уу гэхээс биш хүн ажлыг голж хэрхэвч болохгүй. Нэг л юман дээр шийд. Тал тал тийшээ тэр сайхан, энэ сайхан гэж хамаг цагаа дэмий битгий үр л гэдэг юм, би. Хамаг цагаа дэмий үрж хэрхэвч болохгүй. Нэг л юмыг сайн хийгээд сурчихвал тэр чиний насны хоол шүү гэж залууст дандаа захидаг юм.
-Монголын нийгэм ямархуу байх шиг байна. Улс төр, нийгэм гээд элдэв юм дуулдаж л байна. Энэ бүгдийг хараад та юу гэж дүгнэдэг вэ?
-Сайхан болно гэж үргэлж бодож явдаг. Орой оройд өнөөдрөөс маргааш илүү сайхан болно гэж дандаа боддог (инээв).
-Ямар гоё юм бэ?
-Зарим зарим юман дээр болж л байгаа даа. Ноднин байгаагүй юм, энэ жил болж байна. Энэ жил байгаагүй юм, ирэх жил бий болно. Газар тариалангийн хувьд юмуу, хүмсүүдийн амьдрал бол онцгой сайжирна аа. Манай улс бол ямар ч орны дор хэзээ ч орохгүй дээ. Бид ажиллаж л чадаж байвал юугаар ч дутахгүй их сайхан болно.
-Манай урд хөрш хилээ хаачихлаа. Гэсэн ч бид гурилтай, тариатай, талхтайгаа шүү. Тийм ээ?
-Ёстой тийм тийм.
-Сайхан уу?
-Сайхан байлгүй яахав. Талх, тариа, ногоо цагаа бол жилээс жилд улам л нэмэгдэнэ, улам л сайжирна. Энэ жил манайд чинь зарим газар цагаан будаа тариалсан. Сонссон уу?
-Сонсохоор барах уу.
-Цаашдаа бас л өснө өө л гэсэн үг. Энэ жил 100-г тарьсан бол дараа жил 200 гээд л цааш цаашдаа хэрэгцээгээ хангатлаа л тарина. Чихрийн манжин, элсэн чихрийг хийе гэвэл бид дурандаа хийнэ л дээ. Ногоо тариагаар бол гаднаас юм харах ямар ч хэрэггүй. Өөрсдөө л хийх хэрэгтэй. Өөрсдөө хийж ч чадна. Тэрнийг дээд зэргээр чадна. Газар тариалан, мал аж ахуйгаар манай улс ямар ч улсын дор орохгүй. Юу л бол юугаа л хийж чадна. Цуцуур хүмүүс байдаг. Энэ ч хэрэггүй юм байна даа, энүүгээр ч би хоол олж идэхгүй юм байна, залуу нас байна, ийм залуудаа хар шороо, тостой, төмөртэй ноцолдож байхаар болих уу даа гэдэг нь ховорхон доо. Гэхдээ олон хүн дотор цуцуур хүн байлгүй яахав. Би одоогийн энэ амьдралыг жилээс жилд улам л сайхан болно гэж итгэдэг. Манай улс шиг баян улс байхгүй л болно.
-Тариаланч хүний хамгийн гоё үе?
-Тариагаа хураачихаад техникээ байршуулчихаад байж байгаа тэр үе их гоё. Намрынхаа тариаг хураачихаад хамбайнаа сайхан цэвэрлээд илүү дутуу юмнуудыг нь тайлж авч, хадгалдаг газар нь хадгалуулчихаад явж байх чинь юу шиг ч юм бэ дээ их сайхан.
-800 мянган хүн төрөөс халамж хүртэж байна. Хүн бүр л ядуу хэцүү байгаагаа төр засагтай холбоотой гээд итгэчихсэн байна. Тэгсэн атлаа хувийнхаа зүгээс хөдөлдөггүй, хөдөлмөрлөдөггүй. Тэр хүнсний талоныхныг тариаланчид бараг нэг нүдээрээ үзэхгүй байна лээ шүү. Дахиж битгий тийм залхуу амьтсыг ид ажлын үеэр талбайд ирүүлээрэй гэж байсан?
-Би ёстой үзэн ядна аа. Ингэж амьдарч байна аа гэж байх уу. Очиж очиж залуучууд тэтгэвэр аваад байх юм. Янз бүрийн аргаар л хөнгөн, их бага хэмжээгээр тэтгэвэр авдаг бололтой. Тэтгэвэр аваад байхаар ажил хийх сонирхол бүр байхгүй болно. Жаргалантынхан ноднин төмсөө хураах гэж ямар их явдал болов оо. Ухаангүй ноёнд урагшгүй алба гэгчээр очиж очиж тийм юман дээр тэгж байна гэдэг чинь арчаагүйнх л байхгүй юу. Өдөрт 30 мянган төгрөг өгье гэхэд төмс хураах хүн олдохгүй байна гэж байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Гаргаад хаячихсан төмсийг ялгаж чадахгүй байна гэж байх уу. Сохор хүн ч ялгана. Намайг тэнд аваачвал мөлхөөд л, тэмтрээд л ялгаад өгнө. Хүссэн, хүсээгүй ойрхон байдаг бол өөрөө хийчихнэ.
-Энэ байдлаас нь яаж гаргах болж байна?
-Ажиллаж байж л гарна. Ажилтай л байх хэрэгтэй. Юу чадна гэнэ вэ, тэрийг нь хийлгээд бай. Бүр чадахгүй бол “За яахав, зүгээр суугаад амьдардаг газар байдаг бол тэндээ оч” гээд хөөгөөд явуул. Эднийг ажил хийлгэж ажлын амтыг үзүүлээгүй цагт эднүүд сайн сайхан явна гэж хэзээ ч байхгүй. Бэлэн хоол өгөөд байхад хэн ажил хийж, хэдэн төгрөг олох вэ гэж бодохов. Залуучууд, оюутнуудад: Нэгдүгээрт, Та нар ажил голж болохгүй шүү. Хоёрдугаарт, хүн голж болохгүй шүү. Тракторчдын авгай нар биднээс хамаагүй илүү мэдлэгтэй шүү. Нэг юм нь эвдэрчихлээ гэхэд заавал жолооч, багш дээрээ очно гэлгүй тэднээс нэрэлхэлгүй асуугаарай. Тэднүүс чинь хоорондоо ярьсаар байгаад бүх юмыг тогтоочихсон байдаг. Тэгсэн бол тэгдэг, ингэсэн бол ингэдэг гээд андахгүй. Хүн голж ерөөсөө болохгүй гэж захидаг юм.
-Төв аймаг Аймгийн залуу аварга тариаланчдадаа таны нэрэмжит шагналыг жил бүр олгохоор болжээ. Энэ Цагаан сараар олгох нь гэж дууллаа?
-Залуучуудад их урам өгнө дөө. Залуу байхад янз бүрийн тэмдэг зүүх дуртай. Би ч гэсэн залуудаа тэмдэг зүүх дуртай байлаа. Эвлэлийн тэмдгээс эхлүүлээд бүгдийг эгнүүлээд зүүчихдэг байлаа. Тэгтэл сүүлдээ том одон модонтой болоод ирэхээрээ тэрийгээ зүүхээ больчихдог юм (инээв).
Жил бүр тийм шагнал залууст Цагаан сараар өгнө гэнэ үү. Яамай даа. Тийм юм өгч байх хэрэгтэй. Хүн чинь эцсийн эцэст урмаар л явдаг юм байна шүү дээ