Би багаасаа л шинэ жилээс илүү цагаан сарын баярыг хүлээж яддаг хүүхэд байлаа. Учир нь малчны хотонд бенгалын гал асч, салют буудаж, байрныхантайгаа гурав, хоёр, нэг гэж тоолоод бүжиглэхгүй шүү дээ. Шинэ жил гэхээр амтат бялуу, ууттай бэлэг л санаанд орно. Харин сар шинийн баярт онцгой ач холбогдол өгч, сэтгэл гэгэлзэхтэй зэрэгцэн тоймгүй их ажил ундарна.
Цагаан сар болохоос олон сарын өмнө өвөө, эмээ, ээж гурвын үйл эхэлнэ. Ихэнхдээ өвөө эсгэж, ээж, эмээ хоёр оёно. Дан, давхар, хурган дээл, хүрэм, нударга гээд дуусашгүй олон үйл хийгээд л байна. Хэнд ч юм, хэдийг ч урлаад байгаа юм бүү мэд. Миний оролцоо гэвэл “жонхуу” халаах. Торго, дурдан, даавууг хооронд нь наадаг өтгөрүүлсэн гурил гэх юм уу даа.
Үйл дуусч, цагаан сар болохоос бараг л сарын өмнөөс ээж, эмээ хоёр гэр, амбаар, гарааш, бог, бодын хашаа хороо, тэмээний зэл, модон нойл, үнс сэвс асгадаг хад, хаа байсан урд овооны ар дээрх хогийн цэгийг хүртэл цэвэрлэнэ. Би жил бүр гэрт, гадаагүй энэ их цэвэрлэгээнд “дайчлагдана”. Өвөө маань гэрийн гурван эмэгтэйг цэвэрлэгээ хийх хугацаанд малтай холбоотой бүх асуудлыг хариуцах үүрэг хүлээнэ. Энэ их цэвэрлэгээ бол хогонд дарагдчихсан даа биш, шинэ сараа цэвэр, цэмцгэр угтах, нэг ёсондоо хүндлэл юм.
Би бол угаасаа л цагаан сар ч гэлтгүй өвөөгөө байхад хэдэн хоньтойгоо ч мэддэггүй хүнд “нөхөр” байсан. Сар шинээр хороонд хонь хонож байгаа үгүйг ч анзаарах сөхөөгүй айл хэсдэг байлаа. Цэвэрлэгээ дуусч ээж бурхны, гэрийн, могой, хорголжин гээд олон төрлийн боорцог хийнэ. Манай нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Монголын бараг л хамгийн дулаан цэг тул боорцог, буузаа цагаан сар дөхүүлж хийдэг. Хоёрдугаар сарын сүүлээр шинэлбэл хуушуур хийнэ, бууз бол гэсээд хоорондоо наалдчихна. Шинийн бэлтгэлээ нэг, нэгээр нь базаасаар, саахалтууд нэгэндээ орох ч завдалгүй. Дор бүрнээ гэрээ, хороо бууцаа цэвэрлээстэй.
Битүүний өглөө эмээ бид хоёр амбаараас хайрцагтай бэлгүүд, цагаан идээ, идээ, ууц шүүсний хоёр модон ширээ, аяга, таваг гээд хэрэгтэй зүйлсээ гэр рүү зөөнө. Өдөр тийш өвөө, том нагац ах хоёр ул боовоо тав давхарлан идээ өрж, эмээ, ээж хоёр бүрхээрт ууцаа чанана. Би харуй бүрийтэй зэрэгцэн битүүний өдөр гэрээс гарсан хогонд, могойн хэлбэртэй боорцгоо хийж шатаана. Энэ нь тухайн жилийн муу муухайг устгаж буй хэрэг. Өрхийн тэргүүн идээнээс гурван цагаан зүйл авч гэрийнхээ урд тотго, гурван мөсийг баруун тотгоны дээр тавьж сахиуснуудын орох үүдийг нээдэг. Орой болж гэр бүлээрээ урьдчилж хөлдөөсөн “Битүүний бууз”-аа жигнэж, төмсөн салат хийж, зурагтаар нэвтрүүлэг, дуу хуур сонсож тойрон сууцгаана.
Буузанд хийсэн цагаан мөнгө ихэвчлэн эмээд таарна. Цагаан мөнгө таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлгэшээдэг. Тэр үед манайх өвөө, эмээ, ээж, бага нагац ах, би гээд ам бүл тавуул байв. Ахыг бид “Амаа” гэж дууддаг. Амаа агаа бид хоёрын хувьд битүүн бол азын цагаан мөнгөний төлөөх орой юм. Эмээ зоос олмогцоо “Би зоос олж байгаа нь миний хүүхдүүд сайн сайхан явна аа” гэсэн үг гэж хэлж ах, бид хоёрыг тайвшруулна. Ингээд өвөө усанд орж ариун цэвэр сахина. Харин эмээ хойд авдарнаас бидний өглөө өмсөх дээл, малгай, бүсийг гаргана. Ах календарь үзэж бидний өглөө босоод хааш зүглэх, унших тарни, нар хэдэн цагт мандахыг танилцуулаад, ирэх жилийн цагаан сарын шинийн нэгэн хэдний өдөр байгааг ч хэлж өгнө. Ингээд өглөө өмсөх оймс, үсний боолтоо хүртэл зэхчихээд орондоо хэсэг хөрвөөнө дөө. “Өглөө хурдан болоосой, хэнийх ямар бэлэг өгөх бол, хэн хэн ирэх бол” хэмээн бодож байгаад нэг мэдэхэд ээж “Миний охин босоорой, өнөөдөр чинь шинийн нэгэн шүү дээ” гэж сэрээнэ. Би ямар ч гомдолгүйгээр босч ээжтэй хамт гэрээ цэвэрлэнэ.
Өвөө, эмээ хоёр аль хэдийнээ эцэг малынхаа байр байдал, нар мандалт, тэнгэрийн хаяа гээд олон зүйлийг шинжчихсэн байдаг. Ингээд найман цаг гэхэд нарны илч өргөө гэрийн минь тооноор төөнөж, авдран дээрх жаазтай зураг гялтганан харагдана. Ээж идээнийхээ бүтээлгийг авч, өвөө малаа бэлчээгээд хүрэн үйтэн хуар дээлээ өмсөн гэрийн баруун хойд хойморт сууж, эмээ зүүн хойд хойморт бурхандаа арц уугиулна. Ах бид хоёр шинэхэн дээлээ өмсч гийчдийг харуулдан зүүн хад руу байн байн гүйлдэнэ. Ээж тогоо дүүрэн сүүтэй шаргал цайгаа идээшүүлэн самарна. Ингэж л бидний сар шинийн баяр эхэлдэг ээ.
Өвөө, эмээ хоёр минь тус бүр эхээс есүүл. Өөрсдөө ч есөн хүүхэдтэй. Манайх чамгүй олон хүний “Их гэр”, “Том ах”, “Том эгч” нь билээ. Есөн цагтай уралдан сар шинийн эхний гийчид ирнэ. Баруун хөтлөөр цагаан машин “Хад ахынхан”, “Нутгийн ухаа” дээгүүр хоёр машин “Бүдүүмаа, Өмөө агаагийнхан” гэсээр 11 цаг гэхэд дөрвөөс таван айлын хүмүүс цугларчихдаг. Ах нар аав, ээжтэйгээ өчигдөрхөн уулзсан ч золгоод “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу
-Шинэ жил гарсаар бие тэнхээ сайн байна уу
-Өнтэй сайхан өвөлжиж, одоо сайхан хаваржиж байна уу” гэсээр хөөрөглөнө. Ач, зээ нар гадаа бужигнаж, ах, эгч нар гэрт шуугилдана. Манайх тэдний хувьд сар шинийн эхний айл учир идээний чихэр, жимс, цагаан идээ хоромхон зуурт хонхойно. Удалгүй эрчүүл цуглаж бидний тахьдаг “Зүүн дуулга” хайрхан даа гарна. Би бол ойртож ч үзээгүй. Ах нар идээний дээж сүү, будаа өргөж, хийморийн дарцаг хийсгээд арц уугиулчихаад ирнэ. Тэднийг ирсний дараа өвөө зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаараа ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн, харцаганы хоёр зураа дагуу гурав гурав эсгэж ууцаа хөндөнө.
ээж, эмээ хоёр гэрт зүүн талд давхарлаж тавьсан гурав, дөрвөн цаасан хайрцгаас бэлгээ өгнө. Шинэхэн 5, 10, 20 мянгатын дэвсгэрт гаргаад том хүмүүст 20-40 мянган төгрөг набор, хүүхдүүдэд насны ангиллаар 5- 10 мянган төгрөг чихэр, аягатай өгч гарна. Бэлэгний сонголт жил бүр өөр байдаг. Хүүхдүүдээ өрх тусгаарлаад удаагүй байхад лунжин, хөнжил, индүү, сандал бэлэглэж байсныг мартдаггүй юм. Ээжийн бэлэгний философи “Хүнд хэрэгтэйг нь өг, үгүй бол мөнгийг нь өг” юм.
Бэлгээ авч, тэд дараагийн айл болох том ахынх руу явна. Том ах, өвөөгийн хоёр дүүгийнх бол очих ёстой айлуудын тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэнэ. Том ахынд очиход уяатай хоёр нохой нь барьж идэх шахдаг. Ер нь нутгийнхан очихоос эмээдэг л дээ. Гэр, хороо нь цэмцгэр, хоёр охин нь салат бэлтгэж, ах эсгэсэн “Түргэн цагаан”-аа аягалж, бэр эгч “Урьд шөнө дээлээ арай хийж дуусгасан” тухай ярих нь элбэг. Манайхнаас хамгийн олон дээлэнд “дарагддаг” хүн бол том бэр эгч.
Би гэрт ирсэн ах нарынхаа нэгийнх нь машинд бэлэгний хайрцгаа тавиад айл хэсэхээр явна. Бэлэгний хайрцаг дүүрчихвэл айлаас тор олж бэлгээ хийнэ. Ингэж явсаар харанхуйтай уралдан ядарсан, нойрмог хүн гэрийнхээ гадаа буудаг. Хэчнээн нойрмоглосон ч цуглуулсан бэлгээ өвөө, эмээ, ээждээ үзүүлж, ахдаа гайхуулна гэж бодохоор л сэргэчихдэг байлаа. Айл хэссээр шинийн нэгний орой гэрт ирэхэд эмээ гэр бүлийн гишүүдэд бэлэг өгнө. Эмээгийн бэлэг бас л их сонин, юу өгөх бол гэж бодон бодсоор харина даа. Би тэр жилийн цагаан сараар хамгийн “гоё” бэлгийг зургаатай байхад хул азаргыг нь унаж уралдаж байсан Самба ахынхаас авч байсан юм. Тэр бол ягаан өнгөтэй дуулдаг гэрийн утас. Харин нэг паян бол том бэр эгч олон хүн дунд надад бэлэг өгөхөө мартаж, би нэхэл хатуутайгаар гурван удаа “шаглаж” байлаа. Олон хүн дунд иймэрхүү бэлгээ мартах, нэг хүнтэй хоёр золгох, гурван аяга цай уух зэрэг асуудал гарна.
Шинийн хоёрны өглөө гэрээ цэвэрлээд мөн л хүмүүсээ хүлээж авна. Хоёронд ихэвчлэн худ ураг, саахалт айлынхан ирдэг. Харин шинийн гурванд хүргэн ахынхан, өвөө, эмээгийн дүү нар тав зургаан машинтай улс ирнэ. Шинийн нэгэн, гурван бол хамгийн ачаалалтай өдөр. Би ч яахав, намайг буцааж гэрт нь хүргэж өгнө гэсэн хэн бүхэнтэй явж айлаа хэссээр л. Заримыг нь “шагласаар”. Би хэд ч шагласан бэлэг өгсөөр байдаг айл бол өвөөгийн дүү Тонжоо ахынх.
Энэ маягаар шинийн таван болж, нар жаргахаас өмнө өвөө идээгээ хөндөж тав давхарласан ул боовоо гурав болгож, шүүсээ ч багасгана. Шинийн долоон хүртэл манайд хүн тасардаггүй, бараг ирэх жилийн цагаан сар хүртэл уулзаагүй хүнтэйгээ золгож, ирсэн хүний гар цайлгасаар байдаг.
Сар шинийн баяртай зэрэгцэн манай хонь төллөж эхэлнэ. Ээж “Шинийн гуравнаас хонь төллөнө” гэж хэлсэн л бол яг шинийн гурванд анхны төл мэндэлдэг. Айл бүр өөр л дөө, зарим айл цагаан сараар цөөн төлтэй болчихсон байдаг. Малчдын ажил цагаан сарын шинийн нэгэн болсон ч үргэлжилсээр л байдаг. Шинийн нэгний шөнө хотоо эргэнэ, хөлдүүшээ асгана, бууртай тэмээгээ хурааж ирнэ гэх мэт. Хүүхэд байхад “Цагаан сар болж байхад чинь буур ингээ хураагаад ирж болдоггүй юм байх даа” гэж боддог байснаа ч нуух юун. Ийнхүү хахир хатуу өвлийг өнтэй давсны баярыг тэмдэглэж, урин хавар тал нутагт минь айлчлан ирдэг. Уулын бэлээр цагаан цас хөлөрч, малчны хотонд төлийн дуу цангинаж, хаврын найраг хаа сайгүй түгэж эхэлнэ ээ.
Ингээд хүүхэд байхад үзсэн хамгийн хөгжилтэй цагаан сарынхаа тухай ярьж өгье. Би зургаан настай байлаа. Нагац ахынхаа араар хятад мотоциклонд сундлан Цэций уулын айлыг “дайлаар” мордов, манайхаас 30-аад км зайтай.
Хоёр хоног тэр хавийн бүх айлыг хэсч 50-ын шуудай, ах бид хоёрын дээлийн өвөр дүүрэн бэлэгтэй болсон. Одоо бодоход интернет, сүлжээгүй хаврын хавсаргатай өдрүүдэд мотоцикльтой хүнтэй хоёр, гурван хоног айл хэсээд явсан гэхээр овоо “хүнд гар” байсан юм шиг санагддаг. Айлаа хэсч дуусаад бид хоёр гэр рүү ирэхийн даваан дээр баруун хөтлийн цаад дор мотоцикль маань эвдэрчихдэг юм. Хоёулаа бэлгээ үүрээд шөнө гэртээ алхаж ирж байсан сан…