Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл: Эргээд социализмдоо ороод үзэх үү, яах уу

Хотын дарга асан Э.Бат-Үүл нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэн жиргэжээ.

Тэрбээр “Социализмын үед Монгол сайхан байсан гэдэг үлгэр залуусын дунд их түгжээ. Эргээд социализмдоо ороод үзэх үү, яах уу. Тэгэх бол: Бүх хүний хувийн мал, машин, супермаркет, хаус зэргийг хуу хураах, бизнесийг хориглох, төр засгаа шүүмжилбэл шоронд хорих мэт хуультай дэглэм тогтооно. Зөв үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

51 мянган суудлын автомашин импортолжээ

2021 оны эхний 11 сарын байдлаар 51500 суудлын автомашин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 2019 оны мөн үеэс 22.6 хувиар буурчээ. Ачааны автомашины тухайд эхний 11 сард 24700 ширхгийг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 28.3 хувиар, 2019 оны мөн үеэс 13.4 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын 38.8 хувь нь нэмэлт тунд хамрагджээ


Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 93, хоёрдугаар тунд 189, дархлаа сэргээх нэмэлт тунд 5427 хамрагджээ. Ингэснээр нийслэлийн хүн амын 74.9 хувь нь нэгдүгээр тунд, 71.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд 38.8 хувь буюу 417439 иргэн хамрагджээ.

Түүнчлэн зорилтот бүлгийн 2981 жирэмсэн эх, 12-15 насны 68156 хүүхэд, 16-17 насны 26853 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийг допингийн сургалтад хамруулна

“Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт өнөөдөр /2021.12.11/ болно.

Тодруулбал Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Биеийн Тамир Спортын Улсын Хороо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаaс хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ний 11:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар болжээ.

Тус сургалтын дараа сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэн болж байна

Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо”, АШУҮИС болон “Мишээл экспо” ХХК -тай хамтран 2021 оны 12 дугаар сарын 10-12 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх байгууллагууд оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөх бол эм хангамжийн байгууллагууд хямдрал урамшуулалтай худалдаа хийж ард иргэдэд бэлэг барих болно.

“Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:

Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах

Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд дөт холбоо тогтоох, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх

Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах, мэдээлэл, туршлага солилцох

Ковид-19 халдвар хамгааллын үед мөрдөх дүрэм журмыг баримтлах, ковидын үе болон ковидын дараах эмчилгээний талаар мэдээлэл хүргэх, цар тахлын эсрэг 3-р тунгийн вакцины нөлөө, хамрагдалт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх

Эм зүйч, инженер техникчийн уулзалт сургалт семинар зохион байгуулах

Улсын болон хувийн эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийгдэхээс гадна “Улсын нэгдүгээр төв эмнэлэг” 3 өдрийн турш иргэд, олон нийтэд үзлэг оношилгоо, зөвлөгөө хийнэ.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таны гар утсаар дамжуулан хүргэх Е-Mongolia аппликейнаар дамжуулан хүргэх үйлчилгээг та бүхэнд таниулан сурталчлах болно. Үзэсгэлэнг зохион байгуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа болон оролцож байгаа бүх байгууллага хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа:

2021 оны 12 дугаар сарын 10 -ны өдөр 12:00-14:00 цаг

2021 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр 10:00-18:00 цаг

2021 оны 12дугаар сарын 12-ны өдөр 10:00-:18:00 цаг

Categories
мэдээ нийгэм

“Сүнзийн дайтахуйн ухаан”

“Сүнзийн дайтахуйн ухаан” зохиол эдүгээгээс 2500 орчим жилийн өмнө зохиогдсон судар аж. Эртний Хятадын Хавар Намар улсын үе хэмээгч нь НОТ-ын өмнөх 770-476 оны үед олон ханлиг улсууд хүчтэй нь хүчгүйгээ ээлжлэн мөхөөсөн он жилүүдийн үед бичигдсэн зохиол. Энэ номыг тэр үеийн аугаа их цэргийн зүтгэлтэн, их сэтгэгч Сүн Ү туурвижээ. Жинхэнэ нэрийг нь Сүн Чин гэх агаад хожмын хүмүүс Сүнз хэмээн хүндлэн дууудсанаар дэлхий дахинаа Сүнз хэмээх нэрээр алдаршсан байна. Яг тэр Хавар Намарын улсын үед Хятадын их сэтгэгч Күнз мөн төрсөн байдаг. Энэ хоёр их хүмүүн нэг цаг үед төрж, туурвиж сэтгэж байсан сод ухаантнууд ажээ. Сүнз хориодхон насандаа цэцэг ногоо тарин олны хөлөөс дайжин суухдаа цэрэг дайны судар ном уншин судалж хожмын алдарт бүтээлээ туурвин аятай цагийг хүлээн суужээ. Түүнийг нэгэн цэргийн зүтгэлтэн эрдэм чадлыг таньж хаандаа өргөн мэдүүлжээ. Хаан удтал цааргалсны эцэст түүнийг хүлээн авч Сүнз ч алдарт “Дайтахуйн ухаан” номоо өргөн барьж, энэ сод бүтээл мөнхрөн үлджээ. Сүнз ч хаанд тоогдон алдарт жанжин болж цэрэг дайны гарамгай гавьяа байгуулан ихэд мандаж явсан байна. Түүний номыг 13 бүлэгт ном гэж нэрлэдэг. “Дайтахуйн эрхэм чухаг нь даруй үтэр ялахуйд оршмуй, Дайталгүйгээр дайснаа дагаар оруулахуй болбоос сэцэн мэргэний чанад” гэх зэргээр сургадаг. Дайтахуйн өмнө дайснаа мөхөөж чадна хэмээн шинжвээс тулаанд ялахуй төгс бүрэлдэх, мөхөөж чадахгүй хэмээн шинжих нь ялахуй төгс бүрэлдээгүйн шинж,сайтар шинжих аваас ялахуй бүрэлдэнэ. Сайтар эс шинжих аваас яаж ялах билээ. Дайтахуйд үтэр ялахыг хичээх, сунжрах аваас цэрэг ядрах, хүнс хомсдох зардал сүйтгэл ихсэх, ард иргэд ядрах татвар ихэсч хүнс үнэд орох зэрэг аюултай. Тэгэхээр дайсны хүнс будааг булаах эд хэрэгслийг тэднээс олзлох зэргийг шамдах, дайсны нэг жин будаа өөрийн хорин жин амуу будаа лугаа тэнцмүй гэж сургажээ. Дайсан улсуудыг дагаар оруулах бол дээд мэргэн буюу, улс гүрнүүдийг уулгалан мөхөөх нь удаахь зэрэг буюу хэмээжээ. Дайсны зуутыг дагаар оруулах нь дээд ухаан, дайсны зуутыг хядах нь дараах зэрэг буюу. Гарамгай хүмүүн бол дайснаа дагаар оруулахаас бус, дайран эс довтолъюу, хот балгадыг эзлэн авахаас бус эвдэн эс сүйтгэюү, дайсан улсыг даран мөхөөхөөс бус удтал сунжран эс дайтъюу. Тэнгэрийн дор төгс ялах арга ухааныг сэтгэвээс цэрэг дайчдаа эс алдах агаад чухамхүү төгс ялалтыг олъюу, энэ бол довтлохуйн ухаан бөлгөө. Дайснаасаа арав дахин хүчтэй бол бүслэн хаагтун, тав дахин их хүчтэй бол турхиран довтлогтун, хоёр дахин их хүчтэй бол хагаралдуулан бутаргахыг хичээгтүн, хүч тэнцүү бол хүчлэн тэмцэлдэж дийлэхийг бодогтун, хүч дутуу ахул дутаан одогтун, хүчээр их дутуу бол хүчлэн тулалдахаас бултагтун, хүчээр дутуу цэрэг хатгалдан тулалдвал хүчирхэг дайсны олз болно. Их хаан их цэргийн хэрэг явдалд хор болохуй нь гурав буй. Давшиж болохгүй атал үл мэдэн хүчээр давш гэж зарлигдах, ухарч үл болох байтал түүнийг үл мэдэн ухрахыг адангалан зарлигдахуй, үүнийг их цэргийг үхэтгэн боомилохуй гэнэ. Цэргийн дотоод хэрэг явдлыг эс ухааран хамаг хэргийг засахуйд хавирганаас оролцвоос жанжин сайд хийгээд цэргүүд төөрөлдмүй. Эрх хэргэмийг эс ухааран цэргийг засахуйд цуг оролцвоос жанжин сайд хийгээд цэргүүд эргэлзмүй. Их цэрэг өчүүхэн төдийд эргэлзэхэд дайсан улс өчүүхэн сиймхийгээр завдан өрөвхийн довтлох аюултай.

Өөрийн бие хийгээд өстөн дайснаа мэдэж байваас хэдүй зуунтаа дайтавч хэзээд эс ялагдмой. Өстөн дайснаа эс мэдэж, өөрийн биеийг мэдэх аваас ялахуй байвчиг ялагдахуй бас буй, өстөн дайснаа эс мэдэж өөрийн биеийг ч эс мэдэх аваас дайтах бүрийдээ ялагдмуй гэх зэргээр сургажээ. Та энэ номыг олоод нэг уншаарай, энэ зөвхөн дайн байлдаанд ч биш, хүмүүний хэрэгт ихээхэн тустай ном юм.

Америк Ирантай дайтахдаа бүх цэргүүддээ энэ номыг хэвлэж өгсөн гээд бодохоор ямар ном гэдэг нь илт юм. Бодвол манай цэргүүд ч уншиж судалж байдаг буй за. Дээр үеийн армид л лав энэ тухай юу ч мэддэггүй байсан юмдаг.

Categories
мэдээ цаг-үе

Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын хөтөлбөрт О.Хулан хамрагджээ

Улмаар хөтөлбөрт хамрагдсан тамирчид 2022 оны 3 дугаар сард АНУ дахь Nike компанийн байранд зочилж, эмэгтэй тамирчдын бизнесийн сүлжээ уулзалтад оролцох юм.

О.Хулангийн хувьд Австралид суралцаж байсан, англи хэлний өндөр мэдлэгтэй нь энэхүү хөтөлбөрт тэнцэхэд нөлөөлжээ. МҮОХ-ноос эмэгтэй тамирчдаа тус хөтөлбөрт тогтмол хамруулахыг зорьж байна.

“Women Athletes Business Network” хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо.

“Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих уг хөтөлбөрийн талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио-2020” олимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчдад мэдээллийг танилцуулж, тамирчдын анкетийг илгээсэн юм байна. Улмаар тус хөтөлбөрт залуу тамирчин О.Хулан тэнцсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь 2022 оны 1-11 дүгээр сар хүртэл 10 сарын турш үргэлжлэх бөгөөд тамирчид спортын замналаа өндөрлүүлсний дараа бизнесийн салбарт амжилттай хөл тавихад туслах зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд тухайн тамирчны бизнесийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, энэ салбарын нэр алдартай хүмүүсийн хүрээлэлд орох үүд хаалгыг нээх, цаашдын карьераа төлөвлөх, амьдрал дээр тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зэрэг олон төрлийн сургалт, хичээлд хамрагдана.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Афганистаны нийслэлд дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алджэ

Афганистаны нийслэл Кабул хотод хоёр дэлбэрэлт болжээ. Энэ талаар афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар 1TVNews мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хоёр дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна.

Энд дуулгахад, Афганистаны төрийн эрхийг талибууд энэ оны наймдугаар сард авснаас хойш тус улсад дэлбэрэлт, халдлага байнга үйлдэгдэж байгаа юм. Эдгээр халдлагын ихэнхийг Исламын улс алан хядах байгууллага үйлдсэн гэж үздэг.

Сарын өмнө, 11 дүгээр сарын долооны өдөр Афганистаны Нангархар мужийн төв Желалабад хотын цагдаагийн хэлтсээс холгүйхэн хоёр дэлбэрэлт болж, үүний дараа “Талибан” хөдөлгөөний дайчид болон “Исламын улс” бүлэглэлийн салбар болох “Хоросан дахь Исламын улс” бүлэглэлийн дайчдын хооронд буудалцаан болж байв. Дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсан бөгөөд тэд бүгд “Талибан” хөдөлгөөний гишүүд байсан гэж эх сурвалжууд мэдээлж байлаа. Түүнчлэн, энэ явдлаас сарын өмнө буюу 10 дугаар сарын эхээр Афганистаны Кундуз мужид байрлах шийтийн сүмд дэлбэрэлт болсны улмаас 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархадсан. Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа шоронгоос олон алан хядагч сулласан нь өнөөгийн аюулт нөхцлийг бий болгосон гэж шинжээчид үзэж байгаа бол “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдэл хийхдээ “Исламын улс бүлэглэл талибуудын хувьд толгойны өвчин болж байна” хэмээн онцолж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Цагааны Хэнмэдэх: Манай улс худалдааны яамгүй, олон улсын худалдааны хуульгүйн улмаас өнөөдөр тамд унаж байна

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Цагааны Хэнмэдэхтэй ярилцлаа. Тэрээр төв бараа баазын үндэс суурийг тавилцаж, гадаад худалдааны чиглэлээр эх орноо төлөөлөн Москвад ажиллаж байсан нэгэн. Үндсэндээ гадаад худалдааны яам, дотоод худалдааны яаманд ажиллаж байсан, Монголын худалдааг мэдэх цөөхөн хүмүүсийн нэг.


-Хэнмэдэх гуай, тантай гадаад дотоод худалдааны хуулийн талаар ярилцах гэсэн юм. Манай улс худалдааны нэгдсэн хуульгүйг та шүүмжилдэг. Ийм хуульгүй учир хоёр хөрш маань дуртай цагтаа хилээ хааж биднээр даажигнаад байх шиг. Тусгаар улсын хамгийн гол юм худалдааны хууль, худалдааны яамтай байх хэрэгтэй гэдэг?

-Хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш өнөөг хүртэл худалдаа арилжаа хүний болоод нийгмийн амьдралын амин сүнс нь болсоор ирсэн. Худалдаагүйгээр хөгжсөн, худалдаагүйгээр нийгмийн харилцаагаа зохицуулсан нэг ч орон энэ дэлхий дээр байхгүй. Улс орны хөгжил дэвшлийн амин чухал зүйл болсон худалдааг харин манай улс задгай тавьчихсан нь харамсалтай.

Дэлхийн 200 шахам орны 40-өөд нь худалдааны бие даасан яамтай, 80 орчим нь худалдаа аж үйлдвэрийн яамтай байна. Худалдаа гэдэг чинь тив хоорондын мөн хэд хэдэн тивийг нийлүүлсэн, улс хоорондын хөрш орнуудын гэсэн өргөн сүлжээгээр нэгдсэн бодлогоор явагддаг. Худалдааг ингэж явуулахын тулд зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү бүгд хоорондоо уялдаа холбоотой байх хэрэгтэй. Энэ бүхэн манайд цэгцэрч өгөөгүйн улмаас бид өнөөдөр тамд унаж байна. Монголд худалдаанаас бусад салбар хууль журамтай, сүрхий цэгцтэй бодлоготой харагдах юм.

Худалдааг болохоор төвөгтэй, нарийн чимхлүүр, жижиг асуудал нь том болж, том асуудал нь жижгэрч харагддаг учир зүрхшээгээд орж чадахгүй байна уу даа. Түүнээс гадаад дотоодын худалдааны хуультай, бие даасан яамтай байхыг эрхбиш улс орныг удирдаж байгаа хүмүүс мэдмээр юм. Хятад улс худалдааны яамтай, Орос болохоор худалдаа аж үйлдвэрийн яамтай байна. Түүндээ хамтарч уялдуулсан хууль зүйн зохицуулалттай байна. Гэтэл Монгол яаж байна, яам ч үгүй, хууль ч үгүй байна. Хоёр хөрштэйгөө стратегийн түншийн харилцаатай гээд байгаа.

-Их л сүрхий харилцаатай юм ярьдаг ч өнөөгийн байж байгаа царай ийм л байна?

-Наад стратегийн түншийн харилцаа гэдэг чинь зүгээр дипломатын бодлого л байхгүй юу. Улс орнуудын болон тив дэлхий, хоёр улс хоорондын олон улсын худалдааны хууль эрх зүйн бичиг баримт хамгийн чухал. Тэрхүү бичиг баримтад Хятад, Монголын худалдааны хэлэлцээр 5 юм уу 10 жилээр гээд хөдөлшгүй заалттай байдаг. Орос, Япон зэрэг бусад орнуудтай яг ийм маягаар олон улсын худалдааны хэлэлцээр байгуулах учиртай. Европын холбооны улсуудтай бас л ийм хөдөлшгүй гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй. Европын холбоотой ноолууран эдлэл тарифын хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэсэн инээдтэй гэрээ маягийн юм байдаг. Улс хоорондын, тив хоорондын худалдааны ийм хэлэлцээр байхгүй учир монголчууд бид ямар өрөвдмөөр байдалтай байна вэ. Хятад хилээ хаалаа гэнэ, хэзээ нээх нь тодорхойгүй. Орос бензин шатахуун өгөхгүй, нефть тасарлаа л гэнэ. Худалдааны хэлэлцээр байхгүй юм чинь ямар ч улс дарамт шахалт үзүүлэхээ бодно. Үндсэндээ хилийн боомилолт үзүүлэхээ бодно. Нефтийн талаар ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр гэж байна уу. Түүнээс хоёр улсын яамны хооронд юмуу, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хэлэлцээр чухал биш. Энэ бол хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн зарчмыг хадгалж чадахгүй. Улс орныг төлөөлсөн бичиг баримт болж чадахгүй.

-Тяньжин дээр бүх бараа гацлаа, хил хаагдлаа бид яах юм бэ гээд монголчууд хий дэмий орилолдож сууна. Хэрвээ худалдааны хууль хэлэлцээртэй бол Хятад хилийн асуудал дээр хариуцлага хүлээх үү?

-Хятадаар ихэнх бараа дамжин өнгөрч байгаа. Мэдээж цаанаас ачуулсан газар, улс орнууд Хятадтай олон улсын гэрээ хэлэлцээртэй байгаа. Яг энэ зарчмаар манайх цаад орнуудтай нь гэрээ хэлэлцээ байгуулаад, тухайлбал, Европын баруун зах Амстердамаас бараа ачууллаа гэж бодоход ямар тарифаар, ямар хугацаанд, ямар тээврийн хэрэгслээр явуулах гэдгээ бүр нарийн заана. Эрсдэл гарвал яах уу, аюулгүй ажиллагаагаа хэрхэн яаж хамгаалсан, даатгалыг нь хэн хариуцах гээд хууль эрх зүйн олон заалт бий. Манай улс ийм хууль зүйн заалтгүй, гэрээ хэлэлцээ гэж байхгүй учир үргэлж өөдөөсөө нулимуулдаг. Хэрвээ олон улсын худалдааны хуультай, түүнээ ягштал баримтлаад явдаг байсан бол манай ийм төрлийн бараа Тяньжин дээр 15 хоног саатсан байна. Тав хоног саатах байтал 10 хоног илүү саатсан байна, гэрээ хэлэлцээрийн дагуу хариуцлагыг та бүхэн хүлээнэ гээд сууж байхгүй юу. Гэвч тийм хууль эрх зүйн боломжгүй байна. Өнөөдөр бид бараа худалдааныхаа ихэнхийг Хятадаас авч байна. Тиймээс Хятадтай Монголын хуульд бүрэн захирагдах хууль эрх зүйн үндэс бүхий бичиг баримтын хэлэлцээртэй байх хэрэгтэй. Энэ бол эн тэргүүний асуудал болсон. Манай нэг компани Хятадын компаниас хуурай сүү болоод, энэ чигийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авдаг байя гэж бодъё. Мэдээж хоёр улсын компани хоорондын гэрээ хэлэлцээр гэж бий. Энэхүү гэрээ нь Монголын хуульд бүрэн нийцэж байна уу гэдгийг анхаарах нь чухал. Ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ гэдгээ дандаа бодох хэрэгтэй. Гэвч өнөөдөр энгийн хэрэглээний бүтээгдэхүүний гэрээ байтугай улс хоорондын стратегийн бүтээгдэхүүний гэрээ гэж байхгүй байна ш дээ. Түүний илрэл Оросоос авч байгаа нефтийн асуудал дээр айхавтар мэдрэгдэх юм. Стратегийн бүтээгдэхүүний гэрээ бол зайлшгүй төр засгийн хэмжээнд хийгдэж нийлүүлэх хугацаатай, он сартай, аюулгүй байдлын баталгаатай байх ёстой.

-Өнгөрсөн жилийн хавар Худалдаа бэлтгэлийн яамны сайд байсан Б.Шаравсамбуу гуай та хэд төрийн гурван өндөрлөгт хандсан захидал бичиж байсан санагдана. Та хэдийн үгийг хүлээж авсангүй юу. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хэр холбоотой байна вэ?

-Тийм ээ, төрийн гурван өндөрлөгт захидал бичсэн. Монголын худалдаа эзэнгүйдлээ. Гадаад дотоод худалдаа, импорт, экспорт аль аль нь эзэнгүйдлээ. Үүнийг хянадаг, зохицуулдаг төрийн бодлого алга байна аа. Энэ бүхнийг хийхийн тулд бие даасан яамтай байх хэрэгтэй. Яагаад гадаад дотоод худалдааны яам байгаа юм бэ. Мөн худалдааны хуультай болмоор байна. Олон улсын худалдааны хуультай болж дэлхийтэй хөл нийлүүлж алхахгүй бол энэ улс орон чинь сүйрлээ. Яагаад Монголын төр хамгийн чухал зүйл болох худалдааг эзэнгүй орхив. Худалдаа үйлдвэрлэл гэдэг улс орны амин чухал асуудал мөн. Нэн даруй хуультай болмоор байна гэсэн захидал бичсэн. Өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүйг бид бүхэн харж байна. Тэр үед даруйхан худалдааны яам байгуулаад, за яам байгуулдаггүй юм аа гэхэд хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийгээд бие даасан хуультай болсон бол өнөөдөр бидний амьдрал ийм байхгүй. Олон улсын хууль гэрээ хэлэлцээгээ яриад түс тас сууж байх байсан. Худалдааны яамтай байх тухай сүүлийн гурван жил ярилаа. Ер нь тэгээд өнөөдөр худалдаа гэдгийг үндэс сууриар нь мэдэх, хуучны кадрууд цөөрсөн байна. Гадаад худалдааны яамныхан бүгд өнгөрсөн. Амьд сэрүүн хүн ховор дуулдах юм. Дотоод худалдааныхнаас цөөн хүн байгаа байх. Монголд худалдааны байгууллага үүссэний 100 жилтэй холбогдуулж Б.Шаравсамбуу түүхчилсэн ном бичиж байгаа гэсэн. Нарийн ширийн юмыг мэдэх хүн ховор болжээ гээд хааяа над руу ярьдаг юм. Хамгийн гол юман дээр хүн байхгүй, байгаа хүнээ улс нь тоохгүй. Ийм л байна. Би энэ үгийг гомдоллосон маягаар хэлж байгаа юм биш. Улс орны хувь заяаг бодсондоо хэлж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим ердийн олон нийтийн байгууллага. Үйлдвэрчний төв зөвлөл, залуучуудын байгууллага гэдэгтээ ижил олон нийтийн байгууллагын статусаар л явж байгаа. Өөр давуу юм байхгүй. Харин сүүлийн үед төр засагтай л эн чацуу ажилладаг газар болсон юм уу даа.

-Тэр нь буруу юу?

-Буруу ч гэж юу байхав. Хамгийн гол нь худалдааны танхимаар худалдаа экспорт, импорт хийлгэж болохгүй л дээ. Улс гүрнүүдийн худалдаа, аж үйлдвэрийн танхимтай нягт холбоотой, уялдаатай сайн л ажиллахыг шаардах хэрэгтэй. Гол нь манай төр засгийнхан худалдааны танхимтай хамтарч ажилласан нэрээр худлаа хөөргөөд байх шиг. Сүүлийн үеийн хууль тогтоомжуудыг, мөн төр засгийн бодлого чиглэлийг харахад ингэж санагдаж байна. Импорт, экспортыг эзэнтэй болгохгүй бол монголчуудад мэдэгдэхгүй асар их капитал гадагшаа урсч байна. Дандаа валютаар хөрвүүлж авч байгаа. Хувь хүн болоод албан байгууллага төгрөгт хөрвүүлээд асар их валютаа гадагшаа алдаж байна. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс байхгүй, үнээ мэддэггүй, өртөг зардлаа тооцдоггүйн улмаас алдагдал гарч байна. Мөн үүнээ дагаад асар их мөнгө хувь хүний халаасанд эргэлдэж байна.

Энэ бүхэн цаашлаад авлигын үндэс суурь болдог гэмтэй. Энэ тал дээр ямар ч хамгаалалт зохицуулалт алга. Дээрээс нь Монголд худалдаа хийхэд ямар их дарамт байна вэ. Төр засгийн бодлого уялдаа байхгүй учир жирийн худалдаачдыг татвараар дарамтална, хяналт шалгалт нэрээр дарамтална. Байр орон сууцных нь ариун цэврээр дарамтална. Үүний нөгөө талд худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлага байхгүй учир барааныхаа үнийг хэдэн зуу дахин нэмээд зарж болж байна. Зах зээлийн зарчмаар худалдаа нээлттэй, чөлөөтэй, үнэ өртгийг нь улсаас хянаж болохгүй гэж үзсэнээс л бурдуусан. Хүний болоод нийгмийн амьдралын энэ бүх асуудал Монголд ямар ч замбараагүй, эзэнгүй дур дурын байгаа нь улс орон цаашид хөгжил дэвжих үндэс суурьд маш халгаатай. Хэдэн жилийн өмнө Ч.Улаан сайд ноолуурын үнийг баруун зүүн аймгаар нь хувааж яаж авч байлаа. Төр нь худалдаан дээр ямар ч бодлого шийдвэргүй, дур зоргын гэдэг нь тэндээс харагдаж байсан. Хамгийн аюултай юм гэвэл худалдааны боловсон хүчин гэж алга. Гадаад дотоод худалдааны мэргэжлийн сургууль байхгүй. Худалдааны нэртэй сургуулиуд чинь худалдаа мэргэжилтэн бэлтгэдэггүй дандаа санхүү, нягтлан гэсэн анги байдаг юм билээ. Тэгэхээр энэ салбарын ирээдүй их л бүрхэг байна. Бид өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагш нь зарж борлуулахыг худалдаа гэж ойлгоод байна.

-Та бол Монголын худалдааны домог болсон хүмүүстэй гар нийлж ажиллаж байсан. Тэр тухайгаа товчхон дурсахгүй юу. Орост худалдааны төлөөлөгчөөр сууж байхдаа гаднаас эх орон руу бүх л хэрэгцээтэй барааг зөөдөг байсан гэдэг?

-Монгол Улсад худалдааны байгууллага үүсч бий болсны 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд хамт ажиллаж ирсэн хүмүүсээ дурсана гэдэг сайхан.

Миний хувьд тэртээ жараад онд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг бараа судлаачийн мэргэжлээр төгссөн хүн. Төв бараа бааз гэж вант улс байлаа, тэнд ажиллаж байсан. 1980 онд Моксвад суугаа худалдааны төлөөлөгчийн орлогч болсон. Манай худалдаа төлөөлөгчийн газар 30 гаруй мэргэжилтэнтэй, үүнд үнэ судлал, зах зээл судлал, өргөн хэрэгцээний бараа судлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, цахилгаан станц, уул уурхай гээд салбар бүрийн шилдгүүд байлаа. Бүгд орос болон гадаад хэлтэй хүмүүс. Ийм л бие даасан олон улсын статустай байсан. Худалдааны төлөөлөгч гэдэг албан өрөөнд цаас эргүүлж суугаад хийдэг ажил биш. Хуучин Зөвлөлтийн бүх орнуудтай харилцаа тогтооно. Европын орнуудтай харилцана. Бүх оронд очиж Монголоос захисан бараа таваарыг авчирна. ЭСЯ-наас хамгийн их томилолтоор явдаг хүн нь би. Энэ дэлхийгээр тэнэж өгсөн. Эстоноос вэф радио, темп 1, 2 гэсэн зурагт, Гүржээс вино, дугуй булантай цай гээд бүх хэрэгцээний юмыг авчирч байсан. Ингэж Худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж Монгол руу хэрэгцээт барааг цаг алдалгүй явуулах үүрэг хүлээсэн. Түүн шиг Хятадаас хараат байгаа энэ цагт тухайн улсад Худалдааны төлөөлөгчийн газарт яг мэргэжлийн хүмүүсийг нь сонгож ажиллуулах хэрэгтэй. Хятад болоод дэлхий нийтийн хэлтэй, санхүү худалдааны өргөн мэдлэгтэй, төлбөрийн янз бүрийн балансуудыг ойлгодог, гол нь Монголынхоо эрэлт хэрэгцээг сайн мэддэг тийм хүнээр удирдуулаад бүрэлдэхүүнд нь олон улсын статусын дагуу 30-40 хүн байх ёстой. Тэгж байж л үүсээд буй асуудлын цаана гарна. Худалдааны төлөөлөгчийн хүмүүсийг улс төрийн шугамаар биш, мэргэжлийнх нь үүднээс сонгодог байх хэрэгтэй.

Миний хувьд дэндүү олон хүнтэй ажиллаж иржээ. Анх сургууль төгсөөд ажилд ороход худалдаа бэлтгэлийн яамны сайд Доржготов гуай байсан. Намайг хөдөө дагуулж явж амьдрал таниулсан хүн. Сүүлд Дархан хотыг байгуулах үед гурван сарын хугацаатай томилолт өгсөн. Гадаад худалдааны яамны сайд нь Очир гуай байсан. Очир гуай надад үнэ өртөг тооцох нарийн ширийн асуудалд зөвлөгөө их өгнө. Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ринченпэлжээ гуай, Очир гуай, Содном гуай гурав намайг гадаад худалдааны төлөөлөгчийн газарт үүрэг өгч явуулсан. Молом гэж Төв хорооны худалдааны хэлтсийн дарга, сүүлдээ Худалдаа бэлтгэлийн сайд байсан. Тэр хүн их дэмждэг байсан. Москвад байхад миний дарга Төмөр гэж банкны мэргэжлийн мундаг хүн байлаа. Өдөр цай уух завгүй л ажилладаг байлаа. Батын Дэрдэв гэж бүх насаараа худалдаанд ажилласан хүн, би Москвагаас явахдаа тэр хүнд ажлаа өгч байсан гээд дурсамж олон. Ингээд яривал 100 жилийн түүхтэй Монголын худалдааны нэгэн жарны түүхийг нь хүүрнэж болж байна.

-Сүүлд танаас нэг зүйлийг асуухад, та Монголд зочид буудал гэдгийг үндэслэж бий болгосон хүн. Ялангуяа “Баянгол” зочид буудлыг өнөөдрийн түвшинд хүрэхэд үндэс суурийг нь олон улсын жишгээр бий болгосон байдаг?

-1987 онд “Баянгол”-д ирэхэд дарга, нягтлан байхгүй, эзэнгүй. Энд тэндээсээ ус гоожсон, цахилгаан тасарсан, дампуурсан газар байсан. “Жуулчин” компанийн мэдэлд “Улаанбаатар”, “Баянгол” гэсэн хоёр буудал, Тэрэлж, Өмнөговь, Өндөр довын жуулчны баазууд байв. Өндөр дов, Өмнөговь хоёрыг “Баянгол”-ын харьяанд шилжүүлсэн. Би өөрөө гадагшаа явж гэрээгээ хийж жуулчингаа авна. Яаж хөл дээр нь босгох уу гэж бодоод Засгаас мөнгө зээлэхээр боллоо. Банкнаас валютын зээл авъя гэхээр байдаггүй. Харин Өмч хувьчлалын сангаас валютын зээл авч болно. Өмч хувьчлалын комиссын дарга нь Да.Ганболд байсан.

Ерөнхий сайд Бямбасүрэн гуай, Да.Ганболд, Д.Дорлигжав хоёр Шадар сайд. Хүүгүй зээл, гурван жилийн дотор валютаар нь төлнө. Банк биш Засгийн газар учир хүүтэй, хүүгүй гэсэн хууль эрх зүйн заалт байгаагүй. Тэр үеийн сая доллар гэдэг маш их мөнгө л дөө. Тэр мөнгөөр Баянголд засвар хийлгэсэн. Хятадын барилгын ерөнхий компани руу шууд очлоо. Тэнд Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Их дэлгүүрийг барьсан Өмнөд Монголын Хишигт гэж нөхөр байсан, түүнтэй уулзаж засварын ажлыг хариуцуулахаар болсон. Бээжингээс мэргэжлийн долоон хүн авчирч архитектурын зургийг нь гаргуулсан. Давхардсан тоогоор Хятадаас 360 хүн ирж ажилласан байдаг. 1992 онд “Баянгол”-д хамгийн түрүүнд өнгөт телевизор тавьж байв. Холбооны яамтай ярьж тохироод шилэн кабель татаад, III цахилгаан станцтай яриад дулаан, усны асуудлаа шийдсэн. Манай Төв шуудан холбооныхон “Баянгол”-ын үүдэнд үүрэн телефонтойгоо сууж байсан гээд бод. Гадаад руу, мөн хөдөө орон нутаг руу ярих утасны тарифыг би өөрөө тогтооно. Дэлхийн хоолны том сүлжээ болох Бээжингийн компанитай яриад бээжин нугасны газар ажиллуулсан. Ёстой өдөр шөнөгүй хүн шавдаг байлаа. Мөн валютын дэлгүүр нээсэн. Бүх зүйлийг автомат кассын системд оруулсан.

-Аргагүй олон улсын жишгээр үзэж дээ?

-Бүх өрөөг олон улсын буудлын стандартаар тохижуулж, үнэ зэрэглэлтэй болгосон. Хонконгийн зах зээлээс материалаа сонгож Голланд, Герман, Япон руу хүн явуулж сургасан. Тогоочдыг Герман, Японд, менежерүүд, цахилгаан шатны асуудал болоод инженерүүдийг Бээжинд сургасан. Ингэж хүний нөөцийн асуудлаа бодлогоор бэлтгэсэн. Японы компанитай менежмэнтийн гэрээ байгуулж, тэндээс ирсэн жуулчдыг Баянголд буулгах асуудлыг шийдсэн. 1992-1998 он хүртэл “Баянгол” улсад төлсөн татвараараа тэргүүлж байсан. Мөн гадаадаас ирдэг жуулчдын тоо хэд дахин өссөн. Тэр үед 10-аад мянган жуулчин манайд ирдэг байсан бол зөвхөн “Баянгол” 40 мянган жуулчин авсан. Ажилчдын нийгмийн асуудлын хувьд ёстой эргэлт хийсэн. 300 шахам ажилтантай байсан. Өмч хувьчлалын тогтоол гаргаж 30 айлд байр өгсөн. Монголын зочид буудлын холбооны анхны дарга, үндэслэгчийн хувьд бусдадаа хичээл зааж байсан. Маш олон зочид буудлын дарга нар суусан. Менежмэнтийг ингэж олон улсын жишиг, стандартын дагуу хийсэн юм. Ерэн долоон он хүртэл би захирлаар ажилласан. Баянголын хөрөнгөөр их юм хийсэн. Төмөр замын тэнд таван давхар байр, Улаанбаатарын дөрвөн районд “Баянгол” нэртэй махны дэлгүүр, Өвөрхангайн Бат-Өлзийтөд алтны уурхай хүртэл нээлээ. Нэг зүйлийг онцлоход, 1994 онд Өмч хувьчлалын газраас Хөрөнгийн бирж дээр бэлэн мөнгөний арилжаа гаргах хууль гарсан. “Баянгол”-д хөрөнгө хэрэгтэй байсан учир тэнд бүртгүүлээд нэмж хувьцаа гаргахаар Үнэт цаасны хороо Хөрөнгийн биржээр зөвшөөрөл гаргуулаад, баталгаажуулаад дуудлагад оруулаад 80 мянган ширхэг хувьцаа нэг удаа Хөрөнгийн биржээр гарсан юм. Бэлэн мөнгөний анхны арилжаа гэж Хөрөнгийн биржийн түүхэнд бичигдсэн байдаг. Сүүлд “Баянгол”-ыг ямар хүн удирдсаныг монголчууд мэдэх учир би юу хэлэхэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Бямбажаргал: Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын хүндэтгэлийн чуулганыг Хархоринд хуралдуулах гэж байгаа нь эрх баригч намын хоосон хийрхэл

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан УИХын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 29ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулахаар болсон. Энэхүү хурлыг Хархоринд хуралдуулах шаардлага түүхэн талаасаа байхгүй, дэмий өндөр зардлыг улсын төсвөөс гаргах гэж байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд яригдаж байна. Энэ асуудлаар Физикийн ухааны доктор, улс төр судлаач Л.Бямбажаргалтай цөөн хором ярилцлаа.


-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдөр бол монголчуудын хувьд хамгийн түүхэн өдөр мөн. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн өдөр.

Түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон тухай түүхэн хуудаснаа бичиж үлдээсэн байдаг. Ийм л учиртай өдөр.

-Энэ өдөр УИХ хуучин нийслэл Хархоринд хүндэтгэлийн хурал хийх тухайгаа зарлаж байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн үйл явдал болсон газар нь Улаанбаатарт байхад тэнд хуралдах гээд байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Энэ бол УИХ-ын тухай хуулийг зөрчсөн л үйлдэл гэж харж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган Төрийн ордны чуулганы танхимаас өөр газар хуралдах эрх зүйн үндэс байхгүй. Нөгөөтэйгүүр Хархоринд хуралдах түүхэн ач холбогдол гэж байхгүй. Хархорин бол Их Монгол Улсын нийслэл байсан газар. Арванхоёрдугаар сарын 29-нд болсон үйл явдалтай ямар ч хамааралгүй шүү дээ. Харин энэхүү түүхэн өдрийг хүндэтгэж хуралдах гээд байвал Төрийн ордондоо л хуралдах нь илүү өндөр ач холбогдолтой. Хүндэтгэлийн хурлыг Хархоринд хуралдуулах нь эрх баригч намын хоосон хийрхэл. За яахав, хурал нь боллоо гэхэд тэнд зарцуулагдах төсөв хөрөнгийг хаанаас гаргах вэ. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргана. Үүнийгээ даруй болих шаардлагатай. Түүх талаасаа ч тэр эрх зүйн талаасаа ч, тэр Хархоринд УИХхуралдах нь авцалдахгүй байгаа юм. Төрийн ордноо голоо юу. Хархоринд чуулган хийх нь улсын хөгжилд ямар нэмэртэй юм.

-Ардын намынхан бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийнхээ нутагт хүндэтгэлийн хуралдааныг хийх гэж байна гэх яриа нийгэмд байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Хархориных юм билээ?

-Тийм инээдтэй юм ч гэж арай байхгүй байх аа.

-Та зардлын тухайд ярилаа. Энд мэдээж өндөр зардал гарна. Үүнийг бусад улс төрийн намууд, тэр дундаа сөрөг хүчин яагаад шүүмжлэхгүй, чимээгүй байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-УИХдахь Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл. Саяхан эрх баригч нам Их хурлаа хийсэн. Шат шатандаа хариуцлагатай байж, эдийн засгийн тусгаар тогтонолоо олцгооё гэж сүртэй ярьж байна лээ. Эдийн засагт саад болоод байгаа асуудлаа шийдвэрлэнэ гэж байна. Тэгвэл иймэрхүү хоосон хийрхэл болсон хурал цуглаан, ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдээ болих хэрэгтэй. Наанадаж гарах зардал, төсөв нь нэг сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтын зардалтай тэнцэнэ. Хурал боллоо гэж бодъё. Улаанбаатараас нийт хэдэн хүн явах вэ. Тэр хүмүүсийн замын зардал, онгоц, шатахууны зардал, зочид буудал, хоол унаа гээд асар өндөр зардлыг эд нар хий дэмий хээнцэрлэлдээ зориулж үрэх гээд байна. Энэ хүнд хэцүү үед тэвчиж болох зардлыг гаргахгүй байцгаая гэж ярьдаг. Өөрсдөө үрэлгэн байх хэрнээ ард түмнийг бүсээ чангал, улсын эдийн засаг хүнд байна гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал их л хүндэрч байна. Юмны үнэ өдөр ирэх тусам өснө, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй. Хувийн хэвшлийнхэн ажилчиддаа цалингаа тавьж байвал их юм болж байна. Ийм байхад хэдэн улстөрчид агаарын сайханд очиж, амралт зугаалгаар явах санаагаа Хүндэтгэлийн хурал нэрээр халхалж буйд нь харамсаж байна.

-Та түрүүн Төрийн ордноос бусад газар хуралдах нь эрх зүйн чадамжгүй шийдвэрүүд гарна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын тухай хуулиар УИХзөвхөн Төрийн ордонд хуралдаж шийдвэр гаргана гэсэн заалт байдаг. Тэгэхээр өөр газар чуулган хийлээ гэхэд гарах шийдвэр нь ямар ч эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Хархоринд хуралдана гэж байгаа. Хуралдаж л байгаа бол хуралдаанаас нь ямар нэгэн шийдвэр гарч таарна шүү дээ. Тэгэхээр тэр шийдвэр нь хүчин төгөлдөр биш болох нь. Ард иргэдээ идэх хоол, түлэх түлээгүй хорионд оруулччихаад өөрсдөө баяр ёслол хийж наргиж цэнгэж яваад байж болохгүй. Нөгөөтэйгүүр энэхүү хурал боллоо гэхэд цаашдаа УИХ-ын чуулган хаана ч болдог буруу жишиг тогтох юм. Улсын нийслэл нь Улаанбаатар. Тухайн улсын төр засгийн төв байр, удирдлага байршиж байгаа болохоор нийслэл гэж байгаа юм. Төр засгийн ажил бол хүүхдийн тоглоом биш. Бусад орнуудын парламентын чуулган өөр газар болж байсан түүх байхгүй. Ардын нам үнэмлэхүй олонх байж болно. Гэхдээ Төрийн ажил хууль, журмынхаа дагуу л явах учиртай.