Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Москвад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох аж.

Айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ. Хоёр улс 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна

Categories
мэдээ нийгэм

Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулна

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын дагнан хариуцдаг ажил гэхээс илүүтэй олон нийтийн оролцоог төвлөрүүлэх гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг хүчин зүйлүүдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Тэр утгаараа Хууль зүй дотоод хэргийн яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг өргөн бариад одоо УИХ-аар нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ хуулийн төсөлд:

  • Архины зөв зохистой хэрэглээг бий болгох,
  • Архи үйлдвэрлэгч, импортлогчдыг нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой эх үүсвэрийг санд төвлөрүүлэх, уг төвлөрүүлсэн хөрөнгөөр архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг Монгол Улсын гурван бүст бүсчилсэн байдлаар шинээр барьж байгуулах, нийгэмшүүлэх, хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр цалин орлоготой болгох гэсэн цогц хөтөлбөр дээрх хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх боломжтой.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд бидний одоогийн барьж буй бодлого гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн нөлөөллийн контентууд явуулах төдийхнөөр илрээд байгаа юм. Өнгөрсөн жил Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн ажиллаж байхад хоёр сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх загвар хичээлийг оруулах шийдэлд хүрч, хэд хэдэн сургуульд туршилтаар орж байна. Эхний ээлжид хөтөлбөр нь батлагдсан. 2022 оны хичээлийн жилд бүх ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр байнгын хичээл орохоор болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай. Үүнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах байх

Улсын арслан Э.Оюунболд допинг давтан хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Улмаар МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХын Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.БатЭрдэнэ байр сууриа илэрхийлснийг хүргэе.


“МҮБХ-ы Цэцдийн зөвлөл гэж 67 гишүүнтэй байгууллага байдаг. 2021 оны хавар гуравдугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаараа допингтой хатуу тэмцэх өөрчлөлт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь найман жилээр хасах тухай заалт оруулсан юм билээ. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна. Гэхдээ допингтой хатуу тэмцэх ёстой. Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь аваад үзэх юм бол ял шийтгэлийг давхардуулан олгож болохгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол хүний нөхцөлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй гэх мэтчилэн хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх ёстой.

Э.Оюунболд хэдэн онд ч билээ дээ, Улсын баяр наадамд түрүүлэхэд допинг илэрсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, цолыг нь хураасан. Өнгөрсөн зун болсон барилдааны үеэр мөн допинг илэрсэн бололтой. Үүнд зохих шийтгэлийг нь оногдуулах нь зүйн асуудал. Гэхдээ нэгэнт өмнө гаргасан зөрчилд нь зохих шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулж байгаа нь чухам ямар учиртай юм бол. Энэ бүхнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах болов уу.

Багшийн зүгээс хэлэхэд, өөрийнх нь бяр хүч, барилдааны мэдрэмж заяасан, ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд юу хэлэх вэ. МҮБХ, холбогдох байгууллага энэ үйлдлийг хууль зүйн үүднээс авч үзэж анхаарах болов уу гэж үзэж байна. Би жирийн монгол бөх хүн. Хүний нуруунд тохож болох бүх муу муухайг миний нуруунд тохож байлаа. Гэхдээ олон хүн биш, цөөхөн хэдэн хүн бий. Миний ард түмэн намайг хайрлаж, хүндэлдэг. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Би монгол ахуйдаа сайхан аав ээжийн хүү болж, сайхан ахан дүүсийн дунд зөв явах юмсан гэж хичээж 57 нас хүртлээ амьдарч явна” гэх байр суурийг дархан аварга илэрхийлсэн юм.

Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнийн зүгээс МҮБХ-ы Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан дотоод журам Баяр наадмын тухай хууль болоод БТСУ-ын хуультай нийцэж байх шаардлагатай, хууль зүйн шинжлэх ухаан талаасаа ял шийтгэлийг давхардуулж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан дүрэм, журам байж болохгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультайгаа нийцэж байх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа юм. Харин улсын арслан Э.Оюунболдыг багаас нь бэлдсэн багш болох гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс дараах байр суурийг илэрхийлэв.

“Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа. Ямартаа ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Г.Эрхэмбаяр аваргатай “Төр хурх”-ын амралтад бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн. Тэр жилээ доогуур даваанд унасан. 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн. 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа “Баянмонгол” орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм. Яахав, чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон ч Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн. Нуугаад яахав, баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл “Аварга” сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч болж олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Өөрөө ч залхсан байх, надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд, залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд л гэнэ. Допинг санал болгож байсан удаа надад байхгүй.

Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон. 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос “Аварга” сургуулиас гадна “Даян” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Б.Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юмдаг. Гэвч санаснаар арай болоогүй. Б.Гончигдамба гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа би Завхан аймаг руу, залуу аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан. Наймдугаар сарын 10-ны үеэр сэргээшийн хариу ирж тэнгэр ниргэх шиг цочирдож билээ. Хүй долоо худагт болсон барилдаан дээр уулзаад л салсан. Үүнээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван удаа л тааралдсан. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Д.Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэсэн юм.

Гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс буруу замаар орсон шавийгаа татаж авахаар оролдоод дийлээгүй. Өөр багшийн гар дээр очсоноор асуудалд холбогдсон гэх байр суурийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг сүүлийн жилүүдэд гардаж бэлтгэсэн багш нар луу чихэх хандлага цухалзуулсан аж.

Сонирхуулахад, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Б.Гончигтавхай гээд гавьяат багш Б.Адьяахүүгийн гардаж бэлтгэсэн шавь нар допингийн шинжилгээнд бүдэрсэн зүй тогтол харагддаг.

Э.Оюунболдыг сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батням гардаж бэлдсэн байдаг. Д.Батням дасгалжуулагчийн ойр орчмоос улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээд байгаа юм. Д.Цэрэнтогтохын тухайд дасгалжуулагч Д.Батнямаас сая орчим төгрөгөөр цагаан тариа худалдаж авсан баримтаа ил болгосон. Д.Батнямын тухайд өмнө нь чөлөөт бөхийн “Цастын барс” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд үндэсний шигшээ багийн тамирчин эмэгтэйд допинг хэрэглүүлсэн гэх хэл аманд өртөж чөлөөт бөхийн спортоос зайгаа авч Э.Оюунболдтой холбогдсон байдаг.

Үүсээд буй асуудалд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын зүгээс “Барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж, өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс, гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв, говийн нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Зүрх мартахгүй” төслийн баг Сүхбаатар аймагт ажиллана

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан тэргүүтэй “Зүрх мартахгүй” төслийн “Хязгаараас чинад” багийнхан Сүхбаатар аймагт ажиллахаар болжээ. Төслийн баг өмнөх сард Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Ерөө, Хүдэр, Бугант, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур суманд ажиллаж 322 хүнд үзлэг, оношилгоо хийгээд байсан билээ. Харин энэ сард тус баг 16-19 ны өдрүүдэд Сүхбаатар аймагт очиж зүрхний хагалгааны заалттай хүүхэд, том хүмүүст үзлэг хийхээр болсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дэмбэрэл: Авлигатай тэмцэж ялахгүйгээр эдийн засгийн том зорилтуудыг шийдэхэд маш хэцүү

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Саяхан болсон МАН-ын 30 дугаар Их хурлыг та товчхон дүгнэж юу хэлэх вэ. Их хурлаас ямар үр дүн хүлээж байв?

-Цар хүрээний хувьд нэлээд том, цаг хугацаа ч чамгүй орох зорилтуудын талаар хэлэлцлээ. Тиймээс Их хурлаас дэвшүүлсэн Хөгжлийн бодлогуудыг дотор нь ялгаж, зааглах шаардлагатай. Зарим бүтээн байгуулалтын тухайд хөрс суурийг нь сайтар бэлдэж эхлүүлэхээр байна. Намын Их хурал таван жилд 1-2 удаа болдог. Тиймээс бүрэн эрхийн хугацаанд бүрэн хийж, хэрэгжүүлж болмооргүй томоохон бүтээн байгуулалтын ажлыг ялгаж суурийг нь тавьж эхлүүлэх болно. Шуудхан гардаж хийх ажлууд ч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлд сэргэн мандалтын шинжтэй томоохон ажлууд олон дурдагдлаа. Монгол Улс цаашид хөгжлийн шинэ шатанд гарахын тулд зайлшгүй эхлүүлэх шаардлагатай үйлдвэрлэл, бүтээн байгуулалтууд, хөгжлийн томоохон бодлогуудаа одооноос хэрэгжүүлж эхлэхгүй бол болохгүй. Өнгөрсөн 30 жил бид улсдаа томоохонд тооцогдож байсан үйлдвэрүүдээ үгүй хийсэн. Үнэн хэрэгтээ аж үйлдвэрээ хувьчлал нэрээр нураачихсан. Одоо аж үйлдвэрийн салбарыг шинэчилнэ гэвэл асуудлыг цогцоор нь харах шаардлагатай. Жишээлбэл, хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд дээр түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх болно. Түүнчлэн Ерөнхий сайд эдийн засгийн суурь, бүтцээ зөв болгох талаар илтгэлдээ дурдлаа. Эдийн засгийн суурь бүтцэд асуудалтай хэдэн зүйл байна. Тухайлбал, манай улс шиг төсөв нь уул уурхайгаас хамааралтай орны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг дагаад эдийн засаг савладаг. Уг савлагаанаас үүдэн төсвийн алдагдал болон орлогод нөлөөлдөг.

Өөрөөр хэлбэл, нэг салбараас хэт хамааралтай эдийн засаг харагдаж байна. Энэ байдлыг засъя гэвэл том зорилт. Тогтолцоог засна гэдэг тийм ч амар ажил биш. Одоо бид ихэвчлэн хар захын шинжтэй, Хятадаас бараа авч ирээд түүнийгээ шатлаад дамлан зардаг. Энэ байдлаар олон хүн ажиллаж байна. Хар зах дээр суурилсан юм шиг эдийн засгийн бүтцийг бүхэлд нь өөрчлөх ёстой. Үүний тулд бид үйлдвэрлэгч орон болохыг зорьж байна.

Одоо өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй, зөвхөн хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авч арилжих нь өртөг бүтээж чадахгүй шүү дээ. Эдийн засгийн хоцрогдлын нэг үндэс энд байна. Энэ хоцрогдлыг арилгана. Нөгөө талаас үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг гаднаас авч байна. Хамгийн наад зах нь сайжруулсан түлшний уутаа ч Монголдоо үйлдвэрлэж чадахгүй, зургаан тэрбум төгрөгөөр Хятадаас авах гэж байна шүү дээ. Тиймээс суурь бүтцийн хувьд гаднаас хамааралтай хүчин зүйлийг багасгах хэрэгтэй байна.

-Тэгэхээр аж үйлдвэрийн хөгжлөө богино хугацаанд ахисан түвшинд гаргах хэрэгтэй гэсэн үг үү?

-Бид аж үйлдвэрээ хөгжүүлье гээд байна. Эхлээд хэрэгцээтэй үйлдвэрүүд юу юу байгаа талаар нарийн сайн судлах хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шаардлагатай түүхий эд, зах зээл иж бүрэн байна уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, хүнсний ногооны аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар бол хүнсний ногоогоо тарих газар, чадвар, туршлага, хүний нөөц байна уу гэвэл байна. Гэхдээ “бэлэн” юм чинь гээд БНХАУ-аас оруулж ирдэг. Гэтэл цар тахлын нөхцөл байдал бидний бодит үнэнийг өөрөөр харууллаа. Цаашид энэ байдлыг хэрхэн залруулах вэ гэдэгтэй холбогдуулж бодлого төлөвлөлтийн бүтцийг тодорхой болгох үүднээс Эдийн засаг хөгжлийн яам байгуулахаар болсон. Энэхүү яам дотоод, гадаад болон салбар хоорондын уялдаа холбоог нарийн тооцож, зохицуулалт, төлөвлөлтийг бүхэлд нь гаргахгүй бол хамгийн энгийн хийж чаддаг зүйлээ ч чадахгүй хэвээр байх болно. Иймээс тэр бүтцийн асуудлыг бүхэлд нь шийдэх хэрэгтэй.

-Бид эдийн засгаа тэлэхийн тулд зах зээлээ өргөжүүлэх хэрэгтэй байх, тийм үү. Гэтэл өнөөгийн түвшинд уул уурхайн бүтээгдэхүүнээ л хагас дутуу гаргаж байна шүү дээ?

-Манай улс хоёр том хөршийн дунд байрладаг. Энэ нь нэг талаас давуу тал болж, хоёр том хөршийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж байгаа гэдгийг 1990 онд ч, дараа нь ч ярьж л байсан. Улс хоорондын худалдаа чөлөөтэй байвал сайхан болчихно гэж явж байтал нөхцөл байдал өөр болохоо харуулав. Эрээнээр, үгүй бол Алтанбулагаар гадагшаа гарах гарцыг хамагч чөлөөт худалдаа хаагдчихаж байна. Хилийн боомтын хамаарлын асуудал гарч байна. Хилийн боомтын хараат байдалд орсон нь төмөр замынхаа бүтцийг сайжруулаагүйгээс болов. Уг нь үүнтэй холбоотой парламентын шийдвэр аль эрт гарсан л даа. Харамсалтай нь үүнийгээ хэрэгжүүлээгүй. 2010 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг баталсан. Тэр бодлого одоо ч хүчинтэй байна. Төмөр зам барих нь гарцаагүй байв. Манайх 16 сая тонн нүүрс үйлдвэрлэж, гадагшаа гаргаж байсан бол одоо 30 сая болчихоод байна. Гэтэл нүүрсээ тээвэрлэх төмөр замаа одоо болтол тавиагүй. Харамсалтай нь манай Засгийн газрын ажил хариуцаж байсан сайдууд өөрсдийнхөө автомашиныг, эсвэл өөрийн хамаарал бүхий компаниудын автомашиныг оруулчихдаг болохоор тэдэнд төмөр зам тавих сонирхол байгаа бололтой. Энэ талаар шийдвэр гарсан. Тиймээс төмөр зам тавих ажилд шууд орох нь зүйтэй. Энэ байдлыг хэрхэн засах талаар Шинэ сэргэлтийн бодлогод боомтын хараат бус байдал хэмээх дэд хэсэгт нэлээд дэлгэрэнгүй тусгасан байна. Одоогийн тээвэр ложистикийн хоцрогдол экспорт, импортод муугаар нөлөөлж байна.

-Үнэндээ манай улс хөдөө аж ахуйн түшиглэсэн улс боловч хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ гадагш гаргах, тэр бүү хэл дотооддоо ч хямд үнээр хэрэглэж чадахгүй байна. Энэ салбарт нэлээд доголдол гарчихаад байгаа юм шиг санагддаг юм. Та ямар бодолтой байна?

-Хөдөө аж ахуйн салбарт агуулахын аж ахуй гэж тусдаа аж ахуй байдаг. Энэ манайд огт хөгжөөгүй. Махыг өвөл хөлдөөчихөөд хавар хэрэглэдэг. Уг нь орчин үеийн цахилгаанжсан агуулахын аж ахуйнууд хөгжчихсөн бол дуртай цагтаа хэрэглэж болно. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар нэлээд хүнд байдалтай байна. Ардчиллын үед хөдөө аж ахуйн салбарынхан хувийнхан жижиг аж ахуйд шилжсэн явдал өөрөө маш том эндүүрэл болох нь одоо харагдаж байна. Малчид орлогогүй учраас татвар төлөхөд хүнд, даатгуулах мөнгө алга гэдэг. Эндээс иргэдийг халамжилж эхэлдэг. “Зах зээл чөлөөтэй байна, төр оролцоод байх шаардлагагүй” гэж ерөнхий ярихын оронд өөрийнхөө нөхцөлд зах зээлийн харилцааг нийцүүлэх талаас бодсон дээр. Манай улсад гадаад талаас гурван төрлийн эдийн засгийн хамаарал байдаг. Цахилгаан, төмөр зам, шатахуун. Эдгээр хамаарлын асуудлуудыг зохицуулах ёстой. Цахилгааны хувьд бид оросоос хамааралтай байна. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай шийдвэрийг аль 2010 онд намайг УИХ-ын дарга байхад гаргасан. Гэтэл бас бариагүй 10 жил болж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 20 жил ярьсан. Гэхдээ ажил болсонгүй. Гадаад хамаарлаас ангижрахын тулд эдгээр үйлдвэрлэлийг барьж байгуулах шаардлагатай.

Эгийн голын станц ОХУ-аас хамаарах зүйл биш шүү дээ. “Манай парламентаас нэгэнт шийдвэр гаргачихсан. Үүнийг хийхээс өөр аргагүй” гээд энэ ажлыг зоригтой эхлүүлэх байсан юм л даа. Манайхан гадаадад очихоор нэг юмыг нөгөө юмаар орлуулаад жишээ нь, “Танай төмөр замыг хос болгочихъё. Дорнод уран гэдэг компани байгуулна. Тэнд чинь тусална, хөрөнгө өгнө” гэх зэрэгт хууртагдаж тавьсан зорилтоосоо ухардаг.

-Хэдийгээр асуудлынхаа гарц шийдлээ гаргаад зорилтоо дэвшүүлээд танилцуулж байгаа нь сайшаалтай ч ажил хэрэг болохгүй байх вий дээ гэсэн болгоомжлол нийгэмд байгаа болов уу?

-Урьд нь ярьж байсан ч хийдэггүй, амлаж л байсан биелүүлдэггүй учраас болгоомжлол байх нь аргагүй л дээ. Нөгөө талаас Шинэ сэргэлтийн бодлого дээр өргөн цар хүрээтэй зорилт олныг дэвшүүлсэн. Бүгдийг нь ойрын хугацаанд хийнэ гэдэг бол бүтэхгүй гэсэн бодол хүмүүст төрнө. Энэ зорилтуудаа дараа дараагийн удаа уламжилж хийнэ гэж үзэж байгаа.

-Гэтэл төрийн бодлогын залгамж чанар алдагдчихсан шүү дээ?

-Хамгийн муу чанар нь бол энэ. Нэг нам гараад Засгийн газар байгуулахад өмнөх бүрэлдэхүүний хийж байсан ажлыг үргэлжлүүлэх залгамж халаа байдаггүй. Тэр ч бүү хэл нэг намын Засгийн газар гарсан мөртлөө “Бид шинэ зүйл санаачилж байна” гээд хуучин дэвшүүлсэн зорилтыг хардаггүй. Үүнээс болж их цалгардсан. Олон жилийн (30-аад жилийн) хуримтлагдсан асуудалдаа дүгнэлт хийж, эдийн засгаа шинэчлэн сэргээе. Тиймээс сэргэлтийн, эргэлтийн шинжтэй ийм арга хэмжээ рүү зорилт дэвшүүлж манай намынхан орж байна. Өнгөрсөн хугацаанд бодлогоо хэрэгжүүлэх нь уламжлал муутай байлаа. Хийнэ гэж зорьсноо тэр болгон гүйцэлдүүлж чадсангүй. Үүнээс гадна онол, үзэл баримтлалтай ч холбоотой. Жишээлбэл, дэлхий дахины хүн бүхэн мэдэх зах зээлийн ерөнхий хуулийн зарчмуудыг ярьж түүгээрээ явна гээд зүтгээд байдаг. Төрөөс эдийн засгийн зохицуулалт байдаггүй юм шигээр бид хатуу ойлгожээ. Компаниуд “Төр туслахгүй байна. Татварын хөнгөлөлт алга байна. Зээлийн хүүг бууруул” гэж төрийн зохицуулалтын асуудлыг ярьдаг мөртлөө “Төрөөс дарамт ирж байна гэж их ярьдаг болжээ. Үнэн хэрэгтээ манай Үндсэн хуульд эдийн засаг төрийн зохицуулалттай байх тухай тодорхой заалт байгаа. Үүнийг харин хэрэгжүүлэхгүй, ойлгохгүй юм шигээр өнгөрч байна. Эдийн засагт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Гэхдээ бизнест яаж үйл ажиллагаа явуулахыг нь зааж, сургаад байх шаардлагагүй. Харин төрийн зохицуулалт нь байх ёстой. Манай улс улс төрөөс гайгүй сайн ангижирч байгаа хэдий ч эдийн засгийн хараат байдал хэвээр байна шүү дээ. Намын их хурал, зорилтууд, хийж гүйцэтгэх арга хэлбэр, гарц гаргалгаануудаа нэлээн сайн тохирч авсан. Үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Эхний ээлжинд мэдээж төмөр замаа барина. Шатахууны үйлдвэрээ барина. Эрдэнэбүрэнг, Эгийн голоо барина гэж хэлж байгаа шүү дээ.

-Эгийн гол яг баригдах уу. Сайд нь манай сонинд өгсөн ярилцлагадаа уг станц баривал голын голдрил алдагдах эсэх судалгаа нь 2022 оны долдугаар сард гарна. Үүний дараа барих эсэх асуудал шийдэгдэнэ” гэсэн байна лээ?

-Энэ бол түрүүчийн хийсэн судалгаагаа үгүйсгэж байгаа хэрэг. Тэнд тийм ноцтой зүйл байхгүй гэдгийг тухайн үед тогтоод хөшөө, дурсгалуудыг хамгаамж аваад усан сан бий болгоод, барих техник эдийн засгийн үндэслэл гарч компаниа шалгаруулсан шүү дээ. Гэтэл одоо ТЭЗҮ-ээ дахин боловсруулж, байгаль экологийн үнэлгээгээ дахин хийж, тендер шалгаруулна гэдэг их ажил. Ингээд нэг сайд нь гарч ирээд өөр юм яриад байдаг. Энэ бол ужиг өвчин. Үүнээсээ л салах юмсан. Парламентын шийдвэр гардаг Засгийн газар эс үйлдлээрээ хаячихдаг. Төмөр зам барь гэж байхад авто тээврээр тээвэрлэж байна гэдэг. Тэгэхээр энэ чинь л аюултай үзэгдэл. Ийм үзэгдэл зөвхөн эрчим хүчний салбарт байгаа юм биш.

-Бид хэзээнээс ярьдаг биш, хийдэг улс болно доо?

-Тендерүүдэд их учир бий. Энэ бол хүнд суртлын шинжтэй, том заргууд үүсгэдэг. Яг эдийн засгийн бүрэн тооцоо нь хийгдсэн ТЭЗҮ гарсан зөв гэж үзэж байгаа зүйлдээ Засгийн газар хатуу байр суурьтай зогсох ёстой. Харин хөндлөнгийн эдийн засгийн үнэлгээнүүдийг гаргуулж байх хэрэгтэй.

Манайх авлига, хээл хахуулийн асуудлаа засахгүй бол чиний эргэлзээд асуугаад байгаагийн адил болно. Учир нь эдийн засаг, төр засгийн байгууллагын үйл ажиллагааг бүгдийг нь саармагжуулдаг, төрийн шийдвэрийг замбараагүй, явуургүй болгодог, хүнд сурталд оруулдаг ганц зүйл чинь авлига, хээл хахууль. Тиймээс авлигатай хатуу тэмцэх хэрэгтэй. Авлига хээл хахуулийг засахгүй бол төрийн шийдвэрүүд үр дүнд хүрэхгүй. Тиймээс намын их хурлаар авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй онцгойлон тэмцэхээ илэрхийлсэн. Зөв бодлого стратегиар тэмцвэл тодорхой үр дүнд хүрч болно. Ер нь гаргасан шийдвэрүүдийнхээ биелэлтийг нэлээд сайн хянах хэрэгтэй. Бид 30 жилийн хугацаанд ярьсан зүйлээ бүхэлд нь авч үзвэл яриагүй, санаачлаагүй, дэвшүүлээгүй зорилт байхгүй байна. Өнөөдөр ярьж байгаа асуудлуудаа бүгдийг нь ярьсан байна. Харин ажил хэрэг болгодоггүй. Энэ бол төрийн албан хаагчид, түүний авлига, хээл хахууль хүнд сурталтай холбоотой. Заримд нь мэдлэг, ур чадвар дутах юм байж болно. Авлигатай тэмцэхэд хэд хэдэн бэрхшээлүүд бий болж байна. Тодруулбал, төрийн албан тушаалыг буруугаар ашигласан асуудлуудын ихэнх нь “Энэ бол хэлмэгдүүлэлт. Цагаадах ёстой” гэж ухрах болдог. Түүнийгээ бас хүний эрхээр халхавчлаад авлига хээл хахуулийн хэргүүд их мөнгөтэйн талд хөнгөлөгдөн хариуцлагаас мултардаг. Хуулийн санкцуудыг авлигачид маш чадамгай ашигладаг болжээ.

-Зарим нь өөртөө тааруулж ч засаж баталж байна шүү дээ?

-Хулгайч, хууль чангарах тусам тэрнээс илүү аргыг бодож олдог шиг авлигачид өөрийгөө хамгаалах системийг Монголд бараг бий болсон. Тиймээс авлигатай тэмцэж ялахгүйгээр эдийн засгийн том зорилтуудыг шийдэхэд маш хэцүү. Тэгэхээр олон асуудал гарч ирэх нь байна.

-Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах асуудал нэг зоосны хоёр тал. Танай намын ахмад, залуу, дунд аль ч үед энэ асуудал их байна. Х.Бадамсүрэн, Ц.Нямдорж гуайгаас эхлээд үр хүүхдээ улс төрд оруулчихдаг. Өнөөгийн парламентад ч байна. Өөрөө УИХ-ын гишүүн байж нөхрөө, эхнэрээ аль нэг улсын дипломат төлөөлөгчөөр томилдог, хүүхдээ төрийн албанд дарга болгочихдог. Энэ байдлыг хэрхэн засах ёстой вэ?

-Энэ асуудал бол зайлшгүй засах ёстой зүйл дээ. Энэ бол манай намын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал. Ёс зүйгээ уландаа гишгэсэн намын гишүүдэд заавал хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Хүмүүс хэлээд байгаа ш дээ. “Намууд гэдэг авлигачид, албан тушаалтан, гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг. Тэднийгээ өөрсдөө бөөцийлж орогнуулдаг” гэдэг. Үүнтэй холбогдуулж манай намын их хурлаас авилгачидтай шат шатанд шуурхай тэмцье. Авлига, албан тушаалд холбогдсон хүн манай намаас улс төрийн дэмжлэг авахгүй. Төрийн албан тушаалтнуудад эрх мэдэл өгөхгүй. Авлига, албан тушаалынхаа асуудлыг шийдэж байж дараа нь намаас дэмжлэг ав. Энэ зармаа хатуу барина гэж бид намынхаа дүрэмд орууллаа. Ёс зүйн асуудлыг хуульчлах аюултай. Авлигачид бол ёс зүйгүй хүмүүс. Тиймээс ёс зүй, хууль хоёрын ялгаа заагийг сайн зааглаж чадахгүй тохиолдолд тэд хожоо хийдэг.

Өөрөөр хэлбэл, ёс зүйн асуудлыг хуульчлах боломжгүй. Таны хэлж байгаа асуудалд тайлбар хийхэд, Ц.Нямдорж хүүхдээ сайн төрийн түшээ болгохоор сургасан байж болно. Хүүхэд нь албан тушаалд өөрийнхөө чадвараар хүрсэн байж болно. Хамгийн гол нь аав нь өндөр албан тушаалтан учраас түүнтэй хүмүүс холбож ойлгоод байгаа байх. Гэтэл төрийн албанд хүүхэд нь төрийн албаны хуулийн нөхцөл шаардлагуудыг хангаж өөрийн хүч, авьяас, мэдлэгээр хүрсэн, нөгөө талаар хүү томилогдсон ажлыг хийж чадаж байгаа нь үндсэн асуудал шүү дээ. Үүнийг л харин шалгаж үзэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч бай сайдын ч бай, малчны ч бай чадвартай нь төрийн ажил хаших нь үндсэн зарчим. Энэ зарчим гажуудаад байгаа бол ярьж болно. Энэ бүхэн хуулиар зохицуулагддаг.

-Улс төрд шинэ залуу үеийнхэн орж ирж байна. Бид одоо амьдрал, улс төр, ажлын хувьд ихээхэн туршлагатай хүмүүсийг төрд ажиллуулах шилжилтийн үед яваа юм биш үү. Европын зарим орнууд хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд залуу үедээ зайгаа тавьж өгч байх юм. Манайх тэр үедээ оччихсон юм уу. Азийн ихэнх хөгжингүй орнуудын төрийн тэргүүнд таны үеийн, нас тогтсон хүмүүс улс орныг авч явж байгаа харагдах юм?

Үргэлжлэл бий.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин тахиа өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 15, Буд гариг. Билгийн тооллын 12, гоё хүүхэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:35 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Усан цахилгаан станцын намтар” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр судлаач Н.Дугар “Оюу толгойн гэрээний ард их хэмжээний
авлига явагдсан гэдэг нь одоо тодорхой болж байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Гадаад
харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Эрээний талаас
дахиад хилээ
хаах магадлал
өндөр байгаа,
манай талаас
үүнийг хүлээж
авахгүй” гэлээ.

“Монголынхоо газар
нутгийг л харамлачихаад
ирдэг юм шүү дээ,
Ерөнхийлөгч өө!” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Усан цахилгаан станцын намтар” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Л.Оюун-Эрдэнэ ийм
зөвлөхүүдтэй хол явахгүй,
Х.Баттулга зөвлөхүүдээсээ л болж
хүнд байдалд орсон шүү дээ” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өмгөөллийн Кей И
Партнерс” ХХН-ийн гишүүн,
өмгөөлөгчП.Баттулга “ШЕЗ-ийн томилгоо хүн бүр хуулийн өмнө
эрх тэгш байх, гарааны тэгш бус байдлыг үгүйсгэлээ” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Дарга нарын тоог нэмж байхаар
өрхийн эмнэлгийн тоог нэмэх хэрэгтэй” хэмээлээ.

Монгол Улсын зөвлөх
инженер, шилдэг зохион
бүтээгч, хүндэт доктор Г.Батдэлгэр “Дампуурсан аж ахуйгаас сургамж авч,
төвлөрсөн ногооны аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй” гэснийг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авчээ

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 6-10-нд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 514 хэрэг шалгагдаж байна.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авсан Д, барилгын дүгнэлт гаргуулна гэж хахууль авсан Ж, хийгдээгүй ажлын төлбөрийг хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан хувьдаа завшиж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Ш, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан О нарын зэрэг албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ