Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Сэтгэл судлаачийн 101 хариулт”

Энэ номонд хүмүүс сэтгэл судлаачдаас хамгийн түгээмэл асуудаг асуултуудыг багцлан асуулт, хариулт хэлбэрээр оруулжээ. Хүмүүс сэтгэл судлаачдаас “Гоц авьяас, залхуу удамшдаг уу”, “Яаж сэтгэлийн тэнхээтэй байх вэ”, “Хүлээцтэй байхад суралцаж болох уу”, “Өөрийнхөөрөө байх хэрэгтэй юү”, “Гар, хөлөөрөө байнга ямар нэгэн юм оролдох нь хэвийн зүйл мөн үү”, “Өөрийгөө ойлгохоо байх үед яах хэрэгтэй вэ”, “Зөв уурлах гэж байх уу”, “Хөлрөх нь сэтгэл санааны байдалтай холбоотой юу”, “Эсрэг хүйстнийхээ дэргэд биеэ барихаа яаж болих вэ”, “Зөрүүд зан засардаг уу”, “Хүүхдийнхээ найзуудтай хэрхэн харилцах вэ”, “Салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ”, “Хоёр хүнд зэрэг хайртай байж болох уу”, “Заавал гэрлэх ёстой юу”, “Нас барсан хүний араас шаналах нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ”, “Үхлийн тухай байнга бодох нь юутай холбоотой вэ”, “Марталт асуудал мөн үү”, “Өнгөрснийг байнга дурсах юутай холбоотой вэ”, “Яаж эмэгтэйчүүдийг өөртөө татах вэ”, “Үнэхээр хайртай болсноо яаж мэдэх вэ”, “Шөнө болгон секс хийж байна гэж зүүдлэх нь гаж үзэгдэл үү”, “Хардах дон гэж байдаг уу”, “Өөрийгөө магтах, өмөөрөх нь дон мөн үү” гэх мэт түгээмэл 101 асуулт асуусан бөгөөд үүнд Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчид мэргэжлийн хариулт өгсөн байна.

Үүнээс “Гар, хөлөөрөө байнга ямар нэгэн зүйл оролдох нь хэвийн зүйл мөн үү” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүс “Гар болон биеийн бусад хөдөлгөөн нь зан араншин төдийгүй сэтгэл санааны байдлыг тодорхой илэрхийлдэг болохоор тухайн үйлдэл хэр удаан хугацаагаар, хэр идэвхтэй байдлаар хийгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь аливаа үйлдэл улигт үйлдлээс илүүтэйгээр сэтгэл санааны таагүй байдалд орох үедээ хийгддэг рефлекслэг шинжтэй болсон байдаг. Өөрөөр хэлбэл, сандрах, түгших, айх мэдрэмж төрөх үед биеэ зайлах, гараараа хувцас, бусад зүйлээ оролдох зэрэг үйлдлийг хийдэг. Сэтгэл хөдлөлийн тавгүй байдал нь бие махбодыг тодорхой үйлдлүүдэд чиглүүлж байдаг. Яг л баярласан үедээ инээж, гунигласан үедээ уйлдагтай адилхан таагүй орчин нөхцөлд гараа зөрүүлэх, хөлөө ачих зэрэг үйлдлүүдийг хийдэг. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, өөрийн сэтгэл хөдлөлөө тайвшруулж, тайван байхад суралцах нь үр дүнтэй байх болно. Байнга гараараа юм оролдох хөлөө хөдөлгөх зэрэг үйлдлүүдийг хийж байна гэдгээ мэдэх бүрдээ өөрийгөө хянаж, үйлдлээ зогсоох хэрэгтэй болно. Мэдээж хэрэг ганц хоёр удаагийн оролдлогын дараа зуршил алга болно гэж байхгүй. Зуршлаа багасгах, болихын тулд тодорхой хугацаа хэрэгтэй болохоос гадна өөр хэрэгцээтэй үйлдлээр орлуулах шаардлагатай ч болж магадгүй. Хамгийн гайхалтай нь бидний ухамсар, бодол санаанд энэ бүгдийг хийх хязгааргүй хүч бий. Тиймээс өөрийгөө тухайн үйлдлийг хийж байна гэдгээ мэдсэн даруйдаа зогсоох хэрэгтэй. Албадлагаар энэ зуршлаа болино гэж байхгүй учир хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай” гэсэн хариулт өгсөн байна.

“Хадмууд болон хүргэн, бэрийн харилцаанд үүсэх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэсэн асуултад сэтгэл зүйчид “Хадмууд хийгээд хүргэн, бэрүүдийн хооронд үүсдэг хэд хэдэн асуудал байдаг. Гэр орны ажил болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил дээр зөрчилдөх, санхүү эдийн засгийн асуудал үүсгэх, өөрийн хүү, охиноо хэт өмөөрөх, гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхгүй байх, хувь хүний онцлогийг харгалзахгүй байх гэсэн асуудлууд бий. Аливаа нөхцөл байдалд өөрийн байр суурийг хатуу баримтлах нь тэр бүр амжилтад хүргэхгүй. Харин уян хатан байдлаар хандах нь асуудлыг зөөлрүүлдэг гэдгийг санаарай. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидний амьдралд хичнээн чухал гэдгийг та бид мэднэ. Энэхүү тайван, жаргалтай байдлыг гэр бүлдээ бий болгохын тулд аль аль тал нь хичээж, харилцаагаа зөрчилгүй байлгахад зорих хэрэгтэй. Ингэхийн тулд бэр, хүргэнээ өөрийн хүү, охиноо гэж үздэг, хадам аав, ээжийгээ өөрийн аав, ээж гэж хүндлэн харилцдаг сайхан монгол уламжлалаа дагаж мөрдөх нь хамгийн чухал” гэж хариулжээ. Энэ ном сэтгэл зүйн зарим эргэлзээтэй асуудалд тодорхой хэмжээний хариулт өгч туслах бөгөөд номын сандаа байлгаж байхад илүүдэхгүй бүтээл юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэн, орон нутгуудад эхлүүлсэн.

Өвлийн идэш арга хэмжээнд эрүүл бүс нутаг 16 аймгаас татан авалтаа хийж мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай махыг иргэд цаг хугацаа хэмнэн гэрээсээ ойрхон газраас худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хоёр үе шаттай үргэлжилж байгаа махны худалдаа ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-ны өдрийг хүртэл дараах цэгт үргэлжилнэ.

Мах худалдан борлуулах цэг

Дүүрэг

Хороо

Байршил

Сонгинохайрхан

34

Орбитын тойрог, Тунгалаг төвийн үүдэнд

Сонгинохайрхан

11

Хөтөл, Мөнгөн унага дэлгүүрийн үүдэнд

Чингэлтэй

5

Тусгаар тогтнолын талбайд

Баянзүрх

26

Дүнжингарав Худалдааны төв

Сүхбаатар

18

Бэлх захын гадна талбайд

Чингэлтэй

18

280-р цэцэрлэгийн гадна

Баянгол

4

Хорооны цогцолбор байрны дунд

Баянзүрх

8

Тэнгэр плаза Худалдааны төв

Баянгол

24

Алтай хотхоны дунд

Хан-Уул

21

Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд

Хан-Уул

4

Фүүд сити Худалдааны төв

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Тэнгисболд: Төрийн шагналыг гуйж авдаггүй эд л дээ

Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболдтой ярилцлаа. “1921 онд баронтой байлдаж явлаа гээд ярих уу” хэмээн Ш.Тэнгисболд гуай наргиа хийсээр бидний яриа өрнөлөө.


-Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлсэн гэдэг шиг та бас 1992 онд төрийн тамга сийлж явсан гэл үү?

-Үндсэн хууль батлаад, нөгөө шувууг (Цагаан шонхор) чинь дэмжээгүй, П.Очирбат гуай “Миний хүүгийн нэг юм төрд байх хэрэгтэй шүү” гээд “Чи тамга хийгээдэх” гэсэн. Тэгээд би тамгыг нь хийж өгсөн. Дардас нь шүү дээ.

-Таны зурсан “Цагаан шонхор” шувуу төрийн сүлдэнд өрсөлдөж байсан гэсэн. Эсэргүүцэлтэй тулгарсан юм уу?


-Тийм. Манайхан чинь моринд дуртай, шувуунд дургүй улсууд юм билээ. Уг нь шонхор шувуу чинь амьд амьтны хувьд хурдны туйл шүү дээ.

Эд чинь баруун зүүн, монгол болоод үзчихдэг. Сүүлд Н.Чүлтэм гуай бид нар “Соёмбыг гаргая” гэж яриад, түүнийг ч хүлээж авахгүй, ийм л юм зураад тавьчихсан шүү дээ. Би өнгөрсөн хойно нь үглээд ч яадаг юм. Тэр үед төрийн сүлдэнд 600-гаад төсөл ирсэн. Н.Чүлтэм гуай бид хоёр Бага хурал дээр ялаад, Их хурал руу морь, шувуу хоёроо “барилдуулаад” аль нь ч биш болсон шүү дээ.

-Та тамга тэмдэг их урлаж байсан юм билээ, түүх их судалж байв уу?

-Түүх, есөн шидийн юм судалж байлаа.

-Ерэн онд та Монголын Ардчилсан Холбооны анхны гадаад томилолтоор сахал Б.Билэгт, Д.Баасан лам нарын хүмүүстэй хамт явсан гэлүү?

-Би зөндөө л тийм юманд оролцдог байсан.

-1990-ээд онд та чөлөөт уран бүтээлч байжээ?

-Байсан байсан. Ц.Доржпалам гээд миний багш байдаг. Тэр хүн тэтгэвэрт гараад, би 1980 онд Ардын ансамблийн ерөнхий зураачаар очсон юм. Тэнд П.Адарсүрэн ах, Г.Түмэндэмбэрэл эгч эд нартай хамт ажиллаж байлаа. Би өөрөө театрын зураач хүн.

-Таныг ардчилагчдын нэг байсан юм болов уу гэж бодлоо?

-Үгүй ээ. Д.Баасан манай нэг өрөөнд амьдардаг байсан юм. Би бол нэг их хувьсгалч хүн биш шүү дээ. Хэдэн төгрөгийг нь өгвөл хийх юмаа хийж өгчихөөд явж байдаг тийм л хүн. Ерээд онд баахан компаниуд нээгдсэн, тэдний лого тэмдэг хийсэн. Тиймэрхүү л юм хийж ах нь амьдарсан шүү дээ.

-Таныг бас Есөн хөлт цагаан тугийг залах санаачилга гаргасан гэх юм билээ?

-И.Нямгаваа бид хоёр наадмын шоу гээд хийсэн юм. Эрээн туг байсан шүү дээ. Ерэн онд Х.Билэгжаргал, Б.Жамъяандагва гуай бид нар “Бөртө чоно” гэж балет хийсэн юм. Түүний тугийг наадмын талбайд аваачиж сахилгагүйтэхгүй юу. Тэгсэн чинь бөхчүүд сүйд болоод, тэрнээс хойш иймэрхүү юм яваад байдаг юм. Тэр үед 45 хоногт багтааж хийдэг. Бид бас зарим юмыг нь хийж амжаагүй. Одоо ч тэр чигээрээ л явж байдаг. Хөх шонхортой шувуу байх ёстой шүү дээ. Хэлтэй далбаа байх ёстой. Тэр нь одоо хүртэл хийгдээгүй байж л байдаг юм.

-АСЕМ-ын үеэр таны “Хаданд мөнхөрсөн урлаг” үзэсгэлэн гарсан. Бас таны зурсан хадны сүг зургийг 53 орны төрийн тэргүүнд бэлэглэсэн гэдэг шүү дээ?

-Тэр бол харин агуу юм болсон шүү. 60 зургаа нэг өдөр зарчихсан хүн байхгүй юу. Ц.Элбэгдорж надаас худалдаж авсан юм. 53 улсын тэргүүнд бэлэглэсэн. Тэр бас их гоё тохиолдол шүү.

-Та тэгээд 53 янзын хадны сүг зураг зурсан гэсэн үг үү?

– Хадны сүг зураг чинь 30-40 мянган жилийн өмнөх түүх шүү дээ. Түүнийгээ л сурталчилж байгаа ухаантай. 53 өөр зураг зуралгүй яах вэ. АСЕМ-ын том хурал болсон гэрт миний 60 зургийг өлгөчихсөн байсан юм. Хадны зургийн хар зургийг хөдөлгөхгүйгээр өнгө, сэтгэл нэмж, зохиомжийг нь өөрчилсөн юм. Ийм бүтээлүүд хийсэн дээ.

-Эдгээр зургийг зурахад хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Бүтэн жил гаруй хугацаанд хийсэн юм.

-Та хадны сүг зураг судалдаг гэсэн. Танд бол 50, 60 байтугай зургийн санаа байсан байх, тийм үү?

-Зөвхөн нэг ууланд л дөч, тавин мянган хадны зураг байдаг шүү дээ. Тэгэхээр 53 зураг юухэн байх вэ.

-Хадны сүг зураг танд ямар дохио, мессэж өгдөг вэ?

-Пикассо, Матисс гээд

улсууд хадны сүг зураг шахуу юм зураад л нэртэй болчихсон товарищууд шүү дээ. Манай хадан дээр чинь 30-40 мянган жилийн өмнөх бүтэн үзэсгэлэн байна шүү дээ. Хүн төрөлхтний балчир үеийг хадны зураг санагдуулдаг. Хадан дээр очоод харахад хөгшин ижийтэйгээ ч уулзаж байгаа юм шиг эртний үүх түүх бодогддог.

-Та их аялсан уу?

-Явсаан. Монголоороо бол бүх газраар явсан. Ардын ансамбльд байхад бол судалгаа их хийдэг байлаа.

-Гадаадын хадны сүг зураг судалж амжсан уу?

-Амжилгүй яадаг юм. Гэхдээ манайд бол хамаагүй их зурагтай.

-Та олон мундаг хүмүүстэй хамт ажиллаж байсан юм билээ. Содон учрал байв уу?

-Байлгүй яах вэ. Х.Уртнасан бид хоёр чинь 1984 онд Филатова ид мандаж байх үед “Шидэт ваар” гээд дуурь хийж явлаа. Н.Норовбанзад эгч бид хоёр бараг хуурай эгч дүү байхгүй юу. Б.Сарантуяагийн анхны “Инээмтгий хүн” цомгийн хавтасны зургийг зурж байлаа. Гурван “Зууны манлай” эмэгтэйтэй найз л байгаа биз дээ. Норов эгчийг бол бишрээд л сууж байдаг. Манай эхний эхнэр эд нар нэг анги байсан байхгүй юу.

-Эхний эхнэр гэснээс таны “Гэргий” гээд гоё зураг байсан даа.

-Тэр чинь “Их замын эхэн”-д тоглодог Д.Ариунаа байхгүй юу. Дээр үед “Сүнжидмаа”-д дуулж байсан шүү дээ.

-Яруу найрагчид эхнэртээ шүлэг зориулдаг бол зураачид хөргийг нь зурдаг юм байна даа?

-Тэр чинь зураачдын 40 жилд хоёрт орж байсан зураг шүү. 1982 онд зурж байсан.

-”Их хөлгөн туульс” бол соц үед хамгийн үнэд хүрсэн зураг гэдэг. Хэдээр үнэлж байв?

-Тухайн үед “Азарганы ноцолдоон” гэдэг ч юмуу Г.Одон багшийн “Ажлын дараа” гээд төрийн шагнал авсан зурагнууд 2500 төгрөгөөр үнэлэгдэж байсан. “Их хөлгөн туульс”-ыг 8000 төгрөгөөр авсан. 1988 онд зураачид бараг бослого гаргах шахаж байлаа.

-Та тэр мөнгөө яаж зарцуулж байв?

-Архи л уухгүй юу.

– Нээрэн үү?

-Тийм.

-Ерөнхийлөгчийн төрийн шагнал олгох зарлигт таны уран бүтээлүүдийг дурдсан байна лээ. Нэг сонирхолтой нь “Их хөлгөн туульс”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг” зурагт нэг л өвгөн яваад байх шиг санагдсан?

-Тал, хээр, говь гэсэн гурван сэдэв байхгүй юу. Нэг нь уулын өвгөн, нэг нь талын өвгөн. Нөгөө нь говийн өвгөн. Гурван цуврал зураг. Албаар тийм давтамж хийсэн юм. Талд ч, говьд ч адилхан өвгөчүүд байдаг шүү дээ.

-Өвгөн танд онгод өгсөн үү?

-Яах вэ. Хөгшчүүлтэй байсан болохоор сайн мэднэ л дээ.

-Таны багш нартайгаа хамт авахуулсан зургийн тайлбарыг харсан. “Л.Гаваа, Г.Одон, хүний хайлан өвгөн багш нарынхаа хамт, 1983 он” гэсэн байна лээ?

– Агуу улсууд байсан л даа. Хар багаас маань зураг заасан улсууд байхгүй юу. Тэд нар үхээгүй, дээрээс хараад сууж байгаа гэж боддог.

-Таны урласан Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөөний дэргэдүүр явахдаа олон удаа харж байсан. Дотно сайхан санагддаг бас “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн үг нь их таалагддаг.

-Хөшөөнөөс өмнө 1982 онд зурсан Чингүнжавын том зураг Хувьсгалын музейд байгаа. Яг 33 жилийн дараа би хөшөөг нь хийсэн байхгүй юу. Тэр зураг чинь бас зураачдын 40 жилээр байр эзлээд сүйд болж байлаа.

-Таны “Чингис хаан” зураг бусад Чингисийн зурагнаас огт өөр хүчирхэг дүртэй юм билээ?

-Тэр ч ордонд дарга нарын өрөөнд л байгаа байлгүй.

-Та үндсэрхэг үзэлтэй уран бүтээлч явжээ?

-Тэгэлгүй яадаг юм.

-“Эсэргүү” байсан уу?

-Одоо яах вэ дээ. О.Дашбалбартайгаа нийлээд явдаг байсан болохоор үндсэрхэг юм байлгүй. (инээв) Б.Лхагвасүрэн бид нийлээд зөндөө л юм хийсэн шүү дээ. “Нарны домог”, Чингисийн тухай “Бөртө чоно” гээд балет байна.

-Санжийн Баяр сурвалжлагч байхдаа Б.Лхагвасүрэн гуай та хоёроос яриа авч байсан гэхээр сонин. Тэр үед юун тухай ярьж байв?

-Зураг хөргийн тухай, өөрийгөө бага зэрэг магтаад тиймэрхүү л юм ярина биз дээ.

-Та “Загас судлаачийн хэтэрхий мэргэн жараахай” гэж хочилдог байсан гэлүү. Одоо ч холбоотой байдаг уу?

– (инээв) Хэтэрхий мэргэн жараахай гэдэг байлаа даа, хөөрхий. Холбоотой байлгүй яах вэ. Найз нөхөд гэдэг салахгүй шүү дээ.

-Төрийн шагнал авахаар өөр мэдрэмж төрөх юм уу?

-Тэрийг ч гуйж авдаггүй эд л дээ. Шагнал авъя гэвэл надад өчнөөн л вариант байна шүү дээ. Манай нутгийнхан л дэмжсэн, Хөвсгөлийнхөн. Том дарга нар дэмжиж байна. Тэгээд болж байгаа юм байлгүй. Урьд нь нэг их шагнал тоодоггүй байсан. Авахад бол сайхан л санагддаг юм билээ.

-Хүмүүс их л баяр хүргэж байх шиг байна. Та урлан дээрээ сууж байгаа юу?

-Тэгсээн. Би урлан дээрээ л бараг амьдардаг шүү дээ. Гэр, урлан хоёр хамар хашааны зайтай.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Одоо тэгээд баахан захиалга байна даа.

-Та шавьтай юу?

-Мэр сэр юм бий. Албан ёсоор цалинг нь авч байгаад ном заагаагүй л дээ, би. Багшаа гээд явдаг хүмүүс зөндөө л байдаг гэв. “Хамаагүй цаасан малгай өмсгөчихөв” хэмээн анхааруулсаар Ш.Тэнгисболд зураач яриагаа өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Бид зарчимгүй, жудаггүй байдаг учраас хилийн боомилолтод байгаа юм

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ирэх оны улсын төсөв зардал их, хөөсөрсөн төсөв болсон гэсэн шүүмжлэл дагуулсаар байгаа. Тодотгол хийх байх гэсэн хүлээлт олон нийтэд байна. Та дэмжих үү?

-Бидэнд ирэх жил ямар боломж байгаа юм бэ. Хэр зэрэг хэмжээний мөнгө байх вэ. Ойрын ирээдүйд төлөгдөх өр зээл нэхэгдэх байх. Өргүй улс орон гэж байхгүй. АНУч өртэй, Хятад ч өртэй. Бид бол маш их хэрэглэж байгаа. Бидний хэрэглэж байгаа барааны 99 хувийг гадаадаас авч байна. Тэгэхээр бидэн дээр гадаад өр ихээр овоорч байна. Тэр өрийг багасгах ёстой. Бид нар төсвөө яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал чухал. Монгол Улсын төсөв нүүрс, Эрдэнэт, Оюу толгой гэсэн компаниудын орлого бий. Дээр нь жаахан татвар нэмэгдэнэ. Татварын хувьд хүнд байгаа. Учир нь аж ахуйн нэгжүүд уначихсан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээнүүд үүд хаалгаа барьчихсан.

Тэд тогтвортой ажилдаа орохын тулд 1-2 жил болох байх.

Энэ жилийн төсвийг урьд өмнөхөөс бараг 40 хувь илүү баталчихсан. Нөхөж тодотгоод, бодит байдал дээр юу болох нь вэ, мэдээж эргэж харах шаардлагатай болох байх. Төсөв дээр сайхан юм мөрөөдөж оруулж ирлээ ш дээ. Нүүрс гэхэд үнэн хэрэг дээр Хятад улс эрчим хүчний уналтад орох дөхлөө. Австрали, Африкаас нүүрс авдаг байсан. Англи, Америктай муудалцсан учраас нүүрс авахаа больсон. Тэнд бас нэг том тоглогч Монгол болох боломжтой. Хятад тэр улсуудаас 200 сая тн нүүрс авч байсан. Манайх ядаж 100 сая тонн нүүрс гаргадаг болох хэрэгтэй. Гэтэл манайд болохгүй байгаа юм их байна.

-За…

-Жишээ нь, нүүрсний үнийг хэтэрхий өсгөсөн. Дэлхийн зах зээл дээрээс Хятадаас өөр нүүрс авч байгаа айл алга. Бусад нь газ, сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байна. Ингэж хятадуудын дургүйг хүргэсэн хэрэг. Дээр нь манай жолооч нар гурав, дөрвөн саяар нүүрсээ зөөж байсан бол 10 сая болгосон. Тэгэхээр нүүрсний өртөг нэмэгдээд байгаа. Үүнээс болж хятадууд авч чадахаа больсон, тэгээд үүдээ хаачихлаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр бид жаахан жудагтай байх хэрэгтэй болж байна.

Өнөөдөр дотоодод бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Хэн буруутай юм бэ. Яс юман дээр манай жолооч нар өмнө нь Улаанбаатар-Замын-Үүд хоёрын хооронд ачаа зөөхөд гурав, дөрвөн сая төгрөг л авдаг байсан. Өнөөдөр 30 сая төгрөг нэхээд хөдлөх хүн олдохгүй байна. Ингэж тээврийн хөлс өссөнийг дагаад өргөн хэрэглээний бараа, гэр ахуйн тавилга, барилгын материал бас нугарах гээд байна. Энэ бол дээр, доргүй жудаггүй байгааг харуулж байна. Тиймээс бид хил хязгаараа цэгцлэх хэрэгтэй болжээ. Монголоос 100 сая тн нүүрс гарах боломжтой. Үүний тулд Гашуунсухайтаар 100 сая тн нүүрс гарах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Яаралтай хил дамнасан чөлөөт худалдааны бүс байгуул. Тэндээ нүүрсээ буулгадаг, хятадууд ачаад гардаг тогтолцоо бий болго. Замын-Үүд дээр чөлөөт бүс байгуулна гэж олон жил ярилаа. Тэгвэл тэндээ яагаад ачаа тээврийн компанийг оруулаад байгуулж болохгүй байгаа юм. Манай иргэд чөлөөт бүсийн нөхцөлөөр ачаагаа авдаг. Хятадууд ачаагаа чөлөөт бүсэд оруулж ирээд буулгаад орхидог. Өөрөөр хэлбэл, нэг өдөр хятадууд орж ирж ачаагаа буулгадаг, дараа өдөр нь манайх орж ачаагаа авдаг болчих хэрэгтэй. Тэгвэл тэнд ямар асуудал байна вэ.

-Мэдээж сайхан л сонсогдож байна. Гэхдээ нэг шинэ ажил эхлэхэд дагасан олон асуудал гарч ирдэг шүү дээ?

-Ачаа тээврийг лицензтэй болгох хэрэгтэй. Хэн дуртай нь ачаа зөөгөөд байх биш. Ийм амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг Засгийн газар нэн даруй шийдэх хэрэгтэй. Тэгж байж 100 сая тн нүүрс, ачаа тээвэр чинь эргэнэ.

Мөн бусад улс орнуудаас зүгээр мөнгө гуйх биш. Японтой гэхэд чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Гэтэл манайх асар их алдагдалтай. Японоос миллиард шахуу ам.долларын бараа орж ирдэг. Манайхаас авч байгаа юм байхгүй. Тэгвэл япончууд Монголд хөрөнгө оруулж үйлдвэр барьж, үйлдвэрлэсэн бараагаа өөрсдөө авдаг зам руу яагаад шилжихгүй гэж. Японы Засгийн газартай худалдааны алдагдлыг яаж багасгах талаар зөвлөх хэрэгтэй. Өнөөдөр АНУ, Хятадтай худалдааны алдагдал 10 хувьд хүрэхэд л дайн зарлачихаад байна. Манайх Японтой, ОХУ-тай 99.9 хувийн алдагдалтай байна. Өөрөөр хэлбэл, бид л хүнээс баахан хогийг нь аваад мөнгөө өгөөд байгаа юм. Тиймээс л манайх хуримтлалгүй, амьдрал сайжрахгүй, ядууралтай хэвээр байна шүү дээ. Худалдааны зөв бодлого барих юм бол энэ байдлаас гарах боломжтой.

Яагаад ОХУ манайхаас дулаан хувцас, махан бүтээгдэхүүн авч болдоггүй юм. Орос, Монголын хамтын ажиллагааг таван миллиард ам.долларт хүргэе л дээ. Манайх 2.5 миллиард ам.долларын бараа авдаг болъё, Орос манайхаас бас ийм хэмжээний бараа авдаг болъё. Япон Монголын хамтын ажиллагааг гурван миллиард ам.долларт хүргэе. Солонгос ч байна. Хөөрхий манай муу залуус тэнд очиж ажил хийж мөнгө явуулж байгаа болохоос манайхаас авч байгаа юм алга. Манайх тэндээс баахан хуучин автобус, машин, хэдэн гар утас, угаалгын машин л авдаг. Үүнийг арай жаахан шинэ түвшинд хэлэлцээр хийе. Ингээд Оростой тав, Японтой гурав, Солонгостой хоёр, Хятадтай зургаан миллиард ам.долларт хүргэчихье. Ингэхээр 16 миллиард ам.долларын эдийн засагтай болчихно.

-Манайд эдгээр улсуудтай ингэж хамтрах нөөц, хүчин чадал байх уу?

-Байлгүй яах вэ. Жишээ нь, махаар дээд зэргийн чанартай махан бүтээгдэхүүн, хиам хийхийг хэн байг гээд байна вэ. Ноос, ноолуур байна. Үүгээрээ ОХУ-ын дулаан хувцасны зах зээлийг шийдье л дээ. Дулаан одяал, ноос ноолууран пальто, төрөл бүрийн цамцнууд, хивс зэрэг байна. “Улаанбаатар хивс”, “Эрдэнэт хивс” салбараа Орост барьж болно. Эндээ утсаа үйлдвэрлэлээ, хойшоо гаргалаа. Ноолууран цамц заавал Монголоос гаргах шаардлагагүй, тэнд нь үйлдвэрлэчихье. Тэгвэл зөвхөн ноос, ноолуурын салбараар гурван миллиард, махаараа гурван миллиард олох боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлийн аргаар энэ бүхнийг хийнэ. Гар аргаар юу ч хийгээд нэмэргүй. Импортыг багасгах асуудал дээр анхаарах хэрэгтэй. Үүний тулд Япон, Солонгос зэрэг технологи хөгжсөн орнуудтай хамтарсан үйлдвэрүүд байгуулах шаардлагатай.

-Хил хязгаарын асуудалдаа анхаарах ёстой гэлээ. Гэтэл манайх урд хилээс хамааралтайгаар зогсонги байдалд байсаар байна. Хилийн энэ боомилолтоос гарах гарц таныхаар юу байж болох вэ?

-Хил дамнаж гүйгээд байсан ченжүүд хаачсан бэ. Тэд нар яагаад хилээ нээхгүй байна. Хятадуудыг долоож, долигоноод ноос, ноолуур түүхий эд хамаг юмаа Хятадад өгөөд байсан биз дээ. Хил хаачихаар яагаад хэн нэгэн хүн буруутай байх ёстой юм бэ. Тэр ченжүүдээр хилээ нээлгэхгүй юу.

-Хятад хилээ нээж өгөхгүй байгааг та надаар хэлүүлэх гээгүй байх?

-Ер нь бид жаахан амаа мэдэх хэрэгтэй. Юм л бол муу хятад гээд элдвээр хэлж ирсэн. Манайх ийм бодлогогүй явдгаа боль. Хятад бараанд нугасгүй, тэгсэн хэрнээ хятад хүн муу. Хятад хүн муу байж болно, тэгвэл барааг нь ч битгий ав. Хилээ битгий нээ. Яагаад Хятад бидэнд зориулж хилээ нээх ёстой юм бэ. Өөрсдөө л хөгжиж, ажил амьдралаа цэгцэл.

-Нэгэнт хилээс хамааралтай олон мянган бизнес зогсчихоод байгаа учраас хохь нь гээд орхиж болохгүй. Төр засгийн хэмжээнд ямар алхам байж болох вэ?

-Бид нар зарчимтай байх хэрэгтэй. Хоёр хөршөө муу хэлж оролдохоо больчих. Хоёрдугаар ээлжинд, жаахан жудагтай байх хэрэгтэй. Нүүрсний үнийг өсгөнгүүт тээврийнхээ хөлсийг өсгөчихөж байна. 70 ам.долларын үнэтэй байсан нүүрсийг 200 ам.доллар болгочихоор хятадууд яаж авах юм. Цахилгаан станцууддаа тэд цаашаа 200 ам.доллараар өгөхгүй. Тэд чинь төлөвлөлттэй улс. Эрчим хүч гэдэг бол эдийн засгийнх нь суурь. Тэрхүү суурийг ганхуулах сонирхол тэр улс оронд байхгүй. Жишээ нь, маргааш гэхэд манайд эрчим хүч, цахилгаан дулааны үнийг гурав дахин нэмчих. Тэгэхэд бид амьдарч чадах уу. Түүнтэй л адил, энгийн зүйл. Ер нь манайх их юм хийж байж их мөнгө олно гэж бодохоо больчихсон байна лээ. Жаахан юм хийгээд маш их мөнгө олно гэж нийтээрээ ханддаг болчихсон. Түүнээсээ болж өөрсдөө хохирдог юм.

-Хил нээхгүй байгаа шалтгаанаа ковидтой холбож байгаа нь нэр төдий зүйл гэсэн үг үү?

-Тийм. Өөр шалтгаанууд байгаа. Жишээ нь, Хятадын эдийн засаг маш их хүндэрч байна. Сая Хятадын үл хөдлөх хөрөнгийн дөрөв, таван том компани дампуурчихлаа. Хоёрдугаарт, өнгөрсөн жил Хятадаас нийт хөрөнгө оруулагчдын 80 хувь нь хөрөнгөө татаад гараад явчихлаа. Одоо том, том компаниуд ч хөрөнгөө татах гэж байна.

-Тэгэх тусам манай талыг нээх ёстой биш үү?

-Үгүй. Хятад дотроо барааны хомсдол бий болж эхэлж байна. Хятадаас “Ip­hone”, “Microsoft” зэрэг том, том компани гарах гэж байна. Энэ нөхцөлд тэнд бас хомсдол бий болж эхэлнэ.

Хятад улс маань олон улсын тавцан дээр маш их муудалцаж байгаа. Одоо Тайванийн тусгаар тогтнолын асуудал яригдаж байна. Түүнээс болж магадгүй, дэлхийн гуравдугаар дайны эхлэл суурь ч тавигдаж болзошгүй. Хятад үүн рүү хүч хөрөнгөө их хаяж байна.

Бид нар ийм үед хаана байх вэ. Монголчууд зүгээр нэг найр наадам хийж дэмий тэнэж, хятадуудаас хямдхан барааг нь авч идэж уучихаад байж байх тухай яриад байгаа бол хятадуудад тэр сонин биш. Ер нь хил дамнасан худалдаагаар амьдрахаа больцгооё. Албан ёсны гэрээ хэлэлцээр хийж бараа таваар оруулж ирдэг болъё. Ганзагаар наймаа хийдгээ болих хэрэгтэй.

Үүний тулд Монголд үйлдвэрлэж болох бүх барааны татварыг эрс нэм. Гадаадад ийм л байдаг ш дээ. Харин үйлдвэрлэлийн түүхий эд, жишээ нь төрөл бүрийн даавууны татварыг аль болох хямд байлгах ёстой. Тэгэхээр хүмүүс даавуугаа аваад хувцас оёод ашгаа нэмээд зардаг, ажлын орон тоо бий болж эхэлнэ гэсэн үг. Хятад ч гэсэн тийм. Монголын нүүрс, зэс, төмрийн хүдэр дээр татваргүй. Учир нь түүгээр нэмүү өртөг шингээж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олж байгаа учраас.

Хэрэв ОХУ-тай гэрээ хэлэлцээр тохирохгүй бол бензинийхээ татварыг 60 хувь нэмэх хэрэгтэй. Тэгвэл замбараагүй машин унадагаа болино, залуус автобусаар явж эхэлнэ. Явган явна, зуны цагт дугуй зэргээ унана.

-Гэхдээ ийм алхам хийх улс төрийн эр зориг улс төрд байна уу. Шатахуун гэхэд импортлогчдын халаасанд байгаа, төр засаг хөдөлж чаддаггүй. Чөлөөт бүс дээр дорвитой ажиллаж чадахгүй хэдэн жилийг өнгөрөөлөө шүү дээ?

-Л.Оюун-Эрдэнэд хамгийн том боломж гарлаа ш дээ. Намын дарга боллоо. УИХ-д үнэмлэхүй олон суудалтай, дээр нь өөрөө Ерөнхий сайд. Одоо дан, давхар дээлээ шийдчих. Миний бодлоор дан, давхар дээл хэрэггүй. Ерөөсөө Ерөнхий сайд ажил хийж чадах, өндөр боловсролтой, хувь хүний ёс зүйтэй, яс үндэс, гарал үүсэл, хөрөнгө мөнгө, үзэл бодол харгалзахгүй хэн нэгнийг Засгийн газарт ажиллуулах хэрэгтэй. Хугацаа ч байна. Энэ жаахан улсын эдийн засаг чинь авсаархан. Сэргэх боломж бий. Л.Оюун-Эрдэнэ минут, секундтэй уралдаж ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Чөлөөт бүс байгуулчихсан байгаа. Одоо үйл ажиллагааг нь яаралтай цэгцэлж ажил хэрэг болгох л хэрэгтэй. Гашуунсухайт дээр ч яаралтай хил дамнасан чөлөөт бүс байгуулах хэрэгтэй байна. Хятадын Эдийн засгийн газартай хэлэлцээр хийх шаардлагатай. Манайх танайх руу 100 сая тн нүүрс 25 жилийн хугацаатай гаргая. Нүүрс худалдаж өгөх, авах гэрээ байгуулъя. Засгийн газар баталгаа гаргаж өг. Юу ч болж байсан энэ гэрээний бүх заалтыг биелүүлнэ. Хариуд нь манай Засгийн газар байлдана уу, залхуурна уу, архиа ууна уу яадаг ч бай нүүрсээ гаргана. Ингэчихвэл 10 миллиард ам.долларын орлоготой болно гэсэн үг. Харин энэ бүх мөнгөө дэмий зүйлд зарж болохгүй.

-Ярианы төгсөлд цаг үеийн асуудлаар танаас тодруулах нь зүйтэй байх. АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ таны талаар нэг бус удаа олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Та харсан уу?

-Би тэр нөхрийг огт танихгүй. Намайг л элдвээр хэлээд байна лээ. Би Буянгийн Жагаагаас илүү дагагчтай болно гээд барьцаад л. Түүнийг хэн байг гэсэн юм. Хоёрдугаарт, тэр энд тэнд очоод төрийн байгууллагаар нэг хашгичаад явна лээ. Монголын төр түүнд ямар буруу хэрэг хийчихэв. Тэр яагаад төрийн байгууллагыг хүндлэхгүй, ёс зүйгүй байгаа юм бэ. Би тэгвэл очоод Төрийн ордоноор дүүрэн хашгираад эхэлье. Яамдуудаар яваад хашгиръя. Чадна ш дээ. Ганцхан тэр хашгирч чаддаг юм уу. Улс төрийг шүүмжлэх гэж байгаа бол нэг асуудал. Үндсэн хуулиар хүн үгээ хэлэх эрхтэй гээд заачихсан. Д.Сумъяабазар гэдэг хүний ажил дээр нь очоод хашгираад байх биш, гэрийнх нь гадна очиж хашгирахгүй юу. Гадаад харилцааны сайдын гэрийн гадна очиж хашгир. Нэртэйгээр нь Хотын захиргаан дээр очоод шээж, баахгүй юу.

За яахав, би жирийн нэгэн Б.Жаргалсайхан. Төрийн албан хаагч хийж байгаа биш. Би түүнд ямар муу юм хийчихсэн болоод намайг оролдоод байгаа юм. Ойлгож байна. Түүний ард захиалагч байгаа. Тэр нь АН-ын хуучин аваргууд. Би тэднийг шүүмжилсэн учраас таалагдахгүй байгаа юм. Тийм учраас намайг дэвсэх гэж оролдож байгаа. Харагдаарай. Чаддаг юм бол надтай ирээд мэтгэлц л дээ.

-УИХ-ын гишүүн П.Анужинтай холбоотой асуудал одоо ч яригдсаар байна. Өмнө нь ч манайх асууж байсан. Энэ удаа ч бас таны байр суурийг сонсмоор байна?

-Би хэнээс ч, ямар ч уучлалт гуйхгүй. Бүр сүхээр толгойг минь тасалсан ч, шоронд аваачсан ч уучлалт гуйхгүй. Учир нь би гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийгээгүй. “Лайв” телевизийнхэн уриад албан ёсны нэвтрүүлгээ эхлээд хийсэн. Тэр нөхөд эвлүүлэг хийгээд нэвтрүүлгээ олон дагагчтай болохын тулд зориуд намайг харлуулж, Анужинтай хагаралдуулахын тулд тийм юм цацсан байсан. Тийм учраас харин телевизийн нөхөд албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй. Түүнээс биш миний албан ёсны нэвтрүүлэгт тийм яриа байхгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан хулгана өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 18, Санчир гариг. Билгийн тооллын 15, гөрөөсөн толгой одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8:37 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 31-36 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сайд А.Ариунзаяа БНСУ-ын засгийн газрын шагнал хүртлээ

БНСУ дахь ХНХҮТ-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Солонгост ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдэд болон тус улсад оршин сууж буй нийт монголчууддаа төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ түүхэн цаг хугацааг үнэлсэн нэгэн арга хэмжээ боллоо. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад олголоо. Солонгост гадаадын 16 улс орноос гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг Засгийн газрын агентлаг Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь эдгээр 16 улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг онцолж энэхүү шагналыг хүртээжээ. Шагналд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурдаад “Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимжуулах зэргээр БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.

Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны дипломат харилцаа хөгжөөд 30 гаруй жил болж байна. Манай яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ байгуулагдаад 10 жил боллоо. Ажиллах хүч илгээдэг гадаад 16 улс орноос Монгол Улсыг онцолж энэхүү шагналыг олгож байгаад туйлын талархалтай хүлээн авч байна. Ковид цар тахлын үед ч олон талт дэмжлэг үзүүлж байсанд ихэд талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулж шинэ цаг үе рүү хурдан шилжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү их амжилт авчрах болтугай” гэлээ.

Шагналыг цахимаар гардуулан өгөх ажиллагаа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Улсан хот дахь төв байранд болсон бөгөөд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн газрын дарга Ча Син Ү, дэд дарга Ли Ён Шил, Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, мэргэжилтэн Д.Үнэнбат, Монгол Улсаас цахимаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 60 гомдлыг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 110 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 33 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 77 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын бүтэц, орон тоо, нийт ажилтны ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийснээр авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй эрсдэлтэй албан тушаал (ажлын байр)-ыг ХАСХОМ гаргавал зохих этгээдэд оруулан хуулийн үйлчлэлд хамруулах тухай зөвлөмж, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүргүүлээд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны нийт 18 орон тооны гишүүний ХАСХОМ-ийн эрхийг системд үүсгэж системд мэдүүлгээ хэрхэн гаргах талаар заавар зөвлөмж өгөв гэж АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ зуун айл зах” ашиглалтад орлоо

Шинээр ашиглалтад орж буй “Шинэ зуун айл зах” барилгын зах эхний нэг жил түрээсийн төлбөргүй оруулахаар боллоо.

Барилгын зах нь мянган авто машины зогсоолтой, нийт хоёр зуун мянган м.кв талбай бүхий хамгийн том барилгын зах болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас шөнийн эргүүл гарган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт, шалгалт хийж байгаа билээ.

Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас гарсан шөнийн эргүүл үүрэг гүйцэтгэх хугацаандаа (12-р сарын 15-ны шөнө) ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Увс аймгаас эрэн сурвалжлагдаж байсан ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ, ТОГТООЖЭЭ.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй, архины хамааралтай, гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн хаяг, байршилд хяналт тавьж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, хохирогч, хүүхдийн аюулгүй байдлыг шалгаж ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас 12-р сарын 15-ны шөнө нийт 23 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүл, үр хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 22 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Цагдаагийн байгууллагаас ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилсан ажлуудыг тогтмол хийж байгаад иргэд, олон нийт талархалтай байгаагаа цахим орчинд илэрхийлжээ.