Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Пунсалдуламтай соёлын асуудлаар ярилцлаа. Тэрбээр XX зууны Монголын соёлыг судалж, “Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх (ХХ зуун)” номыг бичсэн эрдэмтэн билээ.
-Б.Цэнддоо эрхлэгчийн “Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин” гээд ном байдаг. Бас “Соёлын довтолгоо” гээд жүжигчин Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нарын тоглосон уран сайхны кино ч бий. Соёлын довтолгоо урлагт хэр ханатай бууж байх юм бэ?
-Ж.Мөнхсайхан миний шавь байгаа юм. Киногоо хийчихээд “Ийм юм хийлээ” гээд урьсан. Соёлын довтолгоо гэдэг муу зүйл биш ээ гэж би хэлж л байсан. Миний “Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх” ном 2018 оных. Б.Цэнддоо Улаанбаатар их сургуулийн докторант. Миний номыг авсан. Намайг сайн мэднэ. Шинэ соёл гэж юу хэлээд байгааг эхлээд ярья. Шинэ соёл гэж Өрнөдөд бий болсон шинжлэх ухааны мэдлэгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр бидний яриад байгаа орчин цагийн боловсрол, их дээд сургууль, шинжлэх ухаан, техник технологи Европт үүссэн учраас гар үйлдвэрүүд нь аж үйлдвэр болж хөгжөөд, аж үйлдвэрийн хувьсгал эрчтэй явж, хөгжлийн дөрөв дэх үедээ ороод байгааг хэлж байна.
-Тэгэхээр энэ шинэ соёл Монголд орж ирэхээс өмнө бид ямар соёлтой байсан бэ?
-Монголчууд асар их уламжлал, соёлтой ард түмэн. Өөрийн гэсэн бичиг үсэгтэй, ёс заншилтай. Миний бие ХХ зууны монголчуудын соёлыг бүтцийн хувьд гурав ангилаад байгаа юм. Нэгдүгээрт, язгуур соёл, үүнд 3000 жилийн тэртээгээс эрхэлж ирсэн монголчуудын нүүдлийн мал аж ахуйтай холбоотой бүх зүйлс багтана. Дуу хуур, морь эмээл, хөөмий бүгд язгуур соёлд орно. Хоёрдугаарт, уламжлалт соёл, монголчууд төр улсаа байгуулж, бусад ард түмэнтэй зэрэгцэн оршиж, харилцаатай явж ирсэн. Соёлд хана хэрэм байдаггүй. Тиймээс манай соёл гадагшаа, гадны соёл манайд орж ирж, уусан өөриймсөж байв. Үүнийг уламжлалт соёл хэмээн нэрлэж байгаа юм. Тухайлбал, Буддын шашин Монголын ард түмний бүтээсэн соёл биш, гаднаас орж ирж, манай ахуй амьдралд ууссан.
XX зууны эхэн хүртэл монголчууд өөрсдийн язгуур соёл, уламжлалт соёлоор явж ирсэн. Гэтэл XX зуунд дэлхий нийтийг, шинэ соёл буюу шинжлэх ухаан мэдлэг боловсрол эзэмшсэн улс орнууд тэргүүлж, өөрсдийн санаа бодлоо тулгах болжээ. Шинжлэх ухааны мэдлэг боловсрол улс орнуудын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, эрх мэдлийн гол баталгаа болж байв. Энэхүү шинэ соёлд суралцахгүй бол монголчууд төрийн тусгаар тогтнолоо тунхаглаж, цаашид улс орныхоо хөгжлийн тухай ярихад хэцүү болсон байв. Үүнийг бүр XIX зууны сүүлч, ХХ зууны эхнээс монголчууд маш сайн ойлгож байв.
Бидний Монгол, бас Хятадыг бүхлээр нь өөртөө нэгтгэн захирч байсан Манж чин улс хэдийгээр газар нутаг, хүн амаараа дэлхийд дээгүүр орж байсан ч бусад улс орнуудтай явуулсан дайнд ялагдаж байв. Энэ нь Манж чин гүрэнд Өрнөдөд бий болж хөгжсөн шинжлэх ухааны мэдлэг, техник, технологи болон аж үйлдвэрийн хөгжил дорой байсны илрэл байв. Тиймээс Манжийн хаан “Шинэ засгийн бодлого” явуулжээ. Энэ бодлогын нэг чиглэл нь орчин цагийн боловсрол, цэргийн эрдэм ухаанд суралцах явдал байсан юм. 1911 онд тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газар ч монголчуудыг бичиг үсэгтэй болгох, орчин цагийн сургууль боловсролыг хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг ойлгож, тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байв. Монголд орчин цагийн төрийн анхны сургуулийг 1912 онд Богд хаант Монгол Улсын Гадаад явдлын яаманд байгуулж байжээ. Ер нь Богдын Засгийн газар, Ардын Засгийн газар, социалист төрийн үед ч ялгаагүй орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны мэдлэг, шинэ соёлыг нэвтрүүлэх төрийн бодлогын залгамж халаа тасралтгүй явсаар, ХХ зууны 1960-аад онд орчин үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн тогтож, үндэсний мэргэжилтэй ажилтан, сэхээтнийг бэлтгэн гаргаж, сургах болсон юм.
-Та соёл гэдэг хүний бүтээсэн зүйл гэж ярьсан. Одоо бол бүх зүйлсийг соёлтой холбож ярьдаг боллоо. Ч.Номин сайдын бэлэгтэй холбоотойгоор төмс соёл мөн үү гэсэн сэдэв хүртэл сошиалд явсан?
-Өнөөдрийн бидний амьдарч байгаа хэв маяг соёлд ордоггүй. Ирээдүйд өв болгож үлдээх зүйлсийг соёл гээд байгаа юм. Түүнээс биш хар тамхины хэрэглээг соёл, эсвэл дайн хийх соёл гэж ярихгүй шүү дээ. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зүйлсийг соёлд оруулж яриад байгаа юм. Оюуны мэдлэг бүтээж байгаа зүйлсийг соёлд багтаадаг. Улс төрийн соёл, эдийн засгийн соёл гэж ярьдаг, энэ нь соёл судлалын асуудалд орно. Соёлыг хоёр хуваадаг. Урлаг уран сайхны соёл, нөгөө талд нь хүний оюуны мэдлэг ордог. Шашин соёлын асуудал мөн гэхдээ өртөг бүтээдэггүй. Шинжлэх ухааны мэдлэг л өртөг бүтээдэг.
-Шинэ соёлыг Монголд нэвтрүүлэх гэж заримдаа албадаж байсан. Биднийг багад айлуудаар хүмүүс явж, орны цагаан хэрэглэл, гар нүүрийн алчуур шалгадаг, “Соёлч өрх” шалгаруулдаг байсан санагдаж байна?
-Шинэ соёлыг Монголд нэвтрүүлэхэд хүч хэрэглэж байгаагүй. Харин соёлын довтолгоог хэрэгжүүлэхэд зарим үед захиргаадалтын арга хэрэглэж байсан. Соёлын довтолгоо XX зууны монголчуудын соёлын нэг л жижигхэн хэсэг. Хамгийн нэгдүгээрт, бүх нийтээр бичиг үсэг тайлагдахаас соёлын асуудал эхэлдэг. Соёлын довтолгоо 1959 оноос эхэлдэг. Соёлын довтолгоо гэхээр ор дэрний даавуу, оймс, гуталхан яриад байдаг. 1921 оноос хойш 1959 он болтол 38 жил Ардын Засгийн газраас Монголд бага, дунд сургууль, их сургууль, Намын дээд сургууль байгуулсан. Зөвлөлтөд хүмүүсээ сургасан. Аж үйлдвэрийн комбинат Улаанбаатарт барьчихсан. Өөрөөр хэлбэл, барилга байшин баригдаад, ажилчин анги бүрэлдээд, Улаанбаатарт хятад барилгачдаар шинэ хороолол бариулж эхэлсэн үе. Гэтэл монголчууд паартай байшинд, паалантай жорлонд амьдарч мэдэхгүй, хөдөө талдаа явж байсан хүмүүс. 1959 онд их олон юм болсон. Хөдөө аж ахуйн хоршоолол хөдөлгөөн үүссэн. Хувьдаа малтай малчдыг нэгдэлд хамруулахаар ажилгүй хүмүүс гараад ирнэ шүү дээ. Улс орон даяар “Атрын аян” өрнүүлсэн. Гадаад дотоодын техник авчирсан. Малаа нийгэмчилсэн малчид Сангийн аж ахуйд, Улаанбаатарт аж үйлдвэрийн комбинатад ажиллаж эхэллээ. Яагаад Соёлын довтолгоо явуулах болсон гэхээр монголчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Хөдөө хэдэн малтай, ах дүүсээрээ амьдарч байсан бол Сангийн аж ахуйд олон аймгаас ирсэн хүмүүс нэг дор бөөгнөрч амьдрахад дор хаяж шүлсээ гудамжинд хаяхгүй байх, эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангах хэрэгтэй болсон. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн дэргэд ямар байх ёстой юм. Соёлын довтолгооноор аргадахыг нь аргадаж, захиргаадахыг нь захиргаадсан. Тэгэхгүй бол усанд орохгүй яваад байна шүү дээ. Хөдөө ганц гэрээрээ байхад сар усанд орохгүй явж болно. Гэтэл олон хүн дунд сар усанд орохгүй явбал юу болох вэ. Албаар усанд оруулаад, савандаж байгаа тухай кинон дээр гараад байгаа биз дээ. Энэ албадлагыг би зөв зүйтэй гэж үздэг. Соёлын довтолгоо монголчуудад маш их зүйлс өгсөн шүү. Ингэж байж л хэвшүүлсэн юм.
Ерээд оноос өмнө Улаанбаатарт зүлгэн дээр гишгэдэггүй байсан юм шүү. Зүлгэн дээр гишгэвэл таван төгрөгөөр торгуульдаг байсан. Ингэж зөв дадалд сургадаг.
Бас нэг асуудал соёл ярихаар үзэл суртал яриад байдаг. Энэ хоёр өөр асуудал шүү. “Социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдний цөцгий мэт хайрлах” гэдэг үзэл суртал. Харин соёлын асуудал, үзэл суртлыг хэрэгжүүлж байгаа байгууллага нь нэг байсан. Урлагийнхан театрын жүжигчид нам төрийн бодлогыг сурталчлах үүрэгтэй байсан. Дэлхийн соёлыг авчирч, уламжлалт соёлыг авч явж байсан. Монголын үндэсний соёл урлагийг мандуулсан. Өрнийн соёлоос Монголын урлагт дуурь, цирк, балетийг нэвтрүүлсэн. Хажуугаар нь үзэл суртлын ажилд ч оролцсон. Хичнээн үзэл суртлын асуудал байсан ч Марксизм, Ленинизмийг удирдлага болгож байсан ч, монголчууд үндэсний дээд боловсролтой мэргэжилтнүүдтэй, мэргэжлийн ажилчин, судлаач, эрдэмтэдтэй, бүх иргэд нь 1980-аад он гэхэд бүрэн дунд боловсролтой болсон. Үүнийг л шинэ соёлын үр дүн гэж онцлоод байгаа юм. Соёлын довтолгооноор хуучин амьдралын хэв маягийг өөрчлөх гэж зүтгэж байсан юм.
Одоогийн залуус социализмын үе байтугай 1990-ээд оны тохиролцооны дэлгүүрийг ч мэдэхгүй шүү дээ. Ор дэрний даавуу шалгадаг байсан гэхээр тэд гайхдаг. Хөдөө ганц гэрээрээ байдаг малчин айлд жорлон ухах шаардлага байхгүй. Европын кинонд, “Харри Поттер” дээр шовгор оройтой малгайтай хүмүүс гардаг даа. Өрнөдийнхөн монголчууд хир баасандаа хутгалдсан гэж муулж болно. Дундад зууны үеийн Европын хотуудад яаж байсан гэхээр байшингийнхаа цонхоор шээс, баасаа цацчихдаг байж. Тэгэхээр шовгор оройтой малгай дээр унасан юм тогтохгүй. Ийм юм тэнд ч бас болж л байсан.
-Монголд шинэ соёл төлөвшүүлэх үеийн алдаа, оноо нь юу байв?
-Монголд социализм байгуулсан он жилийг тоолъё гэвэл 1954 онд МАХН-ын 12 дугаар хурал болж, Монголд социализм дэлгэрэнгүй байгуулъя гэдэг үг гарч байгаа юм. Үүнээс өмнөх Монгол хувийн өмчтэй, малаа маллаад явж байсан. Энэ үеийг социализмын үе гэж хэлэхгүй. Гэтэл хүмүүс социализмын 70 жил гэж ярьдаг.
XX зуунд монголчуудын олсон гурван том ололт байна. Тусгаар тогтнолоо олсон. Энэ бол XX зууны монголчуудын гавьяа. Хоёр дахь маш том ололт бол шинэ соёл төлөвшсөн. Гуравдугаарт, монголчууд нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болсон. Газар тариалан хөгжүүлсэн. 1900-гаад оны монголчуудын гэрэл зургийг хар л даа. Харин жар далаад оны монголчуудын зураг огт өөр. Энэ бол шинэ соёлын үр дүн. Сургууль, боловсролыг системээр нь хөгжүүлж чадсан учраас Монголд аж үйлдвэр хөгжсөн. Иргэд нь мэдлэгтэй болсон. Шинэ соёл төлөвшсөний алдаа, эсвэл хор уршиг хэмээн ярих ямар ч асуудал байхгүй.
-Өнөөгийн монголчуудыг та ямар соёлтой гэж дүгнэх вэ?
-Өнөөдрийн монголчуудын соёлын түвшин өндөр л гэж хэлнэ. Бүгдийг нь соёл гэж ярьдаг ч ямар түвшиндээ ямар алдаа гаргаад байгаа асуудлыг ярих ёстой юм. Төмс өгснөөс болоод соёлгүй гэх боломжгүй. Яагаад гэхээр соёл гэдэг шинжлэх ухааны мэдлэг, техник технологийн мэдлэг, хөгжлийн түвшинг илэрхийлж байна шүү дээ. Тийм учраас монголчууд яаж ийж байгаад хүүхдээ сургах гээд байгаа биз дээ. Монголчуудын соёл боловсролын түвшин ерээд оноос өмнө маш сайн байсан. Харин сүүлийн 30 жилийн манай боловсролын тогтолцоо өөрчлөлт шинэчлэлт олныг хийгээд байгаа ч үр дүн нь сайн харагдахгүй л байна.
-Орк гэсэн үг монголчуудын хэл ярианд орж ирсэн. Хотын соёлгүй хүмүүсийг ингэж нэрлээд байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэр улсууд хотын соёлын түвшинд биеэ авч явах талаар бэлтгэгдээгүй учраас л ялгагдаад байгаа юм. Гол нь амьдрах ахуй орчин өөр газраас ирсний ялгаа харагдаад байгаа хэрэг. Орк гэдэг хотын соёлд суралцаагүй гэсэн үг.Түүнээс биш маанаг, тэнэг гэсэн үг биш. Тэр орк чинь биднээс илүү сэтгэдэг байж ч мэднэ. Эрдэнэтэд амьдардаг хүн Улаанбаатарт ирээд оркоороо дуудуулахгүй байгаа биз дээ.
-Манайхан бас өөрсдийгөө Азийн улс мөртлөө европ соёлтой гэж яриад байдаг даа.
-Би ингэж хэлнэ. Монголчууд газар зүйн хувьд Ази, Европ тивийн заагт байрладаг. Үүнийг Өрнийн болон Дорнын соёлын зааг дээр оршиж байна хэмээн үзэж болно. Бид дорнын соёлтой улс. Капиталыг дагаж соёл явдаг. Өрнийн соёлын капитал Хятадын пүүс, наймаагаар ч орж ирнэ. Америкийн Эндрюсийн экспедициэр ч орж ирнэ. Гэсэн хэдий ч Өрнийн соёл Оросоос давамгайлж орж ирсэн л дээ. Монголчууд Өрнө, Дорнын соёлын заагт байдаг учраас Монголд Өрнийн соёл нэвтрэхэд түлхэц үзүүлсэн нь ойлгомжтой.
-“Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх” номондоо та юуг онцолсон бэ?
-Соёл ярихаар заавал бичиг үсгийн асуудал ярьдаг. Богдын Засгийн газар, Ардын Засгийн газраас авахуулаад монголчууд өрнийн улсууд яагаад хөгжөөд байна гэдгийг судалж байжээ. 1923 онд Ардын Засгийн газраас баталсан Эдийн засгийн үндсэн бодлого гэдэг баримт бичиг бий. Түүнд,Германы түмэн хүнээс гуравхан хүн бичиг үсэг мэдэхгүй. Английн түмэн хүнээс наймхан хүн бичиг мэдэхгүй, Оросын түмэн хүнээс 3000 нь л бичиг мэдэж байна хэмээн судлаад, аль улсаас сурахаа дэс дараалан байрлуусан байдаг. Гэхдээ бодит байдал дээр бид Оросын боловсролоор явсан. Оросууд Германы боловсролыг авсан. Үндсэндээ бид Оросоор дамжуулаад Өрнөдийн боловсролыг авсан гэсэн үг. Тийм учраас Монголд төгссөн зарим хүүхэд бусад улсад очоод гайхуулаад байдаг.
-Монголчууд 1920-иод онд Франц, Германд хүмүүсээ сургаж байсан ч эргүүлэн татах учир шалтгаан байсан талаар та бас нэг ярилцлагадаа дурдсан?
-Уг нь монголчууд Герман, Францаас суръя гээд залуучуудаа Герман, Франц руу явуулсан шүү дээ. Гэтэл Улаан Орос Комнтерн буцаагаад татчихсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл оросууд зөвшөөрсөн учраас Герман, Франц руу хүмүүсээ явуулсан байдаг. 1917 онд Орост Октябрийн хувьсгал ялаад, Зөвлөлт Орос улс 1922 онд байгуулагдаад, дэлхий даяар ажилчин ангийн хөдөлгөөн өрнөж байсан үе юм. Англи, Герман, Францад ажилчдын хөдөлгөөн өрнөсөн. Хөрөнгөтнүүдийнхээ эсрэг цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл өрнөж байв. Тийм учраас Коминтерн (Олон улсын коммунистуудын холбоо) Октябрийн хувьсгал дэлхий даяар ялах юм байна гэж бодож байсан. Нөгөө “Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь” гэдэг шүлэгт гардаг шиг үнэмшсэн байсан. Тийм учраас Германд очоод юм сураг, тэдний залуустай ойрхон байг гэж зөвшөөрч. Гэтэл 1929 онд дэлхийн эдийн засгийн анхдугаар хямрал болсон. Ер нь уялдаа холбоогүй түүх гэж байдаггүй. Ямар ч юм Монголын түүхтэй холбогдоно. “Намгийн ногоон мэлхий ч бидэнтэй холбогдоно шүү” гэж би хүүхдүүдэд ярьдаг юм. Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр бослого тэмцэл өрнөөд байхаар хөрөнгөтнүүд нь ажилчдынхаа цалинг нэмээд өгчихөөр тэмцэл нь зогсчихож байгаа юм. Үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдаж, ажилчдынхаа цалинг нэмээд, дэлхийн хувьсгал болохгүй нь харагдаад ирэхээр Герман, Францад сургахаар илгээсэн монголчуудыг буцааж татсан юм. Дэлхий нийтийн хэмжээнд авч үзэж байж Монголын түүхийг бүрэн гүйцэд ойлгоно.
Латин бичиг яг үүнтэй агаар нэг. Одоо ч бид мессэж бичихдээ латинаар бичдэг. Оросууд 1930 онд латин бичиг нэвтрүүлэхдээ хувьсгал мандаад Дундад Азийн улсуудаа харьяандаа оруулчихвал бүгдийг нь латин бичигтэй болгочихвол зовлонгүй нэвтрэлцэнэ гэж ойлгосон. Манайд латин бичигт сурах тогтоол гарсан. Дараа нь шууд болиод, кирилл үсэгт шилжсэн юм. Дэлхийгээр ялах хувьсгал нь биш болсон учраас латинаар явахаа больж, кириллээр барьж байя гээд манайд ч кирилл нэвтэрсэн. Энэ талаар би өөрийн саналаа номондоо бичсэн.
-Монголчууд өрнийн соёлтой, дэлхийн ямар ч эрдэмтэнтэй ном хаялцаж болно гэж та ярьдаг. Гэхдээ язгуур соёлоо ч мартаж орхиж болохгүй юм шиг?
-Язгуур соёл маань бидний тархи, зүрхэнд бий. Өөрийгөө монгол хүн гэж үзэж байгаа хүн бүхэнд язгуур соёл маань бий. Мэдлэгт нь ч мэдэрхүйд нь ч бий. Зан заншил, хөгжим, дуу соёлд нь ч, өмсөх зүүх хувцсанд нь ч шингэсэн байдаг. Тэр битгий хэл Германд явж байхдаа ч азиуд дундаас монголоо ялгаж таньдаг. Монгол хүн Хятад, Солонгосоос өөр шүү дээ. Монгол хүний биеийн бүтэц, тархины багтаамж хүртэл ялгаатай гэдэг. Монгол хүнийг монгол байлгаж байгаа гол зүйл язгуур соёл шүү. Харин монгол хүнийг орчин үеийн хүн гэдгийг харуулах зүйл шинэ соёл.