Categories
мэдээ нийгэм

“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12-р сарын 20-ны өдөр товлосон.

Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд ирээгүй байна. Мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын 224 иргэний визийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ

Энэ сарын 12 дугаар 1-ээс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд 105 аж ахуйн нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авсан бөгөөд энэхүү үйлчилгээний үр дүнд биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан байна.

Харин визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын гурав, энгийнээр ажлын тав хоногт шийдвэрлэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ нийгэм спорт

“NBA” таван тоглолтоо хойшлуулжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ лигийн хэд хэдэн багт “COVID-19” халдвартай холбоотой асуудал үүссэнтэй холбоотойгоор таван тоглолтыг хойшлуулж буйгаа мэдэгджээ.

Тодруулбал, “Бруклин Нетс”, “Кливленд Кавальерс”, “Орландо Мэжик”, “Филадельфи 76ерс” багийн тоглогчид болон арын албаны ажилтнуудын дундаас олон хүн “NBA”-ийн эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг дагах шаардлагатай болсон байна.

Ингэснээр ням гарагт товлоод байсан “Бруклин Нетс-Денвер Наггетс”, “Кливленд Кавальерс-Атланта Хокс”, “Филадельфи 76ерс-Нью-Орлеанс Пеликанс” багийн тоглолт, мөн даваа гарагт болох “Орландо Мэжик-Торонто Рэпторс”, мягмар гарагт болох “Бруклин Нетс-Вашингтон Уизардс” багийн тоглолт хойшлогджээ.

Эдгээр тоглолтыг хэзээ товлох талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд 28-д жагсаж байна

Дэлхийн улс орнуудын хотыг агаарын чанарын индексээр нь жагсаадаг “IQ Air” сайтын жагсаалтаар Улаанбаатар хот 28-д эрэмбэлэгдэж байна. Арванхоёрдугаар сарын 20 буюу өнөөдрийн 10.00 цагийн байдлаар Улаанбаатарын агаарын чанарын индекс 98 байна.

98 нь бохирдлын хэмжээгээр дээрээсээ дөрөв дэх ангилалд багтана. Тодруулбал, хамгийн их агаарын бохирдолтой хот улаан хүрэн, түүний дараагийнх улаан, удаах нь улбар шар өнгөөр дүрслэгддэг. Харин Улаанбаатар хотыг шараар дүрсэлжээ.

Одоогоор хамгийн их агаарын бохирдолтой хотоор Пакистан улсын Лахоре хот 417-гоор жагсаж байна. Араас нь Кабул, Дели, Дака хотууд эрэмбэлэгджээ.

Улаанбаатар хотын араас 30-д Сөүл, 31-т Шенжень хотууд жагсжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Иранд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Иранд коронавирусийн “омикрон” хувилбарын анхны тохиолдол АНЭУ-аас ирсэн хүнээс илэрсэн талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Камаль Хейдаригийн мэдээлснээр, АНЭУ-аас саяхан ирсэн Техран хотын оршин суугч, дунд эргэм насны эрэгтэйгээс халдвар илэрсэн байна.

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “омикрон” хувилбар Өмнөд Африкт анх илэрсэн талаар мэдээлснээс гурван долоо хоногийн дараа манай улсад шинэ хувилбарын анхны тохиолдол илэрлээ” гэж К.Хейдари сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тухайн өвчтөн болон түүнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлажээ. Эрүүл мэндийн яамны төлөөлөгчдийн мэдээлснээр, хоёр өөр сэжигтэй тохиолдлыг “омикрон” хувилбараар халдварласан эсэхийг нарийвчлан шинжлэх ажил үргэлжилж байна.

Мөн “Омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр тул түүний тархалтыг хяналтад авах стратегийг боловсруулах талаар яаралтай хурал хийсэн гэж Эрүүл мэндийн дэд сайд хэлжээ.

Ойрхи Дорнодын орнуудаас коронавирусний халдварт хамгийн их нэрвэгдсэн оронд тооцогдож буй Иранд сүүлийн долоо хоногуудад халдварын шинэ тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурах болсон нь эрх баригчдыг хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулахад хүргээд байсан юм.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Иранд “COVID-19” халдварын 6.1 сая тохиолдол илэрч, 131 083 хүн нас баржээ. Тус улсад вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимжүүлсний дүнд халдварын үзүүлэлтүүд ийнхүү буурах хандлагатай байгаа юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 59 сая гаруй хүн вакцины эхний тунд, 50 сая гаруй хүн хоёр тунд хамрагджээ

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээр амарна

Арванхоёрдугаар сарын 29 буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээр амарна. Эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байгаа юм.

УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч цуцалжээ. Үндэсний эрх чөлөөний өдрийг энэ жил 10 дахь жилдээ ийн тэмдэглэж байна.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын тэргүүнээр Богдыг өргөмжилж байсан түүхтэй юм.

Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв-2021” үзэсгэлэн худалдаагаар 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав.

Үзэсгэлэн худалдаанд нийт 140 орчим иргэн, ААН оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулав. Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцлоо. Эдгээр иргэн, ААН 3 өдрийн үзэсгэлэн худалдаанд 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо


Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цуврааны бие бүрэлдэхүүн энэ сарын 19-ний өдөр эх орноосоо мордлоо.

Даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан, эх орон, төр, ард түмнийхээ хүлээлгэсэн нэр хүндтэй агаад өндөр хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэхээр БНӨСУ-ыг зорьж буй эдгээр энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.
Энэ өдөр эх орноосоо мордож буй тэднийг хүндэтгэн үдэх үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдаж, сургалтын дараагийн шатанд ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан өөрийгөө хөгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, дархлаажуулалтад бүрэн хамрагдах, хувийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье. Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг Та бүхэн арвин их амжилтаар угтаж, үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн өөрсдийн бодит хувь нэмрээ оруулна гэдэгт ЗХЖШ-ын удирдлага итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.
Ийнхүү БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Хурандаа О.Заяат захирагчтай цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.
Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.20/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Эргэн сануулахад өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлэг хуралданаар бүлгийн дарга Д.Ганбат ” Өмнөд Солонгост 13 настай монгол охин зургаан цаг зодуулсан. Тэр мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр гарснаар ил болж буй. Тэгвэл 100 жил болсон намын өмнөөс ичиж байна. Уул нь хурлаа хийж, дарга цэргээ сонгосонд нь баяр хүргэмээр байгаа юм. Гэхдээ Монгол Улсын иргэний хувьд ичиж байна. Ард түмний амьдрал хүнд байна. Хувь хүний эрх чөлөө, мэдээлэл, авлигтай тэмцэнэ гэж аман дээрээ яриад байна. Гадаад хэргийн сайдтай хариуцлага тооц. Өмнөд Солонгост ажиллаж буй иргэдтэй уулз. АН-ын бүлэг хариуцлага ярина” хэмээн мэдээлж байсан билээ.

ЦАГ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ХААНА
10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
09.00 Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд
10.00 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд
10.00 “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд
14.00 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд
14.00 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан