Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Гал түймрийн аюулаас 103.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 17.6 хувиар, аварсан хүний тоо 33,1 хувиар, аварсан хөрөнгө 9,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29 хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь пийшин зуух, яндангийн цонолтоос 17 хувь буюу 467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс шалтгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Хүүхдээ гар утас, зурагтын дэлгэцээс холдуулж, цэвэр агаарт тоглох боломж олгоорой

Өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах зөвлөмжийг хүргэж байна


Энэ жил төрийн болон боловсролын байгууллагуудаас бусад нь тодорхой хэмжээгээр хамт олон, гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэж, хөл хөдөлгөөнтэй байна. Цагаан сарын дараа хүртэл үргэлжлэх сурагчдын улирлын амралтаар гадаад, дотоодод аялах төлөвлөгөөтэй хүмүүс ч нэлээд байна.

Шинэ жилийн баяр, Сар шинийн баяр, сурагчдын улирлын урт амралтын хугацаанд өөрсдийн болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, анхаарлаа сулруулахгүй байхыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас зөвлөж байна.

Тайвшрах болоогүй

КОВИД-19-ийн өвчлөл, эндэгдлийн тохиолдлын тоо манай улсад сүүлийн хэдэн долоо хоногт буурч байгаа ч, илүү хурдан халдварлах чадвартай омикрон хувилбар хэдийнээ дэлхийн олон оронд хурдацтай тархаж байгаа нь тайвшрах болоогүйг сануулж байна. Европын зарим орнуудад өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, хөл хорио тогтоож, нэмэлт тунгийн дархлаажуулалтаа эрчимжүүлж байна.

Улирлын томуу, томуу төст өвчин их дэгдэж, агаарын бохирдол өмнөх жилээс нэмэгдсэн энэ үед ХЕПА шүүлтүүртэй амны хаалт зүүх, зай барих, дотоод орчинд олон хүн цугласан газраас зайлсхийх, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэх зэрэг сүүлийн хоёр жилд хэвшүүлээд буй урьдчилан сэргийлэх дэглэмүүдээ үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэй.

Дархлаажуулалтдаа хамрагдаарай

КОВИД-19-ийн эсрэг вакцины хамралт манай улсад харьцангуй сайн байгаа ч, нэмэлт тунгаа хийлгэж, өөрийгөө болон, гэр бүлээ хамгаалахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас зөвлөж байна.

ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн КОВИД-19-ийн эсрэг вакцинууд нь аюулгүй бөгөөд халдварын улмаас хүндээр өвдөх, нас барахаас хамгаалах өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Ямар ч вакцин 100 хувь хамгаалахгүй тул вакцин хийлгэсэн ч өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөх нь чухал юм. Үүнд амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих зэрэг юм.

Өвдсөн бол гэртээ байгаарай

Танд эсвэл гэр бүлийнхний чинь хэн нэгэнд КОВИД-19-ийн шинж тэмдэг илэрсэн бол гадуур явах, айлд зочлох, баярын үдэшлэгт очих, олон хүнтэй аливаа арга хэмжээнд оролцохоос татгалзаарай. Гэртээ байж, КОВИД-19 эсвэл ханиад, томууг бусад хүмүүст халдаахаас сэргийлээрэй. Мөн харьяаллын өрх, сумын эмнэлэг, 119 тусгай дугаарт хандаж зөвлөгөө аваарай.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг онцгой анхаараарай

Сурагчдын амралтын үеэр бага насны хүүхдийг ах, эгчид нь харуулж үлдээх, гэрт нь түгжих, улмаар хүүхэд янз бүрийн ахуйн осолд өртөх харамсалтай явдал элбэг гардаг. Та боломжтой бол гэрээсээ ажиллаарай. Гэрээс ажиллах боломжгүй бол хүүхдээ аль болох насанд хүрсэн хүнтэй үлдээхийг хичээгээрэй.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас сурагчдын амралтаар хүүхдээ болзошгүй ахуйн эрсдэлээс хамгаалахыг эцэг эх, асран хамгаалагчдад сануулсан зурагт санамжийг эндээс харна уу.

Цэвэрлэгээний бодисоо хүүхэд хүрэхгүй газар тавьсан уу?

Халуун тогоогоо хүүхэд хүрэхгүй газар тавьж, ойртож болохгүйг анхааруулсан уу?
Хүүхдээ гар утас, компьютер, зурагтын дэлгэцээс аль болох хол байлгаж, ном унших, спортоор хичээллэх, гадаа цэвэр агаарт тоглох боломж олгож, шим тэжээлтэй хоол хүнс өгч, орой эрт унтуулж, дархлааг нь дэмжээрэй.

Шинэ жилийн бэлэгт анхаараарай

Хүүхдэдээ болон айлын хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх бол хийжүүлсэн чихэрлэг ундаа, чихэр, шоколад, амттан, чипс зэрэг болон транс тосны өндөр агууламжтай эрүүл бус хүнсийг сонгохоос татгалзаарай. Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа, гарал үүсэл, хадгалалтын горим алдагдсан эсэх зэргийг сайтар шалгаж үзээрэй. Чихэр ихтэй, хэт боловсруулсан эрүүл бус хүнс хүүхдэд жингийн илүүдэл, шүд цоорол зэрэг асуудал үүсгэхийн зэрэгцээ дархлааг сулруулна.

Аялал төлөвлөсөн бол эрсдэлээ тооцоорой

Омикрон хувилбар дэлхийн олон улс оронд хурдацтай тархаж буй энэ үед гадаад оронд аялах нь эрсдэлтэй. Зорчих газрынхаа өвчлөлийн байдлыг сайн тандаарай. Очих, дайран өнгөрөх улс оронд чинь ПГУ (PCR) шинжилгээ авах талаар ямар дүрэм журам үйлчилж байгааг урьдчилан судлаарай. Нөхцөл байдал дордвол, нислэг цуцлагдах, гадаадад саатах ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

Вакцин хийлгээгүй бага насны хүүхдүүд эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдах боломжгүй хүмүүс аялах үед илүү эрсдэлтэйг санаарай.

Гэр бүлээрээ олон нийтийн газраар явахдаа анхаарах зүйлс

  • Битүү орчинд олон хүн цугларсан, агааржуулалт муутай, хүн хооронд 1 метрээс багагүй зай барих боломжгүй газраас зайлсхийх,
  • Олон нийтийн дунд явахдаа амны хаалт зүүх,
  • Гараа тогтмол угаах, угаах боломжгүй үедээ спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч ашиглах,
    >Гар угаах талаар дэлгэрэнгүй
  • Бохир гараараа нүд, ам, хамартаа хүрэхээс сэргийлэх.
  • Эдгээрийг хүүхдэдээ сануулж, мөрдүүлэх.

UNICEF Mongolia

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батчулуун: Бид ардчиллыг ч, капитализмыг ч “монголчилсон” л доо

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.


-Д.Урианхай гуай саяхан “Өдрийн сонин”-д “Том зорилгод том шалтгаан дандаа хөндөлсдөг” гээд өөрийнх нь тодорхойлсноор “философи-учирлал” нийтлүүлсэн л дээ. Яагаад монголчууд XIII зууныг эс тооцвол бусдаас ямагт хараат, ард түмэн маань ядуу зүдүү амьдарч ирсэн юм бэ гэдэгт хариулт эрэлхийлсэн байна лээ. Хүмүүс янз бүрээр хүлээж авсан байх. Таны хувьд юу хэлэх вэ?

-Чингисийн үед хамгийн хүчирхэг байлаа гээд ярилаа гэхэд хүчирхэг гэдэг хөгжсөн гэсэн ойлголт мөн үү. Чингисийн нэг байлдааны дараа Тататунгаа нэг уйгар хүнийг олзлоод нэгжсэн чинь өврөөс нь бийр, янтай гарч ирэхэд гайхацгаадаг гэдэг байх аа. Чингисийн үед бичиг үсгийн хэрэгсэл огт мэдэхгүй байсан улс шүү дээ. Бичиг үсэгтэй болоогүй үе байж. Монголын нууц товчоо 1220 хэдэн онд бичигдсэн гэдэг. гэтэл Чингисээс 1500 жилийн өмнө Өрнөдөд Платоны “Төр улс”, түүний шавь Аристотелийн “Улс төр” зохиол гарчихсан байж. Манайх 1200-гаад онд анх бичиг үсэгтэй болж, бичиг үсгээр үндэстнийхээ оюун санааг хадгалж эхэлнэ.

Философи, ёс зүй, хими, физик, математикийн мэдлэг, бичиг үсгээр хадгалах ёстой оюун санаа нь хэр байсан юм бол гээд эргэцүүлбэл их л юм бодогдож байгаа юм. Би баримт ярьж байна шүү дээ. Анх түүхээ л бичиж үлдээсэн. Үндэстэнд ямар мэдлэг хуримтлагдсан байна. Түүнийгээ л бичиж үлдээж. Философитой болтлоо удах юм шиг байгаа юм.

-Гэхдээ бусдыг дагуулах үзэл санаа байгаагүй бол Чингис дэлхийн талыг эзэлж чадахгүй байсан гэдэг биз дээ?

-Чингисийн ямар үзэл санаа байсан юм бэ?

-Академич Ш.Бира гуай “Тэнгэр үзэл Чингис хаан Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан үеэс дэлгэрч хөгжсөн” гэж ярьж байсан.

-Тэнгэрийг шүтдэг байсан гээд казах, узбек, тажикууд ч ярьдаг юм гэсэн. Явж явж шаманизм (бөө мөргөл) гэдэгтэй л холбогдох болов уу. Муулах дуртайдаа муулаад байгаа юм биш. Баримт олдохгүй байна л даа. Баримт олдохгүй байхад санаанаасаа гаргаж юм бичдэг улсууд олширчихсон.

Одоо манайд Чингисийн өмнөөс бодож, зохиож, туурвидаг улсууд олон байна шүү дээ. Сүүлийн үед философийн систем зохиосон улсууд нэлээд хэд гарлаа. Философийн түүхийг харахад Кант өөрийн философийн системтэй, Гегель философийн системтэй. Томоохон сэтгэгчид өөрийн философийг илэрхийлсэн, философийн системтэй байж л дээ. Тэр хүний философийг ойлгохын тулд яг ийм категориуд, нэр томьёонуудыг эзэмших шаардлагатай байдаг. Тэгээд тэр категориуд нь бас тийм амар ойлгогдохгүй. Нэр томьёонуудых нь талаар бодож, эргэцүүлж, унших шаардлагатай. Өөр номууд үзэх хэрэгтэй болно. Нэг философийн системтэй хүн гэхэд л дор хаяж 40-50 категори хэрэглэсэн байгаа юм. Тэгэхэд манайхан хэтэрхий амархан философийн систем яриад байна. З.Бат-Отгон, С.Молор-Эрдэнэ, хэн хэн ч байдаг билээ улсуудын дураараа тонгочдог эзэнгүй салбар байна аа.

-Би танаас яг асуух гээд байна л даа. Д.Урианхай гуай “Үндэсний хөгжлийн нэгдмэл монгол философи онолгүй, бие даасан сэтгэлгээний тусгаар тогтнолгүй” байна гэж дүгнэсэн. Урьд нь тийм юм байхгүй байсан болохоор одоо “үндэсний гүн ухааны тогтолцоо боловсруулах” оролдлогууд яваад байна гэсэн үг үү?

-Д.Урианхай гуай тоглоомоор хэлсэн үү мэдэхгүй байна “Би сүүлчийн марксист” гэж ярьж байсан. Хараад байхад диалектикийн гурван үндсэн хууль, зургаан хос категори гэж ярьдаг тэр хүрээнд сэтгээд байх шиг. Философийн систем гэж ярихдаа марксист философийн хүрээнд яваад байгаа юм. Маркс нь философийн хувьд Гегелиэсээ хараат байсан.

Яг үндэсний өөрийн гэсэн философийн нэр томьёо гарсан уу, үгүй юү. Манайд бол хэцүү л дээ. Би хэлсэн шүү дээ. Оюун санааны түүх уламжлал гэж ярихад бид хамгийн хүчирхэг гэж байгаа тэр үедээ л юун ном, шашдир. Бийр янтай хараад Чингист авчраад “Өврөөс нь ийм юм гарлаа, энэ яадаг юм бол” гэж гайхацгааж байсан улсууд. Нийтээрээ бичиг үсэгтэй болоод өөрсдийнхөө сэтгэлгээг цаасан дээр буулгах болтлоо бас нэлээд хугацаа шаардах байх л даа. Тийм юм байхгүй явсаар Буддын шашинтай золгосон шүү дээ. Буддын философийг тогтсон таалал гэсэн үгээр хэлдэг Тогтсон таалал гэдгийг нь уншаад үзэхээр дандаа ёс суртахууны номлол байгаа юм. Үлгэр нэлээд орсон, тиймэрхүү юмнууд харагддаг л даа. Над шиг барууны философи сонирхдог, түүгээр явчихсан улсуудын хувьд категори, философи нь харагдаж өгөхгүй юм. Одоо Монголын оюун санааны ядуурлыг далимдуулаад, хүн болгон философич болчих гээд дураараа тонгочиж байна шүү дээ. Тэдэнтэй ноололдоод, зууралдаад байх нь ч хаашаа юм. Нохой болгон руу чулуу шидвэл явах газар хорохгүй гэдэг.

-Би саяхан Б.Пунсалдулам гэж түүхчтэй ярьж байхад мань хүн “Өрнийн соёл, шинжлэх ухааны мэдлэг нэвтрээгүй байсан бол тусгаар тогтнох боломжгүй байсан” гэсэн. Дэлхий нийтийн хандлагыг дагах ёстой юм уу, эсвэл “Үндэсний гүн ухааны тогтолцоо” бий болгож байж хөгжих учиртай юм болов уу?

-Философийг юуны түрүүнд философи гэдгээр нь ойлгож, нэрлэх хэрэгтэй. 1950-иад оны үед математикийг тооны ухаан гэж орчуулаад, химийг хувилахуй ухаан, физикийг бодис зүй гэж орчуулж. Математикчид тооны ухаан гэж хэлбэл тун дургүй дээ. Эсвэл химичдийг хими гэж юу яриад байгаа юм, хувилахуй ухаан гэж сайхан үг байна гэвэл “Хими гэдэг чинь цаанаа тогтсон утгатай ойлголт” гэнэ. Гүн ухаан уг нь сүртэй л дээ. Гэхдээ утгыг нь алдуулаад байдаг учраас хэрэггүй. Софи мэдлэгт татагдах гээд хөөгөөд үзвэл их юм гардаг.

Дэлхийн шинжлэх ухааны хэл болсон эртний латин, грек үгүүдийг аль ч үндэстэн одоо дангаараа эзэмшдэггүй юм. Философийг философи гэж л ойлгох ёстой. Элдэв тогтсон таалал гэдэг юм уу, гүн, гүехэн ухаан гэдгээс татгалзъя. Саявтар болтол манайхан чинь Мал аж ахуйн гүн ухаан гэж балайрч байсан улсууд шүү дээ. Англиар Philosophy of Animal Husbandry, оросоор бол Философия скотоводства гэх нь байна шүү дээ. Англи, оросын философичдод сонсгох юм биш.

-Үндэсний философи гэж байх шаардлагатай юу?

-Цаг нь болохоор тухайн үндэстэн өөрсдөө философио боловсруулдаг л байх. Эпикурын хэлсэн үг байдаг. “Юу ч үгүйгээс юу ч үүсдэггүй” гээд байгаа шүү дээ. Тэгэхээр хичнээн үндэсний философи ч гэсэн дэлхий нийтээр хэрэглэж ойлгодог, урьд өмнө нь дэлхийд бүтээгдсэн зүйлийг харах л шаардлага гарна. Ч.Жүгдэр гэж судлаач, багш байсан, нас бараад удаж байна. Тэр хүн Монголын философийн түүхийн зураглалыг гаргах гэж оролдсон юм. Бичиг үсэг үүсээгүй байхад хад чулууны бичээс, сүг зургаас эхлээд. Тэр ч бас хүний оюун санаа шингэсэн эд мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ философи гэвэл хэтэрхий хялбарчилсан хэрэг. Үнэн хатуу байдаг. Хүй нэгдлийн үеийн хүн л оюун санаандаа орсон юмыг зурагласан хэрэг шүү дээ. Манайд яг философи шинжтэй зүйл хожуу орж ирсэн дээ. Марксист философи гэдэгтэй л холбоотой. Үүнийг нуугаад яах вэ. Би бол нэг их зүүний үзэлтэй, марксист сэтгэлгээтэй хүн биш. Гэхдээ яах аргагүй философи шинжтэй зүйл марксист философитой л холбоотой орж ирж. Философийн категориор сэтгэе гэвэл тэр үетэй л холбоотой байсан юм. Манайд бол шашны номлол, сургаалуудаа философи гэж ярих гээд байдаг. Ер нь үндэстний хөгжилд оюун санаа хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Шашин бол оюун санаа мөн. Европын ард түмэнд христийн шашин их нөлөөлснийг үгүйсгэх арга байхгүй. Хятадын ард түмэнд Күнз маш хүчтэй нөлөөлсөн. Энэтхэгүүдэд хиндуизм, япончуудад шинтоизм хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ шашны үзэл санаа хүчтэй нөлөөлөхөөс гадна философи шууд нөлөөлнө гэхэд хэцүү л дээ. Ингэж хэллээ гээд өөрийн мэргэжлийг доош нь хийж байгаа юм биш. Хүн болгон философидоод ч байдаггүй юм. Монголын 3 сая 500 мянган хүн үндэсний философитой болчихоод, түүнийгээ мөрдөөд явна гэж юу байх вэ. Үндэстэн дотор тодорхой хэсэг нь өөрийн гэсэн үзэл бодолтой болоод, түүнийгээ удирдлага болгоод, тэр нь философийн, шашны, улс төрийн, үндэсний үзлийн элемент байж болно. Ямар ч байсан нийгмийн оюун санаа гэж юм бүрдэх ёстой байх л даа. Бидэнд буддизм, бөө мөргөл нэлээд нөлөөлсөн байх. Миний хувьд хамгийн их нөлөөлөөсэй гэж хүсч, боддог зүйл бол Барууны шинжлэх ухаан, танин мэдэхүйн онол, сургуулиуд. Тэгэхээр одоо дэлхий дээр хүн ардаа хамгийн их жаргалтай байлгаж байгаа нийгэм, улс орон үндэстэн хаана байна гэвэл капитализмыг жинхэнээр нь хөгжүүлсэн улс орныг хэлнэ. Герман, Франц, Нидерланд, Япон, АНУ гээд капитализм хөгжсөн улс орнуудад хүн ард нь арай л жаргалтай байна уу гэж боддог.

-Өнөөдрийн Монголд таны яриад байгаа капитализм байгаа юу?

-Уг нь гуч гаруй жил явчихлаа. Жинхэнэ капитализм руу орж өгөхгүй байна шүү дээ. Хүн ардын ёс заншлаар дамжсан феодализмын элемент их байна. Капитализмын үеийн эрх мэдэлтнүүд өөрсдийгөө сайн менежер гэж ойлгох ёстой шиг санагдаад байгаа юм. Гэтэл манайд эрх мэдэлтэй болсон хүн өөрийгөө ноён гэж ойлгодог. Манайд социализмын үеийн арга барил бас их байна. Капитализмаас бас ганц нэг юм хоосон хуулбарлаад байна. Холимог хуурга л байна шүү дээ. Бид ардчиллыг ч, капитализмыг ч “монголчилсон” л доо. Бид чинь 69 гэж машиныг монголчилсон. Ямар ч юмыг монголчлоод хаячихдаг байхгүй юу. Манайд одоо крони капитализм байна. Капитализмын оронцог, танил талын, жалга довны, “арын хаалганы” капитализм. Энэ бол үнэндээ капитализм биш л дээ.

Оргүй хоосноос санаанаасаа юм гаргаж ирэхийн оронд ядаж дэлхийн нэлээд хөгжсөн газар юу хийгээд байгааг бас үзэх хэрэгтэй байгаа юм. Энүүхэндээ тогоон дотроо галзуурцгааж болохгүй л дээ.

Нийгмийн философи ярих гэж байгаа бол бусад улс оронд энэ талын эрэл хайгуул хэдэн зуун жил явсан байна. Оргил нь юу вэ гэдгийг үзчих хэрэгтэй. Германы Франкфуртын сургуулийнхан болоод Харвардын их сургуулийн профессор Ж.Роулсын “Зүй ёсны онол” (Theory of Justice) гэдгийг жишээлбэл үзчихсэн байх л хэрэгтэй шүү дээ.

Жинхэнэ философи, шинжлэх ухаан огт өөр байдаг. Мэр сэр боловч манайд бас байна аа, тун явцуу хүрээнд. Дөнгөж өчигдөр уржигдархан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн профессор М.Отгонбаяр Людвиг Витгенштейний “Логик философийн трактат” гэдэг номыг орчуулаад гаргачихлаа шүү дээ. Жилийн өмнө шахуу МУИС-ийн биофизикийн профессор Д.Төмөрбаатар Ньютоны “Натур философийн математик зарчмууд”-ын гурван ботийг монголчилж гаргасан. Өмнө нь Австрийн онолын физикч, Нобелийн шагналт Э.Шредингерийн “Амьдрал гэж юу вэ?” номыг орчуулсан. Сая мань эр Эйнштейнийн “Харьцангуйн тусгай онол”-ын бүтээлийг орчуулаад софтоор esan.mn сайт дээр гаргалаа. Энэ бүтээл дэх хөдөлгөөн, орон зай, цаг хугацааны асуудал бол тэр чигээрээ философи шүү дээ. Ийм жинхэнэ философийн бүтээл маш явцуу хүрээнд тархдаг. Бусад хүн ойлгох ч үгүй, ойлгох шаардлага ч байхгүй. Хар масс ойлгоод байвал тэр юуных нь мэдлэгийн тусгай салбар байх вэ дээ. Онол гүнзгийрэх тусмаа цөөн хүний хэрэг болдог, мэргэжлийн хүрээн дотроо ч тэр шүү дээ.

Гэтэл манайд эзэнгүй айлд ороод сандайчаад хаяж байгаа юм шиг дураараа тонгочдог ганц салбар философи болчихоод байна. Философийн байгууллагууд нь сул байгаа юм. Тийм учраас гудамжнаас философиддог улсууд олширсон. Мэргэжлийн салбарын нөхдүүд нь Зөвлөлт-Оросыг хэт дагачихсан. Барууны философийг эзэмшиж чадахгүй байсан. Яг ийм тэр завсрын үеэр баахан “философич” гарч ирсэн.

-Би бас Д.Урианхай гуайн нийтлэлээс бүх хүнд ойлгогдсон хэсгийг нь асуух гээд байна л даа. “Үндэсний оюун санааны хүчирхэг нэгдэлгүй, ганц нэгээрээ сондгойрдог, хөгжлийн зорилгын зангидмал үзэл онолгүй, дов товцог, жалга хонхорын эрх ашигт хуваагддаг, хоорондоо тэрсэлддэг, бусдын эсрэг бус бие биеийнхээ эсрэг тэмцэлд л “Ялалт” байгуулж баатарладаг” гэсэн л дээ.

– Энийг заавал философи

гээд байх хэрэг байна уу? Энэ чинь эрүүл ухаантай хүний тархинд л орж ирдэг зөв дүгнэлт. Д.Урианхай гуай бид хоёр гэмгүй, сайхан харьцаатай байдаг улс. Гэхдээ философи гэдгийг хэтэрхий хялбарчилж ойлгох, эсвэл хуучны марксизм шиг үндэстэнээрээ дагаж мөрдөх ёстой номлол маягтай болгох хэрэг байхгүй шүү дээ.

-Философтой холбоогүй ч байсан таны бодлыг сонсмоор байна л даа. Манайхны энэ зөрчил тэмцэлтэй байдал ардчилсан нийгэмд байх ёстой үзэгдэл юм уу. Эсвэл Монгол хөгжихгүй байгаагийн шалтгаан гэж үзэх үү?

-Манайхан ерөөсөө л эв нэгдлийн мэдрэмжгүй улсууд. Одоо л ийм болчихсон юм биш. Нэгийгээ хүлээн зөвшөөрч байсан түүх бараг байхгүй. Бүгдийг хүчээр дагуулж байснаараа Чингисийн үед л арай өөр байсан байх. Чингис хаан нас барангуут л хүүхдүүд нь хоорондоо үзэлцээд эхэлсэн. Ач нарынх нь үед бүүр ч үзэлцсэн. Түүнээс хойш бол талаар нэг тарцгаасан биз дээ. Би бас хэтэрхий гипотетик маягийн юм хэлэх гээд байна. Эрхэлж байгаа аж ахуйтай нь холбоотой байдаг болов уу. Эрхэлж байгаа аж ахуй нь угаасаа тархай бутархай байхыг шаарддаг биз дээ. Суурьшмал улсууд нэг дор төвлөрч, удирдлагатай байж болдог.

-Гэхдээ Алтан тэвшийн хөндийдөө хүн амын тал хувь нь суурьшиж байгаа шүү дээ. Хотын иргэдэд мал ч байхгүй. Суурин амьдралтай болчихоод байгаа мөртлөө нүүдэлчин сэтгэлгээ маань салахгүй байгаа гэсэн үг үү?

-Энд суурьшаад бид удаагүй байна шүү дээ. Хагас зуун жил болж байгаа юм уу даа. Хотжил, суурьшил гэдэг хэдэн мянган жилээр байж түүндээ тохирсон оюун санаа бүрдэнэ шүү дээ. 1990 оноос өмнө бол хөдөөнөөс шилжиж ирэх гэж “махаа иддэг” байсан. Улаанбаатар руу оруулдаг ч үгүй “барьдаг” байсан байх. Бүгдээрээ бөөгнөөд хотжилд ороод тун удаагүй байна. Хотжил гэдэг үзэгдлийн хувьд бүр нялхаараа байна. Үнэндээ 1920-иод оны Да хүрээ хот биш шүү дээ. Хотод байх соёлын хэм хэмжээнүүд байгаагүй.

-Та тэгэхээр жамаараа яваа л гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Хот гэдэг том үзэгдлийн нас, хувь хүний нас огт өөр юм чинь. Тэр тусмаа нийгмийн өөрчлөлт маш урт хугацаа шаардана. Лав хүний гурав, дөрвөн үе өнгөрөх байлгүй дээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк ипотекийн зээлийг хойшлуулахгүй байх санал Засгийн газарт хүргүүллээ

Монгол Улс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ипотекийн зээлээ төлөх чадваргүй байгаа иргэдээс гар бичмэлэн хүсэлт авч зээлийн төлөлтөө хойшлуулж болох гэх шийдвэр гараад байв. Харин өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Ардын Намын бүлэг ковидын хуулийг дахин зургаан сараар сунгахыг зөв хэмээн бүлгээрээ дэмжсэн юм. Одоо их хурлаар хэлэлцүүлээд дэмжвэл батлах аж. Харин үүнд Монголбанк ипотекийн зээлийг хойшлуулахгүй байх санал гаргасан байна. Ингэснээр банкны систем, ажиллагаанд сөргөөр нөлөөлнө хэмээн үзсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эгийн голын усанд 200 үхэр боогджээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт Иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул ажлыг түр зогсоосон байна. Орон нутгийн 12 иргэн, зургаан мотоциклтой ажилласан. 12.21-ний өдрийн 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлнэ. Усанд боогдсон үхрүүдээс 20 нь хорогдсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн албан татвартай холбоотой 2015 оны тогтоолыг хүчингүй болгохыг дэмжив

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох 2015 оны тогтоолыг хүчингүй болгож, шинээр батлахыг хэлэлцлээ.

Учир нь нийслэл хотын албан татварын тухай хуульд 2021 оны 7 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулснаар авто угаалгын газар, авто үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр төрлийн үйлчилгээг хуулийн үйлчлэлд нэмж хамруулж байгаа юм.

Нийслэлд авто угаалгын 421 газар, авто машины засвар үйлчилгээ үзүүлэгч 167 хуулийн этгээд бүртгэлтэй аж. Харин эрх зүйн шинэ орчны хүрээнд дээрх хоёр чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид нийслэл хотын нэг хувийн албан татварыг ирэх оноос төлж эхлэх талаар НИТХ-ын ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхийг тэргүүлэгчид дэмжжээ.

Categories
мэдээ нийгэм

Филиппинд хар шуурганы улмаас 375 хүн амиа алджээ

Филиппин улсад өнгөрсөн пүрэв гарагт болсон хүчтэй шуурганы улмаас 375 хүн амиа алджээ. Тус улсын зүүн өмнөд арлуудад цагт 195 км-ын хурдтай Рай хуй салхи дайран өнгөрсөн байна.

400 мянга гаруй хүнийг аюулгүй газар руу нүүсэн ч шуурганд өртсөн 500 гаруй хүн гэмтэж бэртэн, 56 хүн сураггүй алга болжээ.

Аврагчид нөхцөл байдал яг л дайны талбар шиг байна гэв. Ихэнх газруудад эрчим хүч, холбоо харилцаагүй болж, ундны ус хомсдож байна гэж Филиппин дэх Улаан загалмай байгууллагын тэргүүн Ричард Гордон хэлсэн байна.

Тэрээр зарим хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөлтөөс ч аймшигтай дүр зураг харагдаж байгаа талаар хэлжээ.

Хүмүүсийн орон байр, эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагууд сүйрсэн байна. Сайн дурынхан гамшигт нэрвэгдэж, юу ч үгүй үлдсэн хүмүүст тусалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: 4-5 настнуудын 33 хувь нь цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байна

Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн. Томуугийн улирал, омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд

  • 1453 цэцэрлэгийн
  • 7024 бүлэгт
  • 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм.

Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн

  • 31 мянга нь 4 настай,
  • 28 мянга нь 5 настай суралцагч байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл баатрын цагаан толгой Баатар цагаан хаанд олигтой үнэлэгдсэнгүй

ОХУ-д В.В.Путин, Монголд МАН ялсан тохиолдолд “Монголын ардчилагчдаас барь, хорь. Түүчээг нь мохоож, зүрхийг нь үхүүл” гэдэг зарчим үйлчилдэг гэх дэл сул яриа бий. Гэтэл үүнийг батлах гэсэн мэт У.Хүрэлсүх Путинд тал засч Э.Бат-Үүлийг шоронд хийчихээд яваад очтол олигтой үнэлэгдсэнгүй.

Орост 1917 онд Хаант засгийг халж, Октябрийн хувьсгал ялсан. Оросын сүүлчийн хаан II Николайг түүхэнд Цагаан хаан, монголчууд Баатар цагаан хаан гэж нэрийдсэн байдаг. II Николай хаан бол хувьсгалаас өмнө Оросыг захирч байсан бөгөөд тэр үеийг Баатар цагаан хааны үе гэдэг. Оросууд хувьсгал хийж, дараа нь коммунизмаар замнасан ч эргээд Путин гэх Баатар цагаан хаантай болсныг дотооддоо хаа сайгүй эсэргүүцэж, тус улсын сэхээлэг хэсэг Путин эрх мэдлээ хэрхэн хэтрүүлж, хаанчилж байгаа талаар баримттай шүүмжилсээр байгаа. өнгөрсөн жил Орос даяар Путиныг эсэргүүцсэн жагсаал хүчтэй өрнөж, гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа оросууд хүртэл байгаа байгаа газартаа “АнтиПутин” хэмээн жагссан нь Баатар цагаан хаанаа эсэргүүцсэн хэрэг л дээ. Иймийн учир түүнийг Баатар цагаан хаан гэв.

У.Хүрэлсүх бараа бологчдоо дагуулаад Э.Бат-Үүлийн цагаан толгойг “ганзага”-лаад Баатар цагаан хаанд бараалхсан боловч бидний, Монголын ард түмний хүсч байснаар л лав айлчлал нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. УЦС-аас эхлүүлээд шийдвэрлэвэл зохих тулгамдсан олон асуудал байсан учир ямар нэг шийдэлд хүрч, хэлэлцээр хийж манай эрх ашиг жаахан ч атугай хангагдах байх гэж таамаглаж байтал юун хэлэлцээр манатай амаа ч том ангайж чадалгүй, багшаараа ам руугаа алгадуулаад харин ч нэмж гэрийн даалгавар аваад ирж байгаа хүүхэд аятай л юм болоод өнгөрчихлөө.

УЦС барих асуудлыг сөхтөл “Яах юм бэ, бид та нарыг тогоор ханатал чинь хангая” гэчих шиг боллоо. Тогоор хангая, зүгээр өгье ч гэсэн байж болно. Гэхдээ зүгээр, үнэгүй юм өглөө гэж бодож байтал дараа нь гэнэт хаанаас ч юм төлж дийлэхээргүй өр гаргаж ирээд толгой тоншдог зантайг нь та бид мэднэ ээ дээ. Ах дүүгийн найрамдал гэж монголчууд 60, 70 жил хөөрцөглөж, хөөр болж байтал сүүлд нь Орос ах нар нь өрний хавхандаа тасхийтэл хавчаад авсан. Тогоор хангая гэдгийн цаад санаа нь нэг иймэрхүү урхи, хавхархуу юм байж мэднэ. Нефтийн тал дээр бас дуугарсан биш бүр ч эвгүйтээд явчихав уу, яав. Жижиглэнгээр очоод шавчихаар хэн тэрийг авч, хэн тэрийг нь зарах вэ дээ. Дампуурах хэмжээний төлөв ажиглагдлаа, яриа хэлцлээс нь харахад нефть, шатахуун дээр.

Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чаддагийг Женко тэргүүтэй хүмүүс харуулаадахтал бас л гар, хөлийг нь хүлээд авчихлаа. Оросууд л зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтыг гардан хийх ёстой болоодохов.

Богдхан төмөр зам, хөндлөн трассууд, боомтуудаар гарах төмөр зам, Ханги-Мандал боомт, Гашуунсухайтын төмөр зам гээд Монгол Улсын хөгжлийг

түргэтгэх томоохон бүтээн байгуулалтын олон ажил бий. Монголд төмөр замын сүлжээг маш сайн хөгжүүлэхгүй бол ганцхан боомтоос хараат байснаар улсаараа хэрхэн боогдож, хаагддагийг саяны Хятад улсын хилийн хориг харууллаа. Дээр дурдсан төмөр замууд баригдаж, үйл ажиллагаа нь эхэллээ гэхэд Эрээн хаагдахад Ханги-Мандалаар орж гараад байж болно. Хангимандал хаагдлаа гэхэд Гашуунсухайтын боомт гэсэн хувилбараар бараа таваараа тасалдуулчихгүйгээр татаад байх боломж бүрдэх юм. Гэтэл ийм сүлжээ, төмөр замуудыг Монголд, монголчуудаар бариулахгүй байх санаагаа сая айлчлалын үеэр нөгөө тал шургуулчих шиг боллоо. Төмөр замыг чинь барьж байна, барилцаж байна гээд Богдхан төмөр замын ажил дээр ах нар лав 10 жилийг өлхөн сунжруулчихаж чадна.

Айлчлал болгоноор шахуу ярьдаг мөртлөө хэзээ ч ажил хэрэг болдоггүй нэг сэдэв байдаг нь хийн хоолой. Энэ удаагийн айлчлалаар мөн л улиглаж байна лээ. Хийн хоолойг тавихаар болсон уу, судлах хэмжээнд очсон уу гэдэг нь бас л тодорхойгүй. Ямартаа ч амаар тохирч байх шиг. Саяхан л “Судалж эхэлж байна” гэдэг байсан юм чинь одоо бол “Судлахаа эрчимжүүлэхээр боллоо” гэдэг

дээрээ ирчихсэн байх гэж таамаглаж байна. Хэлэлцээр ямар шатандаа явж байгаа эсэх, бодит ажил нь хэзээ эхлэх нь учир битүүлэг.

Төмөр зам, хийн хоолой гэх мэт хойд хөршөөс хараат эдгээр сэдэв, ажлууд бол бүгд зэрэглээ. “Хийн хоолой барих ажлыг судлах ажлыг эрчимжүүллээ” гэдэг хийрхсэн, суртал ухуулгын шинжтэй энэ байр сууриа одоо боль. Яг энэ өгүүлбэрийг айлчлал болгоны дараа сонссоор ард түмэн залхаж байна. Улс орны хувь заяатай холбоотой ийм том асуудлууд дээр хийрхэж, худал хэлж аргацааж болохгүй. Ард түмэнд үнэнийг нь хэл. Улс орны аливаа асуудал дээр хийрхэж болохгүй, хийрхвэл яаж элгээрээ хэвтдэгийг та бид сүүлийн хоёр жилд, ковидын цар тахлын үед харлаа, амьдралаараа мэдэрлээ шүү дээ. Яг үнэнээр нь, бодитоор нь юу болсныг, юу ярилцсанаа ард түмэнд өч. Эх орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудын үнэн бодит нөхцөл байдлыг ард түмэн, олон нийт мэдэж байх ёстой.

Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд УЦС болон яаралтай шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудалд нааштай хариу сонсох эсэх нь нийт Монголын эрх ашиг байсан юм. Монголын эрх ашиг талаас харвал хий дэмий, цаг үрсэн, ашиггүй айлчлал болчихлоо гэж шулуухан хэлж болно. Гэхдээ мэргэжлийн улсууд, дипломатчид юу гэж дүгнэх нь бас өөр байх. Монголын эрх ашгийг хангасан, түүний төлөө зорьсон айлчлал биш юм бол тэгээд хэний эрх ашгийн төлөө хийгдсэн айлчлал вэ гэдгийг мэдэхгүй юм. өөх ч биш булчирхай ч биш, өдөр ч биш шөнө ч биш гэгчээр манай Ерөнхийлөгчийг оросууд хэдэн хөшөө, дурсгалд мөргүүлж байгаад буцаачихав бололтой янз нь.

Монголын Ардчиллын Загалмайлсан эцгийг шоронд хийн байж, нэр нүүрээ баран байж очсоноос нь дүгнэвэл Монгол Улс Ардчиллын “баянбүрд” гэгддэг бахархам тодорхойлолт аль эрт алга болсныг, тэр баянбүрд нь хэдийнэ ширгэчихсэнийг баталчихлаа. Монголын ард түмний хувьд Ардчилал дууссан юм байна. Ардчилсан орон, бид ардчилалтай гэж өөрсдийгөө худлаа хуурдгаа одооноос больцгооё. АН Монголд ардчилал бий гэж худлаа юм ярьж, уриалдгаа ч зогсоо. Хоосон лоозогнохоо аяд.

Ардчиллын төлөө зүрх нь үнэн голоосоо цохилж л байгаа бол хэнийг ч байсан урдаа гаргаад араас нь зоригтой дага л даа. Аль хүчтэй байгаагаа, ардчиллын төлөө тэмцэж чадахыгаа урдаа оруул. Дараа нь дотоод асуудлаа шийднэ биз. Ямартаа ч Ардчиллыг яаралтайгаар эзэнтэй болгож авахгүй бол нөхцөл байдал хүндэрлээ, болохоо байлаа гэдэг нь энэ удаагийн айлчлалаас илт мэдрэгдлээ. “Ганзага”-луулсаар байгаад хэдэн ардчилагчид чинь дууслаа, дууслаа.

Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ-аас баярын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриаллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Омикрон хувилбарын тархацтай холбоотойгоор баярын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриалжээ. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейесус “Хэн нэгний амьдралыг үгүй хийснээс арга хэмжээнүүдээ цуцалсан нь дээр гээд “шаардлагатай үед хүнд хэцүү шийдвэр гаргаж, арга хэмжээнүүдээ цуцлах эсвэл хойшлуулах хэрэгтэй” гэжээ.

Тэрээр Омикрон хувилбар Дельта хувилбараас хурдан тархаж байна гэв.

Франц, Герман зэрэг хэд хэдэн улс орнууд шинэ хувилбарын тархалтыг зогсоохын тулд ковидын хязгаарлалтаа чангатгаж, аяллын хязгаарлалт тавьсан бол Нидерланд улс Зул сарын баярын үеэр хатуу хөл хорио тогтоогоод байна.

Цагаан ордны тэргүүн, Ерөнхийлөгч Жо Байден “хөл хорио тогтоох” төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ. Гэвч тус улсын халдварт өвчний тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи Зул сарын баяраар вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн дунд ч Омикроны тархалт нэмэгдэж болзошгүй гэж анхааруулж байсан юм.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Төрийн департаментаас иргэдээ Испани, Финланд, Чад, Ливан зэрэг найман улс руу аялахаас зайлсхийхийг зөвлөжээ.

Эх сурвалж: ВВС