Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгаар цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.12.22/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

10.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

10.30

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

11.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их засаг” танхимд

14.00

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар аж ахуйн нэгжид тавих хяналт шалгалтын асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн, засгийн газрын харъяа хяналтын байгууллагуудаас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гаргалаа” гэж онцолсон юм.

Categories
гадаад мэдээ нийгэм

Израиль улс иргэдээ вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болжээ

Халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын вирусээс хамгаалахын тулд 60-aас дээш насны иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болсноо Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр зарлажээ. Тэрээр “Израиль улсын иргэд дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдаж байсан бол одоо бид дөрөв дэх тун дээр ч анхдагч болж байна.” гэжээ. Мөн мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийн дагуу энэ шийдвэрийг гаргасан гэсэн юм. Израиль улсад даваа гарагт омикрон хувилбараар халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай албаныхан өчигдөр мэдээлсэн. 60 гаруй настай уг өвчтөн хэд хэдэн төрлийн архаг хууч өвчтэй байсан аж. Мягмар гарагийн байдлаар тус улсад омикрон хувилбарын 340 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногоос эхлэн Израиль улс АНУ, Герман, Итали, Турк, Канад улсуудаас ирэх зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон. Израилийн Эрүүл мэндийн яамнаас өндөр настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна дархлаа султай иргэд гурав дахь тунгаас хойш доод тал нь дөрвөн сарын дараа дөрөв дэх тунд хамрагдаж болно гэж мэдээлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ явуулбал УИХ-д бараг цөөнх болно

Эрх баригч МАН хэдхэн хоногийн өмнө 30 дугаар их хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгосон. Шинэ бүрэлдэхүүнд МАН-ыг удирдаж, Ерөнхий сайдын албыг хүртэл хашиж явсан М.Энхболд, Сү.Батболд нарын олон хүмүүс багтаагүй билээ. Энэ үйл явдлын учрыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарласан байна. Тэрбээр өчигдөр өгсөн ярилцлагадаа “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд улс төрийн намын халхавч дор нуугддаг, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлүүдийг таслан зогсоох алхам руугаа оръё гэж байгаа юм. Иймээс намын дүрэмд тодорхой заалтыг оруулсан. Дүрмээ хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлчихлээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд МАН-ын аль ч шатны удирдах албан тушаал хашихгүй гэдэг дүрмийн заалт оруулсан. Жишээ нь, анхан шатны нэгжийн даргыг ийм хэрэгт холбогдсон этгээд хашихгүй заалттай боллоо. Бас дээрээс нь аливаа шатны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Цаашлаад эдгээр хүмүүс МАН-аас улс төрийн дэмжлэг авахгүй” гэж ярьжээ. Тэгэхээр МАН энэ заалтаа яс бариад явбал шинэ уур амьсгалаар давлагаалах бололтой. Үүний эхлэл нь М.Энхболд, Сү.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хассанаар илэрч байна. Зөвхөн энэ удаагийн хасагдсан хүмүүс биш, цаашид ч МАН дэмжлэг үзүүлэхгүй хүмүүстээ энэ заалтаа ил тод зарлаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан, бүр ял шийтгэл авч байсан хүмүүс ч МАН-ын нэрээр сонгуульд ялж, энэ намын нэрээр элдэв албан тушаал хашиж байгаа. Тэр хүмүүст зориулж намын генсек ингэж зарлалаа гэж харагдаж байна. Тэдгээр хүмүүсээс цөөхнийг хэлье.

Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж Жаргалтулгын Эрдэнэбатыг буруутган шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Харин жил гаруйн дараа түүнийг суллахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ шүүхээс танилцуулсан юм. Ингээд тэр шоронгоос гараад шууд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Ё.Баатарбилэг гишүүн Архангайн Засаг дарга байхдаа авлигын хэргээр шалгагдан, хоригдож байсан нь энүүхэн хэдхэн жилийн өмнөх явдал.

УИХ-ын дарга Г.Занданшатар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт хамтдаа шалгагдаж, эгээтэй л ачигдалгүй үлдсэн.

Ш.Раднаасэд гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, олон хүнд ял завших боломж олгосон гэдэг. Түүнийг нөхөд нь “Ааяа” гэж авгайлдаг болохыг бид мэддэг болсон.

Сүхбаатарын Батболд гишүүний оффшор мөнгөний асуудлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг баримтаар гаргаад ирсэн.

Энэ мэт барим тавим баримтаас гадна олны ам дамжин яригддаг, хийсэн үйлдэл нь нэр хоч болон үлдсэн гишүүд бий. Дорнодын цахилгаан станцын төсөл, 10 сая ам.доллартай шууд нэр нь холбоотой хүн одоо ч Төрийн ордонд заларч байна.

Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрлийг ах дүүгээрээ дамжуулан гадныханд зарсан гэдэг хэл аманд холбогддог гишүүн, Тост, Тосон бумбын нурууныбайгалийн нөөц газарт уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг захирал гишүүн, Туул голын бургасыг огтолж барилга барьдаг гишүүн гээд одоогийн УИХ-д сууж байгаа олон хүний талаар ард түмэн мэддэг, дургүйлхдэг.

МАН энэ мэт алдааны цуглуулгуудаасаа бага багаар татгалзаж байгаагаа зарлалаа. Эхнээсээ татгалзаад байгаагууд нь тодорхой болсон. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажил хийх чадваргүй гэж үзэж эхэлж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бүх гишүүдээсээ татгалзвал хэтрүүлж хэлэхэд, УИХ-д цөөнх болох хэмжээний гишүүдтэй үлдэнэ гэдгээ нам удирдаж байгаа хоёр залуу тооцсон болов уу. Тооцсон ч эргэж буцахааргүй зоримог харагдаж байна.

Ийм эр зориг, ийм шинэчлэлийн салхи ханхлуулж байгаад нь МАН-ын шинэхэн залууудирдлагуудад талархах ёстой. Ажил хийх чадамж, чадваргүй хүмүүсээсээ эрхтхэн салбал намд төдийгүй Монгол Улсад хэрэгтэй. Монголчууд бидний амьдралд тустай юм. Авлига авбал, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг хийвэл, ёс суртахуунгүй хогийн үйлдэл гаргавал таны улс төрийн карьер дуусдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болбол нийгэм одоогийнхоосоо нэг алхам урагшилна. Намаар дамжин албан тушаал хашиж, авлига аваад баяжаад байдаг асуудал бага ч атугай цэгцэрнэ. Цүнх баригчдын үед төгсгөл ирнэ гэсэн найдлага төрж байна.

Тиймээс УИХ-ын сонгуулийг наашлуулж дахин зарлахад ч гэмгүй. Нэгэнт ажлын чадамжгүй хүмүүсээсээ эртхэн салж, холын замд хөл нийлж явах шинэ цагийн боловсон хүчнээ урин залах хэрэгтэй. Ажил эрт эхлэх тусмаа урагштай байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Түвшинбаярыг өчигдөр цагдан хорьжээ

Хохирогч Э.Энхбатын ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүсэлт гаргаснаар Н.Түвшинбаярыг өчигдөр 18:00 цагийн үед цагдан хорьжээ. Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд товлоод буй. Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алба хаагчдын хувийн бэлтгэл, цаг ашиглалтыг шалгаж байна

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс Гал түймэр унтраах, аврах ангиудын албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр ангийн байршилд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдхүүнийг оролцуулан шалган зааварлах, мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлт, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг бэлтгэл бэлэн байдлыг шалган, заавар зөвлөмж өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: 120 ам.доллараар нүүрсээ зарж байгаа компани 400 гаруй ам.долларын АМНАТ төлнө гэдэг утгагүй асуудал


“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Бодлогогүй АМНАТ-аас болж том уурхайнууд дампуурвал буцаад сэргэхэд маш их хугацаа хэрэгтэй-


-АМНАТ-ын тухай хуулийг олборлолтын салбарынхан ихэд шүүмжлээд байх юм. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-АМНАТ-ын талаар 1-2 жилийн өмнө эсэргүүцэх асуудал их гарсан. Нүүрсийг баяжуулаад нэмүү өртөг шингээж байгаа компаниуд илүү их АМНАТ-ын дарамтад ороод байна гэх асуудал үүссэн. Хүчинтэй байх ёстой тогтоол Хууль зүйн яаманд бүртгүүлээгүйгээс болоод асуудал гарсан байдаг. Дараа нь түүнийгээ хуулиндаа тогтоогоод өгчихлөө гэж ойлгосон. Энэхүү асуудал шийдэгдсэн. Дотооддоо нүүрс олборлоод, баяжуулаад, борлуулаад дахин экспортод гаргахад давхар АМНАТ төлөөд байна гэсэн яриа байсан. Гэхдээ дотоодод борлуулахад тэр үнээс нь тооцсон АМНАТ-ыг экспортод гаргах үеийнх нь АМНАТ-аас хасна гэдэг хуулийн тодорхой зохицуулалт бий. Энэ зохицуулалтаар хасагдаад гарах ёстой. Гэтэл бодит байдал дээр яаж хэрэгжиж байгааг мэдэхгүй. Журмын дагуу хасагдаад гарч байгаа учир давхар тооцогдоно гэсэн зүйл байхгүй. Гэнэтийн ашиг гэдэг шиг хэрвээ нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр ердийн байдлаасаа огцом өндөр үнэтэй болох юм бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү нэмэгдүүлж төлдөг туршлага олон улсад бий. Энэ логик нь бизнес ашигтай ажиллаж байтал зах зээл дээр үнэ огцом өсчихлөө. Тэгэхээр бизнесийнхэн илүү ашиг авна.

Ашигт малтмалын нөөц үндсэн хуулиараа төрийн нийгмийн өмч, ард түмний өмч гэж заасан. Тэр утгаараа ард түмэн тэрхүү ашгаас хүртэх ёстой. Тэр нь нөөц ашигласан төлбөрөөрөө дамжиж очдог гэсэн логиктой. Энэ утгаараа илүү өндөр үнэтэй үед нөөцийн төлбөр нэмэгдэх нь байж болох үзэгдэл. Олон улсад ч энэ үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ нэг том ялгаатай. Манай хуульд үнэ өндөр болохоор нийт үнийн дүнгээс нь авч байгаа АМНАТ дагаад өсчихдөг. Уул уурхай хөгжсөн орнуудад хэвийн үнээс хэр хэмжээгээр өснө тэр өссөн үнээс нь илүү их АМНАТ авдаг. Жишээ нь, 100 долларын үнэтэй нүүрсээ борлуулахад 5 хувийн АМНАТ авдаг байлаа гэж бодъё.Түүнийгээ 120 ам.доллараар зараад ирэнгүүт манай хуулиар 5 биш 10 ам.долларын АМНАТ төлдөг. Австралид 100 ам.доллар байлаа гэхэд 120 доллар болж өсвөл нэмэгдсэн үнээс нь 20 хувийн АМНАТ авдаг. Манайд бол нийт дүнгээс нь авчихаар үнэ нэмэгдлээ гээд тэр байгууллагад ашиггүй. Өндөр үнээр зарах сонирхолгүй болчихдог.

-Ашигт малтмалын тухай хуульд эдгээр асуудлаа засаж сайжруулах ямар нөхцөл оруулах ёстой вэ?

-Энэ хуулинд АМНАТ-ын зохицуулалтыг ухаалгаар хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэхээр нөөц ашигласны төлбөрийг нэмж төлөх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хэвийн дүнгээсээ хэр их нэмэгдсэнээр нь хэдэн төгрөгийн татвар авч болох вэ гэдэг асуудлыг судалж байж авах хэрэгтэй. Нийт дүнгээс нь өндөр үнэтэй татвар авах юм бол логикгүй, үндэслэлгүй буруу томьёолол. Ийм томьёолол одоогийн ашигт малтмалын тухай хууль дээр байгаа. Үүнийг шинэ хуулиар өөрчилж, уул уурхай хөгжсөн орнуудын жишигт аваачих болов уу гэж найдаж байна.

-Нүүрсийг тэгэхээр хаягдалтай нь цуг үнэлээд байна гэсэн үг үү?

-Тийм. Нүүрсийг цэвэрлэж, ялгаж байж баяжуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол сайныг нь олборлоод шууд аччихдаг. Холилдсон шороо чулуутай хэсгийг хаяад байж болохгүй. Монголын хууль, төрийн бодлогын хүрээнд ч гэсэн ашигт малтмалыг хаягдалгүй иж бүрнээр нь ашиглах зорилттой. Тэр нь баяжуулсан коксжих нүүрс гэдэг дээр тавьдаг АМНАТ нь үнэ өндөр болоод, баяжуулах нь ашиггүй болохоор баяжуулах үйлдвэр барихгүй байгаа. Үндсэн зорилгынхоо эсрэг нөлөөлөх бодлого явуулдаг. Үүнийг шинэ хуулиар засах байх.

-Нүүрсийг баяжуулж, коксжуулахад хэр их зардал гарах вэ?

-Олон арван сая ам.доллараар үйлдвэр барина. Тэгж байж баяжуулна. Тонн тутамд хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг нарийн тооцоолсон зүйл байхгүй.

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулахад ямар хүмүүс багтаж ажиллах ёстой вэ?

-Хуулийн төслийг боловсруулж байгаа гэж сонссон. Уул уурхай хүнд үйлдвэр салбар яамнаас аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудад төслөө танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэсэн. Түүнтэй танилцаад мэргэжлийн хүмүүсийн санал сэтгэгдлийг тусгаж ажиллавал үр дүнтэй байх болов уу.

-Энэ жилийн нүүрсний экспорт ямар байв?

-АМНАТ-ын тухайд энэ жил нэг том асуудал гарсан. Хуулийн зохицуулалтад борлуулсан нүүрсний орлогоос тэдэн хувийн АМНАТ авна гэж заасан байгаа. Борлуулалтын үнийг Сангийн яамнаас гаргасан ажлын хэсэг тогтоодог. Тухайн ажлын хэсгийн тогтоосон үнэ бодитой биш. Гэрээнд заасан борлуулалтын үнээс хэд дахин өндөр үнэ зоодог. Үүний дутагдалтай, ноцтой зүйл нь энэ оны 2,3 дугаар улиралд нүүрсний үнэ огцом өсөхөд анзаарагдсан. Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн амын үнэ 120 ам.доллараар 1 тн нүүрсийг борлуулж байхад АМНАТ-ыг 430-аад ам.доллараар бодож авсан. 120 ам.доллараар нүүрсээ зарж байхад 430 ам.доллараар борлуулсан гэж үзээд АМНАТ бодож авч байгаа юм. Тэр нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэвэл Хятадын зах зээл дээр нэг хэсэг үнэ хөөсөрсөн. Үнэ өндөр болоход түүнийг дагаад хил дээр 30-аадхан км тээврийн зардал бараг 300 ам.доллараар өссөн. Тээврийн зардал нь 300 ам.доллараар өсчихөөр уурхайн аман дээрх үнэ өсөх боломжгүй болчихож байгаа юм.

-Тээврийн үнэ нь яагаад ийнхүү өссөн юм бэ?

-Таван толгойгоос Цагаан хад хүртэл 200 гаруй км замын зардал хэвийн. Цагаан хадаас Хятадын хил давах 30-хан км газар 1 тн нь 170 юань байсан бол 2100 болж өссөн. Яагаад ингэж өсөх болов гэхээр нэгдүгээрт, нэг машин тэр хооронд сар гаруй болж байж хил давах болсон. Сард нэг л удаа гарах юм чинь орлогоо нөхөхгүй бол болохгүй гээд тээвэрчид үнээ нэмсэн. Хоёрдугаарт, 10 дахин өснө гэдэг өөрөө үндэслэлгүй зүйл. Үүнийг төр засгийн зүгээс хянаж зохион байгуулж чадаагүй. Зохион байгуулж чадаагүйгээс болоод нүүрсний үнэ бараг 300 ам.доллараар өсөхөд Монгол Улсын борлуулалтын орлого огт нэмэгдээгүй. Зөрүү мөнгө нь хил дээр юу болоод яагаад байгаа нь мэдэгдэхгүй хар нүх шиг юм руу ороод явчихсан. Нүүрсний үнэ 300 ам.доллараар өссөн. Тээврийн зардал 300 ам.доллараар өссөн. Уурхайн аман дээрх үнэ хэвээрээ үлдсэн. Уурхайн амын үнийг дарга тогтоодоггүй. Ил тод тендер зарлаад үнэ хаялцуулаад зардаг. Гэхдээ авч байгаа хүмүүс нь тээврийн зардал 300 ам.доллараар нэмэгдсэн учраас бид чадахгүй гэж хэлдэг. Тээврийн зардал 300-гаар нэмэгдлээ гээд тэнд ажиллаж байгаа жолооч нарт сайхан зүйл болсон юм байхгүй. Энэ зохион байгуулалтгүй үл ойлголцсон байдлаас болоод мөнгөний боломжоо алдсан.

-Тэрхүү нэмэгдсэн 300 ам.долларын ашгийг хэн хүртсэн юм бэ?

-Тэр нэмэгдсэн 300 ам.доллар хаашаа яаж шингэсэн бэ гэдэг тайлбар байхгүй. Үүн дээр төрийн байгууллагууд судалгаа хийгээд тодорхой тайлбар гаргаж тавих хэрэгтэй. Цаашдаа иймэрхүү байдлаар дахин нүүрсний үнэ огцом өсөхийг ашиглахын оронд хэлбэлзэл дээр нь алдаад байж болохгүй. Хамгийн гол нь нүүрсний үнээ огт нэмээгүй компаниас авах АМНАТ-аа 400 хэдэн ам.доллараар бодоод, хил дээр тэр нэмэгдсэн 300 хэдэн ам.доллар нь алга болчихоод байхад тээвэр ложистикийн асуудлаа зохион байгуулж шийдээгүй байж компани дээр ачааллыг нь үүрүүлсэн. 120 ам.доллараар нүүрсээ зарж байгаа компанид 400 гаруй ам.долларын АМНАТ төлнө гэдэг утгагүй асуудал. Борлуулалтын орлогын бараг тал нь АМНАТ-ын орлого болчихож байгаа биз дээ. Тиймээс энэ бол үндэслэлгүй юм аа гээд компаниуд шаардлага хүргүүлсэн.

-Тэр ажлын хэсэгт нь мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байдаггүй юм уу. Яагаад тийм өндөр үнэ тогтоодог юм бэ. Судалгаа хийдэггүй юм уу?

-Ажлын хэсэгт төрийн байгууллагынхан л байгаа. Нүүрс ассоциацийн төлөөлөгч байхгүй. Бид оруулж өгөөч ээ. Зах зээлийн мэдээлэлтэй хүмүүсээ цуг ажиллуулаад, аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл цуглуулж, үнэ тогтооход нь хамт оролцъё гэж олон удаа хүсэлт хүргүүлсэн. Гэвч нэг ч удаа оруулаагүй. Тиймээс бид нэгдүгээрт, үнэ бодитой биш байна гэдэг гомдлыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, урьд нь зах зээлийн үнээс 30 хувиас илүү зөрүүтэй байвал жишиг үнээр тооцно. Түүнд тээврээс эхлээд худалдааны янз бүрийн зардал багтдаг. Тэрхүү зөрүү нь 30-аас бага 20 хувийн зөрүүтэй байх юм бол гэрээний дүнгээр явна гэсэн заалттай байсан. Гэтэл 2021 оны долдугаар сарын 1-нд 174 дүгээр тогтоол гэж гараад үүнийгээ хүчингүй болгож Сангийн яамны ажлын хэсгийн тогтоосон жишиг үнээр бодож АМНАТ авна гэж заасан. Энэ тогтоол хэрэгжих боломжгүй, бодит биш байна. Тухайн тогтоол өөрөө илт хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг хуульчид гаргаж ирсэн. Яагаад гэвэл бодит байдал дээр тээвэр ложистикийн асуудлаас болоод уурхайн аман дээр үнэ 120 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсний АМНАТ-ыг 400 ам.доллараар тооцно гэдэг утгагүй асуудал. Ийм үндэслэл байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд Эрдэнэс Таван толгой компани хандсан. Үүний дагуу Засгийн газар хариуцагчаар нь татагдан оролцоод, шүүхийн процедурын ажил эхэлж байгаа.

-Бодит биш АМНАТ тогтоох болсон нь компаниуд нүүрсээ өндөр үнээр зарчихаад татвар төлөхөөс зайлсхийдэг гэсэн хардлагатай холбоотой юм болов уу?

-Компаниуд олон арав, олон зуун сая куб метр хэмжээгээр хөрс хуулж, олборлолт явуулдаг учраас том техник ихтэй. Богино хугацааны үйл ажиллагаа явуулах боломжгүй. Дандаа урт хугацаанд төлөвлөсөн төлөвлөгөөгөөр явдаг. Ийм компаниуд харьцангуй нийгмийн хариуцлагатай. Хариуцлагатай уул уурхайг стандартын дагуу явуулдаг. Тиймээс богино хугацаанд ашиг олоод, татвар мөнгөнөөсөө зугтаах хандлага томоохон нүүрсний компаниудад үнэхээр байхгүй. Хорин жилийн өмнө Монголын нүүрсийг зориуд хямд үнээр тооцож, АМНАТ төлөхийг нь багасгаад, Хятад руу оруулж өндөр үнээр зарж, тэндээсээ мөнгөө хувааж авч байна гэдэг хардлага байсан. Энэ сэтгэхүй одоог хүртэл яваад байгаа. Үүний хороор бодит бус, зарж байгаа үнээс нь хэт өндөр үнэ аваачиж тавиад АМНАТ-аар дарамтлаад, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна. Борлуулалтгүй хэрнээ цалингаа тавьсаар ирсэн. Ийм байдал дээр нь үндэслэлгүй АМНАТ-аар дарамтална гэдэг маш буруу. Үүнийг залруулж байж нүүрсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох шаардлагатай байна. Одоо эсрэгээрээ энэ компаниудыг дэмжих хэрэгтэй. Уурхайнуудын зарим нь одоо үйл ажиллагаагаа зогсоочихсон. Зарим нь ажилчдаа цөөлөхөөс өөр аргагүй байдалд орлоо. Том техник хэрэгсэлтэй, олон ажилчинтай компаниуд зогсонги байдалд ороод эхлэх юм бол эргэж сэргэхэд маш хэцүү. Том уурхайнууд дампуурах юм бол буцаад сэргээхэд маш их цаг хугацаа, зардал ордог.

-Ирэх жилийн зураглалыг хэрхэн харж байна. Борлуулалт улам багасах уу?

-Ирэх жил Хятадын нүүрсний худалдан авалтын зах зээлийн хэмжээ тодорхой биш байна. Хятад улс 70 сая гаруй тн нүүрс гадаадаас авдаг. Манайх 42 сая тонныг борлуулна гэж оруулчих шиг болно лээ. Бид 2020 онд 26.8 сая тн экспортолсон. 2021 оны байдлаар 16 сая тн орчмыг л гаргаж байгаа. 2022 онд хэд болохыг хэлж мэдэхгүй. Техник хүчин чадлын хувьд хангалттай хэмжээний боломж байгаа. Дэд бүтэц, хил гаалийн асуудлыг шийдмээр байна. Төмөр замаас болоод их боломжоо алдсан нь үнэн. Гэхдээ ганцхан төмөр зам гээд яриад байж болохгүй. Төмөр замгүй байсан ч 50 сая тн хүртэлх нүүрсийг Монгол Улс гаргах боломжтой. Энэ зохион байгуулалтаа хийж чадахгүй байна.

-Нүүрсний экспорт буурах нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Нарантуул дээр байгаа барааны үнээс л мэдрэгдэх байх. Бидний амьдралд авч байгаа цалин ямар болж байна. Нүүрсний борлуулалт экспортын гол орлого учраас бүх л бараа бүтээгдэхүүний үнэ, автобус унаа, нийтийн тээвэр, хуушуурны гуанз, ТҮЦ гээд бүгдэд нөлөөлж байгаа шүү дээ. Хүмүүсийн авч байгаа цалин, ТҮЦ-ээс авч байгаа барааны үнэ яаж өөрчлөгдөж байгаа нь нүүрсний экспортын орлоготой шууд холбоотой.

-Хятад цар тахал гээд хилээ хаагаад байгаа нь манайд маш их нөлөөлж байна. Үүн дээр ямар нэгэн шийдэл олох боломж, нөхцөл байна уу?

-Нүүрс экспортолдог гол боомтууд дээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн санаачилгаар контейнер тээврийн терминалуудыг байгуулсан. Үүнийгээ идэвхтэй сайн ашиглаад эхлэх юм бол хүн хоорондын контакт байхгүй болохоор ирэх жил нүүрсний экспорт харьцангуй сайжрах болов уу гэж найдаж байгаа. Ковидын эрсдэл, өвлийн олимп болохтой холбоотойгоор Хятадын тал хилээ олон удаа нээж, хааж байна. Хил хаахад нүүрсний борлуулалт зогсоно. Тэнд байгаа уурхайн ажилчид нь ажилгүй, том том техник хэрэгсэл сул зогсож байхдаа асар их зардал урсаж байдаг. Компаниуд цар тахлын үед хүн хоорондын контакт үүсгэхгүй тээвэр ложистикийг хөгжүүлье, зөвшөөрөл өгөөч гэж их удаан хүссэний эцэст ямар ч байсан зөвшөөрсөн. Гашуунсухайт боомт дээр Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой компани, орон нутгийн Таван толгой ХХК нийлж, Энержи ресурс эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа гаргаад бусад компани дараа нь нөхөн төлөхөөр тээвэр ложистикоо байгуулчихсан. Эхний контейнер тээвэр эхэлчихсэн явж байна. Хүн хоорондын харилцаа багасч байгаа учраас тээврийн асуудал дээр хөнгөн шуурхай хандаач ээ гэж Хятадын талд гадаад харилцааны шугамаар асуудлыг дахин дахин тавих хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайд Хятадад айлчлах сураг дуулдсан. Тэр үеэр энэхүү асуудлыг ярих шаардлагатай. 2022 оны төсөвт нүүрсний экспорт маш их нөлөөлнө. Хятад улс Монголоос хэдэн сая тн нүүрс авах вэ, аль боомтоор хэдийг авах уу, хүн хоорондын контактгүй, ковидын эрсдэлийг байхгүй болгоод нүүрсээ контейнерт аваачаад кранаар өргөөд дараагийн машинд зөөвөрлөх техникийг нь бэлэн болгочихлоо. Тиймээс ямар нэгэн зогсолт байхгүйгээр хил, гаалийн үйл ажиллагаагаа тогтмол явуулж өгөөч ээ гэдэг хүсэлтийг Хятадын талд тавимаар байна. Тавих ч байх гэж найдаж байна. Энэ бол ирэх жилийн эдийн засагт шууд нөлөөлөх асуудал. Үүн дээр Засгийн газар анхаарч ажиллах байх.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Хөх луу өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 18, найралт эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:02 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өвлийн туйл болох улирал (0 цаг 45 мин)-д эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.