Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 164 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1634, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 164, гэмт хэргийн шинжтэй 75 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 111, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 96, эрүүлжүүлэх байранд хоносон 246, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 76 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай ярилцлаа.


-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Бат-Үүл даргад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж дөрвөн жилийн ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд миний аавыг болон бусад хүмүүсийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан. Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээлэлд “Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон” гэх утга бүхий мэдэгдлүүд огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад болсон шинжээч нарын дүгнэлтэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол нийслэлд учруулсан гэх нэг ч үг, үсэг, үйлдэл байхгүй. Энэхүү 1.3 тэрбум төгрөг мөрдлөгийн явцад прокурорын шатанд нийслэлээс хохирол хэмээн оруулж ирсэн дүн юм. Энэ мэтчилэн прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хийгдсэн олон хууль бус үйлдлүүдийг тухайн үед гаргаж тавьсан. Үүнтэй холбоотой болоод шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон хэмээн мэдэгдэж байгаа асуудлуудын хүрээнд бид давж заалдах болно.

-Хэзээ давж заалдах вэ?

-Шүүхийн албан ёсны тогтоол гарахыг хүлээж байна. Мөн өмгөөлөгч, хуульчдынхаа байр суурийг илэрхийлж олон нийтэд хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэнэ. Яг одоо тантай ярилцаж байхдаа хэргийн холбогдолтой баримт материалын талаар нарийн зүйл ярих боломжгүй байна. Учир нь эргээд шүүхэд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж мэднэ. Иргэд таны аавыг шударга шүүхээр шүүлгэсэн гэдэгт итгэхгүй байгаа гэдгээ цахим орчинд тасралтгүй илэрхийлсээр байна. Тийм ч учраас Э.Бат-Үүл даргыг нэн даруй суллахыг шаардаж байна. Та шүүх хурлаас гарч ирмэгцээ “Аавыг минь хэлмэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Та одоо ч энэ байрь суурин дээрээ бат зогсож байна уу?

-Одоо ч хэвээрээ. Учир нь аав минь энэ хэрэгт огт холбоогүй. Нийслэлд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан боловч энэ хэрэгт түүний оролцоо юу ч байдаггүй. Миний аав ямар ч хэрэг хийгээгүй.

-Та тэгэхээр огт гэм буруугүй, хууль бус ажиллагаанд оролцоогүй хүнд шүүхээс ял өгчихлөө гэж хэлэх гээд байна уу?

-Тийм учраас л бид давж заалдах гэж байна. Миний аав Монгол Улсынхаа шүүх байгууллагад итгэдэг. “Монгол Улсын шүүх хараат бус байх нь бидний тусгаар тогтнолд хэрэгтэй. Миний хувьд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ” гэдгээ үргэлж хэлдэг байсан. Тийм учраас шүүх байгууллагаа үргэлж хүндэтгэж ирсэн. Харин миний хувьд бусадтайгаа адил шүүх энэ хэргийг шударга шүүсэн гэдэгт эргэлзэж байгаагаа албан ёсоор илэрхийлье.

-Ер нь 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл, хаанаас, юунаас эхтэй юм бол?

-Энэ бол тухайн үед “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийг хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах журмын дагуу Гранд Лайн компани хамгийн олон иргэдийн санал авч уг төслийг хэрэгжүүлэгчээр сонгогдож, БЗД-ийн 12 дугаар хорооны Амгалан орчимд 15.3 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Уг байршилд дахин төлөвлөлт хийх сонирхолтой 14 компани өрсөлдсөн. Төсөл шалгаруулах журмын дагуу явсан сонгуулийн хүрээнд иргэдийн саналаар манай “Гранд Лайн” компани шалгарсан. Иргэд манай компаниар дахин төлөвлөлт хийлгүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байдаг. Оршин суугчид УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаатай адил өрсөлдөгч компаниудаас сонгож саналаа өгсөн. Ингээд шалгаруулалтаар манай компани шалгарсныг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч мөн л журмын дагуу батламжилсан. Тухайн компани дахин төлөвлөлт явуулах талбарт хамрагдах иргэдийнхээ 70-аас дээш хувьтай гэрээ хийсэн тохиолдолд тэр батламжийг олгодог. Энэ үзүүлэлтийг хангаж, шалгаруулалтад сонгогдсон 17 компанийн нэгэн адилаар манай компани энэ шалгуурыг хангасан байдаг. Үүнийг Төслийн удирдах хороо хянаж үзээд батламж олгосон. Энэ Төслийн удирдах хороонд Бат-Үүл гэдэг хүн ямар ч хамаарал, оролцоо байдаггүй. Энэ хороог тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Түүнээс биш Бат-Үүл гэдэг хүн хүүтэйгээ сууж байгаад шийдчихдэг зүйл огт биш.

-Төслийн удирдах хороо гэдэг нь хаанаас бүрдсэн ямар байгууллага байсан юм бол?

-Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Таны компани уг төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Манай компани“Зуншин”, “Сайран булган” компаниудтай хамтарч консерциумын гэрээ байгуулж оролцсон. Энэ хоёр компани хоёулаа Монгол Улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон туршлагатай компаниуд байсан.

-Тэгвэл яагаад заавал таны хамаарал бүхий “Гранд Лайн” компанийн нэрээр гэрээ хийчихсэн юм бол?

-Манай “Гранд Лайн” компани консерциумын гэрээн дээр нөгөө хоёр компаниа төлөөлж гарын үсэг зурж, иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаас гадна удирдан зохион байгуулах, хөрөнгө мөнгө босгох гэх мэт үүргүүдийг хүлээсэн юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу консерциумыг төлөөлж гэрээ хэлэлцээр хийсэн. Гэтэл зөвхөн манай компанийг давуу эрх эдэлсэн мэтээр мушгин гуйвуулсан байдаг. Дахин төлөвлөлтийн төсөлд оролцох компаниуд консерциум хэлбэрээр буюу хэд хэдэн компани хамтарч төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн шалгуурыг дахин төлөвлөлтийн журамд тусгасан байсан.

-Танай компани иргэдэд ямар нөхцөл боломж санал болгосон учраас иргэдийн дэмжлэгийг авсан юм бэ?

-Бусад компани иргэдэд ямар нөхцөл санал болгож байсныг мэдэхгүй. Харин манай компани нэгдүгээрт, иргэдийн 0.07 га газрыг 120 метр кв байр, хоёрдугаарт, нийгмийн хариуцлагын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах санал тавьсан. Бид тухайн хороонд байгаа ажилгүй, орлогогүй иргэдийн судалгааг хийсэн. Үүндээ үндэслэж энэ саналыг гаргасан. Бид тэдэнд өөрсдийн амьдрах орон сууцныхаа бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож, орлоготой болох санал тавьсан. Цаашлаад иргэдийг бүлэг хоршоо байгуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцох саналыг тавьж байсан. Мөн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах Худалдааны төвөөс таван метр кв үл хөдлөхийн талбайг нэмж иргэддээ олгоё гэсэн. Энэ нь бусад компаниудын тавьсан саналуудаас илүү иргэдийн хүсэл шаардлагыг хангасан байх. Нөгөөтэйгүүр дахин төлөвлөлтийн ажлын гол хүсэл зорилго нь энэ л байх ёстой гэж бид ойлгож байсан. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, эх оронч бүтээн байгуулалтын ажил гэж бодож явлаа.

-Айл өрхүүдэд танай тавьсан санал таалагдаад танайхыг сонгожээ. Тэгвэл амласан шигээ хэрэгжүүлж чадсан болов уу?

-Бид төсөлд шалгараад 41 айлын газрыг чөлөөлөх, нүүлгэх зэрэг ажлуудыг тухайн айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бусад бүтээн байгуулалтын ажлуудад ч тэднийг хамруулаад эхэлчихсэн байсан. Нүүлгэн шилжүүлсэн айлууддаа сар бүр түрээсийн байрны төлбөрийг нь төлж явсан. Энэ хугацаанд барилгын олон тооны техник, хүнд даацын машин механизм, бусад хэрэгслүүдийг авсан. Зам талбай чөлөөлж, цахилгаан, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахаас авахуулаад барилгын суурь, хэв хашмал, хашаа хороо, хяналтын систем, оффисын барилга гээд барилгын ажил хийхэд шаардлагатай бүхнийг бүрдүүлж, ажилчдын байр барьж, сургалтад хамруулж, тэдний цалин хөлсийг нь шийдсээр явсан.

-Та өөрийнхөө “Гранд Лайн” компаниа “Бэрэн” компани руу шилжүүлэх болсон шалтгаан нь юу байсан юм бэ. Үүнээс л асуудлын ээдрээ эхэлсэн юм биш үү?

-Одоо хүмүүс санах эсэхийг мэдэхгүй байна л даа. Хамгийн гол шалтгаан бол тухайн үед өдөр бүр л аав бид хоёрыг “Хулгайч, луйварчин, аав нь хүүдээ давуу эрх олгосон” гэх мэтээр дайрч гүтгэж, бүх зүйлийг улстөржүүлж, дахин төлөвлөлтийг бүхэлд нь гутаах ажиллагаа эхэлсэн учраас бид цаашид энэхүү төслөө хэл амны бай болгохгүйн төлөө өөр компанид шилжүүлэхээр шийдсэн.

-“Бэрэн групп” газраа чөлөөлсөн айлуудыг байранд оруулсан юм уу. Хохирсон, орон гэргүй болчихсон иргэн байгаа юм уу?

-Газраа чөлөөлсөн айлууд маань “Бэрэн групп”-ийн барьсан долдугаар хорооллын Хангай хотхонд нүүж орсон байна лээ. Зарим нэг нь орон сууцныхаа тодорхой хэсгийг урьдчилсан хэлбэрээр тохирч Хангай хотхоноос аваад, үлдсэн метр квадрат байраа төслийн дагуу баригдах орон сууцнаас авна гэж Бэрэн групптэй тохирсон юм билээ.

-“Бэрэн групп” яагаад төслийн талбар дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэггүй юм бэ?

-“Бэрэн” компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хамгийн гол нь төслийн талбар дахь дэд бүтцийн ажлыг нь нийслэлээс хийлгэхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг нь нийслэл өгөхгүй байгаа. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хотын удирдлагууд тухайн төслийн дэд бүтцийн ажлын санхжүүжилтийг олгоогүйгээс болоод энэ ажил зогссон. Үүнд бухимдсан иргэдийг ашиглаж, эсрэгээрээ биднийг буруутган улс төрийн ашиг хонжоо хийсээр өнөөдрийг хүргэлээ.

-Та компаниа хэдэн төгрөгөөр худалдсанаа хэлэх боломжтой юу. Зарим хүмүүс “Бэрэн” компаниас таны мөнгийг гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хардлага байдаг л даа?

-“Бэрэн” компани 2013 онд гарсан Засгийн газрын тогтоолоор Утаагүй Улаанбаатар, 40 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрийн хүрээнд ТОСК-тай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ хийж, долдугаар хороололд зорилтод бүлэгт зориулсан орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн байдаг юм байна. Энэ нь нийтдээ зургаан блок, 700 айлын орон сууцны хорооллыг, нэг метр квадратыг нь 850 мянган төгрөгөөр тооцож, иргэдэд олгохоор зорьж ажиллаж байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор гэрээнийхээ дагуу төслийн мөнгийг ТОСК-иас “Бэрэн” рүү шилжүүлсэн юм билээ. Үүнийг нь олон нийтэд ойлгуулахдаа мөнгө угаасан гэдэг. Гэтэл хийгдсэн гэрээнүүд нь цаг хугацааны хувьд манайхтай ямар ч хамааралгүй байдаг.

-Шүүх хурал нэлээд хугацаанд хойшилж байгаад Ерөнхийлөгч ОХУ-д айчлах үеэр богино хугацаанд шийдлээ. Таны аавыг энэ үеэр хорьсон нь улс төрийн өнгө аястай гэж бас харах хүмүүс ч байна. Та юу гэж бодож байна?

-Тэр хүмүүсийн л бодол байх. Миний хувьд тийм биш байгаасай л гэж найдаж байна. Хэн мэдэх билээ.

-Тантай холбоотой энэ хэрэг нийт хичнээн жил үргэлжилж байна вэ?

-Намайг 2013 оноос эхлэн шалгаж байна. Өөрөөр хэлбэл, найман жилийн турш залхаан цээрлүүлэгдэж байна. Энэ хэрэг 2019 онд шүүхэд шилжсэн. Шүүхээс прокурор руу мөрдөн байцаах ажиллагаа дутуу хэмээн буцаасан боловч прокуророос нэг хоногийн дараа шүүх рүү шилжүүлчихсэн. Ингээд хурал эхэлж байтал цар тахал гарсан. Хурлын явцад хуралд оролцогчид цар тахал туссан, өмгөөлөгчид халдвар авсан, хөл хорионд байсан гэх мэт олон нөхцөлүүд тулгарч байсан учраас шүүх хурал олон удаа хойшилсон. Энэ бүхэн эмнэлгийн магадлагаагаар нотлогддог. Гэтэл энэ явцад миний аавын зүгээс нэг ч удаа хурлыг хойшлуулах талаар гомдол санал гаргаж байгаагүй. Ямар сайндаа нурууныхаа үеийг бэртээчихээд боолттойгоо шүүх хурлаа хүндэтгээд очоод сууж байсан юм шүү дээ.

-Та өчигдөр аавтайгаа уулзаад ирсэн юм байна. Биеийн байдал нь ямар байна. Танд юу захив?

-Аавын минь бие сайн байгаа. Аав маань “Зоригтой байгаарай. Бидэнд хийсэн хэрэг байхгүй учраас заавал үнэн ялна аа. Эцсээ хүртэл шударга шүүхдээ итгэж байна” гэдгээ хэлсэн. Над дээр зохиосон хэрэг, хохирол хоёрын золиосонд Монголын ардчилал, гэр хороолын дахин төлөвлөлт хоёр бүү ялагдаасай гэж л хүсч байгаагаа аав минь хэлж байгаа.



П.Батзаяа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байжээ. Албар хаагчид галыг 10 минут ажиллан унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Идэр” голоос эмэгтэй хүний цогцос олджээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэдэг газарт 37 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагийн үед гэрээсээ “усанд явна гэж гараад сураггүй болсон” тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 10:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн байгууллагаас алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Идэрийн голд цооног гарган гурван удаагийн шумбалт хийж 15:45 цагт 1,5 метрийн гүнээс 37 настай Г-ын цогцосыг гаргаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгчид шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нүүрсний экспортын гүйцэтгэл 54.4 хувьтай байна

2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мян.тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мян.тонн нүүрс экспортлоод байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Ингэснээр 54.4 хувийн биелэлттэй байгаа аж.

Харин 1,118.4 мян.тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс дээрх хугацаанд 1,256.7 мян.тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мян.тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй биелжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: Дэлхий “сөнөсөн” 21-ний өдрийн сурвалжлага

Модны 2 08.30 цагт

2012 оны 12 дугаар сарын 21-нд монголчууд “Дэлхий сөнөнө” гэсэн айдаст гүн автаж, эртний Маяачуудын номлолоор хорвоогийн сүүлчийн өдрөө “өнгөрөөсөн” билээ. Харин шинжлэх ухааны мэргэжилтнүүд аливаад шинжлэх ухаанчаар хандахыг сануулж байлаа. Тэр өдрөөс хойш даруй 10 жил өнгөрчээ.

Өдрийн сонин 2012.12.22-ны дугаартаа буюу дэлхий “сөнөсөн” өдрийн маргаашийн дугаартаа “Дэлхий “сөнөсөн” 21-ний өдрийн сурвалжлага” нийтэлж байлаа.


Уг сурвалжлагыг Өдрийн сонины архиваас толилуулж байна.


УИХ-ЫН ГИШҮҮД ЧӨЛӨӨ ХҮССЭН ГЭВ ҮҮ

Дэлхий сөнөнө гэж таамагласан 21-ний өдөр УИХ-ын гишүүдийн олонхи нь хотоос гарах талаар ярилцсан гэнэ. Гишүүд уржигдар чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын дарга З.Энхболдоос чөлөө хүсчээ. Хариуд нь УИХ-ын дарга “Эрчим хүчний хангалттай нөөц байгаа. Харанхуйгаас айлтгүй” гэж тоглоом хийгээд өнгөрсөн гэнэ. Мөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцохыг сануулжээ.
Учир нь өчигдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гээд анхаарал татаж байгаа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан билээ. Тиймээс ч өчигдрийн нэгдсэн чуулганд гишүүд өмнөхөөсөө ч идэвхтэй оролцсон юм. Б.Болор, Л.Энх-Амгалан, Г.Батхүү нар гадаадад томилолттой байгаа бол орон нутагт А.Тлейхан ажиллаж байгаа аж. Сү.Батболд өнгөрсөн мягмар гаригаас, Ж.Батсуурь энэ сарын 13-наас хойш өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаа аж. Харин Ч.Хүрэлбаатар өнгөрсөн мягмар гаригт ажлаа тасалж БНХАУ-ыг зорьжээ. Тэднээс бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд сууж харагдсан. Гэхдээ өчигдөр өглөө гишүүд хоорондоо “Хуулиа эртхэн батал- чихаад хотоос гараад давхичихъя” гэж ярилцжээ. Гэхдээ энэ нь наргиан байсан юмдаг уу даа. Ямартай ч эрхэм гишүүдийн жолооч нар Төрийн ордны хашаанд өдөржин машиндаа байгаа харагдсан.


МУИС-ИЙН ДУГУЙ ЗААЛАНД ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ

Монгол суу ухааны Манукол академийнхан уржигдар МУИСийн төв байрны дугуй зааланд цуглаж эх дэлхийгээ аврах талаар ярилцжээ. Тэднийхээр монгол үндэстнийг дээд тэнгэртэй нь холбож, тахилга үйлдэж байж аврах юм байх. МУИС-ийн хурлын зааланд бөө, удган нар цуглаад дэлхийг аврах талаар оюутнуудад ухуулга хийх нь хэр зохимжтой бол. Энэ талаар МУИС-ийн захирлын туслах Б.Энхжаргал “Байгууллагууд дугуй заалыг цагаар тү- рээслэж хурал, цуглаан зохион байгуулдаг. Манукол академи ч нэг цаг нь 40 мянган төгрөгөөр түрээслэсэн. Тэр хуралд нь хэн оролцсон, юу ярьсныг бид мэдэхгүй” гэсэн юм. Харин Манукол академиас тодруулахад “Маргааш (өнөөдөр) 22-ын товчооноос цааш хэдхэн км-ийн цаана хөх тэнгэрийн тахилга хийх гэж байгаа юм. Үүнд “21-ний” асуудал огт хамаагүй. Тэр тахилгын талаар МУИС-ийн дугуй зааланд мэдээлэл хийсэн юм. Оюутнууд биш тахилгад оролцох сонирхолтой хүмүүс тэнд цугласан. Тахилгад өргөх эд зүйлтэйгээ ирэхэд хангалттай” гэв.


ДЭЛХИЙ СӨНӨХӨӨС АЙЖ ХӨДӨӨ ГАРСАН ИРГЭД УУРТАЙ ЭРГЭН ИРЖ БАЙНА

Найз маань утас цохиж байна.

-НАСА-гаас дөнгөж сая мэдээлэл дамжууллаа. Арванхоёрдугаар сарын 21-нд харанхуй болох юм байна. Гэхдээ зургаан цагаас хойш гэнэ хэмээн даапаалж байх юм.

Бас нэг нөхөр:

-Арванхоёрдугаар сарын 22-нд хаалтын ажиллагаа болно.

-Юуны хаалтын ажиллагаа вэ?

-Монголчууд үндэсний үйлдвэрээ дэмжиж лаа шүдэнз, гэрийн худалдаа амжилттай зохион байгуулсны хаалтын ажиллагаа болно гэж ярилаа. Энэ мэт марзан яриануудын гол эзэн бол “Дэлхий сөнөх нь” гэж зурагтаар уйлсан гэх “Орифлейм” компанийн захирал Г.Оюунгэрэл байв. Түүний талаар “жиргээчид” ийн бичсэн байх юм. “Орифлейм”-ын Оюунгэрэл дэлхий сүйрнэ гэж зөгнөсөн МАН бүлэгтэй болохыг тааварласан хэрэг” гэсэн байна. Өөр нэг жиргээч “Орифлейм”-ын Оюунгэрэл хэлсэн амандаа хүрдэг эмэгтэй гэдгийг Чингэлтэйчүүд мэднэ. Хэрвээ дэлхий сөнөхгүй бол Оюунгэрэл өөрөө сөнөөнө” ч гэх шиг. Мөн түүний өмнөөс “Сөнөнө, сүйрнэ” гэж дэлхийгээ гомдоолоо” гэж уучлалт ч гуйцгаасан байх юм. Хэсэг залуус “Арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг цуурхалтай тэмцэх өдөр болгон зарлахаа ч мэдэгдлээ” гэсэн юм. Нэгэн жиргээч “22-ны өдрийн нар хамгийн үнэтэй, сайхан нар байх болно. Мунхаг, мухар сүсэгтнүүдийн нүд, тархийг гялбуулан мандах болно” гэх мэт. “Амьд үлдэхийг хүсэгч”-дийн цуваа 22-ын товчоогоор хоёр хоногийн өмнөөс хөвөрч эхэлсэн байна. Гэр, майхан, түлээ, нүүрс ачсан машин тэргүүд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн хөвөрч эхэллээ. Зам дагуу түлээ нүүрсний “Хангай” зах нүүгээд оччихсон мэт үргэлжилж байх юм. Тиймээс “Амьд үлдэхийг хүсэгч” нарын замаар яваад ирлээ. Арванхоёрдугаар сарын 21 буюу “Дэлхий сөнөх өдөр” 22-ын товчоогоор очиход машин тэрэг ховор байлаа. Мөнгө хураагч эмэгтэй “Өнөөдөр орлого муутай” гээд урамгүйхэн сууж байна. Харин өчигдөр өдөр бол орлого огцом өсч байсан гэнэ. “Амьд үлдэхийг хүсэгч” нарын цуваа оройн 21-23 цагийн үед идэвхжиж бөөгнөрөл үүссэн байна. Зарим нэг “боловсролтой” нөхдүүд “Дэлхий сөнөнө гэж байхгүй” гэж айлдаж байснаа цагаа тулангуут “Юмыг яаж мэдэх вэ” гэцгээн нүүр амаа битүүлэн “хил даван” одсон байх юм. Өөрөөр хэлбэл зуслан, амралтын газар руу явцгаасан байна. Харин “Дэлхий сөнөх 21-ний өдөр” зарим нөхдүүд эргэн ирж бай гаатай тааралдсан юм. “Шал балай цуурхалд автаад онигоонд орчихлоо. Ажлаас утасдаад байна” гэж байв. Ихэнх нь гэр бүл, муур нохойгоо хүртэл авч явсан байна лээ. Өнөөдрөөс эхлээд түлээ, нүүрсний борлуулалт муудаж байгаа бололтой. Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэг цэгээс гурван тонн нүүрс зарагдаж “цөм” хийсэн байна.


ЗАРИМ ДЭЛГҮҮРИЙН ЛАА, ШҮДЭНЗ ДУУСЧЭЭ

Энэ сарын 21-нд буюу өчигдөр дэлхий сүйрнэ гэсэн цуурхал тараад байсан билээ. Үүнтэй холбоотойгоор гурав хоног харанхуй болно хэмээн Орифлеймийн Г.Оюунгэрэл зэрэг их зөнч нар иргэдэд мэдээлэл хийж байсан. Тиймээс сүүлийн хэд хоног лаа, шүдэнз, ахуйн хэрэглээний хийний борлуулалт эрс ихэсчээ. Өчигдөр өглөө 11 цагийн орчимд “Номин”- гийн зарим сүлжээ дэлгүүрт ороход лаа байхгүй байлаа. Харин хотын баруун захад байрлах “Макс” дэлгүүрийн нэг салбараар орлоо. “Ахуйн бараа” гэсэн хаяг өлгөсөн тасгийн голын тавиур дээр арав орчим боодол лаа харагдана лээ. Мөн тасалгааны төрөл бүрийн өнгөтэй, сарнай, ваар зэрэг дүрстэй лаа байв. Уг нь бидний хэрэглэдэг нэг багцдаа таван ширхэгтэй лаа нэлээдгүй байсан чинь уржигдар 15 цагаас хойш лаа сурагласан хүмүүс хамаад аваад явчихаж. Нэг хүн дор хаяж таван багц буюу боодол лаа авч байсан талаар худалдагч нар нь ярьж байлаа. Хүмүүс зөвхөн лаа гэлтгүй жижиг зай цэнэглэгч, гар чийдэн, лаазалсан бүтээгдэхүүн, цэвэр ус авч байжээ. Мөн багаар савласан гарын саван, шүдний оо, эвхдэг тонгорог их худалдаж авсан байна. Иргэд ихэвчлэн гэр бүлээрээ явсан бөгөөд зуслан гарч байгаа бололтой байсан аж. Түүнчлэн наймаа хийхдээ бэлэн мөнгөний картаар үйлчлүүлж, картан дахь бүх мөнгөөрөө гүйлгээ хийх хэрэгтэй, маргааш ашиглахгүй гэх хүн ч байжээ. “Миний дэлгүүр”, “Well mart” зэрэг дэлгүүрийн хотын захын салбарын орлого энэ өдрүүдэд 20-30 хувь ч нэмэгдсэн гэх яриа бий. Харин дэлгүүрийн ажилчид “Бид дэлхий сүйрнэ гэдэгт итгээгүй. Гэхдээ орж ирсэн ихэнх хүн тэгж яриад, хүнсээ базаагаад байхаар эвгүй санагддаг юм билээ. Юмыг яаж мэдэхэв гээд гэртээ харихдаа зарим нь ганц, хоёр боодол лаа авч явсан” гэцгээв.


ӨНДӨР БАРИЛГА ДОТОР АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ИТГЭЖ АЖИЛДАА ИРСЭНГҮЙ

Дэлхий сөнөхтэй холбоотой бас нэг шум бол газар хөдлөлт болно гэсэн яриа. Хэн ч газар хөдөлнө гэж хэлсэн юм бүү мэд. Энэ үгэнд итгэсэн зарим нөхөд ажлаа тасалсан сурагтай. Ялангуяа олон давхар бүхий барилга дотор ажилладаг цөөнгүй хүн өчигдөр өглөө ажилдаа ирээгүй байна. Тодруулбал, нийслэлийн хамгийн өндөрт тооцогдох “BLUE SKY”, “Tsentral tower”, “Monnis” зэрэг томоохон байгууламжид ажилладаг зарим ажилтнууд ирээгүй гэнэ. Овжин нэг нь маргаашаа бодсон уу утсаар “Бие өвдөөд”, “Хүүхэд халуурлаа” гэх зэрэг шалтгаан хэлж удирдлагаасаа чөлөө авсан сурагтай. Ямар хүмүүс ажилдаа ирээгүй талаар үүнээс өөр мэдээлэл өгсөнгүй. Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэдэг болохоор өөрсдийгөө өндөр барилгаас гарах гэсээр байтал хамгийн түрүүнд дарагдаж үхнэ гэдэгт итгэсэн хэрэг. Мөн зочид буудалд захиалга өгсөн гадны ганц, нэг зочдын захиалга уржигдар цуцлагдсан аж. Харин тус барилгуудад байрлах албан газрууд, дэлгүүр, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Гэхдээ 13 цагийн үед ихэнх давхруудад үйлчлүүлэгч цөөтэй, эл хуль харагдсан. “BLUE SKY” төвийн зоогийн газрын ажилчид үд бол- чихоод байхад хүмүүс орж ирэхгүй байгаа талаар хоорондоо ярилцах нь сонсогдож байлаа. Газар хөдлөлтөд итгэсэн нийслэлийн иргэд уржигдар хотын зах бараадан хоол, хүнсээ базааж аваад зуслан гарсан гэнэ. Мөн газар хөдлөлтөд аюул багатай гэж монгол гэрт амьдардаг хамаатан садныдаа хоносон хүмүүс байгааг ч гудамжинд таарсан хүмүүс ярив. Арванхоёрдугаар сарын 21-нд юу болов? Дэлхийн сүйрэл болох өдөр хэмээх цуурхал дэгдсэн 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд зарим сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудаар орлоо.


ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛ НЬ Л ИРСЭН БАЙВ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэг 170 хүүхэдтэй боловч энэ өдөр 97 хүүхэд л ирсэн байв. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Батнасан “Баасан гаригт ерөнхийдөө цөөн хүүхэд ирдэг л дээ. Гэхдээ өнөөдөр нэг ангид 19-23 хүүхэд байгаа нь ирц маш муу байгаа хэрэг. Өчигдөр оройноос эхлээд л эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ байлгана очихгүй шүү гээд л ярьж эхэлсэн. Хүүхдээ авчирч өгөх эсэх нь тэдний л дур шүү дээ. Харин манай байгууллагын 23 ажилтан бүгд ирсэн” гэв. Цаашлаад 69, 24 дүгээр цэцэрлэгүүдээр явахад адилхан зүйл ярьж байлаа. 69 дүгээр цэцэрлэгийн 310 хүүхдээс 207, 24 дүгээр цэцэрлэгийн 160 хүүхдээс 80 орчим нь иржээ.


“ЗАХИРАЛ АА, ӨНӨӨДӨР 21 ШҮҮ ДЭЭ” ГЭЖЭЭ

Энэ өдөр Ерөнхий боловсролын зарим хувийн сургуулиуд амарч, зарим сургуулиудын багш нар хичээлдээ ирэхгүй байсан ч болно гэж сурагчдадаа захисан гэнэ. “Монген” сургууль сурагч- дадаа “Ирэхгүй байсан ч болно. Тасалсанд тооцохгүй” гэсэн бол “Туркийн Улаанбаатар элит” зэрэг зарим хувийн сургууль энэ өдөр амарчээ. Улсын ерөнхий боловсролын сургуулиуд бүгд ажилласан ч ирц нь муу байлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 7-11 дүгээр ангийн нэг анги нь 4-21 хүүхдийн ирцтэй байжээ. Энэ тухай сургуулийн захирал Л.Амартуяа ч нуусангүй. Мөн зарим нэг ажилтан нь ажлаа тасалсан явдал ч гарчээ. Тухайлбал номын санч руугаа “Яагаад ажилдаа ирэхгүй байна” гэж залгахад өөдөөс нь “Захирал аа, өнөөдөр 21 шүү дээ” гэж хариулсан гэнэ. Тэрээр “Цуу үгнээс болоод хүүхдүүд хичээл тасалчихлаа. Олон нийтийг хамарсан явдал болсон болохоор хүүхдүүдтэй юу ярихав. Би ч өглөө найман цаг болж байхад ирсэн. Удирдах ажилтан болохоор эрт ирэхгүй бол болохгүй гэж бодсон” гэж байсан юм. Харин III сургуулийн байрыг шинэчлэн барихаар болсон болохоор 6-11 дүгээр анги 16 дугаар сургуулийн гуравдугаар давхарт, 1- 5 дугаар анги нь дөрөвдүгээр сургуульд байрлаж байгаа аж. Удирдлага нь хичээл тасалсан сурагч алга гэж ярих боловч сурагчид нь зарим ангид гурван хүүхэд л ирсэн. Ихэнх ангийнх нь ирц маш дутуу байсан гэсэн юм. Мөн Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуулийн анги бүрээс арав орчим хүүхэд дутуу байсан бол Монгол, Хятадын “Найрамдал” сургуулийн нэг анги нь 2-11 хүүхдийн ирцтэй байлаа.


ЗАРИМ ОЮУТАН ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ГЭЖ ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ МАРГАЛДСАН ГЭНЭ

“Сан” зэрэг зарим хувийн жижиг сургуульд шалгалт эхэлсэн гээд сургууль нь хоосон байв. Харин төрийн өмчийн сургуулиуд хэвийн ажиллажээ. СУИС-ийн төв байр, энэ сургуулийн Соёл иргэншлийн сургуулиар ороход оюутнууд шалгалтдаа бэлдээд ид бужигнаж байв. Сургалтын албаныхны ярьж буйгаар багш нар нь цөм ажилдаа ирсэн гэнэ. СУИС-ийн хоёрдугаар сургуулийн оюутан н.Энхмөнх “Ээж, аав хоёр өнөөдөр шалгалтаа тасалчих хөдөө явна гэхээр нь ямар ч муу юм болохгүй гэж маргалдаад зугтаад ирлээ” гэж байв.


ЭМНЭЛЭГ ХҮН ЦӨӨТЭЙ БАЙЛАА

Сүхбаатар дүүргийн болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хэвийн өдрүүдээс цөөхөн хүн ирж үйлчлүүлж байна гэж байв. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Сойзмаа “Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид чинь тангараг өргөсөн хүмүүс болохоор ажил тасалж болохгүй. Нэг рентгений эмч алга байхад л бүх ажил зогсоно. Эмч ч гэлтгүй нэг сувилагч юм уу асрагч ч ирээгүй тохиолдолд том асуудал гардаг. Ханиад томууны өвчлөл багассан болохоор ерөнхийдөө өвчтөн бага байна. Дэлхий сүйрнэ гэсэн цуу үгнээс шалтгаалж эмнэлгээс гаръя гэсэн өвчтөн одоогоор алга” гэсэн юм. Энэ өдөр “Хаан” банк хагас ажилласныгаа шинэ жилээ тэмдэглэхээр болсон гэж тайлбарласан боловч элдвийн үймээн гарвал хохирохоос сэргийлж байгаа юм гэж хардах хүмүүс ч байлаа. Харин бусад банкууд хэвийн ажиллаж байв. Мөн “Мобиком” компани шинэ жилээ тэмдэглэх болсон гээд “Теди” төвөөс бусад салбарууд нь 18.00 цаг хүртэл ажилласан юм.


ХҮМҮҮС ЗУСЛАН, ХОТЫН ОЙРОЛЦООХ АМРАЛТЫН ГАЗРУУДАД БҮГЖЭЭ

Өчигдөр үдийн үеэр зуслангийн зам хөл хөдөлгөөн багатай байлаа. Зам дагуух өвөлждөг айлууд хөл ихтэй байгаа нь гадаа байх машинаас харагдах ажээ. Харин гадаа явж байгаа хүн бараг харагдсангүй. Хаа нэг усны тэрэг түрсэн өвөө, чарга чирсэн залуу л явах юм. Сааралтсан утаан дундуур давхисаар Майхан толгой хүрээд агаар тунгалагшиж байна. Бид давхисаар Хандгайтад байрлах “Их тамир” амралтын газрын гадаа ирлээ. Хүйтэн байснаас тэр үү гадаа явж байгаа хүн харагдахгүй юм. Харин гэрүүдийг галлаж байгаа бололтой яндангаар нь утаа гарч байлаа. Амралтын газрын хүлээн авагч эмэгтэйгээс өрөө байгаа эсэхийг асуухад “Сул өрөө байгаа. Гэхдээ цөөн байна. Амрагч ихтэй байгаа” гэлээ. Эдний амралтад 20-21-нд шилжих шөнийн 22 цагаас үүрийн 05 цаг хүртэл амраг- чид цуварч ирсэн гэнэ. Гэхдээ наргиж яваа хүмүүс биш. Дандаа гэр бүлээрээ, үр хүүхдээ дагуулж яваа хүмүүс ирсэн ажээ. Уг амралт хэдийгээр ахмадуудад зориулагдсан хэдий ч залуус голдуу ирдэг юм байна. Үнийн хувьд гэрт хоноход нэг хүний 30 мянга, байшинд бол 40 мянга гэлээ. Өдрийн гурван хоолтой учраас амрахаар ирсэн хүн тус бүрээс ийн төлбөр авдаг ажээ. Дулаахан, тохилог өвлийн байртай уг амралтад амрахаар ирсэн хүмүүсийн нэгтэй ярилцлаа.

-Энд хэзээ ирсэн юм бэ?

-Урьд шөнө ирчихээд л байж байна. Агаарт сайхан байна.

-Амрах гэж ирэв үү. Аль эсвэл дэлхий сөнөхөөс айгаад зугтаж явна уу?

-Аль аль нь байх шиг байна даа. Хүмүүс ихэвчлэн дэлхий сөнөнө, монгол гэрт байгаа нь аюул багатай гэж ярьж байгаа болохоор хотоос гарчихаад байж байна.

-Хэнтэй ирсэн юм бэ?

-Гэр бүлийнхэнтэйгээ. Эмээгээ дагуулаад ирлээ. Одоо манай найзууд наашаа ирж байгаа. Амралтанд ирж байгаа хүмүүсийг хараад байхад үнэн сэтгэлээсээ дэлхий сөнөхөөс айсан хүмүүс биш шиг байна. Далимдуулж байгаа гарууд олон байна шүү. Манай найзууд л гэхэд ганц өдөр салхинд гаръя гээд араас ирж байх жишээтэй. Бид нарын хувьд ээж, эмээ хоёр бөөндөө хотоос гаръя гээд байхаар нь наашаа гараад давхичихсан. Ойрхон ч юм. “Их тамир” амралтын газрын хойхно байх уулан дээр хүүхдүүд чаргаар гулгаж байна. Аав, ээжүүд нь наана нь зогсож байлаа. Тэд мөн л хотын төвд байх орон сууцаа орхиод иржээ. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор энэ өдөр хотоос гарахаар хэд хоногийн өмнө төлөвлөсөн гэж байв. Мөн зам дагуух өвлийн байшинтай айлын гадаа дөрөв, таван ч машин зэрэгцээд зогсчихож. Ер нь өвлийн байшинтай айлууд энэ өдөр бүгд л зуслан дээрээ ирсэн бололтой. Хот руу буцах замдаа Шадивланд байх “Ойн жим” амралтын газраар дайрав. Эндхийн гэрүүд бүгд эзэнтэй болжээ. Хүлээн авагч нь гэр байхгүй, өвлийн байранд цөөхөн өрөө үлдсэн байгаа гэлээ. Урьдны баасан гаригт эднийх тэр бүр ингэж дүүрээд байдаггүй байжээ. Харин дэлхий сөнөнө гэх ярианаас үүдэн өрөөнүүд нь бүр урьдчилсан захиалгад орсон гэж ярилаа. Шинэ оны хамгийн эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд үйлчлүүлэгч олонтой байдаг амралтын газрынхан 21-ний өдрийн буянаар орлого сайтай ажилласан бололтой.


No description available. No description available.

No description available.

1. Хандгайт 16.10 цагт

2. Модны 2 08.30 цагт

No description available.

22-ын товчоо 16.10 цагт


No description available.

Модны 2-ын зам. 2012.12.21 08.45 минут

No description available.

Сэлбийн гүүрний зам 09.10 цагт

No description available.

Их тамир амралтын газар 16.00 цагт

No description available.

Хандгайтын зуслангийн айлын гадаа 15.30 цагт

No description available.

22-ын товчооны нүүрс борлуулах цэг 13.30 цагт

No description available.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 16.30 цагт

Бэлтгэсэн сэтгүүлчид:

Ц.ӨРНӨХ, Т.ЭРДЭНЭ, Ж.БАЯРСАЙХАН, С.АЛТАНЦЭЦЭГ, Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зурагчин Ц.МЯГМАРСҮРЭН

2012.12.22

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Омикрон” хувилбар дотоодод тархахаас сэргийлж, хилийн хяналтаа чангатгана

“КОВИД-19” халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө.

ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон тус хуралд нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр ярилцав. Тухайлбал, гадаадаас ирж буй иргэдээс авч буй хил дээрх түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд илүү анхаарч алдаа гаргахаас сэргийлж бүх арга хэмжээг авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д үүрэг болгов. Хил дээр авсан шинжилгээнд сөрөг гарч гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэдэд мэдээллийг сайн өгч 4 дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухай бүрд нь авч, хяналтаа нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгов.

Тэрбээр, омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй учраас тайвширч болохгүй гэдгийг анхааруулаад болзошгүй эрсдэлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх дээр анхаарах нь чухал. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авч ажиллахаар болов. Дельта вирус дэгдэх үед авч байсан ор дэлгэх ажлаа сайжруулах замаар омикрон хувилбар дэгдсэн нөхцөлд орыг хэрхэн дэлгэж, ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрыг анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Учир нь АНУ, Англи зэрэг улсад омикрон хувилбар нь дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн авах нь чухал юм. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлаа энэ 7 хоногтоо багтааж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд чиглэл болголоо. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад сайдын албан даалгавар хүргүүлж, омикрон хувилбараас сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав.

Омикрон хувилбарыг дотоодод оруулахгүйн тулд хил дээрх хяналтаа илүү анхаарах, гэрийн тусгаарлалтад буй иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахаар болов. Мөн улирлын томуугийн дэгдэлтийн үед авч буй арга хэмжээг сайжруулж бага насны хүүхдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд зохих арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа. Томуугийн хүндрэл гарах эрсдэлтэй учир энэ чиглэлд шаардлагатай арга хэмжээг авахаар болов.

Categories
мэдээ нийгэм

“Омикрон” хувилбар дэлхийн 106 улсад илэрчээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын долоо хоног тутмын тайланд дурдсанаар, “КОВИД-19”-ийн коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдварын тохиолдол дэлхийн 106 улсад бүртгэгдлээ. “Омикрон”-ы халдвар авсан хүмүүсийн мэдээлэл нь өчигдөр 2021.12.21-ний мягмар гарагийн мэдээлэл.

Түүнчлэн ДЭМБ-ын гаргасан сүүлийн үеийн мэдээллээс харвал, коронавирусийн “Омикрон” хувилбар нь сүргийн дархлаа өндөр байгаа улс орнуудад ч “Дельта” хувилбараас илүү хурдан тархаж байна хэмээн мэдэгдлээ.

Халдварын шинэ хувилбар нь чухам ямар ноцтой болох эсэх нарийн мэдээлэл одоогоор “хязгаарлагдмал” хэвээр байгаа юм. Нөгөөтээгүүр, Өмнөд Африк, Их Британид “Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх тоо нэмэгдсээр байгааг ДЭМБ мөн онцлов.

Нэмж дурдахад, урьдчилсан мэдээллээр, өмнө нь коронавирусийн халдвар авсан ч эдгэрсэн эсвэл вакцины эхний тунг хийлгэсэн өвчтөнүүдэд “Омикрон” хувилбарт вирусийн халдвар саармагждаг гэсэн дүгнэлт хийсэн.

Дээр дурдсан бүхнээс үзэхэд ДЭМБ коронавирусийн “Омикрон”-той холбоотой эрсдэл “маш өндөр” хэвээр байна гэж дүгнэж, эрүүл мэндийн тогтолцоо сүйрч болзошгүй хэмээн анхааруулж эхэлсэн.

(Эх сурвалж: Interfax)

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Тусгай зөвшөөрөлтэй ББСБ-уудыг танилцууллаа

Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй ББСБ-ын жагсаалтыг тогтмол шинэчилдэг. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ хүргэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын жагсаалтыг танилцуулж байна.

Үүнд:

“Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК

“Их монгол кредит ББСБ” ХХК

“Ирээдүй инвест ББСБ” ХХК

“Хатан сүлд ББСБ” ХХК

“Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК

“Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК

“Нарансансар ББСБ” ХХК

“Эксклюзивчэнж ББСБ” ХХК

“Мобифинанс ББСБ” ХХК

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК

“Ардкредит ББСБ” ХК

“Дижитал маркет ББСБ” ХХК

“Инвестос ББСБ” ХХК

“Оорцогийн хөндий ББСБ” ХХК

“Гүмүда финанс ББСБ” ХХК

“Файнэншилтрипл групп ББСБ” ХХК

“Кредитех СТМ ББСБ” ХХК

“Мониполо ББСБ” ХХК

“Лэндмн ББСБ” ХК

“Гялс кредит ББСБ” ХХК

“Сонгомол финанс ББСБ” ХХК

“Соломон инвестментс ББСБ” ХХК

“Паблик кредит ББСБ” ХХК

“Ти финанс ББСБ” ХХК

“Сэнд эм эн ББСБ” ХХК

“Централ капитал ББСБ” ХХК

“Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК

“Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК

“Сам нор ББСБ” ХХК

“Түгмэл ББСБ” ХХК

“Эм Пи Эс Си ББСБ” ХХК

“И Эс Эй финанс ББСБ” ХХК

“Инвескор хэтэвч ББСБ” ХХК

“Хийморьт найман шарга ББСБ” ХХК

“Зөгий санхүүгийн групп ББСБ” ХХК

СЗХ-ноос иргэдэд цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авахын өмнө тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах, дээрх жагсаалтад тухайн байгууллагын нэр байгаа эсэхийг шалгахыг зөвлөв. Ингэснээр залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Хэрэв тусгай зөвшөөрөлгүй цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхэлж буй этгээдийг илрүүлсэн тохиолдолд СЗХ-нд албан бичгээр, цахим шуудан amlctf@frc.mn холбоос, мөн +51-261112, +51-261113 утсаар мэдээлэх боломжтой.

СЗХ нь санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж, шаардлагын биелэлтийг хангах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. ФАТФ-ын зөвлөмжийн биелэлтийг хангах хүрээнд ЦЕГ, Тагнуулын ерөнхий газартай хамтран, зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлээд байгааг СЗХ мэдээлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2 хувиар нэмэгдэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (14.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 (11.3 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 771.6 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 138.4 (12.9 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 30.9 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны 11 дүгээр сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 83.9 (5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 131.6 (11.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 11 дүгээр сард 1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 266.2 (20.5 хувь) тэрбум төгрөгөөр багасахад нүүрс олборлолт 395.3 (66.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, хүрэн нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 5.2-30.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гар ариутгагч, спирт, катодын зэс (99 хувь), ус, ундаа, жүүс, цемент, малын мах, согтууруулах ундаа, шингэн сүү, шохой, нүүрсэн шахмал түлш, баяжуулсан нүүрс, янжуур тамхи, металл бэлдэц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1 хувиас 2.2 дахин нэмэгдэв.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, алт, хайлуур жонш, чулуун нүүрсний олборлолт 1.1-31.4, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, самнасан ноолуур, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.2-64.8 хувиар багассан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (28.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.3 (36 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (36 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 4.4 (56.4 хувь) их наяд, газрын тос олборлолтын салбарынх 338.4 (93.3 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 84.1 (36.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд энэ оны эхний 11 сард 14.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний 74.3 хувийг металлын хүдэр, 18.8 хувийг нүүрс, 5.4 хувийг газрын тос олборлолтын, 1.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарынх эзэлж, газрын тос олборлолтын бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1.1, металлын хүдэр олборлолт 13.9 нэгж хувиар нэмэгдэж, нүүрс олборлолтын салбарынх 14.8, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 0.2 нэгж хувиар багассан байна.