Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Month: December 2021
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо.
Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар илрээд байна. 11 сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байна.
Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байна.
Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом 39” яруу найргийн наадмыг энэ сарын 24-нд хийхээр товлосон талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ.
Наадам энэ удаад Улаанбаатар хотод болох бөгөөд эхний шатанд хот, хөдөөгөөс нийт 144 шүлэг ирсэн. Эдгээрээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж өрсөлдөх юм.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо “Болор цом яруу найргийн наадмаар нэгэн жилд бүтээсэн шилдэг шүлгүүдээ уншигчдадаа зориулан уншдаг. Мөн тухайн жилийн онцлог, нийгэм, улс төрийн амьдралыг уран бүтээлээрээ дуурсгадаг, уран бүтээлч, уншигчдын гүүр болдог амьд наадам. Яруу найрагчдын онгод хийморь нь ямар ч хэцүү хүнд нөхцөлд Монголынхоо төлөө дуулсан эгшиг яруу сэтгэл нь хэзээ ч зогсдоггүй гэдгийг энэ наадам маань харуулдаг” гэлээ.
“Болор цом 39” наадмын онцлог:
- Оролцохоор шалгарсан 25 найрагчийн зургаа нь “Болор цом”-ын эзэн байна.
- Наадмыг 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон МЗЭ-ийн Их чуулганаас шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүд нээлттэй, ардчилсан, шударга зарчмаар шүүнэ.
- Цар тахлын онцгой үед тохиож байгаа тул МЗЭ энэ удаагийн наадмаа ахмад гишүүд, үнэнч үзэгчдэдээ урилгаар үзүүлэхээр шийдээд байна. Гэхдээ УОК-оос тавьж байгаа шаардлагын дагуу халдвар, хамгааллын дэглэмийг баримталж, үзэгчийн тоог хязгаарлана.
- “Болор цом 39” наадамд уншсан бүх шүлгийг “Mon nom” аппликэйшнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэ төлбөргүй байршуулах тул хүссэн хүн бүхэн сонсох боломжтой.
МҮОНРТ нь 1983 оноос хойш жил бүрийн “Болор цом” наадмын бичлэгийг хийж, Монголын үзэгч, сонсогчдодоо бүрэн эхээр нь хүргэж ирсэн. Энэ жилийн хувьд МҮОНТ “Болор цом 39” наадмыг Шинэ жилээр үзүүлэхээр төлөвлөжээ.
“БОЛОР ЦОМ-39” наадамд шалгарсан найрагчид:
- Б.Алтанхуяг
- М.Амархүү
- Б.Батсайхан
- М.Баттөмөр
- Б.Баттулга
- Т.Баянсан
- Б.Болорцэрэн
- Тө.Бямбасүрэн
- Д.Галсансүх
- Д.Гансаруул
- Э.Гантулга
- Б.Жамбалдорж
- Н.Минжинсайхан
- Л.Моломжамц
- Д.Мөнхбат
- Н.Мөнхбаяр
- Ц.Намуундарь
- С.Начин
- В.Нэргүй
- Д.Одгэрэл
- М.Отгонбаяр
- С.Ууганбаяр
- М.Уянсүх
- Б.Чулуунцэцэг
- Б.Эрдэнэ-Очир
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдэх тул хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгаа юм.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэх тухай хэлэлцсэн байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд өнөөдөр бас нэгэн үүрэг чиглэлийг өглөө.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.
Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт хийхгүй байх, айл, өрх, иргэд цомхон хүрээнд тэмдэглэх, өргөн хүрээнд нийтээр тэмдэглэхгүй байх зөвлөмж гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө” гэв.
Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Түр хороо өнөөдөртөө дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Тогтоолын төсөл нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан зарим арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрөх тухай агуулгатай. Энэ хүрээнд
- Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх
- Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
- Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцаж, Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
- Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хамтарч ажиллах
- Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж ойлгуулах
Энэ зургаан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэнд тооцсугай гэсэн тогтоолын төсөл байгаа” гэдгийг хэллээ.
МИАТ ТӨХК 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Бямба гараг бүр Москва хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.
ОХУ руу зорчих зорчигчдод тавигдах шаардлага:
- ОХУ-д бууж байгаа цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариу
- Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонгконг, Лесото, Мадагаскар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй.
- Зорчигч эрүүл мэндийн хуудас бөглөнө. Эрүүл мэндийн хуудсыг доорх холбоосоос авна. https://www.rospotrebnadzor.ru/…/%D0%B0%D0%B2%D0%B8%D0…
- ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явах шаардлагатай.
Энэхүү шаардлага нь 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаарх бөгөөд өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу гэж тус компаниас мэдээллээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан 2022 оны төсвийг чанаржуулах тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа.
- Орлогын чиглэлээрх уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
- Төрийн өмчит компаниудийн ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
- Хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг нарийвчлан чиглэлүүдийг тусгасан.
Эдгээр агуулгууд дотод сүүлийн үед олон нийтйин дунд төөрөгдөл үүсгэж буй нэг асуудал бий. Тэр нь нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний. ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үйл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн.
Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 2.5 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 746.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 502.3 (3.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 459.5 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 376.4 (36.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статитсикийн хороо мэдээлэв.
Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 11 дүгээр сард 314.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 25.3 сая төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 297.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.6 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс ховор олдвор болох шувууны өндөг илэрсэн байна.
Энэ нь судлаачдын таамаглаж байгаагаар сүүлчийн мөстлөгийн үe, 10-15 мянган жилийн өмнөх үeд холбогдох аж.
Уг шувууны өндөг нь 17.3 см өндөртэй. Өндрийн тойрог нь 50.5 см, хэвтээ тойрог нь 45.5 см, 349 гр жинтэй бөгөөд анх удаа бүтэн байдлаар олдсоноороо онцлогтой.
Энэхүү өндөг нь тэмээн хяруулынх байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
“Ховдын өргөө” ХХК-ийн ажилтнууд өнгөрсөн eсдүгээр сард Жаргалант сумын нутаг дэвсгэрт шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил хийх явцад газрыг тeхник хэрэгслийн тусламжтайгаар 3.5 мeтр орчим ухаснаар тус шувууны өндөг гарч иржээ.
Улмаар мэргэжлийн байгууллагуудад холбогдох зураг, баримтыг илгээж, хуулийн дагуу хүлээлгэн өгч байна.
Ховд аймгийн Манхан сумын нутагт байрлах Гурван сэнхэрийн агуйн хадны зосон зурагт тэмээн хяруул шувууг дүрсэлсэн байдаг. Тиймээс уг шувуу нь өндөр Алтайн дунд амьдарч байсныг палеонтологийн энэхүү олдвороор нотлох боломж бүрдэж байна гэж орон нутгийн судлаачид хэллээ.
Мөн өмнө нь Монгол нутгаас тэмээн хяруул шувууны өндөгний хэсэг олдож байсан боловч бүтэн байдлаараа олдож байгаагүй аж.