Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн дэлхий​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Манай холбогдох байгууллагууд эрч хүчтэй, шуурхай, тогтвортой ажиллах нь чухал” хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

УОК “Хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн дэлхий” нийтлэл хэвлэгдлээ.

Гадаад харилцааны
сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Бид хандлагаа өөрчлөөгүй цагт
өөрсдөдөө бий болгосон хаалтандаа түүртэн
амжилттай урагшилж чадахгүй” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хувиараа бизнес эрхлэгч С.Даяар “Олон улсад зөөврийн
хоолны үйлчилгээ явуулж
болж байхад Монголд “Үгүй,
болохгүй” хэмээх ганцхан л
хариулт өгдөг” гэв.

“Колонк”-уудын савраас гарахгүй бол
шатахууны зовлонгоос салахгүй” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Япон дахь McDonald’s-ын салбар төмсний хомсдолд оржээ

Цар тахлын улмаас Макдоналдсын Япон дахь салбар төмсний хомсдолд оржээ. Ингэснээр баасан гарагаас эхлэн шарсан төмсний хэмжээгээ багасгаж байгаа аж. Энэ талаар албаны хүмүүс “энэхүү шийдвэр худалдан авагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй ч бид бага хэмжээтэй шарсан төмсийг тогтмол хүргэхээр шийдвэрлэлээ” гэж мэдээлсэн юм.

2020 оны байдлаар Макдоналдсын хамгийн их 3787 салбар БНХАУ-д, дараагийнх Японд 2923 салбар бүртгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Өндрөөс аврах ажиллагааны дуудлагаар 31 иргэний амийг аварчээ

НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгааллаа.

Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Тухайлбал, өчигдөр буюу 21-нд СХД-ийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар ажиллаж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад гадаадын 13 хэвлэл, мэдээллийн агентлагийн төлөөлөгч ажиллаж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын улс төр, эдийн засаг, түүх, соёл уламжлал болон нийгмийн хөгжил цэцэглэл, ололт амжилтыг дэлхий дахинаа түгээн сурталчлах, бодит мэдээ мэдээллийг дэлхий дахинд хүргэх гүүр болж ирсэнд талархал илэрхийлэв.

Дэлхий нийтээрээ цар тахлын амаргүй цаг үеийг даван туулах хүнд сорилтой тулгарч байгаа онцгой цаг үед хэвлэл, мэдээллийн салбарын идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолж, Гадаад харилцааны яам Монгол Улсын гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг өрнүүлж буйг тэмдэглэв.

Монгол Улсад “Аль Жазийра”, “Синьхуа”, Жиньминь Жибао сонин, “Хятадын төв радио, телевиз CCTV”, “Асахи Шимбүн”, “Киодо Цүүшин”, “Фүжи” телевиз, “Mongolnow.com”, “Ройтерс”, “bne IntelliNews”, “Agence France Presse”, “Ассошиэйтед пресс”, “KBS” телевиз зэрэг нийт 13 хэвлэл, мэдээллийн агентлагийн 21 сурвалжлагч, зураглаачид байнгын үйл ажиллагаа явуулж байв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021 оны хамгийн шилдэг платформоор “TikTok” шалгарчээ

“Cloudflare” компани “Alexa.com”-той хамтран 2021 оны нийгмийн сүлжээг тэргүүлдэг платформыг нэрлэжээ. Нэгдүгээр байранд БНХАУ-ын “TikTok”, дараагаар нь “Google” гуравдугаарт “Мета” компанийн “Facebook” платформ оржээ. Харин “Amazon” онлайн худалдааны тэргүүлэгчээр шалгарчээ.

2021 онд нийгмийн сүлжээг тэргүүлсэн арван платформыг танилцуулъя.

1.TikTok.com
2.Google.com
3.Facebook.com
4.Microsoft.com
5.Apple.com
6.Amazon.com
7.Netflix.com
8.YouTube.com
9.Twitter.com
10. WhatsApp.com

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймагт оны эхний 11 сард төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл 4 гарчээ

Архангай аймгийн эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 98 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 317.5 мянган хүнд амбулаторийн үзлэг хийжээ. Үүний 153.8 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг, 16.2 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна.

Оны эхний 11 сард хүн амын нас баралт 473 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 (6.0%) тохиолдлоор өссөн байна. Мянган хүнд ноогдох төрөлт 16.3, нас баралт 4.9 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 11.4 промил байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Мөн төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл 4 гарсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 13 гарчээ. Оны эхний 11 сард 1546 эх төрж, 1554 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 63 (4.6%) хүүхдээр нэмэгдсэн байна.
Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 97.7 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Цэцэрлэг, Өлзийт, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир сумд 100.0 хувь хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болов

УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2021.12.22) боллоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Тус хуулийг шинэчлэн баталсан гол зорилтуудын нэг нь согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж буй үйлдэл бус, харин түүнийг өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэйг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэх, түүнчлэн эмчлүүлэгч өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжийг хуульчилсан явдал юм.

2000 онд батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын конвенцид нийцүүлэх нь зүйн хэрэг гэж үзэн албадан хөдөлмөр хийлгэх асуудлыг хассан. Эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай эмчлэх зохицуулалт мөн тус хуульд орсон. Эмчилгээний үр дүн болон цаашид хэрхэн сайжруулах талаар энэ хэлэлцүүлгээр санал солилцоё.

Тус хуульд орсон бас нэг зарчмын өөрчлөлт бол албадан эмчлэх эмнэлэг нь эзэмшсэн мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд мэргэжлийн үнэмлэх олгох, хэрэв ажил эрхэлдэг хүн албадан эмчлүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эргүүлэн авах баталгааг хуульчилсан бөгөөд үүний хэрэгжилтийг ч мөн өнөөдөр хэлэлцэх болно.

Засгийн газраас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тогтоолын төсөл болон хэлэлцүүлгийн зорилгын талаар мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шийдвэрлэх асуудал”, “Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний байдал, цаашид анхаарах асуудал”, “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх хууль тогтоомжийн хэрэгжилт, прокурорын хяналт”, “Архины хамааралтай хүний аюулгүй байдлыг хамгаалах, эмчилгээ, үйлчилгээнд хийсэн зарим судалгаа шинжилгээ, санал дүгнэлт” сэдвээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавилаа.

Дараа нь хэлэлцүүлгийн зорилго болон илтгэлүүдтэй холбогдуулж оролцогчид мөн асуулт, хариулт өрнүүлж, саналаа хэлэв. Оролцогчид “албадан эмчилгээ” гэдэг агуулгыг “хүний аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлмөр эрхлэх ур чадварт сургах, эмчилгээ, үйлчилгээ” гэсэн байдлаар өөрчлөх, эмийн болон эмийн бус, товчоор хэлбэл мэдлэгийн эмчилгээ хийдэг болох, “архины зөв зохистой хэрэглээг бий болгох” гэдэг хэллэг архины байнгын хэрэглээг дэмжсэн утгатай болоод буй учир ийм хэллэгийг бодлого, хуульд тусгахгүй байх гэсэн саналуудыг хэлж байв. Мөн албадан эмчилгээнд санхүүжилт хүрэлцдэггүй нь эмчилгээний үр дүн, чанарт сөргөөр нөлөөлдөг учир стандарт эмчилгээнд тохирсон санхүүжилттэй болох, санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, мэргэсэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг бодлогоор бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжих, эмчилгээ явуулах байрыг эмчилгээний зорилгод нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эмчлүүлэгчдийг хөдөлмөрт сургах гэсэн агуулгыг хууль тогтоомжид тусгах талаар саналуудыг хэлэв.

УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн цаашид ямар бодлогоор согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх вэ, яаж монгол хүний удмын санг хамгаалах вэ гэдэг санал, зөвлөмжийг гаргахаар ажиллаж буйг тэмдэглэв.

Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төв, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага зэрэг согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаад байгаа асуудлыг хамгийн сайн мэддэг байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 95 хувийн гүйцэтгэлтэй байна

“Зүүнбаян төмөр зам” ХХК нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах болон төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн таван сумын нутаг дэвсгэрээр дайран нэг өртөө, зургаан зөрлөгтэй 416,1 километр урт, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий Р65 зам төмөртэй, уулзвартай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм.

Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 104 аж ахуйн нэгж оролцож, төслийн хугацаанд 10 мянга орчим хүн, 4 мянга орчим техник хэрэгсэл ашигласан. Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, олборлож боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ болон ОХУ төдийгүй тус улсуудын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн дэлхийн зах зээлд хямд үнээр, “далайн боомт” нөхцөлөөр борлуулах боломжтой.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн шинэ гарцтай холбох, цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор транзит ачааны хувьд эдийн засгийн үр өгөөж өндөр байна.
  • 1000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Байгаль орчинд ээлтэй тээвэр болно.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуух уул уурхайн ордуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
  • Төслийн бүтээн байгуулалтын явц 95%-тай явагдаж байгаа бөгөөд нийт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар нэг их наяд 53 тэрбум төгрөгт хүрсэн.
Categories
мэдээ спорт

Ирэх онд болох чөлөөт бөхийн зарим тэмцээний хуваарь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 20-нд 2022 оны тэмцээн уралдааны хуваарьт гарсан өөрчлөлтөө танилцууллаа.

Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хотноо явагдана.

Долоодугаар сарын 2-10-нд 20 болон 15 насны Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдах ч хүлээн авах улс одоогоор тодорхойгүй аж.

Зургаадугаар сард зохиогдох төлөвлөгөөтэй 17 болон 23 насны Азийн аваргын тэмцээнийг хамтатгаад Саудын Арабын Рияд хотод хийх бололтой. Яг тодорхой болоогүй ч зургаадугаар сарын 19-26 гэсэн тов гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хайлуур жонш өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өсчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13,362.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,294.1 тэрбум төгрөг буюу 47.4 хувиар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал

➢ Уул уурхайн салбараас 3,707.8 тэрбум төгрөг буюу 27.7 хувь,

➢ Газрын тосны салбараас 180.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 30.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

➢ Бусад орлого 36.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь байна.

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 3,707.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Үүнээс:

➢ Зэс 2,343.8 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 732.0 тэрбум төгрөг,

➢ Алт 212.3 тэрбум төгрөг,

➢ Төмөр 168.2 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 103.9 тэрбум төгрөг,

➢ Цайр 98.7 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 49.0 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,908.4 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.


Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан.

Үүнд:

➢ Зэс 1,465.0 (2.7 дахин) тэрбум төгрөг,

➢ Нүүрс 171.9 (30.7%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 94.2 (2.3 дахин) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 73.7 (3.4 дахин) тэрбум төгрөг,

➢ Цайр 66.7 (3.1 дахин) тэрбум төгрөг,

➢ Алт 57.6 (37.2%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Үүнд:

➢ Бусад 20.5 (29.5%) тэрбум төгрөг.