УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт 59.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтэд оролцож буй оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ынхаа гишүүдийн хамт цахимаар оролцож байгаадаа баяртай байна.
Та бүхэндээ өдрийн мэнд дэвшүүлж, нийт оролцогчдодоо сайн сайхныг, хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.
Энэ хөтөлбөр бол 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөний нэг үндсэн зорилт юм. Мөн 2019 оноос эхэлсэн Парламентын шинэчлэлийн нэг чиглэл билээ.
Бид Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмэн засаглах” эрхийг хангахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд хүүхэд залуустаа УИХ гэж ямар байгууллага вэ, хуулийг хэрхэн тогтоодог юм, иргэд, хүүхдүүд ямар эрх, үүрэгтэй вэ, парламентад өөрийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэхийн тулд яах ёстой вэ гэх мэт мэдлэгийг олгохыг бид хүсэж байгаа юм.
Улмаар хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад хүүхэд багачуудынхаа, нийт иргэдийнхээ оролцоог хангахыг бид чухалчилж байна.
Хүүхэд залуус бол Монголын маргаашийг авч явах ирээдүй нь. Тиймээс одооноос төрийн хэрэгт оролцох, төр засгийг удирдах, нийгэм, хамт олноо манлайлах үйл хэрэгт суралцах нь чухал юм. Үүнд “Парламентын боловсрол” хөтөлбөр тусална.
Улсын Их Хурал:
Ард түмний засаглах эрхийг хангасан парламент байх
Ардчилсан ёс, хүний эрхийг эн тэргүүнд дээдлэх
Парламентын ардчиллаа улам бататган бэхжүүлэх
Цахим парламент болох
Сонгодог парламентын тогтолцоо бүрдүүлэх гэсэн 5 гол зорилтод үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Энэ зорилго хэрхэн хэрэгжих нь зөвхөн УИХ-ын гишүүдээс хамаарахгүй. Иргэдтэйгээ, хүүхэд залуустайгаа хамтарч хэрэгжүүлнэ. Тиймээс Парламентын боловсрол хөтөлбөрт оролцож буй хүүхэд, залуусын хувь нэмэр чухал байх болно.
Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол олгох сургалт явуулна. Парламентын боловсролын веб сайт ажиллуулна. УИХ-ын дэргэд “Парламентын сургалтын танхим” байгуулна.
Ард иргэд, хүүхэд залуустаа Монголын парламент нээлттэй болно. Улсын Их хурал дээр ирээд сургалтад хамрагдах, санал бодлоо шууд, чөлөөтэй солилцох нь илүү үр дүнтэй гэж бид бодож байгаа юм.
Саяхан бид “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн. Хүүхдүүд маань маш идэвхтэй оролцож, олон сайхан санал, санаачилга гаргасанд баяртай байна. “Мини парламент” буюу ”Өсвөрийн парламент”-ын арга хэмжээ “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд цаашид үргэлжилж, нийт Монгол даяар хэрэгжих болно.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:
Парламентын үйл ажиллагаа, чиг үүргийг ойлгож;
Үндсэн хуулиа танин мэдэж;
Ардчиллын утга учрыг ухаарч;
Хүний эрхийн үнэ цэнийг мэдэрч;
Ард түмэн засаглах Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлж;
Сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Эх орон, үндэсний түүх, соёлоороо бахархдаг, хөгжин дэвшсэн сайхан Монгол, сайн цагийг бүтээх чин эрмэлзэлтэй ирээдүй үеийг төлөвшүүлэх, иргэлийн оролцоотой хууль тогтоох, ард түмэнтэйгээ хамтран засаглах бидний зорилт амжилтад хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Тиймээс “Парламентын боловсрол”-ын хөтөлбөртөө идэвхтэй хамрагдаж, аль болох олуулаа оролцохыг хүүхэд залуустаа хандан уриалъя. Монгол Улсынхаа нийт иргэдийг парламенттайгаа илүү ойр байж, хамтран төрийн бодлого боловсруулж, хууль тогтоохын төлөө идэвх санаачилга гаргахыг хүсье гэлээ.
Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.
Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж.
Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, нийслэлийн авто замын түгжрэл өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Орж ирж байгаа төслийг харахаар Баянхошуу, “Өнөр” хорооллын цөөн хэдэн км замыг сайжруулах, шинэчлэх гэх мэт жижиг ажлууд харагдаж байна. Нийслэлд шинэ тойрог зам байгуулж төвлөрлийг бууруулах зэрэг цогц ажилд энэ хөрөнгийг зарцуулж болохгүй юу. Яармагийн гүүрнээс олон улсын нисэх буудал хүртэл хурдны замтай холбосон зам тавьбал яармагийн түгжрэлийг бууруулах боломжтой гэж бодож байна. Мөн Туул гол дээр тавих гүүрийн асуудлыг энэ хөрөнгөөр шийдэх боломж бий юу гэсэн асуулт тавьсан.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний төслийг Засгийн газарт танилцуулан үндэсний хороо байгуулан ажиллаж, авто замын түгжрэлийг бууруулах 28 зүйл бүхий 146 төсөл арга хэмжээг олон улсын зээл, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Үүний нэг нь Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хийгдэх дээрх төсөл юм байна. Энэ ажлын хүрээнд Нарны замын хэвтээ чиглэлийн замыг зургаан эгнээ болгож, зам тээврийн удирдлагын системийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ирэх гурван жилийн хугацаанд Нарны замын чиглэлд шинээр 60.5 км зам барихаас гадна 71.5 км шинэ тойрог зам барихаар тусгасан байна. Шинэ тойрог замын газар чөлөөлөлтөд 120 орчим тэрбумыг зарцуулж, долоон газарт гүүрэн байгууламж барих юм байна. Яармагийн чиглэлд 650 метр гүүрэн байгууламж, түүнчлэн Зайсан, баруун Сонсголонгийн чиглэлд, түүнчлэн шинэ тойрог байгуулахтай холбогдуулан 11 ширхэг олон түвшний огтлолцолтой гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн гэлээ. Эдгээр цогц арга хэмжээнүүдийн нэг нь Дэлхийн банкны төслийн дагуу хэрэгжих юм гэв. Нарны замын одоо байгаа 9.5 км хэсгийг зургаан эгнээтэй болгох бөгөөд тэрхүү зам баруун тийш Сонсголонгийн уулзвартай нийлэн баруун аймгууд руу явдаг замтай холбогдох бол зүүн тийшээ Улиастайн гүүрний замтай нийлэх аж. Нийтдээ Нарны зам 17.5 км, зургаан эгнээ болно гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд зээлийн эргэн төлөлт, замын өртөг, түгжрэлийг бууруулах замын урсгалын тооцоолол, шинээр баригдаж буй орон сууцны хорооллын асуудал, газар чөлөөлөлтийн өртөг, шинээр баригдах замуудын зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн эсэх, хотын замын стандарт, нийтийн тээврийн хүртээмж, шинээр импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгсэлд хязгаар тавих асуудлын талаар асууж, мөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр хууль батлагдлаа.
Мөн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан. Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 ra-raap тогтоосон байна. Засгийн газрын мөн оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба бий болгожээ. Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд yr төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажил хийгджээ.
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох үүднээс сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулахад анхаарч, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх хүрээнд 2016 оны тавдугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Улмаар дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна
Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” xoëp улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн теслийг санаачлан боловсруулж, төслийг Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцээд хятадын талд хүргүүлжээ. Хятадын тал 2019 оны хоёрдугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой саналаа ирүүлснийг ажлын хэсэг дахин боловсруулж, холбогдох яамдын саналыг авч төсөлд тусган 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хятадын талтай ойлголцлын зөрүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасны дагуу xoëp талын ажлын хэсэг мөн оны гуравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо уулзалт, хэлэлцээ хийж, xoëp талын ажлын хэсгүүд ойлголцлын зөрүүтэй саналаа нэгтгэн хэлэлцээрийн төслийг үзэглэсэн байна.
Улмаар Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар xoëp талын ажлын хэсгийн үзэглэсэн хэлэлцээрийн төслийг дахин хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр ирүүлсний дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн аж. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн 2019 оны зургаадугаар capын 4-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулжээ. Иймээс хоёр улсын Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 76.9 хувийн саналаар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан хил дамнасан чөлөөт бүсийн орц, гарцыг нээлттэй байлгах, үйл ажиллагааг чөлөөтэй байхаар хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд чөлөөт бүсийн асуудал нь цаг хугацааны хувьд их удааширсан учир хэлэлцзэрээ батлаад, анхны үзэл баримтлал, концепцийн дагуу зөв, идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих, чөлөөт бүс байгуулах хилийн зурвасыг ойртуулах, шаардлагатай бол Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналуудын тус тус гаргасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.