Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг”-ийг баталлаа. Бодлогын баримт бичиг үндсэн хоёр бүлэгтэй бөгөөд эхний буюу “Санхүүгийн зохицуулах хорооны өнөөгийн хяналт шалгалтын тогтолцоо” бүлэгт хяналт шалгалт хийхэд баримтлах зарчмууд, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын үе шат, төрөл хэлбэр, тэдгээрийн уялдаа холбооны тухай тусгасан.
Харин “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтыг боловсронгуй болгох дунд болон урт хугацааны төлөвлөгөө” бүлэгт Хорооны хяналт шалгалтад хийсэн шинжилгээ, цаашдын хандлага, бодлогын зорилго, хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Бодлогын баримт бичигт хяналт шалгалтын үйл явцыг тайлбарлахаас гадна үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх, цахим аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг хөндсөн. Түүнчлэн дэвшилтэт технологид суурилсан цахим санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, тархмал бүртгэлийн системд суурилсан криптовалют, их өгөгдөл, виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч, Хороо инноваци, дэвшилтэт технологийг дэмжихийн сацуу зохистой эрх зүйн орчинг бүрдүүлж, бодлогоор зохицуулж, эрсдэлд суурилсан хэлбэрээр хяналт шалгалт хэрэгжүүлэх бодлого баримтлах талаар тусгасан.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Базелийн хороо, Олон улсын валютын сан, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага, Олон улсын даатгалын хянан шалгагчдын холбооноос гаргасан стандарт, зөвлөмж, Сингапур, Канад, Австрали зэрэг олон улсын судалгаа, манай улсын санхүүгийн болон санхүүгийн бус салбаруудын хяналт шалгалтын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны үр дүн зэрэг мэдээлэлд суурилж баримт бичгийг боловсруулсан.
Бодлогын баримт бичиг батлагдсанаар Хорооноос зохицуулалттай санхүүгийн болон санхүүгийн бус салбаруудад хэрэгжүүлж буй хяналт шалгалтын үйл явц, төрөл хэлбэр, тэдгээрийн уялдаа холбоог тайлбарлах, хяналт шалгалтын чиг хандлага, бодлогыг тодорхойлж, дунд ба урт хугацаанд хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох боломж бүрдэж байна. Ингэснээр ил тод байдлыг дэмжих, хяналт шалгалтын үр ашгийг сайжруулах, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах, инновацийг дэмжсэн оновчтой хяналтын орчныг бүрдүүлэх, мэргэжлийн ёс зүйг тэргүүн чиглэл болгож, уялдаа холбоог хангаснаар санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах юм.