Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Философийн академи гэхээр сайхан сонсогдож байна. Философийн академитай улс орон ер нь цөөн дөө. Танай академи хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэв. Та хөл хорионы хоёр жилд олон цуврал ном бичиж, үр дүнтэй өнгөрүүлжээ?
-Гоё асуулт тавьж байгаад баярлаж байна. Философи гэдэг салбар, мэргэжил бол хүн төрөлхтний оюуны охь, оюуны хөдөлмөр бөгөөд 3000-аад жилийн түүхтэй гэдэг л дээ. Анх Энэтхэг, Грек, Перс, Хятад гэсэн эртний ард түмнүүдийн дунд хөгжиж эхэлсэн. Хорвоо ертөнцийг асуусан, танин мэдэх гэсэн тийм л замбараатай асуултуудыг асууж, түүндээ ухамсартайгаар, өндөр мэдлэгтэйгээр хариултыг хайсан хүмүүсийг философичид гээд байгаа шүү дээ. Түүнээс биш нэг л их юм мэддэг, урьдчилан хардаг тийм хүмүүс биш. Асуудаг, хардаг, аждаг, хүлээцтэй, тууштай, туйлширдаггүй ийм л нэг сонин бүлэг хүмүүс шүү дээ, философичид чинь. Философичид уулзахаар нэгнээ яриагаараа таньдаг. Ийм л сонирхолтой хүмүүс. Би чинь Германд философиор докторын зэрэг хамгаалсан шүү дээ.
Энэ хүмүүсийг хараад монгол хүн би энэ сайхан мэдлэг, боловсрол, оюуны нөөц, бүтээлүүдийг улс орондоо аваачих юмсан гэж мөрөөдсөн.
Миний мөрөөдөл. Би багаасаа номонд дуртай байсан. Миний хамгийн дуртай, уншдаг байсан зохиолч Антон Чехов. Би Чеховоор хүмүүжсэн. Миний сурган хүмүүжүүлэгч бол Чехов. Түүнээс биш ээж, аав минь, сургуулийн багш ч сурган хүмүүжүүлэгч биш (инээв). Өвөө эмээ ч биш. 16, 17 настайдаа Чеховын номуудыг уншаад нүд нээгдээд л хорвоо, амьдрал өмнө минь, ширээн дээр дэлгэчихсэн юм шиг болж байгаа байхгүй юу. “…Юм гэдэг чинь ийм учиртай юм байна ш дээ”. Би ээж, аавдаа гомдоод уурлаад байх хэрэггүй юм байна, багш нараа голж шилэх хэрэггүй юм байна, нийгмээ харж сэтгэлээр унах хэрэггүй юм байна. Амьдрал гэдэг чинь эрээн бараан, янз бүр байдаг юм байна. Нэг хэсэг нь жаргалтай, нэг хэсэг нь зовлонтой. Энэ дундаас хүн өөрийн хүсэл эрмэлзэл, зүтгэлээрээ сайн сайхан амьдралыг бүтээж, утга учир гэж явдаг юм байна. Түүнээс бэлэн сайхан юм гарт өгөгддөггүй юм байна гэдгийг чинь Чеховоос уншиж мэдэж байгаа байхгүй юу.
-Тэгэхээр Чехов…?
-Чехов философич шүү дээ. Бид нар л роман, уран зохиол гэж нэрлээд байгаа болохоос биш цаана нь том философи явдаг. Тэгээд би тэр хүсэл эрмэлзлээ Монгол Улсдаа авчиръя гээд 2012 оноос Монголдоо олон нийтэд цуврал лекц уншиж эхэлсэн.
-Тэгсэн.
-Ес дэх жилдээ лекц уншиж байна. Хойтон 10 дахь жил нь болно. Есөн жил тууштай явлаа. Лекц уншаад л байлаа, жил бүр уншаад л байлаа. Хүмүүс ч ирээд л, лекц уншаад л…хоёр, гурван жилийн өмнөөс “Лекцийнхээ хажуугаар сертификаттай сургалт явуулъя, философийн хичээл хийдэг, гэрийн даалгавартай болгоё” гээд сургалтаа эхэлсэн. Герман, Америк, Энэтхэг, Японд очно уу, дэлхийн аль ч улс оронд очно уу, философийн ийм академид философидоод, философийн ном бичээд, философийн том том сэдвүүд яриад ийм хүмүүс ингээд сууж байдаг юм. Яахав, Монголын малчин ардууд анх удаа жинхэнэ философич хүнтэй тааралдчихаад жаахан шоконд орсон, цочсон.
-Тэгсээн, тэгсэн?
-Зарим нь бухимдсан, уурласан.
-Уурлуулсан.
-Тийм ээ, уурлуулсан. Зарим хүмүүс баярласан, таашаасан. “За, ашгүй нэг ч гэсэн ийм хүн байна гэдэг чинь” гээд олон хүн баярласан. Одоо ингээд л Философийн академиа аваад л явж байна. Сайхан байна. Өнөө жил гурван анги хичээллэсэн. Нэгийн “А”, нэгийн “Б”, хоёрын “А” анги. Хөл хорионы өмнө байсан ангийнхан маань дэвшин суралцаад хоёрдугаар анги болсон. Сурагчид дажгүй байна. Сурагчид маань ерөнхийдөө 18-45 насныхан. Бүгдийг нь би сурагч гэдэг юм. Нэгийн “А” ангид 40 настай сурагч байж л байна. 25 настай залуу чиг л явж байна. Ингээд л философийн ажлаа хийгээд явж байна даа. Дэлхийн хаана ч байдаг юм.
-Д.Урианхай гуайн “Том зорилгод том шалтгаан дандаа хөндөлсдөг” гэж философич-учирлал гэсэн захидал “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн л дээ. Монголчууд Чингисийн үеийг эс тооцвол бусдаас ямагт хараат, ард түмэн минь яагаад ядуу зүдүү амьдарч ирсэн юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байна лээ. Монголчууд яагаад оюун санаа болоод эд таваараар ядуу байгаад байдаг юм бол оо…
-Энэ хүн худал хэлсэн байна. Оюун санааны хувьд хэн ч, хэзээ ч ядуу байхгүй. Харин ч ерөнхийдөө бидний амьдрал азтай. Маш их чадварлаг, авьяастай, эртний соёлтой урд хөрш Хятад. Дэлхийн сонгодог урлагийн төлөөлөл, асар их авьяастай, уран зураг, балет, сонгодог хөгжмөөрөө дэлхийд алдартай Орос гэсэн том хөрш ард байна. Энэ хоёрын нөлөөгөөр бид маш их азтай байгаа. Бид өөрсдөө байшин, засмал зам барих шаардлагагүй. Өөрсдөө нефть олборлож, бензин хийх шаардлагагүйгээр амьдарч болоод байгаа юм. Үүндээ бид баярлах хэрэгтэй. Энэ бол том бэлэг, аз шүү. Би Америк ч юмуу, гадаад орон руу нүүгээд ч юмуу, дүрвээд ч юмуу, цагаачлаад яваад байгаа монголчуудыг харахаар харамсдаг. Яагаад вэ гэвэл, манай оронд дайн болоогүй, бөмбөг дэлбэрээгүй. Ямар нэгэн шашин болоод улс төрийн том зөрчлүүд болоогүй. Энэ ертөнцөөс тэр Араб, Африк, Латин Америкийн ертөнцөд болж байгаа үйл явдлыг, тэр ард түмнийг дуурайж болохгүй. Тэр ард түмнүүд бол Америк руу дүрвэх шаардлагатай. Бидэнд тэгэх шаардлага байхгүй. Энд зүгээр л ажлаа хийгээд хувийн компаниа байгуулаад л, ногоо тарьж, салат хийж зараад л, зөгийн балаа хураагаад л амьдарч болно. Бид хангалттай том газартай. Хангалттай том амьдралын эх үүсвэртэй. Гуравхан сая хүн гэдэг бол маш цөөхөн. Бидэн дотроос тийм том том хөгжлийн санаа бодол, том зохиолууд гарах цаг үе нь болоогүй. Бид 1921 онд дөнгөж эсгий гэрээсээ гарч ирсэн малчид, нэг хэсэг нь лам нар, нэг хэсэг нь Манжийн албат байсан. Саяхан л эсгий гэрээс гарч ирсэн бид явсаар байгаад өнөөдөр 100 жилийн дараа арван жилийн сургууль, Их, дээд сургуультай, эмчтэй, эмнэлэгтэй, зохион байгуулалттай, хүүхдийн төрөлтөөрөө дэлхийд дээгүүр орчихдог. Ер нь бидний ерөнхий боловсрол, бичиг үсэг, социализмын ёс суртахуун тэр бүгд бидэнд наалдаж үлдсэн. Өнөөдөр хүртэл явж ирлээ. Ардчилал харин чадаагүй шүү. Социализмыг л баллалаа. Гэвч социализмын сайн сайхан юмс үлдчихсэн. Мэдээж дутагдалтай тал байсан. Бид эсгий гэрээс гарч ирээд олон асуудлыг ойлгоогүй. Философи, улс төр, шинжлэх ухааныг ойлгоогүй. Хэцүү байсан. Дөнгөж эсгий гэрээс гарч ирээд шууд доктор болно гэж байхгүй л дээ. Залуучуудаа костюм пиджак өмсүүлээд Орос руу явуулсан шүү дээ. Өдий зэрэгтэй явж байна гэдэгт Д.Урианхай гэж тэр хүн харин ч баярлаж, талархах ёстой. Залуу үедээ талархах ёстой. Тэдэнд итгэх ёстой. Оюун санааны доройтолд ороогүй. Харин ч хөгшчүүдээсээ бага юм ярьж байгаа залуучууд гомдолтой байдаг. Өвгөчүүд дандаа муу муухай юм ярьдаг. Зуун тулгатны нэвтрүүлэг явлаа шүү дээ.
-“Монгол тулгатны 100 эрхэм”.
-Тэнд нэг л их сүрхий өвгөчүүд. Гайхамшигтай, амьдралдаа ямар ч алдаа гаргаагүй, нэг л их төгс өвгөчүүд. Залуучуудад л нэг их онгирч хөөрсөн. Тэгж ерөөсөө болохгүй. Хүн ерөөсөө өөрийнхөө амьдралын унаж явсан, бүтэлгүйтэж явснаа ярих ёстой юм байгаа юм. Ер нь бол амьдрал дандаа сайн сайхан биш шүү. Алдаа их бий. Хүн буруудна. Тэндээ гомдох хэрэггүй. Алдах бүрдээ түүнээсээ санаа, туршлага авах. Үргэлж алдана. Амьдралд маргааш, хойтон юу болохыг хэн мэдэх юм бэ? Коронавирус дэгдэхийн өмнө, нэг жилийн өмнө хэн нэг хүн “Жилийн дараа бүгдийг нь гэрт нь хорино доо” гэсэн бол “Энэ ёстой солиотой” л гэх байх байсан. Амьдрал, хорвоо, ертөнц гэдэг чинь ийм байхгүй юу. Урьдчилан харах маш хэцүү. Залуу хүн дандаа алдана. Тэрийгээ алдаа гэж бодож болохгүй, амьдрал гэж хар. Амьдрал өөрөө алдаа юм чинь. Амьдралыг бид яаж мэдэх юм бэ. Би нэг юмыг энэ ярилцлага дундуураа хэлье.
-Юу?
-Толгойд орж ирлээ. Залуучуудад хэлнэ л дээ. Хэтэрхий их хүлээлттэйгээр хайр дурлал ч юмуу, гэр бүлийг ойлгож амьдрал руу орж ирдэг. Дэндүү муухай өндөр хүлээлттэй орж ирдэг. “Бид хоёр нэг нэгэндээ хайртай боллоо” гэдэг. Гэр бүл болоод хамт сайхан амьдраад л, бүх юм бүтэлтэй, сайхан байшинд ороод л, гоё гоё тавилга тавиад л зурагтынхаа өмнө буйдан дээрээ хоёулаа суугаад л гоё юм уугаад л тоорт идээд л сууна гэж төсөөлдөг.
Уучлаарай. Энэ үйл явдал бол нэг өдөр л болвол болж магадгүй. За нэг долоо хоног л үргэлжилж магадгүй. За, одоо жинхэнэ амьдралын үнэн ирнэ. Бүтэлгүйтнэ. Жилийн дараа нөхөр таалагдахаа больж эхэлнэ. Хоёр жилийн дараа эхнэр өөтэй ч юм шиг харагдаж эхэлнэ. Дургүй хүргэж эхэлнэ. Ийм психологи сэтгэл зүйн маш их юм явагдана. Сэтгэлээр унана. Нөгөө их гоё хүлээлттэй амьдрал руу ороод иртэл тэр нь байхгүй. Тэгж байтал хүүхэдтэй болно. Хүүхэд гаргана гэдэг бол шөнө уйлна шүү дээ. Шөнө уйлахаар нь босох уу, босохгүй юу?
-Босч л таарна даа.
-(Инээв). Ингээд л эхэлнэ ш дээ. Тэгээд байж байтал мөнгө хэрэгтэй болно. Арван жилийн сургуульд оруулах хэрэгтэй болно. Амьдрал гэдэг чинь тийм сайхан юм биш шүү. Төрсөн өдрийн баяр биш шүү. Өдөр болгон тоорт идэхгүй шүү. Гагцхүү энэ ээж аавууд, манай энэ яруу найргууд, манай энэ зохиолууд, манай энэ өвгөчүүд амьдралыг нэг л сайхан жимс, алим шиг юм яриад байгаа байхгүй юу. Хайр дурлалыг жимс, алим шиг яриад байгаа байхгүй юу. Хайр дурлал цагаа тулахаар муу муухай. Үзэн ядалт, хүн ална. Энэ бүгдийг бид ярьж, хэлж анхааруулж байх ёстой. Би 16, 17 настайдаа Чеховыг уншаад амьдралаас юм хүлээхээ больчихсон. Окей! Ийм байдаг юм байна. Маш тооцоотой байх хэрэгтэй юм байна. Өөрийн бодолтой явах хэрэгтэй юм байна. Гаднаас нэг их юм хүлээх хэрэггүй юм байна.
Одооны залуучуудад дахин дахин хэлье, өмнө нь ч хэлж байсан. Амьдралаас битгий их юм хүлээ. Гэр бүл болоод аз жаргалтай амьдрахгүй шүү. Нэл хариуцлага, зовлон, үүрэг ирнэ шүү. Хайр дурлал гэдэг чинь үхэн үхтэлээ нэг нэгнийхээ эзэмшил биш шүү. Нэг нэгнийхээ үхэн үхтэлээ өмч нь биш шүү. Тэр бол сэтгэлийн хөдөлгөөн. Удахгүй тэр сэтгэлийн хөдөлгөөн суларна шүү (инээв).
Нөгөө талд хүнийг хүндэтгэх, халамжлах гэсэн үгс бий. Тэр бол харин чухал. Тэрэнд итгэлтэй суралцаж, тэрийг харин нэг нэгэндээ өгч явах ёстой. Хайр бол шууд халамж гэсэн үг биш шүү.
-Эр эм хүйс биеийн талаасаа нэгэндээ илүү татагдаад байдаг үзэгдэл нийгэмд их болж. Ухамсартайгаар биш араатанлаг гэх үү дээ?
-Нөгөө талдаа биеийн тачаал. Амьтанлаг чанар явж байна шүү дээ. Гэхдээ бид боловсролоор тэрийгээ удирддаг байх ёстой.
-18 нас хүрэв үү, үгүй юү нөхөртэй болж, хүүхэд гаргах ёстой гэдэг “даалгавар” тархинд нь эргэлдээд эхэлдэг. Хорь жаахан гарангуут нь үр хүүхдүүдээсээ “Хүнтэй суу, хүүхэд гарга” гэж нэхээд эхэлдэг. Энэ арай дэндүү адгууслаг байгаа биз?
-Аа ёстой тийм. Адгууслаг. Ерөнхийдөө эртний шинж чанар. Дээр үеийн шинж чанар. Дээр үед тэгэхгүй бол болохгүй байдаг байсан. Нөхөр сүүдэр хэрэгтэй. Эсгий гэрт хоёулаа орохгүй бол болохгүй. Шаардлагаар. Нэг хүүхэн, нэг залуу олж аваад бушуу эсгий гэрт орохгүй бол болдоггүй байсан. Одоо тэгэх шаардлагагүй. Ганц бие хүн ч нэг өрх болоод явах боломжтой.
Ээж аавын хүмүүжүүлээгүй тэр хүүг хэн нэгний охин авч суугаад хүмүүжүүлэх албатай юм уу. Тэрийг хүн болгох албатай юм уу. Айлын эрх охин, амьдрал үзээгүй дураар охиныг эхнэр болгож аваад хүмүүжүүлэх албатай юм уу. Дахин хүмүүжүүлэл явах гээд байна. Хүү, охинтой нь суугаад ээж аавынх нь хийгээгүй юмыг, хүүхдийг нь дахин хүмүүжүүлэх нь байна. Юу гэсэн үг вэ. Хүмүүжүүлэгч юм уу. Айлын эрх, сахилгагүй хүүхдийн хүмүүжүүлэгч юм уу. Гэр оронгүй залууг гэр оронтой болгодог халамжийн байгууллага юм уу. Машингүй охиныг машинаар зөөдөг, машинтай болгодог өглөгийн байгууллага юм уу. Ёстой уучлаарай. Одоо бол 21 дүгээр зуун. Энэ зуун бол өөрөө өөрийгөө авч явсан, бие даасан, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн, эрх чөлөөтэй байх тийм цаг үе. Аль хэдийнэ манайд хэрэгжээд эхэлчихсэн. Америкийн 50-иас дээш хувь нь ганц бие хүмүүсийн өрх байна. Герман, Солонгосын 50 хувь. Японд бараг 60 хувьтай. Нэг хүн чинь өрх болчихсон. Тийм болохоор ганц биетнүүдийг өрхийн тоонд авах ёстой.
200, 300 жилийн өмнөх шиг эмэгтэй хүн нэг нөхрийг дагаад тэрний боол, саальчин, малчин болоод л гэрт нь сууж амь зуудаг юм одоо ч монголчуудын толгойд явж байна. Уучлаарай цаг үе өөр болсон. Миний гурван улаан ном бий. “Эрх чөлөө-Эрхэм үг”, “Тэгш эрх-Тэгш боломж”, “Шударга ёс-Шударга нийгэм” гэж. Тэнд бий дээ, энэ талаар.
-Монголчуудын хошуурдаг юм нь улс төр. Даган дуурайдаг хүмүүс нь улстөрчид. Тэд нь Харвард, Оксфордыг төгсөж ирлээ, одоо улсыг чинь хөгжүүлээд өгье гэж хэлсэн, өнөөдөр улс орныг ямар болгов?
-Оскфордод англи хэлийг олигтой ч сураагүй. Юм сурч, мэдсэн бол огт өөр байна. Юм мэддэг, чаддаг хүн чинь уулзаад ярихад л мэдэгдэнэ. Харц, хөдөлгөөн, бичсэн номноос нь дороо мэдэгдэнэ. Тэр хүмүүст чинь мэдэгдэхээр юм байхгүй байна шүү дээ. Харагдахгүй байна шүү дээ. Энд их сургуулиас хуурамч диплом мөнгийг нь төлөөд авчихдаг шиг тэндээс бас тийм диплом худалдаж аваад ирсэн нөхөд байх нь байна шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Дэндүү ойлгомжтой. Ямар ч тэнэг хүн “Өө…” гэхээр л болчихсон байна. Монголын нийгмийн амьдралыг хараад байхад монгол хүнд амьдралын сонголт маш цөөхөн. Нэг бол улс төрийн нам бараадаж хоолтой залгаж, хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлдөг. Нөгөө талд нь мухар сүсэг. Бас нэг талд нь шагнал.
Өглөө гараад л улс төрийн намаас хамааралтай нэг амьдрал. Төрийн банкны гадаа дугуйраад суух, үгүй бол мухар сүсгээ дагах. Ийм амьдралаар амьдарч байна шүү дээ. 55, 65-тай авгай “Би уран зургийн маш их сонирхолтой юм аа. Тийм болохоор би уран зургийн дугуйланд зураг зурдаг шүү дээ” гэдэг юм уу, 45-тай эмэгтэй “Шавраар ваар хийх дуртай юм аа” гээд тэрийгээ хийдэг, дэлгүүр гарч хог цуглуулахын оронд гэртээ тавилгаа өөрөө хийчихдэг, маш их хоббитой байх тухай тийм ойлголт манайд алга. Ямар ч амьдралын сонголт байхгүй. Зурагтынхаа өмнө очоод суучихдаг. Хэрэгтэй, хэрэггүй хог новшийн юм сонсоод, тархи нь дэмий юмаар дүүрээд дүнхүүтээд л. Нэгэнт л дүнхүүрсэн хүн чинь шинэ юм, өөдрөг юм, дээшээ юмыг хүлээж авах ямар ч чадваргүй, хүсэлгүй, мотивацигүй, урамгүй, уначихдаг. Өвөгчүүд ном бичиж, залуучуудад амьдралын туршлагаа ярьж, тэгнэ, ингэ гэхийн оронд чимээгүй байх хэрэгтэй. Өвөгчүүдэд чинь гавьяат мавьяат гээд төрийн цол өгчихдөг юм билээ. Зарим цол, шагналыг мөнгө дагалддаг юм билээ. Жүдогийн Түвшинбаяр чинь хэд гэлээ сар болгон олон саяын бэлэн цалин авдаг гэсэн биз дээ.
-7.5 сая гэсэн байх аа?
-Сая баахан шагналтнууд төрлөө. Эд чинь шагналдаа биш, сар болгон зүгээр мөнгө аваад суух гэж байгаа байхгүй юу. Нийгэмд үлгэр жишээ хүн шагнал авахгүй байна шүү дээ. Ганцхан л нэг нөхөр байсан. Гудамжны нэг цэвэрлэгчид “Алтан гадас” өгсөн. Ядаж найрны мөнгийг нь өгчихгүй. Тэр Хөдөлмөрийн баатруудад найрны мөнгө бэлэн л байж байгаа шүү дээ. Тэр цэвэрлэгчид ямар юмных нь мөнгө байх юм. Аягүй бол хүнээс зээлж найр хийнэ. Гэтэл харин хүмүүс мөнгө цуглуулаад найрыг нь хийж өгсөн. Би ч гэсэн мөнгө шилжүүлсэн шүү дээ. Найрандаа хэрэглэг гэж бодоод (инээв). Хүний нийгэм гэдэг чинь хамтдаа, нэг нэгнийгээ дэмжсэн, нэгнээ халамжилсан, уучилсан, урам өгөх ёстой байхгүй юу. Залуус, 20 хэдтэй залуучууд шагнал, улс төрийн нам, мухар сүсэг гэдэг гурван юмны дунд яахаа мэдэхгүй гацчихаад байна.
-Ийм байхад оюун санааны нэгдмэл байдал гэж ярилтгүй юм биш үү. Монголчууд ер нь юун дээр нэгддэг юм бэ. Биднийг юу нэгтгэдэг юм бэ?
-Биднийг хонь л нэгдүүлдэг шүү дээ. Хонин сүрэг, хонины мах, хонины ноос.
-Иччихлээ.
-(Инээв). Хонины мах, хонины ууц, хорхог, хонины сайхан шөл. Өөр бид чинь үнэт зүйл дээр нэгдэхгүй байгаа юм. Монголчуудын оюун санааны нэгдэл бол хонь. Байгууллагууд хорхог хийж иддэг. Бүх ажилчид нь ирж иддэг. Хорхог тэр байгууллагыг нэгтгэж байна шүү дээ. Зугаалгаар явахаар хонины хорхог хийнэ. Уулзаагүй 40, 50 хүн уулзана. Монголчуудын үнэт зүйл юу гэхээр хонь.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…