Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 248 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 248 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 167 нь Улаанбаатар хотод, 74 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 7 батлагдсан байна.

Архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 1 хүн нас барав.

Гэрийн хяналтад 3637 хүн байна

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаандаа яллаа

Оросын боксын холбооноос өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нд Москва хот дахь “Soviet Wings” спортын ордонд мэргэжлийн боксын тэмцээнийг зохион явууллаа.

Тус тэмцээний үеэр Монголын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа “Super feather” жинд Оросын Сослан Баевтай хийж шүүгчдийн саналаар ялсан байна.

Сослан өмнө зургаан тулаан хийхдээ ялагдаагүй байв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн алдагдал 568.4 сая ам.долларт хүрэв

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 843.8 (2.2 дахин) сая ам.доллараар нэмэгдэв. Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 776.6 сая ам.доллараар нэмэгдэж, 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ.

Харин урсгал данс энэ оны есдүгээр сард 283.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол аравдугаар сард 527.6 сая ам.доллараар нэмэгдэж, 244.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 598.9 сая, зарлага 1.7 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 58.6 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 34.9 сая ам.доллараар багасчээ.

Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний арван сард өмнөх оны мөн үеийнхээс 93.5 сая ам.доллараар багасч, 1.1 тэрбум ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 106.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 21.7 сая ам.доллараар нэмэгдсэн бол аравдугаар сард 6.1 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 17.1 сая ам.доллараар багасав.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 533.5 сая ам.доллараар нэмэгджээ. Харин аравдугаар сард 135.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 243.1 сая ам.доллароор багассан байна.

Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний арван сард 294.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 274.1 сая ам.доллараар нэмэгдэж, алдагдал 568.4 сая ам.долларт хүрчээ. Мөн төлбөрийн тэнцэл энэ оны аравдугаар сард 11.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 180.9 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

16-17 насны 26.907 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 42, II тунд 131, нэмэлт сэргээх тунд 1568, нийт 1741 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.282 (76.8 хувь), 16-17 насны 26.907 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад хоршооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж буй Хоршоологчдын үндэсний VII чуулганд оролцлоо.

1921 оны хувьсгалын дараа “Ардын харилцан туслалцаа хоршоог”-г 116 гишүүнтэй байгуулж байжээ. Одоо манай улсад 4468 хоршоо, 234633 гишүүнтэй, 49,6 тэрбум төгрөгийн хөрөнгө хувь нийлүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэн хөдөлмөрлөж ирсэн нийт хоршоологчдод 100 жилийн ойн баярын мэнд хүргээд Монгол Улсын Засгийн газраас 2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлүүлж, орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр болсныг зарлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоршооллын салбарыг амжилттай хөгжүүлэх нь хүнсний хэрэгцээг бүрэн хангах, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулах чухал хэлбэр юм. Засгийн газрын боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх том зорилт тусгагдсан. Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ. Ингэснээр эдийн засагт шинэ бүтэц бий болно. Төр бүхнийг хийх биш хоршоодод төрийн зарим ажил үйлчилгээг хуваарилж , хувийн хэвшлээ дэмжинэ. 2021 онд УИХ Хоршооны тухай хуулийг шинэчилж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгосон. Хоршоог хөгжүүлж, бизнес хийхэд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Хоршоо гэдэг бол эв нэгдэл гэсэн үг. Монголчууд нэг нэгэндээ дэм болж, зөвхөн би болно гэж харах биш бид болвол миний үйлс бүтнэ гэсэн хандлагыг шинэ зуунд бий болгоход хоршоологчдын нөлөө чухал” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Баярмаа: Хүүхэд сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй болох асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн


СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаатай ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдүүдийн есөн хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн судалгааг танай төв гаргасан байдаг. Өсвөр насны онцлог ямар байдаг тухай болон яагаад сэтгэцийн эмгэгтэй болж байгаа талаар ярьж өгөхгүй юү?

– Өсвөр нас гэдэг шилжилтийн нас. Шилжилтийн насаа дагаад тухайн хүүхдийн бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлтүүд гардаг. Бие махбодод бэлгийн хоёр дахь шинж тэмдгүүд илэрнэ. Сэтгэл зүйд хүүхэд наснаас насанд хүрэгчид рүү шилжиж байгаа болохоор биеэ даах хүсэл эрмэлзэл, юмыг даган дуурайх, өөрийгөө хэн бэ гэж тодорхойлохын тулд эерэг, сөрөг бүх зүйлийг даган дуурайдаг. Нийгмийн талаас бол бие махбодод гарч байгаа өөрчлөлтөөс болж үе тэнгийнхэн, эсрэг хүйстэн рүүгээ илүү чиглэдэг. Тиймээс өсвөр насныхны хувьд шилжилтийн үе нь хүнд жаахан ойлгомжгүй байдал үүсгэдэг. Манай СЭМҮТ-өөс өсвөр насныхны тухайд 2013 онд, дээр нь 2017 онд давтан судалгааг нарийвчлан хийж байсан. Судалгаанд 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн 2250 хүүхэд, мөн ийм тооны эцэг эх, анги удирдагч 72 багшийг хамруулж, өсвөр насны хүүхдийн сэтгэцийн э р ү ү л мэнд ямар байна вэ гэдгийг судалж үзсэн. Судалгааны үр дүнд нийт хүүхдийн 60.5 хувь эрүүл, 30.5 хувь сэтгэл санааны хувьд асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн талаас ямар нэгэн эмгэгтэй байна гэсэн хариу гарсан. Хүүхдийн сэтгэцийн эмгэгт байдал гэдэгт биеийн өсөлт хөгжилтэй холбоотой, сэтгэл хөдлөлтэй холбоотой, зан үйлтэй холбоотой эмгэг гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Тэр дундаас сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгүүд өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Өөрөөр хэлбэл, судалгаагаар гарсанчлан 40 хүүхэдтэй анги байлаа гэхэд дөрвөн хүүхэдтэй нь сайн тулж ажилла гэсэн үг. Тэр дөрвөн хүүхдийг зөв тийш нь залаад явчихвал ангид эерэг харилцаа, эерэг уур амьсгал бий болж, бие биендээ зөв үлгэр дуурайл үзүүлээд явна. Харин ажиллаж чадаагүй бол тэдэнд байгаа сөрөг шинж чанаруудыг бусад хүүхдүүд нь даган дуурайна гэсэн үг.

-Судалгааны багийнхан зөвлөмж гаргасан гэсэн. Хэр үр дүнтэй байна вэ?

– Хүүхдүүдийн дунд тохиолдоод байгаа асуудлуудтай яаж тэмцэх талаарх зөвлөмж гаргасан. Тодруулбал, хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар боловсрол олгоё. Тэгэхийн тулд эрүүл мэндийн хичээлийн агуулгад үүнийг оруулж өгөх ёстой гэж үзсэн. Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн сурах бичгийн бүлэг 3, 4-т сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил гэсэн агуулгыг оруулж өгсөн.Хүүхдүүдэд энэ агуулгаар эрүүл харилцааг бий болгох, харилцааны зөрчил үүсвэл түүнийг хэрхэн эрүүл, зөв аргаар даван туулахыг заасанойлголт байгаа. Мөн дээр нь багш нарт нь арга зүйн сургалтуудыг хийсэн. Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхэд боловсрол олгох гарын авлагыг ч гаргасан байгаа. Хүүхэд, багш, эцэг эх гэсэн гурван зорилтот бүлэг рүү тулж ажиллах нь чухал байна гэж үзээд арга зүйн сургалтууд хий гээд явж байгаа. Үргэлжлүүлэн Говь- Алтай аймаг дээр туршилт хийж байгаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарынханд сургалт хийж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч нарыг нь сургаж, аймгийн төвд дөрөв, алслагдсан хоёр суманд тус бүр нэг, нийт зургаан төв байгуулж, өсвөр үеийнхний тулгамдсан асуудал хэрхэн буурч байгаа эцсийн үнэлгээхийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг маань НҮБ-ын Хүүхдийн сан ивээн тэтгэсэн.

– Өсвөр үеийнхний эмгэгүүдийг яаж таних вэ. Хэрхэн илрэх вэ?

-Өсвөр насныхны дунд биеийн хөгжилтэй холбоотой эмгэг бага насанд тохиолдоно. Түгээмэл хоёр эмгэг нь аутизм, оюуны хомсдол хоёр бий. Аутизмыг 1.6 настайд илрүүлэх боломжтой. Оюуны хомсдолтой хүүхдийг төрөхөөс нь авахуулаад гурван нас хүртэл клиник эмнэл зүйгээр тогтоох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл найман нас хүрэхэд IQ шинжилгээг хийгээд тогтоодог. Гэтэл сэтгэл хөдлөл, зан үйлтэй холбоотой эмгэгүүд нь нийгмээс гаралтай. Энэ бол тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой үүсдэг эмгэг. Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлээс үүсээд байгаа юм. Айдас түгшүүр, гутралууд, архи тамхи хэрэглэх, мансууруулах бодист донтох, огцом уур бухимдалтай байх, тийм үедээ хүчирхийлэл үйлдэх зэрэг үйлдэл гаргаж байгаа бол шууд гэр бүлтэй холбоотой. Өв тэгш зөв хүмүүжилтэй, эцэг эхтэйгээ харилцан ярилцаад нээлттэй өссөн хүүхэд ийм байдалд хэзээ ч орохгүй. Тодруулбал, эцэг, эх нь салсан, хойд эцэг эхтэй, эсвэл хамтран амьдрагч гэх мэт гэр бүлийн хувьд өв тэгш бус байгаа. Хэчнээн аав ээж нь байсан ч байнгын хэрүүл маргаан, дарамттай орчинд өссөн хүүхдүүд бага байхдаа асуудалгүй, хэвийн юм шиг харагддаг боловч өсвөр насанд нь илэрдэг. Тэр нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Хүүхдүүдэд үүсч байгаа айдас хүртэл насны онцлогтой. Хүүхэд бага байхдаа гэр бүл, аав ээжээсээ айдаг байсан бол жаахан том болоод ирэхээр нохой, муур зэрэг амьтнаас айгаад ирнэ. Сургуульд ороод төсөөлөх чадвар нь хөгжөөд мангас, сүнс гэх мэт зохиомол зүйлсээс айх гэх мэт эмгэгүүд илэрдэг.

-2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний багагүй хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна гэжээ. Түүнээс хойш нийгмийн нөхцөл байдал сайнгүй байна. Өсвөр үеийн хэнд тулгамддаг дээрх эмгэгүүд ямар болсон бол?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад асуудал ихэссэн байж болзошгүй гэж харагдаж байгаа. Нөгөө талаасаа илрүүлэлт сайжирсан талтай. Уг нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой судалгааг 10 жил тутамд давтаж хийгээд харьцуулж үзээд явж байх ёстой. Гэвч манай байгууллага түүнийг дааж хариуцаад хийгээд явах төсөв хөрөнгө байдаггүй. Олон улсын байгууллагуудад хүсэлт тавьчихаад байгаа.

-Сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй болсон хүүхдийг гэр бүлийн хүрээнд эмчилж болох уу?

-Хүмүүс сална гэж хоорондоо гэрлэдэггүй. Гэр бүлээс үүдэлтэй таагүй асуудалд хамгийн их дарамт авдаг нь хүүхэд. Тийм учраас хоорондоо таарч тохирохгүй, үзэл бодол нийлэхгүй асуудал дээр цаашид гэр бүлээ бүтэн авч үлдэх, хүүхдээ сайн сайхан амьдруулахыг хүсвэл хоорондоо харилцан буулт хийх л хамгийн оновчтой арга. Хэдийгээр дарамт, стресст өртсөн ч гэсэн хүүхэд л болсон хойно гэр бүл нь эвтэй найртай, сайхан уур амьсгалтай байхад стресс н ь тайлагддаг. Тиймээс хүүхдэдээ цаг гаргаж байх нь хамгийн чухал.

-Амиа хорлолтын нас залуужиж байгаа судалгааг мэргэжлийн хүмүүс хийдэг болсон. Хэдхэн хоногийн өмнө барилга дээрээс 13 настай хүүхэд үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өсвөр насны хүүхдүүд яагаад амиа хорлох алхмыг сонгодог болчихов оо?

-Амиа хорлох бол сэтгэл гутралын хүндэрсэн хэлбэр. Сэтгэл хөдлөл гэдэг сайхан зүйл харж баярладаг, муухай зүйл харж гутрахыг хэлдэг. Хүний сэтгэлийг байнга хараар будаж, муухай хэлээд, ад шоо үзээд байхаар дотогшоо хүн бол тэр таагүй байдлаа хэн нэгэнд ярихгүй байсаар дотроосоо ядарч, тамирдаад идэвхгүй болж ирдэг.

Хоёрдугаарт, гэнэт хүчтэй сэтгэл зүйн гэмтэл авснаас үүдэж амиа хорлох үйлдэл хийж болно. Магадгүй бэлгийн хүчирхийлэлд автсан байж болно. Эсвэл хайрлаж хүндэлж явсан ойр дотны хүн нь нас бардаг, гамшиг зудад өртдөг. Гэнэтийн хүчтэй сэтгэлийн гэмтэл авснаас болж “Надад тэр хүнгүйгээр, тэр орчин нөхцөлгүйгээр амьдрах сонирхол алга” гэсэн ганцаардсан, гутарсан мэдрэмж, сэтгэл зүйн хүчтэй гэмтлээсээ “Үхэх нь дээр юм байна” гэсэн сонголтод хүргэдэг. Ер нь сэтгэцийн өвчтэй хүн амиа хорлодоггүй. Хүмүүс ч тэгж боддог. Амиа хорлосон нийт тохиолдлын нэг, хоёр хувийг л ийм хүмүүс эзэлдэг. Харин 98, 99 хувь нь тулгамдсан асуудалтай, сэтгэц нь эрүүл, эмгэгийн завсарт байгаа, тулгамдсан асуудалтай хүмүүс асуудлаа шийдэх гарц гаргалгаа нь амиа хорлолт гэж үздэг.

-Ялангуяа өсвөр насны хүүхэд ийм сонголт хийхэд хүрч байна гэдэг их эмзэглэмээр явдал болоод байна шүү дээ?

-Манай СЭМҮТ-д сүүлийн 20 гаурй жилийн хугацаанд гарсан амиа хорлох үзэгдлийн талаар дата мэдээллээр нэгтгэж судалгаа хийж доктор хамгаалсан хүн бий. Тэр судалгаагаар амиа хорлолтын асуудал хамгийн багадаа тав зургаан настай, хамгийн дээд тал нь 50, 60 настай хүмүүсийн хувьд ганц нэг кейс гарч байсан. Саяхан болсон явдалд ноцтой нөхцөл байдал байсан байх. Сэтгэл зүйн маш хүчтэй гэмтлүүдийг авсан байх. Түүнээс үүдэж тийм үйлдэл хийхэд хүргэсэн байх. Хэрэв тэд хэцүү асуудалтай тулгараад байна, яах вэ гэж хоорондоо ярьж байх үедээ сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандсан бол өөр байх байсан. Сэтгэл зүйч, сэтгэл засалчид ярилцах, тайвшруулах , шаардлагатай бол эмээр ч хамаагүй тайвшруулаад нэг амсхийгээд босгоод ирэхэд “Амиа хорлох буруу юм байна, Харин түүний оронд амьд явж тэмцэх ёстой юм байна” гэдэг сонголт олгодог. Сургуулиуд дээр явж байхад “Манай сургуульд сэтгэлзүйч хэрэгтэй байна. Хүнд асуудлууд их тохиолддог” гэсэн хүүхдүүд олон байдаг. Тэдэнд асуудлаа ярьдаг, зөвлөгөө авдаг, гарц гаргалгааг нь хэлээд өгдөг хүн хэрэгтэй байна. Тиймээс сэтгэл зүйчдийг сургуулиуд дээр бий болгож өгөөч гэхэд Боловсролын яам маш сайн дэмжиж, одоо 60 орчим сургууль сэтгэл зүйчтэй болсон. Цаашдаа ч энэ тоо улам нэмэгдэх юм билээ.

-Сэтгэцийн эмгэгт өртсөн болон асуудалтай тулгарсан хүүхдүүд сэтгэл зүйчид хандах ёстой гэж байна. Гэхдээ манайхны нэг онцлог нь дотогшоо хүмүүс. Европын орнуудыг бодоход хүүхдүүд асуудлаа илэн далангүй ярьж чадах уу, тусламж авч чадах уу гэдэг дээр эргэлзэж байна?

-Одоогийн хүүхдүүд өөр болсон. Тэд харьцангуй нээлттэй болж байгаа. Ер нь 0-18 насны хүүхдүүд таван насны мөчлөг дамждаг. Насны үечлэл бүр дээр өөрийн гэсэн стресс тайлах аргууд байдаг. Яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд харилцан ярилцах арга хамгийн тохиромжтой. Тэдний хувьд аав ээж, гэр орон, сургууль, үе тэнгийнхнээ таньж мэдчихээд одоо өөр рүүгээ хандаж байгаа үе. Өөрт чинь, найзад чинь асуудал тулгарсан бол сургуулийнхаа сэтгэл зүйчдээ хандаарай гээд мэдээлэл өгчихөд л тэд ойлгочихно. Тийм учраас сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулах, хүүхдүүд сэтгэл зүйчид хандах ёстой шүү гэдэг мэдээллийг өгөх ажил хамгийн чухал байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Алгаа: Манай уул уурхайн салбар байрандаа таг гацаад удаж байна

Монголын уул уурхайн үндэсний ассиоцацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.


-Ашигт малтмалгүй аймаг болно гэдэг үгийг би хувьдаа огт ойлгодоггүй-

-Оюу толгойн хөрөнгө оруулагч талын манайд илгээсэн захидлаас харахад Монгол Улсын Засгийн газар Оюу толгойд эзэмшиж буй 34 хувьдаа ногдох ачаанаас хөнгөрөхөөр болчихлоо. Эдийн засаг талаасаа яалт ч үгүй таатай, том шийдэл. Гэхдээ тэр захидалд энэ бол бидний эцсийн буулт шүү гэсэн агуулгатай өгүүлбэр анзаарагдсан. Зарим улстөрчийн байр суурийг анзаарахад хөрөнгө оруулагч талд дахиад ч шаардлага тавьж магадгүй өнгө ажиглагдаж байгаа. Хэрвээ манай талаас дахин ямар нэг том шаардлага тавибал нөгөө тал яаж хандах бол?

-Хөрөнгө оруулагч тал манай зүгээс тавьсан шаардлагуудын хүрээнд маш том суурь саналуудыг тавьчихлаа л даа. Таны асуусан захидалд “Шийдвэр гаргахад хэцүү байлаа” гэсэн утгатай өгүүлбэр байсныг анзаарсан нь хэд бол гэж бодоод л сууж байна. Хөрөнгө оруулагч тал “Удаан ярилцлаа, шийдвэр гаргахад маш хүнд байлаа” гэсэн нь Монголоор бол буух эцсийн точик нь гэж ойлгосон. Тэдний санал болгосон шийдлийн хүрээнд Оюу толгой компанийн засаглалыг сайжруулахаас эхлээд байгаль орчин, эрчим хүчтэй холбоотой асуудлууд шийдэгдээд явах юм билээ. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө цуцлагдчихаар хоёр гэрээ үлдэнэ. Тэр гэрээнүүдэд өөрчлөлт оруулахын тулд хэлэлцүүлэг өрнөж таарна. Товчхондоо хөрөнгө оруулагч тал үүнээс цааш буулт байхгүй гэсэн санаагаа шууд хэлснийг учир мэдэх хүмүүс их тод анзаарсан байх. Хэрвээ манай талаас дахиад зарчмын том санал, шаардлага тавибал хэлэлцээр гацах эрсдэл үүсч мэдэх юм. Хэлэлцээр таг гацахаас гадна далд уурхайн үйлдвэрлэл хойшилно.

Ингэх нь хэнд ч ашиггүй. Хөрөнгө оруулагч тал хэн хэн нь ашигтай байхын тулд далд уурхайн хүдрийн биетийг олборлох шат руу он гараад ормоор байна гэж зориод тодорхой шийдлүүд хэллээ гэж ойлгож байна. Тэдний санал болгосон шийдлүүдээс хальсан шаардлагыг дахиад тавина гэвэл арайхийж хүрсэн энэ үр дүн маань үгүй болж, эдийн засаг талаасаа бид илүү хохирно. Тэдэнд Оюу толгой төсөл чухал ч гэлээ зогсоочих магадлалтай.

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хаданд гарч байна, “Рио Тинто”-д Оюу толгой чухал учраас буулт хийхгүй гээд яах билээ гэсэн байр суурийг зарим улстөрч илэрхийлсэн харагдсан…?

-Мэдээж гадна талын тааламжтай нөхцөл бий. Рио Тинтод Оюу толгой чухал гэдэг нь ч тодорхой. Гэхдээ хөрөнгө оруулагч талд Монголоос гадна өөр олон том төсөл бий. Дэлхийд таван тивд жар гаруй төсөлтэй компани шүү дээ.

-Хөрөнгө оруулагчид бидэнд буулт хийлээ гэсэн утгатай мэдээлэл нэлээд хөвөрлөө. Бидний энэ хандлага гадаад орчинд ямар харагдах бол гэсэн болгоомжлол төрсөн шүү?

-Оюу толгойн хөрөнгө оруулагч тал бол бидний түнш. Бид нэг завин дээр сууж яваа. Нэг завин дээр суучихаад завиа урагшлуулахгүй чангааж, харилцан шийдэлд хүрэхээрээ буулгаж авлаа гэх мэтэээр дайсантайгаа харилцаж байгаа мэт хандах нь гадаад ертөнцөд биднийг олигтой харагдуулахгүй. Бид мундаг учраас буулгаж авлаа гэх байдлаар асуудалд хандах нь буруу. Дахиад хэлэхэд, тэд бол бидний түнш. Түншүүд ойлголцох ёстой. Урт хугацааны хэлэлцээрийн явцад Монголын талын ажлын хэсгийн мэдлэгтэй залуусын үндэслэлтэй, нотолгоотой шаардлагаар хөрөнгө оруулагч тал зарим асуудлыг хүлээн зөвшөөрлөө гэж хандвал өөр хэрэг.

-Оюу толгой төсөлтэй хамаатай гэрээнүүдэд өөрчлөх, сайжруулах зүйлс гарч ирвэл манай талаас шаардлагаа тавиад явах боломж нь нээлттэй үлдэж байгаа биз дээ?

-Оюу толгойн гэрээний тухайд 30 жилийн хугацаатай хэрэгжих мега төслийн гэрээ. Гучин жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөж болно. Том зургаар нь харвал мега төслийн гэрээг цаг тухайд нь өөрчлөөд сайжруулаад явах нь байдаг л асуудал. Оюу толгойн гэрээ ч тэр жишгээр явсаар өнөөг хүрсэн. Түүхэн талаас нь харвал 2009 онд байгуулсан Оюу толгойн гэрээг гурав, дөрвөн жил ярьж, хоёр хууль дамнаж, хоёр их хурлыг дамжиж, гурван удаа хэлэлцэж байж баталсан. Тэр үед гадаад, дотоод нөхцөл байдал өнөөдрийнхөөс тэс өөр байсан гэдгийг онцолж хэлэх нь зөв байх. Дараа нь 2011 онд өөрчлөлт орсон. Мөн л тухайн үеийн монголчуудын хүсэл шаардлагаас үүдэж орсон өөрчлөлт. Манай талаас тавьсан зарим шаардлагыг хүлээж авсны үндсэн дээр өөрчлөлт орсон гэсэн үг. 2012 онд далд уурхайн санхүүжилт зогсож, хэлэлцээр тодорхой хугацаанд сунжирсныг та мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын, борлуулалтын, үйлдвэрлэлийн явцын, байгаль орчны гээд маш олон эрсдэлтэй уул уурхайн салбарын хувьд хэсэг хугацааны дараа эрсдэл нь боломж, боломж нь эрсдэл болж хувирахыг үгүйсгэх аргагүй. Эрсдэлээ арилгаж боломжийг бий болгохын тулд гэрээнд өөрчлөлт ордог. Давтаад хэлэхэд, арван жилийн дараа гэрээнд дахиад өөрчлөлт оруулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Том төслийн гэрээнүүд ийм процессоор л явдаг.

-Одоо хэлэлцээрийн явцад анхаарал татах асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Монголын талын эзэмших 34 хувиа яах вэ гэдэг асуудал дахиад яригдах болов уу. Бид гэрээ ёсоор бол төр бизнест оролцож хөрөнгө оруулалтын, менежмэнтийн, үйлдвэрлэлийн, байгаль орчны гээд уул уурхайн компанийн хүлээж болох эрсдлүүдийг 34 хувиар хамт үүрэхээр тохирчихсон. Энэ тохироог анхнаас нь хийгээгүй бол байдал огт өөрөөр өрнөх байсныг улстөрчдөөсөө эхлээд ярьж байгаа. Дахиад хэлэхэд, түүхийн хүрдийг буцаах боломжгүйгээс хойш 34 хувиа яах вэ гэдэг асуудал зайлшгүй яригдана. Хөрөнгө оруулагч талын одоогоор тавиад байгаа саналаар бол 34 хувьтай холбоотой үүрэх ачаа бидэнд байхгүй болчихлоо. Ирээдүйд өр үүсэхээргүй боллоо. Үнэгүйгээр хувь эзэмшихээр болж байх шиг байна. Тэгэхээр үүнийг дагасан тодорхой өөрчлөлтүүд яригдаж шийдлээ олж таарах болов уу.

-Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу нийтийн ярьж байгаагаар Дубайн гэрээ цуцлагдахаар боллоо гэж байна. Энэ төлөвлөгөө цуцлагдсанаас болж хойшид үүсэх асуудал бий юү, эрх зүйн талаасаа?

-Эрх зүйн талаас нь харвал хоёр тал ярилцаад цуцалчихлаа гэхэд дараагийн шатны санхүүжилт үргэлжлэх ёстой. Тэр санхүүжилтийг нь Рио Тинто шийдье гэчихлээ. Гэрээ хэрэгжих явцад хугацаа, зардал хэтэрсэн, татварын маргаан гарсан гэх мэт асуудал гэрээг цуцалснаар хүчингүй болж таарах уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Гэрээний үүргээ биелүүлэхийг хоёр тал бие биенээсээ гэрээ хүчинтэй байхад шаардаж таарна аа даа. Хоёр тал тохиролцоод цуцалчихсан тохиолдолд гэрээний үүргийн биелэлтээс аль аль тал нь сайн дураараа татгалзсан гэж ойлгох байх.

-Арбитр дээр байгаа татварын асуудал бол тусдаа биз дээ?

-Арбитр дээр байгаа учраас сугараад үлдэж таарна. Бусад асуудлын тухайд түрүүний хэлсэн шиг байдал үүснэ гэж ойлгож байна. Тодруулж хэлбэл, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хоёр талын хэн нь ч хүлээхээргүй боллоо гэж ойлгож байна.

-Та саяхан уул уурхайн түүхийг тоймлосон ном гаргасан, Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу гэсэн асуулт тавьж байгаад. Яагаад тийм агуулгатай гарчиг сонгосон юм бэ. Эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбар маань ер нь ухраад байна уу, урагшлаад байна уу?

-Нэг алхам урагшлаад, хоёр алхам хойшлоод, шуудхан хэлэхэд байрандаа таг гацаад удаж байна. Номын нэрний тухайд Монголын уул уурхайн үндэсний ассоциациас 2005 оны өвөл, 2006 оны хавар хоёр улирал дараалан “Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу” гэсэн мэдээлэл сурталчилгааны кампанит ажил зохион байгуулсан юм. Тэр ажлынхаа нэрийг өгчихсөн. 2011 оноос хойших хөрөнгө оруулалт юу билээ гээд та бодоод үзээрэй. Таван толгой, Оюу толгойгоос өөр том төсөл, Оюу толгойгоос өөр хөрөнгө оруулалт байхгүй.

-Уул уурхайн салбар урагшлахгүй байгаагийн шалтгаан нь хаанаа байна?

-Нэгдүгээрт, хайгуул. Уул уурхайн урьдач нөхцөл нь хайгуул байдаг. Ордууд нээгдэж байж уул уурхайн салбар хөгжинө. Монголын хувьд маш бага судлагдсан асар том газар нутагтай. Энэ утгаараа баялаг байх бололцоо ихтэй. Гэтэл хайгуулын ажил зогсоод бараг арван жил боллоо. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож байгаа л даа. Гэхдээ маш удаан байна. Бодитоор хайгуул хийж яваа хоёр гуравхан компани бий. Хөрөнгө оруулалт хийх уул уурхайн төсөл үндсэндээ алга. Асгат гэх мэт хүнд нөхцөлд олборлолт хийхээр жижиг ордууд бол цөөвтөр бий. Ураны тухайд төр үнэ төлбөргүйгээр 51-ээс дээш хувийг авах хуультай учраас хувь хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Монголын газар нутгийн 75 хувьд нь ашигт малтмал хайх олборлохыг хориглосон гэсэн асуудал бий. Ийм нөхцөлд бид хичнээн хөрөнгө оруулалт дуудаад нэмэргүй.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сайжрах төлөв ер нь хэдийнээс ажиглагдах бол?

-Лав л ойрын нэлээд хэдэн жилдээ уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй төлөв ажиглагдаж байгаа нь нуугаад байх юмгүй бодитой үнэн.Оюу толгой 2000 оны намар нээгдсэн. Дараа жил нь буюу 2001 онд дэлхий чих нь дэлдийгээд Монгол руу хараад зогсчихсон байсан. 2001 оноос 2010-аад он хүртэл Торонтогийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй арав гаруй хайгуулын компани, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хорь гаруй хайгуулын компани Монголд ирж үйл ажиллагаа явуулж байсан түүх өнгөрсөнд бий. Тэр компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй зар сурталчилгааны гэрээ байгуулж, “Дисковер Монголиа”-г ивээн тэтгэж, МУУҮА-ийн гол гишүүд болж байлаа. Тэднийг дагаад шатахуун, тоног төхөөрөмж гэх мэт ханган нийлүүлэлтийн маш олон компани МУУҮА-ийн гишүүн болж байсан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тэр компаниуд ашигт малтмал гаргаж борлуулахгүй ч Монгол Улсад эдийн засгийн маш хүчтэй идэвхжлийг бий болгосон. Ер нь уул уурхайн салбарыг дагаад барилга, зам тээвэр, банк, үйлчилгээ гэх мэт бизнесийн бүх салбар хөгждөг жамтай. Товчхондоо олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компаниуд олноороо орж ирсэн тэр жилүүдэд Монголын бизнесийн бүх салбар хөгжиж эдийн засаг тэлсэн. 2003 оноос 2011 он хүртэл манай эдийн засаг ёстой л бужигнаж байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Одоо тэгээд яах вэ, яавал уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа тэлэх вэ?

-Ашигт малтмалын хуулиа шинэчлэх шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтад хугацаа их ордог гэсэн асуудал бий.Канад, Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг хайгуулын компаниудад сонгон шалгаруулалтад оролцох бололцоо өнөөг хүртэл алга. Засгийн газар, манай салбарын сайд, дэд сайд нар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилье гээд ажлын хэсэг байгуулж идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь Ашигт малтмалын хууль хэрэгжсээр өнөөг хүрэхдээ маш олон асуудлыг бий болгосон. Оролцогч талууд үл ойлголцол, талцалтай явсаар байна.

-Яг ямар үл ойлголцол, ямар асуудал байгааг тодруулж сонирхуулаач?

-Наад захын тод жишээ гэхэд л байгаль орчны асуудал байна. Сайн хуулиудтай хэрнээ гүйцэтгэл нь тун тааруу. Мөн орон нутагтай учир начраа олж чаддаггүй гэсэн асуудал бий. Холбооны улс биш, нэгдмэл орон хэрнээ аймгийн Засаг дарга, удирдлагууд нь уул уурхайгүй аймаг болно гээд зарлачихдаг. Уг нь байгалийн баялаг бол нийт ард түмний өмч. Нэг аймаг, нэг сумын мэдэх асуудал, эзэмших өмч биш. Ашигт малтмалгүй аймаг болно гэдэг үгийг би хувьдаа огт ойлгодоггүй. Монголын нийт ард түмний эрх ашиг гэсэн өнцгөөс харвал ой тойнд буухааргүй хандлага л даа.

-Хөвсгөлийн Засаг дарга хэзээ ч билээ ашигт малтмалгүй аймаг болно гэсэн мэдэгдэл хийсэн удаатай шүү?

-Хөвсгөлөөс гадна Хэнтий, Увсын удирдлага тийм утгатай мэдэгдэл хийж байсан. Тэд уул уурхайг биш, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад байгаа юм. Аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд маш сайн дэд бүтэц хэрэгтэй. Сайн замтай, хурдан нислэгтэй, тохилог зочид буудал биш юм аа гэхэд дор хаяж боловсон душ, бие засах газартай зочид буудлуудтай байж жуулчид ирнэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас олсон мөнгөөр бүрдүүлэхээс өөр гарц бидэнд байхгүй. Лав л ойрын арван жилд уул уурхайгаас өөр том хөрөнгө оруулалт татах салбар Монголд байхгүй.

-Оюу толгойн дараа хөдлөх боломжтой мега төсөл гэвэл та юуг онцлох вэ?

-Шуудхан хэлэхэд, бодитой хэрэгжих том төсөл харагдахгүй байна.

-Засгийн газраас онцгойлон дэмжээд хэрэгжүүлбэл гэж мөрөөдвөл ямар нэг төсөл байгаа биз дээ?

-Шивээ-Овоогийн нүүрсийг цахилгаан болгож экспортлох төслийг онцолно доо. Нэг жилд 30 сая тонн нүүрс түлж, Монголд үйлдвэрлэж буй эрчим хүчнээс дөрөв дахин их эрчим хүч үйлдвэрлэх төсөл байгаа юм. Хэрэгжихэд бараг бэлэн болж байсан төсөл. Тухайн үедээ хятадууд их сонирхож байсан. Өнөө ч санхүүжилт хийх сонирхол урд хөршид бий.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр өчнөөн л алдаа асуудал бидэнд бий. Онцлоод нэгийг нь тодотгооч гэвэл…?

-Хөрөнгө оруулагчид манай улсын бизнес хэлэлцээ хийх өндөр соёлгүй, эргэж буцсан хандлагатай, популизмдсан гэх мэт муу муухайд дасч байна. Ирээдүйд энэ тал дээр маань тоглодог болж ч магадгүй. Гуравдагч орны хөрөнгө оруулалт татлаа гээд гурав дахь хөршийн зах зээлийн эдийн засгийн механизм, арга хэрэгслийг мэддэг нь их цөөхөн байна. Төр хатуу зохицуулалттай байж болно. Хамгийн гол нь тодорхой, тогтвортой байх ёстой. Татвар өндөр, хатуу зохицуулалттай ч урт хугацаанд тогтвортой байвал хөрөнгө оруулагчид төслөө хэрэгжүүлээд л явна. Үүний тод жишээ нь Казахстан. Хатуу чанга хэрнээ тодорхой. Гэтэл бид урьж дуудаж авчрангуутаа хэдхэн хоногийн дараа хөөгөөд гадуурхаад эхэлдэг.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 25, Санчир гариг. Билгийн тооллын 21, бага морь одтой, улаагчин хонь өдөр.

Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 37-42 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 32-37 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом-39” наадмын цомын эзэн боллоо

“Болор цом-39 яруу найргийн наадам боллоо.

Яруу найргийн наадмын эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдсэн билээ.

Харин сүүлийн шатанд

  • Б.Болорцэрэн,
  • Н.Мөнхбаяр,
  • Л.Моломжамц,
  • Т.Бямбасүрэн,
  • Д.Галсансүх нар үлдээд байсан юм.

Тус наадамд Б.Болорцэрэн Т.Бямбасүрэн нар оноо тэнцэж дахин нэг шүлэг уншлаа. Онооны илүүгээр яруу найрагч Б.Боролцэрэн тодорч “Болор цом-39″ наадмын цомыг өргөлөө.

No description available.


No description available.