Categories
мэдээ улс-төр

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж 85 хувь болно гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргалаа.
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан байна.


Товч мэдээ
-Төр хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг Засгийн газрын дараагийн хуралданаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгав.
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг эцэслэн боловсруулсан байна. Сангийн сайд жагсаалтын талаар танилцуулав.

Categories
мэдээ спорт

Монголын баг PUBG Mobile-н Дэлхийн аваргын финалд шалгарлаа

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-т Монгол улсыг төлөөлөн “Stalwart Esport” баг оролцож буй. Улмаар Монголын баг дэлхийн аваргын “Grand Final”-д шалгарч дэлхийн шилдэг 15 багтай аваргын цомын төлөө тоглохоор болжээ.

Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. 3.5 сая ам.долларын шагналын сантай дэлхийн аваргын финалын тоглолт 2022 оны нэгдүгээр сарын 21-нд эхэлнэ. Түрүүлсэн баг нь 1.5 сая ам.доллар авна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж эхэлжээ

Өнгөрсөн есдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хотын захиргааг 12 дугаар сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 25-ны өдөр хотын захиргааг Яармаг руу нүүлгэж эхэлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагад 900 гаруй ажилтан, албан хаагч ажилладаг. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулна. Шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад хоёр блокийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Тиймээс эхний ээлжинд голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг нүүлгэхээр төлөвлөж байна. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусна” гэж мэдээлж байв.

Харин Хангарьд ордонг дуудлагаар худалдахаар төлөвлөсөн талаар холбогдох хүмүүс мэдээлсэн. Хоёр жилийн өмнө дуудлага худалдааны анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хууль ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталсан бөгөөд үүний нэг нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг баталлаа

Уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих ба гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах харилцааг нарийвчлан зохицуулах зүйл заалтуудыг тусгасан юм.
Тухайлбал, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаа эрхлэн явуулахад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчлан тусгалаа. Мөн Төрийн байгууллагын үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, мэргэжил ур чадварыг баталгаажуулах, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг ч мөн оруулсан юм.
Үүнээс гадна Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар, түвшин хамааралгүйгээр нэг арга, хэлбэрээр (kвот, ЗГ-ын газрын тусгайлсан тогтоол) авч ажиллуулж байсан. Шинэ хуулиар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажилтан нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн гурван төрлийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор тусгасан. Ингэснээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан гадаадаас авах бодлого баримтлах боломжтой болсон. Энэ мэт гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах харилцааг нарийвчлан зохицуулж, тодорхой тусгаж өгсөн хууль юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2021 оны 12 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Оросын шүүх “Google”, “Meta” компаниудад их хэмжээний мөнгөн торгууль оноожээ

Хууль бус агуулгыг шаардлагын дагуу платформоосоо устгаагүй гэсэн шалтгаанаар Google компанийг $100 сая, Фэйсбүүкийн эцэг компани Meta-г $27 саятай тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг Москва хотын шүүх өчигдөр гаргажээ.

Таганский дүүргийн шүүхийн шийдвэрт өгүүлснээр хориотой агуулгыг устгах шаардлагыг хүлээж авахаас олон удаа татгалзсан Google компанийг 7.2 тэрбум рублиэр торгох болсон байна.

Google компани шүүхийн шийдвэртэй танилцсаныхаа дараа ямар алхам хийхээ шийдэх тухай мэдэгджээ.

Meta компанийг мөн ижил шалтгаанаар 2 тэрбум рублиэр торгосон байна.

Оросын шүүх өмнө нь Google, Facebook, Twitter компаниудыг бага хэмжээний мөнгөөр торгож байсан бол өчигдөр анх удаа эдгээр компаниудын орлогын хэмжээнд үндэслэсэн торгуулийг оноожээ.

Экстремист үзлийг сурталчилсан, бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшлийг доромжилсон, хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлсэн зэрэг агуулгатай 2,000 орчим контентыг Фэйсбүүк, Инстаграм сүлжээнээс устгах хүсэлт хүргүүлснийг биелүүлээгүй гэж Москвагийн шүүх Meta компанийг буруутгасан байна.

Google компанийн хувьд ийм агуулгатай 2,600 орчим контентыг шаардлагын дагуу устгаагүй ажээ.

Үүнээс гадна ОХУ-ын эрх баригчид дэлхийн хэмжээний технологийн компаниудад тус улсын иргэдийн хувийн мэдээллийг Орос дахь серверт байрлуулах шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд торгох, үйл ажиллагааг нь хориглох тухай анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадаас ирсэн 13-аас дээш насны иргэд тусгаарлалтад 100 мянган төгрөг төлнө

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 25-наас гадаадаас ирж байгаа иргэдийг коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлана.

Тэгвэл тусгаарлах байранд 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг төлөхөөр болсон гэж УОК-ын нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаана. Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх боломжтой аж.

Иргэдийг тусгаарлах зочид буудлын нэрс:

  1. Кентавр
  2. Сүнжин гранд
  3. Амар
  4. Ворлд Монголия
  5. Тэмүүжин
  6. Мөнххустай
  7. Лион Товер
  8. Оффис
  9. Хабу
  10. Юниверсал Мед
  11. Зүчи
  12. Тоёоко Инн Улаанбаатар
  13. Альфа
  14. Монголика
  15. Цэцэнхангай
  16. Наранбулаг
  17. Тайж
  18. Гайде
  19. Топаз
  20. Парк
Categories
мэдээ нийгэм

Улсын начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж, Төв талбайд зул өргөнө

Өнөөдөр орой 18:00 цагаас төв талбайд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөхөөр болжээ.

Манлай начин Э.Энхбат начин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн үндэслэлээс цагдан хоригдож байв. Түүнээс хойш хэргийг шалгасаар арванхоёрдугаар сарын 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг прокурорын хяналтад буцаасан.

Хэргийг шалгах хугацаанд Э.Энхбат начныг БНСУ-д эмчлүүлж байсан бөгөөд түүнийг эх оронд нь авчраад удаагүй байсан билээ.

Талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • “Шинэ сэргэлтийн бодлого” УИХ-ын тогтоолын төсөл,
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтын талаар зэрэг таван асуудал хэлэлцэхээр юм байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр 13.00 цагаас мэдээлэхээр төлөвлөж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Архангай аймгийн Жаргалант суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Жаргалант суманд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны 09:22 цагт газар хөдөлжээ.

Газар хөдлөлт сумын төвөөс зүүн зүгт 28 км зайд 3.5 магнитудын хүчтэй мэдрэгдсэн байна.