Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч бага зэрэг суларна

2021 оны 12 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Арванхоёрдугаар сарын 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын улмаас нийт 1981 хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавирусийн 248 тохиолдол батлагджээ. Үүнээс 167 нь Уланбаатарт, 74 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389.499 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 241 нь дотоодын халдвар байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барснаар нийтдээ 1981 хүн нас бараад байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын захиргааг нүүлгэхэд Зэвсэгт хүчний дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнөөдрөөс нүүж эхэллээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болгожээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын хотын Захирагчийн ажлын алба Хангарди ордноос нүүдэллэж эхлээд байна.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулна.

Өнөөдрийн тухайд нийслэлийн төр, захиргааны II байр буюу Хангарди ордонд байрлаж буй Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлагийг нүүлгэж байна. Нүүлгэх ажилд НЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж буй бөгөөд аль болохоор үйлчлүүлэгч иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нүүдлийг зохион байгуулж байна.

Яармагт барьж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Нүүдэллэж буй агентлагууд А блокт төвхнөнө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Энэ онд 50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, хүндэтгэн үзэх шалтгаантай даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж бүрэн олгосон талаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдааны үеэр холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

2020 онд 21.3 мянган хүнд 50.2 тэрбум төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 23.8 мянган хүнд 50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 160.9 мянган хүнд 26.0 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 56 мянган хүнээр илүү байгаа аж. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2020 онд 1.1 мянган хүнд 928.9 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 633 хүнд 583.7 сая төгрөг зарцуулжээ.

Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 2.4 сая иргэнд 2.9 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-39” наадмын дэд байрын эзэн Т.Бямбасүрэнгийн шүлэг

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ.

Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.

Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.

Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.

Ийнхүү “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч Т.Бямбасүрэнгийн шүлгийг уншигч танаа хүргэе.

Сэдэв болох энэ түүхийг би

Сэхээн амьдруулахын хүндэт эмчээс сонссон юм

Ажлаа л хийж жаргадаг залуухан эмч байж

Амь тэнссэн хүсүүсийг авардаг байж

Эмнэлэгтээ л байхдаа цовоо сэргэг, цог галтай

Эргэн тойрондоо эрчим нь мэдрэгддэг хүү байж

Ганцхан ээжтэйгээ галаа тойрч аж төрдөг тэр

Гардаж эдгээсэн бүхнээ ам бүл минь гэдэг байж

Улиас навчаа гөвөөд л хатаж бутрахын чийхарсан дуутай

Урт намрын үдэш амьдрал үхлийг зааг дээрх

Амьсгал, зүрх нь зогссон хөөрхий эмэгтэй ирж

Амьдруулах гэж өчнөөн эмч, сувилагч тэмцэж

Залуу хүний гар шалмаг

Залгаа залгаа шаардлагатай бүхнийг хийж гэнэ

Цаг илүү оролдоод авралгүйтэй эвлэрч

Царай төрх бүхэнд гуниг мэлтэлзэж

Анхи шанааг нь дагаад хөлс урссан сувилагч охин

Ар гэрийнхэнд нь одоо мэдэгдэх үү гэж

Эмч залуу өөдөөс нь ч харалгүй толгой дохих

Энэ төрх урьдынхаасаа нэг л хөндий санагдаж

Хүүхэд бүрийн хайрыг татдаг буурал асрагч

Хүн ирээгүй бололтой гээд үүдэнд зогсож байж

Аниргүй эгшин лунл өнөөх эмч талийгч руу тонгойсноо

Амьдралын будантай зулайг нь өмөлзөн үнсэж

Хүүгээ уучлаарай ээжээ … гэж шивнээд л

Хүний элэг эмтрэн уйлсан гэдэг

Асрагч эмгэн л хамгаас түрүүлж ухаараад

Аяархнаар хаалгаа хаах хүртэл бусад нь ойлгоогүй гэнэ ээ

Categories
мэдээ нийгэм

Караоке ажиллуулах хүсэлтэй иргэн 9 төрлийн материал бүрдүүлдэг байсан бол 4 болж буурчээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэдээс ирсэн түгээмэл асуултыг хариултын хамт хүргэе.

Н.Сугар: -Нийслэлийн Засаг даргын захирамж арснаар бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн боломжоос гадна цаг хугацаа хэмнэх зэрэг давуу тал бий болж байгаа. Иргэдээс архи, тамхины тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуулт хамгийн олон ирж байна. Архи, тамхины тусгай зөвшөөрөл байхгүй болсон уу гэдэгт хариулт өгөхгүй юү?

Т.Золжаргал: -Нийслэлийн Засаг даргын захирамж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Гэхдээ архи, тамхины тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай, Үнэт цаасны хууль зэрэг гурван төрлийн хуулийн дагуу олгодог. Тиймээс хуулиар зохицуулсан асуудлыг цуцлах нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Караоке ажиллуулах гэж буй иргэнээр жишээ татъя л даа. Та дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс дээр биечлэн очих шаардлагагүй. Цахимаар бүртгүүлэхэд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа камерыг заавал тавьж таарна. Гэхдээ хүсэлтээ цагдаагийн байгууллагад биечлэн очих бус, Е-Mongolia цахим хуудсаар явуулна. Цагдаагийн ажилтан тав хоногийн дотор хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно. НИТХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу караоке эрхлэгч аж ахуйн нэгж нь есөн төрлийн бичиг баримтын бүрдэл хангуулсны дараа Соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар заасан байдаг. Тэгвэл цаашид энэ үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Соёл урлагийн газраас гэрчилгээ авах гэж аль нэг ТББ-тай гэрээ байгуулан улирал тутамд 200-300 мянган төгрөг төлж бичиг авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ бол эдийн засгийн бодит хэмнэлт.

Н.Сугар: -Шинээр караоке ажиллуулах хүсэлтэй иргэн өмнө нь хэдэн төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байсан бол одоо хэд болсон гэдгийг хэлэх боломжтой юу. Миний ойлгож байгаагаар архины зөвшөөрлөө аваад стандартаа хангачихвал үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Зөв үү?

Т.Золжаргал: -Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийн тулд дүүргээс батламж авна, хог хаягдлын гэрээ хийнэ. Гурвалсан гэрээ хийдэг байсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар камерын бичлэг хийх боломж бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг. Эдгээрээс хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлэхийн дээр хог хаягдлын гэрээ хийчихвэл бусад зөвшөөрөл шаардлагагүй болсон. Нэг ёсондоо есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон гэсэн үг.

Б.Ууганбат: -Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 225 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байна. Үүнийг эрх зүйн талаас нь авч үзвэл гурван хэсэгт хуваагдаж байгаа юм. Эдгээрээс 93 нь нийслэлийн хэмжээнд бүрэн эрх зүйн зохицуулалттай, 90 нь дээд газрын /УИХ, Засгийн газар, тэдгээрийн харьяа газруудын/ зохицуулалттай, 42 нь дээд газрын шийдвэртэй ч нарийвчилсан харилцааг нь нийслэл зохицуулдаг байх жишээтэй. Хотын даргын зүгээс өөрийн бүрэн зохицуулалттай 93 нэр төрлийн үйлчилгээнээс 74 үйлчилгээг үндсэндээ зөвшөөрлөөс чөлөөлж байгаа юм. Үлдэж буй 19 үйлчилгээ нь хараахан чөлөөлж болохгүй үйлчилгээнүүд байгаа. Тухайлбал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас олгодог авто зам сэтлэх, орц, гарц гаргах үйлчилгээг чөлөөллөө гэхэд хэн дуртай нь зам сэтлээд эхлэх нь байна шүү дээ. Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээг мөн хуулийн зохицуулалттай тул шууд цуцалж болохгүй. Тэгэхдээ согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авна гэдгийг хуульчилсан ч хэрхэн авах вэ гэдгийг хуульчлаагүй. Иргэдийн зүгээс энэ тал дээр зөвлөлийн хурлаар орох гэж маш их цаг хугацаа алддаг гэсэн гомдол ирж байсан. Тэгэхээр Хотын даргын зүгээс согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгох процессуудыг хөнгөвчилж байгаа юм. Заавал хурлаар оруулах хэрэг байна уу, ажил хариуцсан мэргэжилтэн ажлын тав хоногтоо шалгаад хариу өгдөг байх уу гэдгийг ярилцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 50 хувиар бууруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэддээ орлого олох боломжийг нээж өгсөн энэ зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг шууд дамжуулалтаар иргэдэд хүргэлээ.

Н.Сугар: -Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар яг ямар өөрчлөлт гарч, зохицуулалт орсон талаар товч мэдээлэл өгнө үү?

Б.Ууганбат: -Нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ковидоос шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор маш чухал захирамж гаргасан. МҮХАҮТ болон Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн судалгааны үндсэн дээр хуульд тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаас бусад үйлчилгээг татварын байгууллагад бүртгүүлснээр чөлөөтэй эрхлэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Хотын дарга 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хуульд тусгай зөвшөөрөл авна гэж заагаагүй бол янз бүрийн шалгуур тавихгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нийт 74 нэр төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Тэдгээрээс хүнсний дэлгүүрийг онцолъё л доо. Хүнсний дэлгүүр нь зургаан нэрийн, найман нэрийн гэсэн хоёр төрлийнх байдаг. Найман нэрийнх гэхээр архи, согтууруулах ундаа худалдаалдаг. Архи, согтууруулах ундаа худалддаггүй нь зургаан нэрийнх. Тэгэхээр ирэх оны эхнээс зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад ямар стандарт шаардлага байдаг тухай мэдэж аваад шалгуур шаардлага хангасан бол үйл ажиллагаа явуулах юм. Хуучин бол дүүргийн ЗДТГ-аас 10 гаруй материал бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг байсан бол тэдгээр материалаа шууд цахимаар өгөх юм. Нийслэлийн харьяа алба, агентлаг, дүүргүүд мэдээллийг нээлттэйгээр байгууллагынхаа вэб сайтад тавьж, түгээхийг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Тэр мэдээллийг иргэд аваад шалгуур шаардлагыг мэдсэний дараа цахим системээр хүсэлт явуулах юм. Хүсэлтийг төрийн байгууллагынхан, тухайлбал, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан аваад ажлын тав хоног дотроо багтаан газар дээр нь зөвлөн туслах үүрэгтэй. Иргэн бол хүсэлтээ цахимаар явуулчихаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Тухайн дэлгүүр ажиллаж байх зуурт холбогдох мэргэжлийн байгууллагууд очиж зөвлөн тусална. Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын арга барил, дэс дараалалд өөрчлөлт орж байгаа. Хуучин бол иргэд энэ бүхнийг туулаад батламжаа авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байсан.

Нийслэлийн Засаг даргыг шийдвэрээ гаргах явцад Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 131 иргэн, аж ахуйн нэгжээс холбогдож санал хэлсэн. Тэдний цөөнгүй хувь нь төрийн байгууллагуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд дарамт үүсгэдэг гэсэн саналыг хэлсэн байдаг. Тиймээс Хотын дарга энэ бүх шалгалтыг ирэх оноос 50 хувиар бууруулах үүргийг өгсөн.

Нийслэлийн Засаг даргын А/987 тоот захирамж гарсантай холбоотойгоор эрх зүйн өөрчлөлтүүд дагалдаж гарна. Нөгөөтээгүүр шийдвэрийг биелүүлэх зорилгын хүрээнд байнгын орон тоотой бүтцийг бий болгож байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан. Зөвлөл сар бүр хуралдаж, бизнес эрхлэгчдээс гаргасан гомдол санал, хүсэлтийг хүлээж авна, эрх ашиг нь хөндөгдсөн бол тэрхүү бэрхшээлийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт гарган Хотын даргад танилцуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт боллоо.

Товч мэдээ:

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг Засгийн газрын дараагийн хуралданаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгав.

-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг эцэслэн боловсруулсан байна. Сангийн сайд жагсаалтын талаар танилцуулав.


Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж 85 хувь болно гэж үзэж байна.
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргалаа.
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан байна.

Categories
мэдээ утга-зоxиол

Яруу найрагч Б.Болорцэрэнгийн “Болор цом-39” наадамд өргөсөн шүлэг

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ны орой Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом-39 наадмын цомыг өргөсөн. Шүлгийг хүргье.

Шүлэг бичихгүй л бол…

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдана

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх…ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж, үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Эвий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрсөнөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдагийг мэдэх үү

Надад шүлэг авчрахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр буюу 2021.12.25-нд Улаанбаатар хотод 169 суурин, 12 түр цэгт 183 багийн 833 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 12 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.