Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулан “ХОРИН НЭГЭН ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН” тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулахаар боллоо. Тус үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11:40 цагт /морин цагт/ Богд хааны ордон музейн Өвлийн ордонд зохион байгуулагдах юм.
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд олон түмний таашаалд хүрсэн “ХОРИН НЭГЭН ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН” тусгай үзэсгэлэн нь Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутрын бүтээл, Монгол улсын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий Ногоон дара эх тэргүүтэй Хорин нэгэн дара эхийг хамтад нь нэг дороос үзэх боломжийг үзэгч олонд олгож байна. Тусгайлан зассан тайз декраци бүхий орчинд, хүссэн өнцгөөсөө харах боломжийг олгож буйгаараа энэхүү үзэсгэлэнгийн онцлог юм.
Түүнчлэн эл өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулан “ЭРХ ЧӨЛӨӨ” эрдэм шинжилгээний хурлыг Богд хааны ордон музейн хурлын танхимд зохион байгуулна. Эрдэм шинжилгээний хуралд:
▪️Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан
▪️Доктор, профессор Ж.Урангуа
▪️Доктор, дэд профессор Д.Энхцэцэг
▪️Доктор Б.Няммягмар
▪️Доктор, профессор Ц.Гантулга
нар оролцон өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлэх юм.
Эрхэм үзэгч та бүгдийг 12 дугаар сарын 27-ны өдөр Богд хааны ордон музей дээр зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.