Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт “Ub Resort” цанын бааз нээгдлээ

Хүй долоон худагт “Ub Resort” цанын бааз нээгдлээ. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өчигдөр /2021.12.26/ туршилтын байдлаар ажиллаж байна.

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Цар тахлын хуулийг сунгахыг дэмжихгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт,Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийг дахин сунгахыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Гуравдугаарт, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч тус нийтийн сонсголыг баярын уур амьсгал давхацсан өдөр зохион байгуулж байгаа нь нийтийн сонсгол хийсэн нэр төдий болно. NoDoubleStandart хөдөлгөөний залуусын зүгээс мөн үүнийг эсэргүүцэж холбогдох шаардлагаа хүргүүлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Монгол Улс биш, Малчин улс гэж нэрлэх ёстой

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


Түрүүч нь №247(6869) дугаарт


-Одоо тэгээд хэдүүлээ хонио л өсгөөд байж байх уу?

-Хонийг орлуулах үнэт зүйл одоогоор монголчуудад алга.

-Үнэт зүйлтэй болох цаг нь болоогүй гэж үү?

-Болоогүй байх аа. Бид 1921 онд л эсгий гэрээсээ гарч ирсэн. 13 дугаар, 14 дүгээр зуун, монголчууд бид гэж ярих чинь ямар ч утгагүй байгаа юм. Бид Ази, Төв Ази руу орж ирсэн янз бүрийн малчин ард түмнүүд л байхгүй юу. Киргиз, Манж, Төвд, Халимаг, Торгууд, Халх гээд малчид л явж байгаа. Монгол Улс гэсэн улс тэртэй тэргүй байх боломжгүй юм байгаа юм. Монгол үндэстэн ч байх боломжгүй. Бид чинь малчин ард түмэн байхгүй юу. Монгол Улс биш, Малчин улс гэж нэрлэх ёстой байхгүй юу. Малчдын улс. Бидний нэгдэл бол малаар, малчнаараа л нэгдэх нэгдэл. Тэгэхдээ бүгдээрээ малчин бол гэж байгаа юм биш л дээ. Анхдагч маань л малчин. Бид япон үндэстэн, хятад үндэстэн, орос үндэстэн гэсэн тийм оюуны нэгдмэл үндэстэн биш байхгүй юу. Бид чинь талаар нэг тархсан, эсгий гэртэй ард түмэн. Гадаа хонь, ямаа хоёр нь майлж байхад л тайван унтдаг ард түмэн. Гэрийн гадаа хонь, ямаа нь майлахгүй бол унтаж чаддаггүй байхгүй юу, монгол хүн.

-Тийм.

-Хонь, ямаа нь майлалдахад сэтгэл нь сайхан болдог. Хүүхдүүдээ, авгайгаа, нөхрөө хараад баярлахгүй. Хонин сүргээ харж баярладаг. Хот ороод буцахдаа малаа л түрүүлж асуудаг. Хотод байхдаа гар утсаараа малаа л асуугаад байдаг. Тийм л ард түмэн.

-Газрын зураг дээр Монгол Улс Ази, Европ гэсэн хоёр соёлын дунд оршдог?

-Яг зааг дээр нь байдаг.

-Хоёр өөр соёл иргэншлийн зааг дээр ингэж амьдрахад зөрүү нь бидэн дээр хэр хүчтэй тусдаг вэ?

-Маш хүчтэй тусна. Залуучууд ерөнхийдөө орчин үеийн, анархист, шинийг хүсдэг. Хурдан өөрчлөгддөг. Тиймээс залуу хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Хурдан, түргэн өөрчлөх гэсэн, шинэчлэх гэдэг. Хөгшин хүмүүс ерөнхийдөө удаан, дандаа хачин бүтэхгүй юм ярина, “Тэгж болдоггүй юм даа, хүү минь” гэсэн дандаа зогсоосон, барьсан, хориглосон сэрэмжилсэн хүнийг урагшлуулахгүй хойшоо татдаг. Ер нь хөгшин хүн бол тэртэй тэргүй тийм байдаг. Хөгшин хүнтэй уулзсаны дараа сэтгэл нэг л хачин болно. Нэг л тавгүй болно. Хүний хорвоо. Зөвхөн Монгол хүн ч тийм биш.

-“Тэгдэг ч үгүй юм даа”, “Чам шиг байхдаа би…”, “Одооны залуус ч дээ…” гэсэн зуулттай харилцаатай?

-Ёстой тийм. Энэ чинь хөгшин хүний үргэлж уншиж байдаг амнаас нь гардаг маани байхгүй юу. Залуу хүн үргэлж шинэчлэх гэж, өөрчлөх гэж жаахан ууртай, бухимдалтай, ярвагар алхдаг чинь зөв. Тэгэх ёстой.

-Юм бодож яваа хүн юм байна.

-Тийм шүү дээ. Хүний хорвоо. Хөмсөг нь зангирсан хүн асуудалтай л явж байна. Юм бодож байна. Хүнд стресс хэрэгтэй. Хүн өдөржин стресстэх хэрэгтэй байхгүй юу. Ялангуяа энэ 21 дүгээр зуунд дандаа стресстэнэ. Гол нь стрессээ депресс болгож болохгүй. Тэр чинь өвчин болчихож байгаа юм. Үдээс өмнө стресстэй байж байгаад үдээс хойш тэр стресс нь гарчихдаг. Орой жаахан стресстэй байлаа. Унтаж амарлаа. Өглөө нь стрессгүй сэрдэг. Депресс чинь олон хоногоор үргэлжилдэг. Би стрессийг маш зөв гэж боддог. Стресстэй бай, стресстэй бай. Стрессгүй байна аа гэдэг чинь хэтэрхий тайван байна гэсэн үг. Юу ярьж байгаа юм. Энэ амьдралд стресстэй байж байж л юм бүтээнэ шүү дээ. Стресстэй байхад ажил бүтдэг. Өөрийгөө стресстүүлэхээр гоё гоё санаа толгойд ороод ирдэг.

-Соёлын тухай яриандаа эргэн оръё?

-Яахав дээ, бид саяхан эсгий гэрээс гарсан гэж ярилаа. Эсгий гэрээсээ гараад шоконд орсон. Уурласан, бухимдсан, зугтаасан, оргож дүрвэсэн зөндөө л юм болсон. Шинэ үе нь гарч ирээд шинэчлэх гэтэл зарим нь хүсээгүй. Тиймээс монголчууд хоорондоо зодоон нүдээн болсон. Манай дотоодод болсон асуудал. Оросууд “Шашинаа жаахан хязгаарлаарай” гэснийг манайхан “Шашинаа устга” гэлээ гэж буруу орчуулсан. Тийм л юм байхгүй юу. Монгол хүн чинь сонсох гэснээ л сонсдог хүмүүс шүү дээ. Өөр юм байхгүй. Нөгөө талд бол мэдээж социализмыг буруу ойлгож, нэгэндээ хэтэрхий өндөр шаардлага тавьсан, боломжгүй байхад нь. Хоёр, гурван хүүхэдтэй хүн чинь яаж багшлаад явах юм бэ. Гэртээ хүүхдүүдээ харахгүй бол бас болохгүй. Европын нийгэмд эмэгтэй хүн ажиллаж болдог. Яагаад вэ гэвэл ихэнх нь хүүхэдгүй. Монголын нийгэм чинь 3-4 хүүхэдтэй. Зарим нь бүр 6, 7, 8 хүүхдийн ажил хийхэд хэцүү. Европчуудыг дуурайж гэрийн эзэгтэйг ажил хий гэдэг чинь буруу, социализмын үед. Тэгэхээр хүүхдүүд нь зэрлэгшчихгүй юү дээ. Гэртээ хүүхдүүд нь л үлдээд, ах нар нь дүү нараа загнаад л, гараад ирэхээр орцны атаманууд нь мөнгийг нь булааж хармаалаад л. Ээж аав нь гэртээ байхгүй, эзгүй. Социализмын үед гэр орон жаахан эзгүйрсэн. Ээжүүд ажиллах нь буруу байсан. Эмэгтэй хүн үр хүүхдээ хараад, гэр орноо авч явж, үр хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулах ёстой байсан юм. Социализмын үед тэр нь алдагдсан. Хүүхдүүд нь хаягдсан нь том алдаа байсан. Энэ бол социализмын алдаа. Харин боловсрол, эмнэлэг хурдацтай хөгжсөн, бүгдээрээ гайхамшигтай боловсроод, бүгдээрээ арван жилийн сургуульд хамрагдаад, бүгдээрээ эрүүл мэндээ үзүүлдэг болсон. Бүгдээрээ гэр орондоо ор, хөнжлийн цагаан даавуутай болсон нь гайхамшиг байсан. Бүгдээрээ усанд орж, ариун цэвэрдээ анхаардаг болсон нь мундаг том соёл болсон. Тэр соёл өнөөдөр ч монголчуудад хэрэг болж байгаа. Гадаадад очоод ямар ч асуудалгүй тухайн орныхоо амьдралд яваад л орчихож байна. Ямар ч асуудалгүй. Энэ бол бидний ололт.

Харин худлаа түүх ярихаа болих хэрэгтэй. Бидэнд тийм том түүх байх ямар ч боломжгүй. Энд байгуулсан том том хот алга, өндөр урт хэрэм алга, байгуулсан том соёл алга байна шүү дээ. Энэ чинь муудаа биш. Энэ нутагт энд тэндээс ирсэн малчид л байхгүй юу. Тэд чинь түүхтэйгээ, номтойгоо, хүнтэйгээ ирсэн. Энд ирээд үлгэр, домгоо ярихаар нь “Аа тэр нь манайх юм байна” гээд ойлгочихдог. Гэтэл тэр нь Хорезм, Төв Ази, Япон, Солонгос, Энэтхэгийн ч юмуу түүх, үлгэрүүд л байдаг. Тэрийг нь бид өөрсдийнхөө гээд ойлгочихдог. Тэд манайхаас авсан юм байна гээд туйлшраад явчихдаг. Гаднаас энэ бүх соёлууд хүнтэйгээ, номтойгоо, үлгэр домогтойгоо ирсэн. Бид бол тэр сонин сонин газруудын бөөгнөрсөн, нягтарсан ардуудын нэгдэл. Бидний хэлний ихэнх нь түрэг язгуурынх, бас ихэнх хэл минь Манж байна шүү дээ. Муудаа биш. Энэ л ард түмнүүдийн онцлог.

Ийм хүйтэн газарт тэгж их өндөр соёл ч үүсэх боломжгүй. Даараад юун байшин барих, философидох вэ (Инээв).

-Тийм ч юм уу.

-Эсгий гэр дотор юу гээд уран зураг зураад сууж байх юм бэ (Инээв). Оросууд чинь л бидэнд дулааны цахилгаан станц барьж өгч байж би энд дулаахан байшин дотор Оросуудынхаа ачаар философидоод сууж байна шүү дээ. Дулаан ийм байшингүй бол би эсгий гэртээ хэдэн хонь, ямааныхаа майлах дууг сонсоод л дээшээ хараад орон дээрээ хэвтэж байгаа шүү дээ. Авгайгийнхаа сүүтэй цайг уугаад л. Өөр юм байхгүй (Инээв).

-Амиа хорлолт ихсээд байгаа нь нийгмийн бас л нэг эмзэг сэдэв болоод байна?

-Нийгэмд амиа хорлолт тодорхой нэг хувиас л дээш болчихвол асуудал болдог болохоос биш хэвийн тоондоо байж байхад асуудалгүй. Япон, Солонгост хэвийн тооноосоо ихэсчихсэнд л асуудал болоод байгаа юм. Манай хувьд эрэгтэй хүмүүс голдуу амиа хорлоод байгаа нь асуудал болоод байгаа юм. Тэр чинь том асуудал. Эрэгтэй хүн амиа хорлох нь барууны орнуудад байдаггүй. Ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ тэр болгонд ард түмний, шашны онцлог, мухар сүсгийн онцлог, мөнгө төгрөгийн онцлог, өрөнд орсон эсэх, ирээдүй, ажил мэргэжлийн онцлог зэрэг өчнөөн шалтгаанууд байгаа. Тэр психологийн асуудлуудыг тухайн хүнд нь ярина уу гэхээс нийт нийгэмд хувь хүний психологийг буулгах хэцүү. Нийгэм бол тэгээд л урагшилна шүү дээ. Философийн академи урагшлаад л явж байна. Хүмүүсийн уурлах нь уурлаад л явж байна. Дэмжих нь дэмжинэ. Асуудалгүй. Яагаад вэ гэвэл үнэнийг хэлэхэд асуудалтай. Хүмүүс үнэнийг жаахан хэцүү сонсдог. Тэгэхдээ явцын дунд, цаг хугацааны явцад үнэн хэлсэн нь дээр санагддаг, хүмүүст. “Тэр үед үнэнийг нь хэлсэн нь болжээ, яахав цаг хугацааны хувьд жаахан эрт байсан” ч гэдэг юм уу. Хоёр жилийн өмнө, дөрөв, таван жилийн өмнө чи бид хоёр ингээд ярилцаж байлаа шүү дээ. Нэлээд үнэн байсан. Хэцүү байсан. Чи ч шоконд орж цочиж байсан. Одоо бол чи чинь бүр сайхан болчихсон ирж байна. Энийг чинь л хөгжил гэж нэрлэж байгаа юм.

-Таны “Орчин үеийн асуудал 1, 2,3 гэсэн” цуврал ном гарчээ. Монголын өнгөрсөн, өнөөдөр, маргаашийн асуудлыг хөндөж?

-“Монголын орчин үеийн асуудал” гэсэн гурван асуудал бий. Эхлээд бид өнөөдрөө ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид яг ямар байдалд байна вэ. Монгол гэсэн улс дотор, хилийн дотор цөөн хэдэн хүний асуудал биш болчихоод байна. Өчнөөн зуун мянган хүн гадаадад байна, тэдэнтэйгээ үргэлжийн холбоотой байна, тэднээс маань мөнгө төгрөг ирж байна. Гадаадын мэдээ, сонин интернэтээр дүүрэн байна. Бүгдийг нь уншиж байна. Өдөржингөө мэдээ уншиж байна, өдөржингөө хүний хэрэгт дурлаж байна, өдөржингөө фэйсбүүкт хэн ямар тоорт идэж, ямар палааж шинэ жилээр өмсч вэ, палааж нь зохиогүй байгаасай, оёдолчин нь амжаагүй байгаасай гэж боддог ч наанаа “Миний найз ёстой залуухан, сайхан харагдуулдаг палааж өмссөн байна, хөөрхнөө” гэнэ. Хөөрхнөө гэсэн мөртлөө дотроо бол “Палааж нь зохиогүй л байна ш дээ” гэдэг. Энэ бол бидний өнөөдрийн дүр төрх. Ийм олон юман дунд өнөөдрийг ойлгох, дэлхийг ойлгох, коронаг ойлгох, Америкийг ойлгох хэрэгтэй болоод байна. Америкт сонгууль болох гэж инээдэмтэй юм боллоо шүү дээ. Яасан хөгжөөгүй орон бэ гэмээр л байлаа шүү дээ. Өчигдөр гэдэг бол цаг хугацааны хувьд өнгөрчихсөн. Малчид нэг их том түүх яриад байх нь ичмээр ээ. Маргааш бидэнд хамгийн чухал. Маргааш гэдэг бол зөвхөн залуучуудын асуудал биш. Хөгшин хүмүүсийн ч асуудал. Хөгшин хүнд ч маргааш бий.

Categories
мэдээ нийгэм

“Өнгөрсөн оны эхний улиралд 4600 хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн ч сэргээгдээгүй” гэв

Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбооноос 2022 оныг Хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриалж, мэдээлэл хийлээ.

Тус холбооны тэргүүн Г.Хажидмаа “Хүүхдийн эрхийн асуудал хүн бүр харамсаж суухаас өөрцгүй болсон байна. Өнгөрсөн оны эхний улиралд 4,600 хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн ч эрх нь сэргээгдээгүй. Хүний эрхийн байгууллагуудыг хүүхдийн эрхийн төлөө ажиллах юм болов уу гэж харлаа. Гэтэл хүүхдийн төлөө дуу хоолой болсонгүй. УИХ-ын гишүүд эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн төлөө ажиллахгүй байна.

Хуулийн алдаатай зохицуулалтаас болоод хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна. Хүүхдүүдийн 48.9 хувь нь цар тахалтай холбоотой хүчирхийлэлд өртсөн. Ингээд манай төрийн бус байгууллагаас өчигдрөөс эхлэн сошиал орчинд хүүхдийн эрхийг хамгаалах акц эхлүүлсэн.

Манай улсад аймаг, сум, хороо, нийслэлд нийгмийн ажилтан гэж бий. Нийгмийн ажилтнууд гэр бүлийн орчинд хүүхдийн эрх яаж зөрчигдөж байгааг ерөөсөө судалдаггүй. Энэ хүмүүс үндсэн ажлаа хийхгүй байна.

Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуульд олноороо нэгийгээ бүлэглэн зодох тохиолдол гарах боллоо. Гэтэл хуульд зодуулсан хүүхдэд нөхөн төлбөр олгох, тухайн зодсон хүүхдүүдэд арга хэмжээ авах зохицуулалт байхгүй. Энэ тал дээр анхаармаар байна” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр нийслэлд 8 байшин шатжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОБЕГ-т бүртгэгдсэн гал түймрийн дуудлагуудыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 09:31 цагт ангиас гарч 09:37 цагт очиход “Налгар түшиг” ХХК-ийн хашаанд тоног төхөөрөмж шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 13 дугаар гудамжны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 09:06 цагт ангиас гарч 4 км зам туулан 09:15 цагт очиход иргэн М-ийн гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:47 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 09:46 цагт очиход иргэн Б-ын 5×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны 31 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:50 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 13:25 цагт очиход иргэн Э-ын 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 13:44 цагт очиход иргэн Д-ийн 7×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:28 цагт очиход иргэн Г-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:55 цагт очиход иргэн Э-ын 7×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:09 цагт очиход иргэн Ө-ын 10×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Баянбулагийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:31 цагт очиход иргэн Э-ийн 8×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэр иргэн Б /45 настай, эрэгтэй/, Э /35 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 22 км зам туулан иргэн С-ийн 8×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Путин хэвлэлийн хурлын үеэр олон улсын харилцааг хөндсөн асуултуудад байр сууриа илэрхийллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь өргөн хүрээний хэвлэлийн бага хурлыг Кремльд зохион байгуулж дөрвөн цаг сэтгүүлчдийн асуултад хариулав. Цар тахлын улмаас оролцогчдын тоонд хязгаарлалт тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 507 төлөөлөгчийг оролцуулжээ. В.Путин нийт 44 сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Энэ үеэр тэрээр улс орныхоо дотоодын янз бүрийн сэдвээр асуусан асуултад тодорхой хариулсан бөгөөд олон улсын харилцааг хөндсөн асуултад ч байр сууриа илэрхийлэв.


БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй бид найз нөхрийн тогтмол харилцаатай. Энэ бол харилцан итгэл дээр суурилсан хувийн харилцаа. Энэ харилцаа нь ажил хэрэгч байхад тус дэм болдог. ОХУ, БНХАУ иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаатай улсууд. Тэр бүү хэл бид өндөр технологийн зэвсэг хамтран бүтээж байна. АНУ Хятадыг тогтоон барьж дийлэхгүй. Тэд эцсийн эцэст үүнийг ойлгох ёстой. Өнөөдөр Хятад улс эдийн засгийн хувьд худалдан авах чадвараараа АНУ-ыг ардаа орхисон. 2035 он, 2050 он гэхэд хятадууд дэлхийн тэргүүн эдийн засагтай улс болох нь дамжиггүй.

Афганистаныг амар амгалан байгаасай гэж бид хүсдэг. Афганистаны төрийн эрхэд гарсан хүчин улсынхаа төрийн удирдлагад бүх угсаатны төлөөллийг оруулах ёстой гэсэн байр суурийг Москва баримталдаг. Талибуудыг хүлээн зөвшөөрөх эсэх тал дээр Москва энэ асуудлаар олон улсын яриа хэлэлцээнд оролцогчидтой бүгдтэй нь хамтран ажиллаж байна. ОХУ Төв Азийн улс орнуудтай шууд хиллэдэг. Тиймээс эдгээр улсад хэт даврагч бүлэглэлүүд нэвтрэхээс бид болгоомжлох, сэрэмжлэх нь зүй ёсны асуудал гэсэн юм.

Английн “Sky News”-ийн сурвалжлагч “Хөрш улс руугаа халдан довтлохгүй гэсэн аюулгүй байдлын баталгааг Москва гаргаж чадах уу” гэж асуухад В.Путин “Кремль юу ч хийсэн бай, та үргэлж “санаа зовниж байна” гэдэг. Наад “санаа зовнилоо” аваад эндээс зайл. Бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийх л болно. Бид аюулгүй байдлаа хангахыг хүсч байна… Бидний үйл ажиллагаа бидний аюулгүй байх нөхцөл байдлаас шалтгаална. Та биднээс баталгаа шаардаж байна уу? Эсрэгээрээ та нар бидэнд баталгаа өгөх ёстой. Нэн даруй. Яг одоо. Энэ сэдвээр хэдэн арван жил үргэлжлүүлэн яриад байх шаардлагагүй. Барууныхан амлалтаа биелүүлдэггүй. Байнга худлаа ярьдаг. НАТО-ийн тэлэлтийн таван давлагааг бид үзэж байна. Энх тайвны баталгааг гаргах ёстой улс нь ОХУ биш. АНУ, эсвэл Их Британийн хилд ОХУ тулж очоогүй. Харин тэд ОХУ-ын хилд тулж ирээд байна. НАТО дорно зүгт тэлсэн нэг ч алхам хийх ёсгүй гэсэн асуудлыг бид ямар нэг далд санаагүйгээр шууд тавьсан. Тоглолтын бөмбөг тэдний талд байгаа.Иймээс тэд аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцах ёстой. ЗХУ задран унахад Орос улсын түүхэн газар нутаг хуваагдсан. Гэвч манай түншүүдэд энэ нь багадаад байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Тэдний үзэж буйгаар Орос орон хэт том байна. ЗХУ задран унаснаас хойш бид 146 саяулаа үлдсэн. Гэвч тэдэнд бид бас л хэт олуулаа байна. Хэдийгээр В.И.Ленин манай түүхэн газар нутгаас авч Украиныг бий болгосон ч Москва Украины тусгаар тогтнолыг эсэргүүцээгүй. Гэтэл тэд өнөөдөр өөрийнхөө газар нутаг дээр амьдарч буй оросуудыг польш, унгар, румынчуудын нэгэн адил цагаач иргэд хэмээн гадуурхаж байна. Украины тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Янукович огцроход бэлэн байсан ч 2014 онд цуст төрийн эргэлт гарч, улмаар хямрал үүсч, хүмүүсийг хөнөөж, шатааж байсан. Ийм үед Севастополь, Крымд байгаа орос иргэдэд туслахаас бид татгалзаж чадах байсан уу? Энэ явдал биднийг аргагүй нөхцөл байдалд оруулсан.Донбасст хүч хэрэглэхгүй байхыг би өөрийн биеэр П.Порошенкогоос хүссэн. Өдгөө Минскийн хэлэлцээр л асуудлыг шийдэх цорын ганц боломжит арга зам болоод байна. Гэвч Киев энэхүү хэлэлцээрийг биелүүлэхийг хүсэхгүй байна. Тэр бүү хэл хэлэлцээртэй зөрчилдсөн хууль баталж, баруунтай хамтран Оросыг цуст мөргөлдөөнд татан оролцуулахыг хүсч байна” гэж хэлсэн юм.

Түүнийг хариулт өгч байхад ард нь Украины хилд Оросын зэвсэгт хүчний цэргүүд нэмэгдэн байршиж байгааг болон ОХУ-ын том хэмжээний цэргийн хээрийн сургуулилтын явцаас харуулж байв. В.Путин энэхүү хэвлэлийн бага хурал дээр Барууныхан Орос улсыг мөхөөх гэсэн түүхэн зуршилтай гэдгийг цохон тэмдэглэж Москва цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь НАТО-гийн буруу үйлдлүүд болон барууныхны түрэмгий бодлогоос болсон, “Москваг Украины мөргөлдөөнд татан оруулсан “зуучлагч” нь НАТО бас Барууны улсууд” гэж хэлсэн билээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн бага хурлын маргааш НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Орос-НАТО-ын зөвлөлийн хурлыг “аль болох хурдан” хийх ёстойг онцлон ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч үндсэн зарчмуудаасаа татгалзахгүй” гэж мэдэгдэв. “Одоо хурцадмал байдлыг намжааж, ОХУ-тай ухамсартай яриа хэлэлцээ хийх нь чухал гэж би бодож байна. Гэхдээ үүний зэрэгцээ холбоотнуудаа хамгаалах эрх, үүрэг хариуцлагыг алдагдуулахгүй байх нь чухал” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн Орос улс Украины хилээс цэргээ татсанаар хурцадмал байдлыг намжаах боломжтой, ингэснээр “хүн бүрд Зул сарын баярыг тайван тэмдэглэж өнгөрүүлэх боломж олдоно” гэсэн бөгөөд “Гэсэн ч бид үндсэн зарчмууддаа буулт хийхгүй. Бүх холбоотноо хамгаалах НАТО-гийн зорилгод бид эргэлзээ төрүүлэх ёсгүй” гэж цохон тэмдэглэсэн байна.Мөн АНУ ч он гарангуут ОХУ-тай тухайн асуудлаар яриа хэлэлцээ хийх нь тодорхой болсон. Гэхдээ “Берлиний ханыг нурааж Германыг нэгтгэснээс цааш ганц ч алхам хийхгүй гэсэн амлалтандаа НАТО хүрээгүй учраас бидэнд аюулгүй байдлын баталгаа гаргаж өг” гэсэн ОХУ-ын шаардлагад “Тэр чинь ОХУ биш алга болсон ЗХУ-ын үе. Тэгээд ч өнөөдөр аль нэг “том” улс бусад “жижиг” улсыг дохио, зангаагаар удирддаг нөлөөллийн бүстэй байсан үе өнгөрсөн. Аль ч улс бидэнтэй нэгдэж ардчиллын замаар явах эсэхээ өөрөө шийдэх ёстой” гэж цаадуул нь хариулах нь тодорхой.Өөрөөр хэлбэл, байдал түр намжина уу гэхээс асуудал шийдэгдэхгүй. Ганц зөв арга нь эдгээр сөргөлдөөд буй улстай бүгдтэй нь сайн харилцаатай Монгол мэтийн улсууд нэгдэж уриалга гарган сөргөлдөгч бүх талууд оролцсон хэлэлцээрийг дэлхий нийтэд ил тод явуулж,аль аль талд ашигтай байхаар асуудлыг шийдэх явдал. Эс тэгвээс асуудлыг шийдэх ганц л гарц үлдэнэ. Энэ нь дайн гэсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

АТГ-аас 483 хэргийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 83 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 83 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 6 батлагдсан байна.

Архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 1 хүн нас барав.

Гэрийн хяналтад 3447хүн байна

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 33 өрхийн байшин, гэр усанд автжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Эгийн голд халиа үүссэний улмаас 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

130 тээврийн хэрэгслийг Эрээн боомтоос татан авчээ

Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ.

Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна. Татан авалтын үед есөн тээврийн хэрэгсэл эвдэрсний дөрөв нь засагдаж, таван тээврийн хэрэгсэл засагдаагүй үлджээ.