Categories
мэдээ улс-төр цаг-үе

Т.Болд: Украинчууд тусгаар тогтнолынхоо төлөө бат зогсож байгаа гэдгээ илэрхийлж байсан

Дайны байдалтай байгаа Украинд очиж нэвтрүүлэг бэлтгэсэн “Парламент” телевизийн тоймч Т.Болдтой ярилцлаа.


-Украины асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Таныг очиход газар дээрээ нөхцөл байдал яг ямар байсан бэ?

-Бид Украинд 2019 оны есдүгээр сард буюу хоёр жилийн өмнө очсон юм. Тэр үед Украин ОХУ-тай дайны байдалтай байгаа гэж улстөрчид нь мэдэгдэж байсан үе л дээ. Орос улс Крымыг 2014 онд өөрийн болгоод эзлээд авсны дараа Украины Донецк, Луганск гэсэн хоёр муж дотроосоо эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулсан шүү дээ. Улмаар зэр зэвсэгтэй бүхэл бүтэн армийн хэмжээнд хүрсэн уг хөдөлгөөнийхөн мэдэгдэл хийгээд Украинаас салан тусгаарласан. Биднийг очиход Украины арми Донецк, Луганскийн хил дээр салан тусгаарлагчидтай сөргөлцөж, буудалцаж байдаг байсан үе. Тэнд өдөрт 10-20 хүн хоёр талаас нас барлаа гэж байнга мэдээлдэг байв. Тэрний өмнөхөн Украины дотоод асуудлыг зохицуулахаар Минскийн хэлэлцээрт Орос, Украин орсон байсан. Тэр хэлэлцээрт одоо байгаа хилээрээ тогтъё, буун дуу гаргахгүй байхаар мөргөлдөөнийг зохицуулъя гэж гэрээ байгуулсан бололвч тэрийгээ сахидаггүй, байнга л буудалцаж байсан. Украины тал бол нөгөө талаас байлдаад байгаа сайн дурын армийг Оросоос цалинждаг, хөлсний этгээдүүдээс бүрдсэн гэж үздэг юм билээ. Харин оросууд болохоор бидэнд хамаагүй гэж мэлздэг. Тэгсэн мөртлөө тэр бүлэглэл зэвсэг, техник сайтай, Украины армитай дайтаж байсан нь анхаарал татдаг.

-Та аль, аль хотод очив. Иргэдийн ахуй амьдрал, худалдаа наймаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан уу?

-Бид зөвхөн Киев хотод гурав хоног ажилласан. Нэг хоногт нь би зураглаачийнхаа хамт Чернобелийн хориотой бүс рүү явсан. 30 гаруй жилийн өмнө дэлбэрэлт болсноос хойш хориотой байсан уг бүсэд аяллын нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Одоо тэр бүсийг бага багаар нээж байгаа. Эхний ээлжинд аялагчдад зориулж нээсэн юм билээ. Манай нэвтрүүлгийн багийг Киев хотод ажиллах хугацаанд бүх зүйл хэвийн байсан. Иргэд нь хотоороо тайван зугаалж, ресторан, дэлгүүр гээд худалдаа үйлчилгээний газрууд нь хэвийн ажиллаж байлаа. Тэнд дайн болж байгаа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй, нам жим байсан. Киев хот нь дайн болж байгаа газраас нэлээд алс гурав, дөрвөн зуун км-ийн зайтай л даа. Тийм болохоор буун дуу гарахгүй тайван байсан болов уу. Украины нэг хүнд ногдох ДНБ нь 4000 орчим ам.доллар буюу манай улстай ойролцоо хөгжилтэй орон. Биднийг тэнд очсон байх үед оросууд газаа байн, байн хаадаг байв. ОХУгазаараа дамжуулж элдэв улс төрийн шантааж үзүүлдэг, өөрийнхөө бодлогыг тулгадаг, Украины бараа бүтээгдэхүүнд хориг тавьчихсан үе таарсан. Ер нь эдийн засаг нь маш хүнд байгаа гэж миний уулзаж, ярилцсан улстөрчид ярьж байсан шүү.

-Одоо Оросын арван мянга гаруй цэрэг Украины хил дагуу бөөгнөрсөн гэж мэдээлж байна. Ийм дүр зураг ямар газруудад харагдав. Дайны нөхцөл байдал гэхээр л гудамжаар нь буу шийдэм агссан хүмүүс явж байгаа мэт ойлголт гадаад ертөнцөд бий. Аль эсвэл дэлхий дахинд өөрөөр мэдээлэгдээд байна уу?

-Украин дайны байдалтай байсан ч Киев хот дотроо цэрэг техник байгаагүй. Цагдаа нар нь буу зэвсгээ бүрэн агссан байдалтай хотын гудамжаар эргүүл хийж явдаг байсан. Олон нийтийн газар аэропот, метро, вокзал болон засгийн газрын байруудаа цагдаагийн хүч нэмсэн отръяадуудаар хамгаалуулж байсан дүр зураг харагдана лээ.

-Украины ард түмэн Оросын талаар ямар хандлагатай байна вэ. Ялангуяа залуусын үзэл санаа ямар байна, тэд юу хүсч байх юм?

-Бид нэвтрүүлэг бэлтгэх явцдаа таван улстөрчөөс ярилцлага авсан. Гудамжинд явж байсан хорь, гучаад хүнээс сэтгэгдлийг нь сонссон л доо. Ер нь уулзсан хүн бүр тусгаар тогтнолынхоо төлөө байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Оросуудыг зөөлөн хэлэх юм бол үзэн ядсан ч гэх юмуу тун таагүй хандлагатай байсан. Тэд газаа хааж дарамталдаг л гэнэ. Киев хотын орон сууцны халаалтын үнэ найм дахин өсчихсөн үе таарч бидэнтэй байсан. Украин тэр чигтээ газан дээр суурилсан байхад Оросын талын энэхүү дарамт үнэхээр хүнд тусч байгааг гудамжинд таарсан иргэн бидэнд ярьж байлаа. Монголчууд бол газыг зөвхөн хоол хийх төдийд ашигладаг шүү дээ. Тийм болохоор газын талаар тийм ч сайн ойлголтгүй. Харин дэлхий ертөнц тэр чигтээ газан дээр тогтож байгаа. Гэтэл Орос газаа хаачихсан байсан тэр хүнд цаг үед Украинд Европын холбоо их тусалж байсан л даа. Оросоос авсан газаа буцаад Украин руу өгч, гал алдуулчихгүй хамтарч ажиллаж байсан. Дээрээс нь Европын холбоо Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр авах квот тогтоож өгсөн байв. Үүнд украинчууд тун тааламжтай хандаж, Европын холбоо биднийг ингэж дэмжиж байгаа гэцгээж байлаа. Биднийг очихын өмнөхөн Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрсөн л дөө. Шинэ ерөнхийлөгчөөр В.Зеленский сонгогдчихсон байв. Бид эндээс явахдаа урьдчилаад Украины ерөнхийлөгчийн Тамгын газарт нь хүсэлт гаргаад, шинэ ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлага авъя гэсэн боловч хариу ирээгүй. Тэнд Монгол Улсыг төлөөлж ажилладаг консул нь Украин хүн байдаг. Тэр биднийг хэд хэдэн улстөрчтэй уулзуулж өгье гэсэн учраас Киев хотыг зорьсон юм. В.Зеленскийн хувьд Крымыг буцааж авна гэсэн амлалт өгсөн болохоор сонгуульд ялалт байгуулсан нөхөр. Биднийг очиход сонгууль ч дуусчихсан шинэ засгийн газраа дөнгөж эмхлэн байгуулах үйл ажиллагаа эд өрнөж байсан үе таарсан. Харин өмнөх Ерөнхийлөгч нь цаагуураа Оросоос их хахууль авч, айлын талд үйлчилсэн гэх агуулгаар прокурорт шалгагдаж байгаа зэрэг үйл явдал болж байсан л даа. Украин бол хөдөө аж ахуйн хөгжих бүрэн боломжтой бүс нутаг. Газар нь маш их үржил шимтэй. Европын хар шороо хөрсний 75 хувь нь зөвхөн Украины нутаг дэвсгэрт байдаг. Доошоо хэдэн зуун метр гүн хар шороо хөрстэй. “Бид хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлбэл эдийн засаг маань босоод ирнэ” гэсэн итгэл найдвар дүүрэн байсныг хэлмээр байна. Ялангуяа улстөрчид нь энэ тухай их ярьж байсан. Түүнчлэн Украины иргэд Европын холбооны улсад визгүй зорчих эрх удахгүй нээгдэнэ. Энэ тухай Европын холбоонд хэлэлцэгдээд биеллээ олох өндөр магадлалтай болчихсон үе байсан.

-Та Украинд ажиллахдаа улс төрийн намынхан болон Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын дэд сайд асантай ярилцсан байна лээ. Тэд Орос Украины харилцаа яагаад гэнэт дайн дажиндаа хүрсэн талаар юу гэж байна. Украины зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Украинд 2004 оны арваннэгдүгээр сараас 2005 оны нэгдүгээр сарын дотор ард түмний оранж хувьсгал өрнөөд ардчилал ялсан улс. Шинэ ерөнхийлөгчөөрөө П.Порошенког сонгоод ардчиллын зам дээр эргэж буцалтгүй гарчихсан байсан. Энэ мөчөөс эхлээд оросууд эдийн засгийн элдэв шахалт, дарамтыг үзүүлж эхэлсэн байдаг юм билээ. Миний түрүүний хэлдгээр газ, нефтиэ хаах зэрэг эдийн засгийн бүх арга хэрэгслээр Украинд дарамт шахалт үзүүлж, өөрийнхөө болзлыг тулгаж байсан. Одоо ч тулгасаар байгаа байх. Улмаар 2014 онд Орос Крымыг булааж авч, үүгээрээ олон улсын болон НҮБ-ын бүх дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал болсон шүү дээ.

-Украин бол нефтийн асар том нөөцтэй орон. Эдийн засгаа сэргээх тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлж байсан бэ?

-Социализмын үед Украин асар их нефть олборлодог. Түүнийгээ боловсруулдаг том, том үйлдвэрүүдтэй, ЗХУ-аа нефть, бүтээгдэхүүнээр хангах тэр үйлсэд хувь нэмэр оруулдаг том гүрэн байсан. Хувьсгал ялаад хувьчлал болсон. Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжингүүт нефтийн салбарыг тэр чигт нь оросын том компаниуд орж ирээд хувьчлаад авчихсан юм билээ. Яг хувьчлах процесстоо энэ салбарыг ингэж, ингэж хөгжүүлнэ, ийм, ийм ашигтай байна гэж гоё зүйл ярьж байгаад авсан. Харин хэлсэн амандаа хүрэхгүйгээр барахгүй бүх үйлдвэр заводуудыг хаагаад лацадсан гэж байна. Үүгээрээ Украиныг өөрөөсөө бүрэн хамааралтай болгосон. Сүүлийн үед Украин аргаа барахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр урьж, газрын баялгийн хайгуул хийлгэхэд хөнгөлөлттэй нөхцөл амласан хууль баталсан. Гадны хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа хуулийн зохицуулалтууд нь мэдээж эдийн засагт нь хэрэгтэй байх. Нөгөөтэйгүүр тусгаар тогтнолын баталгаа болно шүү дээ. Бид Оюу толгойг оруулснаар гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирж, тусгаар тогтнол бэхэжлээ гэж ярьдагтай адил бодлогыг Украин баримталж байна лээ.

-Ингэхэд таны Украинд очиж нэвтрүүлэг бэлдсэний гол зорилго юу байсан юм бэ?

-Манай “Парламент” телевизийн хамт олон “Хөгжлийн нэгдсэн бодлого” гээд бодлогын контент бэлтгэсэн юм. Оросын геополитик Монголд хэрхэн нөлөөлж байгааг үзүүлэх зорилготой нэвтрүүлэг байсан. Яагаад Украинд очсон бэ гэхээр тэдний хувь заяа биднийхтэй адилхан санагдсан. Украин том хөршийнхөө хажууд газ, нефть гээд юмаараа хамааралтай. Дандаа түүгээрээ шантаажлуулж байдаг. Тийм хувь заяатай улс юм билээ. Бид Украиныг зорьж очсон нь ийм учиртай юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194 буюу нийт 1657 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бельгийн амьтны хүрээлэнгийн усны үхрээс ковид илэрчээ

Бельгийн амьтны хүрээлэнд хоёр усны үхрийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тул бусад амьтдаас тусгаарлажээ.

“Antwerp” хүрээлэнгийн мэдээлснээр, 14 настай Имани, 41 настай Хермиен усны үхрүүд хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тэдгээрт нус гоожихоос өөр шинж тэмдэг илрээгүй байна. Иймд усны үхрүүдийн шинжилгээний хариуг сөрөг гарах хүртэл амьтын хүрээлэнд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгажээ.

Дэлхийн хэмжээнд урьд нь амьтад “Sars-CoV-2” вирусээр халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байсан юм. Усны үхрүүдийн хамар ихэвчлэн чийглэг байдаг ч нус гоожиж буй нь ажиглагдсан тул “Antwerp” амьтны хүрээлэнгийн эмч нар шинжилгээ авахад ийнхүү халдвар илэрчээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Канадад зэрлэг бугануудаас “COVID-19” халдварын гурван тохиолдол илэрсэн нь тус улсад зэрлэг амьтдаас халдвар илэрсэн анхны тохиолдол болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Арванхоёрдугаар сарын 6-10-ны теле хичээлийн хуваарийг БШУЯ-наас гаргажээ.

Сурагчид хичээлээ бататгах зорилгоор теле хичээлээ үзэхийг зөвлөлөө.

Хичээлүүд VOO аппликэйшнд давхар байрших юм.

Categories
мэдээ нийгэм

Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ

– НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУНЫ ТОМИЛСОН ХОЁРЫН ХОЁР ДАРГА АТГ-ЫНХАНД АВЛИГАТАЙГАА ГАРДУУЛСАННЬ АЗГҮЙ ТОХИОЛДОЛ УУ? –

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан байна. Түүнийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агенлаг, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамтран бусдаас их хэмжээний хахуулийг төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт буруутгаж буй бөгөөд тэд нэг комисст багтаж нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа их хэмжээний хахууль авсан гэж мэдээлж байгаа юм.

Монгол Улсын хууль тогтоомжид өнөөдрийн байдлаархүчин төгөлдөрмөрдөгдөж буй заалтаар бол их хэмжээний гэдэгт 50 сая төгрөгөөс дээш хэмээн заасан ч түүний ажлын өрөөнөөс илрүүлсэн гэх хахуулийн хэмжээ үүнээс өндөр дүнтэй ч байх боломжтой. Хэргийг хуулийн байгууллага шийдвэрлэх нь ойлгомжтой. Үүнтэй холбогдуулан “М.Баянмөнх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгын даалгавраар мөнгө авсан гэх үгийг ам алдсан тухай яригдаж байна” хэмээн нэр бүхий мэдээллийн сайтууд сураг ашиг мэтээр зохион байгуулалттай нийтэлж олон нийтэд гүтгэлэг тарааж байна. Баримтыг нягтлахад АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчдад ажлын өрөөнөөсөө их хэмжээний мөнгөтэй баригдаж саатуулагдсан Мөнх-Үүрд овогтой Баянмөнхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун 2015оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/83тоот тушаалаараа тус газрын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилж байжээ. Үүний дараа мөн л НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/76 тоот тушаалаараа Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Тамгын газрын даргаар томилсон гарын үсэг, тамга нь дурайж байна шүү дээ.

Харин авлигын мөнгөтэйгээ албан өрөөндөө баригдахаар яагаад МХЕГ-ын дарга “Гантулгын хүн” болчихов? Мөн тийм мэдүүлэг тайлбар өгснийг нь хэн, юугаар нотлох вэ? АТГ-т саатуулагдаад хоёр хонож буй М.Баянмөнх яг хэзээ “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгын даалгавраар мөнгө авсан” гэж энд бичсэнчлэн “ам алдаж”, ямар учраас мэдээллийн сайтууд түүнийг нь баттай мэтээр мэдээлэх болов гэдэг нь зохион байгуулалттай болохыг харуулж байна. Мөрдөн байцаалтын нууц гэх мэт хууль тогтоомжид заасан зүйл, заалтуудыг үл тоож байгаагаас хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс М.Баянмөнхөөс “зай барьж” түүнтэй холбоогүй ч байсан хамаагүй бусад хүнд“нааж нялзааж” асуудлыг өөрөөсөө холдуулахаар яарч эхэлсэн бололтой. Үүнийгээ улс төрийн зорилгодоо нийцүүлэх гэсэн нь ч хэрхэн хэвлэл мэдээлэл, сошиалаар тараагдаж байгаагаас тодорхой харагдаж байна.

Үүний өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ын хорьж саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ААН-үүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авахуулдаг байсан гэх хэрэгт буруутгагддаг байсныг өдөр тутмын “Өнөөдөр” сонинд мэдээлсэн. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон газрыг га тутмыг нь 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай газарт хамаарах өөр байршилд нэлээд том хэмжээний газрыг өндөр үнээр борлуулсан хэрэгт шалгаж буйг ч мэдээлжээ. Гэтэл Жамбалсамбуугийн Ганзоригийг мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны2019 оны 07 дугаар сарын 08-ны Б/267тоот тушаалаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсугай гэж тушаасан байна шүү.

Үүнээс харахад яаран хэн нэгнийг ийм тийм мэдүүлэг өгч ам алджээ гэж сошиал болон мэдээллийн хэрэгслээр “тараахаасаа” өмнө хэн албан тушаалд томилж уг хэрэгт холбогдох боломж нөхцлөөр хангаж байж вэ гэдгийг анзааран нягталж “холбогдуулан” хардах нь зүйтэй болов уу. Эдгээр тушаалаас харахад хэдийгээр тохиолдол байж болох ч АТГ-ын шалгалтаар авлигын мөнгөтэйгээ баригдан шалгуулж буй хоёр ч хэлтсийн даргыг томилсон НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун төрийн хяналт шалгалтын нарийн нягт ажилд хэчнээн сонголт муутай хандсан нь гайхалтай төдийгүй хариуцлага тооцох шаардлагатай юм биш үү гэдэг асуудлыг үүгээр дамжуулан Засгийн газарт болон МАН-ын Удирдах зөвлөлд нь сонордуулж анхааралдаа авахыг уламжлан тавьж байна. Хариуг олон нийтийн хяналт дор эрэн сурвалжилж ил тодоор эргэн мэдээлэх болно.

Л.ТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга эхэлнэ

Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга 12-р сарын 8-ны лхагва гарагт 11:40-өөс эхэлнэ

Surge төслийн үүсгэн байгуулагчид өөрсдрийн нүүрсний дулааны цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг токенжуулан блокчэйнд холбосноор цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчээс хэрэглэгчид нээлттэй арилжаалах платформыг бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэхүү цахилгаан эрчим хүчний арилжааг гүйцэтгэхэд ашиглагдах хөвөгч үнэтэй WATT токены урьдчилсан захиалга (pre-sale) 11-р сарын дундуур явагдаж амжилттай биелсэн бөгөөд биржид бүртгүүлэхийн өмнөх олон нийтийн нээлттэй захиалга (ICO) ирэх лхагва гарагт зохион байгуулагдах гэж байна. Нэгж токенийн үнэлгээ ₮85.

Surge WATT токены олон нийтийн нээлттэй захиалга буюу ICO-ийн захиалгыг 12-р сарын 8-ны лхагва гарагийн 11:40-ээс эхлэн ЭНЭ (https://surge.westmongolenergy.mn/register) хуудсаар дамжуулан авна. WATT токены хуваарилалт болон токен эдийн засагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ (https://t.me/SURGEMongolia ) аваарай.

(Зүүн талаас: CAPEX биржийн Гүйцэтгэх захирал М.Бүүвэй, “Баруун Монгол Энержи” ХХК Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл)

Олон нийтийн нээлттэй захиалга буюу ICO хаагдсаны дараа урьдчилсан (pre-sale) болон олон нийтийн нээлттэй захиалга (ICO)-д оролцсон захиалагчдын Surge WATT токен Монгол Улсын дижитал хөрөнгийн арилжааны CAPEX биржид бүртгэгдэх бөгөөд Surge төслийн үүсгэн байгуулагчид WATT токенийг CAPEX биржээр дамжуулан та бүхэнд хүргэх болсонд баяртай байна.

Surge WATT токенийнн хоёрдогч арилжаа нь олон улсын дижитал хөрөнгийн биржийн бүртгэлтэй хамт явагдах ба бүртгүүлэх бирж нь мөн баталгаажсан болно. Цаг үеийн мэдээллийг Surge төслийн албан ёсны телеграм өрөөнөөс олж мэдэх боломжтой. ЭНДЭЭС (https://t.me/SURGEMongolia )

Төслийн санаачлагч, “Баруун Монгол Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг ЭНДЭЭС (https://ikon.mn/n/2dol) уншаарай.

Surge-ийн тухай
Surge бол эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрлэлийн хөгжил, орон нутгийн хөгжил, санхүүгийн ардчиллыг бий болгох зорилготой блокчэйн технологи, төвлөрсөн бус санхүүжилт (DeFi), засгийн газрын эрчим хүчний бодлого, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах уламжлалт дэд бүтцийн санхүүжилтийн уулзвар дээр байрладаг төвлөрсөн бус цахилгаан эрчим хүчний худалдааны зах зээлийн талбар юм.
Surge.codes | Facebook | Telegram (Монгол)
Surge нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн биш. Surge нь хөрөнгө оруулалт, таамаглал, санхүүгийн бүтээгдэхүүн болгон ашиглахад зориулагдаагүй. Энд байгаа мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш

Categories
мэдээ спорт

ДАШТ-д өрсөлдөх шатарчид тодорлоо

Сонгон шалгаруулалтаас дэлхийн аваргын болзлыг хангасан дараах тамирчид Казахстаныг зорихоор болжээ.

Тодруулбал, эрэгтэй төрөлд олон улсын Их мастер Г.Мөнхгал, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын Их мастер У.Насанжаргал, олон улсын Их мастер Д.Батсүрэн, эмэгтэй төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын Их мастер, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын Их мастер Т.Мөнхзул, эмэгтэй Их мастер А.Энхтуул, эмэгтэй олон улсын мастер С.Отгонжаргал, эмэгтэй ФИДЕ мастер Б.Алтантуяа, ФИДЕ мастер Э.Хулан нар ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Барилга хүлээж авах дүгнэлт гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73 сая төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно.

“Ковид-19” цар тахлын улмаас 2019, 2020 оны буюу “Морин хуур-33,34” наадам төлөвлөсөн хугацаандаа болоогүй ч өнгөрсөн долоо хоногт 2019 оны наадамд өрсөлдсөн дуунуудаас дээрх өдөр болох гала тоглолтод оролцохыг нь. Мөн 2020 оны наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлийг тунгааж, энэ ням гарагт Төв аймгийн “Монгол туургатан” театрт шилдгийн шилдгийг нь шалгаруулахаар болжээ.

Нэмж хэлэхэд, дээрх наадмууд тус тусдаа шилжин явах цом, мөнгөн шагнал олгогдох бөгөөд нэг жил хоёр наадам зэрэг болох гэж буйгаараа ч онцлог болж байна.

Тус тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга, С.Ганзориг, Д.Ширмэнтуяа, Б.Батбаатар, Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, П.Баярцэнгэл, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Э. Отгонбат, Г.Энхнаран, Л. Бүүвэйбаатар, Э. Очирсайхан, Б.Дэлгэрбаяр, Г.Алтанхундага, Г.Дарханбаатар, Б.Долгормаа, дуучин Ц.Шинэбаяр, Д.Амартүвшин, Д.Анужин, “Увертура” хамтлаг, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох аж.

Уг наадам нь тус бүрдээ мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрыг эзлүүлэх юм байна.

Зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Төв аймгийн ЗДТГ, Улсын филармони ажиллаж буй.

Сонирхуулахад, “Морин хуур-35” наадам сар шинийн өмнө зохион байгуулагдахаар хүлээгдэж байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр: ОХУ Эгийн голын УЦС баригдвал Байгал нуур орчмын сав газар гэмтэж, ан амьтан хорогдох эрсдэлтэй гэж үзэж байна лээ

Оросын Холбооны Улс руу хийх Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал болон цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн гадаад бодлогын гол зорилтуудаас яриагаа эхэлье. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдээс онцолбол?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлэх олон чухал арга хэмжээнүүд төлөвлөсөн. Эдгээр ажлуудын талаар дэлгэрэнгүй яривал бид хоёрын ярилцлага их урт болно. Тиймээс би гурван шинэ бөгөөд өндөр ач холбогдолтой бодлогын чиглэлийг онцлон дурдах замаар зарим төлөвлөгөөт ажлыг зах зухаас нь танилцуулахыг хичээмээр байна. Эхнийх нь ногоон хөгжлийн бодлого. Ерөнхийлөгч ногоон хөгжилд онцгой анхаарал хандуулан гадаад улс орнууд руу чиглэсэн үйл ажиллагаа болон дотооддоо хийх ажилдаа ногоон хөгжлийн зарчмуудыг удирдлага болгон ажиллахаар байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улс хувь нэмрээ оруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллана.

Энэхүү ажлын хүрээнд иргэдийн экологийн талаарх ойлголт, мэдлэг боловсролыг дээшлүүлж, хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд анхааран ажиллахаар тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа. Нэн ялангуяа манай улсын нутаг дэвсгэрээс үүдэлтэй шар шороон шуурганы асуудалд бүс нутгийн улс орнуудын анхаарлыг татах чиглэлээр багагүй ажлуудыг хийлээ.

Энэхүү шар шороон шуурга бол зөвхөн Монгол Улсын асуудал биш, манайд дэгдсэн шороон шуурга урагшаа Хятад Улс, зүүн зүгт нүүсээр Солонгосын хойг, Япон, цаашлаад Номхон далайг даваад Америкийн Калифорни муж хүртэл нүүдэллэж олон тэрбум доллараар хэмжигдэх хохирлыг дагуулсаар байгаа. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсын цөлжилтийн асуудал зовхөн Монгол Улсын асуудал биш бүс нутгийн хэмжээний байгалийн гамшиг болж байгааг дотоодын болон олон улсын олон хурал цуглаануудын индэр дээрээс илэрхийлж байгаа. Дэлхийн уур амьсгалын өөрөчлөлтөөс үүдэлтэй цөлжилтийн асуудлыг бид ганцаараа шийдвэрлэх боломжгүй тул хоёр хөрштэйгөө эл асуудлаар санал солилцон бүс нутгийн хэмжээнд төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх талаар идэвхтэй санал солилцож байна. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж байгаа томоохон ажил бол “Тэрбум мод” тарьж, ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн явдал юм. Энэ бол зүгээр мод тариад орхих асуудал биш гэдгийг Ерөнхийлөгч онцолж байгаа. Уг үндэсний хөдөлгөөн У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийгдээд дуусах ажил ч биш.

Цаашдаа үеийн үед хэрэгжээд үр дүнгээ өгөөд явах байгаль орчны салбарын томоохон бодлогын хэрэгжилтийн эхлэл юм. Хоёрдугаарт, эрүүл мэндийн дипломат үйл ажиллагааг онцолмоор байна. Үүнийг зарим хүмүүс зөвхөн вакцин худалдан авах, буцалтгүй тусламжаар вакцин авах, вакцинжуулах гэсэн өнцгөөс ойлгож байгаа нь өрөөсгөл юм. Энэ нь дипломат үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт ашиглан улс орныхоо хөгжилд ашиглахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, манай улс уламжлалт анагаах ухаанд суурилсан халуун, хүйтэн рашаан сувилалтай орон. Энэ бол манай улсад байгаа бодит баялаг. Үүнийг эрүүл мэндийн бодлого, аялал жуулчлалын салбарын бодлоготойгоо уялдуулан гадаад бодлогын тусламжтайгаар эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус салбарын жуулчдын урсгалыг бий болгоё гэсэн ухагдахуун явж байгаа юм. Түүнчлэн зөвхөн сувилалд эмчлүүлээд буцах биш, манай урлаг соёлын гайхамшгийг мэдрүүлэх замаар Монгол Улсын нэр хүнд, өв соёлыг зөвөөр гадагшаа таниулах ийм цогц бодлого юм. Гуравдугаарт, иргэндээ хүрсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд хүчирхэг монгол паспорт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаадад суугаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, монгол соёл, өв уламжлалыг таниулах чиглэлээр зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Эдийн засгийн хувьд тэр дундаа хоёр хөрштэйгөө харилцах гадаад бодлогын тухайд яривал?

-Ерөнхийлөгч Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлан ажиллана. Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжин, харилцан ашигтай, Монгол Улсын эрх ашигт нийцсэн “Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт” үзэл баримтлалыг санаачлан боловсруулж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Бид зээл тусламжид тулгуурласан хамтын ажиллагааг аажмаар багасгаж харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллахаар төлөвлөж байна. Та хоёр хөршийн талаар асуулаа. ОХУ болон БНХАУ-тай хөгжүүлэх эдийн засгийн харилцаанд ч мөн адил дээрх зарчим үйлчлэх болно. Ерөнхийлөгч харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг Монгол руугаа татъя гэсэн бодлого баримтлан ажиллах болно.

-Иргэнд хүрсэн дипломат бодлого гэж та түрүүн ярьсан. Манай улсын дипломатуудын ёс зүй, мэргэжлийн чадвараас тухайн улсад оршин суугаа монголчуудын эрх ашиг хамаарч байдаг шүү дээ?

-Юун түрүүнд дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүдийг удаан хугацаанд томилоогүй байсан гажуудлыг бүрэн арилгаж, Ерөнхийлөч нийт 23 Элчин сайдыг томилон үүрэгт ажилд нь оруулаад байна. Дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлэн, сахилга ёс зүйн хэм хэмжээг чангатган, алдаа, дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг тууштай хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч онцгой анхааран ажиллаж байна. Шинээр томилогдсон Элчин сайд нартаа ч энэ чиглэлийн үүргийг өгч байна.

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтот арга хэмжээнүүдийг олноор санаачлан ажиллахаар төлөвлөж, зарим томоохон арга хэмжээг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тэдний үр хүүхдүүд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг бодлогоор дэмжин ажиллана. Эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд мөн анхаарч ажилласнаар иргэнд хүрсэн дипломат бодлого бодитоор хэрэгжих болно.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэхүү айлчлалаар ямар асуудлыг хөндөж ярилцах вэ. Айлчлалын гол зорилго юу байна вэ?

-Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ой тохиож буй энэ онд Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал хийгдэх гэж байна. Нөгөөтэйгүүр энэ айлчлал цар тахлын үед болж байгаа тул зохион байгуулалтын хувьд өмнөх айлчлалуудаас бага зэрэг ялгаатай. Бид дэлхий нийтээрээ амаргүй байгаа энэ цаг үед Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон явдал нь яах аргагүй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харуулж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа найрсаг харилцаатай байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Үүнийг оросын талаас сар хүрэхгүй хугацаанд хийгдсэн өндөр хэмжээний айлчлалууд ч бүрэн илтгэж буйг олон нийт анзаарч байгаа байх аа. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов нарын Монгол Улсад хийсэн айлчлал юм.

Айлчлалын үеэр хэлэлцэх олон сэдэв бий. Ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай хамт хоёр талын харилцааны хуучин зуунаа үдэж шинэ зуунаа эхлүүлэх ийм түүхэн айлчлал болно. Бид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны шийдэгдээгүй удсан, гацсан болон хоёр орны цаашдын найрсаг харилцаанд саад тотгор болох магадлалтай асуудлуудыг хамтран шийдвэрлэж, үл ойлголцол байсан бол хамтарсан ойлголцолд суурилсан шийдвэрүүдийг гарган хуучин зууны асуудлуудыг хуучин зуундаа эцэслэн орхиж, шинэ зуундаа харилцан ашигтай хоёр орны ашиг сонирхолд нийцсэн хамтын ажмллагааг эрхэмлэн ажиллахаар төлөвлөж байна. ОХУ-д хийх албан ёсны айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч гагцхүү энэ зарчмын хүрээнд уулзалт хийж хоёр орны иж бүрэн стратегийн түншлэл, цаашлаад манай хоёр орны ахан дүүсийн түүхэн энэ харилцаа, хамтын ажиллагааг бататгахад анхаарах юм.

-Харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий харилцааг эрхэмлэн ажиллана гэж байна. Энэ бол танайх, манайх хоёулаа ашиг авч болохоор байна. Үүн дээр хамтарч ажиллах уу л гэсэн үг биз дээ, эдийн засгийн хувьд…

-Эдийн засгийн томоохон төслүүдээ хөндөж ярилцана. Тухайлбал, эдийн засгийн коридор, баруун, зүүн талын төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой, төмөр замын өргөтгөлийн асуудал зэрэг төслүүдээ ярилцана. Хийн хоолойн хувьд ТЭЗҮ нь гараад дуусч байгаа. Харилцан ашигтай байх буюу Оросын ашиг сонирхол, Монголын ашиг сонирхол орсон хөрөнгө оруулалтыг татах эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Зөвхөн хөрөнгө оруулаад ороод ирээч ээ гэсэн зүйлийг ярихгүй. Хамтаръя, манайд хамтарсан үйлдвэр байгуулъя, үүнийгээ ашигтай ажиллуулаад хоёр зах зээл рүүгээ гаргая гэдэг санаагаар л эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тодорхойлохыг эрмэлзэнэ. Хятад улс Монгол Улс хоорондын худалдааны хэмжээг Орос-Монголын худалдааны хэмжээтэй харьцуулбал нэн ялгаатай болсон байгаа. Ерээд оноос өмнө энэ эсрэгээрээ байлаа шүү дээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хоёр хөрштэй найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ, чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ хэмээн заасан байдаг. Иймд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэн хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцохоор төлөвлөж байна.

-Томоохон төслүүдээс онцлоод асуухад байгалийн хий дамжуулах хоолойн төсөл байна. Энэ хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх нь бидэнд ямар ашигтай юм, ашиггүй юм биш үү гэсэн олон таамаг нийгэмд өрнөж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Энэ төслийн нарийвчилсан ТЭЗҮ тун удахгүй гарна. Ашигтай гэж үзсэн учраас л энэхүү төсөл яригдаж байгаа. Ер нь бол хийн хоолойн тухай ярихаар олон төрлийн ач холбогдол болон ашиг сонирхол яригдах учиртай. Ач холбогдлын талаар яривал хийн хоолойн эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, геополитик гээд олон талаас нь дүгнэж ярих шаардлагатай. Нөгөөтэйгүүр “Транзит Монгол” болно гэсэн бодлого явж байгаа. Хийн хоолой манай нутаг дээгүүр тавигдаж, байгалийн хий манайхаар дамжин урсаж л байвал бидэнд орлого орж байх учиртай. Хэрвээ улс төрийн болон эдийн засгийн ач холбогдолгүй байсан бол үүнийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр бариулах талаар ярихгүй л дээ. Эдийн засгийн хувьд Хятадад хэрэгцээ нь байна. ОХУ-д нөөц бололцоо нь байна. Манай улс голд нь байгаа учраас дамжин өнгөрүүлэх асуудал ярих нь зүй ёсны асуудал. Энэ асуудлыг 20 гаруй жил ярилаа. Бүр бид нарыг тойруулаад барих шийдвэр ч гарч л байсан. Өмнөх Засгийн газрын үед үүнийг Монголоор дамжуулан барихаар шийдвэрлэсэн нь сайн хэрэг. Түүнчлэн хийн хоолойн цаана ямагт геостратеги, геополитик болон ашиг сонирхол аюулгүй байдлын асуудал явж байдаг нь нууц биш. Бас олон нийтийн дунд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хойноос урагшаа төмөр хоолой татах нь ээ гэсэн буруу ойлголт явж байгаа харагдсан. Нөгөө дулааны шугам шиг тийм хоолой яваад манай улсыг хоёр хуваачих юм байна гэж бас мэр сэр яриад байна лээ. Энэ бол тийм биш.

Газар доогуур 1,8 метрийн гүнд тавигдах халаалттай хийн хоолой юм. Ер нь эл асуудлаар хэн дуртай нь таамаг дэвшүүлж судалгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт мэдээлэл тараагаад байх нь зохимжгүй юм.

-Та түрүүн хэлсэн. Бид харилцан ашигтайгаар хоёр талынхаа ашиг сонирхлыг хэлж ярьдаг болно гэж. Манай улс хойд хөршөөсөө эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнхийг импортоор авдаг. Үүнийг багасгах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэе гэдэг байдлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг гаргаж ирсэн. Үүнийг оросууд дэмждэггүй. Энэ асуудлаа ярилцах уу?

-Эгийн голын цахилгаан станцын асуудал манай хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдолтой асуудал, бас эмзэг сэдэв гэхэд ч буруудахгүй. Юуны өмнө хөршүүдийнхээ дотоод бодлогыг ойлгодог байх хэрэгтэй. ОХУ-ын зарим нуур, гол горхи хатаж, ширгэж байгаагаас үүдээд Байгал нуурынхаа сав газрыг хамгаалах бодлогодоо түлхүү анхаарч байгаа юм билээ. Асуудлыг нэг талаас нь тайлбарлах юм бол учир дутагдалтай.

Оросын тал усан цахилгаан станц битгий барь, дутагдаж байгаа эрчим хүчээр чинь бид хангаад өгье гэж тулгаад байгаа гэсэн байдлаар тайлбарлаад, мэдээлээд байгаа нь буруу. Огт тийм зүйл байхгүй. Манай улс ардчилсан орон. Мэдээллийн урсгал шилэн, нээлттэй байх нь зөв. Гэхдээ гадаад бодлого, гадаад харилцаан дээрээ бид нэгдмэл бодлоготой, нэг мэдээлэлтэй байх учиртай. Буруу зөрүү мэдээллийн урсгалаас болоод харилцааны хүндхэн асуудлууд хоёр орны хооронд үүсэх эрсдэлтэй. Эгийн голын цахилгаан станцын хувьд хоёр тал олон жилийн турш харилцан байр сууриа илэрхийлсээр ирсэн. Хамтдаа нэгэн шийдэлд хүрэх зүгт явж л байна.

-Бид ер нь өөрсдөө юмаа барих гэж байхад тэд нарт ямар хамаатай юм гэсэн хандлагатай хүмүүс ч байна. Ер нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга манайд ирээд яг юу хэлчихээд, ямар асуудал ярьчихаад явав?

-ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко ирээд Эгийн голын УЦС барих асуудлаар онцгойлон огт яриагүй. Харин эрчим хүчний нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар ярьсан. Гэхдээ хоёр талын ерөнхий байр суурь энэ төсөл дээр хамтарсан судалгаа хийх дээр нэгдсэн байдаг.Орос бол том гүрэн, том улс. Том ашиг сонирхолтой. Монгол Улсад ч гэсэн өөрийн ашиг сонирхол бий. Түүнийгээ ч илэрхийлсээр яваа. Үүнийгээ хоорондоо ярилцаж байгаад ойлголцох ёстой. Та асуусан учраас ерөнхий мэдээлэл өгөх нь зүйтэй. Оросын тал Эгийн голын УЦС баригдах юм бол хойшоо гарч байгаа гол мөрнөөс хамаарал бүхий Байгал нуур орчмын сав газар гэмтэж, загас ан амьтан, байгалийн төрөл зүйл хорогдох эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, экологийн тэнцвэр алдагдах гээд байна гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тиймээс манай байр суурийг хүндэтгэн үзээд энэхүү асуудлаа дахин нэг хараач ээ гэдгээ харилцан илэрхийлээд явж байгаа. Үнэхээр эрчим хүчний асуудалтай байгаа бол сайн хөршийн хувьд бид дутагдаад буй эрчим хүчийг чинь нийлүүлэх боломж байна хэмээсэн. Ийм л зүйлийг ярьсан. Түүнээс биш танайх боль гэдэг утгаар огт яриагүй. Манай улсын зүгээс бид баруун болон төвийн бүсээ эрчим хүчээр хангахын тулд энэхүү УЦС-ыг барих шаардлагатай хэмээн хэлэлцдэг. Танайх энэ төслийг дэмжээд хамтран ажиллаач ээ гэдэг байр сууриа байнга илэрхийлж байгаа. Ер нь Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө буруу зөрүү мэдээлэл цацах нь зохимжгүй ч ийм сонирхолтой бүлэг байхыг үгүүсгэхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна, гэхдээ гадаад бодлого бол тоглоом биш гэдгийг хаа хаанаа анхаарах нь зүйтэй юм.

-Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө оросын талаас гурван ч томоохон албан тушаалтан хүрэлцэн ирлээ. Үүний цаад учир нь юу байна вэ?

-Энэ бол олон улсын харилцаанд байдаг л зарчим. Франц руу ч явсан, хаашаа ч явсан тухайн улсын төр засгийнхан, албаныхан ирдэг. Айлчлалаас өмнө ярьж хэлж байгаа, шийдэгдээгүй асуудлууд, үл ойлголцлоо нэг тийш нь болгох зорилгоор төрийн өндөр албан тушаалтнууд нь харилцан айлчлал хийдэг. Нөгөөтэйгүүр төрийн тэргүүний айлчлалын өмнө ОХУ төрийн өндөр албан тушаалтнууд манай улсад айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа ямар гүнзгий, өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж байгаа хэрэг. Үүнийг эсрэгээр нь бодоод үзье. Хэрэв манай улсыг тоодоггүй, харилцан ашигтай ажиллаж чадахгүй гэж үзсэн бол урьдчилан ийм айлчлал хийхгүй байх байсан. Засгийн газрын түвшинд ОХУ-ын хоёр ч шадар сайд нь ирлээ. Батлан хамгаалахын түвшинд ЗХЖШ-ын дарга нь ирлээ. Энэ бүхэн манай хоёр орны найрсаг ахан дүүсийн харилцааны том илрэл. Үүнийгээ ч оросын талын төлөөлөгчид илэрхийлсэн.