Categories
мэдээ нийгэм

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулав

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Б.Буянтогтох, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэхүү баг байгуулагдснаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, Тархины үхэлтэй донороос Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, энэ эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Нийслэлийн шилдэг найман сурагч оролцож байна

ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиад арванхоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болж байна. Дэлхий даяар тархаад буй коронавирусийн цар тахлын халдварын тархалтаас сэргийлэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус олимпиадыг танхим, цахим хослуулан зохион байгуулж байгаа. Мөн олон улсын 30 хотын багууд тоо, мэдээлэл зүй, хими болон физик гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж буй.

Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад нийслэлийн шилдэг найман сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорьж байна. Олимпиадын дүн арванхоёрдугаар сарын 13-нд гарна.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан олимпиадад Улаанбаатар хотын баг гуравдугаар байр эзэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 12 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 5-7 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Хэнтийн уулс болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, гов

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргохын хэрэг байна уу

Өнөөдөр Орос, Хятад хоёр хаалгаа хаачихаад байна. Ийм цаг үед монголчуудад үнэндээ ганц нээлттэй хаалга бол БНСУ юм. Тэнд одоо 45000 монгол иргэн ажиллаж амьдарч, жилд доод тал нь 100 сая ам.доллар Монгол руу шилжүүлж байна. Энэ бол том тоо, том эдийн засаг. Эдийн засгийн ийм их урсгалаа бид хамгаалах хэрэгтэй. Иргэд маань очиж ажил хийгээд, орлогоо эх орон руугаа шууд шилжүүлж улсынхаа валютын нөөцийг бүрдүүлж байна. Энэ нь лавтай сүүлийн 20 жилийн үйл явц. Монголд байр орон сууц авч байгаа гурван хүн тутмын хоёр нь Солонгост ажиллаж, тэндээс бизнесээ эхлүүлсэн хүмүүс. Гэтэл одоо юу болж байна вэ. Насанд хүрээгүй хүүхдүүдийн явдлаас болж дэндүү их сүржигнэж байх шиг. Ингэж бодогдохгүй байна уу. Луйварчдаар дүүрсэн төрийн ордныхоо өмнө жагсаж чадахгүй байж Солонгосын ЭСЯ-ны гадаа жагсаад байхдаа ч яахав дээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр. Солонгосын хуулиар шийдэгдэх байгаа үйл явц. Үнэндээ охиныг өрөвдөж, сэтгэл сэмэрч байна. Бид бүгдээрээ охин хүүхэдтэй хүмүүс. Тэнд монгол охины эрх зөрчигдөж, түүнийг нь Солонгосын хууль хяналтын байгууллага шалгаж, өнөөдөр прокурорын шатанд явж байгаа юм байна. Ийм тохиолдолд одоо юу хүсээд байгаа юм бэ, монголчууд. Тэр зодсон солонгос охидыг буудаж ал гэж байгаа юм уу. Бүх улс оронд өсвөр насны хүүхдүүдийн эрх айхавтар зөрчигдөж, ялангуяа сургуулийн орчинд эмгэнэлт хэргүүд үйлдэгдэж, үүнд дэлхий үнэхээр эмзэг хандаж байна. Үүний эсрэг хүн төрөлхтөн дуу хоолойгоо нэгтгэж байна. Сургууль руу нь ороод автомат буугаар шүршиж буй аймшигт хэрэг эрх чөлөөний орон АНУ-д давтагдаж байна. Хойд хөрш ОХУ-д сургуулийг тэр чигээр нь террористууд барьцаалж алж хядсан саяхны түүх бий. Үүнд Монголын үрсээ өртүүлмээргүй байна. Ийм аймшгийн эсрэг дохио боллоо гэж Солонгост дарамтлуулсан монгол охиныг бодож, залбирч, дуу хоолойгоо нэгтгэж байна. Харин хүүхдийн эрхийг Монголын увайгүй улстөрчдийн ёс зүйгүй үйлдлийн золиос болгож болохгүй гэсэн үүднээс энэ нийтлэлийг бичиж байна.

Одоо гол асуудалдаа оръё. Яагаад долдугаар сард болсон үйл явдлыг тэр үед нь анхаарч дуугараагүй өнгөрсөн байж өнөөдөр гэнэт гаргаж ирэв. Сошиал яагаад түүнийг нь шуугиан үймээн болгов. Монголчуудын ард үргэлж өчүүхэн жижиг эрх ашиг нуугдаж байдаг гэсэн гадны судлаачийн үг бий. Үүний л тод жишээ сая боллоо. Юу гэхээр Пусан хот дахь Монголын консул Цогтын Өнөрзаяа гэж бүсгүй бий, охины асуудлаар яриа өгөөд байгаа бүсгүй. Үе үеийн эрх баригчдын улайран хүнээ тавих гэдэг суудал бол Пусаны консул. Тэр жил Б.Хурцыг тэнд консулаар томилох гэж улстөрчид хоорондоо юу болцгоолоо. Бараг Төрийн ордноо буулгах шахсаныг санаж байгаа байх. Яг тэр л порцессын үргэлжлэл. Пусаны консул Ц.Өнөрзаяа бол ҮХЦ-ийн гишүүн байсан Ш.Цогтын охин. ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогт нь Нанзаддорж гэж гишүүнтэйгээ хоёулахнаа хурал хийж, Х.Баттулгын төлөө ажилласныг, нөгөө гишүүн Д.Одбаяр нь тэр хоёртой хуралдахгүй гэж зугтааж гарч байсныг та бүхэн санаж байгаа. Ердөө л энэ. “Чи Женкод үйлчилсэн Ш.Цогтын охин учраас одоо Пусаны консулын ажлаа өгчих” гэж хэлж болдоггүй юмуу даа. Ингээд л шийдчих ажлыг яагаад ийм байдалд хүргээд байгаа юм бэ. Ядарсан ард түмнээ үймүүлээд, ковидын үед улам стресстүүлээд байх шаардлага юу байна. Үнэндээ өнөөдрийн сошиал ертөнц-Шар хадны хурцын тасаг хоёр адилхан болчихож.

Ийм л өчүүхэн эрх ашгийн төлөө дөрвөн сарын өмнө авч хадгалсан, цаг нь болохоор нийгмийг үймүүлэхэд ашиглана даа гэж тооцсон бичлэгийг гаргаж сэвлээ. Сошиалын нөгөө сүрхий боловсролтой, нөлөөтэй, төрд том алба хашиж байсан… гэх нөхдүүд бүгдээрээ өлгөж аван пүү паа болцгоолоо. Энэ Монголд чинь итгэж найдах, хүндэтгэж хандах хүн үлдэх нь үү. Бүгд л нохойн бааснууд болцгоосон юм биш үү.

Ердөө 25-хан настай жаахан бацаан компьютерийн араас та нарыг хүүхэлдэй мэт хөдөлгөж байна шүү дээ. Ийм өчүүхэн амьтад болсноо мэдэрч амьдарцгаа.Жаахан хэрсүү байгаач гэдэг үгийг “Өдрийн сонин” хэдэн мянган удаа давтан бичиж байна. Гэвч улам тэнэгэрсээр байцгаана. Женкогийн хүн гэгддэг ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтын охиноос л консулын ажлыг булаах жижигхэн муу технологи хоёр орны харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрч мэдэх нь байна шүү дээ.

Монголчуудын хэт их хийрхлээс болж БНСУ-ын зүгээс хилээ хаавал яах юм. Бүх харилцаагаа тасална гэвэл хэдэн зуун мянган монголчуудын эрх ашиг зөрчигдөнө. Түүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Өнөөдөр Монголд тасалдаад байгаа эм тарианы чинь ихэнхийг Эрээнээс бус Япон, Солонгос хоёр нийлүүлж байгааг тэр Солонгосыг зүхэгсэд мэдэж байна уу. Монголчуудын хувь араншин их ёозгүй, өөрийг нь хоолонд хүргэсэн, ажил амьдралд нь тус хүргэсэн хүнээ дараа нь заавал зүхдэг. Бидний энэ унаган араншин гадаад харилцаанд нөлөөлөх нь. Бидний энэ муухай араншин бидний дотор л байх ёстой. Гадагшаа үйлчилж огт болохгүй. Хэрэвзээ гадагшаа гарвал их газрын гүнд, хоёр том гүрний дунд, дэлхийгээс тусгаарлагдсан хэдэн тэнэг монгол үлдэх болно. Хоёр хөршийнхөө түүхий эд бэлтгэлийн бааз байж ирсэн тэр хувь тавиландаа эргээд очно. ХХ зууны бүх хувьсгалчдын эцсийн ганц зорилго бол ердөө гурав дахь хөрш гэдэгтэй харьцаж, нөхөрлөж, хамтарч үзэх хүсэл тэмүүлэл байсан. Оросыг гатлаад, Хятадыг даваад цаана нь байгаа Америктай, Японтой, Солонгостой түншилж үзэх юмсан, тэр Европ тивд нь хүрч Англи, Франц, Шведтэй нь нөхөрлөж үзэх юмсан гэдэг туйлын хүслээр хувьсгалууд хийгдсэн байдаг юм шүү дээ. Энэ хүсэл мөрөөдөлдөө ерэн онд нэг юм хүрсэн. Одоо монголчууд дэлхийгээр нэг ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. Тэр дундаа БНСУ, Япон хоёр бол Монгол Улсын хамгийн гайхамшигтай дотно түншүүд. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд монголчуудыг ядрах бүрт энэ хоёр орон тэргүүнтэй гуравдагч хөршүүд гараа сунгаж, үүдээ нээж ирсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Жаахан хүүхэд ч ойлгохоор асуудал. Монголд зуу зуун сая ам.доллар хаанаас орж ирж Улаанбаатарт босч байгаа байшин барилгуудыг худалдан авч байгаа юм. Солонгост ажиллаж байгаа монголчууд. Бодит үнэн ийм байхад битгий солиорцгоо, монголчууд аа. Хэвлэлийн эрх чөлөө, сошиалын эрх чөлөөгөөр солигдсоны горыг одоо бид амсах нь. Байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл сошиалын эрх чөлөөний солиорол хувь хүний эрх чөлөө рүү орж, дайсан нь болно. Тэр цагт бүгдээрээ сая нэг ухаарч магадгүй. Гэхдээ хожимдсон байх вий гэдгээс л судлаачид болгоомжилж байна.

Солонгосын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн дөрвөн солонгос сурагч нийлэн зодсон хэрэг явдлын цаад учир шалтгаан ийм л байна. Ядуу айлын хүүхэд, нохой хоёр эрх гэж эртний үг бий. Монголчуудын энэ их хийрхүү асуудалд ханддаг байдал “бай”-гаа хэзээ ч олж байсангүй. “Эгийн голын усан цахилгаан станцыг чинь яг бариулж харагдаач” гэж дооёолсон ОХУ-ын ЭСЯ-ны гадаа очиж жагсаагүй, “Нүүрсийг чинь авахгүй” гэж хэлээд хилээ шууд хаасан Хятадын ЭСЯ-ны гадаа очиж жагсаагүй. Тэгсэн хэрнээ хүнд цаг үе бүхэнд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгаж, монголчуудыг нааш гэж байдаг Солонгосын ЭСЯ-ны үүдэнд жагсаал хийж байгаа нь солиорол юм. Монголын ГХЯ-ны зүгээс Солонгосын ЭСЯ-ыг дуудан уулзаж ч байх шиг. Бас болоогүй “Манай сошиалынхан аймаар шүү” гэж сүржигнэж ч байх шиг. Хулгайч луйварчнаараа эрх баригчид л сошиалаас айж явдаг биз. Тэрнээс өөр хэн наад нийгмийн сүлжээнээс чинь айгаад байгаа юм. Манай хоёр орны хооронд дипломат харилцаанд маргаан огт үүсээгүй. Тийм болохоор манайхан хийрхлээ, сүржигнэхээ больё. Насанд хүрээгүй хүүхдүүдийн явдал шүү. Мэдээж монголчууд бид гадныханд дээрэлхүүлээд байна гэж байхгүй. Гол нь энэ хүүхдийн асуудал иймдээ хүртэл өндрөө авах, үр дагавар нь олон мянган монголчуудыг хоолноос нь салгах хэмжээний асуудал болчих вий гэсэн болгоомжлол байна. Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргохын хэрэг байнауу л гэж дор бүрнээ тунгаан бодох асуудал шүү…

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаан 08:00 цагт эхэлж, цаг үеийн болоод бусад асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Зүүн 4 замаас төв рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байна

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг шууд хүргэж байна.

12-р сарын 8-ны 08:35 цагийн байдлаар зүүн болон баруунаас төв рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалал ихтэй байна.

Зүүн 4 замын зүүнээс болон хойноос урагш чиглэсэн урсгал ачаалал ихтэй байна. Яармагаас төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал яг одоогийн байдлаар сийрэг харагдаж байгааг онцлов.

Бөмбөгөр, Тэнгис кино театрын чиглэлийн замд авто машины осол гарсан учир хөдөлгөөн саарсан байгаа тул өөр зам сонгож явахыг ТЦА-наас жолооч нарт санууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Дэлхийн 193 улстай дипломат харилцаатай Монгол Улс зөвхөн Эрээнээс хамааралтай байгаа нь эмгэнэл

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй хил орчмын харилцааны талаар ярилцлаа.


-БНХАУ манайхтай хиллэх хилээ хааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь Монгол Улсад хүнд цохилт хэвээр байна. Урд хил хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна. Ер нь цар тахлаас үүдэлтэй хил орчмын харилцаа олон улсад ямар байна вэ?

-Цар тахлын үед олон улсын харилцаа, хоёр талын харилцаа, гадаад харилцаа даян дэлхийгээрээ маш их өөрчлөгдсөн. Энд Монгол-Хятад, Монгол-Оросын харилцаа бүгд хамаарна. Цар тахал гэдэг бол хил дамнасан халдварт өвчин учраас хил хаах, гадаад харилцаагаа түр зогсоох, олон улсын нислэгүүдээ зогсоох, олон улсын тээвэр зогсоох гэх мэт хэлбэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд олон төрлийн практик бид туулж үзлээ.

Миний ойлгож байгаагаар Хятад улс гэв гэнэт хил хаасан явдал байхгүй. Хил хаах шалтгаанаа нөгөө талаас хэлж ойлгуулж байсан байх. Ямар нэгэн байдлаар бидэнд мэдээлэл өгч байсан. Тэгэхээр гэнэт хил хаагаад хоёр улсын харилцааг хүндрүүлсэн явдал байхгүй гэж харж байна. Мэдээж Хятадтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаанд том саад учирчихаад, монголчууд өөрсдөө хүнд байдалд орчихоод байна.

Монгол-Хятадын хилийн тухайд гэвэл өнөөгийн байдлаар хоёр улсын харилцааг хөгжүүлсэн 30 гаруй жилд ганц салбар нь хэт түрүүлээд явчихсаных нь уршиг гэх үү дээ. Нэмэх гэхээсээ хасах оноо болж хувирсныг бид сүүлийн хоёр жил харлаа, мэдэрлээ. Энэ 30 жилд Монгол-Хятадын харилцааны олон боломжийг ашиглах гэхээсээ илүүтэй зүгээр л өрхийн жижиг аж ахуйн хэмжээнд хувийн жижиг наймаа маш эрчтэй хөгжүүлчихсэн юм байна.

Өөрсдийнхөө хийж, бүтээж, үйлдвэрлэж байсан олон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ болиод зөвхөн өмнөд хөршийн зах зээлээс маш ихээр нь зөөвөрлөж авчран, хэдэн биендээ борлуулж, ажил амьдралаа зохицуулаад сурчихсан, тэр нь манай эдийн засгийн хэвшил болчихсон, ямагт тийм байх ёстой мэт сэтгэхүй суучихсан, гэтэл нөгөөх нь зогсчихоор манайхан хоёр улсын харилцааны асуудал болгоод туйлшруулчихдаг. Хил нээлгэж өг хэмээн төрдөө дарамт үзүүлэн, төр засгаа баалаад,үүн дээр Дипломат албыг чиглүүлэн шүүмжлээд байна.

-Монгол-Хятадын харилцааны өнөөгийн түвшин хандлагыг хэрхэн ойлгож байна вэ?

Яг үнэндээ Монгол-Хятадын харилцаа маш их өртөг, үнэ цэнээр бидэнд эргэж олдсон юм. Одоогоос 31 жилийн тэртээ 1990 оны хавар тэр үеийн Төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Хятадад айлчилж байх үеэс харилцаа сайжирсан гэж үздэг. Түүнээс өмнө хорин хэдэн жил харилцаа хөгжөөгүй, улс төрийн харилцаа бүр зогссон, маш явцуу жижиг худалдаатай, иргэд хоорондын харилцаа гэж байхгүй байсан. Үндсэндээ манай урд хил бүтэн хаалттай, хойшоо ганц хилтэй байсан. Хятад гэдэг гүрэнтэй эргэж харилцаагаа сайжруулах үйл явц маань 30 жилийн том шалгуур давж өнөөдрийнхөө өндөрлөгт хүрээд байна. Үнэ цэнэтэй олдсон харилцаа гээд байгаа нь Монголын төрөөс тавьсан чармайлт багадаагүй, Хятад ч гэсэн найрсаг сэтгэлээр бидний чармайлтыг хүлээж авч дэмжсэн. Хоёр талаасаа ажиллаж байж хоёр улсын харилцааг ийм өндөр түвшинд хүргэсэн.

Монгол-Хятадын харилцаанд улс төрийн асуудал гэж байхгүй. Ямар асуудал үүсч байна вэ гэхлээр Эрээн болон өмнөд хилийн зарим боомтуудтай холбоотойгоор хувийн бизнес, худалдаанд саад учирчихаад байгаа нь хоёр улсын харилцаа гэж жирийн иргэдэд харагдаад байгаа юм.

-Урд хилээс хамааралтай хэдэн мянган бизнес эрхлэгчдийн асуудал улсын асуудал болж таарна. Таныхаар хилийн ийм боймлолтыг ямар байдлаар зохицуулах шаардлага үүсч байна вэ?

-Түрүүн хэлсэн дээ. Монгол-Хятадын улс төрийн харилцаа харилцааныхаа хамгийн дээд түвшинд хүрчихсэн, хамгийн ойр дотно, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр хөрш өө гэж. Хятадтай энэ түвшинд хүрэхийн тулд хоёр талаасаа чармайж 2003 онд Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл, 2011 онд Стратегийн түншлэл, 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож хөгжүүлсэн, тэр эрчээ алдаагүй явж байна. 1990 онд харилцаагаа сайжруулаад, шинэ зуунд гурван шатаар дээд түвшинд нь хүргэчихсэн. Тэгэхлээр хил хаагдсаныг манайхыг боймлож байгаа мэтээр туйлшруулж ярьж ойлгуулж огт болохгүй. Хэзээ ч тиймдээ тулахгүй.

Хэдэн мянган бизнес эрхлэгч гэлээ. Тэр тухайд би өөр бодолтой. Хил хаагдлаа, цар тахал улам нэмэгдлээ, улс орнуудын хоорондын харилцаа саарлаа. Тэр ойлгомжтой. Цар тахал дэлхийн улс орнуудад дотоодод нь ихээхэн боломж олгож, өөрчлөлт авчирч байна. Гэтэл Монголд өмнө нь ийм л ажил хийж байсан, түүнийгээ л хийнэ, хүлээнэ, хил нээгдэхгүй, худалдаа сэргэхгүй бол сөнөлөө гэсэн сэтгэхүй давамгайлчихсан, маш олуулаа сэтгэлээр унаж, төр засагтаа гомдол гаргаад явж байна. Гэтэл зарим гадаад улсад, ялангуяа хэрсүү, өөрсдийгөө авч явж чаддаг жижиг улсуудад өөр байна. Тэд манай залуучуудын ярьдгаар хандлагаа өөрчилж чадаж байна. Цар тахал нь мэргэжил, мэдлэг, боловсрол, ажлын арга барил, түнш, технологи гээд бүх юмыг өөрчилж байна. Тиймээс түүнийг дагаж хүн төрөлхтөн өөрсдийгөө хөгжүүлж байна. Ганц жишээ. Дижиталчлал гэж яриад байна. Эдийн засгийн дижиталчлал, цахим худалдаа, цахим эдийн засаг гэх мэт. Монголд гэхэд л “Дэлхийн нэг өдөр” гэсэн 21 метр урттай дэлгэмэл уран сайхны зургийн хуулбарыг дуудлага худалдаанд оруулахад Улаанбаатарын хорин хэдтэй монгол залуу 25 мянган ам.доллараар худалдаанд авчихаж байна. Ямар ажил хийдэг вэ гэсэн чинь цахим арилжаа хийдэг гэж байна лээ. Энэ мэтчилэн зөвхөн Эрээний хил нээгдэхийг хараад хамаг ажлаа дампууруулж, зогсоочихоод гуриатаж байхын оронд цар тахал эхлэхэд л монгол хүн бүр өөрөөр сэтгэж, хандлагаа өөрчилж, шинэ мэргэжил, ажлын байр, гарц боломж хайсан бол нээлттэй л байлаа, одоо ч тийм. Цар тахал улс орнуудад, хүмүүст хөгжих боломж давхар нээсэн гээд байгааг л би яриад байна. Цар тахал, түүнийг дагасан аюул улс орнуудад хөгжлийн өөр боломж, гарц олгосон. Үүн дээр бага зэргийн ухаан зараад, бага зэргийн чармайлт гаргаад ажилласан бол өнөөдөр Эрээнээс бараа татаж наймаа хийдэг хүмүүсийн тал нь өөрчлөгдчихсөн байх байсан юм биш үү?

Энд Хятадын буруу гэхээсээ бид өөрсдөө Эрээнд өөрсдийгөө 100 хувь даатгачихаад, өөр ямар ч гарц байхгүй гээд зүтгэж явсны л гай шүү дээ. Тэгэхээр хандлагаа өөрчлөөд олон хувилбар сонгож, ажиллах бололцоотой байна аа л гэсэн үг.

Өнөөдөр Улаанбаатар, аймгийн төвүүд, том хотуудыг аваад үз дээ. Тэр чигтээ зах дэлгүүр, лангуу, чингэлгээр дүүрчихсэн. Хүмүүсийн ихэнх нь зах дэлгүүр, лангуу эрхэлдэг. Түүндээ бүх амьдралаа даатгачихсан, Монгол маань худалдаачин улс болчихсон байна. Үүнийгээ боль оо гэсэн дохио сануулга нь хил хаагдсан явдал гэж ойлгож байна.

-Өмнөд хөрш хилээ нэг өдөр шууд хаачихаагүй, манай талд сануулж байсан гэлээ. Хэрэв тийм нөхцөл урьдаас манай талд мэдэгдэж байсан бол хилээс хамааралтай бизнесүүдээ хамгаалах алхам, маневр хийх боломжтой байсан уу?

-Тийм боломж байсан. Монголын төр засаг олон удаа хөл хорио тогтоож, олон арга хэмжээ авсан. Энэ чинь юуг хэлээд байна вэ гэхээр цаашид Эрээн, Хятадтай холбогдсон худалдааны харилцаа саатах юм байнаа гэдгийг л ойлгуулж байсан хэрэг шүү дээ.

Огт юу ч хийгээгүй, тэр чигт нь мухардуулаад хаячихсан, худалдаа эрхэлдэг жижиг бизнесээ хөсөр хаячихсан гэдгийг би зөвшөөрөхгүй. Олон алхам хийсэн дээ. Монгол- Хятадын хооронд цахим харилцаа огт тасраагүй, Гадаад харилцааны сайд Хятадад айлчилсан, 2020 онд Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчилсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын “Гучин мянган хонь”-ны дипломат бодлого байна. Дээд түвшний харилцаа саараагүй яваад л ирсэн. Өнгөрсөн намар гэхэд л хоёр улсын Ерөнхий сайд нар дэлгэцээр хоёр биенээ харж байгаад цахим хэлэлцээ хийлээ шүү дээ. Үүнд хоёр талын холбогдох сайд нар, хариуцлагатай хүмүүс сууж байгаад ярьсан.

Ганцхан хил хаагдсан гэж яриад байна. Цаана нь хоёр улсын харилцааг яаж идэвхжүүлэх вэ, цар тахлын үед яаж хамтран ажиллах вэ гэдэг өргөн хүрээтэй асуудал яригдаж байгаа шүү дээ. Хятад бол худалдааны хязгааргүй том зах зээл. Худалдааны маш том түнш мөн. Дэлхийн хэмжээний. АНУ-тай ана мана үзэж байгаа том гүрэн. Хятадын гадаад худалдаанд Монголтой хийж байгаа худалдааны эзлэх жин өчүүхэн. Монголтой худалдаа хийхгүй байхад Хятадад хохирох зүйл байхгүй. Гэхдээ хоёр улсын хоорондын хил ийм олон мянган км урт, тэгээд харилцаа сайжраад 30 жил өнгөрсөн гэхэд асар их боломжийг бид хангалтгүй ашиглаж ирсэн. Дотоод дахь улс төрийн хэрүүл маргаанаа хойш тавьж нүүрсээ цэвэрлэж, хагас болон бүтэн боловсруулаад төмөр замаар зөөгөөд гаргаж байсан бол хичнээн их боломж байх байж вэ. Гэтэл одоо шороотой нүүрс ачаад давхиад байдаг. Цаана нь энэ улсын чинь эрх ашиг гэж юм байдаг. Хандлагаа өөрчлөх талаар огт ажиллаагүй байна. Ер нь манайхан гадаад харилцаа, гадаад худалдааг өөрсдийн хувийн хүсэл тэмүүллээр, зоргоор явуулах гэж зүтгэдэг. Монголд ковид авсан бол аргалж нуугаад хил давахыг боддог. Даваад очихоор халдвартай гарчихдаг. Ийм л байдлаас хилээ хаахад хүргэдэг болов уу.

Манай улс өнөөдөр дэлхийн 193 улстай дипломат харилцаатай, дэлхийн бодлогод өөрийнхөө дуу хоолойг өргөж чаддаг, НҮБ-ын идэвхтэй жижиг улс, ардчилал шинэчлэлийг хөгжүүлсэн, дэлхийн том жижиг бүх улстай найрсаг харилцаатай, 3.5 сая хүн амтай, том газар нутагтай улс гэхэд улсаараа зөвхөн Эрээнтэй харилцаж буй байдалтай байгаа чинь эмгэнэл юм биш үү. Монгол ба Эрээний харилцаа гэж яримааргүй байна. Гэхдээ өнөөдөр тийм байдалд очиж байгаа бол үнэхээр эмгэнэл. Энэ хандлагаа л өөрчлөх хэрэгтэй.

-Өнөөдөр ч хил хаалттай хэвээр байна шүү дээ. Ийм нөхцөлд төр засгийн хэмжээнд дипломат аргаар хилийн боймлолтыг зогсоох арга зам байхгүй юу?

-Бүх арга зам мухардчихаад эцсийнхээ аргыг хэрэглэхийн босгон дээр байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна. Эрээнээс хамаарч амьдардаг хүмүүсийн ядаж тал нь амьдралынхаа хандлагыг өөрчлөөд, ажил төрлөө солиод явчихвал аяндаа тийм хиймэл аюул үүсэхээ байчихна.

Гадаад харилцааны төв байгууллага мухардчихаад байгаа юм ер биш. Ажиллаж л байгаа. Гадаад харилцааны яам ажиллаж байна, хоёр талд байгаа Элчин сайдын яамд ажиллаж байна. Хөх-хотод Ерөнхий Консулын газар, Эрээнд Консулын газар, Манжуурт Консулын газар ажиллаж байна. Бүгд л ажлаа хийж байна. Гэлээ гээд манай талын хүсэлтээр Эрээний хилийг шууд нээчихдэг юм биш. Хамгийн түрүүнд бид дотооддоо ковидгүй болох хэрэгтэй, Хятад, Өмнөд Монгол ч ковидгүй болох хэрэгтэй. Цар тахал гэх энэ халдварт өвчин таны яриад байгаа шиг дипломат бодлого, дипломат албанаас шууд шалтгаалахгүй айхавтар том бэрхшээл зовлон үүсгэчихсэн байна шүү дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 8, Буд гариг. Билгийн тооллын 5, булаагч одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8:29 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Шадар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрчим хүчний сайд
Н.Тавинбэх “Нийгмийн
амьдрал хэвийн горимдоо
орсон учраас иргэд ус,
цахилгаан, дулааны
төлбөрийг өөрсдөө төлөх
боломжтой гэж харж байна
” гэснийг I, II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Профессор. Д.Уламбаяр “Дипломат
боловсон хүчнээ
дотооддоо бэлтгэх нь
үндэсний аюулгүй
байдалтай холбогддог” гэлээ.

АН-ын Хэрэг эрхлэх
газрын дарга, Хууль зүйн
ухааны доктор(Ph.D) Б. ГанОчир “Олонхоо дагаж, цөөнхөө
хамгаалаад явахад шийдэгдэхгүй
асуудал гэж үгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шадар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Ачаа тээврийн үнэ жилийн өмнө 3 сая төгрөг
байсан бол одоо 30 сая болтлоо өсчихлөө ” гэснийг VII нүүрнээс уншаарай.

Нээлттэй нийгэм форумын
эрх зүйн хөтөлбөрийн
менежер П.Бадамрагчаа “Улс төрийн томилгоотой гэж хардаж байсан хүмүүсээс
ШЕЗ-д буцаад ороод ирэхээр иргэдийн шүүхэд итгэх итгэл буурна” гэлээ.

Өмнөговь сумын ИТХ-ын
дарга Д.Даваасүрэн “Сумын нэг баг устах асуудал яригдаж байхад
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих бодлого зөв юм аа гээд байх хэцүү”
хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМ