Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 149 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1465, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 149, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 104 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 89, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 139, хүний биед халдсан 81, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 44, эрүүлжүүлэх байранд хоносон 211, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 47 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Ази-Европыг холбосон гол замынхаа 80 хувийг шинэчлээд байна

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэр тусмаа цар тахлын хүнд үед агаарын болон авто тээвэр зогсонги байдалд орж ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж байгаа. Мөн Ази –Европын хоорондох их хэмжээний ачаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замаар дамжин өнгөрдөг. Сүүлийн жүлүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 2021 онд гол замдаа 80,7 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгууллаа. Энэхүү замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажил багтсан юм. 2021 онд нийтдээ 80,7 км замын их засварын ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН суурь бүтцээ шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд өнөөдөр гол замынхаа 80 хувийг олон улсын жишигт нийцсэн зам болгож шинэчлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

Дэлхийн технологийн хурдтай хөгжил эдийн засаг, санхүүгийн салбарт, тэр дундаа криптовалютын салбарт эрчээ аван хөгжиж байна. Хэдхэн жилийн биткойны тухай сонсож байсан дэлхий дахин эдүгээ хэдэн мянган койн, токены арилжаанд ордог болчихлоо. Нэг ёсондоо криптовалютын салбар маш богино хугацаанд эрчээ аван хөгжиж буй, ид сезоны үе нь өнөө цаг юм.

Олон улсыг хамарсан технологийн энэ хөгжил Монголыг тойрсонгүй. Тиймдээ ч өнөөдөр манай улсад албан ёсоор 12 төрлийн койн хоёр дахь зах зээлд нэвтрэн, арилжаанд орж байна. Арилжааны дүн нь гэхэд их наядаар хэмжигдсэн том зах зээл болон хөгжиж байна. Цаашид ч койны төрөл нэмэгдэх хандлагатай байгааг виртуал хөрөнгийн зах зээл судлаачид хэлж байгаа юм.

Виртуал хөрөнгийн зах зээл эрсдэлтэй гэдгийг аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа зохицуулалтын асуудал дэлхий нийтийн асуудал болсоор байгаа юм. Олон улсын жишгээр энэ чиглэлийн хуулийг батлах хоёр шалтгаантай гэж үздэг аж. Нэгд, терроризм буюу хууль бус хөрөнгийн эргэлтийг хянах, түүнд зохицуулалт хийх, бүртгэлжүүлэх. Хоёрт, татвар авах. Ийм зохицуулалтыг хийгээд л урсгалаараа явж байгаа улс орнууд олон жишиг байна.

Манайд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх шатанд үргэлжилж байгаа энэ цаг үед криптовалютын зохицуулалтын асуудал олны анхаарлыг татах болов. Бүр УИХ-ын хэмжээнд хэлэлцэгдэж койн, токен шинээр гаргах асуудлыг хорих хэмжээнд яригдаж эхэллээ.

Гэхдээ энд нэг зүйл бий. Виртуал хөрөнгийн зах зээл дэлхийн бүхий л улс оронд хөгжиж байна. Үүнийг дагасан олон салбар, үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт орж, хөрөнгийн шинэ урсгал бий болж байгаа том давуу талтай. Шинэ туршилт, хөгжил эрсдэлийг заавал дагуулдаг. Түүнийг тухайн газар нутаг, орондоо зохицуулаад хуульчлаад явдаг зарчимтай.

Зохицуулалтгүй, хуульгүй, журамгүй гээд шинэ тутам хөгжиж байгаа салбараас бид хойш суух ёсгүй. Үүнийг хувийн хэвшлийнхэн соргогоор харж, технологийг дэлхийтэй зэрэгцэн сэтгэж, тэдний жишгээр хөгжүүлж байгааг бид сайшаах учиртай. Энэ дунд ашиг хонжоо хайсан цөөн нөхдийн хууль бус үйлдлүүд байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү Монгол Улсад виртуал хөрөнгийн зах зээлийн зөв зохицуулалт хэрэгтэй цаг үе ирээд байгаа нь маргашгүй үнэн.

Манай улсын хувьд энэ салбарт хууль эрх зүйн орчин бүрдээгүй, зохицуулах байгууллага нь ч тодорхой бус байдаг. Хамаарлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо байсхийгээд анхааруулга, мэдэгдэл гаргадаг болсон. Санхүүгийн арилжаанд оролцож байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж үйл явцад анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа үйлдэл, хандлага шударга бус, тэгш гарааны зарчмыг алдагдуулах боллоо гэсэн шүүмжлэл энэ салбарт үе үе гарах болов.

Угтаа Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарыг зохицуулах эрхгүй. Үүнийгээ ч тэд батлан хэлдэг. Хамгийн сүүлд гэхэд тус хорооны Хяналт шгалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэвлэлд ярихдаа “Монгол Улсад одоогоор 18 төрлийн койн гарчихаад байна. Эдгээрийн баталгааны талаар хэлж мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй. Хуулийн зохицуулалт байхгүй учраас түвэгтэй байна. Иргэд хохирлоо гэхэд Санхүүгийн зохицуулах хороо үүрэг хүлээхгүй. Хуулиараа бид зохицуулахгүй. Ямар ч зохицуулалтгүй байгаа салбар. Яахав бид байнга анхааруулж байгаа. Ядаж алдаж болох хөрөнгөөрөө арилжаанд оролц гэж 14 удаа бид анхааруулга, мэдэгдэл гаргаад байна” гэжээ.

Энэ яриагаар Санхүүгийн зохицуулах хороо шинэ койн гаргахыг хориглох, арилжаанд байгаа койн худалдаж авахыг хориглох зэргээр арилжааны үйл явцад шууд оролцох боломжгүй гэсэн үг. Иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилготой байгаа ч энэ үйлдлүүд нь хуулиа зөрчөөд байна. Угтаа олон улсад зохицуулах байгууллагууд анхааруулахаас гадна иргэдээ мэдлэгжүүлэх, боловсруулах чиглэлд түлхүү анхаарлаа хандуулан ажилладаг жишгийг хуульчид хэлж байна.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Мөсөн замаар хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 10-60 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 5-15 см бага байна.

Мөн гол мөрнүүдийн уртын дагуу гол харзлах, өтгөн сайр урсах, халиа тошин гүйх зэрэг харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэж амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тавинбэх: Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрийг өөрсдөө төлөх боломжтой гэж харж байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.


-Эрчим хүчний хараат бус байдлаас гарах үүднээс хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээ эрх баригч намын дарга зарлалаа. Гэхдээ үүнийгээ яг ажил хэрэг болгож чадах болов уу. Учир нь тэдгээр дотор “хийнэ” гэж улиг болтлоо яригдсан хэрэгждэггүй төслүүд байна л даа?

-Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр чадлын дутагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давсан гэсэн үг. Ялангуяа өнөөдрийн байдлаар оргил ачааллын цагт дотоодын үйлдвэрээс давсан хэрэглээг импортын хэрэглээгээр хааж байна шүү дээ. Тиймээс намын даргын илтгэлд гарсан “Эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 20 орчим хувийг импортоор хангаж байна” гэдэг нь ийм учиртай. Олон улсын жишгээр бол дор хаяж 20 хувийн нөөцтэй байх ёстой. Аюулгүй байдал талаасаа ч тэр, мөн ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчнийхээ хэрэглээг хангахуйц эх үүсвэрийг барьж байгуулах ёстой шүү дээ. Энэ асуудал Намын даргын илтгэлд гарч байгаа юм. Өнөөдөр чадлын дутагдалд орчихсон учраас шинэ эх үүсвэр барьж ашиглалтад оруулах ажлыг богино хугацаанд эрчимтэй хийх ёстой. Заавал хийх ёстой. Ерөнхий сайдын илтгэлд гарсан өөр нэг зүйл нь, дулааралтай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрчим хүчний төв эх үүсвэрүүдийг төрийн бодлого болгож гаргая. Тухайлбал, цөмийн болон устөрөгчийн эрчим хүчийг гэж ярьж байгаа. Ойрын ирээдүйд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрүүдээ барьж ашиглалтад оруулъя.

Таван толгой дулааны цахилгаан станцаа маш шуурхай дуусгая. Дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эх үүсвэрүүдээ ашиглалтад оруулъя. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барина гэж хэлж байгаа. Ер нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд 16 эх үүсвэрийг шинээр төлөвлөсөн. Үүний хоёрыг нь сая нэр дурдлаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих талаар үе үеийн УИХ, Засгийн газрын түвшинд яригддаг. Баригдах гэхээр гацаа үүсчихдэг шүү дээ. Ийм байдал үүсчихгүй биз дээ, сайд аа?

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг барих бүх бэлтгэл ажил хийгдсэн. Олон жил бид ярьж байгаа нь үнэн. Санхүүжилт шийдэгдсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулчихсан. Барилгын угсралтыг хамтран ажиллах гэрээгээ байгуулсан. 2022 оны гуравдугаар сард барилга угсралтын ажил эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга байгууламж, угсралтын ажил эхлэхтэй холбоотой тус газарт ойролцоогоор дөрвөн км хүртэлх өргөнтэй, 23 км урттай усан сан шинээр бий болно. Усан сан байгуулагдах газарт одоо ажиллаж, амьдарч байгаа газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэд нөлөөлөлд автсан. Өөрөөр хэлбэл, тэр газрыг чөлөөлж өгөх хэрэгтэй байгаа юм. Тэдгээр иргэдээс гомдол, санал гарч байгаа. Энэ бол буруутгах аргагүй. Малчид олон жил нутагласан газар нутаг, бизнесээ орхино гэдэг бол амаргүй. Тиймээс бид энэ төсөл хөтөлбөрөө ч хэрэгжүүлнэ. Нөлөөлөлд автсан иргэддээ ч нөхөн төлбөр, нүүлгэн шилжүүлэх зардлыг төр гаргаж одоо байгаа амьдралын түвшнээс нь дордуулахгүйгээр энэ ажлыг хийх учиртай.

-Зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоодоос гадна гадааддаа ч ойлголцох шаардлагатай байх шиг. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУсөрөг байр суурьтай байгааг илэрхийллээ шүү дээ?

-Дэлхийн дулааралтай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотойгоор дэлхий нийтээрээ эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжинэ гэж байна. Бид ч ингэж шийдэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд арвин эрчим хүчний нөөцтэй. Энэ чиглэлээр сайн судалгаа тооцоо хийгдчихсэн байгаа. Эгийн голд 310 мВт-ын усан цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоо судалгаа гарсан. Бусад бэлтгэл ажлууд хийгдчихсэн байна лээ. Олон улсын гэрээ конвенцоор улс дамжин урсдаг голуудад ямар нэгэн хөрөнгө оруулалтын ажил, тэр дундаа усан цахилгаан станц барих гэж байгаа бол дамжиж гарч байгаа улсуудтай ойлголцох ёстой. Би ОХУ-ын нөхдүүдийн тавьж байгаа саналыг ойлгох ёстой, зөв зүйтэй санал гэж үзэж байгаа. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь уг голоос салбарлан тэжээгддэг гол мөрний байгаль орчны нөлөөлөл үзүүлэх үү, үгүй юү гэдгийг тодорхой болго гэж оросууд хүсэлт тавьж байгаа. Бид энэ хүсэлтийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж байгаа. Энэ чиглэлээр нэлээн сайн мэргэшсэн Францын компани хийж байгаа. Үнэлгээ хийх компанийг сонгохдоо олон улсын нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулсан. Үнэлгээний ажил 2022 оны долдугаар сар гэхэд дуусна. Энэ үнэлгээний ажил дуусаж нөлөөлөлтэй эсэх нь тодорхой болсны дараа Эгийн голын усан цахилгаан станцыг барих эсэх асуудлыг ОХУ-тай эргэж ярих боломжтой.

-Эрчим хүчний салбарыг төсөв мөнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл манай улс одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ илүү хямд өртгөөр хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Энэ асуудлыг засахын тулд тарифаа нэмэх ёстой юу?

-Өнөөдөр эрчим хүчний салбарын бодит байдлын талаар иргэд нийгэм, шийдвэр гаргах түвшний хүмүүс маш сайн мэддэг болж ярьж эхэлж байгаа нь их сайн хэрэг. Авах арга хэмжээгээ ч бид тодорхой болгож эхэлж байна. Эрчим хүчний салбар 2020 оны жилийн эцсийн балансаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Алдагдалтай ажиллаж байгаа гол шалтгаан нь хэрэглэгчийн үнэ тарифыг өртгөөс нь доогуур удаан хугацаанд барьсантай холбоотой. Манай хуулиар цахилгаан дулааны эрчим хүч хэрэглэгчийн үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Хараат бусаар шийдвэр гаргадаг байгууллага л даа. Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан тооцоо судалгаагаар өнөөдөр байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх ёстой гэсэн байгаа юм. Ингэж нэмэгдүүлж байж өртгөө нөхнө. Бид ашгийн тухай яриагүй. Зөвхөн өртгөөр нь алдагдалгүй ажиллах үнийн тухай ярьж байгаа юм. Би үнэ нэмэгдэх ёстой гэж бодож байна. Үнэ нэмснээр эрчим хүчний салбар өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах санхүүгийн боломжтой болно. Алдагдалгүй болсноор эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орох боломж нээгдэх ёстой гэж харж байгаа. Үнэтэй бүтээгдэхүүн хэтэрхий хямд үнэтэй байгаа нь зүй бус хэрэглэхэд хүргэж буй гэж бодож байна.

-Үнийг нэмэгдүүлэх ёстой гэж олон жил л ярьж байна л даа. Гэхдээ бодит байдал дээр ажил хэрэг болгож чадахгүй байна. Энэ нь Засгийн газар иргэддээ таалагдах гэсэн олон нийтийн эсэргүүцлээс айсан үйлдэл үү?

-Нэгдүгээрт, улс төрийн нам эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг шийддэггүй. Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар ийм шийдвэр гаргах эрхтэй. Эрчим хүчний зохицуулах хороо ажлаа хийх ёстой. Хэрвээ цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй бол бид цахилгаан дулааны эрчим хүч дээр доголдол гарах эрсдэлтэй нөхцөл байдал руу өдрөөс өдөрт ойртсоор байна. Ерөнхий сайд хэвлэл мэдээллээр нээлттэй хэлсэн. Бид энэ зарчимгүй байдлаас гарч цахилгаан дулааны эрчим хүчний үнийг үе шаттайгаар индексжүүлж өртөг рүү нь ойртуулж чөлөөлнө гэсэн. Гэхдээ ер нь энэ цаг үед ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг ярихад түвэгтэй байна. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлээс болж иргэдийн амьдрал маш хүнд байна. Тиймээс үнийн нэмэлтийг мэдрэмжтэй, хэрэглэгчид энэ ачааллыг даах хэмжээнд зохицуулах ёстой.

-Иргэдийн амьжиргааны түвшин өдрөөс өдөрт дордож байгаа энэ үед ус, цахилгаан, дулааны үнийг тэглэсэн арга хэмжээгээ хагас жилээр ч болтугай сунгах боломж бидэнд бий юү?

-У.Хүрэлсүх даргыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газар дээр бид маш сайн ярьж байгаад эдийн засгийн хүндрэлтэй үед, тэр дундаа хөл хорио тогтоосон бүх бизнесийн үйл ажиллагааг хорьсон энэ үед цахилгаан, дулаан, усны төлбөрийг жилийн хугацаанд тэглэсэн. Эхлээд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаатай тэглэсэн. Тэр тогтоолын хугацаагаа дахиж сунгаж 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Ингээд 13 сарын хугацаанд төрөөс даахаар шийдвэр гаргасан. Эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Засгийн газар энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэглэгчдийн өмнөөс төлсөн. Өнөөдрийн байдлаар тус тогтоолын хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болох ёстой. Харин сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлт бол 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тогтоолын хугацаанд өөрчлөлт оруулах тухай асуудал өнөөдөр Засгийн газарт албан ёсоор огт яриагүй байгаа. Тиймээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолын хугацаагаар энэ хөнгөлөлт, төлбөрийн хариуцалт дуусна гэж ойлгож болно.

-Та салбарыг удирдаж байгаа сайдын хувьд төлбөрийг тэглэх хугацааг сунгах асуудалд ямар байр суурьтай байна?

-Монгол Улсын Засгийн газар үр дүнтэй олон арга хэмжээг үе, шаттай авснаар Ази тивд ковидыг давсан хамгийн анхны улс болж магадгүйгээр байгаа шүү. Өнөөдөр та ковидын өвчлөл, халдварын тархалтыг харж байгаа биз дээ. Өдрөөс өдөрт бууж байгаа. Энэ бол бидний авсан арга хэмжээний үр дүн урт хугацаандаа гарч байна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг бид сэргээсэн. Тиймээс үнийг төр хариуцах арга хэмжээг одоо зохицуулах шаардлагагүй гэж харж байна. Ковидын хүндрэлийг тойрсон аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, эрчим хүчний салбар ч маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Улсын төсөвт төвлөрөх ёстой татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байгаа. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-нээс тасалбар болгох нь зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрийг өөрсдөө төлөөд явах боломжтой болж байгаа гэж харж байна.

Засгийн газраас ус, цахилгаан, дулааны төлбөрийг дулааны уурын төлбөрийг даасантай холбоотойгоор харамсалтай нь хэрэглээ их өсч байгаа. Тэр дундаа зүй бус хэрэглээ өсч байгаа. Энэ нь эрчим хүчний салбарын ачааллыг нэмэгдүүлж байгаа. Алдагдалтай ажиллаж байгаа салбарын зардлыг өсгөж байгаа. Энэ хөнгөлөлт зогссоноор ачаалал буурч зүй бус хэрэглээ багасна гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд нэмэлт тунгийн дархлаажуулалт 37.4 хувьд хүрэв

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 5,538 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Тодруулбал,

  • I тунг 84,
  • II тунг 160,
  • нэмэлт сэргээх тунг 5,294 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.4 хувьд хүрэв. Зорилтот бүлгийн буюу 2,978 жирэмсэн эх, 12-15 насны 68,125, 16-17 насны 26,822 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 310 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгд, гурван хүн нас баржээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол батлагдсан байна.

Гэрийн хяналтад 7635 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 772 нь хүүхэд, 168 нь жирэмсэн эх байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймаг руу зорчигч тээврийн автобус явж эхэлжээ

Коронавирусийн халдварын улмаас Өмнөговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан юм. Харин хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобус хуваарийн дагуу явж эхэлсэн.

УБ.Драгон-Ду.Сайнцагаан- Өм.Даланзадгад чиглэлд Мягмар, Бямба, Ням гарагт УБ.Драгон авто вокзалаас, Өм.Даланзадгад-Ду.Сайнцагаан-УБ.Драгон чиглэлд Даваа, Лхагва, Ням гарагт Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс тус тус өглөө 09:00 цагаас явна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээс smartgovi.com зөвшөөрөл болон шинжилгээний хариу шаардахгүй.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус том хүнд 38,400, хүүхэд 19,100 төгрөгөөр үйлчилж байгаа”-г мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын шийдвэрийг эсэргүүцэв

Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх АНУ-ын шийдвэрийг улс төрийн арга заль, Олимпийн үзэл санааг гажуудуулсан үйлдэл гэж мэдэгджээ. БНХАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг харгалзан Бээжингийн өвлийн Олимпийн наадамд албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэж Цагаан ордон даваа гаригт мэдэгдсэн бөгөөд дипломат аргаар эсэргүүцэх Вашингтоны энэхүү шийдвэр нь Америкийн баг тамирчдад хамаарахгүй гэсэн билээ.

“АНУ-ын улстөрчдөд ямар ч урилга илгээгээгүй тул энэхүү “дипломат бойкот” нь зүгээр л дүр эсгэсэн үйлдэл бөгөөд ердөө л улс төрийн арга заль, Олимпийн Хартийн үзэл санааг ноцтойгоор гажуудуулсан үйлдэл юм” гэж Хятадын ЭСЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. “Үнэндээ эдгээр хүмүүс ирэх үү, үгүй юү гэдэгт хэн ч санаа зовохгүй байгаа бөгөөд энэ нь 2022 оны өвлийн Олимпийн наадмыг Бээжинд амжилттай зохион байгуулахад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй” гэж ЭСЯ-ны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.

Хятадын эрх баригчид Шинжаан дахь уйгаруудын эрхийг зөрчдөг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх мэдээлэл удаа дараа гарч, үүнтэй холбоотойгоор ЕХ, АНУ, Канад болон Их Британи тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. БНХАУ-ын Уйгаруудын эсрэг явуулж буй үйл ажиллагааг АНУ аймаглан устгах бодлого гэж үзэж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсээр байгаа бөгөөд Шинжаантай холбоотой хэрэг явдал нь хүний эрх, угсаатны болон шашны асуудал огт биш, харин хүчирхийлэл, терроризм, салан тусгаарлах үзэлтэй холбоотой асуудал гэж мэдэгддэг юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд

Цар тахлын үеийн гадаадын иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болов.

Үүний дагуу Монгол Улсын иргэд ОХУ-тай агаарын хил нь нээлттэй орнуудаас ОХУ-д зорчих, дамжин өнгөрөх нөхцөл бүрдэж, “Монгол Улсын иргэд, Оросын холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болж байна.

Жич: Авто болон төмөр замын боомтуудаар нэвтрэх тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэхгүйг анхаарна уу гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯнаас мэдээллээ.