Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ

Америкийн архиваас олдсон Монгол хөгжмийн түүх

-ЗУРАГ БОЛОН ГАРЫН ҮСГИЙГ ОЛСОН АВСАН, СУДАЛСАН СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ-

АНУ-ын Нью-Йорк хотноо Хармоние Автографс анд Мюзик (Harmonie Autographs and Music) хэмээх нэгэн архив буй нь дэлхийн хөгжмийн үүх түүх, ялангуяа нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчдийн гарын үсэг, гар бичмэл, ноорог, анхны хэвлэл сэлтийг цуглуулан бүртгэдэг номын сан-архив-музей-дийлэр дөрвийн дундын шинжтэй байгууллага юм. Арваад жилийн өмнөөс эхлэн Америк дахь зураг сэлт, бичиг сачиг ихээр хадгалдаг байгууллагууд орон зайн бэрхшээлээс болж, материал баримтаа дижитал хэлбэрээр хадгалаад, уг эхээ дуудлага худалдаагаар зарах болсон билээ. Яг л энэ жишгээр Хармоние Автографс анд Мюзик мөн гарын үсэг, зураг цомгоо зарж эхэлсний дотроос миний бие нэг ховор эрдэнэ олсон юм.

1952 оны зургадугаар сарын 8-ны өдөр Чехословак улсын нэгэн сонинд гарсан Монголын хөгжимчдийн тухай мэдээ зургийг хэн нэг нь хайчилж аваад, картон цаасан дээр нааж, монгол хөгжимчдөөр гарын үсгийг нь зуруулан, Нью-Йорк руу илгээсэн ажээ. Эндээс харахад, Монгол Америк дипломат харилцаа тогтоогоогүй, мэдээ баримт солилцоход бэрхшээлтэй байсан тэр үед Зүүн Европын орнуудаас ийм маягаар Азийн социалист орнуудын хөгжимчдийн гарын үсэг, зураг зэргийг олдог систем, систем биш юм гэхэд дор хаяж төлөөлөгчтэй байсан бололтой.

Хатуу цаасны нэг талд:

“Сметаны танхим

Зургадугаар сарын 8-ны ням гариг, 20 цагаас

Ардын хөгжмийн тавал

Намсрайжав (1 дүгээр хуучир)

Цэрэндолгор (2 дугаар хуучир)

Мядагбадам (1 дүгээр шанз)

Дашдулам (2 дугаар шанз)

Чойдог (хуур)

Монгол Улс

Дуучин: Сүрэнхорлоо, Монгол Улс

Дуучин: Пүрэвдорж, Монгол Улс хэмээх мэдээг хайчилж наагаад, үүний доор хөгжимдөж буй хоёр уран бүтээлчийн зургийг тавьсандаа:

“Монголын хөгжимчин Чойдог, Цэрэндолгор нар ардын хөгжмийн зэмсгээр тоглож буй нь” гэсэн тайлбар бичжээ.

Ардын хөгжмийн тавал

Намсрайжав (1 дүгээр хуучир)

Цэрэндолгор (2 дугаар хуучир)

Мядагбадам (1 дүгээр шанз)

Дашдулам (2 дугаар шанз)

Чойдог (хуур) Монгол Улс

Хатуу цаасны нөгөө талд найман уран бүтээлчийн хамтдаа авахуулсан зургийг хайчилж тавиад, хамгийн сонирхолтой нь доор нь бүгдийнх нь гарын үсгийг шууд хатуу цаасан дээрээ бичүүлж авчээ. Манайхан бүгд монгол бичгээр гарын үсгээ зурсан байна. 1952 он гэхэд кирилл үсэгт шилжээд даруй зургаан жил өнгөрсөн боловч хуучны сэхээтнүүд үндэсний монгол бичгээ дээдэлсээр байсны баталгаа энэ юм. Өгүүллийн сэдэвтэй шууд хамаарахгүй боловч ийнхүү монгол бичгээрээ сийлсээр байсан талаар түүхч Зоригтын Лонжид багшийн хуучилснаас эшилбэл:

“1946 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш албан бичгийг монгол бичгээр хөтлөхийг болиулсан боловч иргэн хүн хэрэглэхийг төрөөс огт хориглоогүй юм билээ. Хөдөөгийн егзөр хөгшид “Өө би чинь хөндлөн бичиг сураагүй хөгжлөөс хоцорсон хөгшин толгой, хэдрэг шиг бичгээрээ л хэдэн үг хэлхдэг юм шүү” хэмээн ярьцгаадаг сан. Манай нутгийн Гиваагийн Бадаа гэдэг цэцэн цэлмэгээрээ Алтайн өврийн хэдэн сумандаа алдаршсан хүн “Шинэ үсэг гэдэг чинь хурааж бичиж болдоггүйгээрээ хуучин бичгээс дор юм. Нас өтөлсөн мануусыг заавал сур гээгүй байхад нь саваагүйтэж сурчхаад илүү үг чалчсан тэнэг надад нам засаг ял ногдуулахгүй байх аа” хэмээн халамцуудаа ярьсны улмаас сумын Хэлтсийн төлөөлөгчөөс сануулга аваад өнгөрсөн юм гэнэ лээ…”

Нил ягаан бэхээр бичсэн гарын үсгүүдийг халти ажихад нэг хүн бичсэн мэт боловч Сүрэнхорлоо орхицоо эгц доош шулуун татсан, Мядагбадам эгцэвтэр доошлуулж байгаад бичил ээтэн хаясан, Дашдулам харин орхицоо нэлээд налуу дугуйруулж босгосон, мөн Цэрэндолгор, Дашдулам, Пүрэвдорж нарын д үсэг бүгд өөр өөрийн өвөрмөц хэв маягтай байгаагаас харахад хүн бүр өөр өөрийнхөө гарын үсгийг тухайлан зурж өгчээ.

Ийн олсон ховор баримтаа Нийтийн сүлжээндээ байрлуулсан маань Соёл судлаач С.Юндэнбат гуайн хараанд өртөв. Өнгөрснийг өнөө үетэй залгуулж өгч буй ахмад эрдэмтэн маань яг л хуучны сэхээтнүүдийн эхэлснээ дуусгадаг, эцсийг нь үздэг зангаар “өртөх хараа нэг хэрэг” гээд өнгөрсөнгүй, өөрийн таамаг тэмдэглэлийг бичиж илгээсэн юм. Ингээд нийтлэлийн хоёрдугаар хэсэг буюу үүнээс цааших нь С. Юндэнбат гуайн бичвэр, бүтээл болохыг сануулаад үргэлжлүүлсү:

Мягмар Саруул-Эрдэнэ дүүгийн нүүр номондоо тавьсан монгол хөгжмийн ахмадуудын гарын үсэгтэй архивын ховор сонин баримтын тухайд бодол болж хонов. Өглөө босоод дараах таамаглалыг хийлээ.

Энэ бол 1952 оны “Прагийн хавар” олон улсын хөгжмийн наадамд БНМАУ-аас мэргэжлийн хөгжимчин, дуучин уригдан оролцсон түүхэн үйл явдлыг гэрчлэх сонирхолтой содон баримт ажээ. Тив, дэлхийн шилдэг хөгжимчид, удирдаачид, найрал, цөөхүүл хамтлаг, гоцлол хөгжимчид оролцдог олон улсын энэ наадмыг Чехословакийн тал 1946 оноос жил бүр уламжлал болгон зохиож иржээ. Уг наадмыг 1952 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 12-ноос (Чехийн сонгодог хөгжмийг үндэслэгч Бенжамин Сметаны (1824-1884) нас барсан өдөр) эхлэн зургадугаар сарын эхний долоо хоног хүргэж, гурван долоо хоногийн турш зохион явуулах тодорхой товыг нэг мөр тогтоосон байна. Тэгэхээр дээрх таамаг маань цаг хугацааны хувьд үндсэндээ тохирч байна.

Толилуулан буй зургууд дахь хөгжмийн “томчуул”-ын бүрэлдэхүүн, Саруул-Эрдэнэ дүүгийн нүүр номдоо тавьсан архивын баримттай яв цав нийлж байгаа тул эдгээр зургууд 1952 оны “Прагийн хавар”-т оролцсон манай төлөөлөгчдийн түүхэн гэрэл зураг болох нь тодорхой болж ирэв. Нэр агч хөгжимчид, дуучдыг Улсын хөгжимт драматик театрын удирдаач бөлгөө хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа ахалж явсан нь гэрэл зургаас харагдаж байна.

Дуучин Сүрэнхорлоо, дуучин Пүрэвдорж

Эхний зурагт их наадамд оролцсон Монголын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оржээ. Зүүн гараас Ц.Намсрайжав, С.Мядагбадам, Ц.Дашдулам, Э.Чойдог, Ц.Пүрэвдорж, С.Гончигсумлаа, Д.Сүрэнхорлоо, Д.Цэрэндолгор. Албан ёсны гэхээр дараагийн тохитой тод зургийг тогтоон ажиглаваас Монголын төлөөлөгчдийн дунд залрах эл эрхэмсэг хатагтай их наадмыг зохион байгуулагчдын нэг болох нь төвөггүй ойлгогдож байна. Гурав дахь зураг манай хөгжмийн “томчуул”-ын ид залуугийн эрхэм дүрийг мөнхөлсөн ховорхон зургийн нэг ажээ. Дунд нь байгаа гадаад хүн хэн болохыг асууя гэхнээ энэ талаар мэдэх гэрч эдүгээ үлдсэнгүй. Магадгүй энэ хүн Чехийн хөгжмийн зохиолч байгаад манай хөгжимчид энэ эрхмийн цөөхүүл хөгжимд зориулсан бүтээлийг хөгжимдсөн байж болох…

Хөгжмийн бүрэлдэхүүнийг авч үзэхэд монгол ардын дуу, аялгуу тоглоход тохирсон гэрийн уламжлалт таван хөгжим (ёочин, лимбэ, хуур, хуучир, шанз) биш, харин өрнийн хийц зохиомж бүхий цөөхүүл хөгжмийн бүтээл хөгжимдөхөд зохицсон I, II хуучир, I, II шанз, морин хуур гэсэн тавал (квинтет) хөгжмийн бүрэлдэхүүнийг сонгосон нь дээрх таамаглалыг хийхэд хүргэв. Энэ зурагт Пүрэвдорж гуай ороогүй байгаагаас үзэхэд тэрбээр тухайн мөчид энэ гэрэл зургийг дарж байсан байж мэдэх. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Би залуудаа гэрэл зураг авах хорхойтой, хаа л бол хаана гэрэл зургийн аппараттай явдаг байлаа” хэмээн өгүүлсэн байдаг.

Харин монгол бичгийн тухайд гэвэл манай хуучцуул үндэсний монгол бичгээрээ ёстой зурж өгнө шүү дээ. Миний мэдэхийн шанзчин Базаррагчаа гуай, хуучирч Цэвэлмаа багш нар монгол бичгээр атаархмаар цэвэрхэн, гоё сайхан бичдэг хүмүүс байлаа. Манай төлөөлөгчдийн гарын үсгийн хувьд хэн нэг нь бусдыхаа нэрийг жагсааж бичээгүй байх. Зохион байгуулагчдын зүгээс их наадамд оролцсон орон орны авьяастнуудын гарын үсгийг дурсгал болгон авч үлдэх ажлыг санаачилж, энэ дагуу хүн тус бүр гарын үсгээ өөрсдөө зурж үлдээсэн болов уу хэмээн үзэж байна. Сайтар ажиглавал Сүрэнхорлоо дуучин нэрээ ялимгүй дээрээс сурцтай донжтой татсан бол Цэрэндолгор хуучирч гарын үсгээ нэлээд зайтай, арай доохноос эхлэн бичсэн ажээ. Хэрвээ нэг хүн бичсэн бол нэрсийг нэг эгнээнд жигд зайтай бичих байсан биз ээ. Тэрчлэн Сүрэнхорлоо гуайн нэрэнд орсон “л”, Дашдулам шанзчины нэрэнд орсон “л”, Мядагбадам шанзчины нэрийн эхний “м”, Намсрайжав хуучирчийн нэрэнд орсон “м” үсгийн зурлага өөр өөр, Чойдог хуурчийн бичгийн галбир бусдаасаа ялимгүй том, бас үзгийн гарцын хувьд өөр хоорондоо ялгаатай байгаа нь ажиглагдаж байна. Цэрэндолгор хуучирчийг гарын үсгээ зурах зуур Сүрэнхорлоо гуай үзгээ Мядагбадамдаа шилжүүлэх, Пүрэвдорж дуучныг гарын үсгээ зурах хооронд Чойдог нь Намсрайжавтаа үзгээ шилжүүлэх зэргээр хоёр өөр гарцтай үзгээр ээлж дараалж бичсэн болов уу гэж төсөөлж болохоор ажээ.

Эцэст нь хэлэхэд, тухайн үед манай улс кирилл үсэгт шилжээд зургаан жилийн нүүр үзээд байсан ч хөгжмийн ахмадууд маань мутрын үсгээ үндэсний монгол бичгээрээ зурж үлдээхийг чухалчилжээ. Энэ нь: “Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай, Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой. Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээсэн их Нацагдоржийн гал цогтой мөрүүдийг батлах мэт, далан жилийн тэртээгээс бидэнд давтан сануулах мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлж байнам.

Соёл судлаач Соном-Ишийн Юндэнбат

“Өдрийн сонин”-ы Вашинтон хот дахь

тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараахь 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус нийгэмд нь тархсан, хяналтгүй алдсан дараах улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гарган мөрдүүлж байгаа. Үүнд, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигер улс багтаж байна.

Харин бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд бүртгэлжүүлж, гэрийн тусгаарлалтанд байхыг сануулан, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд иргэд оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.

Хэрэв буруу бичсэн тохиолдолд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттайг сануулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Ган-Очир: Олонхоо дагаж, цөөнхөө хамгаалаад явахад шийдэгдэхгүй асуудал гэж үгүй


АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн ухааны доктор(Ph.D) Б. Ган-Очиртой ярилцлаа.


-АН-д үүсээд байгаа сүүлийн үеийн нөхцөлд байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нэг талаар 2024 оны сонгуульд өрсөлдөгчгүй ялах гэсэн эрх баригч МАН-ын цөөн тооны дарга нарын шударга бус хорлол, нөгөө талаас 30 жил аажмаар бугшисан идээ бээр задарч АН жинхэнээсээ шинэчлэгдэж байгаа агшин юм.

-АН-ын удирдлагууд бид нэг цул хэвээр байгаа хэмээн мэдэгдэж байгаа боловч, ар араасаа чуулга, их хурлууд зохион байгуулж байна. Иргэд аль нь жинхэнэ АН-ын хурал гэдгийг ялгаж салгахад үнэхээр хэцүү нөхцөл байдал үүсээд байна л даа?

-Иргэд аль нь жинхэнэ Ардчилсан нам бэ гэдгийг эрх бүхий тамга, дардасаа дарсан газрын зурагтай, Монгол орон даяар 330 сумын намын дарга нар ирсэн Онц их хурлаар бүрэн харсан, ойлгож байгаа. Дарга цул байна гэдэг мөсөн уулын орой шиг өнгөц ойлголт харин 220 мянган гишүүд бүгд нэг талаа байгаа. Тэр нь суурь ойлголт санагдана.

-АН-ын гишүүдийн санал, үзэл бодлыг ингэж хувааж талцуулах нь намын хүчийг сулруулсан үйлдэл болж байх шиг байна. Угтаа нэг цул байх тусам сөрөг хүчний байр суурь улам хүчирхэгжих байх?

-Хүч нь суларч байгаа нь АН биш үндсэн ажлаа хийхгүй байгаа МАН болоод байна.

Ард түмэн тэдэнд МАН-д 65 суудал өгч хүнд цагийн ачааг үүр гэснээс биш АН-ын гишүүдийг хувааж талцуулаад өрсөлдөгчөө луйвраар намна гээгүй. Хотын түгжрэл, хил гаалийн түгжээ, Дарханы замтайгаа нүүр тулахгүйгээр АН-тай л ноцолдож байна. АН-ын төрсөн өдөр АН-ын байгуулагдсан арванхоёрдугаар сарын 6-ны өдөр, МАН өөрсдийнхөө хэзээ ч биелүүлж чадахгүй хүний эрх гэсэн сэдвийн дор Их хурлаа зарлаж байх юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм бол гэр хороололд, Замын-Үүдийн боомт дээр, төрөх ор олдохгүй байгаа эмнэлгийн гадаа иргэдээ цуглуулаад, зөрчигдсөн эрхийг нь сонсоод, маргааш нь ажил хэрэг болгоод хуралд л даа. Хэзээ хүний эрх албан тасалгааны цонхоор хамгаалагддаг байсан юм бэ. Хүний эрх чинь нийгмийн дундаж давхаргаа хамгаалсны, зузаан болгосны үр дүнгээр хамгаалагддаг. Хүний эрх чинь ядуурлыг бууруулж, иргэдийг орлоготой болгосноор хамгаалагддаг. Нэг гараараа шударга бус халамж тараагаад, нөгөө талаараа пиарын рейтингээ өсгөх алга ташуулсан хурлаар хүний эрх хамгаалагдахгүй. 2024 онд ард түмэн МАН-с миний амьдрал сайжирсан уу гэж асуух болохоос АН-ыг алаад ирсэн үү гэж асуухгүй байх.

-АН-ын тамга тэмдэгтэй холбоотой асуудал Улсын дээд шүүх (УДШ)-д очсон. Шүүхийн шийдвэр гарсан уу?

-Процессын дагуу УДШ-ийн шалгах ёстой 21 хоног дууссан. Тиймээс удахгүй хурлын товыг зарлаж шударга шийдвэрээ гаргана гэдэгт бат итгэлтэй байна.

-УДШ намын дарга, тамга тэмдэгтэй асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэх ч иргэд байна. Гэтэл Намын ҮБХ-ны нийт гишүүдийн саналаар итгэмжлэгдсэн хүнийг томилох эрх нь шүүхэд байгаа гэж үзэх ч иргэд байна?

-УДШ-ийн дөрөвдүгээр сарын 27-ны 12 дугаар тоот тогтоолд, Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т заасны дагуу намын даргатай холбоотой маргаанаас эрх бүхий байгууллагаар шийдвэрлэж дахин хандах нь зүйтэй гэж үзсэн. УДШ-д бүтргэлтэй манай намын дүрмээр эрх бүхий байгууллага гэдэг эрх барих дээд байгууллага болох ИХ хурал юм. Бид энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ээлжит бус Их хурлаа хуралдалдуулж шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилгаж, дотоод маргаанаа эцэслэн шийдвэрлэсэн.

-Хоёр талд байгаа АН нэгдэж, нэг цул болох алхмууд хийгдэж байгаа юу. Эсвэл эцсээ хүртэл хоёр тал руу хараад суухаар шийдчихсэн байна уу?

-Нүдээ аниад асуудал байхгүй гэж хэлж болохгүйн жишгээр ямар ч маргаан байхгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ нэг цул болж байгаа нь энэ гээд хувь хүмүүсийн өш хонзон, далд зөрчлийг хангах бус мөрдөх дүрэм, дагах хууль, зарчмын хүрээнд олонхоороо асуудлаа шийдэх учиртай. Заан том ч замаа дагаж, засаг том ч хуулиа дагаж, хүсэл том ч хүний эрхээр хязгаарлагдаж байх учиртай шүү дээ.

-Цаашдын гарц гаргалгаа шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн асуудал улс төрийн замаараа шийдэгдэх учиртай. Олонхоо дагаж, цөөнхөө хамгаалаад явахад шийдэгдэхгүй асуудал гэж үгүй. Хүн УДШ-ийн хов ярихгүй ажил хийж, олны итгэлийг даах олон шинэ санаачилга гаргаж, эрх чөлөө, хүний эрхийн төлөө бат зогсож байхад гарц үргэлж олдоно. Ардчилал бол хүрдэг оргил, эзэлдэг байр, булаадаг оргил биш процесс юм. Тиймээс Ардчилсан нийгэмд Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг хэлбэрэлтгүй дагаж байхад тэр нь өөрөө хамгийн зөв гарцаараа явж байгаа хэрэг юм.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Сэврэй-Уул” гэдэг газар болсон байна.

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-12-09 00:46:33

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 43.80 101.83

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.4

Болсон газар : Өмнөговь аймгийн Сэврэй сумаас баруун хойд зүгт 37 километрын зайнд боллоо.

Иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв шуудангийн үүдэнд хоёр минут үнэгүй ярих боломжтой утасны бүхээг байршуулжээ

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас үүрэн телефоны бүх дугаар руу үнэгүй дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна талбайд байршуулжээ.

Энэ талаар Монголын цахилгаан холбоо ХК-аас тодруулахад “Энэхүү утасны бүхээгээс үүрэн телефоны бүх оператор компанийн дугаар руу 204 угтвар тоог хийгээд хоёр минут үнэгүй ярих боломжтой. Харин эмнэлэг, цагдаа, онцгой байдлын 101, 102, 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана. Мөн албан байгууллага, мэдээллийн лавлах зэрэг тусгай дугааруудад холбогдох боломжгүй” гэв.

Энэхүү утасны бүхээг нь Монголын цахилгаан холбоо ХК буюу Төв шуудангийн хажууд байнга байрших аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Уламбаяр: Дипломат боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх нь үндэсний аюулгүй байдалтай холбогддог

Монгол Улсад гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн болоод МУИС-ийн бүрэлдэхүүнд ОУХДС байгуулагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус сургуулийн үндэс суурийг тавихад гар бие оролцсон профессор. Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ жил орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жил, Монгол Улсад гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсний 30 жилийн ой зэрэг тохиож байна. Эхлээд МУИС-ийн бүрэлдэхүүнд ОУХДС байгуулагдсан түүхээс хуваалцахгүй юу?

-1990-ээд оны эхээр ЗХУзадарч, социализм системийн хувьд нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болж, тус улсын геополитикийн орчин өөрчлөгдөж, Монгол Улсын гадаад бодлого үзэл суртлын хүлээснээс чөлөөлөгдөж эхэлсэн. Тийнхүү олон улсын тавцанд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого явуулах болсон нь гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх шаардлага гарч ирсэн явдалд оршсон болов уу. Ер нь дипломат боловсон хүчнээ бакалаврын түвшинд дотооддоо бэлтгэхийг үндэсний аюулгүй байдалтай холбож үздэг. Харин улс гүрнүүд ахисан түвшний боловсролыг гадаад улсад бэлтгэх чиглэл баримталдаг юм билээ. Монгол Улс 1990 оноос өмнө дипломат албаны хүний нөөцийг ЗХУбусад социалист орнуудад бэлтгэж байсан. Би энд баримт харж байна л даа. 1991 оны дөрөвдүгээр сард МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын талаар Боловсролын сайд Н.Уртнасангийн 162 дугаар тушаал гарч, мөнхүү тушаалыг хэрэгжүүлэх МУИС-ийн ректор профессор Д.Доржийн 1991 оны тавдугаар сарын 343 дугаар тушаалаар МУИС-ийн Гадаад хэлний факультетын Өрнө, Дорно дахин болон Орос хэлний тэнхимүүдийг түшиглэн ОУХСбайгуулахаар шийдвэр гарсан байдаг. Улмаар 1991 оны арванхоёрдугаар сарын 5-нд Боловсролын сайд Н.Уртнасан, Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн, Үйлдвэр, худалдааны сайд С.Баярбаатар нарын хамтарсан тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүнд ОУХС-ийг ОУХДСболгон өргөжүүлэн байгуулахаар шийдвэрлэжээ.

Тус сургуулийг байгуулах үйл хэрэгт профессор Ж.Баясах идэвх чармайлт гаргасан. Мөн сургуулийг олон улсын нийтлэг жишигт хүргэх чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байсан Гадаад явдлын сайд агсан, Элчин сайд М.Дүгэрсүрэн ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Тэрбээр оюутнуудад “НҮБ ба Монгол Улс” цуврал тойм лекцийн хичээлийг орж эхэлсэн юм. 1993-1994 оны хичээлийн жилд ОУХДС-д Олон улсын харилцааны мэргэжлийн тэнхимийг шинээр эмхлэн байгуулагдсанаар тус сургууль жинхэнэ ёсоор дүр төрхөө олсон. Москвад Дипломатын академийг төгсөж ирээд удаагүй байсан Д.Баярхүү “Олон улсын харилцааны түүх”, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бор “Монголын дипломатын түүх”, Өмнөд Солонгосоос ирээд удаагүй байсан Д.Уламбаяр миний бие “Олон улсын эдийн засгийн харилцаа”, “Эдийн засгийн дипломат ажиллагаа”, Элчин сайд О.Хосбаяр “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс”, “Олон улсын эрх зүй” хичээлийг тус тус анхлан зааж эхэлсэн байдаг. Сүүлд Элчин сайд Б.Буд “Консулын албаны үндэс”, ГХЯ-ны ажилтан О.Оч “Олон улсын хувийн эрх зүй”, элчин сайд Г.Луузан “Дипломат ёс, ёслол, дипломат баримт бичиг”, ГХЯ-ны дипломат ажилтан эдүгээ УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Д.Цогтбаатар “Олон улсын эрх зүй” хичээлийг тус тус орж эхэлсэн санагдана. ОУХДС-ийн Гадаад албаны ажилтан, орон судлалын бакалаврын зэргийн дөрвөн жилийн бүрэн хөтөлбөрийн анхны төгсөлт 1996 онд тохиосон. Тухайн үед англи, франц, герман, япон, хятад солонгос, слав судлалаар төгсгөж байлаа. 1995-1996 оны хичээлийн жилд ОУХДС-д “Олон улсын эдийн засгийн харилцаа”-ны мэргэжлийн бакалаврын дөрвөн жилийн бүрэн хөтөлбөрийг миний бие Бизнес хөгжлийн агентлагтай хамтран Европын холбооны төслийн хүрээнд боловсруулж, анх удаа элсэлт авч, 1999 онд анхны төгсөлтөө хийж байв.

Эдүгээ Гадаад харилцааны яамны нийт дипломат ажилтны хүний нөөцийн 40 илүү хувийг МУИС-ийн ОУХС-ийг төгсөгчид бүрдүүлж буй статистик байдаг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус сургуулийн 1996 оны анхны төгсөгч бөгөөд төгсөгчдөөс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар олноор төрсөөр байна.

ОУХС-ийг зөвхөн дипломатч бэлтгэдэг гэж ойлгох тал байдаг. Энэ нь тийм биш юм. Нийгэм-эдийн засгийн бүх салбар төр, хувийн хэвшил, ТББ-ын гадаад харилцааны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар энэ нь хөрвөх чадвартай мэргэжил юм.

-Хөдөлмөрийн зах зээлд энэ чиглэлийн мэргэжлийн ойрын ирээдүйн эрэлт хэрэгцээ ямархуу байгаа вэ?

-Улс үндэстэн, төр засаг, хувийн хэвшил, хувь хүн ч тэр ялгаа байхгүй хэн илүү их интернациональчлагдаж, глобальчлагдаж, дижиталчлагдаж байна тэр улс, хувийн хэвшил, хувь хүн хөгжин дэвшиж байгааг бид маш тодорхой харж байна. Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаагүйгээр аль ч салбар урагшлах, амжилтад хүрэх ямар ч боломж байхгүй болсон нь өнөөгийн онцлог юм. Дижитал үйл явц өөрөө өөртөө ажлын байр буй болгох өргөн боломжийг ч олгож байна.

-Дипломатчийг их олон янзаар тодорхойлоод байдаг л даа. Тэгэхээр дипломатч гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Дипломат алба, дипломат ажиллагаа гэдэг нь харьцангуй тусдаа ойлголт. Гадаад бодлого, гадаад харилцааг эрхлэн шийтгэх төрийн захиргааны төв байгууллагыг дипломат алба гэдэг. Энэ нь ГХЯ, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаас бүрддэг. Сонгодог утгаараа дипломат ажиллагаа гэдэг нь энхтайвны арга хэрэгслээр төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр олон улсын яриа хэлэлцээ явуулах ур чадвар, урлаг, шинжлэх ухаан гэж тодорхойлсон байдаг. Харин дипломатч гэдэг нь түүнийг эрхлэн явуулж буй хүнийг хэлнэ. Гэхдээ их сургууль төгсөөд шууд дипломатч болчихгүй нь мэдээж. Нэжгээд жилийн ажлын дадал туршлага, ахисан түвшний хийгээд мэргэжил дээшлүүлэх, давтан сургалт дүүргэж байж дипломатч гэж өөрийгөө хэлэх эрхтэй болох болов уу. Дипломат албаны ажилтан өөриийн орны болон суугаа орныхоо түүх, хэл, соёл, үндэсний ёс заншлыг гүнзгий мэддэг, эрх оронч үндэсний үзэлтэй байх ёстой. Дипломат алба гэлтгүй ер нь төрийн бүх шатны байгууллагад өндөр ёс зүйтэй байх, хууль дээдлэх гэдэг маш чухал. АУДС төгсөөд шууд мэс засалч болчихгүй, ШУТИС-ийн геологийн анги төгсөөд гүний уурхайд шууд ажилчихгүй, ОУХС төгсөөд шууд Элчин сайд болчихгүй. Бизнесийн удирдлагаар төгсөөд корпорацийн захирал болчихгүй. Ажлын туршлага, ахисан түвшний болон давтан сургалт нэн чухал. Дижитал үйл явцын үе шатанд программ хангамжийн мэргэжлээр төгссөн ч давтан болон ахисан түвшний сургалт зайлшгүй чухал болсоор байна.

-Дипломат ажиллагаанд гарч буй өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?

-Сонгодог дипломатын эрин үед хэлэлцэх хэрэг, шийдвэрлэх гол асуудал нь дайн, энхийн асуудал байжээ. Оролцогч субьект нь арваадхан их гүрнүүд байлаа. Тухайлбал, Британийн эзэнт гүрэн, Франц, Герман, Испани, Хаант Орос, Манж Чин гүрэн, Япон, Австри-Унгарын Хаант улс, АНУ, Нидерланд гээд гарын арван хуруунд багтах цөөхөн гүрнүүд хүн төрөлхтний хувь заяаг шийдэж байж. Эдүгээ олон улсын эрх зүйн анхдагч субьект болох 200 гаруй төрт улсууд олон улсын харилцаанд оролцож, үүсмэл субьект болох НҮБ, түүний системийн болон төрөлжсөн, бусад олон улсын байгууллагууд, интеграцийн байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд, олон улсын ТББ-ууд, хувь хүн чухал оролцогч бөгөөд тоглогчид болжээ. Үүнээс гадна шийдвэрлэх асуудлууд ч үлэмж олшров. Зөвхөн дайн, энхийн болон аюулгүй байдлын асуудал төдийгүй, хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт гарч ирсэн. Тиймээс ч гадаад харилцаа, аюулгүй байдлыг эдийн засагжуулах, эдийн засгийн дипломатын тухай ярих болсон. Тухайлбал, Монгол Улсыг “Нүүрсний дипломаси” явуулж буй тухай гадаадын хэвлэлд бичсэн нь бий. Түүнчлэн нийт хүн төрөлхтөнд нийтлэг нүүрлэж буй глобал сорилтууд тулгарч байна. Хэдэн мянган жилийн хугацаанд гарч байсан өөрчлөлтүүд хэдхэн жилийн дотор явагдах боллоо. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дипломат алба дангаараа зохицуулах боломжгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үүрэг нэн чухал. Дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахал байна. Үүнийг ГХЯ дангаараа зохицуулах, шийдвэрлэх боломжгүй. ЭМЯ-ны оролцоо нэн чухал. Мянганы хөгжлийн гол зорилт ядуурлыг бууруулах асуудал байна. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны оролцоо нэн чухал. Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын бодлогод Худалдаа, аж үйлдвэрийн танхимын оролцоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны үүрэг нэн чухал. Тиймээс яамд хоорондын inter-connectiv­ity дижитал холболт чухал болж байх жишээтэй. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статус бол рreventive diplomacy буюу урдчилан сэргийлэх дипломат ажиллагааны тод жишээ гэж би хувьдаа боддог. Дижитал үйл явц дипломат ажиллагаанд чухал нөлөө үзүүлсээр байна. 2021 оны есдүгээр сарын 10-нд Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын хооронд цахим саммит болж, хоёр улс стратегийн түншлэл хөгжүүлэх Тунхаглал баталсан. Энэ бол дипломатын практикт гарч буй шинэ үзэгдэл гэж хэлж болохоор байна. Twitter diplo­macy хэдийнэ хэвшээд байна. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей, 75 жилийн ойн арга хэмжээ анх удаа online болсон, APEC, АСЕМ-ын энэ жилийн дээд түвшний чуулга уулзалт онлайнаар зохион байгуулагдлаа шүү дээ.

-Элчин сайд нарын томилгоо нэлээд шүүмжлэл дагуулдаг сэдэв. Энэ тал дээр судлаачийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Дипломат алба хуулиараа төрийн тусгай алба болсон. Иймд улс төрөөс ангид байх учиртай. Өнгөрсөн жилүүдэд суугаа орныхоо төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад ажилдаа ороод удаагүй байхад нь Стокхольм, Лондонд суугаа Элчин сайд нарыг улс төрийн шалтгаанаар, мөн Вашингтонд суугаа Элчин сайдыг хувийн шалтгаанаар эгүүлэн татаж байсан. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1-д, “Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заагаад түүний тавд, “Монгол Улсаас гадаад улсад суух Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” хэмээн тодотгосон байгаа. УИХ Ерөнхийлөгчөөс Элчин сайдыг эгүүлэн татахаар ирүүлсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар “эгүүлэн татах шаардлагагүй” гэж үзсэн байдаг. Гэтэл ерөнхийлөгч Элчин сайдыг эгүүлэн татах зарлиг гаргаж байх жишээтэй. Агреманы хариу нь ирчихээд байхад элчин сайдад нь Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж өгөхгүй удаах тохиолдол өнгөрсөн хугацаанд гарч байсан. Энэ бол дипломатын практикт бараг тохиож байгаагүй үйл явдал болов уу. УИХ хаалттай хуралдаж элчин сайдад нэр дэвшиж буй хүнийг томилохыг дэмжиж байх үед нэгэн зэрэг “Нийтийн сонсголын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу түүнийг элчин сайдаар томилохтой холбогдуулан “Томилгооны сонсгол” хийх санал гаргаж, нэр дэвшиж буй хүний хууль зөрчсөн үйлдлүүдийг хэлэлцэж байв. Ийм нөхцөл байдал бүрдчихсэн үед агреман асууна гэдэг нь ихээхэн асуудалтай байсан. Энэ нь тухайн улсыг үл хүндэтгэж буй үйлдэл болж харагддаг. Тухайн үед процедур, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага байгаа нь харагдаж байсан. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах нь маш чухал. 2015 оны есдүгээр сард тухайн үеийн Ерөнхийлөгчөөс Байнга төвийг сахих санаачилга дэвшүүлсэн нь дээр зүйлд харшилсан бөгөөд мөн гадаад бодлогын шийдвэр гаргах процессын дэг, заншлыг зөрчсөн үйлдэл болсон. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтайгаар гадаад бодлогоо явуулж байна” гэж мэдэгдсэн нь нэн сайшаалтай.

-Хоёр хөршөөс Монгол Улсыг ШХАБ-д элсэх талаар шахалт ирж байгаа тухай байнга ярих юм. Үүнд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Хоёр хөрш Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсэх тухайд байнга уриалж, элсэх шийдвэрээ гаргавал баяртайгаар угтан авна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Шахалт үзүүлээд байсан зүйл байхгүй. ШХАБ Монгол Улсыг элсүүлж чадахгүйгээсээ болоод цаашдын хөгжил нь гацчихсан зүйл ч байхгүй. Би Монгол Улсын ШХАБ дахь статусын асуудлаарх судалгааны багт орж ажиллаж байсан. Одоогийн ажиглагчийн статусаа хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал гарсан байдаг. Өнгөрсөн наймдугаар сард талибанчууд ШХАБ-ын ажиглагч гишүүн Афганистанд хяналтаа бүрэн тогтоосон. Америкчуудын үлдээсэн 85 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хамгийн сүүлийн үеийн зэвсэг, бусад техник хэрэгслээ авч хангагдсан армитай, шинээр эмхлэн байгуулагдсан түр засгийн газрын 33 гишүүдийн 14 нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “терроризмын хар жагсаалт”-д орсон хүмүүс болов.

Италийн Ромд зохиогдсон “Их 20”-ийн дээд түвшний уулзалтаар Афганистаны Түр Засгийн газрыг бүрдүүлж буй Талибан бүлэглэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тодорхой нөхцөлийг хангах ёстой хэмээн мэдэгдсэн. Францын ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “Талибан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой үнэ төлөх ёстой. Би үүнийг Афган эмэгтэйчүүдийн нэр төр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх гэж харж байна” гэсэн юм. Өнгөрсөн есдүгээр сард Душанбе хотноо зохиогдсон ШХАБ-ын 25 жилийн ойн дээд түвшний чуулган Ираныг жинхэнэ гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэв. Ирантай ноцтой сөргөлддөг Саудын Араб болон Египет, Катар “Яриа хэлэлцээний түнш” боллоо. ШХАБ-ын “яриа хэлэлцээний түнш”, НАТО-гийн гишүүн Турк гишүүнээр элсэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.

ШХАБ-д гишүүнээр элсээгүйгээсээ болоод Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учраад байгаа зүйл байхгүй байна. Тийнхүү Ойрхи Дорнод, Төв Азид геополитикийн шинэ нөхцөл байдал бий болсон. Тиймээс ч бид ШХАБ-ын судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

-Афганистан дахь хазаар монголчуудаа хүлээн авах хэрэгтэй гэсэн санал гарч байсан?

-Миний ойлгож байгаагаар афганистаны цөөнх хазаар үндэстэн бол түрэг угсаатан юм билээ. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог, цөөн хүн амтай, эдийн засгийн боломж хязгаарлагдмал улс. Тиймээс ч Монгол Улс өнөөг хүртэл 1951 оны Дүрвэгсдийн статусын тухай НҮБ-ын конвецид нэгдэж ороогүй нь туйлын зөв зүйтэй бодлого гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2-т ч гадны дүрвэгсэд олноор орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авахаар заасан байдаг л даа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин туулай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 9, Бархасбадь гариг. Билгийн тооллын 6, тооно одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8:30 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 22-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хөл бөмбөгиум​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ч.Отгочулуу “Шинэ сэргэлтийн
бодлого” бол байдаг л нэг
хоосон пи ар” гэснийг “Улс төр”
нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

Санхүү эдийн засгийн
их сургуулийн багш,
дэд профессор, доктор Г.Батхуяг “Хүссэн бүх мэдээллээ нэг дороос
авах ньюс платформ үүсгэж чадвал
гадагшаа гарах мөнгөн урсгалыг татах
боломжтой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хөл бөмбөгиум” нийтлэл хэвлэгдлээ.

Авлигатай тэмцэх газрын
дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Авлигын индекст
ирэх жилээс нааштай үзүүлэлт
гарах байх” хэмээв.

Физикийн ухааны
доктор, улс төр судлаач Л.Бямбажаргал “Үндэсний эрх чөлөө тусгаар
тогтнолын хүндэтгэлийн чуулганыг Хархоринд
хуралдуулах гэж байгаа нь эрх баригч намын
хоосон хийрхэл” гэснийг II нүүрээс уншаарай.

“Цаг үе, үйл явдал” нүүрт СБД-ийн Эрүүл мэндийн
төвийн өсвөр үеийн
эмч Б.Баяржавхлан “Ротавирусийн халдвар
аваад эдгэрсэн ч дахих магадлал өндөр” хэмээн ярилаа.

МҮБХ-ны тэргүүн,
улсын заан Ц.Магалжав “Надад Э.Оюунболд юмуу,
хэн нэгнийг хэлмэгдүүлж хохироох эрх,
бас шаардлага байхгүй” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баданга хүдэр нутагшуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”-ENSURE төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл нь хууль бус хулгайн ан агнуурын улмаас ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах зорилгыг агуулна.

Монгол орны нэн ховор амьтан Баданга хүдэр /Moshus moshiferus/-ийг Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах ажлыг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, судлаачид удирдан барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сарын 7-15-ны өдрүүдэд мөн 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

БОАЖЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган, Ихтамир сумын нутгаас Баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Байгалиас хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн зүгээс Архангай аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд хамтран оролцож байна.

Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр нь “Ойн амьтдын цагдаа” юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлсон байдаг.