Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хил хаагдах нь бэрхшээл ч боломж болгож болно

Эрээнд ковид гарсан гэх шалтгаанаар Хятад хилээ хаагаад хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна. Дам яриа сонсох нь ээ, Бээжинд ирэх оны хоёрдугаар сард болох өвлийн олимпийг хүртэл урд хөрш маань хилээ нээхгүй чангалж цааш харах бололтой. Хэрвээ дам яриа үнэн бол энэ өвөл хил нээгдэхгүй, бусдын гар харж амь зууж ирсэн тэжээлийн хурга шиг монголчуудын хувьд өвчин зовлон хүйтэн нойтонд амаргүй даваатай нүүр тулах нь. Идэж уух, өмсөж зүүх, хэрэглээ арилжаанаас аваад бүхий зүйл нь ганцхан Замын-Үүдээр дамжиж гаднаас ирдэг Монголд өнөөдөр бүх юм ховордож эхэлж байна. Дэлгүүрийн лангуу сийрсэн байна. Мах, гурил, өргөн хэрэглээний хүнсний ногоо нь байхад эрхбиш өлбөрөөд үхчихдэггүй юм аа гэхэд өвчин тахалд нийтээрээ нэрвэгдсэн хүнд бэрх цагт дуслын шингэн, тариур тасарч байгаа нь аймшигтай.

Тарилгын эмийн үйлдвэрт дуслын шингэнээ эрхбиш өөрсдөө хийдэг юм гэсэн. Тариурын шингэн болох натри хлори давсны уусмалаа өөрсдөө хийдэг ч түүнийг савладаг гялгар уут сав баглааг гаднаас авдаг. Мөн ковид гарснаас хойших хоёр жил гаруй хугацаанд ганц баттай оношлуур ч байдаггүй, бүр сүүлдээ Эрүүл мэндийн сайд нь хүртэл хуурамч хариу гаргадаг оношлуур гаднаас оруулж ирж 1.5 тэрбумаар улсдаа шахсан гээд сууж байдаг. Хуучин тариурын үйлдвэртэй байсан, хөдөө аймаг сумдынхаа эмнэлгийг тариураар хангадаг байсан. Гэтэл өнөөдөр хаана байгаа нь мэдэгдэхгүй, эм тариур тасарлаа гэхэд хүн бүхэн өнөө үйлдвэртэйгээ санатал хэдийнэ дампуураад алга болсон байх жишээний. Ийнхүү хуучин байсан үйлдвэр аж ахуйн нэгжээ шинжлэх ухааны үндэслэл тооцоололтой улам хөгжүүлж, шинэ түвшинд гаргаж боловсронгуй болгох байтал үүд хаалгыг нь барьж бүх зүйлд бэлэнчлэх сэтгэлгээгээр явж ирснийхээ горыг өнөөдөр ясандаа тултал мэдэрч байна. Үйлдвэрлэгч орон биш, зүгээр бусдыг харж гараа хумхиж, элгээ эвхэж, харин дээр дооргүй, дарга цэрэггүй шүлсээ үсчүүлж, хий хоосон үлгэр улс төр ярьж ирснийхээ үнэн нүүр царайг монголчууд бид одоо харж байна. Бүх юмны үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Цаашид бид яах ёстой вэ гэдэг асуулт улс орны өмнө, хүн бүхний өмнө тулгарч байна.

Одоогоос яг 100 жилийн өмнө Монголын Автономит засаглал нуран унаж, тухайн үеийн сайд ноёдууд бараа таваар ховордлоо, цалин цаваггүй боллоо, амьдрах аргагүйд хүрлээ, манжтайгаа, хятадтайгаа байсан нь хамаагүй дээр байж гээд Хятадад дагаар орж, Автономит Монголыг устгахыг хүлээн зөвшөөрч байсан түүх бий. Одоо бид өмнөх шигээ “Эрээний хил нээгдэхгүй юм байна. Монгол Улс цаашид оршин тогтноход бэрхшээл тулгарлаа” гээд Хятадад дагаар оролтой нь биш дээ. Яадаг ч байсан бид туурга тусгаар улс. Тусгаар улсын ном журмын дагуу урагшлах хэрэгтэй. Гэхдээ биднийг Хятадад дагаар оруулчих гэсэн яриа мэр сэр дуулдаж л байдаг. “Өвөрлөгч нөхдүүд маань санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байна” гээд л ятгаад ч байгаа юм шиг, гайхуулаад ч байгаа юм шиг тиймэрхүү яриа гардаг. Энэ хорвоо дээр тусгаар улсын иргэн байх шиг үнэтэй хувь заяа үгүй. Тэгэхээр монголчууд минь яадаг ч байсан бүгдээрээ тэсээд гарна.

Бэрхшээлийг боломж болгох тухай бид сүүлийн 30 жил амаа цангатал ярьсан. Хил хаагдаж, гаднаасаа түгжигдсэн мэт бэрхшээлийн өмнө бүгдээрээ ирсэн ч үүнийгээ боломж гэж харах, одоо л дотооддоо улс шиг улс болон өндийх цаг минь болжээ гэж харж байгаа хүмүүс хэр олон байна вэ. Бэрхшээлийг боломж болгох, улс шиг улс болон өндийхөд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж таарна. Юуны өмнө гаалийн татварыг маш өндөр тавьж өгөх хэрэгтэй. Бүр тэнгэрт хадсан өндөр татвартай байх хэрэгтэй. Ялангуяа үнэ нь өсөөд байгаа нарийн ногооны үнийг огт буулгахгүй, яг энэ чигээр нь байлгаж гаалийн татварыг нь өндөр тогтоож өгөх шаардлагатай байна. Тэгж гэмээнэ хойтон өдийд урд хөршөөсөө огурцы, помидор, брокколи, яншуй, чинжүү царайчлаад, хоолны газрууд эдгээр ногоо байхгүй гэж урваганаж шарваганаад, нарийн ногооны худалдаачид санаанд орсон үнээ хэлж даварцгаахгүй. Манайхан хэдийнэ нарийн ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах тухай яриад Угтаалынх үнэтэй, Жаргалантынх чанартай гэх мэт шалихгүй хэрүүл л гарах байх.

Ер нь импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн нь улс орныг элгээ эвхэхэд хүргэдэг юм байна. Жишээлбэл, нарийн ногоо юмуу, чихэр жимс хүнсний өөр ямар бүтээгдэхүүн байна импортын татваргүй шахам орж ирээд манай жижиг зах зээлд ноёлж, хаанчилж байдаг. Харин тэр бүхний татварыг тэнгэрт хадтал нь өндөр тавиад Монголдоо бүтээх, үйлдвэрлэхийг бид хийж хэрэгжүүлэх цаг нь болсон. Нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн бүхнээ одоо Монголдоо үйлдвэрлэе. “Монгол Улс үйлдвэрлэгч орон болно” гэдэг үг үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын ард түмний тархийг угаасан, монголчуудаа басамжлан доромжилсон худлаа лоозон болсоор ирсэн. Үүнийг одоо бодит ажил болгоцгооё. Аль юм болгон бид нэгнээ хуурч, өөрсдийгөө хуурч, улс орныхоо хувь заяаг огтхон боддоггүй, зөвхөн хар амиа хичээж явах юм бэ.

“Бид дуслын шингэнээ, нэг удаагийн тариураа хийж байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэн улс оронд баялаг үйлдвэрлэх гээд зүтгэж байна. Дуслын шингэний гялгар уутыг ч хийх боломж байгаа. Гэвч судалгаа шинжилгээний үр дүнг технологи дамжуулах хоолой руу оруулж байж бид үйлдвэрлэгч болно. Харин эрдэмтдийн судалгааны бүтээл зүгээр цаасан дээр бичигдээд архивлагдаж байна. Төрийн бодлого тасалдаж байна. Эрх баригчид технологи үйлдвэрлэх улс оронд хэрэгтэй зүйл гэдгийг бодохгүй, өөрт ямар ашигтай, би эндээс юу хожих вэ гэдгээ л бодож байна. Хэрвээ өөрт нь ашиггүй бол улс оронд хичнээн хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч тухайн ажлыг шууд хаядаг. Үүний үнэн байдал өнөөдөр дуслын шингэнээ савлачих баглаагүй л сууж байна” гэж Анагаахын хүрээлэнгийн эрдэмтэн Д.Энх-Амгалан хэлж байна. Тэрээр эм гаргаж байгаа Моносын хүрээлэн, уламжлалтын бүх эмийг судалж технологид нэвтрүүлж байгаа газар, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн мэргэжлийн лаборатори гээд том том хүрээлэнгүүдийг түшиглэн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэж хэлсэн.

Мөн хавдрын эсийг 47 хувь сааруулах үйлчилгээтэй эмийг мэргэжлийн судлаачид тогтоочихоод байхад төр засгийнхан тоохгүй байхад эрүүл мэндийн салбар манайд яаж ч хөгжих юм бэ гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Тэгвэл ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод хүнсний зүйлээ бид гаднаас авахгүй, дотооддоо үйлдвэрлэгч орон байх бүрэн боломжтой. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол химийн аж үйлдвэрийн суурь тавигдана.

Тэгвэл сав баглаа боодол бүхнийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Цагаан будаа Монголд тарих боломж бий. Хуурай газарт тарьдаг цагаан будааны сортууд гараад ирчихсэн. Халх голын бүс нутаг цагаан будаа тарихад боломжтой бүс нутаг гэдгийг гадны эрдэмтэд судлаад тогтоочихсон юм шүү. Техник технологийн салбарын тухайд бол Монголд ойрын хугацаанд хэцүү. Машины үйлдвэр байгуулаад манайд ашиггүй.

Харин хүнсний бүтээгдэхүүнээ бид гаднаас авахгүй байх боломжтой. Хийжүүлсэн ундаа зэргийг бид үйлдвэрлэхэд бэлэн. Чихэр боовны үйлдвэр гэж хуучин байлаа. Шоколад, кокао гэх хоёр зүйлийг гаднаас авч магад, түүнээс бусдыг нь бид хийх боломжтой” гэдгийг мөн хэлж байна. Тэрээр 2050 он гэж холыг харах нь зөв ч тав таван жилийн тооцоололтой явах хэрэгтэй. Хэн, юу хийж чадах нь уугээд бужигнуулаад, дараа нь хэн хэнтэйгээ хамтарч чадах нь уу гэдгийг хараад, төрөөс бодлогоор дэмжээд татаасыг нь өгөөд эхэлбэл хүнсээ хангадаг үйлдвэрлэгч орон болоод эхэлнэ гэдгийг баттай хэлсэн юм.

Манайд дөрвөн улирлын хүлэмжийг доод тал нь 30, дээд тал нь 100 га-д хийх бүрэн бололцоотойг эрдэмтэд судалгаатай хэлдэг. 1976-1980 оны хооронд Дэвшилийн хүлэмж, Эрдэнэтийн Улаан толгойн хүлэмж гээд арваад га-гийн хүлэмжийн аж ахуй эрхлээд Эрдэнэтэд огурцы, помидорын илүүдэл болж Улаан-Үд, Эрхүүд гаргаж байсан гэдэг. “Эрдэнэт уурхайн дэд бүтэц, туслах аж ахуйнуудыг түшиглэн, мөн 620 ажилтантай механик цехийг түшиглэн хүлэмжийн аж ахуй бий болгоё. Тэнд мөн ган хайлуулдаг үйлдвэр бий. Хүлэмжинд ногоогоо тариад, мах комбинат, ноос ноолуур, хивсний үйлдвэрээ ажиллуулаад, гангийнхаа үйлдвэрт бага оврын трактор угсраад явах бүх тооцоолол нь гарчихсан. Засгийн газрын тогтоол хүртэл гарсан. Гэвч өнөөг хүртэл энэ төсөл хэрэгжихгүй, төр засгийн зүгээс хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ” гэдгийг ХААИС-ийн багш Батдэлгэр сүүлийн хэдэн жил хөөцөлдөөд гайхширал тасраад сууж байна.

Монголчууд бид идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүхнээ өөрсдөө хийх бүрэн бололцоотой нь хүмүүсийн хэлсэн үг, үй түмэн жишээ баримтаас харагдаж байна. Үйлдвэрлэгч орон болоход ердөө ганцхан юм л байгааг эрдэмтэд, бизнесмэнүүд, энгийн иргэд шууд хэлдэг. Эрх баригчид шунаг шунахай зангаа татаж, өөрсдийгөө биш улс орноо бодсон шийдвэр гаргах. Ердөө л энэ. Ах дүү, найз нөхөд, нутаг нуга, жалга довоороо нийлж улсаа цөлмөж, өөрт ашиггүй л бол өнгөтэй өөдтэй бүхний “амийг тасдаж” хорлодгоо болих хэрэгтэй.

Сүүлд нь хэлэхэд, хил хаахад хожсон хүмүүс Монголд бас байна. Төмс нарийн ногоочид хожиж, хураасан ургац нь өмнөх жилүүдээс харьцангуй үнэтэй гүйлгээ сайтай байна гэцгээж байна. Тэд “Өмнө нь ийм их төмс ногоог гаднаас оруулж ирдэг байж” хэмээн гайхацгааж байсан. Хэрвээ хил хаалтгүй байсан бол ногоочид дор бүрнээ хэдэн төгрөгтэй болж магнай тэнийхгүй төмс, ногоо нь үнэд хүрэхгүй байх байлаа. Дөрөв тавхан ченж хятадуудтай нийлж гаднаас төмс оруулж ирээд Хятадын хэдэн ногоочид баяжиж, манайхан дампуурцгаадаг энэ жишиг өнөө жил хил хаасны буянаар таслагдлаа. Тэгэхээр хил хаагдсан нь бэрхшээл мөн ч ногоочид шиг олон хүмүүст боломж болж ирж байна. Тасалдсан бараа болгоныг бүртгээд, тэр бүрийг хийж эхэлбэл ямар их боломж хөдөлмөрийн зах зээл байгааг бид одоо л ухаарч харж эхэлж байна. Хамгийн гол нь биднийг дотооддоо үйлдвэрлэгч орон болж, бусдаас хараат бус тусгаар улс шиг байхыг сануулж байна. Дээрээс нь би үүнийг хийж чадна гэсэн бодлыг монгол хүн бүрийн тархинд суулгаж өгөх нь, бас дэмжиж тусалж өгөх нь эрх баригчдын заавал хийх ёстой ажил болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 08-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 177, нэмэлт сэргээх тунд 3842, нийт 4095 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2958 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67630 (76.1 хувь), 16-17 насны 26596 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт Улаанбаатар хотод явуулын 43, суурин 44 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Зах зээлд шинэ койн гаргахыг түр хориглолоо

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль эцэслэн батлагдах хүртэл зах зээлд шинэ койн гаргахыг Санхүүгийн зохицуулах хорооноос хориглолоо. Тус хорооноос гаргасан албан мэдэгдэлд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдах хүртэл шинэ койн зарлах, арилжаа зохион байгуулах, зуучлах үйл ажиллагаа эрхэлвэл тухайн байгууллага учирсан хохирлыг бүрэн хариуцах болохыг сануулжээ.

Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Дижитал хөрөнгийн бирж болох COINHUB “Крипто биржээр дамжуулан олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа”-г түр зогсоож буйгаа зарлалаа. COINHUB-ийн мэдэгдэлд гэжээ.

“Эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу COINHUB бирж нь IEO-Initial Exchange Offering буюу “Крипто биржээр дамжуулан олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа”-г түр зогсоож байна. Тус мэдэгдэлд ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ хууль батлагдаж, хэрэгжих хүртэл IEO хийхийг түр зогсоох чиглэл ирүүлсэн болно. Тиймээс бид COINHUB бирж дээр төлөвлөгдөж байсан Гэрэгэ Системс ХХК-ийн “Devita-Life token” болон Ворлд Плас Дижитал ХХК-ийн “World Plus” IEO-уудыг түр хугацаанд хойшлуулж буйг үүгээр мэдэгдэж тус байгууллагуудаас болон хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчиж байна” гэжээ.

Үүний өмнө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтарсан мэдэгдэл гаргаж виртуал хөрөнгөөс үүдэлтэй ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг анхааруулж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Адьшаа: Төрийн нэрээр татвар хураамж авч, хувийн компаниудыг санхүүжүүлдэг буруу жишгийг өөрчлөх ёстой

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ярилцлаа.


-Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн өргөн барьсан. Уг хуулийг өргөн барих шалтгаан нөхцөл юу байв?

-Жолоочийн даатгалын тухай хуульд бодлого, тогтолцооны хувьд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд төр 230 тэрбум төгрөг жолооч нараас хураан авч төвлөрүүлснээс 110 тэрбум төгрөгийг осол гаргасан жолооч нарт нөхөн төлбөрт олгосон байна. Үлдсэн 120 тэрбум төгрөгийг хуримтлал бий болгох, үйл ажиллагааны зардлаар ашигласан гэх санхүүгийн тайлан гарсан байна лээ. Тиймээс энэ хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага байна. Учир нь одоо хэрэгжиж байгаа хууль өнөөгийн нийгмийн шаардлагыг биелүүлж чадахгүй байна. Мөн осол гаргасан иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг, нөгөө талаас хүнд үйлчлэх, жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зөв бодлого явуулах хууль эрх зүйн орчин дутагдалтай. Төрийн нэрээр иргэдээс албан татвар, хураамж авч, хувийн компаниудыг санхүүжүүлдэг буруу жишгийг бид өөрчлөх ёстой. Монгол Улсад нийт 91 мянга 685 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд бүгд зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа бөгөөд ковидын үед бүгдийнх нь орлого тасалдаж, хүнд байдалд байхад 14-хөн компанид төр албан журмаар, албадлагын аргаар нийт жолооч нараас мөнгө хурааж, халаасанд нь ашиг орлого болгон өгсөөр 10 жил боллоо.

-Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалаас жилд нийт хичнээн тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хэдийг нь иргэдийн нөхөн олговорт эргүүлэн олгож байна вэ?

-Даатгалын нэр бүхий 14 компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас жилдээ нийт 30 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төрийн оролцоотойгоор татвартай адил албадлагын аргаар төвлөрүүлдэг бол үүний 50 орчим хувийг жолооч нарт нөхөн төлбөрт олгож байна гэсэн тоон мэдээ бий. Энэ онд буюу 2021 онд нөхөн төлбөрт 38.2 хувийг олгосон байна. Мэдээж даатгалын компаниуд Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой тодорхой хэмжээний зардал гарах ч СЗХ-оос өгсөн мэдээллээс харахад энэхүү албан журмын даатгалаас төрийн оролцоотойгоор ихээхэн хэмжээний ашиг олж байгаа нь тодорхой байна.Жолооч нар албан журмын даатгалд даатгуулсан хэрнээ осол, аваар гаргасан тохиолдолд олон шалгуур үзүүлэлтийг хангаж байж, даатгалаас авах ёстой үнийн дүнгийнхээ тал орчим хувийг л олж авч байна. Даатгалын компаниуд зөрчил гаргасан жолоочид аль болох бага зардал олгох бодлого баримталж ирсэн. Тиймээс бид Монгол Улсын нийт иргэний төлөө л энэ хуулинд өөрчлөлт оруулахыг зорьж байгаа.

-Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд гар дүрж, бизнесийг нь булаахыг оролдож байна гэх байр суурь ч нийгэмд байна?

-Сүүлийн үед даатгалын компаниудаас ил далд хэлбэрээр Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Төр, хувийн компанийн дотоод хэрэгт оролцсон мэтээр олон нийтийн сүлжээгээр цацаж, зохион байгуулалттайгаар энэ хуулийн төслийг харлуулахын төлөө ажиллаж байгаад харамсаж байгаа. Одоогийн албан журмын даатгалын тогтолцоог өөрчилснөөр иргэдэд л ашигтай. Өнөөдрийн үйлчилж байгаа даатгалын систем бол ашиг олохын төлөө цэвэр бизнесийн үйл ажиллагаа байгаа юм. Үнэхээр даатгалын компаниуд бизнесийн алтан дундаж зарчмаар үйл ажиллагаагаа явуулсан бол ямар ч маргах асуудал байхгүй. Ил тод, нээлттэй иргэдийн төлөө үйлчилж байгаа компаниудын үйл ажиллагаанд төр оролцож байгаа бол төр хувийн хэвшлийг устгах бодлого баримталж байна гэж ойлгож болно. Гэтэл төрийн нэрээр иргэдээсээ хураамж аваад түүнийгээ хувийн компаниуд, тэр дундаа улстөрчдийн нөлөө бүхий хэдхэн компаниудыг санхүүжүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хувийн хэвшлийг төр дэмжих ёстой нь үнэн боловч энэхүү дэмжлэг нь дээрх байдлаар хэн нэг компанийг зүй бусаар дэмжихийг хэлэхгүй.Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан.Төр нь хувийн хэвшлийг нийтлэг байдлаар, бүх аж ахуй эрхлэгчдэд хүртээмжтэй, тэгш дэмжих ёстой юм. Тухайлбал, аж ахуй эрхлэгчдийг татварын бодлогоор, төсвийн бодлогоор, хөрөнгө оруулалтыг дэмжих, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, аливаа саад тотгорыг багасгаж, таатай орчин бүрдүүлэх, улс орон, хүн амын эрх ашгийн төлөө зарим салбарыг татаасаар дэмждэг юм. Одоогийн Жолоочийн хариуцлагын даатгал дахь төрийн зохицуулалтыг төрийн дэмжлэг гэхээс илүү улс төр-бизнесийн хуйвалдаан гэвэл зохилтой. Энэ их хэмжээний орлогыг төвлөрүүлдэг ихэнх даатгалын компаниуд жолооч нарын хохирлыг барагдуулахад туйлын хойрго бөгөөд хохирлыг бүрэн гүйцэд үнэлүүлж, барагдуулдаггүйгээс гадна олсон ашгаасаа зам тээврийн ослыг бууруулах үйл ажиллагаанд огт мөнгө зарцуулдаггүй. Учир нь энэхүү даатгалыг ашгийн төлөөх компаниуд гүйцэтгэдэг учраас тэд ашгийн мөнгөөсөө иргэдэд зарцуулахаас илүү өөрсдөө хүртэхийг л эрмэлздэг юм.

-Жил бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулдаг хэрнээ осол аваар гаргадаггүй, хариуцлагатай жолооч нар олон байдаг. Эдгээр иргэдэд хуулийн өөрчлөлтөөр ямар боломжууд бий болох вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниуд арилжааны нийт 16 төрлийн 68 бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгааг хууль санаачлагч гишүүд огт хөндөөгүй бөгөөд даатгалын компаниуд зах зээлийн зарчимд нийцсэн эдгээр үйлчилгээгээ үзүүлсээр байх болно. Эдгээрээс ганцхан төрлийн үйлчилгээ буюу жолоочийн хариуцлагын даатгалын орлогыг нь төрийн оролцоотойгоор албан журмаар буюу албадлагын аргаар иргэдээс хураадаг учраас ашгийн бус хуулийн этгээд гүйцэтгэдэг болгохыг зорьж байгаа юм. Хэрэв ашгийн төлөө бус байгууллагад энэ үйлчилгээний эрхийг өгвөл осолд өртсөн жолооч нарын хохирлыг бодитоор бүрэн, шуурхай барагдуулахаас гадна дундын сангийн ашгийг осол гаргаагүй олонх, улмаар нийт жолооч нарын эрх ашгийн төлөө зарцуулдаг болох юм. Тухайлбал, осол гаргаагүй жолооч нарын хураамжийг бууруулахаас гадна жолооч нарыг соён гэгээрүүлэх, осол ихээр гардаг хар цэгүүдийн замыг өргөтгөх, засах, гүүрэн болон нүхэн гарц байгуулах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, авто зогсоол барих гэм мэтээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зардалд зарцуулах боломжтой болох юм. Жолоочийн хариуцлагын даатгалын гол үзэл санаа буюу зорилго, зарчим нь ийм бөгөөд дэлхийн олон улс оронд ийм практик хэрэгжиж байна.

-Төр муу менежер гэх шүүмжлэл бий. Албан журмын даатгалыг төр авснаар одоо байгаагаас дээрдүүлнэ гэж үзэж байна уу?

– Төр муу менежер гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй. Зөв менежер хийгээд ашигтай ажиллаж байгаа төслүүд олон бий. Иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа олгож ногдол ашиг хүртээж байгаа “Эрдэнэс Таван толгой”, 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжсэн Эрдэнэт үйлдвэр гэх мэт сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж байгаа компаниуд бий. БНХАУ-д төрийн компаниуд нь хамгийн өндөр ашигтай ажилладаг. Төр муу менежер гэх ойлголт бол муу гэх нэрийг төрд зүүлгээд улсын, төрийн мэдлийн өмч хөрөнгийг өөртөө авч завших, төр муу гэх нэрээр төрийн өмчийг хувийн хэвшил авч сайжуурлна гэсэн ийм л ойлголтоор уг цуурхлыг тарааж байгаа. Төрийн нэрээр зүй бусаар олж байгаа асар их ашгаа алдахгүйн тулд зарим нэг даатгалын компаниуд их хэмжээний мөнгийг хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүдийг лоббидоход зориулж зарцуулж байна. Тэд хуулийн өөрчлөлтийн мөн чанарыг гуйвуулахын тулд хувийн хэвшлийн бизнесийг төр булааж байна, даатгалын салбарыг төр бүтнээр нь авах гэж байна, НД, ЭМД шиг дампууруулах гэж байна, төр данхайх гэж байна гэх мэт олон сөрөг мэдээлэл тарааж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөвт, “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан бөгөөд албан татвар хураадагтай яг адил албан журмаар хураадаг зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн оролцоотой хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зорилго тавьсан.Жолоочийн хариуцлагын даатгал албан журмын байх ёстой. Учир нь осол гарвал буруутай этгээд хохирлыг барагдуулах мөнгөгүй бол бусдын эрх ашиг хохирох эрсдэлээс сэргийлж байгаа юм. Гагцхүү Монгол Улсад албан татвартай адил албан журмаар, албадлагын аргаар хураадаг бүх даатгалыг ашгийн бус хуулийн этгээд гүйцэтгэдэг бол зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөөх компаниуд гүйцэтгээд 10 жил болсон уг даатгалын үйлчилгээ үндсэн зорилгоосоо ихээхэн гажуудсан юм. Ашиггүй юм бол тухайн хувийн байгууллагууд яагаад улайран зүтгэж, улстөрчдийг лоббидоод, их хэмжээний мөнгө зарцуулаад байгаа юм бол… Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Жолоочийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан бөгөөд үүний цаана жолооч нарын эрх ашгийг хангахыг зорьсон болохоос, өөр хувийн ямар ч эрх ашиг байх үндэслэлгүй юм.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын 5, Суулга одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:49 цагт мандан, 17:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 23-28 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монголын том компаниуд зар сурталчилгааны олон сая долларыг гадаадын компаниудад тушаадаг” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “Сөрөг хүчний дуу хоолойг
парламентад хүргэхийн тулд сүүдрийн
Засгийн газрын түвшинд ажиллана” гэснийг II
нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Төсвөөс биш түүхээс бүтсэн
андлал” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын том компаниуд зар сурталчилгааны олон сая
долларыг гадаадын компаниудад тушаадаг” гэв

“Ковидод цацсан хагас их
наяд төгрөг хаачив” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Эрх зүйн магистрант О.Энхмаа “Түлэнхийн төвийг бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад 10 гаруй жил өнгөрлөө” гэлээ.

Токүшима
муж дахь Монгол Улсын
өргөмжит консул Каваүчи Широ “Газрын зураг
хайж байгаад санамсаргүй “Алтан
гэрэгэ” олсон” тухай сурвалжлагыг “Тэд бидний тухай” булангаас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа цахим визээр солонгос жуулчин ирлээ

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож буй. Тэгвэл Монгол Улс анх удаа цахим визээр гадаадын иргэн нэвтрүүллээ.

Цахим визээр нэвтэрсэн анхны гадаадын иргэн нь Солонгос улсын иргэн Ким Тэк Хээ байсан бөгөөд 2021 оны аравдугаар сарын 25-нд жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, ийнхүү мөн сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр Монгол Улсад иржээ.

Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг манай улс цахимаар олгож байна.

Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены чансаа 38 хувиар буурчээ

бы

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены талаар америкчуудын үнэлэмж 37,8 хувиар буурчээ. Энэ талаар “USA Today” сонин Саффолкийн Их Сургуультай хамтран явуулсан судалгааны үр дүнгээс иш татан мэдээлжээ.

Судалгаанд оролцогчдын 59 хувь нь Жо Байдены төрийн тэргүүний хувиар авч хэрэгжүүлж буй бодлогыг “сөрөг” гэж дүгнэсэн бол 3,2 хувь нь асуултад хариулахаас татгалзжээ. Түүнчлэн Ардчилсан намын дэмжигчдийн 28 хувь нь түүнийг 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвшүүлэхийг эрс эсэргүүцжээ.

Харин АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын 27,8 хувь нь хүлээн зөвшөөрч, дэмжсэн аж. Судалгаанд оролцогчдын дөнгөж 12 хувь нь Конгрессын гишүүдийн үйл ажиллагааг эерэгээр илэрхийлжээ.

Энэхүү судалгааг арваннэгдүгээр сарын 3-5-ны хооронд 1000 хүний дунд явуулжээ.