Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нярай хүүхдийн хамрыг муур гэмтээснээс болж нас баржээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр тус суманд оршин суух бүртгэлтэй нялх хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдан, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байна.

Categories
гадаад мэдээ

Жо Байден В.Путинд амлалтаа биелүүлсэн гэдгээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгнө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд амласан амлалтаа биелүүлсэн гэдгээ мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа “АНУ кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөх арга хэмжээ авна. Хакеруудыг дэлхийн өнцөг булан бүрээс бариулна” хэмээн мэдэгдэж байсан бол өчигдөр “Бид энэ амлалтаа хэрэгцүүллээ” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын тал ОХУ-ын иргэн Евгений Полянский, Украины Ярослав Васинский нарыг кибер залилангийн хэргээр буруутгаж байгаа нь тодорхой болсны дараа тэдний тухай баримт бичгүүдийг ил болгож эхэлжээ.

Байден энэ талаар “Бид холбооны Засгийн газрын бүрэн эрх мэдлийг цахим ертөнцөөр хорлон сүйтгэхийг оролдож буй гэмт хэрэгтнүүдийн явуулгыг таслан зогсоож, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, золиосны мөнгө авахын тулд виртуаль валютыг урвуулан ашиглахтай тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг ашиглан хээл хахуулийн экосистемийг эвдэж буй гэмт хэрэгтэй тэмцэж байна.

Энэ чиглэлд бидэнд хийх зүйл их байгаа ч Америк хамгийн чухал нь дэд бүтцийг бэхжүүлэх алхмуудаа хийж чадсан гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 сая төгрөгөөр борлууллаа

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа.

Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм.

Зураачид зургийн судалгааны ажилд 10 орчим жил зарцуулж, мөн 10 гаруй жилийн турш зурж дуусгасан бөгөөд зурагт дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн тогтоц, улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, улс орныг нь тодотгодог бүтээн байгуулалт зэргийг онцлон 193 улсыг нэг хавтгайд багтаан зурсан юм. Зурагт нийт 5000 гаруй дүр дүрслэл багтсан нь монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурагдсан, “монгол зураг” гэх өвөрмөц хэв шинжийг бүхэлдээ агуулжээ.

Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Монгол NFT” компани дижитал хэлбэрт оруулсан юм.

Улмаар өчигдөр монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа. Тухайлбал, зураг 193 улсаас бүрдэж буйгаас өчигдөр Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн 5 хэсгийн дижитал зургийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан юм.

“Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давдагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Бидний амьдралын хэв маяг маш хурдтай өөрчлөгдөж байна. Фэйсбүүк гэхэд олон хэмжээст ертөнц рүү хурдацтай шилжиж байгаа гэдгээ дэлхий дахинаа зарлалаа. Энэ өөрчлөлтийг дагаад соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжууд бий болж байгаа юм. 2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болсон байна.

Бид өнөөдөр энэ виртуал эдийн засгийн харилцаанд орж, байгалийн баялгаа экспортлохоос илүүтэй шавхагдашгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортолж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой гэдгийг нотлон харууллаа.

Та бүхэн сүүлийн үед NFT буюу цор ганц, давтагдашгүй зүйлийн дижитал хувилбар гэдгийг олон сонссон байх. Харин өнөөдөр бид Монголын уран зургийн сор болсон бүтээлүүдийн нэгийг амжилттай дижитал хувилбарт шилжүүлж, зах зээлийн үнээс өндөрөөр борлуулж, энэ чиглэлээр уран бүтээлчдээ дэмжих бүрэн боломж байгаа гэдгийг харлаа. Дашрамд дурдахад эх бүтээл нь эх орондоо, уран бүтээлчдээ өөрт нь үлдэж байгааг дуулгах байна.

Цаашид Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, таниулах шинэ алхам нээгдлээ.

Энэхүү виртуал гүүр тавигдсанаар Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт оруулах өгөөж хэд дахин өсөх боломжтой” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Тооны марафон” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын “Тооны марафон” төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг олон улсын их мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 941 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 941 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 700 нь Улаанбаатар хотод, 241 нь орон нутагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1756 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12113 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 31527 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 5246
  • Хүндэвтэр- 5198
  • Хүнд- 1393
  • Маш хүнд- 276 хүн байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ-аас Афганистан руу 5000 хүүхдийг эмчлэх эмийн багц илгээжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/ Афганистан руу 5 мянган хүүхдийг эмчлэхэд шаардлагатай эм, нэмэлт хэрэгслийн багцыг илгээжээ.

Тусламжийн ачааг агаарын тээврийн “Qatar Airways” компани болон Катарын Засгийн газартай хамтран хүргэсэн байна. Хүмүүнлэгийн тусламжид хоол тэжээлийн дутагдал, суулгалт, уушгины хатгалгаа, амьсгалын дээд замын халдвар болон бусад өвчнөөр шаналж буй 5000 хүүхдийг эмчлэх эмийн багц багтсан байна.

ДЭМБ-аас өмнө нь мэдээлснээр, долоон тонн жинтэй ачаа Афганистаны нийслэл Кабул хотод 11 дүгээр сарын 4-нд иржээ. Тус байгууллага наймдугаар сарын 30-наас хойш нийт 60 тонн жинтэй, 1.5 сая хүний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээний хүмүүнлэгийн тусламжийн дөрвөн ачааг Катар улсаар дамжуулан Афганистанд хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд тэд эх орондоо хүрэлцэн ирсээр байна.

Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бол хоёр дахь цувааны бүрэлдэхүүн өчигдөр амжилттай газардлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болон өдгөө тэдний халааг авч, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажиллагааг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тэргүүтэй албаныхан БНӨСУ-д хүрэлцэн очиж, амжилттай зохион байгуулсан юм.

Энхийн үйлсэд хувь нэмрээ оруулсан тус цэргийн багийн дараагийн ээлжийн бие бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр хуваарьт заагдсан өдрүүдэд эх орондоо хүрэлцэн ирнэ.

Өдгөө энэхүү ажиллагааны газар оронд Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатаар ахлуулсан бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж эхэллээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Categories
мэдээ нийгэм

Бөө мөргөлийн зан үйл хийж байгаад гал алджээ

Өнгөрсөн сарын сүүлээр Морь барианы орчимд иргэн бөө мөргөлийн зан үйл үйлдэж байгаад гал алдаж 5 орчим га газрыг шатаасан зөрчил гарчээ. Мөн 10-р сарын 31-нд Дэнж багт шар өвс шатаасны улмаас айлын байшин шатсан гэх дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллажээ. Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар буяны зан үйл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг Цагдаагийн газарт шилжүүлсэн байна

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолоочоос хахууль авсан замын цагдаа нарыг 10 сая төгрөгөөр торгожээ

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан Б, Б, Ц нар нь Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрний орчим замын хөдөлгөөнд оролцож байсан согтуу жолооч С-ыг илрүүлсэн ч, албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй 450,000 төгрөгийн хахууль авч, түүнийгээ хуваан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Гэвч хэрэгт холбогдогч Б, Б, Ц нарыг жолооч С-тэй уулзаж, мөнгө авсныг шүүхээс баримтаар тогтоожээ.

Хэдий тийм ч шүүгдэгч Б, Б, Ц нар урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болжээ.

Улмаар дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч Б, Б, Ц нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хамтран оролцсон байдал, гэмт хэргийн улмаас хахуульд авсан мөнгөний хэмжээ болон тэдний ар гэрийн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгч нарын хувийн байдыг харгалзан үзсэнээр шүүгдэгч Б-д нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар торгох ялаар шийтгэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчирлаа

“МИАТ” ТӨХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэг үйлдэж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирлаа.

Мөн энэ сарын 10-ний өдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг мөн тээвэрлэн авчрахаар төлөвлөж байна гэж “МИАТ” ТӨХК мэдээлэв.