Categories
гадаад мэдээ

ДЭМБ-д бүртгэгдээгүй вакцин хийлгэсэн иргэдийг АНУ нэвтрүүлэхгүй

АНУ арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунтай гаднын жуулчдад хилээ нээгээд буй. Уг шийдвэртэй холбоотойгоор ОХУ-ын Спутник V вакцин хийлгэсэн монгол иргэд тус улсад нэвтрэх боломжгүй болоод байна.

Монгол Улс ДЭМБ-ын бүртгэсэн AstraZeneca, Pfizer-BioNTech, BIBP/Sinopharm вакцинаас гадна ОХУ-ын Спутник V вакцинаар иргэдээ дархлаажуулсан. Харин дархлаа сэргээх гурав дахь тунг Pfizer болон BIBP/Sinopharm вакцинаар хийж байгаа.

Тэгвэл Спутник V вакцины хоёр тунд хамрагдсан иргэд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад тус улсад зорчих боломжтой эсэх талаар АНУ-ын ЭСЯ-наас тодруулахад “АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-ийн зөвлөгөөний дагуу албан ёсоор ДЭМБ-д бүртгэлтэй вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүсийг л нэвтрүүлж байгаа” гэдэг тайлбар өглөө.

ДЭМБ

  1. Janssen/J&J
  2. Pfizer-BioNTech
  3. Moderna
  4. AstraZeneca
  5. Covaxin
  6. Covishield
  7. BIBP/Sinopharm
  8. Sinovac

гэсэн вакцинуудыг бүртгээд буй.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв Монголд ашиглаж буй Pfizer вакцины хоёр дахь тунг эхний тунгаас 21 хоногийн дараа хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд хоёр дахь тунг хийлгээд 14 хоносон хүнийг бүрэн тунд хамрагдсанд тооцож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 оны 11-р сарын 09-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 1-3 градус дулаан байна.


2021 оны 11 сарын 09-ний 20 цагаас 11 сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 24-28 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Өвлийн олимпийн тамирчдад тэтгэлэг гардууллаа

ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв. Харин“Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той хамтарсан гэрээ байгуулснаар тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин нэг сарын 750 ам.доллар буюу дөрвөн сар тутам 3000 ам.долларын тэтгэлэг авч байна. Бээжингийн олимпын тэтгэлэгт энэ удаа цанын ОУХМ Б.Ачбадрах (“Пёнчан-2018” өвлийн олимпод оролцсон), Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрийн ОУХМ А.Зул нар хамрагдаж байгаа юм. Тамирчдын тэтгэлгийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.

Энэ үеэр өвлийн олимпын эрхийн нөхцөл байдлын талаар холбоодын төлөөлөл мэдээлэл өгсөн юм. Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од “Нэгдүгээр сарын 16-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны эцсийн чансаа гарна. Энэ үеэр олимпын эрхийн байдал албан ёсоор тодорхой болох юм. Ямартай ч урьдчилсан байдлаар олимпын хоёр эрх аваад байна.

Манай тамирчид энэ ондоо дөрөв, он гаргаад хоёр тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Одоо оролцох Дэлхийн цомын зургаан гараандаа сайн уралдвал эрхийн тоогоо дахин нэгээр нэмэх боломжтой. Тэмцээн бүртээ FIS-ийн 100-гаас доош оноо авах буюу шилдэг тамирчдын эгнээнд орж байж олимпын эрх нэмэгдэнэ. Одоо тамирчдын маань хичээл зүтгэл, уралдааны үзүүлэлтээс бүх зүйл хамаарна.

Холбооны зүгээс тамирчдын бэлтгэл сургуулилтад нэлээд анхаарсан. Зуны сэргэлтийн бэлтгэлийг Монголдоо хоёр удаа хийсэн. Үргэлжлүүлээд шууд Швейцар улсыг зорьж, зун, намрын бэлтгэлээ базаалаа. Одоо Монголдоо ирж, БТСУХ-ны Спортын эрдэм шинжилгээний төв дээр эрүүл мэндийн үзлэгт орж, сэргэлтийн эм витаминаа хийлгэлээ. Энэ сарын 11-нд дахин Швейцарыг зорьж, швейцар дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийж, тэмцээнд орж байгаад нэгдүгээр сарын 19-нд Монголдоо ирэхээр төлөвлөөд байна” гэв.

Харин Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Гүйлтийн тэшүүрийн тамирчид Дэлхийн цомын эрхийг биелүүлж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон нь сүүлийн таван удаагийн олимпын мөчлөгийн хувьд анхны тохиолдол болж байна. Манай тамирчид Ковидын улмаас хоёр жилийн турш олон улсын тэмцээнд оролцоогүй, мөсөн дээр бэлтгэл бага хийсэн ч гэсэн амжилт харьцангуй сайн байна. Ялангуяа ОУХМ А.Зул, Я.Зоригтбаатар нар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож байна.

Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээний эхний цуврал арваннэгдүгээр сарын 12-14-нд Польшид болно. Манай тамирчид энэ тэмцээнд оролцохоор өнөөдөр Америкаас нисэж байна. Дараагийн цувралууд арванхоёрдугаар сард АНУ-ын Солт Лейк, Канадын Калгари хотод болно. Бид бүгдэд нь орохоор төлөвлөсөн.

Өмнө нь зохиогдсон Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай төрөлд А.Зул хоёрт, Я.Зоригтбаатар наймдугаар байрт орсон. Тамирчдынхаа тэмцээнд орж байгаа байдлыг харахад олимпын эрх авчих болов уу гэсэн найдлага байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: МҮОХ

Categories
мэдээ нийгэм

“Мунзуй” хочит Г.Нямдоржид хар тамхи хадгалсан хэргээр 2 жил хорих ял оногдуулжээ

“Мунзуй” буюу Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэжээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг шалгаж, НПГ-аас уг хоёр эмэгтэйг Эрүүгийн хуулийн 20.7.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан”, Г.Нямдорж буюу Мунзуйд тус хуулийн 20.8-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Г.Нямдорж, Ч.Шинэцэцэг, Н.Галмандах, тэдний өмгөөлөгч нарыг байлцуулан хэлэлцсэн хурлаас “Мунзуй” буюу Г.Нямдоржийг мансуурагчдыг орон байраар хангасан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэхээр боллоо. Харин шүүгдэгч Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хоёр жил хорих ял шийтгэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг нь дээрх хугацаагаар хасах ял оноов

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 250 сая болжээ

Өнөөдөр мягмар гараг /2021.11.09/-ийн өглөө Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 250,357,929 болж нэмэгдлээ гэж АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлэлд дурьджээ.

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,055,612 хүн нас баржээ.

“COVID-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил орсон хэвээр байгаа аж.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж, “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,366,987 болжээ. Тус улсад вирусийн халдвараар нас барсан хүний тоо 461,057 болж нэмэгджээ.

Коронавирусийн халдварын тархалтаар Дэлхийд гуравдугаарт Бразил улс орсон хэвээр байгаа юм. Тэнд цар тахлын үеэр 21,886,077 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 609,573 хүн нь нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeter” порталын мэдээлснээр, мягмар гарагийн өглөөний байдлаар Дэлхийн нэг сая хүн амд ногдох нас баралтын түвшин 650,6 байна. АНУ-д 1 сая хүн амд 2,327 хүн, Энэтхэгт 330, Бразилд 2,841 хүн нас баржээ.

(Эх сурвалж: WorldoMeter)

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдрөөс Катар Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Бин Ахмад Бин Твар Аль-Кувари нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, газрын тос, батлан хамгаалах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн, Катарт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, газрын тосны чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх, мөн катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцав. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотоллоо.

Эх сурвалж: ГХЯ

Categories
гадаад мэдээ

2022 онд АНУ-ын тэргүүн хатагтай нарын түүхэн цуврал кино гарна

АНУ-ын Тэргүүн хатагтай нарын амьдралын түүхийг харуулсан “Тэргүүн хатагтай” цуврал киног “Showtime” суваг 2022 оны эхээр гаргахаар “Showtime” мэдээлжээ.

Цувралын эхний ангиудад АНУ-ын гурван тэргүүн хатагтай Мишель Обама, Бетти Форд, Элеанор Рузвельт нарын тухай өгүүлэх аж. Уг шоу цувралд “Алтан бөмбөрцөг” шагналт жүжигчин Мишель Пфайффер 1974-1977 онуудад АНУ-ын Ерөнхийлөгч асан Жеральд Фордын эхнэр Тэргүүн хатагтай Бэтти Фордын дүрийг бүтээх аж. Харин Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельтийн эхнэрийн дүрийг “Эмми” шагналын эзэн Жиллиан Андресон бүтээнэ. Мишель Обамагийн дүрийг Академийн шагналт Виола Дэвис тус тус бүтээхээр болжээ.

Цувралыг “Өшөө авалт”, “Шувууны хайрцаг” гэх кинонуудыг найруулагч Сюзанн Бир, “12” киноны найруулагч Аарон Кули нар бүтээжээ. Киноны нээлт 2022 оны өвөл “Showtime” сувгаар цацагдах ажээ.

(Эх сурвалж: Kanobu)

Categories
мэдээ нийгэм

“Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт боллоо

УГТЭ-ийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 11 жилийн ойд зориулсан “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт 2021 оны 11 сарын 05, 06-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын зааланд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир нар нээлт хийж төр, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 219 эмч, эмнэлгийн мэргэжилтэн /цахимаар 97, тахимаар 122/ сургалтад хамрагдлаа. Орон нутгаас Орхон, Архангай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Говь-Алтай, Эрдэнэт, Дархан зэрэг аймгаас нийт 16 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.

Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо сургалтад 5 эрдэм шинжилгээний өгүүлэл, 16 лекц, 4 ховор тохиолдол танилцуулагдсанаас мэдрэлийн мэс заслын эмч Ш.Болд эмчийн “Хиймэл нуруу” төслийн хүрээнд Монгол хүний нурууны хиймэл нугалам бүтээх зорилгоор хийгдсэн хэмжилт судалгаа шилдэг илтгэлээр шалгарлаа.

Уг сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, лекц, ховор тохиолдлын эмхэтгэн “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” ном гаргасан. УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвөөс 11 дэх жилдээ уламжлал болгон дүрс оношилгооны чиглэл бүрээр сургалтыг эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хамруулан үндэсний хэмжээнд жилээс жилд өргөжүүлэн ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Categories
мэдээ нийгэм улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр батлах тогтоолын төслийг гишүүдийн 81.8 хувь дэмжлээ. Тэднийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тогтоолын төслийг УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэрлэн дохиогүй гарцаар шар дарцаг ашиглан гарна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг эхлүүлж байна.

2021 он гарснаас хойш улсын хэмжээнд хүүхэд оролцсон 371 гарснаас 40 хүүхэд нас баржээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь нийслэлд бүртгэгджээ.

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах зорилготой “Шар дарцаг” аян хэрэгжсэнээр зам тээврийн осол буурна гэж үзэж байна.

Гэрлэн дохиогүй замын гарцуудад шар дарцаг байрлуулах бөгөөд хүүхдүүд шар дарцгийг ашиглан дохио өгч зам хөндлөн гарах ажээ.