Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.
-Дэлхийн хотууд мэдээллийн технологи ашиглаж хурдтай хөгжиж, ухаалаг хот болохыг зорьж байна. Танай газраас энэ тал дээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж ирэв?
-Дэлхийн хотууд иргэдийнхээ аюулгүй байдал, оролцоог нь хангах, авлига хүнд суртлыг бууруулах гээд их хотод тулгардаг бүхий л асуудлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар шийдэхийг зорьж байна. Холын биш, ойрын буюу хөрш улсын жишээг татъя л даа. Москва хотын тогтолцоо нь Улаанбаатартай төстэй. Төрийн үйлчилгээ, хүнд суртал гээд багагүй л асуудалтай нүүр тулж байсан юм билээ. Тухайн дүүргийн асуудал, онцлогт тохирсон ухаалаг үйлчилгээтэй. Зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримт хөөцөлдөж очсон хүн 15 минутад багтаж ажлаа бүтээчихдэг ухаалаг тогтолцоотой. Ард нь асар том цахим мэдээллийн систем ажиллаж байгаа хэрэг. Нэмээд иргэдэд үйлчилж байгаа төрийн албан хаагчийн үнэлгээг шударга болгосон учраас судалгаагаар иргэдийн сэтгэл ханамж 97 хувьтай гарсан юм билээ.
Ер нь хот болгон энэ мэтээр дижитал шилжилтийн стратегитай ажилладаг.Манай Улаанбаатар хотын хувьд ч 2016-2020 онд төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд 26 төсөл хэрэгжүүлсэн. Одоо гэхэд “Нэг тархи-нэгдсэн систем” Улаанбаатар хотын дижитал шилжилтийн стратеги 2020-2024 төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд чухам ямар бодит үр дүн гарсан бэ?
-Хамгийн түрүүнд нийслэлийн 30 мянга гаруй төрийн албан хаагч, 1059 байгууллагыг холбосон мэдээлэл солилцох UB-ERP системийг байгууллаа.
Яг одоо, энэ цаг хугацаанд уг системд 3208 төрийн албан хаагч холбогдон, компьютерийнхээ ард суугаад ажиллаж байна. Албан бичиг, үүрэг даалгавар, өргөдөл гомдол, хурал уулзалт, сургалт судалгаа, цаг бүртгэл гэх мэт төрийн өдөр тутмын үйл ажиллагааны үндсэн үйл ажиллагаа энэ томоохон системээр шийдвэрлэгддэг болсон. Жишээ нь тухайн даргад очсон өргөдөл гомдол, үүрэг даалгавар, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэхгүй систем автоматаар зөрчилд тооцдог юм. Үүнээс гадна энэ системийн эдийн засгийн ач тус их ээ. Тухайлбал албан бичгийг хэвлэж, дугтуйлж, шуудангаар хүргэх шаардлагагүй болчихлоо шүү дээ.
Нийслэлийн бүхий л байгууллагууд өдөр тутамдаа илгээдэг 1600 гаруй албан бичгийг цахимаар солилцож байна. Зөвхөн хот дотор 400 мянга орчим албан бичиг дамжуулдаг юм билээ. Нэг албан бичгийг хэвлээд, дугтуй авч, шуудангаар хүргэхэд дундажаар 1500 төгрөгийн зардал гардаг, сонсоход том дүнтэй тоо биш ч тоо, ширхгээр нь бодож үзвэл маш их зардал шүү дээ. Ингэснээр жилд албан бичгийн зардалд хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөгийг хэмнэж байна шүү дээ. Энэ үйл явцыг UB-ERP системд шилжүүлж, төрийн албан хаагч нар компьютер дээрээ тоон гарын үсэг ашигласнаар ганцхан секундын дотор л дамжуулах боломжтой болсон. Энэ бол Монгол Улсын төрийн албаны үйл ажиллагааг цахимжуулсан хамгийн том цахим платформ юм. Төрийн үйл ажиллагааг цахимжуулна гэдэг бол шууд үр дүн нь харагддаг бодит ажил л даа.
-Амьдрал дээр иргэд эдгээр цахим шилжилтийн үр өгөөжийг хүртэж чадаж байна уу?
-Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж 30 мянга гаруй хүн хэдэн өдөр шөнө дугаарлаж, зарим иргэд цэцэрлэгийн гадаа майхан барьж гадаа нь хонож байсан цаг саяхан шүү дээ. Авлига, хүнд сурталтай гэгдэж иргэдийн хамгийн их бухимдуулдаг энэ ажлыг 2017 онд цахимжуулсан.
Цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулах төсөл дээр хамт олонтойгоо хоёр өдөр суугаад систем хөгжүүлэлтийг хийсэн. Ингэж хүүхдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд стрессддэг, авлига хүнд сурталтай нүүр тулдаг тогтолцоог өөрчилсөн юм.
Хэрэв эцэг эхчүүдийг өмнөх шигээ очерлоод хүүхдээ бүртгүүл гэвэл нэлээд эсэргүүцэлтэй нүүр тулах байх. /инээв/ Энэ бол IT-гийн шийдлээр томоохон хэмжээний реформ хийж болдгийн нэг жишээ. Үүнээс гадна Smart car, eservice гээд иргэдийн сайн мэдэх олон төсөл бий.
-Тэгвэл Smartcar аппликэйшний гол шийдэл нь юу байв, ямар асуудлыг шийдсэн юм бол?
-Жолооч нар тээврийн хэрэгслийн татвараа төлөхийн тулд бүтэн өдрийг зарцуулдаг байлаа. Энэ нүсэр шат дамжлага, хүнд суртлыг Smartcar аппликэйшнаар шийдчихсэн.
Одоо нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 70-80 хувь нь дээрх апплекейшнаар тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлдөг, жолоочтой холбоотой мэдээ мэдээллээ авдаг болсон. Давхардсан тоогоор энэ систем 6.4 сая хүнд үйлчилгээ үзүүлжээ. Ирэх жил замын түгжрэлийг багасгах ажилд Smartсar-ийг ашиглана.
-Цахим шийдэл олон өөрчлөлт авчирдаг. emongolia гэхэд иргэдийн цаг завыг хэмнэсэн томоохон шийдэл болж байна шүү дээ. Нийслэл энэ төсөлд ямар оролцоотой байсан бэ?
-Энэ төсөл бол яах аргагүй нийгмийн захиалгаар бий болсон, цаг үеэ олсон шийдэл мөн. Тиймээс ч амжилттай хэрэгжиж байна. Emongolia-г бий болгохын тулд Монгол Улсын төрийн байгууллагад цахим шилжилт 15 жилийн турш эрчимтэй явагдсан. Ард нь мянга мянган инженер техникийн ажилтнууд сэтгэл зүрхээ зориулж ажилласан юм. Бид 2018 онд “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслөөр E-serviсе, ulaanbaatar.mn-ийг байгуулсан. Нийслэлийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх загварыг боловсруулж нэвтрүүлсэн нь өнөөдрийн emongolia-ийн суурь загвар юм. Уг төслийн анхны шанг Нийслэлийн хамт олон бид бүхэн татсандаа баяртай байдаг.
-Сүүлийн үед ямар төслүүд дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Хотын олон асуудал шийдвэрлэх төслүүд ажиллаж байна. Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх, барилга барих гэх мэт зөвшөөрөл авахад иргэд хүнд сурталтай тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар онцгой ач холбогдол өгч байна. Үүний дагуу энэ ондоо багтааж эмийн сан, дэлгүүр байгуулах гэх мэт зөвшөөрлийг 100 хувь цахимжуулах ажлын системийн хөгжүүлэлт дээр ид ажиллаж байна. Энэ ажлын ард иргэд ганц зөвшөөрөл авах гэж дарга нарын үүд сахидаг, төрийн дунд шатны албан хаагчдын санаатай санамсаргүй байдлаар ажлыг гацаадаг, хүнд суртал учруулж үүнээс нь болоод иргэд хариу авч чаддаггүй, танил талаа хайдаг асуудал цэгцэрнэ. Энэ бол “Нэг тархи, нэгдсэн систем” төслийн хэсэг.
Мөн Улаанбаатар хотод тулгамдаад байгаа замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд технологийн шийдлийг боловсруулж дууслаа. Нийслэлд замын хөдөлгөөнийг хянах, удирдах ухаалаг цогц системийг бий болгоно.
Энэ ажлын хүрээнд Нийслэлд Замын хөдөлгөөнийн хяналт, удирдлагыг сайжруулах ухаалаг системийг бий. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 161 уулзварт ухаалаг камер, RFD системийг нэвтрүүлнэ. Мөн жолооч нар цахим гэрчилгээтэй болно. Ингэснээр жолооч нар замын хөдөлгөөний нөхцөл байдал болон жолоо барихад хэрэгтэй бүхий л мэдээллийг нэг дороос буюу Смарт кар апп-аас авах боломжтой болно.
Замын хөдөлгөөний осол гэмтэл буурч, дүрмийн зөрчил багасна гээд авто зам дээр өрнөж байгаа бүхий л асуудлыг технологийн тусламжтайгаар сайжруулж түгжрэлийн багасгана.
Тэгэхээр энэ мэт ажлууд ирэх жилээс хэрэгжиж тодорхой үр дүн өгч эхэлнэ.
-Технологийн шийдэл боловсруулах нь нэг ажил. Үүнээс дутахгүй ажил нь хэрэглээнд нэвтрүүлэх нь шүү дээ. Энэ тал дээр нийслэлээс хэр дэмждэг вэ?
-Тэгэлгүй яах вэ? Би ганцаараа энэ бүх ажлыг санаачлаад амжилтад хүрэхгүй. Эсвэл хэн нэгэн ухаантан гарч ирээд бүх юмыг шууд хийчихдэг зүйл хаана ч байхгүй.
Иргэд дэмжиж ойлгох маш чухал. Үүнээс гадна технологийг ойлгож, тууштай дэмждэг удирдлагууд хамгийн чухал. Энэ ч утгаараа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ төслүүдийг дэмжиж, тууштайгаар хэрэгжүүлэх тал дээр манлайлан ажиллаж байна. Иймээс ч “Нэг тархи-нэгдсэн систем “Улаанбаатар хотын дижитал шилжилтийн стратеги 2020-2024 төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
IT -гийн салбар үргэлж нийгмийн өмнө манлайлж, асуудал шийдлийг түрүүлж харахыг явахыг биднээс шаарддаг онцлогтой.
-Олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж болно. Хамгийн гол нь энэ бүхэн эцэстээ төсөв мөнгөн дээр тогтдог шүү дээ. Ирэх жилүүдэд хийх мэдээлэл, технологийн шинэчлэлтүүдтэй холбоотой төсөв санхүүгийн асуудлаа шийдсэн үү?
-Технологийн суурь бааз өнгөрсөн жилүүдэд сайн тавигдсан. Үүн дээрээ түшиглээд 2024 он хүртэл нийслэлийн томоохон асуудал болох түгжрэл, төрийн албан хаагчдын хүнд суртал зэргийг шийдвэрлэх ТЭЗҮ-ийг бэлдсэн. Энэ асуудал дээр Засгийн газраас онцгой ач холбогдол өгч байгаа. Улаанбаатар хот ухаалаг, дижитал болох асуудал энэ дөрвөн жилд л онцгой үр дүнд гарна гэдгийг нийслэлд энэ салбарыг хариуцаж байгаа хүний хувьд бүрэн итгэлтэй байна.
-Та яагаад ийм итгэлтэй байна вэ?Том ажлын ард гарах амаргүй. Ажил хийж байгаа хүнд асуудал мундахгүй?
-Мэдээж томоохон төслийг хөдөлгөж хэрэгжүүлэхэд олон талын нөлөөлөл орж ирнэ. Улс төрийн нөлөө, иргэдийн ойлголтын зөрүү, төсөв санхүүгийн дутагдал, хамтын ажиллагаа гээд зөндөө л асуудалтай нүүр тулдгийг төрийн албан 15 жил ажиллаж байгаа хүний хувьд мэднэ. Надад хамгийн их сургамж, туршлага үлдээсэн төсөл бол Монгол Улсын бүртгэлийн төгөлдөршил.
Энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон төслүүдэд гар бие оролцож явсандаа баярладаг. Залуу хүний хувьд олон зүйлийг сурч авсан. Тухайн үед иргэний тоо болон хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг эсэх мөн хэдий хэмжээний эд хөрөнгөтэй гэдгээ ерөнхийд нь барагцаалж байсан боловч, тоо баримтууд зөрүүтэй байв. Би Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар инженерээр ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед байрын гэрчилгээ шилжүүлэх, барьцаанд тавих гэх мэт эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг уламжлалтаар бүртгэдэг байв.
Бид нар ажил руугаа орж чадахгүй болтлоо очер даруулдаг байлаа.
Тиймээс бид Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр анх цахим төсөл хэрэгжүүлэх төсөл бичээд дэмжлэг авсан. Ингээд С.Баярын Засгийн газрын үед буюу 2008 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулж бүртгэлийн тогтолцоог иргэн суурьтай болгохоор шийдвэрлэсэн.
Энэ үеэс Монгол Улс иргэн нэг бүрээ бүртгэе. Ингэхдээ хурууны хээ ашиглан бүртгэхээр шийдсэн. Тухайн үед өдөр шөнөгүй л ажиллаж байв. Иргэний үнэмлэхийг цахимжуулна, хурууны хээгээр мэдээлэл бүртгэнэ гэхээр хол сонсогдсон. /инээв/ Гэхдээ л залуу хүний дэврүүн зангаар ажилласан.
Тэгэхээр энэ томоохон ажлын ард гарна гэдэгтээ итгэлтэй байна.
-Дэлхий нийтээрээ цахим хөгжил, цахим шилжилтийн ач холбогдолд анхаарал хандуулж байгаа энэ үед манай улс Цахим яамтай болох асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Мэргэжлийн хүнээс асуухад уг яамыг байгуулахдаа юун дээр анхаарах ёстой гэж бодож байна?
-Цахим яам байгуулах нь зүйтэй гэж хувьдаа харж байгаа. Хамгийн гол нь энэ шилжилтэд бид анхнаас нь зөв арга барилаар хөл тавих хэрэгтэй. Технологийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж, үр шимийг нь хүртэхийг, технологи дээр суурилсан бизнесүүдийг өргөжүүлэх гэж байгаа бол хууль эрх зүйн орчныхоо суурийг анхнаас бэлдэх хэрэгтэй. Үүний үр дүнд цаашид монголчууд дэлхийнд гарах, дэлхийн энтэй бизнес эрхлэх боломжтой болно.
Дэлхийтэй холбогдох интеграцыг дүрмийн дагуу тавихад тус яам гол үүрэг гүйцэтгэнэ.
Хамгийн гол нь технологийн салбар хэзээ ч улстөржиж болохгүй онцлогтой салбар гэдгийг бид бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Манай улс дэлхийн суурь системийн хэрэглэгч. Бид дунд хугацаандаа систем хийх боломжгүй. Харин монгол залуучууд логиктой, академик суурьтай, аливааг хурдан хүлээж авах хурдтай учраас суурь систем дээр түшиглэсэн систем бий болгож бизнес хийх боломж их байна. Кодчилолын загвар хэрхэн бичихэд сайн суралцвал өдөртөө л гэхэд 50-100 евро олох боломжтой. Ийм хэмжээний орлого олдог 100 мянган Монгол Улсын иргэн бий болчихвол монголчууд мэдлэгийг экспортолж, доллларын урсгалыг эх орондоо авчирдаг болно.
П.БАТЗАЯА