Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар 24 асуудал хэлэлцсэн байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 69.4, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд 14 хувь нь хамрагдаад байна.
Дархлаажуулалтыг идэвхжүүлснээр сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 8-11 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдаж эхэллээ. Орон нутгаас Завхан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 15-аас доош хувьтай байна” гэлээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан “Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдөр хоёр улсан хамтарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна.
Газпром компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татагдана. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна.
ТЭЗҮ дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно. Энэ ажил 2 жил үргэлжилнэ. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ.
Залгуулаад Засгийн газар хоорондох хэлэлцээрүүдийг байгуулна. Хэлэлцээрээр үнэ, үүргээ тохирно” гэв.