Categories
мэдээ нийгэм

Дулааны шугамын худагт түлэгдсэн иргэнийг аварчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд дулааны шугамын худагт түлэгдсэн хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2021.11.10-ны өдрийн 21:40 цагт хүлээн ОБЕГ авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:49 цагт очиход гэрийн хаяг тодорхойгүй иргэн С /37 настай, эрэгтэй/-гийн нуруу түлэгдсэн байдалтай, дулааны шугамын худаг /3 м гүн/-т унасан байсныг 15 минут ажиллаж гарган НЯТТ-ийн эмч, Чингэлтэй дүүргийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын найзуудын өдөр”

Нэр сэтгэгч Аристотель найз гэдэг үгийг хоёр биед орших нэг амь хэмээн тодорхойлсон байдаг. Олон улсын нөхөрлөлийн өдөр (International Day of Friendship) бол хуанлид тэмдэглэгдсэн хамгийн залуу баярын нэг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей арван нэгдүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд 65 дугаар чуулганаасаа гаргасан байдаг.

Харин энэ сарын 9-ний өдөр найз нөхдөдөө тань шиг чухал хүн байхгүй гэдгийг мэдрүүлэх, мөн танд тэдэн шиг үнэтэй хүн байхгүйг мэдрэх боломж олгодог бөгөөд өнөөдөр буюу 11 сарын 11нд Олон улсын найз нарын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Жинхэнэ нөхөрлөлийг ялгаж танихад амаргүй ч хүн бүрт энэ өдөр баяр хүргэх хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

н.Аюуш: Охин минь алга болчихоод байхад багш нар нь “Хайр дурлалдаа шатаж яваа” гэж тавлаад хөдөлж өгөхгүй байсан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан. Талийгаач охин сургуулийн дотуур байранд амьдардаг байсан бөгөөд аравдугаар сарын 21-ний оройн 21:00 цагийн орчимд тасгаасаа гарч яваад эргэж ирээгүй. Тэрбээр бусдад буудуулсан байдалтай нас барсан байсныг аравдугаар сарын 31-ний өдөр олсон байдаг. Талийгаач охиныг дотуур байрнаас дагуулж явсан “Б гэгч нь буудаж хороогоод өөрөө амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Талийгаач охины ээж н.Аюуштай ярилцлаа.


-Гэр бүлд тань эмгэнэл илэрхийлье. Тухайн хэргийн талаар тодруулбал?

-Хэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ буруу зөрүү мэдээлэл их явах юм. Бидэнд хүнд байгаа ч бодит мэдээллийг хуваалцах нь зөв байх. Жаахан охин минь зэрлэг этгээдийн гарт амь үрэгдчихээд байхад л өөрөө дагаж явсан гэх утгатай мэдээлэл гараад байх юм. Миний охин дөрөвдүгээр ангиасаа хойш өдийг хүртэл сумын төвийн дотуур байранд амьдарч байсан юм. Өнгөрсөн хугацаанд хэл ам таталж чихнээс хонх уяж байсан удаа нэг ч үгүй. Бидний хувьд ч тухтай байранд багш нарт нь даатгасан учраас санаа амар суудаг байлаа. Гэтэл дааж авсан багш нар нь хариуцлага алдаж бидэнд нөхөж барахгүй гарз тохиож охиноо алдчихаад байна.

-Охин тань дотуур байрнаасаа гарч явсан тухай мэдээллийг та хэзээ дуулсан бэ?

-Ангийн багш нь аравдугаар сарын 21-ний пүрэв гаригийн үдээс хойш над руу утасдаж ирж уулзахыг хүссэн. Юу болсон талаар лавлахад “Утсаар яриад байх асуудал биш” гэж л хэлсэн. Тухайн үед нөхөр маань Сэлэнгэ аймаг руу уурхайд ажиллахаар явчихсан байсан юм. Миний тухайд ажилдаа дарагдаад байсан учраас маргааш өглөө очъё гэж тохирсон. Өглөө нь үнээгээ саагаад орж ирэхэд багш нь над руу залгаад “Охин тань харьсан уу, тасагтаа алга” гэж хэлсэн л дээ. Ингээд сургууль руу очиход охин минь байгаагүй. Дотуур байрны хүүхдүүдээс асуухад өмнөх өдрийнх нь оройн 21:00 цагийн орчимд найз нь байрнаас нь авч гаргасан талаар хэлж байсан. Гарч явсан талаар нь жижүүр нь ч огт мэдээгүй байсан. Камер шүүхэд оройн 21:00 цагийн орчим ангийнх нь хүүхэд гаргаж өгсөн нь бичигдэж үлдсэн байна лээ. Ангийх нь хүүхэд гэдэг нь өнөөх танхай этгээдийн үеэл дүү нь байгаа юм. Охины минь утас холбогдохгүй болохоор тэр дүү рүүгээ утасдаж гаргаж ирэхийг шаардсан юм шиг байна лээ. Гаргаж өгсөн хүүхэд нь миний охиныг хааш нь авч явж байгааг нь мэдэж байсан юм билээ.

-Анги удирдсан багш нь тань руу утсаар ярьсан юм байна шүү дээ. Тухайн үед нь очоод уулзах боломж байгаагүй юм уу?

-Багш нь залгахдаа “Утсыг нь хурааж аваад, охиныг тань дотуур байранд нь хүлээлгээд өгчихлөө” гэж хэлсэн юм. Миний тухайд тэгээд л тайвширчихсан. Хамаатнууд нийлж байгаад л охиныг минь хөнөөчихлөө гэж хардаж байгаа. Дотуур байрны багшийнх нь нөхөр миний хүүхдийг хөнөөсөн гэх этгээдтэй ойрын хамаатан юм билээ. Ангийн багшийн зүгээс охиныг минь эргүүлээд байсан этгээдийг цагдаад өгөхөөр хандсан талаараа хэлж байсан. Харамсалтай нь байрны багшийн нөхөр нь татгалзаж цагдаа дуудалгүй өнгөрсөн юм билээ. Олон хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байрны багш ажилдаа маш хайнга хандсан.

-Таны охин гэр бүлийнхэндээ хэр нээлттэй байсан бэ. Сэтгэл зүйн дарамт байсан талаар сургуулийн удирдлагууд хэлж байна лээ…

-Миний охин үг дуу цөөтэй. Дотор байгаа зүйлээ тэр бүр бусадтай хуваалцаад байдаггүй юм. Сүүлд нь анзаарч байхад охин минь ах,дүү нарын дунд дарамтад орсон байсан нь илэрхий харагдаж байна. Миний охин өмд цамц, углааштайгаа л гарч явсан юм билээ. Айхавтар дарамтад орсон байгаа юм. Гарч явахад коридорын гэрэл унтраасан байна лээ.

-Талийгаач дотуур байрнаас гарч явснаас хойш эрэн хайх ажиллагааг нэн даруй явуулж болоогүй юм уу. Багш нар нь энэ тал дээр ямар тайлбар хэлж байна вэ?

-Ангийн багшид нь дуудагдаад очиход удирдлага болон байрны багш нь нэг их тоохгүй байсан юм. “Өмнө нь ч дагаад явж л байсан. Тэрийгээ л дагаад явсан. Хайр дурлалдаа шатаж яваа” гээд алга болсон охиныг минь огт тоохгүй байсан (уйлав). Хүн алга болчихоод байхад огт ач холбогдол өгөхгүй, хөдөлж ядаад байсанд нь үнэхээр гомдсон. Өмнө есдүгээр сард миний охин дээрх этгээдийн эрхшээд орж дагаж явсан юм билээ. Үүнийг нь ч байрны багш болон сургуулийн нийгмийн ажилтан нь харсан ч тас нуугаад өнгөрсөн байгаа юм. Энэ бүхэн даамжирсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ. Дотуур байрны хүүхдүүдийг багш нар үл хайхардаг нь энэ жишээнээс харагдаж байгаа юм. Ангийн багш нь миний охины утсыг хурааж авсан байдаг. Асаахад нь өнөөх танхай этгээдээс “Ингэхийг нь мэдсэн бол хоёр буу авдаг байж” гэсэн зурвас ирсэн байж л дээ. Ангийн багш нь гайхтал сургуулийн захирал н.Бодмаа гэж хүн “Энэ чинь орчин үеийн хэл. Ямар юмных нь буу байх вэ. Пиво, бэлгэвчээ л ярьж байгаа юм” гэж багш нарын нүдэнд дээр элдэвлэсэн байна лээ. Үнэхээр гомдмоор.

-Таны охиныг дагуулж явсан этгээдийг танай гэр бүл огт хүлээн зөвшөөрдөггүй байсан гэх юм.

-Миний охинтой ямар нэгэн харилцаатай байсан эсэхийг нь би мэдэхгүй. Өнгөрсөн долдугаар сард тухайн этгээдээс охин руу минь “Надтай үерхэхгүй бол өөрийгөө хорооно” гэх зурвас илгээж байсан юм билээ. Манайхан ч нэг их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн юм. Есдүгээр сарын 1-нд хэнтэй, ямар харилцаагүй хичээлдээ орж байсныг нь сайн мэдэх юм. Охиныг минь дагуулж явсан этгээдийн ар гэрийнхэн нь “Бидний хүүхдүүд дотно харилцаатай байсан. Охины ар гэрийнхэн хүүг маань огт хүлээн зөвшөөрдөггүй байсан” гэх зүйлийг ярьсан байна лээ. Үүнийг ойлгохгүй байна. Охиныг минь хороосон гэх Б-ын тухайд ойрын хугацаанд гэртээ ч орж бараагаа харуулаагүй юм билээ. Нутгийн айлаас буу, сум авсан зэргээс нь харахад охиныг минь эртнээс л алах зорилготой байсан гэж хардах юм. Ийм аюултай этгээд дотуур байр луу очиход багш нар нь анзаараагүй байна шүү дээ. Үнэхээр аймшигтай. Одоогоор хуулийн байгууллагын зүгээс бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж сууна.

-Талийгаач байрандаа дүүгийн хамт байдаг байсан талаар та хэлж байсан. Одоо хаана байгаа вэ?

-Дүү нь гуравдугаар анги. Уул нь гэртээ авчраад байсан юм. Сургуулиас нь шилжүүлье гэсэн ч хүү маань зөвшөөрөхгүй юм. Арваннэгдүгээр сарын 8-нд дотуур байранд нь хүргэж өгсөн. Гар утас авч өгөөд л үлдээсэн. Тогтмол холбоотой байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардуулна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 болон 14:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах гэж байна.

Тодруулбал, олимпын наадамд амжилттай оролцсон М.Уранцэцэг, Саид Моллаеи, Ц.Цогтбаатар, Э.Содномпилжээ зэрэг тамирчдыг 14:00 цагаас хөдөлмөрийн баатар цолоор шагнах юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 234 иргэн бүртгүүлжээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 15, 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд 8:30 цагаас эхлэн дөрвөн ээлжээр зохион байгуулна.

Шалгалтад орохоор Сэлэнгэ аймгийн 234 иргэн бүртгүүлсэн байна. Иймээс шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй үйл явцад хөндлөнгийн хяналт хийх хүсэлтэй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцохыг урьж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцаж болох аж. Тухайн иргэн нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Зохион байгуулагчдын зүгээс халдвар хамгаалал, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг хүсэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 10-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 4613, нийт 4875 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67665 (76.1 хувь), 16-17 насны 26618 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.11/ Улаанбаатар хотод явуулын 43, суурин 45 цэгт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Туяацэцэг: Улс орныг, хүнийг хараат болгох ганц зүйл нь анхдагч хэрэгцээ буюу хүнс. Тиймээс хүнсээ өөрсдөө л хийж сурмаар байна

Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэгтэй ярилцлаа.


-Хил хаасантай холбоотойгоор манай улс хүнсний хомсдолд орох нь гэж ярих боллоо. Нөгөө талд монголчууд мах, гурилаа идээд явахад өлсөхийн зовлон үзэхгүй л гэнэ. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Ямар ч улс орон ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Урд хөрш яагаад хилээ хаачихав аа гэхээр ковидын өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой болов уу. Хөрш орон хилээ хаачихаар л манай бүх амьдрал зогсчихож байгаа юм шиг хүмүүс ярих юм. Зарим төрлийн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал ховордлоо хэмээн мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр ярьж байна. Бид хүнсний асуудлаар бусдаас хараат байх учиргүй гэж боддог. Тусгаар улс орон бүр өөрийн гэсэн хүнсний бодлоготой, хүнснийхээ асуудлыг өөрөө бүрэн шийддэг байх ёстой. Гэтэл хүнснийхээ асуудлыг бүрэн шидээгүй, тогтолцооны гажиг манай улсад оршсоор л байна. Тухайн улс орны газарзүйн онцлогоос хамаарч зарим хүнсний түүхий эдийг өөрийн улсад бэлтгэх боломжгүй байж болно. Үүнийг эрүүл ахуй ариун цэвэр, стандартын нөхцөл хангасан үзүүлэлт бүхий импортын бүтээгдэхүүнийг бодлоготойгоор тасалдахгүй нөөцтэй байлгахаар зохицуулалт хийж хангах хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар хомсдол бий болгож үнийн хөөрөгдөл үүсгэж болохгүй. Манай улс зарим төрлийн нарийн ногоо, сахар, чихрийн төрлийн болон какао, шоколадны түүхий эд, ихэнх жимс, ургамлын тос, төрөл бүрийн будаа импортоос ихээхэн хамааралтай. 2020 онд 151 төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн(594.4 сая ам.дол)- ийг импортолсон байна. Улс орон бүр гол нэрийн гэгдэх хүнсээ тодорхойлон хангамж, хүртээмжээ тооцдог. Манайд Үндэсний статистикийн хорооноос гаргадаг гол нэрийн хүнсний жагсаалтыг 16 нэрийнхээр тайлагнадаг нь тийм ч хангалттай үзүүлэлт болж хараахан чадахгүй байна. Үүнээс гадна дэлхийн хүнсний хөтөлбөр(WFP)- өөс жил бүр гаргадаг “Дэлхий өлсгөлөнгийн зураглал”-ын 2020 оны мэдээллээс харахад Монгол Улсын (улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн) хүн амын 21.3 хувь нь хоол хүнсний дутагдалтай гэсэн дүн гарсан байна. Энэ нь Эфиопи, Кени, Ангол, Никарагуа, Болив гэх мэт хөгжил буурай хөгжилтэй 11 улстай ижил түвшинд байна гэж үнэлсэн байна.

-Өлсгөлөнгийн судалгаагаар манай улс улбар шар түвшинд орсон гэсэн талаар тодруулж болох уу?

-Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) нь улс орнуудын өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгах зорилготойгоор жил бүр тайлан гаргаж үнэлгээ хийж шаардлагатай хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Манай улсыг 2020 онд улбар шараар тэмдэглэж хоол хүнсний дутагдалтай байна гэж дээр хэлсэнчлэн дүгнэсэн байна. Манай эрүүл мэндийн байгууллагаас таван жил тутам хийдэг Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнтэй дүйцэж байгааг харж болно. Хүн амын дундах амин дэм, бичил элементийн дутагдал өндөр буюу нийт өрхийн 22.7 хувьд хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан гэсэн дүн гарчээ. Энэ нь Монголын таван хүн тутмын нэг нь хоол хүнсний дутагдалтай байна гэсэн үг. Монголчууд өөрсдийгөө өлсөөгүй, өлсөж үзээгүй гэж ярьдаг боловч бодит байдал хүнд байна. Цагаа олоогүй буруу шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд ковид ихээр тархаагүй үед бүтэн жил удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Зарим нь хаалгаа бариад дампуурсан. Үүний цаана ажилгүйдэл, маш олон айл хоногийн хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харж болно. Хил хаалттай ч бид хэнээс ч хамаарахгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангаж байх ёстой. Өнөөдрийг хүртэл манай улсын хүнсний бодлого хангалтгүй байсан нь харагдаж байна. Гадны орнуудаас хэрэгтэй зүйлээ авчихдаг, хэрэгцээгээ хангаад байсан учраас хэн ч санаа тавихаа больчихсон байсан нь одоо бидний гол алдаа болж байна.

-Хил хаахад гурилан бүтээгдэхүүний үнэ хүртэл нэмэгдэж байна шүү дээ?

Дотоодын үйлдвэрлэлээр буудайн гурилын хэрэгцээгээ 202.6 хувиар, гурилан бүтээгдэхүүний 39.4 хувийг хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний орц найрлагад импортоор авдаг элсэн чихэр, тос гэх мэт ордог учир үнэ дагаад нэмэгдэж байна.

-Манай улсын хувьд нөөцлөх ёстой хүнсний жагсаалтад юу орох бол?

-Ер нь стратегийн гол хүнсэнд мах, гурил, будаа, тос гэх зэрэг нэлээд хэдэн жагсаалт гарна. Өнөөдрийн нөхцөлд мах, гурил хоёроо гаднаас авах нь бага, өөрсдөө хэрэгцээгээ хангадаг учраас бас ч гэж асуудал хүндэрчихээгүй байна. Гэхдээ хэдий хугацаанд хил хаалттай байхыг бид мэдэхгүй. Эрээний боомт хаасан ч бусад боомтоор оруулах зохицуулалт хийж байгаа болов уу.

-Тэгвэл мах, гурил зэрэг бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг болов уу?

-Үндэсний статистикийн газраас жил бүр Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд гэсэн мэдээ гаргадаг. Энэ мэдээнээс харахад жилд жишсэн хүн амын хүнсний хэрэгцээнд малын мах 115.2 кг гэж тооцсон байдаг. Жилд дотоод болон гадаад зах зээлд нийтдээ 20 орчим сая мал төхөөрч байна. Энэ нь 546.4 хувиар хангаж байна. Эдгээрээс гарч байгаа дотор мах, яс, цус, дайвар бүтээгдэхүүн, толгой, шийр хэрэглэгдэхгүй шахам байна. Урьд нь эдгээр түүхий эдээс хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хаягдалгүй ашиглан тодорхой хэсгийг экспортод гаргаж байсан. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт мал төхөөрөх хүчин чадлын дэд бүтэцгүй газруудыг байгуулсан нь зөвхөн гулууз махыг авч дээрх дайвруудыг бүрэн ашиглахгүй хаягдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь ихээхэн хэмжээний хүнсийг ашиглахгүй, мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн буруу төлөвлөлтийн жишээ болно.

Гурилын хэрэгцээг 202.6 хувь буюу хоёр дахин илүү хангаж байна. Төрөл бүрийн будааг 117.4 хувь хангаж байна. Гэхдээ хил өнөөдөр хаалаа гэхэд маргааш будаагүй болно гэсэн үг биш л дээ. Худалдаа эрхлэгчид тодорхой хэмжээний нөөцтэй л оруулж ирж байгаа. Хил хаагдана гэдгийг аж ахуйн нэгжүүд тооцоолоогүй учраас ихээр нөөцлөөгүй нь ойлгомжтой. Ингээд будаа худалдаанд багасна. Үүнийг дагаад үнээ нэмнэ. Ийм л үзэгдэл болдог. Манай улс хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнээр хэрэгцээ, хэрэглээ, хангамжаа тооцож статистикийн үзүүлэлтээ гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүний үндсэндээ 50-иас илүү хувийг гаднаас авч байна.

Дотор нь задалж үзвэл Загасны махыг 100 хувь, шувууны махны 96.5 хувь, сүүн бүтээгдэхүүний 39.1 хувь, хүнсний ногооны 39.3 хувь, жимс, жимсгэний 96.4 хувь, өндөг 49 хувь, ургамлын тосны 99.9 хувь, цөцгийн тосны 51.4 хувь, чихэрлэг бүтээгдэхүүн 34.4 хувийг гаднаас авч байна.

-Эдгээр гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг бид гаднаас авахгүй өөрсдөө дотооддоо тарих, үйлдвэрлэх боломжтой юу?

-Малын мах ойлгомжтой, хэрэгцээгээ бүрэн хангаад явж болно. Дээр хэлсэнчлэн бүрэн ашиглах шаардлагатай. Ер нь манайх буудайгаа тариад дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж чадаж байна. Гэхдээ хураан авсан буудай бүр чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай. Жил бүр хангалттай хэмжээний ургац авлаа гэдэг боловч хавар нь гаднаас буудай импортлох асуудал ямагт яригддаг. Харин 90 гаруй хувь гаднаас импортолж байгаа загас, 96 хувь импортолж байгаа шувууны махаа дотоодоосоо хангахад өнөөгийн байдлаар боломж хараахан бүрдээгүй байна. Хэрэгцээндээ тулгуурлан загас, шувууны аж ахуйг бодлогоор дэмжин үржүүлэг, махны болон өндөгний чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Амжилттай яваа аж ахуйн нэгжүүд байгаа ч нийт хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрч чадахгүй байна. Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, тариалалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хүн олноор суурьшсан төв суурин газрын хэрэгцээг жилийн турш тасралтгүй хангахад зардал өндөртэй ч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага байна. Сүүний хангамжийн тухайд мөн л хүн олноор суурьшсан гаруудад сүүний аж ахуйг хөгжүүлэх, үүнийгээ дагаад тэжээлийн аж ахуйг ч шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Улаанбуудайнаас гадна олон төрлийн будааг манайд тарих боломжтой юу?

– Аливаа улс хүн ардынхаа уламжлал, хооллолтын хэв маяг, тэдэнд хэрэгцээт хоол хүнсийг онцлогт нь тохируулан зөвлөмж гаргасан байдаг. Манайд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл хооллолтын “ГЭР” зөвлөмж гэж байдаг. “ГЭР” зөвлөмжид хоногт хэрэглэх хоол хүнсний ихэнхийг буюу суурь хүнс нь үр тарианы гаралтай бүтээгдэхүүн байна гэж зөвлөсөн байдаг. Үүнд буудайн, арвайн, хөх тарианы гурил болон будааны төрөл болох гурвалжин будаа, хөц, цагаан, шар будаа, овъёос гэх мэт бусад төрлийн буурцагт, залаат төрлийн үр тариа орно. Бидэнд үр тарианы гаралтай хүнсний дээрх нэр төрлийн хэрэглээ хангалтгүй байна. Эдгээрээс буудайн гурил, гурилан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж хоногт авах нийт илчлэгийнхээ 65 хувийг зөвхөн үүгээр хангаж байна гэсэн судалгааны дүнг манай багш эрдэмтдийн хийсэн “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа”- ны(2016) дүнгээс харж болно. Манайд бодлогын өрөөсгөл алдаа байна гэж судлаач хүний хувьд дүгнэж, хэлж ярьж, засаж залруулах юмсан гэж бодож явдаг. Энэ нь юу вэ гэхээр бид жил бүр л буудайгаа хэрэгцээнээсээ илүү ихээр хурааж авлаа, өмнөхөөсөө их амжилттай байлаа гэж ярьж мэдээлж байдагтай дасал болжээ. Уг чанартаа бид хэрэгцээнийхээ хэрээр чанартай буудайгаа тарьж авч бусад төрлийн үр тариа, будаагаа ч мөн адил тарьж ургуулж авч байх учиртай. Бид хөдөө аж ахуйн судлаачдаас монгол газар шороонд дээр ярьсан будааны төрлийг тарьж ургуулах боломж байдаг тухай асууж ярилцахад, боломжтой гэдэг хариулт өгдөг. Хөрс хамгаалах, сэлгээнд буудайнаас гадна бусад төрлийн тариа будааг тарих нь ихээхэн ач холбогдолтой гэдэг. Гагцхүү бодлогын зохицуулалт хэрэгтэй юм байна гэж ойлгож болно. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутгаар явж байхад тариалан эрхэлдэг зарим газруудаар рапс ихээр тарьсан нь харагддаг. Үүнийг бид дотооддоо ургамлын тос, тэжээлийн зориулалтаар тарьж байна уу гэвэл үгүй байна. Гадагш ялангуяа урд хөршид гаргадаг юм байна. Манай улс нэг жилд 20 улсаас 10 гаруй төрлийн, 23 000 орчим тонн ургамлын тос импортолдог гэсэн мэдээлэл байдаг. Эндээс харахад дотооддоо ургамлын тос үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Манайд ургамлын тосны үйлдвэр хоёр байдаг ч түүхий эдийн хомсдолоос шалтгаалж бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэдгийг та өөрөө тунгаана биз.

Бид олон төрлийн ургамлын гаралтай хүнс зайлшгүй хэрэглэж байх ёстой. Монголчууд цагаан будааг түлхүү хэрэглээд бусад төрлийн будааны хэрэглээ хангалтгүй байна. Зохистой хооллолтын мэдлэг боловсрол, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал байна. Үүнд зөвхөн мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаа бус салбар хоорондын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, соёл, мэдээллийн гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай байна.

-Улаанбуудайн талаар ярьсных нэг зүйлийг асууя. Сүүлийн өдрүүдэд хил хааснаас болж үйлдвэрүүд хөрөнгөгүй болж пивогүй боллоо гэх боллоо. Өөрсдөө исгээд хийж болдоггүй юм уу?

-Шар айргийг улаанбуудайгаар бус арвайгаар хийдэг. Өмнөх нийгмийн үед шар айраг буюу пивоны үйлдвэрийн гол түүхий эд арвайгаа өөрсдөө тарьдаг байсан. Арвайг соёолуулан ургуулж, хатааж, тээрэмдэж, бусад түүхий эдүүдтэй чанаж, хөргөж, исгэж, шүүж, өөрийн өвөрмөц технологи ажиллагаагаар шар айраг үйлдвэрлэдэг. Гэхдээ шар айраг стратегийн хүнс биш шүү дээ. Одоогоор Монголд үйлдвэрлэгдэж буй шар айрагны соёолжийг дандаа гаднаас оруулж ирдэг. Бэлэн соёолуулж ургуулсан түүхий эд ашигладаг гэсэн үг. Үүнийг манайх дотооддоо хийх боломжтой юу. Бас л боломжтой. Монголчууд өнөөдөр хийдэг байсан зүйлээ хийх ээ больчихсон, чаддаг байсан ажлаа чадахаа больчихсон. Огт хийдэггүй байсан юм шиг ярьцгааж болохгүй. Сүүлийн үед манайхны дунд нэг хандлага ажиглагдах болсон. Ахмад үеэсээ суралцдаггүй. Хуучин түүхээ хардаггүй. Бид юу хийж чаддаг байсан юм, хэн хийж чаддаг байсан юм гэдгийг судлаад хийх л хэрэгтэй байна. Энэ бол зах зээл, эргэлт, боломж, хөгжил.

-Хүнсний ногоо, жимсний талаар таны бодол юу байна вэ?

-Бид төмсний хэрэгцээгээ 212 хувь, хүнсний ногооны 79.9 хувь хангаж байна. Тэгэхээр хүнсний ногоогоор бүрэн хангаж хараахан чадахгүй байна. Хангалтынхаа 60.7 хувийг дотоодоосоо, 39.3 хувийг буюу 78.3 мянган тонныг импортоор оруулж ирж байна. Хүнсний илүүдэл гэж бас байна. Энэ жил 150 мянган тонн төмс хураахаар боллоо гэж байсан. Ийм хэмжээгээр хураавал төмс илүүднэ. Хүнсний ногооны тал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Манай ногоочдын гол бэрхшээл нь зоорь. Манай орон шиг дулааны улирал богино, хүйтний улирал урттай нөхцөлд зоорийг барьж байгуулах мөн ногоогоо муутгахгүй хадгалах технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь зөв юм. Хатаах, нөөшлөх, хөлдөөн хадгалах аргуудыг практикт өргөнөөр нэвтрүүлэх боломжтой. Ерөөсөө л төрөөс жижиг, дунд үйлдвэрлэгчдээ бодлогоор маш сайн дэмжих, ажлын байр олноор бий болгох, өрхийн тариалалт, хүлэмжийн аж ахуй, үйлдвэрлэлээр жилийн турш хэрэгцээгээ хангах зохицуулалт хэрэгтэй. Ингэж байж бид хэн нэгнээс хүнсээрээ хараат бус байх тухай ярина.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд

Энэ сарын 11-ний Пүрэв гарагт Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын мэдээллийн танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗТХ-ийн сайд Л.Халтар Төрийн ордонд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Гэвч тус хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын бие муудаж, ухаан алджээ. Улмаар түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Халтар сайд 18 цагийн орчимд ухаан алджээ. Түүнийг Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.